воскресенье, 16 ноября 2008 г.

ТИТЭМ ҮГ 2007 ОН

Юуны өмнө өөрийн блогтоо Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн "Титэм үг"-ийг оруулж байгаадаа маш их баяртай байна. Нийтлэлийг дугаар алгасалгүй амтархан уншсаар багагүй хугацаа өнгөрлөө. Маш их ухаарал хайрласан энэхүү ард түмэндээ хандсан захидлыг та ч гэсэн заавал уншаарай!


ХҮМҮҮН СУРТАЛГҮЙ БОЛ УХААН ҮГҮЙ
2007 оны 02 сарын 04

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн БАГАБАНДИ: "XIX зууны төгсгөл ХХ зууны эхээр өвөрлөгчид амьдарч, туурвиж байсан монгол найрагч Равжаагийн Хишигбатын “Хаад харцас гэдэгт язгуурын ялгаа үгүй, хар толгойтой хүн бүхэн нэгэн адил бөлгөө” хэмээн шүлэглэсэн бий. Тэнгэр бурхан хүний дээр хүнийг бий болгоогүй. Хүний дор ч өөр хүнийг бүтээгээгүй. Тэнгэр бурхан хүнийг бүтээхдээ бүгдэд нь адил ижил байр суурь, эрх мэдэл олгосон. Үүнийг хүний төрөлхийн эрх тэгш ёс гэж үздэг. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байхаар заасан нь хүний төрөлх язгуур, эрх тэгш ёсыг хуульчлан тунхагласан хэрэг. Гэхдээ л хүний нийгэмд цэцэн мунхаг, баян хоосон, дарга түшмэл, энгийн ард бүгд бий. Хүмүүсийн амьдрал өдөр, шөнө мэт ялгаатай. Манайд баян ядуугийн ялгаа жил ирэх тусам холдож байна. Яагаад тийм байдаг юм бэ? Түүний учир жанцан тодорхой. Эртний сударт “Хүмүүн суралцахгүй бол ухаан үгүй. Ухаан үгүй бол балай тэнэг” гэж бичжээ. Өөрөөр хэлбэл ухаант хүн, тэнэг хүн хоёрын ялгаа зөрүү нь суралцсан, эс суралцсан хоёроороо шийдэгдэх ажээ. Орчлон ертөнцөд бэрх хэцүү ажил ч бий, амар хялбар ажил ч гэж бий. Хэцүү бэрхийг хийж чаддаг нь мундаг хүн, амар хялбарыг оролддог нь зиндаа доогуур хүн юм. Голоос ус авах, түлээ мод хөрөөдөх, нүүрс гаднаас оруулаад гал түлэхийг гартай хөлтэй хэн ч хийчих хялбар ажил. Харин модноос хүний идэх хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нүүрснээс шатдаг хий, шингэн түлш гаргаж авах гэвэл өндөр боловсрол, нарийн технологийн мэдлэг шаардлагатай, хэцүү бэрх ажил. Үүнийг хийчих хүн үнэхээр мундаг, өндөр зэргэмжийн эрхэм байж таарна. Манайхыг хөдөө ажиллаж амьдарч байхад тэмээн тэрэг хөтлөөд айлуудад ус түгээдэг ядуухан эр байлаа. Мөнгөний тоо мэдэхгүй. Аравтын дэвсгэрт нэгийг өгвөл уурлана. Нэгтийн дэвсгэрт арвыг өгвөл жигтэйхэн баярлана. Тэр нь багсайсан их мөнгө харагдах учраас. Өвлийн хүйтэнд дээлийн хормой, хөвөнтэй хүрэмнийх нь энгэр дарайтал хөлдчихсөн явдагсан. Гэхдээ ус түгээх ажлаа туйлын үнэнчээр сайн хийнэ. Олон айлыг чандмань-эрдэнэ усаар хангагч буянтай ажилтай хүн байсан юм. Хэдэн жилийн өмнө хувийн хэвшилд ажилладаг инженер залуу төрийн шагнал хүртсэн. Нийслэл хотод ус түгээх, дулаанаар хангах инженерийн байгууламжийг цогцлуулагч. Жирийн нэгэн инженер ч биш зохион бүтээгч - оюуны өндөр чадавхи бүхий инженер. Төрийн шагналыг оюуны сод бүтээл туурвигсад хүртдэг. Мэдээж зиндаа өндөр хүн. Тэмээн тэргээр ус түгээгч, инженерийн байгууламжаар ус түгээгч хоёрын амьдрал ахуй, соёл боловсрол тэнгэр газар мэт ялгаатай. Энэ ялгаа нь суралцсан, эс суралцсанаас эхтэй нь тодорхой. Эрдэм номд шамдаж түмэн зүйлийг сайтар мэдсэн хүн мундаг агаад эд оюунаар баян, харин үл суралцагч хүн ядуу доройхон байх нь гэдгийг жишиж хэлэх гээд байна. Иймд хүүхэд залуус та бүхэн эрдэм номд мэрийн шамдан суралцагтун. Арван жилд сурч байгаа хүүхдүүд дараа дараачийн олон арван жилд цогцлуулах оюуны сац суваргыхаа зөвхөн суурийг тавьж байгаа хэрэг. Суурь сайн тавигдвал насан турш хураан хуримтлуулах эрдэм мэдлэгийн ордон өргөө бат бэх, уужуу тавиу үзэсгэлэн төгөлдөр байх болно. Их дээд сургуульд сурч байгаа оюутан залуус 4-5 жил эрдмийн их далайд умбаад тодорхой мэргэжил эзэмшин төгсөнө. 4-5 жил суралцаад, түүнээс залгуулаад 40-50 жил амьдрахад шаардагдах оюун мэдлэгийн үүц нөөцөө бэлдэж базааж авч байгаа хүний амьдралын маш чухал үе. Энэ богино мөчлөгт шамдан суралцаж цааш бие даан сурч боловсрох арга ухаан эзэмшиж авахгүй бол үргэлж дутмаг, ямагт гологдмол хүн болж, ажилгүйчүүдийн армид сайн дураараа алба хаах бэлтгэлээ сайтар базааж авна гэсэн үг. Надтай уулзсан их, дээд сургуулийн багш нарын амнаас сэтгэл гонсойлгосон, санаа алдмаар үг сонсогдох болсон. Одоо цагт сурч мэдье гэж үнэнээсээ мэрийж байгаа, сурах эрмэлзлээр шатаж яваа залуус тун ховор болсон шүү. Яахав дээ, ихэнх нь тэгж ингэсхийгээд нэг юм төгссөн болж байна гэж багш нар ярих юм. Энэ надад гунигтай, халагламаар, харамсалтай сонсогддог. Залуус ирээдүйдээ иймэрхүү байдлаар бэлдэж огт болохгүй ээ. Тэдний амьдрах эрин зуун бол мэдлэг мэдээллийн эрин зуун, оюун ухааны хатуу ширүүн өрсөлдөөний он жилүүд. Энэ өрсөлдөөнд бэлэн бус бол сайн сайхан, тэгш дүүрэн амьдрал хоосон мөрөөдөл төдий л өнгөрнө. Би залуудаа мөн мунхаг байжээ гэж хожмын нэгэн өдөр харамсан халаглахгүйн тулд одоо мэрийн хичээж суралцах хэрэгтэй. Төр улсаас, эцэг эхээсээ өч төчнөөн өртөг зардал, үрлэг сүйтгэл гаргуулж сурчихаад үр шимийг хүртэхгүй бол утга учиргүй явдал болно. Сурснаа ажил амьдралд хэрэглэж чадахгүй, өөрийнхөө бие даасан амьдралыг ч босгож, тордож дийлэхгүй байгаа мэргэжилтнийг орчин цагийн эрдэм ухаанд нэвтэрсэн хүн гэж үзэж, дүгнэж болох уу? Амьдралд хэрэг болох зүйлийг нэн түрүүн сурахыг хичээх хэрэгтэй юм. Эдийн засагч мэргэжил эзэмшсэн мөртлөө өрх гэрийнхээ орлого зарлагыг ч зөв тооцож, зохицуулж, төлөвлөж чадахгүй байгаа хүнийг “мэдлэгийн хүйтэн агуулах” гэж нэрлэхээс аргагүй. Хүн мэргэжлээ хэний ч өмнө нүүр улайж, нүд бүлтэлзэхгүйгээр эзэмших хэрэгтэй. Тийм мэргэжилтэн хаана ч газардахгүй. Би хэдэн жилийн өмнө мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байгаа хүүхдүүдтэй уулзаж ярилцсан юм. Дээд сургуульд орж чадаагүй гэж сэтгэл дундуур явдаг нь заримынх нь үг ярианаас мэдрэгдэж байлаа. Тэдний нэлээд нь тогоочийн мэргэжил эзэмшихээр сурч байсан. Хоол иддэггүй хүн гэж байхгүй, амттай сайхан хоолонд дургүй хүн байхгүйгээс эхлээд тогоочийн мэргэжил хэчнээн чухал болохыг би тодорхой жишээн дээр тайлбарлаж, сайн тогооч болчихвол та нар ажил олох гэж дугаарлан зогсох биш, та нарыг өрсөж ажиллуулахаар ажил олгогчид дугаарлах болно гэдгийг хэлж өглөө. Бээжинд өндөр цалинтай хүмүүсийн жагсаалтын нэлээд дээгүүрт сайн тогооч нар байдаг гэсэн. Японд түүхий загасны гуанзанд тогооч болохын тулд сургууль төгсөөд 10 гаруй жил шат шатанд ажиллаж, шат шатны шалгалтыг давж байж үйлчлүүлэгчийн нүдэн дээр улаан гараараа далайн хоол хийх эрхийг олж авдаг, цалин хөлс маш өндөр байдгийг сонссон тухайгаа ярьсан. Бидний уулзалтын төгсгөлд тэр хүүхдүүдийн нүдэнд ирээдүйдээ итгэх итгэлийн оч гялалзан, сэтгэл хөдлөн баяртай суугаа нь илт харагдаж байлаа. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд элсэн суралцаж байгаа хүүхдүүд амьдралдаа зөв сонголт, зүйтэй алхам хийжээ гэж хэлэх байна. Сургууль төгсмөгц шууд сайн мэргэжилтэн болчихгүй ээ. Тэд ажилд нухлуулж, өөрснөө хичээж байж алтан гартай ажилчин болж лавтайяа чадна. Алтан гартай ажилчин аль ч нийгэмд, хаана ч эрэлт хэрэгцээтэй. Цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмж ч харьцангуй өндөр байх болно. Гэр бүлдээ нэртэй хүндтэй, нийгэм олонд хэрэгтэй алдартай сайн хүн байна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Гагцхүү өөрсдөө хичээх л хэрэгтэй".

ЗОРИГ ЭС ХҮРВЭЛ УХААН ЭС ХҮРНЭ
2007 оны 03 сарын 01
Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуйвалтгүй цогцолсон байх учиртай. Өөрөө өөртөө итгэлгүй байх нь хүн урагш ахиж, дэвжиж хөгжихөд гай тотгор болдог. Аргамаг хүлэг авч давхих гээд байхад зориг алдан жолоо цулбуураасаа зуурч татаад байдаг шиг өөртөө итгэхгүй, зориг алдан зүрхшээдгээс хүний амьдрал дахь алдааны тал хувь нь үүсдэг гэсэн яриа явдаг. “Хүчиндээ итгэдэг байсан учраас л би амжилт гаргаж чадсан юм даа” гэж амжилтын оройд цойлсон эрхмийн ямагт хэлдэг бардам мөртлөө үнэн үг бий.
Өөрийнхөө хүч чадалд хэт итгэдэг, эсхүл өөрөө юу чадахаа ч олигтой мэддэггүй хүн аль аль нь зөндөө байна. Ямар ч гэсэн өөртөө итгэдэггүйгээс үүсэлтэй үхээнц дорой байдал нь хүний хөгжил дэвшилд хаалт болж саатуулдаг зан араншингийн согог дутагдал яах аргагүй мөн. Өөрөө өөртөө итгэлтэй байж, идэвхитэй зоримог алхам хийхгүйгээр томоохон үр дүнг хүсэж, мөрөөдөхийн ч хэрэггүй.
“Эрдэнэсийн арал”, “Хар сум” зэрэг алдартай роман туурвисан зохиолч Л.Стивенсоны “Би зовлон зүдүүр нөмөрсөн ч бай, баяр хөөр бялхсан ч бай, ямар ч нөхцөлд халирч шантралгүй цагийг зөв ашиглаж чадна” гэж хэлсэн үг зохиолчийн өөртөө итгэж, бэрхшээлийг сөрж, бүтээж туурвих чадварыг илтгэхийн хамт залуучууд ирээдүйгээ дархлахад нэн сургамжтай. Суу билэгт хүмүүсийн сэтгэхүйд өөрийн хүчинд бүрэн итгэсэн эрэмгий зориг бат бэх сууж өгсөн байдаг. “Зоригловол бүтнэ” гэх үг тэдний сэтгэлийн мөнхийн дуудлага. Эртний Персийн яруу найрагч “Эр чадал, илд эзэмших чадвар үнэндээ эр зориг биш, өөрийгөө захирч, бусдын хувьд зөв шударга байхыг эр зориг гэж нэрлэнэ” хэмээн бичсэн нь оюуны өв болон өдий хүртэл хадгалагджээ. “Агуу их хатан зориг гэдэг бол агуу их нинжин сэтгэл мөн” гэж америкийн яруу найрагч Г.Лонгфелло шүлэглэсэн.
Бүтээлч хүнд зориг нь жаргал болдог. Хэдий мэргэн ухаантай, мэдлэг чадвартай ч хийхийг зорихдоо сэтгэлийн зориг дутваас ухааны сан хөмрөг нь далай мэт баялагаа харамлан дутааж, зориг муутан жаргал эдэлж чадахгүй ээ. Суу билэгт Шекспир “Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ” гэж сургасны учир ийм ажээ.
Зүрх зориг дутах, эргэж хургах, эргэлзэж болгоомжлох нь ямар нэг юм бүтээх гэж хүсэж мөрөөдөж яваа эрмэлзэл тэмүүлэлд чинь чөдөр тушаа болж, саад учруулна. Тиймээс залуус та нар аливаа үйлийг хийхдээ мохошгүй туйлбартай, няцашгүй хатан зоригтой байж, ухааны чадлаа дүүрэн ашиглахыг хичээцгээ.
Манай залууст би чадах болов уу, дийлэх болов уу, бүтэх болов уу гэсэн болгоомжлол түгээмэл. Шийдэмгий зоригтой занг тогтоон баригч дотоод сэтгэлийн хүлээс нь болгоомжлол билээ. Хэт болгоомжлол зорилгоосоо няцах, чадвараа мохооход хүргэнэ. Болгоомжлох нь нэг талдаа сэтгэлгээний залхуурал мөн. Болгоомжлол гэдэг нь өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлийн архаг хомсдол гэж үздэг хүмүүс байдаг. Болгоомжлол нь яван явсаар хүнийг зориггүй, туйлбаргүй болгох нь бий. Гэхдээ болгоомжлох нь бүхэлдээ муу зүйл биш ээ. Эрүүл саруул болгоомжлолыг, эмгэг архаг болгоомжлолтой хольж хутгаж, ад үзэж болохгүй. Эрүүл болгоомжлол нь ямар нэг шийдвэр гаргахдаа юмс үзэгдлийн наад цаадахыг бодож цэгнэхэд тус болно. Ийм болгоомж эргэлзээ нь нинжин сэтгэл, зөн билэг, зөв мэдрэмжээс эх сурвалжтай байдаг. Дутуу бодож, буруу шийдэхээс сэрэмж сургамж болдог учир эрүүл болгоомж ач тустай. Эрүүл болгоомжтой хүнийг хашир егзөр хүн гэж хүндлэн үгийг нь сонсож, зөвлөгөөг дагадаг нь монголчуудад эртнээс уламжлагдаж ирсэн хэв ёсны нэг мөн билээ. Залуучууд та нар элдэв шийдвэр гаргахдаа эрүүл болгоомжтой байж, эрдэм номд шамдахдаа эмгэг болгоомжийг таягдан хаяж, зориг золбоотой хичээнгүйлэн шамд. Эмгэг болгоомжлол даамжирвал айдас хүйдэс рүү хөтөлнө. Өөртөө итгэлгүй хүн л аймхай хулчгар байдаг. “Алив муу чанарын дотроос адгийнх нь айж хулчийх явдал мөн”. Хийвэл бүү ай гэдэг. Аймхайчуул хүчээ үзэх, чадал заах, туршиж оролдох, бүтээж туурвихаас ямагт ухарч мохож, нийгмийн үйл амьдралд хүн шиг оролцох нь байтугай олигтойхон тэнүүн амьсгалж чадахгүй болтлоо доройтдог. Тэд үргэлж санааширч, ёстой санаа нь сансарт, сачий нь хатавчинд хэвтэнэ. Аймхай учир амьдралд ганц ч зоригтой алхам хийж чадахгүй, уруу доройхон, гутруу гундуухан насаа илээх болдог юм. Ийм дорой амьдралд өөрийгөө аваачиж хэрхэвч болохгүй.
Өөрийн хүчинд итгэл олох замд атаа жөтөө, эргэлзэл тээнэгэлзэл, болгоомжлол, айх сүрдэх зэрэг олон саад бэрхшээл тохиолдож магад. Атаа хорсол нь муу санааны үр, бусдын чадал эрдэмд хордож мөшөөрхсөн хуудуутай сэтгэл юм. “Атаа хорсол бол төмрийг идэх зэв” гэсэн үг бий. Атаа хорсол өөрөө гүтгэлэг, бусармаг явдал, гэмт хэргийн үүсгүүр. “Атаат хүн хэзээ ч баяр баясгаланг эдэлдэггүй”. Залуу хүн бусдын амжилтанд атаархан жөтөөрхөх бус баярлах, дэмжих цэвэр ариун сэтгэлтэй байх ёстой. Хүний сайн чанарыг олж харж тусган авч чаддаг, түүнийг ухаан бодолдоо шингээхсэн гэж чин зүрхнээсээ эрмэлзэх бодолтой хүн өөрийн хүч чадалдаа итгэж, хийсэн бүтээсэндээ урамшиж, улам урагшлах зориг хүчийг олж авна. Өөрийн сул талуудаа алхам алхмаар ялж сурах нь амжилтанд хүрэх урт аяны замд чинь найдвартай унаа хөсөг болж өгнө. “Нэгэн залуу зураач алдарт зураачид судалбар зургуудаа авчирч үзүүлжээ. Тэрээр зургуудыг ихэд таашаан магтаж, олзуурхан баясав. Гэтэл залуу зураач цаашид уран зураг бүтээж, ахиж дэвших бололцоогүй гэв. Эхнэр хүүхдээ тэжээхийн тулд өглөө 10 цагаас орой 6 цаг хүртэл өөр ажил хийх шаардлагатайгаа учирлав. Та өглөө 4-өөс 10 цаг хүртэл бүтэн зургаан цаг юу хийдэг вэ? гэж асуухад залуу зураач: “Унтдаг” гэж хариулав. Тэгвэл та зураг зурах биш насаараа унтах төөрөгтэй хүн байна даа. Сайн зураач болъё гэж хүсэж мөрөөдөж яваа бол өглөө 4-өөс 9 цагийн хооронд зүтгэж оролдоод үз дээ.
Хүний хамгийн бүтээлч үе бол өглөөний 4-9 цагийн хооронд байдаг, би зургаа энэ хугацаанд л зурж зураач болсон юм даа” гэж зөвлөжээ. Залуу зураач авьяас төгөлдөр багшийнхаа алтан сургаалийг ёсчлон биелүүлж, сул талаа засч залруулан нэр алдартай зураач болж чадсан гэдэг. Залуус Та нар ч гэсэн өглөө эртийн бүтээлч үеийг аль болохоор ашиглаж сурахыг хичээцгээ. Ийм дэглэмд суралцахын тулд зүтгэл оролдлого зайлшгүй чухал. “Гойд давуу чадвар хичээл зүтгэлээр л зөвхөн олгогдож байдаг. Гайхалтай авьяастай байвал хичээл оролдлого түүнийг улам өндөрт өргөдөг. Чадвар нь бусдаас ялгарамгүй байлаа ч гэсэн зүтгэл оролдлого тэрхүү дутагдалтай талыг нөхөх учиртай. Хичээл оролдлогыг зөв зүг рүү чиглүүлж байвал ер түүнээс хол гарахгүй. Зүтгэл оролдлого байхгүйгээр юуг ч олж чадахгүй”. Зүтгэл оролдлогоо шахан дайчилж байж хүн төрөлхтөнд давтагдашгүй бүтээлээрээ бэлэг барьсан эрдэмт хүний дээрх үгийг залуус та бүхэн тусган авч, мөрдөөсэй гэсэн хүслээр дамжуулж байна. Зүтгэл оролдлоготойгоор хичээж чармайвал хэн ч хүсэж мөрөөдсөн том зорилгодоо хүрч чадна.

САЙН ТӨРИЙН ТОЛГОЙД ХУУЛЬ НОЁРХОЖ БАЙГ
2007 оны 03 сарын 05

Эртний Грекийн домогт жинлүүр барьсан, нүд боолттой нэгэн бурхны тухай өгүүлдэг. Тэр бол шударга ёсны тэнгэр – Фемида гэгч билээ. Домгийн ёсоор газар дэлхий, түүний баялгийг ертөнцийн хүн ард адилхан эзэмших эрхтэй гэнэ. Тийм учраас газар хуваарилахад алагчлах явдал гарч магадгүй гэж нүдийг боож, хүн бүрд тэгш оноохын учир жинлүүр бариулжээ. Домгийн баатар Фемидагийн жинлүүр хожим нь хууль шүүхийн билэгдэл, шударга ёсны билэг тэмдэг болон хуулийн ертөнцөд тухлан заларчээ. Арван таван жилийн өмнө улс төрийн хүчнүүдийн зөвшилцлийн үндсэн дээр бүтээгдэн батлагдсан шинэ Үндсэн хуулийн тулгуур зарчим энэ домгийн гол үзэл санаатай үндсэндээ адил. Монголчууд Үндсэн хуулийнхаа заалт, үзэл баримтлалын дагуу улс орондоо эдийн засаг, улс төр, оюун санаа, эрх зүйн шинэчлэл хийх чиглэлд чамлахааргүй ахиц дэвшилтэй ажилалаа. Төр нийгмийг ардчилахад Үндсэн хууль шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. Эдүгээ хүртэл ард түмний эв нэгдэл, нийгмийн тогтвортой байдлыг хангахад болон улс орны хөгжил дэвшлийн зорилтуудыг шийдвэрлэх бүхий л үйлсэд Үндсэн хууль зүйрлэшгүй ач буянаа өгч ирэв. Монгол оронд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг Үндсэн хууль баталгаажуулсан. Харин өдгөө хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх алтан зарчим жинхэнэ ёсоор хэрэгжиж чадаж байна уу? Надад мэдэгдэж байгаагаар бол нийгмийн гишүүдийн дийлэнхэд нь энэ зарчим шударгаар үйлчлэхгүй байгаа гэж үзэж байна. Олон жилийн өмнө АНУ-д “Талх нууж авбал шоронд орно. Төмөр зам хулгай хийвэл Сенатын гишүүн болно” гэсэн ёгт үг гарчээ. Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдсаныг хамгийн ойлгомжтой байдлаар ёжлон хэлсэн санаа. Эдүгээ манайд Фемидагийн барьсан жинлүүр тэгш бусаар хуваарилан оноож, алагчлан ялгаварлаж, шударга биш байгаа тухай ам амандаа ярьж байна. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн энэ тулгуур заалтын хэрэгжилт хангалтгүй байна гэсэн үгээ. Үндсэн хуулийн амин сүнс болсон заалтаас ишлэл аван олон дахин ярих нь чухал биш ээ, түүнийг бодит амьдралд хэрэгжүүлэх нь л гол зүйл. Монгол улсын иргэн олон улсын эрх зүйн баримт бичигт тунхагласан хүний эрх, эрх чөлөөг бүрнээ эдлэх эрх зүйн боломжийг Үндсэн хуулиар хуульчлан тогтоосон. “Амьдрал гав гинжнээс чөлөөтэй газарт, аху санаа айдас хүйдсээс ангид ертөнцөд.." хүн эрх чөлөөний хаант улсын иргэн байж чаддаг билээ. Үндсэн хууль монгол хүний амьдралыг гав гинжнээс эгнэгт салгаж өгсөн. Харин аху санаа айдас хүйдсээс ангид ертөнцөд чөлөөтэй байж хараахан чадахгүй байна. Хэлье гэсэн үгээ хэлж чадахгүй, ярья гэсэн бодлоо илэрхийлж чадахгүй айж бэргэн, өөр хоорондоо шивнэлдэж, зарим үед амандаа ус балгасан мэт дөмбийж байсан он жилүүдийг Үндсэн хууль батлагдснаас хойш ч бид туулсан. “Үнэнийг сонсохыг хүсч байвал чөлөөтэй ярих боломж олго” гэсэн үг бий. Үнэнийг сонсох эрүүл саруул уур амьсгалыг нийгэм даяар тогтоож өгөөгүй, хардлага, хавчлага сүүдэр мэт дагасан хэвээр байгаа учир айдас хүйдэс, болгоомжлол арилахгүй байна. Чөлөөтэй дугарах иргэний эрх чөлөөг боомилохыг эрх мэдэлтнүүд, буруу явдалтнууд л улайран чармайдаг юм. Урвуу эрх мэдэл гэгч - буруу иштэй хар муна хүний толгой дээр далайж байгаа цагт аху санаа айдас хүйдсээс ангид, чөлөөт ертөнцөд орших аргагүй. Үндсэн хууль төрийн эрх мэдлийг олон улсын жишиг, өөрийн орны онцлогт тулгуурлан зохистой, харилцан тэнцвэртэй, хяналттай байхаар хуваарилан бататгаж, эрх зүйт төрийн буурийг засаж өгсөн юм. Хуульд үндэслэсэн эрх чөлөөг дээдэлж, хуулийг сахихад үндэслэсэн эрхийг зөвшөөрч, хуулийг зөвхөн хуулийн аргаар тогтоодог, хуулийн аргаар өөрчилдөг төрийг л эрх зүйт төр гэдэг билээ. Улсын Их Хурал 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт хийсэн. Өнгөн дээрээ хуулийн аргаар хийсэн өөрчлөлт боловч үндэс суурь нь улс төрийн хуйвалдаанаар тавигдаж Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг үл хэрэгсэн батлагдсан юм. Энэхүү өөрчлөлт Үндсэн хуулийн гол үзэл баримтлалыг гажуудуулж, Монгол төрийг доройтуулав. Хариуцлагын тогтолцоог алдагдуулан, хяналтыг үлэмж сулруулсан. Засаглалын эрх мэдлийн тэнцвэр алдагдлаа. Үндсэн хуулийн өөрчлөлт нийтийн эрх ашгийн төлөө бус нэг хэсэг бүлэг хүмүүсийн цаг зуурын ашиг сонирхлыг хангах зорилгоор хийгдсэний хор уршгийг одоо амсаж байна. Энэ өөрчлөлтийн ганц заалт нь ч өмнөхөөсөө дээрдээгүйг бодохоор гаслам харамсалтай. Хуулийн бодлогыг ул суурьтай, ухаалгаар, шинжлэх ухаанд суурилан боловсруулж, зорилго чиглэлтэй хэрэгжүүлэхгүй бол ардчилалыг ардчилсан аргаар устгаж, эрх чөлөөг эрх чөлөөгөөр хөөн зайлуулах осолтой нөхцөл бүрдэж болох юм. Зарим улс орны түүхэнд ийм эмгэнэлт явдал тохиолдож байлаа. Түүнээс бид ямагт сургамж авах учиртай. Хууль дээдлэх нь нийгмийн амьдралын хэм хэмжээтэй байх зарчмыг хэвшүүлэн тогтоох анхдагч нөхцлийг шинэ Үндсэн хууль бий болгосон юм. Үндсэн хууль бол эрх зүйн дээд хүчин чадал бүхий эцэг хууль, өөрөөсөө бусад хуулийг төрүүлж байдаг эх хууль мөн. Энэ хугацаанд нийгмийн олон талт харилцааг ардчилсан ёсоор зохицуулах олон шинэ хуультай болж амжлаа. Хууль зөрчих эрх хэнд ч байж болохгүй нь тодорхой. Тэр тусмаа төрийн зүгээс хууль зөрчвөл иргэн хүн түүнийг яах ч аргагүй хүчин мөхөсдөж хохирох болно. Иймд бүхий л хуулийг чандлан сахих нь төрөөс иргэний өмнө, нийгмийн өмнө хүлээсэн зайлшгүй үүрэг. “Муу хуультай боловч сайн түшмэдүүдтэй бол улс орныг удирдаж болно. Харин түшмэдүүд муу бол хичнээн сайн хууль байгаад ч нэмэргүй” гэсэн нэрт улс төрчийн хэлсэн үг бий. Иймд төрийн хуулийг ягштал баримтлан ажилладаг сайн түшмэдүүдтэй байх нь сайн хуультай байхаас дутуугүй ач холбогдолтойг эрхбиш анхаарах цаг болсон. Эцэг хуульдаа хүү нь мэт захирагдан, эх хуулиа хүү нь мэт хүндлэн, дээдлэн сахиж, ёсчлон биелүүлж явах нь иргэн ба төр, төрийн хүний аль алиных нь үндсэн болоод журамт үүрэг мөн билээ. Цагийн аясаар төрийн хууль тогтоомжуудад өөрчлөлт шинэчлэлт хийгдэж байдаг нь жам юм. Манай Үндсэн хууль ч гэсэн энэхүү жам ёсны гадна байж чадахгүй биз ээ. Үндсэн хуулийг өөрчлөхөд хүрвэл зайлшгүй анхаарч мөрдөх зүйл бий.
1. Шинэ Үндсэн хууль нийт ард түмний оролцоотой бүтсэн, ардчилсан уг чанартай. Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байгаагийн баталгаа нь Үндсэн хууль мөн тул түүнд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх нь ард түмний мэдэлд байх ёстой. Үндсэн хуулийг хөндсөн аливаа асуудлаар ард нийтийн санал асуулга буюу өргөн дэлгэр, чөлөөтэй, нээлттэй хэлэлцүүлгийн үр дүн болсон зүйлийг л УИХ хууль тогтоох эрх мэдлийнхээ хүрээнд баталгаажуулдаг жишиг тогтох нь зүйтэй гэж би хувьдаа үздэг юм.
2. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал санаачлага, үйл явц, дэс дараалал, дэг горим эхнээсээ эцсээ хүртэл цөм зөвхөн хуулийн дагуу байх учиртай.
3. Аливаа нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн суурь бүтэц, амин сүнс, мөн чанарыг нь илэрхийлэгч эд эсийг гэмтээж болохгүй. Хэрэв тэгэх аваас Үндсэн хууль мөн чанараа алдаж, төрөл арилжих болно.
4. Үндсэн хуулийг явцуу бүлгийн ашиг сонирхолд тулгуурлан, улс төрийн хуйвалдаанаар өөрчлөх оролдлого гаргуулахгүй байх нь онцгой чухал. Үндсэн хуулийг өөрчлөх зорилгоор нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн нь илт байна. Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжигчид чанга дуугарах болов. Ерөнхийлөгчийн улс болохыг хүсэмжлэгчид хариуцлагыг УИХ-ын 76 гишүүнтэй бус нэг хүнтэй тооцох боломжтой болно гэж сэнхрүүлж байна. Хариуцлагын хомсдолд орчихсон монголын нийгэмд энэ үг тод сонсогдож, найдвар төрүүлэхийг тооцсон бололтой. Дэлхий ертөнцийн халуун цэг болж байгаа Ирак орон хүчтэйгээс хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалтай байсан. Ерөнхийлөгч нь үндэсний удирдагч хэмээн цоллогдож, амьд сэрүүндээ хөшөө дурсгалаа сүндэрлүүлэн, магтуулж байсан нь саяхан. Гэтэл өнөөдөр ард түмэн нь аллага хядлага, тэсрэлт дэлбэрэлтийн айдас хүйдэс дунд өдөр өнгөрөөж байна. Үндэсний удирдагчаа цаазын тавцанд аваачиж “хариуцлага тооцлоо”. Монголын ард түмэн ийм аймшгийг үзэх нь бүү хэл хар даран зүүдлэх ч үгүй гэж итгэж байна. Тиймээс хяналтгүй дарангуйлагч мөрөөдсөн өөрчлөлтийг яавч дэмжиж болохгүй. Сайн төрийн толгойд хууль, муу төрийн толгойд удирдагч ноёрхож байдаг. Би Монгол орныхоо сайн төрийн толгойд хууль ноёрхож байгаасай гэж хүсч байна. Үндсэн хуулийг бүтээхэд оролцсон эрдэмтэн мэргэд, төрийн зүтгэлтнүүд, хуулийг хэлэлцэн баталсан Ардын Их Хурлын депутатууд, хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэх ажилд хүчин зүтгэсэн үе үеийн парламентын гишүүд, хууль хэрэгжүүлэх, хууль ёсыг сахиулахад оролцож ирсэн бүх хүмүүст төрт ёсны энэ баярын 15 жилийн ойг тохиолдуулан хийсэн бүтээснийх нь төлөө баяр талархлаа илэрхийлэх ёстой.
Төрийн минь сүлд Та биднийг ивээг!

ӨӨРИЙГӨӨ ЯЛАХ НЬ
2007 оны 03 сарын 19

Өнөөдөр би хүн өөрийгөө ялах тухай ярина. “Өөрийгөө ялах нь дайны талбарт тоо томшгүй олон цэргийг дарж, ялалт байгуулснаас илүү юм” гэж бусдын төлөө асаасан гэрэл гэгээ болон мөнхөрсөн цаглашгүй ачтан айлдсан. Өөрт заяасан авьяас билэг, давуу талаа танин мэдэж, түүнийхээ үр үндсийг ургаж төлжих шимт хөрсөнд найдвартай суулган, байнга санаа тавьж, арчилж тордон, ургуулж хөгжүүлж чадвал хэн ч зорьж тэмүүлсэн зорилготойгоо зовлон багатай золгох болно.
“Энэ ертөнцөд хүн төрөхдөө өөрийн хувьтай ирдэг. Эхээс заяасан тэр авьяасаа эрх биш олж таних нь чухал” гэж америкийн яруу найрагч Ж. Лоуэлл бичжээ. Давуу сайн талаа олж мэдэхийн хамт, хэвшил заншил, зан араншингийнхаа сул муу талыг олж тогтоон, хүлээн зөвшөөрч ухааран, түүнийг давж гарах, ялж дийлэх сэтгэлийн тэнхээг хураан хуримтлуулах хэрэгтэй юм. Тэгж чадваас оршиж тогтносон олхио муутай хэвшлээсээ холдон холдсоор төрөлх авьяас билгээ хөгжүүлэн төгөлдөржүүлэх эрхэм сайн үйлс рүү ойртон дөхсөөр байх нь гарцаагүй. Хүний оюун ухааныг хөглөж, эх орон нэгт иргэдээ зүгээр байлгахгүй хөдөлгөн сэрээдэг байсан Сократ “ертөнцийг хөдөлгөе гэвэл эхлээд өөрөө өөрийгөө хөдөлгө” гэж хэлсэн. Гэтэл хорвоо ертөнцийн хүмүүс өөрийн муу зуршлаа жаахан ч гэсэн засаж өөрчлөхөөс илүү засаг төрөө засаж сайжруулах нь хялбар хэмээн бодох нь олонтоо. Өөрийн сул тал, муу зуршлийг ялан дийлж чадвал түүний хоосорсон орон зайг давуу тал нь нөхөн эзэлж, сайн үйл бүтээх зай багтаамж уужран өргөсдөг жамтай. Би хүүхэд, залуустай уулзахдаа байгалийн шинжээч нэрт эрдэмтний амьдралд тохиолдсон санаа авууштай, хөгжилтэй түүхийг жишээ болгон ярьдаг юм. Тэр эрдэмтэн цаг гэдэг олдошгүй ховор эрдэнэ үлэмж хязгаартай гэдгийг хэнээс ч илүү мэддэг хирнээ өглөө эрт босч чаддаггүй, хайран бүтээлч цагийг дэмий өнгөрөөдөг байжээ. Их унтдаг муу зуршлаа таягдан хаяхаар хатуу шийдэж, эрт босож байхаар сэтгэл шулуудсан ч нэг л болж өгөхгүй, унтчихаад байв. Ингээд өөрийн зарцаасаа тусламж гуйж, хэрэв өглөө бүр зургаан цагаас өмнө сэрээж өгвөл сэрээсэн тоолонгоор нь мөнгө өгч байхаар тохиролцов. Эхний үед нойр ханаагүй байна, жаахан унтуулаач хэмээн гонгинож, тэр ч бүү хэл хүн тайван унтуулсангүй гэж уурлаж уцаарлаж байжээ. Тэгсэн мөртлөө арайхийж сэрэхээрээ “Яагаад амласан цагтаа босгосонгүй вэ?” гэж үглэнэ. Энэ мэт байдалд зарцынх нь уур хүрчээ. Бас тохирсон ёсоор мөнгөө авах сонирхол зарцад байлгүй яахав. Тэгээд цаг болохоор эзнийгээ орноос нь татаад унагачихдаг болов. Зарим өглөө ор руу нь хүйтэн ус цацаж буцаж хэвтэхийн аргагүй болгоно. Үр дүн удалгүй гарлаа. Хоёр талаасаа хичээл зүтгэл гаргасны дүнд сайх эрдэмтэн өөрийгөө ялан муу зуршлаа хаяж, өглөө эртлэн босож судалгаа шинжилгээний ажилдаа шамдах цаг хугацаа нь тавиу болжээ. Хожим нь “Байгалийн шинжлэх ухаанаар миний бичсэн бүтээлийн дотроос гурав, дөрвөн боть нь зарцын минь хүч юм” гэж эрдэмтэн дурсан бичсэн байдаг.Зовлон зүдүүрт нэрвэгдсэн хүн өөрийгөө ялж, сэтгэлд багтамгүй зориг тэвчээр заан байж, амжилтанд хүрч, алдар нэрээ мөнхөлсөн жишээ захаас аван олныг дурдах бололцоотой. Шулуун дардан замаар зогсолтгүй өгссөөр амжилт ололтын оргилд гарч чадсан гайхалтай жишээг харин олоход бэрх. Хүн унаж, босож байж юм бүтээдэг хойно арга ч үгүй биз. Амьдралын бэрхшээл саад хүний өсөж дээшлэх орон зайд хана хэрэм, хаалт саад биш, харин гишгэх шат, ширүүн урсгалт голын цаана гарах гүүр дамнуурга нь болно. Бэрхшээл хүнийг дардаг, харин хүн түүнийг ялж бүтээх туурвих хүсэл нь оргилдог. Канадын уугуул иргэд – улаан арьстнаас гаралтай нэгэн уран бүтээлчийн тухай өгүүлсэн үнэн түүх сэтгэлд хоногшин үлджээ. Тэрээр чулууны сийлбэрчин. Түүний бүтээсэн чулуун сийлбэрүүд ертөнцийн олон музей, цуглуулгад хүндтэй байранд байдаг гэсэн. Тэр барилгачин байгаад осолд орж бэртэн, эргээд мэргэжлийн ажлаа хийх чадваргүй болжээ. Түүнийг угийн авьяасгүй, жирийн нэгэн гэдэг байж. Эмнэлэгт хэвтэж байхдаа мод зорж өдрийн уртыг өнгөрөөн, азгүй хувь заяаны гунигаа нимгэлдэг байсан гэнэ. Дараа нь чулуу сийлэхээр зоригложээ. Эхлээд хоёр сийлбэр урлаж тус бүрийг нь 50 доллараар зарахаар төлөвлөв. Эхнэр нь тал үнээр нь л хүн авч магадгүй гэж маргаж байсан гэдэг. Гэтэл худалдан авагч маргааныг таслан нэг сийлбэрт нь хоёр дахин өндөр үнэ өгч, нөгөөг нь арав гаруй дахин илүү үнээр дуртайяа худалдан авчээ. Арван жилийн дараа түүний сийлбэр 30 мянган доллараар үнэлэгдэх болов. Тэрээр удаан сэтгэж, ургуулан бодож, уран бүтээлийн эрэл хайгуул хийж, асар их зориг тэвчээр, хичээл зүтгэл гарган байж тахир дутуу болсон оюун сэтгэлээ ургуулан төлжүүлж, өөрийгөө ялж билгүүн эрдэм төгөлдөр, уран гартай сийлбэрч болж чадсан байна. Сайн үйл бүтээсэн хүн эрт орой хэзээ нэгэн цагт заавал ач буяныг нь үзнэ. Хүн биеэ мэдэж, эрдмээ ухаарч, сул талаа танин өөрийгөө ялж чадсан тэр цагт хүссэндээ хүрч, зорьсонтойгоо золгоно.Хүн язгуураас хоёр их төөрөгдөлд орсоор ирсэн. Нэг нь өөрийн гэмийг бусдаас хайдаг. Нөгөө нь золгүй явдлаа өөрөөсөө холдуулж заяа тавилан төөрөг гэж бодон сэтгэлээ хуурдаг. Өөрийн гэмээ ухаарч чадна гэдэг өөрийгөө ялж байгаа сэтгэл зоригийн тод илэрхийлэл. Гэмээ ухаарч байгаа хүн өөрийн хатгасан гадсанд дахин бүдрэхгүй урагшлах дархлаагаа бий болгож дөнгөж байгаа том ялалт юм. Золгүй явдлаа зохиомлоор холдуулахыг чармайх хэрэггүй. Золгүй явдлыг хүссэн хүсээгүй өөрийн биеэр туулна. Тэр бүгдийг заяа тавилан, төөрөг гэх зүйл рүү чихээд эвлэрээд суугаад байвал удахгүй түүндээ эргэлтгүй ялагдаж боол нь болон дарлуулна. Хүн сурч мэдэх, өсөж өөдлөхөд хамгийн хорлонтой дайсан нь залхуурал. Залхуу хүн цаг хугацааны үнэ цэнийн талаар туйлын бага төсөөлөлтэй. Хойш тавих, зүгээр суух, сугарч хоцрох, биеийн амрыг харах тэдний хувьд амьдралынх нь утга учир мэт. Тэгээд ч ухаант өвгөд “залхуу хүнд маргааш олон” гэж шоглон, “залхуугаас заяа зайлна” гэж сургамжилж ирсэн. Залхуу занг ялж дийлэхгүйгээр заяа тэгш явна гэж үгүй. Залхуу хүн ямагт сэтгэл дутуутай байдаг. Сэтгэлийн дутууг ялж нөхөхгүйгээр амжилт ололт, төгс төгөлдөр, сайн зүйлийн тухай мөрөөдөөд ч хэрэггүй. Сэтгэл дутсан, нүд хуурсан, ээлж өнгөрөөсөн юм бүхэн урт насгүй, сайнаар хэлэгдэхгүй, эзэндээ баяр баясгаланг авчрахгүй, бусдад үнэлэгдэхгүй. Тийм болохоор монголчууд “сэтгэлд гал байвал, зууханд аргал олдоно” хэмээн ярьж, хэрэгжүүлж байдаг юм.“Муу дээвэрлэсэн байшинд дусаал гоождогтой адил өөрийгөө үл хянах хүний сэтгэлд хүсэл шунал дүүрнэ” гэж Бурхан багш сургасан. Шуналын сэтгэлийг ялан дийлэх нь хүний өөрийгөө ялах баатарлаг зориг, аюул гамшгаас биеэ аврах авралын од гийсэн чөлөө учрал билээ. “Шунал гэдэг бол аюултай бөгөөд хүчтэй зүйл. Үүнээс болоод олон хүн үхсэн. Олон ч хүн бузарлагдсан, олон ч хүн араатан болж хувирсан. Ялангуяа шунал атаатай хослохдоо хадыг хагалах хорыг гаргадаг” гэдэг. Атаа, жөтөө гэдэг нь муу хүний муухай араншингийн нэг, ажил амьдралын садаа, амар амгалангийн халгаа, ахиж дэвшихийн хаалт билээ. Өчүүхэн боловч атаач зан сэтгэл санаанд чинь шүглэсэн бол түүнийг ялж дийлэн, салахыг бод. Атаархал бол ховлох, гүтгэхийн төрсөн дүү байдаг нь жам. Атаа жөтөө, хов жив, гүтгэлэг гүжирдлэг хэзээ ч сайныг дагуулдаггүй тул энэ “ах дүүс”-ээс аль болох холхон байхыг хичээ. Сэтгэл, үйлдэл, зан араншинд хургасан сөрөг бүхнээс салахын тулд өөрийгөө ялж чадах итгэлийн дархлааг залуу хүн бүр өөртөө ургуулан төлжүүлэх хэрэгтэй. Өөрийгөө ялах нь ухаантай хүний утга учиртай үйлдэл. Гэхдээ дайраад ирсэн саар бүхнийг ялах гэж зовж байснаас тойроод гарах, ойртуулж хавьтуулахгүй байхыг хичээх нь илүү чухал шүү.“Чихэндээ нүгэлт үгийг бүү сонсъё хэмээн хичээгтүн.Нүдэндээ самуун өнгийг бүү үзье хэмээн хичээгтүн. Амандаа чалчаа шалигийг бүү өгүүлье хэмээн хичээгтүн.Санаандаа хортой сэтгэлийг бүү үүсгэе хэмээн хичээгтүн. Энэ дөрвөн зүйл хичээлийг хичээн чадваас хэдий бурхан эс боловч сайн хүмүүн болох нь магад болой” хэмээн сударт өгүүлсэн нь бий.

ТЭВЧЭЭР ХАТАМЖ, СЭТГЭЛ, УРАМШИЛ МАГТААЛ
2007 оны 04 сарын 16

“Амьдралын чинжүү мэт гашууныг амсаагүй бол чихэр мэт амтыг мэдэхгүй” гэсэн суу билэгтний үг бий. Авьяас билэгтэй хүмүүс амьдралын чинжүү мэт гашууныг амсаж, түмэн зовлон бэрхшээлтэй учирч, түүнийг шантралгүй даван туулж байж, амжилтын оргилдоо хүрч чихэр мэт амтыг мэдэрсэн байдаг. Боломжийн хүмүүс ирээдүйтэй том ажил эхлээд эцсийг нь үзэж чадалгүй шантран орхих нь цөөнгүй. Том зорилго тавьсан хүнд мөн төдийчинээ хүнд бэрхшээл учирч, сорилт шалгалтыг туулна гэдгийг ухааралгүйгээс замын хугаст шантран зогсдог байна. Тэвчээр, хатамж бол бэрхшээлээс үл шантрах, түүнийг даван гарах сэтгэлийн асар их хүчний нөөц юм. Бүтээлч хүмүүсийн намтарт ажиглагддаг нийтлэг зүйл бол учирсан саад бэрхшээлийг зовон зүдэн, гэхдээ амжилттай гэтлэн туулсан тухай тэнгэрлиг дурсамж юм. Саад бэрхшээлийн хүнд лантуунд балбуулж, түүний дороос тэвчээр заан өндийн босож байж, бүтээж туурвиж чадсан агуу хүмүүс байдаг.

Английн зохиолч Сомерсет Моэм бол өнгөрсөн зууны нэрт уран бүтээлчдийн нэг яах аргагүй мөн. Тэрээр багадаа хүнд өвчилж зовлон туулсан нь хожмын мэргэжлээ сонгох нэг шалтаг болсон гэдэг. Бие султай тэр залуу бэрхшээлийг сөрөн бүтээлч эрлийн их замд оржээ. Эцэг нь удам залгасан өмгөөлөгч байв. Харин Моэм ээрч ярьдаг учир өмгөөлөгч болох тухай бодохын ч хэрэггүй байлаа. Тэгээд зохиолч болохоор шийджээ. Нялх балчир насандаа эхээсээ өнчирч, хүний зовлонг эрт амссан нь хожимын зохиол бүтээлийн нилээдийнх нь эх ундарга тэндээс эхтэй гэнэ. Тэрээр зожиг амьдралд өсөж торниж, юмс үзэгдлийг хөндлөнгөөс ажиглаж, гаднаас нь зураглан бичих аргад гойд мэргэшсэн зохиолч гэгддэг билээ.Аливаа хүн насны бага, цусны шингэнд чадал эрдмээ таньж, тэрхүү эрдэнийн хосгүй чадлыг нээхийн тулд учир зорилготой, эцэлт цуцалтгүй хичээн зүтгэж ажиллавал амжилтанд зайлшгүй хүрнэ. Энд тэвчээр хатамж тань нөхөр, түшиг тулгуур чинь болно. Ер нь тэвчээр хатамж хүн юманд хүрэх, амжилт гаргахын зайлшгүй нөхцөл мөн. Тэвчээр хатамж залуу хүний зан чанар, зорилго эрмэлзэл болон зүрх сэтгэлд шингэн орсон цагт туйлын ирээдүйтэй, маш өгөөжтэй байх нь дамжиггүй ээ. “Хэн үл шантарна тэр олно”. Хүн ямар ч ажил хийлээ гэсэн түүндээ сэтгэлээ шингээж, чин зүрхнээсээ хичээж чармайвал үр дүн хэзээд өндөр, бусдаас хавьгүй илүү байх болно. “Сэтгэлээ өгсөн ажил тань хүссэн санаснаар чинь бүтнэ. Тэр цагт хэн хүн чамтай өрсөлдөх хүч чадал мөхөсдөнө” гэж хэлсэн ухаантны үгийг санаж явбал тустай. Сэтгэл гаргаж хэлсэн үг хүний зүрх сэтгэлд хоногшдог. Чин сэтгэлээ уудлан бичсэн зохиол бүтээл хүний чин зүрхэнд шингэдэг. “Сэтгэл шингээгүй ажил амь сүнсгүй билээ”. Тоос арчсан ч, тогоо барьсан ч түүнийгээ сэтгэлээсээ хийж чадвал эрхэлсэн ажлаасаа таашаал авч, сэтгэл ханамжийг дүүрэн эдлэх нь эргэлзээгүй. Хорслоор хийсэн хоол хүнд хор болно гэсэн үг бий. Оромдож хийсэн, нүд хуурсан, сэтгэл дутсан үйлдэл бүхэн аливаад сэтгэлээсээ ханддаг хүний нүдэнд орсон шороо мэт тээртэй байдаг юм. Тэгээд ч тийм зэргэмжийн ажил хэзээ ч үнэлгээгүй, шударга хүмүүст хогийн ургамал шиг ад шоод үзэгддэг билээ. Түүнчлэн “тулгатай гал шиг халуун сэтгэлээр хандаад байхад тулх муутай хүйтэн сэтгэлээр хариулах нь” сайн хүний төрх биш ээ. Тэгээд ч монголчууд “сүү шиг сэтгэлийг ээдүүлж, тос шиг сэтгэлийг царцаав” гэж ярьдаг биз ээ. Английн их уран барилгач Кристофер Ренийн тухай ийм нэгэн яриа их алдартай. Та бүхэн сонссон байх аа. Тэр Лондонд ирээд өөрийн зураг төслөөр барьж буй нэгэн сүмийн дэргэдүүр өнгөрчээ. Барилгачдыг харснаа тэд юу бодож, яаж ажиллаж, хэрхэн аж төрж байдаг улс юм бол гэсэн бодол төрж тэдэнтэй уулзаж ярилцжээ. “Та юу хийж байна” гэж барилгачдаас асуув. Нэг нь “Тоосго өрж байна”. Нөгөөх нь “Хоолныхоо мөнгийг олж байна”. Гуравдахь нь “Энэ сайхан сүмийг байгуулах буянтай ажилд оролцож байна” гэж сэтгэл бардам хэлжээ. Энэ хүн эгэл аж төрлөөс дээш гарч, сайхныг хүсэн тэмүүлэх сэтгэлийн охиор амьдарч байгааг уран барилгач олж мэджээ. Өөртөө болон эргэн тойрондоо байгаа өөдтэй, өнгөтэй бүхнийг олж харан баясаад сэтгэлээ хөвчлөх, чадлаа дайчилбал үйлс заяа чинь өөдрөг сайн байх нь гарцаагүй ээ.“Ертөнцийн юм бүхнийг санаа сэтгэл буй болгож удирдана” гэж Бурхан багш айлдсан. Тэгээд цааш нь “Ер нь сэтгэл нь бузартсан хүнийг зовлон зүдүүр дагадгийг үлгэрлэвэл ерөөс шар үхрийн араас үхэр тэрэг үргэлж дагахтай адилаа. Ер нь сайн санааг сайн үйл дагах нь сүүдэр эзнээ дагах лугаа” гэж сургасан билээ. Хүний хийж бүтээснийг цаг үед нь зөв үнэлж, урмын сэтгэлээ илэрхийлэх нь туйлын чухал. Хүнд чин сэтгэлээсээ онож хэлсэн урамшил магтаалын үг асар их хүч, зориг тэмүүллийг хайрладаг. Марк Твен “Нэг удаагийн магтаал гурван сар урам зоригтой явах цэнэг өгдөг юм” гэж хэлсэн байна. Зөв магтаал хүн өөртөө итгэх, чадлаа танихад хамгийн ойрын туслагч нь болдог. Нэгэн нэрт гэрэл зурагчны амьдралын түүх та нарт сургамжтай байх аа. Тэрээр нэг өдөр тавь гаруй зураг авснаас сайндаа л ганц хоёр нь гайгүй болж. Эцэг нь үзээд “чадах юмаа оролдсон нь дээр биз дээ” гэж хэлжээ. Харин эх нь нэг зургийг зааж “энэ ганц чинь л бусдыгаа төлөөлж чадна” гэжээ. Эх нь хүүгийнхээ ганц зурган дахь авьяасын очийг олж харах уран сэтгэмж, тэр ялимгүй ололтыг тэтгэн дэмжих сэтгэлийн тэнхээтэй хүн байжээ. Тэр урмын хэдэн үг цөөдсөнгүй. Хүү нь урамшиж яв явсаар эрин үеийнхээ нэртэй гэрэл зурагчин болсон гэдэг. Жинхэнэ уран бүтээлчид бие биенийхээ агууг шууд хүлээн зөвшөөрдөг билээ.“Үнэхээр ярих юм алга, Шубертын дотор бурхны дөл орогнож байна” гэж Бетховен дуу алдсан гэдэг. Шинэ юм үүсгэж оролдож ядаж яваа хүнд нас биед хүрсэн ч байг ялгаагүй магтаалд урамших, шүүмжлэлд гутах нь бүр хүүхэд шиг байдаг гээч. Хүмүүст шинэ санаа төрөх нь амархан, бас унтрах нь ч хялбар. “Шинэ санаа бүхэн эмзэг байдаг. Үл тоомсорлох, илт басамжлах аль нь ч хөнөөж чадна. Тэр ч байтугай нүдээ ирмэхэд л гэмтдэг юм” гэж сурталчилгааны нэртэй пүүсийн эзэн хэлжээ. Ингэхээр эелдэг харьцаа гэдэг бидний өөрсдийн төдийгүй, нөхрийн амь хүчийг сэлбэж байдаг байна. Хүнийг өөлөн гоочлох нь амь хүчинд халгаатай. Өрөөсгөл шүүмжлэл хүний сэтгэлийг мэрж, идэвхийг унтрааж, бүтээлч чадлыг сааруулдаг гэмтэй юм. Тийм болохоор залуус Та нар ойр тойрныхонтойгоо эелдэг харьцаж, сайн талыг нь үнэлэн, урам хайрлаж, магтах үйлийг нь магтаж урам зоригтой алхах цэнэг өгч бай. Гэхдээ энэ нь дутагдлыг нь нууж дуугүй яв гэсэн үг ердөө биш. Алдааг хэлэлгүй, амаа хамхиж суу гэсэн үг бүр биш. “Алаг эрээн хорвоод амьдарч ажиллаж явахын цаг дор алдааг хэлж, нүглийг зааж, дутагдлыг илчилсэн ач буянтай тэр хүнийг сэтгэл зүрхэндээ биширч, аль эрт нуусан эрдэнийг олж өгсөн хүнтэй адилтган хүндэл” гэсэн үг залуу хүн бүрийн дагаж мөрдөх сургаал болон хоногшин хэрэгжиг. “Хүнд эрдэм мэдлэг хэрэгтэй гэж батлах нь хүнд нүд хэрэгтэй гэж ятгаснаас ялгаагүй” гэж хэлсэн нэгэн эрхэмийн үнэн үгийг саяхан уншлаа. Гэлээ ч гэсэн би хүүхэд залууст эрдэм мэдлэг туйлаас чухал хэрэгтэй шүү гэж давтан хэлсээр байх болно оо.

ТАНЫГ АУГАА ИХ ҮЙЛ ХЭРЭГ ХҮЛЭЭЖ БАЙНА
2007 оны 05 сарын 15

Их сэтгэгч, үл гүйцэлдэх үзэлтэн Сен Симон өглөө бүр “Эрхэм ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна” гэж дуудаж сэрээж байхыг тушааж байсан гэдэг. Энэ нь аугаа их үйл хэрэг бүтээх том зорилт өмнөө тавьсан бүтээлч хүний хар нүд хуулахаасаа эхлээд өөртэйгөө ажиллаж, биеэ эзэмдэн, албадан захирах сэтгэлийн тэнхээгээ хөвчлөн буйн сонгодог жишээ билээ.
Нэгэнт ийм уриа дуудлагатайгаар орноосоо өндийсөн хүн бэрх хатууг чандлан, их үйл хэргийн төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө чин зоригтойгоор, эргэлт буцалтгүй зориулах нь эргэлзээгүй тодорхой.
Түүний нэг адил Монголын хүүхэд залуусыг аугаа их үйл хэрэг шил шилээ харан шийдлээ хүлээн угтан тосож байгаа. Тэртээ хойно сэтгэлд өгүүлж гүйцэшгүй баясах сайн үйл бүтээхийн тулд өөрийгөө эзэмдэн албадах аргад цуцалтгүй суралцах хэрэгтэй. Биеэ эзэмдэн албадах аргад суралцах анхны алхам нь өөртөө тушааж, түүнээ туйлбартай хэрэгжүүлж сурах хувийн сахилга юм.
Үүнийг зайлшгүй сурах ёстой, заавал хийх ёстой, би эс хийвээс хэн хийхэв гэж зориглон барьж ав. Тэгэхдээ хүмүүсийн хормойноос зүүгдэн, мөрийг нь даган гэлдрэгч биш, өөрөө тэргүүлэгч, шан татагч, ачааны хүндийг үүрэгч байхыг хичээ. Тэгж байж илүү жин дарах амжилтыг олох болно. Залуу хүн “ууж идэхдээ уургын морь шиг, урагшаа гишгэхдээ ургаа хад шиг” байж хэрхэвч таарахгүй.
Сурах, хийх аль алинд нь алгуурлан, азнан хойш тавьж хэрэггүй, шууд барьж аван хийж эхлэх хэрэгтэй. “Хэн эхэлнэв, тэр талыг нь хийчихлээ гэсэн үг” гэж эртний Римийн яруу найрагч Ф.Гораций шүлэглэснийг санаж явахад нэн сургамжтай. Эхэлснээ заавал туйлд нь хүргэж дуусган, үр дүнг нь үздэг байх нь та нарын насан турш хазайлгүй мөрдөх дүрэм. Эхэлснээ дуусгалгүй замын хугаст зогссоноос эхлэхгүй байх нь ч дээр.
Үзэл бодолдоо туйлбартай, үнэнч байж эхэлсэн ажлаа туйлд нь хүргэхийн төлөө хилэнц түйтгэрийг огоорон, амь насаараа дэнчин тавьж, билэг төгөлдөр авьяасаа гайхуулан түүхэнд нэрээ алтан үсгээр бичиж мөнхөлсөн зориг баатарлагийн жишээ захаас аван бий.
Хүүхэд насандаа ерийн биш асуудлуудыг байнга тавьдаг ер бусын сониуч хүү Жордано Бруно идэр насандаа “үнэн хаа байна” гэдэг асуултыг өөртөө тавьж, шинжлэх ухаанд “донтон”, үнэний эрэлд мордсон юм. Бруно өөрийгөө дээд зэргээр эзэмдэн албадаж бие даан боловсрол олоход гол анхаарлаа хандуулан, оюун ухаанаа байнга төгөлдөржүүлж, хол ойрын хүмүүсийг мэдлэгээрээ хачирхуулж, сэтгэгч хүнийхээ хувьд өөрийгөө бий болгосон юм.
Тэрээр, хүн чи байгалийн бүтээгдэхүүн бөгөөд манай дэлхийгээс гадна бусад орчлонт ертөнц байдаг ба амьдрал оюун ухаан байх боломжтой өөр ертөнц ч оршиж болно гэдгийг анхлан зоригтойгоор дуугарсан суут сэтгэгч билээ. Дөрвөн зуу гаруй жилийн тэртээ бурангуй үзэлтнүүд үнэнийг хэлснийх нь төлөөс болгон Ж.Бруног түүдэг гал дээр шатаасан.
Хэдийгээр Ж.Бруног шатаасан боловч түүний нээсэн үнэн хэзээ ч шатаагүйгээр барахгүй хүн төрөлхтний нүдийг нээж, сансарт нэвтрэх замыг засч өгсөн юм. Бруногийн тэрс үзлийг буруутгасан нь сүм хийдийн алдаа байсныг 1979 онд Ромын пап II Ионн Павел өөрөө хүлээж, хүлцэл өчсөн билээ. Үхэвч үнэн ялна гэдэг энэ ажээ.
Хүүхэд, залуус та нар өөрийгөө эзэмдэн албадаж сурахын зэрэгцээ өөрийгөө тэвчин барих аргыг эзэмших шаардлагатай. Юуны өмнө өөрийгөө хязгаарлаж сур. Муу явдалтны өдөөлт ятгалганд бүү авт. Болохгүй, бүтэхгүй үйлд сэтгэл хөдлөлөөр оролцон өөрийгөө сүйтгэхгүйг хичээ. Амьдралд сөгдөж туйлдах үе тохиолдохгүй мэтээр ам гарч, ааг омогтоо дэврэх хэрэггүй.
Хүндрэл бэрхшээл, хатуу бэрх чамайг сөгдүүлж сөхрүүлэх цаг мөч таарч мэднэ. Тэгсэн ч унаад босч чаддаг сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. “Унагаасан нь хүчтэй, өндийн боссон нь бүр илүү хүчтэй” гэж ярьдаг яриа санамсаргүй зүйл бишээ. Зовлон бэрхшээл хүнийг хөл дээр нь босгодог гэдэг. Унах бүрдээ улам чадалтай босож ирж байсан гайхамшигт хүмүүсийн тухай уншиж байсан. Санаанд байгаа нэгнийх нь тухай одоо та нартай хуваалцая.
Нэгэн нэрт түүхч өөрийн бичсэн номынхоо гар эхийг найздаа уншуулахаар өгөв. Анзаарга муутай салан найз нь уул гар эхийг хаа нэгтээ тавиад мартжээ. Хэдэн долоо хоног өнгөрсөн хойно хэвлэлийн газраас гар эхийг нэхэв. Гэтэл найзынх нь үйлчлэгч уг гар эхийг хэрэггүй хуучин цаас бичиг гэж бодоод шатаачихсан байжээ.
Үүнийг сонссон түүхчийн бодол ухаан, сэтгэл дотрыг төсөөлөхөд нэн хүнд. Дахин ширээндээ сууж үзгээ барихаас өөр зам байсангүй. Тэр үед ямар одоогийнх шиг хувилах хэрэгсэл, санах хадгалах ойтой төхөөрөмж байсан биш. Бүр эхнээс нь дахин бичиж эхлэв. Анх туурвиж байхад үзэг нь баяр баясгалан, цог хийморь дагуулан гулсаж байсан бол дахин эхнээс нь бичиж дуусгана гэдэг шаналгаан болоод бухимдлаас өөр юу ч биш байсан гэнэ.
Гэвч тэрээр бэрхийг тэвчиж эцсийг нь хүртэл дахин бичиж, хүндээс хүнд сорилтыг нугаралгүй давсан. Шинээр туурвисан бүтээл нь үнс болон хийссэн эхээсээ илүү чамбай болсонд сэтгэл тэнэгэр урамтай байлаа.
Унаж доройтсон сэтгэл бүтээн туурвих гайхалтай эрч хүчээр сэлбэгдэн тэжээгдэж улам чадалтай босч ирсэн гунигтай мөртлөө сургамжтай тохиолдол энэ билээ. Нэрт түүхчийн бүтээлийн замд хөндөлсөн саад болсон энэхүү учрал заавал хийх хатуу шийдвэр гарган зүтгэвээс зорилтоо хэзээд гүйцэлдүүлж болохыг бидэнд сургаж байна.
Өөрийгөө хязгаарлаж сурахын хамт санаа бодлоосоо татгалзах чадвар эзэмших шаардлагатай. Хорхойг чинь хүргэж, хүслийг чинь дээд зэргээр өдөөж байсан ч хэрэггүй гэж үзвэл татгалзах сэтгэлийн тэнхээтэй бай.
Ашиггүй хий хоосон яриа дэлгэх, зорилгогүй цаг үрэхийг өөртөө хатуу хоригло. “Өдөр бүр нарийн тооцоотой байж, алдагдсан минут бүрээ бодож цэгнэж бай. Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм” гэж германы зохиолч Томас Манн-ы бичсэнийг цээжилж аваад үе үе эргэн санаж байхад илүүдэхгүй.
Залуу нөхрийн минь амьдрал өнгөрсөн цагийн гутамшиг болон гунигтайгаар өнгөрч хэрхэвч болохгүй. Чиний өнгөрсөн цагийн амьдрал чамайг хүлээж байсан аугаа их үйл хэргийн төлөө зориулагдаж, ирээдүй үеийнхэнд үлгэр жишээ болох ёстой гэсэн итгэл үнэмшилээр утга төгөлдөр амьдрах хэрэгтэй.

ГУРВАН ТАХАЛААС ХОЛ БАЙЯ
2007 оны 06 сарын 18

Залуу анд минь. Хүн төрөлхтний заналт дайсан гурамсан тахлаас од шиг хол бай гэж би чамд зөвлөх байна. Юун гурван тахал билээ? Цагаан тахал – хэмээх хар тамхи. Усан тахал – архи. Утаат тахал – тамхи. Энэ гурвын аль аль нь жаргах замын чинь садаа, жаргалтай амьдралын чинь хөнөөл. Гурваланд нь шунан дурлаваас хүний төрлөө орхиж мал амьтнаас долоон дор амьд сүг болон хувирлаа гэж тооцож болно. Гайхал гурав хүмүүний ертөнцөд хөнөөлт хороо цацан, хэрэглэсэн хүнээ нэг мөр дуусгаж, хүрээгээ улам тэлсээр, аюул нь ихэссээр байна. Тахлын нян шинэ зуунд залуусын заналт дайсан болон тархаж олон толгойтой мангас шиг та нарыг залгихаар амаа ангайн, араа шүдээ ярзайлгаж байна. Энэ гурав хоорондоо тэс ондоо хор боловч хэрэглэсний дараа амсах хохирол нь нэг загвараар үйлдсэн юм шиг ижил байхыг нь яана. Хүний хамгийн нандин эрдэнэ болох эрүүл мэндийг түйвээж насыг богиносгоно. “Архи арван насыг авна. Тамхи таван насыг авна” гэж өвөг дээдэс сургамжлан үлдээсэн. Намба төрхийг алдагдуулна, зүс царайг доройтуулна. Хэрэглэсэн хүнээ өөртөө зугуухан татаж чангаан, дасгаж уусган оруулсаар хэрэглэхгүй бол байж суухын аргагүй болгон донтуулдаг адтай, чөтгөрийн хүнс юм. Гэр бүлийн эдийн засагт учруулах хохирол нь даанч харамсмаар, огт хэрэггүй үрэлгэн. Өөрийн эрүүл мэндийг хохироохын зэрэгцээ гэр бүлийн хамгийн ойрын хүмүүсийнхээ сэтгэл зүйг хордуулагч, тайван амьдралыг бусинуулагч дайсан юм. Тийм болохоор залуус та нар тэдгээрийг шохоорхон сонирхох нь бүү хэл нэр гуншинг сонсохын ч хэрэг байхгүй, дөлж тойрч яв. Эртний жүүдүүд хүний гэмт хэргийг ямаанд тохон ямааг золигт гаргадаг уламжлалтай байсан гэдэг. Хар тамхи, архи, тамхинд шунан дурлагч залуу золиосны “ямаа” болгох цаазын тавцан руу өөрийгөө хөтөлж яваагаа эрхбиш ойлгох учиртай. Хар тамхи гэгч тахлын сураг чимээ Монгол хүнд алсын алсад, долоон уулын цаана хуралдан буй аадрын үүл мэт төсөөлөгддөг байсан нь саяхан. Мансууруулах бодис гэгч аюул манай хаалгыг тогшиж эхэллээ шүү, аюулаас сэрэмжлээрэй гэж би хэдэн жилийн өмнө хэлж сануулж байлаа. Өдгөө зарим айлын гэрт ороод иржээ. Хэний хаяа хатавчинд, хэний гол хойморт хилэнц түйтгэрийг хоцроолгүй дагуулан тухалсан гэдгийг анзаарч мэдэж, айж түгшиж байгаа хүн байна уу? Хар тамхи гэгч шүд цагаанаас үс буурал хүртэл бүх насныхныг донтуулдаг ад зэтгэрийн хор билээ. Хамгийн түрүүнд юу ч мэдэхгүй, төлөвшиж томоожоогүй, цэцэг цэврүү шиг охид хөвгүүдийн гэнэн шохоорхол, гэмгүй цайлган зангаар дамжин нэвчиж, хааш нь ч хөдөлгөхгүй занга мэт хүлж авдаг тамын ёроол мөн юм. Хар тамхи газар авбал үүдээрээ оруулсан айл гэр бүү хэл угсаа, үндэстэнд аюул учрах гай барцад үүснэ. Түүний дагуулах хар мөр, гамшиг тахал хил хязгааргүй бөгөөд хэмжээ тооцоогүй. Хар тамхи үгүйрэл хоосролд хөтөлнө. Хүн чанарыг хордуулна. Хулгай зэлгий, дээрэм тонуул, хүчирхийлэл гээд ерөөс муу муухай болгоныг сүүдэр мэт дагуулдаг нүгэл үүрэн төрсөн ороолон гэлтэй. Ухаан мэдрэлтэй, нэр төр, удам судраа мэддэг, бас боддог залуу хүн энэ цагаан тахлын нянгаар халдварлахгүй байхыг эрхэмлэн хичээх хэрэгтэй. Чадах уу, эс чадах уу, хүн байх уу, араатан болох уу гэдэг нь зөвхөн өөрөөс чинь шалтгаална. Архи аминд харш. Архинаас аюул. Сархадаас самуун. Архичин хүний өвөр хоосон. Монгол зүйр цэцэн үгийн тунгаамал далайд энэ мэт үгс маш олон. Бидний ухаант өвөг дээдэс архины хор аюулыг сануулан сэрэмжлүүлэх оюуны өв сангаа үе дамжуулан үлдээжээ. Санаа сэдэл авч архинаас хол яваасай гэсэндээ залуус та нарт энэ бүхнийг хэлж байгаа хэрэг ээ. Сэтгэл зохист ааш хийгээд яриа хэл түвшин архичин байна гэж сонссон уу? Үгүй ээ. Харин ааш нь адсага, яриа хэл нь авах юмгүй, сэтгэлд өгүүлж гүйцэшгүй гачилант, хүн төрхөт адгуус архины лонх тэврэн сүүтгэнэхийг түүний зовлон гамшигийг ойроос амссан хүн бүхэн мэднэ. Өнөөдөр эрүүл ирэх болов уу, дахиад л согтуу ирэх болов уу гэж айж түгшин, царайгаа барчилган барайлгасаар хүлээх гэр бүлийн гишүүдийн мөнхийн дарамт хичнээн зовлонтой, бэрх хатууг өгүүлж баршгүй. Нийлж дарвин уулаа гэх. Уйдах хийгээд магад гансрах үүднээс сэтгэл юугээ тайтгаруулан балгав гэнэ. Баяр ёслол, хөөр цэнгэлээ тэмдэглэн, хавтгайран наргих нь нийтийг хамарсан ёс бус заншил болон тогтов. Өвдөг сөхрөм зовлонд сэтгэл гутарснаа хөнгөлөн нимгэлэх зорилгоор архидсан гэж гэмээ цайруулахыг оролдоно. Жаргалдаа ташуурч, ужид самуунд автан согтуурах нь хавтгайрав. Гэр орны аар саархан үг сөргөлдөөнийг дааж чадахгүй тунирхан, гунигаа гашуун усаар тайлан замрах хөнгөн явдалтнууд хөлхөлдөнө. Аль нь ч өмөөрч өөгшүүлж боломгүй, амьдралаа уух хар замд ачаа бараагаа баглан гарч, гуйвж дайван гэлдэрч байгаа гунигт тавилангийн эхлэл. Сархад савнаасаа бусдыг дийлнэ гэх магтах муулахыг хослуулсан цэцэн үг бий. Архи хийсэн лонх согтож гуйвсан удаа үгүй. Харин уусан хүнээ л согтоон дийлдэг шулмын унд бол архи билээ. Уудаггүй хүнд архи хамгийн намуун томоотой идээ. Хэтрүүлж хэрэглэвэл хор, байнга хүртвэл балаг, донтож уувал үхэл. Архи амьдралын дайсан. “Хундага сархадаас булш хүртэлх зам богинохон”. Архины ид шид ийм болой. Ухаан санаа, эрүүл мэнд, мөнгөө архитай хамт уудаг. “Архичин хүний зүрх алаг цоохор. Тамхичин хүний уушиг тарлан цоохор” гэсэн үг бий. Ухаант залуус та нар усан тахал – архинаас алсын алс хол байж, түүний хорлонт, хөнөөлт аюулаас өөрийгөө өмгөөлөн хамгаалах чадвартай байгтун. Муу зуршлаа орхин, олхиогүй дадлаа хаяж, дутагдлаасаа салах нь хүний дайтай амьдрахын нэг гол үндэс билээ. Өөрийгөө зориуд хорлохоор санаатай зээлдэн авсан олиггүй согог бол тамхи татах хорт зуршил. Тамхинд орсон учир шалтгаан янз бүр байдаг гэсэн. Дарвиж хөөрцөглөх, саваагүй аашлах, оройн цэнгээний газар маяглах, шалихгүй шалиг зангийн шохоорхол, том хүний хэмжээнд харагдах гэсэн хүсэл, заримдаа уйтгар гуниг, ганцаардал, турах хүслээр гэх мэт түмэн зүйл учир хэлэх. Харин шалтгаан нь ямар ч байсан төгсгөл нь ердөө л гуниг зовлон, багтраа, мэнгэр, ходоодны шарх, зүрх судасны доголдол, улмаар хорт хавдар. Тамхичин хүний гэдэс дотор бие, эд, мөнгө бүхэлдээ шатаж утаа болон замхарна гэж туркменчүүд зүйрлэн ярьдаг. Нэг хүний хорин жилийн татсан тамхины зардал сайн машины өртөгтэй тэнцэнэ гэж эдийн засагчид тооцсон байна. Та ч гэсэн хэдэн төгрөгний тамхи татав, дахиад 5-10 жил татахад хэдийг үрэх вэ? гэдгийг багцаалан тооцоод, түүгээрээ юу худалдан авч болохыг бодож үзээрэй. Энэ бол олиггүй дадлын чинь зөвхөн эдийн засгийн багцаа тооцоо. Дээр нь өөрийн эрүүл мэндийг сүйтгэж байгаа, бас хамгийн хайртай хүмүүсээ хордуулж байгаагаа нэмээд бодоорой. Янжууртай хамт амьдралынх нь мөрөөдөл утаа болон хэрхэн хувирсныг олж харсан үедээ хүмүүс тамхийг хаядаг гэж сэтгэл судлаачид өгүүлдэг. Өөрийгөө тэвчин барих аргыг тууштай эзэмшиж чадвал мулгуу тэнэг зуршлыг хаяж орхих замыг чинь лавтай заагаад өгнө. Өвчтөн эм уухыг хүсэхгүй байгаа бол хамгийн сайн эм байлаа ч түүнд тус болж чадахгүй. Түүний нэгэн адил хорт зуршлаасаа салая гэж өөрөө хүсэхгүй бол хамгийн ухаантай зөвлөгөө ч тус болж эс чадна.Гурван тахлаас хол байя гэж залуу анд минь өөрийгөө чандлан, хичээгээрэй.

САЙН ХҮН
2007 оны 07 сарын 31

Тэмүүлэлгүй бол хүн адгуус болж хувирна. Хүсэл тэмүүлэл хүний хөгжил дэвшлийн оньсыг хөдөлгөн, сайн үйлд хөтөлнө. Хүн үргэлж сайныг хүсч, сайханд тэмүүлэх төрөлх чанартай болохоор тэр. Сайн хүн болох хүсэл бол залуус та нарын амьдралын том зорилго, агуу их тэмүүлэл байх учиртай. “Хүн бүхэн хүн байгаасай гэж хүснэм”. Хүн бүхэн хүн байж чаддагсан бол айх аюулгүй амар тайван, ичих зүйлгүй нүүр бардам, хулчийж хулганахгүй харц дээгүүр амьдрахсан.
Сайн хүн гэдэг нь муу үйлийг биеэр үйлдэх нь бүү хэл бодол сэтгэлдээ төсөөлөхгүй амьдрах эгэл жирийн л хүн. Сайн хүн байхын тулд гайхалтай мэргэн оюун ухаан, гаргууд сайн мэдлэг боловсрол аль аль нь тэгтлээ зайлшгүй биш. Хүнээ алдаагүй, хүн шиг хүн байхад л хангалттай. Хүн бүр алдар цуутан болж суу алдраа мандуулан мөнхжүүлж чадахгүй ч сайн хүн байж, алдар нэрээ дуурсган хүндлүүлж лавтай чадна. Хүн өөрийн бодол ухаанаа хэзээ ямагт сайн үйл рүү захиран жолоодож чадвал гайхамшигийг эс бүтээвч, гутамшигтай үл учирна.
“Чамайг хорвоод анх мэндлэхэд эргэн тойрныхон чинь баярлан инээж байхад чи ганцаараа уйлж байсан. Харин хорвоог орхин одохын цагт эргэн тойрны хүмүүс уйлж байхад чи ганцаараа инээж байхаар амьдрах хэрэгтэй” гэсэн Энэтхэг ардын үг байдаг. Дорно дахины үг. Насан турш сайн үйлийг бүтээж, сайн хүн байж чадсан тэр эрхэм хүн л амьдралын ийм гэгээн зам мөртэй байх тавилантай. “Жаахан хүүхдийг ичээж зовоогоогүй, эрэлхэг хүчтэнээс ч хулчийж зугатаагүй гэсэн сайхан нэрийг би хойч үедээ үлдээмээр байна” гэж Английн зохиолч Тоомас Хюүз бичжээ. Өрнөдийн хүний үг. Дорно, өрнө хаана ч төрсөн бай ялгаагүй бүгд сайн хүн байж, сайнаар дурсагдах амьдралын замыг туулах чин сэтгэлийн хүсэл мөрөөдөл нь адил ижил ажээ.
Сайн хүн гэдэг чинь чухам хэн бэ? “Ертөнцийн юм бүхнийг санаа сэтгэл буй болгож удирдана. Ер нь сайн санааг сайн үйл дагах нь сүүдэр эзнээ дагах лугаа”. Эрдэм ухаан энэ ертөнцийн гэрэл гэгээ болон гийгүүлж байдаг бол эерэг зөв санаа бодол энэ биеэс чинь гэрэл гэгээ болон цацарч явах замыг чинь нар, сар мэт гэрэлтүүлнэ. Сайн санаа, зөв бодолтой байх нь сайн хүний түших хоёр багана, тулах бат тулгуур мөн. “Сайн санаа, сайхан сэтгэл гэдэг бол хэлгүй хүмүүс ч ярьж чадах, дүлий хүмүүс ч сонсч чадах хэл юм”. Санаа сайтай хүн – сайн хүн. Эртний Герегийн нэгэн сэтгэгч “Хамгаас сайн үйл юу вэ?” гэдэг асуултыг өөртөө тавиад “Хийж байгаа ажлаа сайн хийх” гэж хариулсан байна. Хариуцсан ажлаа эзний ёсоор, тэгэхдээ сэтгэл зүтгэл гарган хийдэг хүн – сайн хүн, сайн үйл үйлдэж яваа хүн ажээ. Сайн үйлс нь сайн нэрийг үлдээдэг. “Хий ярихаас хийж үйлдэх нь чухал”. Бага ярьж, ихийг хийх нь бас л сайн хүний шинж билээ. Ажил, анхиагүй хүн аз жаргалыг хэзээ ч үл эдэлнэ. Ажил сайтай хүн – сайн хүн. Германы гүн ухаантан А.Шопенгауэрын хүмүүсийг гурван зиндаанд ангилж хэлсэн сургамжтай үг бий. “Бусдад сайныг хүсдэг хүмүүс. Өөрт сайныг хүсдэг хүмүүс. Бусдад мууг хүсдэг хүмүүс”. Өөрт сайныг хүсэх нь хүний заяамал төрөлх араншин юм. Өөрөөсөө илүү бусдад сайныг хүсэх нь сайн хүний гэгээрсэн сэтгэлийн илэрхийлэл. Хүүхэд залуус та нар бусдад сайныг хүсдэг хүн болохыг туйлаас хичээ. Харин бусдад мууг хүсдэг хүн байж хэрхэвч болохгүй гэдгийг цаг үргэлж санаж явах хэрэгтэй. “Бусдын төлөө өөрийгөө зориулсан хүн хамгийн сайн хүн” гэж А.Линкольн тодорхойлжээ. “Бидний өдөр тутмын санаа, явдал бусдын тусын тулд чиглэх ёстой” гэж Дээрхийн гэгээнтэн айлдсан.
Настнаа хүндлэн дээдэлж, нялхасыг асран халамжилж байх нь сайн хүний ёс. Эцэг, үрийн элбэрэлийг сахиж, эрхмийн дээд нэрийг нь хугалахгүйг хичээж, хүний зэрэгтэй хүн болж, хөгшид өтгөсөө баярлуулдаг, алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий гэж удмаа энэрдэг нь монгол зан буюу. Аав, ээжийн ачийг ачаар хариулах шиг сайн үйл, буянтай үйлдэл үгүй. Аливаа хүн амьдралынхаа эх, эцэс хоёрт бусдын хайр элбэрэл, халамж асаргаанд байх тавилантай. Үүнээс бусад цагт өөрийн биеийг өрөөлийг энэрч хайрлахад бүрнээ зориулах нь таны эрхэм үүрэг.
“Чи амьд явах хэдий чинээ дуртай байгаа шиг чинь хүн бас төдий чинээ дуртай байгаа. Өөрийнхөө амьдралыг хайрладаг шигээ хүнийхийг бас тэгж хайрлах хэрэгтэй”. Монгол эхийн үрээ гэсэн сэтгэл хайр, энэрэлийн ноён оргил. Алаг үрээ айх аюулгүй, дутуу гуцуугүй, зол жаргалтай байлгахад юугаа ч хайрлахгүй зориулж байгаа эх хүний хайраас илүү гарах хүчтэй, ариун нандин зүйл нэгээхэн ч үгүй. Эхийн хайранд ойртож дөхөж чадахгүй ч элбэрэл журамт хайраар бусдыг хайрлаж явцгаа. Хүнд тусархуу, өр нимгэн, өрөвч сэтгэлтэй байх нь сайны шинж. “Бусдын тус бүтвэл өөрийн тус бүтнэ”. Энэ бол гайхамшигт “Үүлэн зардас”-ыг бичсэн суут Калидасын хэлсэн үг. Монгол цэцэн үг шиг манайд нутагшсан хэллэг. Мэддэг, чаддаг бүхнээрээ бусдад тусалж бай. Мэдэхгүй, чадахгүйд тулаад ирэхийн цагт бусдын тус чамд ирнэ. Нүднээсээ нулимс дуслуулан уйлахыг зөвхөн хүн ч биш, хуурын хөг аялгуунд тэмээ мал ч хийж чадна. Харин зовсон ядарсан нэгнийхээ төлөө нулимс дуслуулдаггүй юмаа гэхэд тус болж, өөд татахыг гагцхүү ухаант хүн л хийж чадна. Чадал хүч дордсон өтгөс, зүдсэн ядсан хөөрхийсийг өрөвдөн хайрлах нь өр нимгэн, өрөвч хүний нинжин сэтгэл. Гэхдээ л зөвхөн амаа хөдөлгөн өрөвдөж, сэтгэлдээ шаналан халаглах нь хангалттай биш, бэрхшээл хүндрэлийг нь нимгэлэхэд гараа хөдөлгөн туслахыг зайлшгүй үүргээ гэж үздэг байх хэрэгтэй. Хэлэх ярих нь сайхан, ялдам тусархаг авч, хийхээ болохоор хойш суугчид тус нэмэргүй, өрөөлийг гомдоодог цэвдэг сэтгэлтнээс нэг их дээрдэхгүй ээ.
Уур уцааргүй, уян зөөлөн байх нь бас л сайн хүний зөв төрх. Уур биеийг зовооно, бусдыг шаналгана, бас гомдооно. Уур бол сэтгэлийн гаж илэрхийлэл билээ. Галыг гал унтраадаггүйтэй адил уурыг уур дийлдэггүй. Уурыг дарах бэлэн жор хүн бүрт заяасан байгаа. Энэ бол эрүүл саруул ухаан. Уурыг ухаан л дарна. Хорыг хороор гэж монголчууд ярьдаг ч нэг бурууг сөргүүлэн нөгөө бурууг тавьснаар зөв үүсдэггүй гэдгийг залуу хүн бүр санаж яв. Уурыг давж уурлаад сайнд хэзээ ч хүрэхгүй. Уурласныг уучилж чадах ууч сэтгэлтэй, уурын мөсийг хайлуулах уян зөөлний илчтэй байж сая уур уцааргүй орчинд амар жимэр, амгалан тайван амьдарна. Уурыг дарах бэлэн жор хүн бүрт байдгийн адил уурыг барих жор мөн заяасан байна. Энэ бол сэтгэлийн их амар амгалан. Амар амгаланг хор тайлах ерөндөг адил хэн нэгэн ачтан танд хайрлахгүй. Амар амгаланг хаа нэгтэйгээс худалдан авч чадахгүй. Мөнгөөр арилждаггүй олон зүйлийн нэг нь энэ. Сэтгэлээ барьж, өөрийгөө захирч, бусдыг хайрлаж байж амар амгалангийн жаргаланг эдлэх болно.
Бусдын зовлонг өр зүрхээрээ мэдэрч, сэтгэл зүрхээрээ хуваалцдаг, өрөөлийн жаргалыг хараад өөрийнх мэтээр баясаж чаддаг байх нь сайн хүний сайхан чанар. Жаргал, зовлон ээлжлэн байдаг нь хорвоогийн жам. Зовох цагт илэрсэн хүн чанарын хэмжээсээр нөхрөө таньдаг нь монголчуудын зан. “Аяа наран саран хэний үүдэнд гийгүүлэхгүй буй? Мандах доройтох цаг хэнд ирэхгүй буй” гэж ухаантны хэлсэнчлэн ядарч доройтох үе хүмүүнд ирэх нь үйлийн үр, заяа төөргийн учрал биз. Зовлон надаас холуур өнгөрөг, намайг дайрахгүй бол аз гэж бодох нь мунхагийн гай. Бусдын зовлонгоор жаргал хийж цэнгэвэл бүр булай мунхагийн шинж. Сайхан бүхнийг хараад нүд хорсон атаархах бус, сэтгэл баясан таашаадаг байх хэрэгтэй. Хүний бүтээсэн сайн үйлсээр бахархаж, өөрөө хийсэн мэтээр догдлох нь ариун сэтгэлт хүмүүний гэгээн тунгалаг араншин мөн. Бусдын төлөө хийсэн сайн үйлэндээ баясан дэвхцдэг хүний үйлс заяа нь үргэлж дээшээ. Биед учрах зовлонг туулах бэрх хэцүү, бусдад тохиолдох зовлонг хуваалцахад амар хялбар гэж битгий бод. Бусдын зовлонг чин зүрхнээсээ хуваалцах сэтгэлтэй байвал өөрт учрах бэрхийг өлхөн туулах сэтгэлийн хат суудгийм. Тэнхлүүн явахад танигдсан хүний мөс тэвдэж явахад шалгагддаг юм шүү.
Би жигтэйхэн сайн хүн гэж цээжээ дэлдээд хэрэггүй. Сайн, муу хэн болохыг олны ам аяндаа хэлээд өгнө. Туулан өнгөрөөж байгаа амьдралын зам чинь өөрөө зурайтал зураад, дурайтал бичээд үлдээнэ. Залуу анд минь, хүний дээд, сайн хүн байж гарцаагүй чадна гэдэгтээ бат итгээрэй.

МӨС САЙТЫН МӨР ЦАГААН
2007 оны 08 сарын 07

Үүний өмнө сайхан сэтгэлийн тухай ярьсан. Өнөөдөр хүний мөстэй байх талаар ярина. Сайхан сэтгэл, хүний мөс хоёр төрсөн ах дүү, эгч дүүс юм. Сайхан сэтгэлт хүмүүс хүний мөстэй байх нь саруул орчлонд сар, од хоёр хамт гэрэлтдэгтэй адил. Хүний мөстэй хүн сайхан сэтгэлтэй байх нь маргааш өглөө наран мандана гэдэгтэй ижил, хувиршгүй үнэн билээ.
Хүний мөстэй хүн гэдэг нь сайхан сэтгэлтэй, сайн хүн. Хүн чанартай, ханилгаатай нөхөр. Хүний мөсийг төрмөл, заяамал шилдэг шинж чанар гэж үзэх нь бий. Эцэг эх, байгаль эхтэй хамтран харамгүй хайрладаг дээд араншин бол хүний сайн мөс чанар мөн. Төрмөл заяамал хүний мөстэй хүн ямар ч үед үл хувиран, нэг л шилмэл төрхөөр хорвоог туулах тавилан тэгш хүмүүн билээ. Хүний мөс гэдэг нь олдмол араншин гэж үзэх нь ч бий. Хүмүүс хатуу хорвоогийн бэрх замыг туулан шигшигдэхдээ хүний мөс сайтай, хүний мөсөөр барагтайхан гэсэн хоёр хэсэгт хуваагдах мөртлөө хоорондоо холилдон сүлэлдэн амьдрах бөлгөө. Хонгорхон булбарай цэцэгсийн дунд хогийн ургамал соёолдогтой адил хүний мөстэй хүмүүсийн дунд хүний мөсөөр барагтайхан нь бас хөлхөлдөнө. “Өөдтэй гэдэг бүхнээ уруугийн сүүдэрт хиртээсэн” хэсэг нь хүний мөсгүй авирлах болдог. Өс атаанд хорлогдсон хүнийг мөсгүй сэтгэлтэн болох гунигт тавилан угтан тосч байдаг. Сэтгэлийн буруу муруйгаа тэгшлэхгүй зөнд нь орхисноос хүний мөс цөвтөх хүсэшгүй зам руу хальтран орох нь түгээмэл.
Дэм дэмэндээ амьдарсаар ирсэн нүүдэлчин удамт монголчуудын дийлэнх нь мөс сайтай. Арын мод алагтай цоогтой, аавын хүү сайнтай муутай байдаг болохоор хүний мөсгүй загнах хүйтэн цэвдэг араншинтан хорвоод бас цөөнгүй. Хүний мөс хэмээх шилдэг зан араншин бол амьдралд олдох хамгийн дээд үнэт эрдэнэс мөн. Хүүхэд залуус Та нарыг хүний мөс сайтай, хамгийн дээд үнэт эрдэнэсийн эзэд байгаасай гэж хүсэж байгаа юм.
Монголчууд сайн хүний үр, саальтай гүүний унага гэж ярьдаг нь учиртай. Удмаараа хүний мөс сайтай хүмүүс хүндлэл сайтай, хүрээлэл өргөнтэй. Тэд голцуу удам залгасан төрмөл заяамал хүний мөстэй хүмүүс. Удам дамнасан шилдэг зан араншин удавч өнгө нь үл хувирах шижир алт лугаа. Ах сайтын дүү цэцэн гэдэг билээ. Сайн санаат ах нь сургаж сайн оюут дүү нь сонссоор цэлмэг ухаантай, цэцэн билэгтэй болох ёсон бий. Хүний сайн чанаруудыг өөрт шингээх хичээл оролдлого гаргаж хураан хуримтлуулсаар мөс сайт хүн болох боломж залуу хүн бүрийн гар хүрэх газарт хүлээж байгаа. Гагцхүү өөрөө хичээх хэрэгтэй. Хаяж гээх муу зан надад юу бий билээ, хамаж цуглуулах сайн араншинг хаана хэнээс зээлдэхэв гэдгээ сайтар бодож тунгаасан байх шаардлагатай. Сайн санаатныг бурхан дагаж, муу санаатанд чөтгөр шадарлаж явдаг гэдэг болохоор бурханд ойр байх уу, бугтай нөхөрлөх үү гэдгээ шийдэх нь эрхбиш өөрийн чинь хийх сонголт.
Нийгмийн байр суурь нь ямар ч байлаа гэсэн сайн авир араншинт хүн зөвхөн түүгээрээ хүндлэл хүлээмүй. Зан араншингийн хүч эд баялгаас ч илүү. Шилдэг мөс чанар нь хорвоогийн итгэлийг гартаа оруулах өв хөрөнгө юм. Мөс сайт эрхэм булт олныхоо бахархал байдаг нь асч буй галыг харахаас ч илүү тов тодхон үнэн билээ. Хүний мөс гэдэг гайхалтай эрхэм нандин чанар, хамгийн сайн онцгой шинж мөн. Аливаа юм элэгдэх хорогдох, өвөгрөх ховордохын босгыг үргэлж алхаж байдаг бол мөс сайтын хүн чанар мөлийж хорогдоно, элэгдэж хуучирна гэж үгүй билээ. Хүний мөстэй хүн бусдын төлөө өөрийгөө зориулахад ямагт бэлэн. Бусдад туслах нь тэдний заяамал ариун үүрэг мэт. Тэдний санаа сэтгэл нь хүний төлөө байнга хөглөгдөж байдаг. Тэд ямар ч үед түшиж тулах, найдаж хандаж болох найдвартай хүмүүс. Итгэл даах эрхэм хүн. Хүний итгэлийг хүлээнэ гэдэг амаргүй. Итгэж явсан нөхөр нь итгэл алдах шиг аймаар зүйл энэ хорвоод үгүй. Хүний халуун цэвэр сэтгэл рүү хүйтэн бохир ус цацаж буй мэт итгэсэн хүн нь худалдах шиг аюултай дайсан үгүй. Харин мөс сайт хэзээ ч, хэрхэвч ийм үйлдэл хийдэггүй юм. Хүний мөстэй хүмүүс бусдад тусалснаа мартаж, харин бусдын тусыг үргэлж санаж байдаг. Тэд хүний хийснийг үнэлж, өөрийн хийснийг чамлах хачин гэмээр зантай ч хайрлахгүй байхын аргагүй, онцгой хүмүүс.
Ядарсан нэгнээ түшин тулж, зовсон нөгөөгийнх нь зовлонг хуваалцаж, тус дэм хэрэгтэйд тусалж дэмнэн, урагштай ахицтайг нь урмаар тэтгэж байдаг нь мөс сайтуудын нийтлэг шинж. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэх үг монголчуудын нөхрөө таних шалгуур үг. Чадал бололцоотой мандаж явахад ч, чадруу бололцоогүй гундуу үед ч нэг л аашаараа, байсан төрхөөрөө хандах нь мөс чанар сайтын төрөлх зан бөлгөө.
Мөстэй хүн ширүүн хатуу үгээр нөхдийн сэтгэлийг сандаагаад байдаггүй, сэтгэлд шингэх үнэн үгтэй. Зөв итгэл баримтлалтай. Эрүүл саруул сэтгэлгээтэй. Ихэд хичээнгүй, илүү дутуу авиргүй. Гүйлгүү хэрсүү ухаантай.
Шилдэг авир араншин асар их нөлөөлөх хүчийг өөртөө агуулж байдаг. Сайныг дагавал сарны гэрэл гэж ярьдаг нь ийм учиртай. Тэд шилдэг сайн чанаруудаараа хүмүүсийн хүндлэлийг хураан цуглуулж чаддаг юм. Тэдний үйлдэл, хөдлөл бүхэн чухам энэ үнэнийг батлахын тулд төрсөн мэт байх нь үзтэл бахархам, өгүүлтэл бахдам.
Цаг хугацаа, цаг үе хүний мөсийг шалгана. Цөвүүн цаг хүний мөс чанарт цөв суулгах нигууртай. Жинхэнэ яс мөс сайтай хүн цагийн саальтад ааш зангаа хувиргахгүй, авир араншингаа өөрчлөхгүй ээ. Цагийн аясаар өнгө төрхөө хувилгаад байгаа бол уг язгуур нь тийм байжээ гэж л ойлго. Сайтар халхалсан багтай байсныг нь цаг үе хуу татан хаяж байгаа болохоос цаг үе хүний мөсийг тэгтлээ өөрчилж байгаа биш байж магад. Ер нь улааныг үзээд урвагнах, шарыг үзээд шарвагнах нь сайны шинж огт биш.
Xүний мөс чанар муудаж байна гэж хавтгайдаа ярих болж. Олны үг ортой гэдэг. Тийм бол юутай их харуусал. Хүн мөсөө алдуул мал шиг өөрөөсөө дайжуулж болохгүй, алдаж гээх ёсгүй гэдгийг дотор сэтгэлдээ шившин шивнэн хэлж байх хэрэгтэй. Яагаад гэвэл хүний мөс хэмээх аугаа их, ариун тунгалаг орон зайд хүн байхын гол үнэт зүйлс чандмань эрдэнэ мэт хадгалаастай байдаг юм. Хүний мөсөө гээгээгүй хүн бусдын өмнө нүүр бардам, олны дунд толгой цэх алхана. Бусдаас ичихгүй, хүний нүүр эгц харахтайгаа амьдарна гэдэг бол хүний нэр төрийн хамгийн наад захын хэмжүүр билээ. Би ч хүнээ алджээ, хүний мөсөө гөвж гүйцлээ гэж бодож чадаж байгаа бол муу биш, харин ч боломжийн бодол. Чиний толгойд хүний мөсөө сэргээх саруул ухаан урсан орж ирж байна гэсэн үг. Зүүний сүвэгчин чинээ нүхээр ч нарны гэрэл тусдаг шиг дотор сэтгэлд чинь итгэл найдварын дөл бадарч эхэлж байна гэж сайнаар бод. Сайн мөс чанараа эргүүлэн авчирч чадаж байгаа чамайг “харах гээд зовхи нь даагдахгүй” байсан ойр тойрныхон чинь бахархалын харцаар цоо ширтэхийг мэдрэнэ аяндаа.
Nүд хардаг хирнээ толины тусламжгүйгээр духаа харж чаддаггүйтэй адил хүн гэмээ мэдэхгүй байх нь түгээмэл. “Өрөөл бусдын алдаа мадаг нүдэнд шууд тусдаг бол өөрийнхөө алдаа мадгийг олж харах хэцүү. Өөлж бусдын нүглийн цууг, дорхноо л тараачихдаг мөртлөө өөрсдийнхөө нүглийг бид, гартаа буй даалууг нуух мэт хав дардаг билээ”. Тийм болохоор нөхрийн алдаа мадгийг нүүрэн дээр нь шууд ил хэлж сур. Үнэн үг гашуун ч гэсэн эм гэдэг шиг тус болно. “Алаг эрээн хорвоод, амьдарч ажиллаж явахын цаг дор алдааг хэлж, нүглийг зааж, дутагдлыг илчилсэн ач буянтай тэр хүнийг сэтгэл зүрхэндээ биширч, аль эрт нуусан эрдэнийг олж өгсөн хүнтэй адилтган хүндэл” гэж сургасан ухаантны үгийг амьдралдаа хэвшүүлж хэрэгжүүлэхийг хичээгээрэй.
Xүний мөсөө гээхгүй амьдрах шиг аз жаргал хүй хорвоод үгүй билээ. Мөс сайтын мөр цагаан.

ХҮН ЧАНАР
2007 оны 08 сарын 29

“Байгаль дахь хамгийн агуу гайхамшигт зүйл бол хүн юм”. Гэрэлт орчлонд мэндэлсэн хүн болгонд тэнгэр бурхан хүн чанарыг дутаалгүйгээр хайрладаг билээ. Хүндрэл бэрхшээл, зовлон гуниг, дутуу гуцуугийн зүдгүүр, тогтворгүй цагийн ааш араншинг сэтгэлийн хатаар даван туулж, ямар ч үе, ямар ч нөхцөлд “хугараагүй ноён нуруутай” аж төрж, төрөлх хүн чанараа гээлгүй хүний хорвоог гийгүүлсээр утга төгөлдөр амьдрах сайн хүмүүс онцгой бахархам, олондоо үлгэртэй. Тэд үнэхээр аз жаргалтай. Хүн чанараа гээгээгүй хүмүүн чухам аз жаргалтай ажээ. Энэ замбуулинд амьд яваа цагтаа хүн чанараа гээхгүй амьдрах нь чухлаас чухал, магадгүй хүн болж төрсний утга учир ч байж болох юм.
Хатуу хүтүү, эрээн бараан амьдралын бартаат замыг бүдчин туулахдаа хүн чанараа дусал дуслаар, ямх сөөмөөр хаяж гээн, нөхөж авалгүй дутаасаар төрөлх хүн чанар нь төрөл арилжиж, нүгэлт ертөнцийн сүүдэрт нуугдан хоргодон амьдрах дутуу тавилан цөөнгүй хүнд тохиодог. Энэ бол харамсавч үл барах үйл лай ажээ. Тэд аз жаргалын гайхамшигийг хүний дайтай амсаж чаддаггүй нь харамсалтай. Яагаад гэвэл “Хүн чанараа алдсаны шарх хэзээ боловч аньж эдгэдэггүй”. Аньж эдгээгүй шархтан аз жаргалыг эдлэх нь бүү хэл үргэлжийн зовлон шаналан дунд шар өдөр, бор хоногийг гунигтайхан өнгөрөөх нь ойлгомжтой. Хүн чанар гэдэг нь хүний сэтгэл, үйлдэл дэх сайн сайхан бүхний цогц, хэм хэмжээ юм. Хүн чанарыг хуульчлан тогтоож, тунгаар хэмжиж, жингээр тодорхойлж болохгүй ч амьдралын бичигдээгүй хууль хүн чанарын үнэлгээг алдаа мадаг багатай тодорхойлж өгдөг нь бодитой юм. Хүн чанараа гээгээгүй тэр эрхэм хүн, хүний дээд билээ. Хүн чанарыг алдагдуулах элдэв сорилтыг сөрөн зогсч, даван гарч чадсан нугарашгүй туйлбартай хүн л бусдын хайрыг хүлээж, хүндлэлийг олж, дуулим хорвоод дуурсах алдартай үлдэнэ. Амьдрал баян, жаргал зовлон хослон байдаг болохоор жаргалдаа ташуурч хүн чанараа алдах нэгэн байхад, зовлонд сөхөрч хүн чанараа баллах нөгөө нь тааралдана.Жаргал даахгүйн зовлон гэж бий. Гадна талаас нь харахад сүрлэг сайхан модыг дотор талаас нь өмх идэн гундуулан доройтуулдагийн адил гаднаас нь харахад юугаар ч дутаагүй, нүд булаам хайр татам залуусын хүн чанарыг дотор талаас нь сэхүүн амьдралын хөгц идэн сэвтүүлсэн байдаг нь халагламаар. Хэтэрхий тансаг амьдрал хүн чанарыг өгөршүүлэн өмхрүүлдэгийг чадал бололцоондоо эрдэж яваа залуу хүн бүр санаж сэрж байгууштай. “Алган дээр бэлхнээ чулуудаад өгсөн аз жаргал гэдэг аюултай, бүү автугай”. Бага залуудаа “ёстой хөөрхөн хүүхэд” байснаа өнгө мөнгө, эрх мэдэлд хууртан хүн чанараа гээж орхин томорсоор “ёрын муухай амьтан” болох ч учрал бий. Мөнгө гэдэг адтай. Нанчид ахиу хүртдэг хүмүүс архинд донтдогийн нэгэн адилаар мөнгөнд хэт шунавал донтон, хүн чанараа алдах аюултай. Мөнгөнд шунан дурлаж, олсон хэдийгээ буруу зүйлд заран замарвал хүн чанар сэвтэх зам руу хальтран гулсан орох болно. Өчигдөрхөн сайн хүмүүжилтэй, боловсон мэт байсан хүмүүс араатны шинжтэй, шуламын төрхтэй, хуурч дээрэмдэхэд бэлэн этгээдийн дүрд нүд ирмэх зуур хувилах нь хүн чанараа алдсаны шинж. Тэд нүдний өмнө цатгалан ихэмсэг царайлан төрөл арилжиж, нүглийн эзэд болон тодрох нь харамсмаар. Ийм муу юмны ад шүглэсэн хүмүүсийн харц нь хүртэл нэг л ондоо, харваас хуурамч, хорон муу санаатай, бүхнийг үл тоомсорлож, өөрсдийгөө хэт дөвийлгөсөн, цаанаа л нэг чөтгөрийн гэмээр төрхтэй болж догширдог. Өөрийн хэрэг бүтэж байвал өөр бусдынх хамаагүй гэж үздэг болсон бол хүн чанар чинь хол орхигдон хаягджээ гэж мэд. Хүмүүс өөрсдийн амьдралыг гэрэл гэгээтэй болгохын төлөө хичээн зүтгэхийн зэрэгцээ өрөөл бусдын амьдралд өөрийнхөө сүүдрийг унагахгүй байхыг чармайх хэрэгтэй аж.Эрх мэдэлд бялууран, түүний боол болсон хүмүүс хүн чанараа хүсэшгүй муухайгаар доройтуулдаг. Гагцхүү эрх мэдэл, ямар ч үнээр хамаагүй олж авсан эрх мэдлээс өөр юм бодолгүй ангасан мал ус руу гүйж байгаа шиг зүтгэвээс хүн чанараа хөсөр хаяж орхино. Ер нь эрх мэдлийн амтыг мэдэрсэн хүн баланд дурлах зөгий мэт түүнээс буцдаггүй гэдэг. Эрх мэдлээ хуулийн гадуур ашиглагчид хуулийн дээгүүр алхан байж хүсэл шуналаа гүйцэлдүүлнэ. Тэдний эрх мэдлийн хадуурын ирэнд гэм зэмгүй, мөрөөрөө хүн ард хуурай өвс адил хяргуулан хохирох нь түүнд юу ч биш мэтээр хүн чанар нь доройтдог. Эрх мэдлийн залуур дээр суугаа хэн боловч түүнийгээ буруу тийш нь залваас бусдад нөхөж баршгүй гай тарьж, өөрийн хүн чанарыг шавар шавхайтай хутгана. Хүн чанар нь сэвтсэн хүн цээжиндээ байнга зовиуртай явдаг. Энэ зовиур нь хүнлэг чанараа сэвтүүлсэн тэр цаг мөчийг эргэж дурсах тутам хүндрэн шаналгана. Хүн чанараа гээсэн этгээд энэ яваа насныхаа намтарт адгийн муугийн тамга даруулдаг нь харамсалтай. Адгийн муугийн “хар тамгатай” хүмүүсийн гол шинж нь шунал юм. Тэгэхдээ бүр арвич хямгач ч биш, тооцоотой ч биш, харин төрсөн эхээ ч мөнгөний төлөө худалдаж чадах гаж шунал. Ийм төрлийн хүмүүсийн хүн чанар шалдаа унаж, өөрийгөө тамлан зовоох түвшинд хүрэх нь элбэг. Тэд буруу замаар мөнгөжих, дахин дахин луйвардан цуглуулах шуналт хүсэлдээ бүрмөсөн автан уусаж, өөрөөсөө ч бүхнийг харамлан, хав дарна. Эд нар мөнгөөр эрх мэдэл олж авах, улмаар эрх мэдлээ мөнгөөр аргамжиж авахыг хүснэ. Мөнгөнд мөргөн сөгдөж, эмэгтэй хүнийг хайрлах хайр хажууд нь исгэрээ мэт хоосон санагдахуйц тачаан, хамаг хайраа мөнгөнд зориулна. Шунал бол бурханы ном сургаалд ч, хүний ёсонд ч харш, сэтгэлийн өвчин. Шунаг хүн тачаангуй халуунаар хайрлах чадвартай ч түүний энэ хайр нь бурханы бүтээсэн бусдыг хайрлах ариун ёсноос тэс ондоо, гажууд байдаг. Шуналтан бурханы талаар өөд уруугүй ярьж, тэр ч бүү хэл бурханы сургаалиас ишлэл аван цэцэрхэж, бусдыг зүй ёсоор амьдрахад сургамжлах боловч жинхэнэ бурханд биш, өөрт нь эрх мэдэл, баялгийг дуудан авчрахыг мөрөөдөн буй “мөнгө хэмээх хуурамч цаасан бурханд” сэтгэл итгэлийн угаас хайртай болсон байдаг. Тэд яваандаа нүглийн тулам болно. Мөнгөтэй, эрх мэдэлтэй, удирдах байр суурьтай эдгээр нүгэлтний учруулах хор хөнөөл хэд дахин, үсрэн дүүлэн өсдөг учраас нэн осолтой. Шуналын гаж дон, хомхой сувьдаг сэтгэл нь хүн чанарыг доройтуулан мөхөөх аймшигт хор мөн тул түүнийг хар дарсан зүүдэндээ ч үзэхгүй тайван амьдрах эрүүл бодол залуу хүн бүрийн ухаан санаанд мөнх хадаастай байг.Юу ч тохиолдлоо гэсэн хүний үнэргүй новш гэж хэлэгдтэлээ хэтэрхий доош унах хэрэггүйг хүн байна даа эрхбиш бодож явбал зохилтой. Сэвтсэн хүн чанарыг бурханы гэсгээл ч гэж нэрлэх нь бий. Хүн чанараа сэвтээснийхээ төлөөх гэсгээлийг амьд ахуйдаа хүртдэг нь тойрон өнгөрөхгүй, дайран гарах гунигт тавилан юм.“Хэнийг ч үл ойшоон, хэнийг ч үл тоомсорлон, хүн бүхнийг буруутайд үздэг тийм хүмүүсийг та сайтар ажвал тийм л хүмүүс хэнд ч тоогддоггүйг мэдэх вий”. Яагаад гэвэл тэд хүн чанараар тун дульхан болчихсон байдаг юм. Хүн чанараар дульхан хүмүүс хүндлэл хүлээнэ гэж үгүй, хэнд ч тоогдохгүй, хорхойд идэгдэн өгөрч хатсан ганц мод шиг торойн хоцорно. Тийм болохоор л хүн чанараа яасан ч сэвтүүлж болохгүй гэж хэлээд байна.Хүн чанар нь хүнд заяасан өндөр дээд чанар билээ. Нинжин сэтгэл – хүн чанарыг тэтгэх ширгэшгүй ундарга. “Нинжин сэтгэл бол зөөлөн, намуухан эрхэм чанар юм”. Зүйрлэн хэлэх юм бол эхийн сэтгэл л гэсэн үг. “Нинжин сэтгэл нинжин биш сэтгэлийг заавал ялна. Энэ бол ус галыг ялахтай адил. Харин эдүгээгийн нинжин сэтгэл гаргагчдыг хараад байх нь ээ, нэгэн дусал ус барьчихаад асч буй нэг тэрэг модны галыг унтраах гээд байх юм”. Өрөвч сэтгэл нь нинжин сэтгэл хэмээх өргөн дардан замын эхлэл. Монголчууд зовсноо өрөвдөж, жаргалыг билэгдэн “жаргал зовлонгоо хуваалцах” хэмээн ёс зүйн гүн ухааны ундаргыг тодорхойлдог. Энэ нь ардын гүн ухааны торгон шүүлтүүрээр шүүгдэн тунгаагдаж, олон үе дамжин зөвхөн хэлэгдэн яригдах биш, хэвшүүлэн хэрэгжүүлж ирсэн ёс зүйн хэм хэмжээг тодорхойлогч хэллэг болон хөдөлшгүй тогтсон авай. Адам Смит ёс зүйн гүн ухааны эхлэл суурийг “зовлонг хуваалцах” гэж нэрлэсэн. Тэгвэл түүнээс аль эрт дорнын нэгэн гүн ухаантан “Нинжин сэтгэлтэй хүн зовж шаналсан хүнийг хэзээд өрөвдөнө” гэж хэлсэн байна. Хүн чанартай эрхэм хүн өрөвч, нинжин сэтгэлтэй байх нь маргашгүй үнэн бөлгөө.Орчлонг харах нүдээ хайрлаж, хамгаалдагийнхаа адилаар орчлонд хүн болж төрсний утга учир болох хүн чанараа хадгалж, хамгаалж явцгаа!
НОМТОЙ НӨХӨРЛӨЕ
2007 оны 09 сарын 12
Хүүхэд, залуус та нар ухаантай байхыг хүсэж байна уу? Үнэхээр хүсэж байгаа бол...- Хүүхэд, залуус та нар мэдлэг, эрдэмтэй байхыг хүсэж байна уу?- Хүүхэд залуус та нарт мэдэхгүй, чадахгүй зүйл их байна уу?

Хүүхэд залуус, багш сурган хүмүүжүүлэгчид эрдэм номын гэрэлт өргөөндөө цуглан буй цаг мөч дор номтой нөхөрлөх тухай бүхний мэдэх сэдвээр ярьюу гэж зориглов.
Одоогоос нэг мянга нэг зуун жил гаруйн тэртээ цаасан дээр хэвлэгдсэн анхны ном манай өмнөд хөршид гарснаар соёлын асар их хөгжлийн эхийг тавьсан гэгээн түүхтэй. Номын нэр нь “Алмаазан судар”. Энэ үеэс ном хэмээх аугаа гайхамшиг хүн төрөлхтний оюуныг алмааз эрдэнэ адил гэрэлтэн гийгүүлж, хөгжүүлэн дэвжүүлэх хөтөч нь болсоор ирэв. Бидний үеийнхэн “ном бол ертөнцийг харах цонх мөн” гэдэг үгийг шүлэг мэт цээжээр хэлдэг байсан юм. Зөвхөн цээжээр хэлж цэцэрхэх төдий ч биш ном хэмээх гэрэлт цонхоор ертөнцийн түмэн зүйлийг харж мэдэхийг хичээдэг байлаа. Олон ном уншсан хүүхэд “номын сайн нөхөр болно. Түүнээсээ ахиад “Д.Нацагдорж тэмдэгтэн” болчихвол бүр ч мундаг. Номтой нөхөрлөхийг ийнхүү хөхүүлэн дэмжиж, урамшуулан тэтгэдэг байж. Бахархан дурсмаар зөв бодлого. Хүүхэд, залуус ном унших нь багаслаа гэж багш нар сэтгэл зовнин өгүүлэх болов. “Уншихаа боливол сэтгэхээ болино”. Сэтгэхээ боливол хөгжил зогсоно. Үндэстэн доройтно.
Залуу андууд минь ном амтархан уншицгаа. Гэхдээ тааралдсан ном болгоныг толгой дараалан уншаад бай гэсэн үг биш шүү. Хэрэгтэй номоо уншиж, хэрэг болох зүйлээ авч сурах тухай зөвлөж байна. Ийм чадварыг номтой найзалсан залуу хүн болгон аяндаа чадамгай эзэмшинэ. “Ертөнцөд сайхан ном олон байдаг. Гэвч тэдгээр нь гагцхүү түүнийг уншиж чаддаг хүмүүст сайхан юм”. Ном, шимтэн дурласан, уншиж нөхөрлөсөн хүндээ юугаар ч орлуулашгүй үнэт эрдэнэс. Тиймээс ч аугаа их В.Шекспир “Ном надад хаан ширээнээс илүү үнэтэй” гэж хэлсэн биз ээ.
Хүүхэд, залуус та нар ухаантай байхыг хүсэж байна уу? Үнэхээр хүсэж байгаа бол номтой хамгийн ойр шадарлан нөхөрлө!
Ухаан далай номноос эхтэй. Ном хэмээх хөлөг онгоцонд тухлан сууж ухааны хөлгүй далайгаар хүссэн хэмжээгээрээ хөндлөн гулд зорчин, цэнгэлийг эдлэх боломж өдгөө залуу хүн бүрт тэгш заяасан байна. Энэ боломжоо дүүрэн ашиглацгаа. “Ном бол эрин цаг гэгч давалгааг дамжин үеэс үед уламжлан хүргэх эрдэнийн ачаа тээсэн оюун ухааны хөлөг онгоц мөн” гэж гүн ухаантан Ф.Бэкон хэлсэн. Эрдэнийн ачаа тээсэн оюун ухааны энэ хосгүй хөлөг онгоцны зорчигч байж чадахгүйгээр бага, залуу насаа илээвэл чиний амьдрал бүхэлдээ утга учиргүй, баяр цэнгэлгүй өнгөрнө.
Хүүхэд, залуус та нар мэдлэг, эрдэмтэй байхыг хүсэж байна уу? Ном дотор ариун эрдмийн тариа будаа халиуран шаргалтан найгаж байдаг юм. Болц нь гүйцсэн тэрхүү тариа будааг гагцхүү номын садан болсон ухаант хүн л хурааж нөөцөлж авна. Номноос мэдэхгүйгээ олж мэднэ. Сонсоогүйгээ сонсоно. Амьдралын гэрэл гэгээ, эрээн бараан бүхнийг ном чамд таниулна. Ухаарал өгнө. Тунгааж эргэцүүлэх, жишин харьцуулах, ургуулан сэтгэх зай цэнэгийг номноос хураан цуглуулна. Гоо сайхны үлэмжийн таашаал хүртэнэ. Ном шинжлэх эрдмийн мэдлэг хайрлана. Номонд байхгүй юм гэж үгүй.
Ном хүн төрөлхтний яндашгүй баялаг. Өмнө өрөөстэй байгаа хоолыг харж суугаад цаддаггүйтэй адил хажууд өрөөтэй байгаа номыг харж суугаад тусыг эс олно. Хоолыг идэж байж цаддагтай адил номыг уйгагүй уншин судлаж байж л эрдэм мэдлэгийг чамбай хуримтлуулж авна. Ном, нөхөрлөсөн бүх хүнийхээ багш нь юм. “Багш гэдэг бол залуу оюуныг соён гийгүүлэгч юугаар ч сольж болшгүй нарны шим тэжээлт туяа” байдаг билээ. Хүн бүр багштай. Багшийн багш нь яах аргагүй эрдмийн их далай – ном гэдэгтэй хэн маргах вэ?
Хүүхэд залуус та нарт мэдэхгүй, чадахгүй зүйл их байна уу? Мэдэхгүй, дутуу бүхнээ номноос асуу. Бүгдийг ой тойнд чинь ортол хэлээд өгнө. Нэгэн гүн ухаантнаас хэрхэн их эрдэмтэй болсныг нь асуухад “эс мэдсэнээ би ичихгүй асуудаг байсан” гэж хариулжээ. Юм мэдэхгүй байна гэж ном хэзээ ч чамайг элэглэн шоолохгүй. Чиний, мэдэхгүй байсан тухай хэнд ч өөнтөглөн ярихгүй. Гэсэн хэрнээ дутуу дулимаг бүхнээ ичиж зовохгүй, залхуурч назгайралгүйгээр асууж, шимтэн уншваас бүхнийг гүйцээн хэлж, гүйцэд туслах нэвтэрхий суутан ганцхан ном билээ. Баян ядуу, хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй ялгалгүй хүн бүхний оюуны хэрэгцээг ижил тэгш хангаж чаддаг алагчлалгүй шударга мөртлөө шавхагдашгүй ундаргат эрдмийн эх булаг бол ном. “Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн. Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхий тойрч, далайд хөвөх мэт...” гэж ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуай зүйрлэн хэлсэн байна. Тэнгэрт нисэж, дэлхийг тойрч, далайд хөвөхийг хүсэмжлэх омголон дэврүүн залуу насны чинь онгод хийморийг хөглөгч агуу гайхамшиг ном мөн тул салшгүй сайн анд нөхөр чинь чухам ном байх учиртайг сэтгэл зүрхэндээ гүн бат тогтоож авцгаа.
Ном бол мэдлэг, мэдээллийн цоож цуургагүй алтан авдар. Түүнийг онгойлгохыг хүссэн хүн бүрт гэрэл цацруулан хавхагаа дэлгэж, хавтсаа нээн, үнэт эрдэнэсээ үнэ төлбөргүйгээр нүдний чинь өмнө мишээн толилуулах болно. Дураараа уудлан, чадлаараа хүртэцгээ. Номын ид шидийг амсаж мэдэрсэн хүн Соломон хааны нуусан эрдэнэсээс илүү баялгийг эзэмшиж, Монте Кристо гүнгээс баян болсондоо хөөрөн баясч, хөгжин бахдах нь урамтай.
Илүү ихийг мэдэхийг хүсвэл номын санд морилон тухлаарай. Номын сан бол өмнөх үе, одоо цагийн оюун ухааны дархчуулын туурвин бүтээсэн мэдлэг оюуны дээжис хадгалаастай ариун номын газар орон, хүн болгонд нээлттэй эрдэм мэдлэгийн сан хөмрөг, ирээдүйд хураан үлдээх дээдийн дээд өв хөрөнгийн ордон мөн. Залуус та нар хамгаас түрүүн, хэний ч урилга заллага, шахалт шаардлагагүйгээр яаран очих саруул өргөө нь номын сан болсон цагт тэрхүү гэгээн саруул өргөөнд тоосонд дарагдан цагийн аясаар шарлан хэвтэх ном хэмээх ид шидтэн мэдлэг боловсролын гэрэлт оргил өөд замыг чинь заан найдвартай хөтлөх болно.
Өөрөө уранхай, нөхөөстэй дээл эгэлдэргэлэх мөртлөө гэртээ байх ном судраа торго хоргойгоор баринтаглан дээдэлдэг судар номын өндөр соёлтой монгол түмний үр сад гэдгээ хүүхэд залуус та нар үргэлж санаж, сайн уламжлалыг тасалж болохгүй гэдгээ эгнэгт ухаарч явах хэрэгтэй. Ямар ч хүн хэрэгцээнийхээ хэрээр ашиглаж болох үнэт зүйлс ном шүү гэдгийг эрхбиш мэдэж, мэдрэх цаг болсон. “Хүн төрөлхтний бүх амьдрал номонд хуран цуглажээ. Овог, аймаг, хүмүүс, төр мөхөж байхад ном л хоцорч үлддэг. Ном бол хүн төрөлхтний хамт өсч, номонд оюун ухаан донсолгосон хамаг сургаал тогтнож, зүрх догдлом хүсэл эрмэлзэл шингэжээ.” Шилдэг сайн ном туурвин, оюуны сац суварга босгосон ном бүтээгч ухаантан мэргэдийг хүндлэн дээдэлье. Шимтэн уншиж, ширээний болгон хэрэглэх номыг зохиогчид нь өнөө, ирээдүй үеийнхэний өмнө зүйрлэх ижилгүй гавьяат үйлсийг бүтээн, оюуны өв болгон үлдээж байгаа мөнхөд дурсагдах буянтнууд. Тэднийг хайрлахгүй, хүндлэхгүй, бишрэхгүй байхын аргагүй. Та нарын шимтэн дурлаж байгаа компьютерийн технологи болон интернэт түргэн хурдацтай хөгжсөнөөр 1990-ээд оны сүүлээр хүн төрөлхтөн E-book буюу цахим номтой нөхөрлөж эхэлсэн. Энэ бол ном соёлын салбарт гарсан хувьсгал байв. Энэ гайхалтай номыг орон зай, цаг хугацааны ялгаагүйгээр уншигчдад маш түргэн шуурхай хүргэх шинэ зам зурайн тодорлоо. Та нар дэлхийн аль ч өнцгөөс дөнгөж хэвлэгдсэн номыг ямар нэг татвар, төлөөс, тээвэрлэлтийн зардалгүйгээр цахим хэлбэрээр унших боломж бүрдсэн. Түүнчлэн ямар ч үнэ хөлсгүй мянга мянган цахим ном тараах эрхтэй интернэтийн урьд хожид байгаагүй үйлчилгээ бий болсныг олзуурхан хэрэглэж, оюунаа цэнэглэх бүхэнд нээлттэй алтан боломжийг бололцоогоороо ашиглах хэрэгтэй. Цахим ном өмнө төрсөн ах, эгч нараасаа олон давуу талтай. Хэрэгцээт мэдээллийг нүд ирмэх зуур хайж олж чадна. Цахим номыг хадгалахад илүү дутуу орон зай, шүүгээ тавиур хэрэггүй. Түүнээс гадна цахим номыг бага гэрэл, тэр ч бүү хэл харанхуй орчинд уншиж болно. Нүд чинь ядраад, залхуу чинь хүрвэл цахим номыг уншигч программ нь чанга дуугаар уншаад өгнө. Гагцхүү ашиглаж хэрэглэж сурах хэрэгтэй. Хүүхэд залуус та нар компьютерт шамдан суралцахтайгаа хамт гадаад хэлийг шимтэн сурах нь зайлшгүй чухал. “Олон хэл мэднэ гэгч нэг цоожинд таарах олон түлхүүртэй болно гэсэн үг” гэдгийг битгий мартаарай. Ном уншихад гурван янз байдаг гэнэ. “Нэгдүгээрт уншаад үл ойлгох, хоёрдугаарт уншаад ойлгох, гуравдугаарт уншаад ойлгох төдийгүй бүр бичигдээгүйг ургуулан ойлгох”. Хүүхэд залуус та нарыг дор хаяж номыг уншаад ойлгодог, улмаар бичигдээгүйг ургуулан бодож ойлгодог чадвартай болоосой гэж хүсэж энэ бүхнийг яриад байгаа юм.“Чин сэтгэлээсээ номыг эрхэмлэгтүн. Ном бол таны зөвхөн шилдэг нөхөр төдийгүй, хэзээд хамт байх үнэнч хань мөн”.“Ном дор мөргөмү” гэсэн дээдсийн сургаалийг дээдэлж явцгаая.


ХҮН САЙТЫГ ОЛЖ НӨХӨРЛӨ
2007 оны 10 сарын 10

Сайн шувуу модоо шилж сууна. Сайн хүмүүн хүнээ олж нөхөрлөнө гэх хуучны үг сургамжтай. Хүнийг нөхөрлөж буй хүнээр нь шинждэг нь аль ч үндэстэнд байдаг нийтлэг зүйл. Үүнийг монголчууд нөхрийг нөхрөөр нь шинж гэж хэлдэг. Хүнээ олж нөхөрлөх нь энэ яваа насны энэгшин ижилдэх эрхэм үйлсийн оргил билээ. Нэгэн биений нөхөр, нимгэн хувцасны нөмөр болох хүнээ таньж олох нь залуу хүн чиний хувьд амьдралдаа хийх амжилттай сонголтын нэг яах аргагүй мөн. Яагаад гэвэл нөхрийн сайнаар хүн өөдлөж, нуурын сайнаар загас жаргаж явдаг гэдэг. Хүн хүнийхээ хүчинд, загас усныхаа хүчинд байдаг болохоор ийм байх нь аргагүй ээ. Нөмөр сайтай гэр дулаан байдгийн адил нөхөр сайтай хүн нөмөр нөөлөгтэй байна.
Алаг хорвоогийн амьдрал баян болохоор аян замын уртад ачлах сайн нөхөр таарахын зэрэгцээ аман дээрээ сүрхий, ачир дээрээ базаахгүй нь ч уулзана. Тус болох нөхөр гурав, ус болох нөхөр гурав байдаг тухай дорнын нэгэн сэтгэгчийн сургаал бий. “Тус болох нь шулуун нөхөр, шударга нөхөр, ихийг дуулсан нөхөр болно. Ус болох нөхөр нь нүүр тал засагч, зусар бялангач, цуурхай задгай амт нөхөр болой” гэжээ. Тус болох нөхөртэй үй зайгүй найзалж, ус болох нөхрөөс үүдэн хоймрын зай барьж яв. Дайрч давшлан буй сөргөлдөгчөөс бүү ай. Чадаж байгаа үед чинь чамд бялдуучлагч найз нөхдөөс айж бай. Нөхрөө сонгохдоо хашир болгоомжтой ханд. “Урьдаар тэр хүн бусадтай хэрхэн нөхөрлөж байгааг нь мэдэж авсныхаа дараа чи түүнтэй нөхөрлө” гэсэн урьдын үг ул болоогүй байна. Өөнтөглөж харсан хүнд өө сэвгүй хүн гэж үгүй. Өөлөх муу талыг нь сонжихоосоо өмнө өөдтэй сайн талыг нь олж харж нөхөрлө. “Өөгүй нөхөр эрсэн хүн өнчин ганцаар үлдэнэ” гэж гүржүүд ярьдаг нь ортой. Цагийн шалгуурын цаана нь гарч цаглашгүй түшигт нөхрөө таньсан бол нөхөр журмыг нөхөрсөгөөр сахих нь андын ёсны ариун үйл болно. Нөхрийн журмыг сахих гурван зүйл байдаг гэж “Барсан хэвнэгт баатар” хэмээх алдарт зохиолыг туурвисан Шота Руставели захиж үлдээсэн байна. “Нөхцөхөө хүртэл хамт, салж үл хагацах; харамын сэтгэлээ гээж, байгаа бүхнээ зориулах; хаа холоос ч ялгаагүй зохих цагт нь туслах”. Хорвоогийн амьдрал эрээн бараан, гэрэл сүүдэртэй, жаргал зовлон ээлжлэн, эрээлжлэн ирж, буцдаг нь хэн хүний дайран өнгөрөх зам. Жаргалтай үед ойр байсан нөхөр зовлон зүдгүүрт орхихгүй цуг хамтдаа бол тийм хүнийг чи эрхэм нөхрөө гэж бод. “Биднийг наранд явахын цагт хуурамч нөхөд сүүдэр мэт бараадан явна. Харин сүүдэрт орохын цагт хаяж алга болно”. Ийм хуурамч нөхдийг эрт танивал сайн, эртхэн холдвол бүр сайн. Өгөө аваан дээр суурилсан нөхөрлөл өнө удаан тогтохгүй. “Өөрийн үйлийг бүтээх төдий нөхөрлөх аминч хүнтэй өнө сайтар ханилан явахад ер бэрх” гэж бидний өвөг дээдэс анхааруулж хэлснийг өнөө цаг үед бүр ч илүү санууштай. Хэлсэн үгийг чинь хадгалаад явах, хийх үйлийг чинь дэмжээд өгөх, хэзээ ч, хаана ч найдаж болох итгэлт хүнтэй нөхөрлө. “Итгэлгүй нөхрөөс илэрхий дайсан дээр” гэж англичууд ярьдаг нь дэмий үг биш. Итгэсэн нөхөр инээсэн дайсан болох нь бүр ч аюултай. Өдөр бүр адилгүй, нөхөр бүр тэгшгүй болохоор итгэлгүй нөхөртэй үг бүү зөвлө, итгэлт нөхрөөс үгээ бүү нуу. “Хүнийг танд муулсан хүн таныг хүнд муулна” гэдгийг ямар ч эргэлзээгүй бодож яв. Нөхөр ёсны харьцаанд зэмлэх үгний ил нь дээр, магтах үгний далд нь дээр байдгийг бас санаж явахад илүүдэхгүй. Хамгийн гол нь “Үг хэлээр биш, үнэн сэтгэлээр нөхөрлө”. Ов хэрэглэн итгэлийг олоод, ольж түйвээх хуншгүй этгээдээс оройтоогүй дээр нь зайгаа барь. Нүүрэн дээр нь долоох нь холгүй долигонох мөртлөө нүүрнээс далд дооглон даажигнах дорви муутай хүнтэй дотночилон бүү ойрт. Буруу үйлдэлт нөхдөөс бүр хол бай. Хэлэх ярих нь бурханы сургаал мэт, хийгээд эхлэхээрээ буг ч хийж зүрхлэхгүй үйлдлийг сэдэгчид хэзээ ч чиний нөхөр биш. Хийдэг, хийдэггүй хоёр нөхөрлөхөд хэцүү, нэг голонд бэхлээд хос дугуй болон эргэхгүй, нэг буулганд оруулаад хамтад нь зүтгүүлэх бололцоогүй. Бул хар чулуу үүрээд будан манант уул өөд мацахтай л адил. Хийж бүтээдэг хүний дэргэд хий дэмий холхигсод ядаргаатай. Хэлж ярих нь уран цэцэн мөртлөө хийхээ болохоор араар суугсад бүтээгч чанартай зөв хүмүүстэй бүтэн нөхөрлөлийг үүсгэж эс чадна. Тэнэг нөхөр тээг садаа болно. “Тэнэг нөхрөөс ухаантай дайсан дээр” гэсэн үнэн үг бий. “Тэнэг хүн харагдах гэж урд нь бултаганана. Ухаантай хүн харах гэж ард нь үлдэнэ”. Тэнхлүүн яваа чамд харагдах гэж чанх өмнө чинь бултаганах тээртэй хүмүүсийг бүү анхаар. Харах гэж ард нь үлдсэн ухаантай хүнтэй нь л нөхөрлө. Ханилсан нөхрөө хамгаас дээдлэн хүндэтгэ. Нөхрөө хүндэтгэнэ гэдэг бол өөрийгөө хүндэтгэнэ гэсэн үг. Хагацашгүй сайн нөхөртөө хахир хатуу үг битгий чулууд, гал мэт халуун сэтгэлд нь мөс шиг цэвдэг үүсч мэднэ. Ханилсан нөхрийнхөө эсрэг далдуур хийсэн буруу үйлдэл хайрлаж явсан сэтгэлийнх нь илчийг хайлуулан урсгаж, харлуулан гомдоох адын шидтэйг мэд. Ямар ч үед найдаж болно гэж бодож явсан нөхрийн явдал нь хувирч, итгэл алдах шиг явай муутай яданги дорой шинж нөхөрлөл ханилгаанд үгүй. Сайн нөхрөө харж саар талаа зас. Нөхрийн мууг олж харахыг шимтэхээсээ өмнө өөрийн мууг онож тогтоон шинж. Нөхрөө гомдоовол нөхөрлөлөө баллахыг сана. Нөхцсөнөө гомдоох буруу хэрэг үйлдсэн бол нөхөрсөгөөр уучлал гуйх сэтгэлийн тэнхээтэй бай. Буртгаа угаавал цэвэрхэн болж, буруугаа хүлээвэл нөхөрлөл батжина. Хүнтэй нөхөрлөсөн бол нэгэн зангаараа үлд. “Муудалцах сайдах нь хурдан, олон зантай хүн магад нэгэн зангаар удаан ханилж үл болох” гэж монгол ардын сургаалд өгүүлдэг. Явдал муут, хор хар ихт хүний хор санаж, яс хаясан бузар үгэнд нь ч, явган зулгуй булай ярианд нь ч битгий итгэ, бүү тоо. Итгэдэггүй юмаа гэхэд эргэлзэх сэв тогтвол эв нөхөрлөлд тань эвдрэлийн цав суухыг мэд. Муу бүхний ад шүглэж, буруу үйлдлийн овоолго сэтгэлд нь хурсан хар энергитэй нүгэлтэн ойр хавь, орчин тойрноо бузарлан, үл итгэлцэл, үг сөргөлдөөн, хэрүүл уруулын хор цацаж байдаг юм. Атаанд хорлогдож, тачаалд хүлэгдсэн тийм сэтгэл муутнаас сэрэмжлэн дөлж, зай барин холхон суу. Үг хэл нь цагаан мэт мөртлөө үйл хөдлөл нь хар хүнтэй үй зайгүй ойртвол үйлс чинь хазайж, үйлдэл чинь буруудахыг бод. Дотно нөхрөө урмаар тэтгэж, сэтгэлийн тэнхээ хайрлаж сурах нь нөхөрлөл батжих нэг үндэс. Хүн гар татуу, сэтгэл дутуу байхыг алийг тэр гэхэв. Гэхдээ нөхрөө дэмнэн, сэтгэлийг засах урам магтаалын үгэндээ татуу, дутуу байж яавч болохгүй. Нөхдийн ололтыг дэмжиж, магтан сайшаахын хамт, дутууг гүйцээж, дутагдлыг хэлж өгөх нь чиний үүрэг. “Таны дутагдлыг хайж байгаа өрсөлдөгч дутагдлыг чинь нууж байгаа найзаас чинь хавьгүй дээр” гэдгийг санаж яваарай. “Гаргасан алдааг минь хэн зөвөөр хэлнэ вэ тэр миний багш. Хэрэг явдлын минь үнэнийг хэн шударгаар тэмдэглэнэ тэр миний нөхөр, надад хэн зусарднав тэр миний дайсан” гэсэн дорнын мэргэн үг хэн нөхөр, хэн дайсан болохыг ялгаж танихад тусална. Шүүмжлэл, санамжийг сонсож сурах нь чухал. Сонсоод өнгөрөх биш сортоотой тусгаж авах нь бүр ч чухал. “Зөв үг хэлэхэд зөрж туйлах буруу”. Гар гараа угаадагтай адил хүн хүндээ тусалж, дэм дэмэндээ хорвоог туулна. Хүн сайтыг олж нөхөрлөвөл хүний хорвоод магнай тэнэгэр, магад жаргалтай амьдарна.

УГ САЙТЫГ ХАРЖ УРАГЛА
2007-10-22 12:28:39 УБ

Удам сайтын хүүхэд, угшил сайтын унага гэдэг үг бидний өвөг дээдсийн хүн, хүлэг хоёрыг шинжиж ирсэн гол шалгуур. Угийг нь мэдье гэвэл удмаар нь хөөж таньдаг нь угаасаа л монгол зан заншил. “Уг сайтыг харж урагла”. Ухаалаг мэргэн бөгөөд ухаарал сургамжтай энэ үг элэнц хуланцын үеэс элэхгүй уламжлагдан иржээ. Насан туршид ханилах насны ханиа сонгохдоо удам судар, уг язгуурыг заавал хар гэдгийг ац утгагүй, ач санан хэлсэн бүхэнд хүртээлтэй гүн утгат сургаал. Хазайхад нь тулах, хальтрахад нь түших хань ижлээ сонгохдоо хайр сэтгэлээс дутуугүй харж цэгнэх шалгуур нь “уг сайтай” байх ёстой ажээ. Тийм болохоор ухаант дээдэс маань “сүх авах хүн онгий нь хардаг, хүн авах хүн удмыг нь хардаг” гэж угийг нь удмаар нь хөөж, ултай судлан ураг барилдаж иржээ. Угаа мэдэхгүй хүнийг усаа мэдэхгүй малтай жишин зүйрлэнэ. Ургаа таних хүнийг ухаан орсон сайн хүн гэж үзнэ. Ясан төрлийн овог дотроо яасан ч ураглахгүй байхыг яс баримтлан мөрдөж ирсэн нь бүл цөөтэй монголчуудын хувьд зөв зүйтэй уламжлал байлаа. Удам холдвол ухаан нэмнэ гэдгийн учрыг сайн мэддэг, ураг барилдахдаа ухаалаг хэрэгжүүлдэг байж. Ураг төрлийн хол нь дээр гэж удам дамнуулан захиж үлдээсний учир ийм. Овог нэгтэн ураглахыг огоорч марталгүй цээрлэ. Овгоо сэргээн хэрэглэж, угийн бичгээ хөтөлж байгаагаас олдох ач тус, үлдэх үр дүнгийн нэг энэ байна. Овог ясыг шинжин ураг барилдваас удам цэвэр, ухаан саруул хойч үе биднийг буухиалан залгах болно. Хүний уг нь сайн уу, тааруу юу гэдгийг ямар хэмжүүрээр тогтоох вэ? Олон шалгуурыг олж тоочиж болох ч онцгойлж цөөнийг дурьдая. Угсаа удмын нэр төр уг язгуурыг тольдох шинж. Хүн чанарыг хатуу баримтлагч эрхэм хүмүүн нэр төртэй байна. Нэр төр нь тухайн хүнийг гарцаагүй мэдэх эргэн тойрныхон нь өгөх үнэлгээ, тавих дүн хэдий ч хүний амьдралд хамгийн дээд сайн зүйл билээ. Тэднийхэн удам сайтай гэдэг үнэлгээг захиалж хүсээгүй байхад нь хүмүүс аль хэдийнээ өгчихсөн байдаг юм. Удмаараа тааруу гэх үнэлгээг ил яриад явахгүй ч дотор сэтгэлдээ мөн л аль эрт тунгаачихсан байх нь мэдээж. Ичиж зовохыг мэдэх сэтгэлтэй хүн нэр төр сайтай, ичих булчирхай нь хатсан хүний нэр төр цөвтэй байна. Бусдын элэг доог болж, нэр нүүрээ бузарлаагүй, ичгүүртэй зүйл үйлдээгүй хүний нэр төр харьцангуй цэвэр. Маш энгийнээр хэлбэл зөв зам мөртэй явж ирсэн хүний удам угсаатай урагла гэсэн үг. Нэр төрөө эрхэмлэгч удмыг түшвэл нэр хүндтэй байна. Ажлын сайнаар амьдрал өөдөлж, бэлчээрийн сайнаар мал таргалдаг болохоор ажил анхиатай, шоргоолж шиг ажилч хөдөлмөрч хүмүүсийн үр удамтай ураг барилдвал сайн сан. “Хүний чанар түүний чухамхүү нүүр царай нь түүний үйл ажил, бүтээл, хөдөлмөрөөр илэрдэг” гэсэн мэргэдийн үг бий. “Хөдөлмөргүйгээр баяр баясгалантай цэвэр сайхан амьдрал байхгүй”. Ажилсаг хүн амны хишигтэй, залхуу хүн заяа муутай гэж монголчууд зүйрлэн хэлдэг нь учиртай. Ундарга сайтай булаг ус ихтэйн адил уг сайт удмаараа хөдөлмөрч байдаг билээ. Сэтгэл сайтыг олж ханил. Хүний сайныг сэтгэлээр нь тань. Сайхан сэтгэлт хүн салж холдошгүй хань. Цагаан сэтгэлт түүний араншин цагийн саальтад хувирахгүй. Сэтгэл муутантай ураглаваас сэтгэлийн зовлонд зүдэрнэ. “Хатсан тойрмоос хамаг шувуу зайлахын адил хар дотортноос хань ижил хөндийрнө”. Хальж асгарсан сүүг хамж авч болдоггүй шиг ухаангүй хатуу сэтгэлийг уяраан зөөллөх амаргүй. “Улсыг хураая гэвэл төрийг хураах, хүнийг хураая гэвэл сэтгэлийг хураах” гэдэг үг гүн утгатай. Буян тогтдог удмыг буурьтай судлан урагла. Хишиг буян хурах айл, хурахгүй ч айл байна. Хурсан хишиг буяныг тогтоох нэгэн байхад тогтоохгүй нөгөө нь бас бий. Олсон, цуглуулснаа шүүрэн шанагаар сүү хутгах мэт асгачихдаг бол хичнээнийг олж, хэсгийг бөөгнүүлээд нэмэргүй. Бурхан тэднийг аль эрт мартсан юм шиг, буруу явдлын хараал хүрсэн мэт угсааныхантай ураглан ханилах нь бүү хэл уулзан ойртохоос болгоомжил. Хүссэн зүйл нь санаагаар болдог, хөөцөлдсөн ажил нь түвэггүй бүтдэг нүүрийн буянтай хүнтэй учирвал нэгэн насны аз, нийлэх хосын ерөөл билээ. Бусдын төлөө өөрийгөө зориулах тусархуу, чиний төлөө биеэ зориулах халамжтай хүнтэй урагла. Зөв бурууг ялгах чадвартай зөв хүнтэй ханил. Учир явдлыг ойлгон, ултай суурьтай ханддаг ухаант хүнтэй урагла. “Өчүүхэн ухаантан бяцхан гомдлыг тэвчиж үл өнгөрөөнө. Агуу ухаантан бүхнийг ойлговч гомдлоо үл илэрхийлнэ”. “Тэн тэнгүй ачаа тэмээ малын зовлон, тэнцвэр үгүй амраг сэтгэл санааны зовлон” гэсэн үгийг хүн бүр л ярьдаг ч учрыг төдийлөн ухаж боддоггүй. Ханилах хосын удам судрыг судлахдаа идэж өссөн хоол, үерхэж байсан найз, сурсан эрдэм, соёлын түвшин, эд хөрөнгө, сонирхол шохоорхол, үг яриа, үнэт зүйлсийн үнэлэмж, өссөн орчин зэргийн ялгаа зиндаанаас байнгын зөрчил үүсч болзошгүйг бодож тооцохыг хичээ. Амьдралд тэртээ тэргүй байж л байдаг энэ бодит үнэнийг хиргүй тунгалаг сэтгэлээр ойлгон, мөнхийн эмзэг сэдэв болгочихолгүй зохицуулан амьдрах нь ураглах хосын ухаан мэдэх хэрэг. Уг мууттай ураглан бүү ханил. “Уг муутыг усан дотроос ч түймэр авна” гэж ухаант өвгөд захиж үлдээсэн. Ууртай догшин хүнтэй уулзан бүү нөхөрлө. Уур бол ухаантай хүнийг ч солиотой болгодог гэдэг. Уурыг сөргүүлэн уурлах хэрэггүй. Уурыг уур дийлдэггүй. Уурыг ухаан, хүлээц, тэвчээр гурав л ялна. Ухаантай нэг нь уурласан нөгөөгөө тэвчин, уур нь гарахыг хүлээж, ухаан зарж учирлан байж уурын мунхагийг номхруулна. Уур бүхэн муу байдаггүй. Жижиг зүйлд уурлах нь том хүнд ичгүүр, харин их хэргийн төлөөнөө уурлана гэдэг зөв уур. Усан тахалд нэрвэгдэн, уух согтохын дон шүглэх нь уг муутын уугуул чанар. Манай оронд гэр бүлийн дотоод зөрчил маргааны гучин долоон хувь нь архинаас болж гардаг гэсэн судалгааны дүн байгаа нь хадмын харилцаанаас болж үүсэх маргаанаас даруй найм дахин их байна. Архи амьдралын ч дайсан, гэр бүлийн ч дайсан гэдэг нь эндээс илхэн харагдана. Хорт идээнд дурлаж биеэ барах, хууль бусаар явж хүнээ барах хэрэггүй юм. Уг муутын адгийн шинж нь хүн муутай байх. Муу хүнийг таньж ядах юмгүй. Аяндаа буруу үйлээрээ өөрийгөө харуулаад өгнө. Хүний үнэргүй, хүн муутыхантай ураглах нь бүү хэл уулзаж учрах ч хортой гэдгийг санаж яв. Нүүрсийг зүлгээд өнгө гарахгүйтэй адил уг муутыг тордоод засал төдийлөн авахгүй. “Өл бүргэдийн дэгдээхэй өд сөдөө гүйцэхээр өөдөө нисдэг, өлгийд өссөн хүний үр өрх тусгаарлан айлд очдог” нь хүний хорвоогийн жам. Тоонот гэртээ толгой холбон, тогоотой шөлөнд хушуу холбон хослон жаргах залуу хосууд бие биенээ чин зүрхнээсээ хайрлаж амьдрах учиртай. Гүн зузаан, гүнзгий итгэлт хайр сэтгэлтэй баймааж сая бат тогтуун, урт удаан зол жаргал бүхий гэр бүл болж амьдарна. Хайрлах гэгч бие биенээ эелдэг зөөлнөөр харахын хамт хоёул нэгэн зүгт харахыг хэлнэ. Насан туршдаа нэгэн зүгт харж явцгаа. Хайрлаж, дурласан хүмүүс зөвхөн нүдээрээ бус зүрхээрээ хардаг юм гэсэн. Бие биенийгээ үргэлж зүрхээрээ харж байвал амьдрал чинь аз жаргалаар амсар дүүрэн бялхам байна. Эр эм хоёул харилцан чин сэтгэлээсээ хайртай, хоёр биендээ чин үнэнч эрхэм дээд чанартай байвал хорвоог хослон туулах зам харгуй илүү тэгш шулуун, бартаа тотгор багатай байх нь эргэлзээгүй. Өөрөөсөө хатууг шаардаж, өрөөлд зөөлөн хандаж байж өрх гэр чинь өөдтэй өнгөтэй байна. Гэр дотроо өөрийн хийснийг чамлаж, хүний хийснийг үнэлж сур. Ханийн эндүү ташааг хайхаасаа өмнө өөрийн эндүү андууг эхлэн бод. Гэр бүлийн харьцаанд тэвчээр үнэхээр чухал. “Тэвчихийн аргагүйг тэвчихийг тэвчээр гэнэ” гэсэн үгийг тэвчээртэй нь аргагүй санаж яв. Хар, хоргүй гэгээн бодол, хоёр биендээ итгэсэн хиргүй сэтгэл хайр сэтгэлийг чинь батжуулж өгнө. Гэр бүлийн амгалан тайван бус, уур уцаартай амьдрал үзэж болохгүй өвчин, харж болохгүй хууч, эмчилж болохгүй эмгэг үүсгэж болохыг мэд. “Гэрлэнэ гэдэг бол өөрийн эрхийг хоёр дахин багасгаж, үүргийг хоёр дахин ихэсгэнэ гэсэн үг”. Ооны хоёр эвэр шиг ижилдэн хорвоог туулахдаа хоёр дахин нэмэгдэх үүргээ хотойлгүй үүрч хорвоогийн сайхныг хамтдаа эдлэн жарга. Монголын их хаан Тулуйн Мөнх “Тэнгэр, гарт харилцан адилгүй хуруунуудыг хайрласан шигээ хүнд мөн харилцан адилгүй замыг зааж өгчээ” гэж хэлсэн. Амьдралын зам ямар ч байлаа гэсэн уг сайтыг түшин, улс амьтны өмнө ичихгүйгээр амьдарна гэдэг юу юунаас илүү чухал шүү!

СЭТГЭЛ АРИУН БОЛ ҮЙЛС АРИУН
2007 оны 11 сарын 13

Tүмэн зүйлээр эрээлжлэн эргэлдэх санаа бодолдоо хорт сэтгэл үүсгэхгүй байвал үйлс заяа чинь үргэлжид өөдөө, өөрийгөө зовоохгүй, өрөөлд гай болохгүй амгалан жаргаланг бүтээнэ. Ариун сэтгэл гэдэг нь бузар буртаг ороогүй шүүдрийн ус шиг тунгалаг сэтгэл болой. Аливаа юмс үзэгдлийг сайн талаас нь, зөв зүгээс нь бодож тунгааж байдаг нь ариун сэтгэлтний гол шинж. Ариун сэтгэлтэн бусдын сөргүү бодолт сэтгэлийн өчлийг өөрийн эерэг санаат итгэлийн шүүлтүүрээр дамжуулан хүлээж авдаг юм. Тиймээс түүнд муу муухай, бузар буртаг шингэн хорлодоггүй, усны гадарга дээр дуссан тосны дусал мэт ил ялгаран, тусдаа хөвдөг билээ. Хүн муу үг хэлсэн ч ариун сэтгэлтэн сайн талаас нь бодож хүлээж авна.
Зовлон шаналан миний буруу үйлээс үүдэн гарлаа хэмээн ойлгон бодох мэргэд тун ховор байдаг гэсэн. Харин ариун сэтгэлтэн бурууг бусдад тохохгүй өөрөөсөө эхлэн хайж, өрөөлийн зовлонг нимгэлдэг. Ариун сэтгэлтэн ойр тойрныхноо сэтгэлийн зовлонд унаган тарчлаадаггүй. Бусдын зовлонг өр зүрхнээсээ хуваалцах заяамал үүрэг түүнд ногдсон мэт бодож, үйлдэж явдаг юм. Далайн гүнийг хэмжиж болно. Ариун сэтгэлийн гүнийг хэмжих аргагүй, хязгааргүй уужуу уудам бөгөөд гүн гүнзгий билээ. Зэрлэг араатнаас илүү муу нөхрөөс айж яв. Яагаад гэвэл зэрлэг араатан биеийг гэмтээнэ, муу нөхөр сэтгэлийг шархлуулна. Сэтгэлийн шархыг анагааж эдгээх хэцүү.Хүний баян хоосон нь хөрөнгөндөө биш дотоод сэтгэлдээ байдаг гэдэг. Дуусч дундаршгүй, элэгдэж хорогдохгүй хур баян хүн бол ариун сэтгэлтэн. Хүн биеийн хирээ байнга үрж савандаж угаан цэвэрлэх мөртлөө сэтгэлийн буртгаа цэвэрлэхгүй хир дагандаа баригдан хүлэгдэн амьдрах нь туйлаас буруу. Ариун сэтгэлтэн дотор сэтгэлээ цаг үргэлж ариусган цэвэрлэж явдаг юм. Гар нь цэвэр мөртлөө сэтгэл нь бохир хүн байх. Гарын бохирыг угаахад амар, сэтгэлийн бохирыг цэвэрлэхэд хэцүү. Хүн болж хүй орчлонд төрснийх ариун сайхан байх учиртай сэтгэлээ адгийн муухай бөөгнөх хогийн сав шиг бузарлавал халаглаад барамгүй харамсал. Хүнийг баярлуулбал өөрт баяр ирнэ. Сайн юм хэлэхэд муу гэж хүлээж авч байгаа бол тархи толгой чинь эргэж гүйцжээ гэж мэд. Тэр хэлж байгаа бол эсрэгээр нь хийнэ гэж бодох бодол чамайг эзэмдсэн бол үзэн ядах хорт сэтгэлдээ шатаж түлэгдэж яваагаа ухаар. Магадгүй тэр сайн санаж, хамгийн сайн хувилбарыг санал болгосон бол яахав? Хүний гэмийг олж харахыг битгий шимт. Хайж төнхөөд бүр хэрэггүй. Хүнээс хэрэгтэй ашигтай, ухаантай сургамжтай зүйлийг нь олж хар. Түүний хойноос хайж хөөцөлдөж олж мэдэхийг хичээ. Өнгөрч улирсан явдлыг үе үе битгий сөх. Ялангуяа сайн бус дурсамжийг сануулж хэлснээс сайн үр хүлээх хэрэггүй. Аньж ядан байгаа шархыг сэдрээн сэвтүүлэхээс цаашгүй. Сайхан дурсамжийг харин санаа нийлэн, сэтгэлээ уудлан ярилц. Урам сэргээсэн тэр яриа урьдах замыг чинь засч, угтах ирээдүйг бүтээхэд ухаан бодол сэлбэж, урам зориг нэмнэ.Ариун сэтгэлтэн муу муухай, нүгэлт үйлийг үйлдэх нь бүү хэл бодол санаанд нь байхгүй учир хэлэх ярих нь ч ариун цагаан. Тэд амандаа чалчаа шалигийг үл өгүүлнэ. Сэтгэл дэнслүүлэх сэрэмжгүй үгийг хаана ч хэлэхгүй. Хараалын бузар үг хэлж, гүтгэлэг гөрдлөг хийх нь байтугай хэл ярианы санд нь ийм зүйл байхгүй. Хэл яриа нь ариун хүн голд нь ортол гомдох хилс бөгөөд хэлтгий үгийг хэзээ ч, хаана ч цухуйлгахгүй. Үг хэл нь ариун хүн шальдир бульдир яриа хөөрөөнд ажин түжин. Үг сөрж хэрэлдэхгүй, үг өөнтөглөн сөргөлдөхгүй. Хэлэх ярих нь дөлгөөн, хэн ч сонссон бахархам.Ам хэлээ ариун байлгахыг хичээ. Зусар бялдуучийн үгнээс зайлж хол яв. “Бялдууч хүний хэлэнд нь бал, сэтгэлд нь хор байдаг” юм. Залуус та нарын сэтгэл ариун, үг хэл ариун бол баясгалан жаргалан байнга дагалдана гэдэгт баттай итгэж болно. Сайныг бодож, сайхныг хүсдэг хүнийг саруул ирээдүй угтан тосно. Бодол хүсэл нь бохирдсон хүн болохгүй, бүтэхгүйтэй зууралдана. Бодол хүсэл нь ариун хүн нүгэл хилэнцийн түйтгэрээс холдон зайлж, буян хишигийг хураан, бусдын хүндлэлийг хүлээнэ. Бодол хүсэл нь ариун хүн мууд бэлэн ч сайнд найдаж явдаг юм. Бусдыг өөрийнхөө эсрэг муу хэрэг бүү үйлдээсэй гэж хүсвэл бусдын эсрэг муу зүйл бүү хий. Өөдрөг итгэлтэй хүн өсөж өндийж, өөдлөн дэвжинэ. “Хүчирхэгийг давж, бэрхийг гэтэлж байж хүн өсөж өндийдөг”. Ариун итгэл – амжилтын угтал. Болно, бүтнэ гэсэн ариун итгэлээр жигүүрлэн байж зорьсон зорилгодоо зовлон багатай хүрч очно. Ариун итгэл гэдэг нь хар санаагүй, гэгээн тунгалаг итгэл. Ариун итгэл нь хор шингээгүй цэвэр тунгаамал итгэл. “Гайхахад ганц хором хэрэгтэй. Гайхах зүйлийг бүтээхэд олон жил хэрэгтэй” ч бусдад хоргүй, өөрт халгүй ариун итгэлээр зориглон зүтгэвээс гайхамшигийг ч бүтээж болно. “Зүтгэл байвал зүүгээр ч худаг гаргана” гэдэг. Атаа жөтөөгүй, хар хоргүй ариун итгэлийг хичээл зүтгэлтэй холбож чадвал хийх гэснээ төвөггүй хийж, хүрэх гэсэндээ түүртэлгүй хүрнэ.Идээ ундаа ариун байх нь эрүүл явахын үндэс. Хоргүй сэтгэл, хорсолгүй үйлдлээр бүтсэн идээ ундаа ариун байна. Ариун бусыг хэрэглэсэн алдааныхаа төлөө асар өндөр үнэ төлнө. Гай аюул, хор уршиг, аймшиг айдас, нажид зовлонгийн хаанчлалыг тогтоохгүйн үүднээс бид ариун идээ ундааг дээдлэх ёстой. Бусдад буруу санахгүй, хүнд мууг үйлдэхгүй, хов жив хорон үгс ярьдаггүй, атгаг санаж мөчөөрхдөггүй, ажил үйл нь зөв хүний заяа тавилан нь ариун билээ. “Хүн бол ургамалархуу л юм, эсвэл ургана, эсвэл хагдрана. Гурав дахь зам гэж өгөгдсөнгүй” хэмээн орчин цагийн их сэтгэгчдийн нэг нь хэлсэн байна. Хүн ургамал адил хагдрахгүй, ургаж цэцэглэж байхын тулд бодол санаа, үйл ажил, үйлдэл хөдлөл бүхнээ зөв авч явах хэрэгтэй ажээ. Цэвэр яваа хүн цээж тэнэгэр алхана. Бодол санаа, хэл яриа, хийж байгаа ажил, хэрэг явдал бүхнээ бусдын төлөө, гэрэл гэгээт маргаашийн төлөө зориулж байгаа хүний үйлс ариун байна. Хатаж ширгэсэн тойрмыг шувууд хаян орхиж, хагдарч хатсан цэцгийг зөгий орхин нисч, шатаж байгаа ойгоос ан араатан зугатан холддогийн адил ариун бус бүхнээс алслан холдох учиртай бид.Сэтгэл ариун, үг яриа нь ариун, бодол хүсэл нь ариун, итгэл ариун хүний үйлс ариун, зам мөр нь цагаан, заяа тавилан өөдөө байна гэдэгт та бүхэн итгэж найдаж яваасай гэж хүснэ.

АЛТАН ДЭЛХИЙГ АРГААР ЗАСАХААС ААШААР ЗАСАХГҮЙ
2007 оны 12 сарын 07

Алдаа, оноог хослуулан амьдралын замыг туулах нь алаг хорвоогийн жам. Алдаа нь бага, оноо нь их байж амьдрал тань утга төгөлдөр, амжилт ололт ч ахиу дөхүү хурна. Чадалтай хүн эрдүү, чаддаг хүн бардам. Баглаа хүлээгүй эрх чөлөөг эдэлж, багтаж ядсан эрч хүчиндээ дийлж эрдэж явахдаа дийлдэн сөхрөх тавилан угтан учирч болзошгүйг дэнслэн тунгаан санаж яв. Дийлдэшгүй хүчтэн мэт дэвж бууж явахдаа дийлдэн хурнийх буруу үйлээс дөлж буруулж явахыг хичээ.
Аавын хүү аагинд дийлдэнэ. Ааг омогтоо дүрэлзэн шатаж, дүүлэн хөөрөх нь сайн сайханд хөтлөхгүй. Чадаж байгаа юманд арга байхгүй гэж дэврэх, дэвэргэх аль аль нь зуурдын л хөөрөл болохоос мөнхөд хөхөөх дуудлага биш. Хөнөгөндөө багтаж ядан хөөрөн дэврэх хорслын ааг хавьтснаа хаман урсах үерийн ус мэт гашуун зовлонг зөгнөн, бусдад гай тарьж, хор хүргэхдээ өөрийг чинь живүүлэн сүйтгэх гаслангийн үрийг суулган үлдээдэг юм. Гаслангийн үр цацчихаад авралын хишиг хүлээнэ гэдэг нь овьёос тариалчихаад буудай хураан авахыг мөрөөдөхтэй л адил. Ааг омгоор бусдыг дийлж чадах мэтээр сагсууравч адаг сүүлдээ хорслын аагиндаа дийлдэн шалчийна аяндаа.Атаа жөтөөний ааг, аюулын хорыг ялгаруулна. “Атаат санаа алаг нүдэнд торсон өргөс, аюулт түүнээс болж саруул мэлмий сохорч мэднэ”. Атаа жөтөөнд ааглуулсан хүн өөрөө өөртөө дайсан болж, өөрийгөө тамлан зовоон амьдрах нь харамсмаар. Атаа хорсол ухаант хүмүүнийг ирлэн хурцалж, ухаан муутыг илээн мохоодог эд шидтэй. Зөв замаар яваа хүнийг буруу тийш нь залж, буртаглан эвдэх зүсэн зүйлийн хорлол дотроос эрх мэдэл, хөрөнгө мөнгө хоёр эрлэг лугаа хүчтэй. “Эрх мэдэл тун амттай. Түүнээс сайн дураараа хагацдаг хүн маш цөөхөн” гэдэг. Нэгэнт сайн дураар хагацаж чадахгүй болохоор ямар ч үнээр атугай байр сууриа хадгалан хоргодохыг оролдох нь тэдэнд бүхнээс чухал үйлс мэт. Эрх мэдлийн аагинд хүлүүлсэн хүн буруу үйл хийхээ бурхнаас заяасан тавилан мэтээр аашлана. Эрх мэдлийн аагинд халуурч яваа хүн түүнийгээ ашиглан юу хийхээс ч буцахгүй болтлоо өөрийгөө бусдын өмнө доошлуулан, зэрлэгшинэ. Өчигдөрхөн сайн үнэлгээтэй явсан хүн өнөөгийн эрх мэдэлдээ цадан бялуурвал өглөө баярлуулаад орой гомтгодог өөрийн байр суурьгүй, хөгийн нөхөр болон төрөл арилжина. Эрх мэдлийг буруугаар ашиглахын хэрээр эрдэнэт биеэ эвдэн доройтуулна. Жингээсээ хүндээр цохихыг оролдох нь жижиг мөртлөө том санаатай хүний ааг араншин. “Хэтээ мэдэхгүй ноён явахаар хэмжээгээ мэдэх боол явсан нь дээр”.Буруу замаар олсон хөрөнгө мөнгө зөв замаар зарагдах нь бага. Буруугаар зарагдах мөнгө хөрөнгө бусармаг үйлдлийг дагуулна. Буруу бусармаг үйл нь бие сэтгэлийг эвдэнэ. Бэл бэнчингийн аагиндаа эрдэж бярдаж эхэлбэл биеэ эвдэн, хүнээ алдах аюул мөр мөшгөн дагана гэдгийг бийлэгжүү хүмүүс бодож ухаарч яваг.Аавын хүү аашинд дийлдэнэ. Хүн бүхэн өөрийн гэсэн ааш авиртай. Юм бүхэнд хэмжээ дамжаа хэрэгтэй. Илүүдсэн бүхэн хор болдогийн адил ааш хэтэрвэл амьдралд цөвтэй. Ааш авираа өөрөө захирах учиртай. Хэрээс хэтэрсэн аашиндаа хүн өөрөө дийлдэн хүлээ баглаатай зовно. Хүний түлхүүрээр өөрийн хаалгыг онгойлгож болдоггүйтэй адил өөрийн аашаар өрөөлийг захирах амаргүй. Илүү дутуу ааш араншингүй хүнтэй эвлэж зохицох амархан. Олон ааштай хүнтэй ойртон нөхөрлөх хэцүү. Сайхан ааштай мөртлөө саар мууг сэдэгчид бий. Муухай аашлах хирнээ машид сайхныг бүтээгчид бас байна. Авьяас чадвар чамбай мөртлөө аашнаасаа болж алдагсад цөөнгүй. Ааш гэж адсага болсон хүнээс алс холуур дөлж яв. Муухай зантай хүн мундахгүй балгийг тарина. Авиргүй аашлах нөхрөөс амжиж хурдан холд. Бар мэт явснаа хонь мэт номхрох нь барьцгүй аашны шинж. Гайгүй намуухан байснаа галзуу бар шиг авирлах нь гаж аашийн тэмдэг. Хорт могой ойроос хатгадаг бол хорон ааштанд хол ойрын ялгаа үгүй. Шударга үг чихэнд хатуу ч явдалд тустай болохоор анд нөхрийнхөө ааш зангийн алдаа оноог алдалгүй хэлж тусал.Аавын хүү алиг шалигт дийлдэнэ. Гэрээс гадуур гэдэн годон явдалтай хүнийг монголчууд алиг хэмээн нэрлэж иржээ. Зөв явдалт хүнийг буруу зам руу хазайхад алиг шалиг зан амархан түлхэж дөнгөнө. Авир тогтворгүй хүн алиг шалиг явдалд амархан дийлдэн сөхөрнө. Энэтхэг гүрний эцэг хэмээн нэрлэгддэг Махатма Ганди “эхнэрээсээ далдуур өөр эмэгтэйтэй хавьтахгүй” гэж ээждээ тангараглан харь газар сурахаар одож байжээ. Энэ үйлдэл тэр их агуу хүний ариун ёс журмын илэрхийлэл бөгөөд бусдад үлгэр дууриал, сургамж болон мөнхөрч үлдсэн байна. Алиг шалиг явдал гэр бүлийг хутган үймүүлж, улмаар салж сарнихын үндэс болдог байна. Гэр бүлийн хүчирхийлэлийн нэг үндсэн шалтгаан нь алиг шалиг явдлаас эхтэй. Хүний амьдралын чухал түшиг тулгуур бол итгэл мөн. Алиг шалиг зан итгэл хүндэтгэлийн дайсан, эвлэрэл зохицолын садаа. “Гунигт тавилан тэнгэрээс унаж ирдэггүй, харин хүний тэнэг мунхагаас үүсэн гарна”.Алтан дэлхийг аргаар засахаас аашаар засахгүй. Алтан дэлхийг аашаар засахаар оролдсон оролдлого бүр хумхийн тоос болон хийсч, замхарч байлаа. Аргаар засахаар хийсэн алхам бүр амжилт олж ирэв. Аашны муугаас салан одох хялбар, арга чарга хайж нэгдэн уулзах хэцүү. Аашны муугаар туйлан амжилт ололтын адаг эцэст хүрэхгүй. Уур уцаараар учрыг олж, учигийг тайлахгүй. Уужуу талбиу ухаанаар аргыг олбол бэрхийг давж, сайнтай золгоно. Аашийг нь сурахаар аргыг нь сур гэж бидний дээдэс сургамжилсан. Хүчээр зуун ажлыг нугалж болох ч аргаар мянган ажлыг гүйцээж болно. Ажлыг аргаар, хэцүүг эвээр шийдэж байж хорвоогийн түмэн бэрхийг даван туулна. Ааштай хүн нэрээ барахаас алдраа мандуулахгүй. Аргатай хүн хамгийн муугаар бодож, хамгийн сайнаар хийдэг юм. Аргыг олно гэдэг шударга байхын нэр. Зөвд өд шиг зөөлөн, бурууд өргөс мэт ширүүн байж шударга ёс батжина. Ховч хүний хоншоор урт гэдэг. Эвийг хов эвдэнэ. Ааш муутын адгийн шинж нь ховч байх. Ховчийн үгээр хоол хийж хорвоо дэлхийг засахгүй. Алтан хушуу өргөгчийн үгээр ажил үйлийг засна гэвэл ухаанаа уландаа чирснээс өөрцгүй. Арслан аатай ч арганд ордог шиг алтан дэлхийн явдал адармаа ээдрээтэй ч аргыг олбол зохицуулж болно. Уух ус олдвол хутгах шанага хэзээд олддогийн адил аргыг олбол алтан дэлхийг аяар засч, хорвоогийн алаг явдлын хойно нь гарч чадна.Аавын хүү аагинд дийлдэнэ, аашинд дийлдэнэ, алиг шалигт дийлдэнэ. Алтан дэлхийг аргаар засахаас аашаар засахгүй.


ҮГНИЙ АЛДААНААС ҮРГЭЛЖ ХОЛ ЯВ
2007 оны 12 сарын 10

Хүн нүүр царайгаараа ч, сэтгэл санаагаараа ч, өмссөн зүүснээрээ ч, бүхий л зүйлээрээ сайхан байх ёстой. Хэл яриагаараа бүр ч сайхан байх учиртай. “Худалчид бүү итгэ. Ховчтой бүү хэлэлц. Чалчаатай бүү учир” хэмээн Ноён хутагт шүлэглэн сургажээ. Худал хэлэхийг монголчууд огоорох ёстой муу үйл, нүгэл хилэнц гэж үзэн цээрлэдэг. Худал хэлэх нь туйлын жигшүүртэй хэрэг.
Бодит үнэн, чин үнэнийг гуйвуулбал худал болно. “Энэ хорвоогийн бүх л зүйл үнэнээр эхэлж, үнэнээр дуусна. Үнэн бол алив бүхний язгуур, үнэн байхгүй гэж үзвэл, тэнд юу ч байх ёсгүй” гэж дорнын сударт бичжээ. “Үнэн бол үүрд оршдог, харин хуурмаг бол орших орон зайгүй” гэж өөр нэг номонд өгүүлжээ. Худлыг үнэн гүйцдэг жамтай. “Амлахдаа болгоомжтой хүн биелүүлэхдээ сайн байдаг”. Хийж дийлэхгүй ихийг амлаж сууснаас хийж чадахаа ахиухан хий. Одоо цагт амлалт нь их, амжуулдаг нь бага болж. Биелүүлж чадахгүй амлалтаас шууд татгалз. Амласнаа хийхгүй бол худалч болно. Нэгэнт худалч гэдэг нь илэрхий танигдсан бол үнэн ярьж байхад нь ч гэсэн итгэх аргагүй. Нэг худалч нөгөө худалчаа итгэдэггүйг телевизийн дэлгэцнээ маргалдах эрхэмүүдийн ярианаас түвэггүй ойлгогдоно. Худалч хүний үг нь эвтэй бөгөөд донжтой. Худлыг олон дахин давтан яривал үнэн болдогийн үгэн луйврыг тэд үнэмштэл сайн хийж дөнгөдөг юм. Үнэн үүдэнд, худал хойморт залрах цөвүүн цагт худалч оодрон, хууль завхарна. Энгийн цагаан худалчийн үг инээд тохуунаас хэтрэхгүй. Эрх мэдэлтэй худалчийн үгнээс эргээд учрах хор нь их бөгөөд аюултай. Өөрт нь буй хамгийн нандин өр зүрхний итгэлийг үгээр илбэдэн авч, үйлээр хариулалгүй мартаж, хөсөр хаян орхих нь адгаас адаг хорлол. “Үнэнийг хэдий чинээ хааж нууна, утгагүй худал үгийг төдий чинээ амилуулна гэсэн үгээ”. Үнэнийг ихэсгэж байж худлыг багасгана. Ганцхан худал ч биш ерөөсөө бусармаг бүхнийг дуугүй хараад сууна гэдэг өөрөө түүнд гар бие оролцож байгаагаас ялгаа үгүй тул худлыг сөрж, үнэнийг дуугарч байх нь таны үүрэг.

Ховчийн үгийг бүү сонс. Сонслоо ч нэг чихээрээ оруулаад нөгөөгөөрөө гаргачих. Ховчийн үгийг сэтгэл зүрхэндээ ойр хүлээн авч хэрэггүй. Ховтой газар хэрүүл буглана. Хов жив уруул шүд мэт ойр дотно байсан хүмүүсийг ч уралцуулан эвдрэлцүүлнэ. Хоорондоо зай барьж, завсар үүссэн хүмүүсийн дунд мөсөн хана босгон, хөргөн холдуулна. Зусар бялдуучдын үндсэн ажил нь хов зөөх. Ховч, ховоор хоол хийгч хоёул таарсан таар шуудайнууд. Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэдэг шиг тэд бие биенгүйгээр байж суухын аргагүй. Ховч бялдуучид чадвар муутай учир хоолоо олж идэх, амьдрах арга нь хов зөөж зулгуйдах, тал алдалгүй гүйх. Ховч нар зусардаж байгаа хүнийхээ таалалд нийцсэн, хүсэж байгаа үгийг олж дамжуулах мөрөөдөл нь өдрийн бодол, шөнийн зүүд. Үнэмшилтэйгээр зохион ярьж, хутган үймүүлэх нь ховч бялдуучдын үндсэн мэх. Ховч, хутган үймүүлэгчдийн хар балгаар улс орон үгүйрэн доройтож, бусдын идэш болж байсан баримт хүн төрөлхтний түүхэнд бишгүйдээ бий. Ховчдын гайгаар төр самуурч, түмэн үймж байсан жишээг захаас аван дурьдаж болно. Хүмүүсийн хооронд яс хаяж дундаас нь ашиг олж амь зогоогсодыг нэр хаягаар нь мэддэг, тэдний тухай шүд зуун ярилцдаг мөртлөө үгээр нь үг хийгээд байдаг нь хачирхмаар. Хүмүүсийн эргэлзээ, хартай бодол дээр нь тоглож, хагаралдуулах нь ховч бялдуучдын түгээмэл хэрэглэдэг арга. Өөрийгөө зөвтгөн, бусдыг муу хэлдэг хүнээс ямагт жийрхэж яв. Өөрийн нэгэн дутагдлыг ухаарах нь бусдын зуун алдааг олж харснаас хавьгүй дээр. Хүний алдааг харахдаа өөрийн алдааг цуг сана. Хайрласан нүд хазгайг олж хардаггүй. Гэхдээ хамгийн ойр хүмүүсийнхээ алдаа согогийг хамгийн түрүүн олж харж, онож хэлж өгөх нь чиний бусадтай хуваалцалгүй хийх ажил. Хүний тухай чамд хов жив дамжуулж байгаа нөхөр эргээд чиний тухай түүнээс таарууг ховлож чадахыг мэд. Бусдын амьдралд сөргөлдөөн, эвдрэл үүсэх арга заль зохиож, хүний тухай элдэв муу юм ярихын оронд тэднийг бүх талаас нь ойлгон уучилж, бусдын тухай ярихдаа сайн чанар, сайхан үйлийг нь хөхүүлэн дурс. Атаархан маргаж, эв эеэ самарч явснаас бусдынхаа амжилтанд баясаж, баяр жаргалыг хуваалцан, бие биеэ дээдлэн хүндэлж, итгэж найдаж явахыг хичээ.
“Чалчаа хүн бусдын хайрыг татах гэж уурыг хүргэнэ. Тус болох гэж түвэг удна. Гайхуулах гэж инээдтэй харагдана”. Дэмий чалчаа яриаг дэврүүлж хөөргөх, утгагүй яриа хөөрөөнд урам өгч сонсох хэрэггүй. Чалчаа яриа илэрхий хор үгүй. Яриа сунжирсаар хайран цагийг яйран хийж сүйтгэн, эрч хүчийг барна. Чалчаа үг үнэнд хөтлөхөөсөө илүү төөрөгдлийг тэтгэнэ. Чалчин ярьж цэцэн болохгүй. Бусдыг муу хэлэн чалчиж, өөрийг чинь магтан чалчигчийн үгийг аль алийг нь бүү сонс. Өглөөний нарнаар анд нөхдөө доромжлон чалчиж, үдэш орой өршөөл хүсэн нахилзах хүнд итгэх аргагүй. “Чалчаа хүн бол хэн бүхний уншиж болох ил захидал мөн”. Хээрийн үгийг гэрт бүү хэл, гэрийн үгийг бусдад бүү хэл гэсэн сургамжтай үг бий. Чалчаа хүн гэрийн үг, хээрийн үгээ ч ялгаж салгахаа больдог юм. Шалихгүй бороо шавхай уддаг бол чалчаа яриа үер буулгаж ч мэднэ. Чалчаа яриа бол хүнд суусан гэм согогийн сүйтгэл багатай нэг илрэл юм. Нөхрийн гэмийг засахад тусал. Хэт их чалчаа болчихоогүй дээр нь хэлж ярьж хязгаарла. Хожуудсан тусламж хэнд ч хэрэггүй. Дараа гэж юуг ч бүү хойш тавьж бай. Хойш тавснаас хожно гэж үгүй. Өөлөх согогтой нөхөртөө өгөөмөр сэтгэлээр тусал. Өгөөмөр байна гэдэг ихийг бус цагийг олж туслахдаа байдаг. Ямар нэг зүйлийн тухай дэндүү их яривал бүхий л таашаал үгүй болдог болохоор хэмжээ дамжааг тааруулж сурах нь зөв. “Дуугүй байх нь хүний хамгийн үнэнч анд юм” гэсэн мэргэдийн үг арай хэтрүүлсэн аястай ч хэмжээ хязгаараа үл мэдэн чалчих хэмжээнд очиж арай ч болохгүй ээ. Хүний сэтгэлийг шаналгах хатуу ширүүн, хараал зүхлийн үгийг бүү хэл. Сэтгэл өвтгөм үгийг зөөлөн хэллээ ч хатуу буудаг юм. Боловсролгүй, донгио байдлыг бүдүүлэг яриа чинь шууд нотлоод өгнө. Бүдүүлэг үг ярианаас бүр хол яв. Бүдүүлэг үгийг өөрөө хэрэглэхгүй байхын хамт бусдаас сонсохгүй байхыг хичээ. “Тэнэг хүнтэй хэзээ ч бүү марга, хүмүүс та нарыг ялгаж зааглаж чадахгүй болж мэднэ”. Хоёр хүн хэрэлдэхэд гурав дахь нь баярлаж суудаг гэдэг. Бүдүүлэг аашаараа бусдыг баясгана гэдэг бүдүүлэгийн дээд бүдүүлэг билээ. Хорон үгээр хүнийг булж, бухимдуулж болохгүй. Хорон үг мэснээс ч аюултай гэж монголчууд ярьдаг бол хорон үг хурц хутга гэж германчууд хэлдэг юм билээ. Аль аль нь сэтгэлийг шархлаах хорон үгний аюулаас сэрэмжлэн болгоомжлуулж хэлсэн үг.
Доромж тохуу нь хатуу ширүүн үгний нэг хэлбэр. Доромж тохуу үгс хүний эрхэм чанарт эрээгүй халдаж, доош хийн доромжилж, сэтгэлийг эвдэн бусниулах хортой тул түүнээс аль болох зайлсхий. Хүнийг дутуу, эмзэг зүйлээр нь дуудан элдэвлэж болохгүй. Барагдашгүй хорогдошгүй гомдолд хөтөлж, дуусашгүй, дундаршгүй хэрүүлд чангаахаас өөрийг үл авчирна. Хийгээгүй муу үйлийг хийсэн болгон гүтгэх шиг аюултай амны алдас үгүй. Үйлдээгүй мууг үйлдсэн мэтээр хардагдах шиг сэтгэлийн шаналан бас үгүй. Гүтгэгдсэн, хардагдсан хүний дотор сэтгэл шатаж байдаг билээ. Ой шатвал бүгд харна, сэтгэл шатвал хэн ч харахгүй. Зовлон шаналангаа өөрөө эдэлж, цагаадаж цайрахын гэгээн өдрийг хүлээн суух болдог юм. Энэ яваа насанд нүгэл хилэнц, муу муухай бүгд сайн бүхний орон зайг эзлэн хургаснаас хүнийг оргүй хоосонд шууд гүтгэх, сургаар дам гүтгэх, захиалгаар санаатай гүтгэх ад зэтгэр шүглэн зовооно. Бусдыг бузар явдалд гүтгэмээр санагдаад хэл чинь загатнаад байвал халбага давс амандаа хийчих. Тэр гэм зэмгүй хүнд гүтгэлэг гөрдлөг ямар гашуун сонсогдохыг амандаа хийсэн давсны амтаар ч болов өөрөө мэдрэг. Үгний алдаанаас үргэлж хол яв.

ТУСЫГ ТУСААР
2007 оны 12 сарын 17

Дэм дэмэндээ амьдрах нь хүний ёс. Бусдын тусыг авч, өөрийн хэргийг бүтээнэ. Тусыг тусаар хариулах уу, усаар хариулах уу гэдэг нь хүний мөс чанарын асуудал. Мөс чанартай монгол хүн бусдын тусыг эс мартан, хүнд туслах нь өөрт ногдсон үүрэг мэтээр бодож үйлдэж явдаг юм. Залуус та нарыг чухам ийм хүн байгаасай гэж хүснэ.
Хүнд хүргэсэн тус янз бүр. Би түүнд тусалсан, тэр надад туслах ёстой гэж үздэг нэг хэсэг байна. Би түүнд тус нэмэр болж яваагүй ч тэр надад туслах үүрэгтэй гэж бодох нөгөө нь байх. Хэн ч хамаагүй надад туслаасай гэж горьдож хүлээгсэд цөөнгүй. Бусдын тусыг авалгүй өөрийгөө яаж ийгээд болгоно доо гэж мачийгсад бас бий. Хариу нэхээгүй тус илүү үнэтэй. Сэтгэлээсээ үзүүлсэн туслалцаа бүр илүү үнэ цэнэтэй. Нэмэр тус болж чадахгүй бол нэрмээс саад учруулахгүй байх нь хэн хэндээ өлзийтэй. Хийж бүтээх гэж байгааг нь, хийсэн бүтээснийг нь магтан сайшаадаггүй юмаа гэхэд байгаагаар нь, үнэнээр нь үнэлэн, урмын үг сэтгэлээсээ хэлж сурах нь томоос том тус. Энэ нь хүнд ихийг бүтээх урам зориг, эрч хүч хайрладаг юм. Нөхрийг магтах болоод буруушаахад барих зарчим гэж бий. “Нөхрийгөө ганцаар байхад нь буруушаа, харин нийтийн өмнө магтан сайшаа”. Хүнд тус болсон бол тэр тухайгаа март. Хүний тусыг авсан бол үргэлж санаж яв. Хүнд тус хүргэсэн бол тэр тухай бүү дурс. Тусыг хүртсэн хүн нь ярьж байг. Тус болсон хүний ачийг мартах муухай. Ачийг бачаар хариулбал бүр ч муухай. Хүний тусыг тусаар хариулж явбал буян хураана, тусыг усаар хариулбал нүгэл хурна. Цагийг нь олж хүргэсэн тус цаглашгүй ачлалыг авчирна. “Оройтвол олох бэрх, доройтвол сэхэх бэрх” болсон үед нь үзүүлсэн туслалцааны үр ач бага. Хэрэгтэй үед нь, хэрэгтэй зүйлээр нь хүргэсэн тус нэмрийн үр өгөөж их бөгөөд үл мартагдам. Тиймээс ч манай өвөг дээдсийн “тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэж захиж үлдээсэн оюуны өвийг бид залгамжлан үргэлжлүүлэх үүрэгтэй. Чадах зүйлээрээ л бусдад тусал. Чадахгүй, дийлэхгүй байж тусална гэж хоосон амлан, цагийг үрж, сэтгэлийг чилээж байх хэрэггүй. Туслалцаа хүссэн хүнд чадна, чадахгүй гэдэг хоёр үгний нэгийг чанх урьдаас нь харж байгаад хэлж сур. Тусална гэж хэлчихээд мартчихдаг нөхөр байхад тусална гэж хэлээгүй мөртлөө бодсоор яваад хэрэгжүүлдэг хүн ч байх. Тус болооч гэж хүсэхэд үгүй гэж хэлж чаддаггүй хүмүүс бий. Тэдний дунд яадгаа алдчихсан худалч байхад яаж ийгээд бүтээчих юмсан гэж өөрийгөө зовоож явдаг цайлган сэтгэлтэн олон байна. Бусдад тус болохын төлөө төрчихсөн юм шиг үргэлж хүний төлөө санаа тавьж, өөрийгөө зовоож явдаг сайхан санаат, сайн үйлстнүүд цөөн ч гэсэн бас байгаа. Тэд хүнд туслахыг бурхнаас оноосон үүрэг мэт бодож, үйлдэнэ. Түүнд яаж тус хүргэчих вэ гэдэг бодол цаг үргэлж тархи толгойд нь эргэлдэнэ. Тус хүргэчихвэл тоймгүй баярлана, тус хүргэж чадаагүй бол туйлаас санааширна. Туслалцаа авсан нөхөр түүнийгээ юм болгож чадахгүй үрэн таран хийчихвэл өөрөө буруутай мэт түүний өмнөөс зовно, гомдоно. Дэмнээд, туслаад байхад өөдөө гарч өсөж өөдлөхгүй бол өр зүрхнээсээ харамсана. Тусыг олоод ургаж төлжиж, ахиж дэвжиж байгаа хүмүүсийг хараад чин сэтгэлээсээ баярлана. Хүний тусыг голж чамлаж болохгүй. Туулайн чинээ тусыг зааны дайтай бодон хүлээж авбал өгөөжөө өгнө. Сайхан сэтгэлээр хүргэх гэсэн тус саад болон гай тарьж ч болно. Түүнийг тус болох гээд ус болох гэж хураангуйлан илэрхийлдэг. Тэгэхээр сайн санасан тус болгон сайн үр дагавартай байж чаддаггүй ажээ. Чамд ирсэн тусыг үзүүлэх ёстой л тус гэж үзэх биш, тусалсанд нь ямагт баярласан сэтгэлээр хүлээж авч байх хэрэгтэй. Тэвдэхийн үед төрлийн сайн танигдана гэх үг бий. Ойрын хүмүүсээ тэвдэж ядарч явахад нь гуйлгаж, хүлээлгэлгүй туслах хэрэгтэй. Май гээд өгчихөх чадалгүй бол яав гээд асуучих. Тэр чинь сэтгэлийн том тус. Зовлон жаргалаа хуваалцана гэдэг нь сэтгэлээсээ өгөх туслалцаа дэмжлэг мөн билээ. Түмэн олны тус яндашгүй их. “Түмэн лантай явахаар түмэн олонтойгоо яв”. Сандарч мэгдэхийн цагт садан төрлөөс чинь дутахгүй түмэн олон тусална. Сайн сайхан яваа чинь түмэн олны тус дэмийн ач. Түүгээр тэжээгдэж чи өдий зэрэгт хүрсэн. Чиний дуулж байгаа дууг үзэгч олон сонсохгүй бол, чиний бичсэн шүлгийг уншигч олон таалахгүй бол, чиний зурсан зургийг түмэн олон таашаахгүй бол яах вэ? Бүтээлийг нар сар, навч цэцгэнд зориулж туурвиагүй, хүнд, түмэн олонд зориулсан мэдээж. Та нарын бүтээлийг сонсох, унших, харах бүртээ баяр баясгалангаар бялхаж байдаг олон түмний тус дэмээр л онгод хийморь чинь хөглөгдөж, авьяас билэг чинь ундарч яваа. Уран бүтээлч нэг талаас түмэн олондоо оюуны өглөг хайрлаж, сэтгэлийн таашаалыг хүртээж, тэдэнд том тус дэм болж байдаг нь үнэн. Нөгөө талаас олон түмний дэм тусгүйгээр туурвисан бүтээлийн чинь үнэ цэнэ дээш мандан цойлохгүй хөлийн өлмийд ойчих нь бас үнэн. Түмний хүлээлгэсэн итгэл найдвар улам ихийг, бүр сайныг хийж бүтээх сэтгэлийн тэнхээнд чинь дундаршгүй хүчийг сэлбэн нэмж, авьяас билгийн чинь гал дөлийг бадраана. Олон түмний хүндлэл бишрэл гэж ямар айхтар зүйл байдаг нь ч аяндаа ойлгогдоно. Од болон гялалзан мандах амархан. Олны итгэлийг даалгүй ойчих бүр амархан гэдгийг санаж бодож явууштай. Багш нар олны тусын тулд, ирээдүйн үйл хэргийн төлөө үнэхээр бахдам үйлийг бүтээж байгаа хүмүүс. “Багш хүнийг лаатай зүйрлэлтэй. Бусдыг гэрэлтүүлэхийн төлөө өөрийгөө зориулдаг” юм. Бусдын тусын тулд өөрийгөө зориулахаас илүү буянтай ажил хаа байх вэ. Хэдэн үеэрээ амьдрах орон байрыг халуунд халж, хүйтэнд хөрж, шавар будаг, тоос шороотой зууралдан байж барьж босгосон барилгачид мартах аргагүй тусыг бидэнд хүргэж байдгийг тэр бүр ойшоодоггүй. Мөнгийг нь төлөөд байраа авч байна, барилгачдын тус гэж юу байхав гэж бодох хүн байхыг үгүйсгэхгүй. Барилгачнаас өөр хэн ч дийлж дөнгөхгүй хүнд бөгөөд нарийн ажлыг хийхдээ өрсөн тоосго, наасан хавтан, угсарсан хоолой бүхэнд ур чадвар, сэтгэл зүтгэл, хөлс хөдөлмөрөө шингээн ирээдүйн эздэд нь их тус хүргэснийг эрхбиш үнэлж талархах чадвартай болох ёстой. Эрүүл саруул байх нь хүний аз жаргалын оргил. Бусдын жаргалант амьдралын төлөө аюулт өвчинтэй тулалдах эмч нарын үлэмжийн гавьяат, баатарлаг хөдөлмөрийг юутай ч зүйрлэж харьцуулашгүй. Өвдөж зовсон хүмүүст сэтгэл итгэлийн тус, найдлага найдварын илч гэрэл хайрлах шиг гэгээн ачлал хаана байх билээ. Эмч нар эмнэлэгээс эдгээд гарч буй хүний гараас нь чихрийн цуглуулга биш, нүднээс нь баярласан сэтгэлийн оч олж харахыг хүсдэг юм. Түүнийг хүн болгон өгч чаддаг билүү? Үхэх гэж байгаа хүнийг босгоод ирж байхад баярлахгүй байж болно гэж үү? Тус болсон хүндээ баярласан сэтгэлээ илэрхийлж сурах нь том соёл, хүн ёсны үүрэг юм. Нийтийн автобусанд явсан зорчигч “баярлалаа” гэж хэлэхэд нь тийм эелдэг үг төдийлөн сонсож байгаагүй үйлчлэгч нулимсаа барьж чадалгүй уйлсан тухай яриаг сонсоод инээлддэг байж билээ. Уг нь инээж шоолох юм биш. Баярлалаа гэх ганцхан үг хүний сэтгэлийн хөвчийг ямар хүчтэй хөндөж чадаж байна вэ гэдгийг ухаарах ёстой юм. Тус болох хүнээ түшиж ойртож яв. Түшээд ирснийг бүү түлх. Түлхэснийг харин бүү түш. Хүнд үзүүлсэн тус, сайн санасан сэтгэл бүхэн эргээд тийм хариуг заавал авч ирнэ гэж эргэлтгүй итгэн хүлээн найдах хэрэггүй. Тус хүргэсэн халуун сэтгэл рүү чинь хүйтэн ус цацах хүн цөөнгүй гэдгийг мэд. Тус болъё гэж зорьсон ариун итгэлийг хадгалж даалгүй, гомдоон мохоох хүн бийг тооцож бодож бай. Сэтгэлээсээ үзүүлэх ач тус доошоо намдан нугдайж, өгөө авааны зарчимд суурилсан тус өөдөө өндөрсөн цогнойж байгааг цаг зуурын гажиг гэж найдан, сэтгэлээ тайтгаруулая. Хариу нэхээгүй тус, сэтгэлээсээ хайрласан тус ханш нь буурах ёсгүй гэдгийг хүн бүр бодож ухаарч яваг.
Өнөөдөр тааруу зүйлсийн тухай бишгүй ярилаа. Залуус та нарыг амны алдаа бага хийж, муугаас зайлж, муухайгаас холхон явахыг сануулж энэ бүхнийг хэлж байгааг ойлгон тунгаагаарай.


ИД ХАВАА ГАЙХУУЛСАН ЖИЛ БОЛООСОЙ
2007 оны 12 сарын 28

Хүний амьдралын ид хав ажил хөдөлмөрт, оюун ухааны ид хав эрдэм мэдлэгт, бие махбодийн ид хав эрүүл мэндэд байна. Шинэ он монгол хүн бүрийн хувьд ажил хөдөлмөр, эрдэм мэдлэг, эрүүл мэндийн ид хаваа өөр өөрсдийн хүсэл боломжийн хязгаартаа тултал гайхуулсан жил болоосой. Бүтэн жил хийсэн ажилдаа Та сэтгэл хангалуун байна уу? Хийж гүйцэтгээгүй байхад хичнээн олон ажил хэзээ ч боломжгүй мэт санагдаж байлаа даа. Тэгвэл одоо нэгэнт ард нь гарч үр дүнг нь үзжээ. Хийж чадсан бүхэндээ сэтгэл ханамжтай үлд. Хийж амжаагүйдээ гутрах хэрэггүй. Өөдрөг сэтгэл, хичээл зүтгэлийн ачаар ирэх онд амжаагүйгээ гүйцээж, ахиу ихийг шинээр бүтээх гэрэлт зам өмнө чинь зурайж байна. Бусад хүн таныг хийж чадахгүй гэж бодож байсан тэр зүйлийг хийж чадсан бол түүгээрээ бахарх. Түүнээсээ дээд зэргийн таашаал хүртэн, хөөр баяраар дүүрэн шинэ оноо угтаарай. Хөдөлмөрлөхгүйгээр олддог юм гэж хүний амьдралд үгүй. Ирэх онд баялгийг хураая гэж бодож төлөвлөсөн хүн бүр хөдөлмөрлөх чадвараа улам сайжруул. Хүмүүсийн жинхэнэ баялаг хөдөлмөрлөх чадварт шингээстэй байдаг юм. “Хуучин цагт байгаль нь өгөөжтэй орнууд хамгийн баян байлаа, өнөө үед хүн нь илүү бүтээлч улс орнууд хамгаас баян ажээ”. Монгол орноо баян чинээлэг болгоё гэвэл монгол хүнийг илүү бүтээлч болгох хэрэгтэй. Шинжлэх ухаан, эрдэм боловсрол, хүний ур чадвар, чадавхийг өсгөхөд төр засаг бодлогоор ч, нөхцөлөөр ч, хөрөнгө мөнгөөр ч дэмжин тэтгэх хэрэгцээ шаардлага нэн их байна. Аливаа үйл хэргийг төгс сайн хийхийн тулд түүндээ дуртай байх хэрэгтэй. Хүн жинхэнэ дуртай ажилдаа л хүссэн амжилтаа гаргаж чадна. Хүн сайн сайхныг болон аугаа ихийг хүсэх ёстой. Болохгүй, бүтэхгүй гэдэг үгийг мартан орхиж, болгох бүтээх өөдрөг сэтгэлээр жигүүрлэн урагшилж, хүн сайн сайханд хүрнэ. Аугаа их хүслийг асар их тэвчээр хатамж, алжаалыг умартсан хөдөлмөр зүтгэлээр гүйцэлдүүлнэ. Багыг хүсдэг хүн бага хэрэгцээтэй байдаг. Бага хүслээр ихийг бүтээх боломжгүй. Улс орон өөдлөх үү, уруудах уу, та бидний амьдрал дээрдэх үү дордох уу, шударга ёс дэгжих үү, шударга бус даврах уу гэдгийг үндсэнд нь шийдэх бодлого тодорхойлогч эрхмүүдийг сонгох дээд зэргийн хариуцлагатай ажлыг золгож буй онд хийцгээнэ. Улс орны хөгжил дэвшилд том түлхэц өгөх уул уурхай, ашигт малтмалын томоохон орд газруудыг ашиглах асуудал дөтлөн айсуй дөрвөн жилд үндсэндээ байр байдлаа олно. Өөрсдийн чинь, үр хүүхэд ач зээ нарын чинь ирээдүй гэрэл гэгээтэй байх уу, бүүдгэр бүрсгэр байх уу гэдгээ ухамсартайгаар сонгох шинэ оноо угтаж байгаагаа хүн бүр дээд зэргээр ухаарая. Шударга иргэнийг сонгож байж шударга ёс тогтоно гэдэг нийтлэг нэгэн үнэлэмж нийгэмд бүрэлдэх нь онцгой чухал. Шударга бус явдлыг нэг хүн хийж байна уу нийтээрээ үйлдэж байна уу ялгаагүй булай хэрэг. Шударга хүн гэдэг нь шударга ярьдаг хүн биш, шударга үйлддэг, шударга байхыг шаардаж чаддаг иргэн билээ. Шударга бус явдал үйлддэггүй хүнийг л ганцхан шударга гэдэг юм биш. Харин шударга бус зүйл хийгээд ашиг завшаан олчих боломж байсаар байхад түүнийг тойрч чаддаг хүмүүнийг л шударга гэнэ. Төрийн хүн гэмгүй цайлган нүүрээ ард түмэнд харуулах гэж булталзах нь төдийлөн чухал биш, ард түмнийхээ онгошиж харшсан нүүр царайг олж хардаг байх нь илүү чухал. Улс төрчид ард түмний амьдралын гүн рүү харцгаа. Тэгвэл л та нар жинхэнэ үнэнийг олж үзэх болно. Амьдралын мөн чанар нь эрүүл байж, ихийг бүтээхэд байдаг. Эрүүл биед саруул ухаан оршино гэх их зохиолчийн хэлсэн үг хэн ч маргашгүй үнэн билээ. Ухаанаа саруул байлгая гэвэл биеэ гамна. Гоо сайхан, эрхэмсэг тансаг, дур булаам бүхэн эрүүл биед л цогцолдог юм. Бие эрүүл хүн л биелэшгүйг гүйцээж, төсөөлөшгүйг бүтээж, шинийг нээж, шилдэгийг туурвиж чадна. Шинэ онд бүх хүнд эрүүл энхийн жаргаланг билэгдэе. Аз жаргал руу тэмүүлэх нь хүний заяамал шинж. Гэхдээ аз жаргалыг тэмцэж олдог болохоос хэн нэгэн буянтны гараас бэлэг болгон гардан авдаггүй. Аз жаргал агаар мандалд цэцэглэхгүй, ажиллаж хөдөлмөрлөж байж олж авна. Аз жаргалыг олох нь хадгалахаасаа хялбар байдгийг санаж яв. Тиймээс аз жаргалтай үедээ өөртөө хэт их итгэлтэй байх хэрэггүй, харин гай зовлонтой үедээ итгэлээ алдах хэрэггүй. Ганцаараа аз жаргалтай байгаад сайн сайхны оргилд очихгүй ээ. “Олон хүнд аз жаргал өгөхөөс илүү дээд, илүү сайхан юу ч байдаггүй. Хэрэв өөрийнхөө төлөө амьдрахыг хүсч байгаа бол бусдын төлөө амьдар”. Бүх хүнд дээдийн дээд аз жаргалыг ерөөе.


Комментариев нет: