воскресенье, 30 ноября 2008 г.
ЧИХ ХАНГИНАХЫГ ЦАГААР ШИНЖИХҮЙ
Баруун чих хангинавал эд юманд харш буюу гарз гарах эвдрэх гэмтэхийн ёр гэнэ.
Зүүн чих хангинавал охин үрээ дурсан сэтгэл зовно.
ҮХЭР ЦАГ буюу "01.40-03.40"
Баруун чих хангинавал хэл ам зарга, тэмцэл болохын ёр.
Зүүн чих хангинавал ажил үйлс бүтнэ.
БАР ЦАГТ буюу "03.40-05.40"
Баруун чих хангинавал санаа сэтгэл зовох хэрэг гарна.
Зүүн чих хангинавал эд юмс, олз олно.
ТУУЛАЙ ЦАГ буюу "05.40-07.40"
Баруун чих хангинавал айлчин зочин ирнэ.
Зүүн чих хангинавал сэтгэл зовох хэрэг гарна.
ЛУУ ЦАГ буюу "07.40-09.40"
Баруун чих хангинавал айлчин зочин ирнэ.
Зүүн чих хангинавал алс хол явах хэрэг гарна.
МОГОЙ ЦАГ буюу "09.40-11.40"
Баруун чих хангинавал гэрийн гадна дотор өлзийтэй сайн.
Зүүн чих хангинавал хуучин хэрэг сөхөгдөнө.
МОРЬ ЦАГ буюу "11.40-13.40"
Баруун чих хангинавал ураг садан айсуй.
Зүүн чих хангинавал холын зочин ирнэ.
ХОНЬ ЦАГТ буюу "13.40-15.40"
Баруун чих хангинавал айлчин зочин ирж, идээ ундаагаар дайлна.
Зүүн чих хангинавал хэл чимээ сонсоно.
БИЧ ЦАГ буюу "15.40-17.40"
Баруун чих хангинавал баярт үйл явдал болно.
Зүүн чих хангинавал хол явах хэрэг гарна.
ТАХИА ЦАГ буюу "17.40-19.40"
Баруун чих хангинавал өлзийтэй сайн учрал болно.
Зүүн чих хангинавал эд юмсын гарз гарна.
НОХОЙ ЦАГ буюу "19.40-21.40"
Баруун чих хангинавал зочин ирнэ.
Зүүн чих хангинавал хоол унд элбэг дэлбэг болно.
ГАХАЙ ЦАГ буюу "21.40-23.40"
Баруун чих хангинавал хоол, дарс олдоно.
Зүүн чих хангинавал эд юмсад өлзийтэй сайн гэжээ.
суббота, 29 ноября 2008 г.
ОХИН ҮРЭЭ ХАЙРЛА
ЯМАР ВИТАМИН ЯМАР ХҮНСЭНД ИЛҮҮ ИХ АГУУЛАГДДАГ ВЭ?
В: Элэг, сүү, өндөг, дрожж, улаан буудай, вандуй
В2: Сүү, аарц, өндөг, гахайн мах
В6: Элэг, бөөр, тархи, гадил жимс, үзэм, чавга
В12: Элэг, бөөр, өндөгний шар
С: Улаан өнгийн бүх төрлийн жимс, ногоо, өнгөт байцаа, ногоон вандуй
D: Элэг, загас, өндөгний шар, мах, ургамлын тос
E: Сүү, улаан буудай
F: Хатаасан жимс
H: Элэг, мөөг, самар, шоколад, сүү
СТРЕССИЙГ ХЯЛБАР ТАЙЛАХ 6 АРГА
ЭХНИЙ АРГА (ОРЧНОО СОЛИХ)
Хоёр гурван минутын турш анхаарлаа ажлаасаа өөр зүйл дээр төвлөрүүлэх хэрэгтэй. Жишээлэхэд, эргэн тойрондоо байгаа эд зүйлсийг анхааралтай ширтэх зуураа тод хар, эсвэл саарал өнгөтэй эд зүйл тав тавыг олох г.м. Өөрийн ширээ, дэргэдэх хүнийхээ ширээн дээрх эд зүйлсийг жижиг гэлтгүй бүгдийг нь ажиглан тоолж болж байна. Эсвэл түр амсхийж өөр өрөөнд орж, эсвэл гудамжинд гарч алхалж яваа хүмүүс, давхилдах машинуудыг харсан шигээ таван минут зогсож болно. Ингэхдээ гудамжинд сэрүүн байх тусам стресс хурдан тайлагдана. Учир нь сэрүүн, хүйтэн агаар нь серотонин нэртэй тайвшруулах үүрэгтэй гормоны ялгаруулалтыг нэмэгдүүлдэг. Иймд гадаа халуун байгаа бол нүүр, гараа хүйтэн усаар угааж болно. Ингэхдээ заавал чихээ цуг усаар угааж байх хэрэгтэйг хүн бүр мэддэггүй. Чихэнд маш олон тооны хялгасан судас, биологийн идэвхт цэгүүд байдаг бөгөөд тэднийг хүйтэн усаар угааж цочроох нь сайн нөлөөтэй.
ХОЁРДУГААР АРГА (ХОЁР ЗЭЭРДЭЭРЭЭ)
Сэтгэл санаа таагүйтсэн, стресст орсон үед явган явах нь эвгүй байдлаас гарах маш сайн арга. Гол нь яарч тэвдэлгүйгээр тайван алхах хэрэгтэй. Алхах үед ачаалал, анхаарал нь аяндаа булчинд шилжиж толгой тархи таагүй бодлоосоо ангижирна.
ГУРАВДУГААР АРГА (НЭГЭН ХЭМИЙН ХӨДӨЛГӨӨН)
Түгшиж, сэтгэл нь таагүйтсэн хүн хөлөө хөдөлгөх, нааш цааш холхих, хуруугаараа ширээ бөмбөрдөх зэрэг зүйлсийг хар аяндаа хийж эхэлдэг. Зарим хүн үүнд дургүйцэж “боль” гэдэг. Гэтэл ийм нэг хэмнэлтэй хөдөлгөөн нь тайвшруулах нөлөөтэй байдаг аж. Ингэж нэгэн хэмийн хөдөлгөөн хийхэд дэргэдэх хүнд чинь эвгүй байгаа бол маань, тарни гэх мэт зүйлсийг амандаа олон дараалан уншиж болно. Үр дүн нь мөн л ялгаагүй.
ДӨРӨВДҮГЭЭР АРГА (ХУРУУНЫ МЭДРЭЛИЙГ ЦОЧРООХ)
Стресст орсон, түгшсэн үед цагаан будаатай уутанд гараа дүрж, хуруугаараа будааг имрэх нь маш сайн нөлөө үзүүлдэг. Учир нь ингэх үед хуруу, гарын мэдрэлийн төгсгөлүүдийг будааны ширхэг нь зөөлөн цочроох хэлбэрээр сэргээж өгдөг. Хятадууд төмөр бөмбөлөг алган дээрээ эргүүлж явдагийн учир нь мөн л энэ. Хэрэв энэ бүхэн байхгүй бол ширээн дээрх ном сэтгүүлийнхээ хуудас бүрийг хурууныхаа үзүүрээр эргүүлэн харсан ч болно. Үр дүн нь мөн адил.
ТАВДУГААР АРГА (ЧИХНИЙ ИЛЛЭГ)
Чихний дэлбээг нар зөв эргүүлэн иллэг хийнэ. Зөөлөн, өөрт тааламжтай байх хурд, даралтаар иллэг хийнэ. Иллэг хийх хугацаа 3-5 минут. Энэ иллэгийг өдөрт хэд хэдэн удаа давтаж болно. Гэхдээ энэ иллэг нь бие махбодийг суллах сайн нөлөөтэй тул ойр ойрхон хийгээд байвал хэт тайвширч, нойрмоглох зэргээр ажил хийхтэй мантай болж магадгүйг мартаж болохгүй. Иймд ялангуяа ажилтай холбоотой ширүүн маргаан, мэтгэлцээний дараа хийхэд үр дүнтэй гэж үздэг.
ЗУРАВДУГААР АРГА (ЗӨВ АМЬСГАЛАХ)
вторник, 18 ноября 2008 г.
ХҮСЭЛ
- Ааваа ээжээ би харих гэж байна. Эхлээд нэг юм гуйж болох уу? Би нэг найзтайгаа хамт очих гэсэн юм. -Тэгэлгүй яахав найзтай чинь танилцахдаа баяртай байх болно. -Заавал хэлэх хэрэгтэй бас нэг зүйл байна. Найз маань дайны үеэр тэсрэх бөмбөгөнд өртөж шархтаад нэг хөл, нэг гаргүй болчихсон. Өөр очих газар байхгүй болхоор бидэнтэй хамт амьдрахыг зөвшөөрөөч. -Үүнийг сонсоход харамсалтай байна хүү минь түүнийг байж болох өөр газар олоход нь туслаж болох юм. -Үгүй ээ түүнийг бидэнтэй хамт байхыг би хүсэж байна. -Хүү минь түүнийг биднээс юу хүсэж байгааг нь чи мэдэхгүй байна. Түүн шиг тахир дутуу хүн бидэнд хүнд ачаа болно. Бид өөрсдийн гэсэн амьдралтай улс ийм мэт зүйлс бидний амьдралд төвөг дарамт болохыг бид зөвшөөрөхгүй. Чи наад найзаа мартаал гэртээ хүрээд ир.
Яг энэ үед хүү утсаа тасаллаа. Хүүгийн гэр бүл хэсэг хугацаанд хүүгээсээ сураг сонссонгүй холбоо тасрав. Хэд хоногийн дараа хүүг нь өндөр байшин дээрээс унаж нас барсан болохыг цагдаа нар утасдаж мэдэгдэв. Цагдаа нар үүнийг азгүй тохиолдол биш амиа хорлолт гэлээ. Гүн эмгэнэлд автсан эцэг эх хоёр тэр дороо хүүгийхээ цогцсыг танихаар эмнэлэгийн моорог руу очив. Аав ээж хоёр хүүгээ тэр дор нь танив. Харин хэзээ ч төсөөлөөгүй байсан зүйлийг мэдээд харамсан амаа барив... Хүү нь зөвхөн нэг гар, нэг хөлтэй байлаа.
ХАРААЦАЙ
воскресенье, 16 ноября 2008 г.
ТИТЭМ ҮГ 2008 ОН
ӨӨРТӨӨ ИТГЭ
2008 оны 12 сарын 19
Өөртөө итгэ. Итгэл бол асар их хүч. Тэр ч бүү хэл итгэлд ид шидийн хүч бий. Би үүнийг хэзээ ч сурахгүй. Би түүнийг яасан ч дийлэхгүй. Би чадахгүй. Би мэдэхгүй. Тэр миний давшгүй даваа. Энэ миний хүршгүй оргил. Энэ мэт итгэл алдарсан бодол санааны харанхуй үүл хүний хүсэл мөрөөдлийн гэрэлт нарыг хааж халхалсан байдаг. Хаанаас илгээсэн ад зэтгэрийн хорлол вэ? Хаа нэгтэйгээс, хэн нэгний илгээсэн хорлол биш. Энэ бүхэн өөрөөс чинь, өөртөө итгэдэггүйн хар гайгаас үүсэл үүдэлтэй. Өөртөө итгэдэггүй хүн хайран биеэ зөнд нь орхин хөсрийн юм шиг зэврүүлнэ. Тийм хүний зүрх зориг нь мохож гүйцсэн байдаг. Эрүүл саруул ухаан санааны орон зайг нь өөрийгөө дорд үзэх нэхширсэн бохир заваан үзэл шахан түрж эзэлсэн байна. Тийм хүмүүсийн хөшүүн молхи ухаанд ирээдүйн гэрэл гэгээг харах нь байтугай өнөөдрийг харах хараа нь ч алга болно. Ийм хөөрхийлөлтэй байдалд хүрчилгүй зогсох боломж бололцоо бий юу?
Хэн бүхэнд гар дор нь байгаа. Өөрийнхөө хүчинд итгэ. Өөртөө итгэхүйд суралц. Өөртөө итгэхгүй байж бусдад яаж итгэх юм бэ? Өөртөө итгэдэггүй хүн өөрийгөө ч хайрлаж мэддэггүй. Өөрт байхгүй юмыг бусдад өгч чаддаггүйтэй адил өөрийгөө хайрлахгүй байж яаж бусдыг хайрлах билээ дээ. Ийм байдлаасаа болоод хүн итгэл хөсөрдсөн, хайр дутсан орон зай руу аажим аажмаар гулсан орж явчихна. Тийм орчинд амьдарч байгаа хүнээс аз жаргал алсын алсад холдож хөндийрөн хүнийсэнэ. Ер нь итгэл хайрыг эвдэн бусниулах нь тэр хүнд учруулж болох хамгийн том хөнөөл гэдгийг ухаантай хүн болгон бодож явууштай.
Өөртөө итгэдэггүй хүн гутранги үзлийн боолчлолд талхигдан зовж явах гунигт тавилантай. Гутранги үзэлтэн амьдралын гэрэл сүүдэртэй аль ч асуудлыг болохгүй бүтэхгүй талаас нь эхэлж хардаг хууч зуршилтай болчихдог зовлонтой. Гутранги хүн өөртөө тамыг л бүтээж насаа илээдэг. Хүний амьдралд төөрөх түмэн сэжүүр, будилах буман салаа бий. Урхи занга энд тэндгүй. Ангал хавцал хаа сайгүй. Өөртөө итгэлтэй хүн энэ бүхнийг тойрч гарах ухаантай, туулж давах зоригтой, тэсч үлдэх тэвчээртэй байна. Өөртөө итгэлгүй хүний хүсэл мөрөөдлийн мод хэзээ ч нахиалахгүй, жимсэлж цэцэглэхгүй, хатаж ёрдойн хоцорно. Өөртөө итгэлгүйгээр хийсэн бүхэн дутуу дулимаг. Төгс төгөлдөр болно гэж хэзээ ч үгүй. Өөртөө итгэлгүй хүний үйлдэл бүхэн дутуу сүнстэй, доголон явдалтай. Өөртөө итгэлгүй хүн биеэ үргэлж голж чамлан, чадахгүй мэдэхгүй гэх зохиомол хүлээсээр өөрийгөө чивчиртэл хүлж багласан байдаг юм.Өөртөө итгэлгүй хүн шийдмэг бус, зоримог бус. Эрсдэл хийх чадваргүй. Тиймээс бүтээлч бус. Шийдвэр гаргахдаа удаан. Эргэж хургаж, эргэлзэж тээнэгэлзэж байж сая нэг юм шийдэхчээн болдог. Цаг алддаг. Алдсан цагийн хором бүрээр шийдвэрийн үр дүн хорогдоно. Өөртөө итгэлгүй байх нь ямар их хохиролтойг харж байна уу? Тийм хүмүүс эцэс сүүлдээ өөрийгөө нарт орчлонд байх нь хэрэгтэй, хэрэггүйгээ ч ялгаж салгахаа болих хүртлээ донгиордог.
Тэгвэл чи энэ орчлонд хэрэгтэй. Чамгүй бол орчлон ертөнцөд хөг аялгуу дутна. Чиний орон зайг хэн ч нөхөж чадахгүй гэдгийг эхлээд ой тойндоо уусан шингэтэл ойлгон мэдэр. Тэгээд өөртөө итгэх итгэлээ алхам алхмаар сэргээ. Өөрийгөө бусдаас дутуу гэж үнэлж явах нь тийм ч муу, тэнэг адгийн араншин биш. “Би өөрийгөө дандаа хүнээс дутуу гэж үнэлж явдаг. Тэр маань намайг дандаа ирлэж явдаг байхгүй юу” гэж мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж хэлсэн байна лээ. Сонсож байна уу. Их аварга хүртэл өөрийгөө хүнээс дутуу гэж үнэлэн, дутуугаа гүйцээхийн төлөө ухаан бодлоо чилээж, эр бяраа хөвчилж, өөрийгөө ирлэж суудаг байна шүү дээ. Бусдаас дутуу гэж өөрийгөө голж чамлаад, урвайж унжийгаад суугаад байвал дутуу чигээрээ л үлдэнэ. Тэр ч бүү хэл илүү, дутуугийн хоорондох зай холдон холдсоор байх вий. Чамаас илүү гэж чиний бодож байгаа тэр хүн тийм ч хол илүү биш. Чи тууштайхан, хичээж чармайгаад оролдоод үзвэл илүү дутуугийн зааг ялгаа тун багасаж байгаа нь аяндаа ойлгогдоно. Нэг л өдөр эн зэрэгцэн ирж, өөрийгөө дутуу биш гэдгээ мэдэрч, хол илүү гарах хүслийн жигүүр чамайг өд шиг хөнгөн хөтлөх болно. Гагцхүү өөрөө хичээх хэрэгтэй. Итгэл байваас бүх юм амьд, бүх юм утга төгс болдог. Өөрийн итгэлийг сэргээж чадсан хүн бусдад ч итгэж эхэлнэ. Бусдын итгэлийг хүлээх нь хэн бүхэнд жаргал, таашаал болдог. Тэр тусмаа танихгүй хөндлөнгийн хүнээс хүлээх итгэл чухам гэнэтийн бэлэг шиг мэдрэмж төрүүлдэг. Түмэн хүн холхисон олон хөлийн газар хэн нэгэн таньж мэдэхгүй хүн та миний ачааг түр харж байхгүй юу гэж олны дундаас чамд итгэн хандвал чи өөрийнхөө ачаа бараанаас илүү тэр хүнийхийг нүд цавчилгүй ширтэн, өндгөө дарсан шувуу мэт хамгаалах болно. Олны дундаас чамд итгэлээ шүү дээ. Энэ итгэл чамд баяр баясал, таашаал мэдрэмж, хариуцлагыг хамт авч ирнэ. Итгэл бол асар их хүч гэдгийг чи тохиолдлын энэ жижиг үйлээс төвөггүй ойлгоно. Хэн нэгэнд үнэн голоос итгэх аваас тэр чамайг хуурч чадахгүй. Насан туршдаа итгэлийг чинь найдвартай, нандигнан хадгалагч, итгэлт хүн чинь байсаар байна. Үнэн голоосоо итгэсэн гэдгийг мэдэрсэн зүрх хуурах алхамд хэзээ ч жолоодохгүй. Аман дээрээ нэгийг яриад, ачир дээрээ нөгөөг хийдэг хүн олны итгэлийг хүлээдэггүй. Түмний итгэлийг дааж явья гэвэл ам, ажил хоёр адил ижил байх учиртай. Өнгөн дээрээ инээд, өрцөн дотроо хорсол тээсэн хүн бусдын итгэлийг удаан хүлээдэггүй. Өрцөн доторхи хорсол өнгөн дээр ил харагдахгүй ч үйлдэл хөдлөлөөр нь ил болж танигдана. Тэр цагт ямар ч хөгжилтэй цагаан инээд итгэл төрүүлж, өрцөн доторхи хорсол заналыг хаацайлж чадахгүй. Алдаа дутагдлаа ухаардаггүй хүн амьтан хүний итгэлийг олдоггүй. Алдаагаа ухаарах нь амжилт бүтээлийн нөхөр, алдаагаа хаацайлан тайлбар тавих нь уруудал доройтлын хань хамсаа. Алдаа гаргаж болохгүй гэсэн байнгын дарамтан дор байдаг хүмүүс аймхай үхэнц болдог. Тэд хаашаа ч хөдөлж чадахгүйгээр алдаагаа отон суух тавиланд хөтлөгдөнө. Хөдлөх л юм бол ямар нэг байдлаар буруудчихна. Тэгээд нэг л байрандаа ургаа хад шиг хөшиж суусаар насыг илээхэд хүрдэг. Алдаанаас айж уйтан давчуу нүхэнд өөрийгөө бүү хорь. Аль болох баялаг, халгиа цалгиатай амьдар. Алдаанаас ангид хүн тоост орчлонд үгүй. Гагцхүү нэг алдаагаа давтаж болохгүй. Тэгж чадвал чи жинхэнэ утгаар өсч хөгжинө. Алдаан дээрээс оноог ухаарна. Буруу гэдгийг ойлгож байж зөвийг танина. Алдаа дутагдлаа ухаарч ахин давтахгүй байгаа хүнд итгэж болно. Ил магтаж, далд муулдаг авиртай хүн бусдын итгэл хүлээдэггүй. Тийм хүмүүсийг танимагцаа зайгаа барьж холдох нь өлзийтэй. Харин хайраа дотроо хадгалж, халаа гаднаа гарган, хатуу ширүүн шүүмжилж байгаа хүнтэй холын зайгаа ойртуулан дотнос. Хүмүүс хов живэнд чихэр бурам шиг дуртай. Хов жив амнаас аманд дамжихдаа өөлж муулах хачир чимгээр баяжаад байдаг. Их мөрний усыг элсээр хааж болдоггүйтэй адил ам дамжин яригдах хов живийг хааж хорих аргагүй. Харин багасгаж болно. Багасгах хамгийн сайн арга нь чи өөрөө хов жив ярихгүй байх. Хов жив шимтэн дурлаад байх сайхан зүйл ердөө ч биш. Хамгийн хорлонтой нь хов жив хайран цагийн дайсан. “Хов жив хорт могойн толгойтой байдаг” учир түүнээс хол байх нь дээр. Хов жив ярих дуртай хүнээс сэтгэлээ нээж, итгэлээ даатган ярих сайн нөхөд нь холдон холдсоор орхин одно. Хов жив ярих дуртай хүмүүс бусдыг өөлж муулахдаа гаргууд байдаг. Хэн нэгний ар хударгаар нь өөлөн тохуурхаж, бах таваа хангах нь сайн хүний шинж биш. Зигмунд Фройдийн бодлоор бол хэн нэгнийг шоолж шоглохын цаана түүнийг үзэн ядсан уур хорсол нуугддаг. Дайран довтлох гэсэн хүсэл тачаадлаа шууд бус аргаар буюу наргианч аясаар ханган түүнээсээ таашаал авдаг гэнэ. Тийм хүмүүс мэр сэр бий. Бурхан дүрт тийм мангасаас сэргийл. Ер нь хүмүүст сайн сайхан юм бэлэглэж чадахгүй бол ядахдаа муу муухай юм битгий хий.“Итгэлгүй хүнтэй үг бүү зөвлө, итгэлт нөхрөөс үгээ бүү нуу”. Итгэлийг даана гэдэг хүний шилдэг чанаруудын нэг яах аргагүй мөн. Өөртөө итгэлтэй хүн л бусдын итгэлийг дааж чадна. Өөртөө итгэлгүй хүн бусдын амыг харж, дохио заавараар хөдөлж, эцэс сүүлдээ дөрлүүлсэн сарлаг шиг хөтлөгдөн явах болдог. Өөртөө итгэлгүй хүн ямагт айдас болгоомжлолын шүхэр дор нуугдаж амьдрахад хүрнэ. Өөртөө итгэлгүй хүн нүдтэй мөртлөө сохор, чихтэй мөртлөө дүлий амьдарч байгаа хүнээс онцын ялгаа үгүй. Өөртөө итгэлтэй хүн өнгөнд мансуурч, мөнгөнд донтож, шалиг балигт живж, эрх мэдэлд улайрах адгийн замыг хэзээ ч сонгохгүй. Тэд үүрдийн золыг умартан, зуурдын жаргалыг хөөцөлдөхгүй. Өөртөө итгэлтэй хүнийг хэн ч цагдаж чадахгүй. Өөртөө гүн бат итгэ. Чи чадахгүйгээ чадна. Сурахгүйгээ сурна. Бэрхийг гэтэлнэ. Хүндийг үүрнэ. Зовлонг туулна. Жаргалыг даана. Өөртөө итгэлтэй болчихвол бусдыг аялдан дагалдахгүй, өөрөө өөртөө зам нээж, итгэл төгс алхана. Ийн алхаж байхдаа жинхэнэ амьд ахуйн эрх чөлөөг сэтгэл тэнүүн мэдэрнэ. Өөртөө итгэлтэй хүн жинхэнэ хувьтай хүн.Жинхэнэ хувьтай хүн жаргаж байхдаа ч сэрэмж алддаггүй, зовлон дунд ч сэхээ алддаггүй хүн билээ. Өөртөө итгэлтэй, жинхэнэ хувьтай хүн байх боломж хүн бүрт нээлттэй байгаа шүү!
Цаг үетэйгээ хөл нийлүүлье
2008 оны 12 сарын 17
“Аугаа их хүн эрин үеэсээ түрүүлж явдаг. Ухаантай хүн ямар ч замд цаг үетэйгээ хөл нийлүүлдэг. Зальтай хүн тухайн үеийнхээ ёс журмыг ашиглахыг хичээдэг. Тэнэг хүн цаг үеийнхээ замд тээглэдэг” гэнэ. Одоо цагт эрин үеэсээ түрүүлсэн аугаа их хүн мэр сэр бий л байх. Тэд олон хар шувуун дундах ганц хоёрхон цагаан шувуу мэт ялгарч харагдана. Гэсэн ч тэднийг амьдарч буй цаг үеийнхэн нь төдийлөн ойлгодоггүй, ойшоодоггүй, олж харахыг ч хүсдэггүй. Ойлголоо, ойшоолоо ч буруу талаас нь өөнтөглөж ойлгох нь элбэг. Тиймээс цаг үеийн золиос болон дарагддаг нь харамсалтай. Гэхдээ даравч дардайна гэдэг шиг хожмын өдөр, ойлгох үеийнхэн ирэхэд мартагнан бүдгэрсэн байсан нэр төр нь тодрон тодорсоор үдшийн гялаан, үүрийн цолмон мэт харанхуйд ч гэрэлтэнэ.
Аль эрт, алс холын 1924 оны энэ сар, өдрүүдэд Монгол орны газар газраас ухаантай хүмүүс хуран цуглаж хуралдаад хаант ёсыг халж, Бүгд найрамдах засаглалыг сонгон авчээ. Анхдугаар Үндсэн хуулийг хэлэлцэн батлав. Өнөөгийн өндөрлөгөөс өөлж гоочилох зүйл энэ хуулинд бий ч өнө хожид дурсагдах дэвшлийг авч ирсэн юм. Бидний өвөг дээдэс яндашгүй ухаантай хүмүүс. “Улирал нь ирсэн цагт улирлын аясыг дага” гэдгийг сайн ойлгодог төдийгүй, сайтар дагадаг байжээ. Улсын анхдугаар их хурлын төлөөлөгчид угтан ирж буй улирлын өнгийг таньж, аясыг дагаж, улсынхаа түүхэнд цоо шинэ хуудсыг нээж өгсөн. Тэд нар олон сургууль дүүргэж, овойж товойх боловсрол олоогүй, “хөх царайтай, хөдсөн дээлтэй” хөдөө талын хөрслөг ардууд голцуу байсан ч дээдсийнхээ яндашгүй, дундаршгүй ухааныг өвлөсөн хар ухаантай, цаг үеэ мэдрэх торгон мэдрэмжтэй, ирээдүйгээ төсөөлөх төсөөлөлтэй ухаантнууд байжээ. Эд нар цаг үеийнхээ замд тээглэж тэнэглээгүй ээ.Одоо цагт тухайн үеийнхээ ёс журмыг ашиглахыг хичээгч зальтнууд талын бор оготно шиг олширчээ. Тэд газар сайгүй бужигналдан хөлхөлдөнө. Яана гэхэв, ийм хүмүүс аль ч цаг үед байсан, одоо бүр ч олон байгаа, ирээдүйд тоо нь цөөрөх ч байсаар байна гээд нүдээ аньж, хэлээ хазаад орхиё. Харин бидний үед цаг үеийнхээ замд тээглэдэг тэнэгүүд эднээс цөөнгүй тоологдох болсон нь өнөө цагийн эмгэнэл, гай гамшиг. Цагийн юмыг цагт нь хийлгэхгүй нэг хэсэг нь араас нь чангаан угзарч, нөгөө хэсэг нь урагшлах зам дээр нь тас хөндлөн хэвтэж тэнэглэнэ. Үүнээс үүдэлтэй хохирлыг тооцвол манханы элсний тоо ширхэгт магад дөхөж очно. Цаг үетэйгээ хөл нийлүүлэх ухаантай, жаахан ч гэсэн сортоотой байгаач дээ. Эс тэгвээс цаг үеийнхээ замд тээглэсэн тэнэгүүд болж түүхэнд хараар бичигдэн үлдэнэ. Ухаантай хүн үүнийг арай ч хүсэхгүй баймаар юм. “Ер нь мунхаг юм уу, ухаалаг хүмүүсээс бус, хагас тэнэг, хагас дутуу ухаантай улсаас л хамаг гай үүддэг” гэдэг. Тийм болохоор хагас тэнэг, хагас дутуу ухаантай хүмүүсийг Монгол төрд хөл тавих нь бүү хэл барааны газраас бүү ойртуул гэж хатуу хуульчлан журамла. Яагаад гэвэл, “ухаан хязгаартай, тэнэглэлд хязгаар үгүй” гэдэг юм билээ. Энэхүү хязгаар үгүй тэнэглэлээс болж түмэн олон ч зовж зүдэрч байсан, төр улс ч доройтож мөхөж байсан гашуун сургамж харамсалтай нь элбэг. Энэ хязгаар үгүй тэнэглэлээс болж одоо ч олж авахаа авч чадахгүй, очиж чадахдаа хүрч дийлэхгүй мунгинаж байна. Ухаантан, мунхаг хоёрыг ялгаж салгаж тань! Түүнээс гадна “ухаантан болж харагдахыг хичээж байгаа мунхаг хүнээс аюултай нь үгүй” гэдгийг мэд. Ийм аюултай хүнийг бид харсаар мэдсээр байгаа мөртлөө өөрт байгаа хамгийн нандин өр зүрхний итгэлээ өгч өөрсдийгөө төлөөлүүлэн төрд залдагаа эрхбиш бодмоор, ухаармаар.Цол дагаж бяр нэмдэг гэж бөхчүүл ярьдаг. Тэгвэл алба тушаалыг дагаж ухаан, чадвар ирдэггүй харин хариуцлага хамт ирдэг юм. Тийм байхад алба тушаалтай хамт ирсэн хариуцлагаа умартаад бүхнээс илүүг чадагч, бүхнээс ухаантай царайлагч болчих нь инээдэмтэй бөгөөд ичгүүртэй. Алба тушаалдаа тохирч дүйцэхүйц ухаан, чадвартай болохын төлөө цаг нартай уралдан өөрөө хичээх хэрэгтэй. Эс тэгвээс нэн удалгүй албаны малгай чинь толгойдоо гангадаж, хүмүүст гологдон, гоочилогдоно. Өндөр алба тушаалгүй гэж бүү чамлан шанал. Өндөр алба тушаалд суух хүн би мөн үү биш үү гэж өөрийгөө чамлан шанал. Хүмүүс намайг хүндлэхгүй, хүрээлэхгүй байна гэж бүү зовон шанал. Хүмүүст өөрийгөө хүндлүүлэхээр, хүрээлүүлэхээр зүйлийг хийж чадсан уу үгүй юу гэж зовон шанал. Төрд зүтгэж байгаа хэн боловч энэ дөрвөн шаналанг санаж яваг. Ичих булчирхайгаа хатааж, нүүрээ ширлэж хэрхэвч болохгүй. “Хүн бол нүүр нь улайдаг, тодорхой нөхцөлд улайх ч ёстой цорын ганц амьтан” юм гэсэн. Тэр тусмаа төрийн хүний нүүр тодорхой нөхцөлд бүхнээс түрүүнд улайдаг байх ёстой. Ичих нүүрэндээ илэг наасан мөчөөсөө төрд зүтгэх эрхээ хаяж гээсэн гэдгээ ухаар. Төрийн хүнд улааныг үзээд урвах, шарыг үзээд шарвах тогтворгүй зан хэрэггүй. Төрийн хүн тогтвортой араншинтай, тогтсон зарчимтай байх хэрэгтэй. Арслан шиг архираад зурам шиг зугатах хүнийг хэн ч, хэзээ ч хүндлэхгүй. Өөрөө хэлж ярихаасаа урьд хүмүүсийг чагнан сонс. Тэр тусмаа “Үнэн хэчнээн гашуун байсан ч, чих тавин сонс”. Цэцэнд хоёр чих цөөднө, тэнэгт нэг хэл илүүднэ гэдэг үг төрд алба хашиж байгаа хүн бүр бодож явах бодол, санаж явах санаа мөн. Хэнхдэг дүүрэн муу санаа, хэвэл дүүрэн зусар аргатай хүмүүсээс дөлж болгоомжил. Тийм хүмүүс олширсон гэнэ. Ийм хүнтэй ойр байвал хөлдүү мөсөн дээр суусан мэт дороос жиндүүлж, хүйтэн салхи сүвээ рүү үлээх мэт хажуугаас жихүүцүүлнэ. Илүү харж, билүү долоох хэрэггүй. “Миний аяга жижигхэн, гэхдээ би өөрийнхөө аягаар л ууна” гэж айлдсан мэргэдийн үгийг марталгүй санаж яв. Бусдын том аяга руу бүү өнгий. Ядарч зовсон хүмүүсийн жижигхэн бор аягатайгаас нь битгий илүүчил. Төрөөс хайрласан тэр л тагшаар ууж бай. Өөрийн үзэл бодол, үнэт зүйлс, үндсэн зарчимдаа асар хүчтэй салхинд ч ажралгүй тайван зогсох аварга сүрлэг мод лугаа адил бат тууштай бай. Энэ бол төрийн хүнд зайлшгүй байх ёстой сайн чанар. Сайныг бодохоос урьд мууг мэдэрч шийдвэрээ гарга. “Сайныг муугаас ялгаж чадаг хүн ухаалаг бус, харин хоёр муугаас аль хор хөнөөл багатайг нь сонгож чаддаг хүн л ухаант мэргэн болой”. Нэр төрд шунахын хэрэггүй. Нэр төр гэдэг олдохдоо хэцүү, алдагдахдаа амархан эд. “Нэр төрд шунасаар хүний ухаан самуурч, айсуй аюул ослыг анзаарахаа больдог” юм. Төрийн хүн бусдад хар буруу санан, сэтгэлдээ тээж явах хэрэггүй. Тэр тусмаа улс төрийн өс хонзон өвөрлөн явж болохгүй. Улс төрийн өс хонзон урхаг ихтэй. Улс төрийн өс хадгалж явахын оронд улс төрийн соёл эзэмших хэрэгтэй. Улс төрийн соёл нь ухаалаг улс төрчийг нэрийн хуудас мэт дагалдана. Савны хирээс санааны хир хэцүү гэдэг. Савны хирийг угааж цэвэрлэж арилгана. Санааны хирийг савандаж угааж болдоггүй. Тиймээс санаа сэтгэлдээ хир буртаг агуулж өөрийгөө зовоох хэрэг огт үгүй. Төрд өөдгүй хүмүүс нэмэгдэж байгаа бол гайхах хэрэггүй. “Төр засаг л хүнийг хүмүүжүүлнэ. Сайн төр сайн хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй хүмүүсийг буй болгоно”. Төрийн сайн албаттай байя гэвэл сайн засаглалтай байх хэрэгтэй. Төрийн ухаант мэргэн албатууд л ядарч зовсон өргөн олон иргэдийнхээ урсах нулимсыг хатааж, бөгтийсөн нурууг тэнийлгэж өгөх тавилантай. Түмэн олон ардын цээжинд нар гарч, сэтгэлд цэцэг ургах сайн цаг дөтлөн ирнэ хэмээн найдан хүлээе.
Сайн араншин
2008 оны 12 сарын 16
Арын мод алагтай цоогтой байхын адил аавын хөвгүүдийн араншин сайнтай, муутай байна. Хүүхэд, залуус та нар сайн араншинтай хүн болохыг сэтгэлийн гүнээсээ хичээ. Сайн, муу араншинг салгаж ялгахад түвэггүй. Жинхэнэ сайн араншинтай хүн мөн үү, биш үү гэдгийг жишиж харьцуулах арга, хэмжиж нягтлах хэмжүүр олон янз. Тэдгээрийн дотроос алдаа мадаггүй арга нэг бий.
Өөрөөсөө доорд хүнд хэрхэн хандаж байна вэ гэдгээр нь хүний сайн, муу араншинг хөдөлгөөнгүй тодорхойлж болно. Эмэгтэй хүнийг ээж шигээ хайрлаж, эгч шигээ хүндэлж байгаа эр хүн бүр сайн араншинтан мөн. Эмэгтэй хүнийг дээрэлхдэг, элдэвлэж доромжилдог эр хүнийг сайн араншинтан гэж хэн ч хэлэхгүй. Дээр ч бай, дор ч бай албан тушаалтантай, дээр дорын ялгаагүй нэг л зангаар харьцах нь сайн араншинтны нийтлэг төрх. Доорд тушаалын хүмүүсээ дооглон тохуурхахгүй, дээрэлхэн доромжлохгүй, хүнийг хүн ёсоор үзэх нь сайн араншинтны шинж. Доорд тушаалын хүмүүстээ эелдэг зөөлөн, өрөвч нинжин сэтгэлээр ханд. Энэ нь чиний сайн араншинг улам тодруулан бэхжүүлж өгнө. Эсэргүүцэх чадалгүй хөөрхий хүнийг элдэвлэн доромжлогчийг сайн араншинтан гэж хэн ч үзэхгүй. Ханилж явсан нөхрөө нэмэр болохгүй гээд түлхдэг, нөмөр болохгүй гээд хөндийрдөг хүнийг сайн араншинтан гэж хүндлэх үндэсгүй. Бяд, чадал муутай нэгнийг басамжлан дээрэлхэж байгаа бол сайн араншингийн үртэс ч санаа сэтгэлд чинь үлдсэнгүй ээ гэж мэд. Багш нь шавьдаа, дарга нь цэрэгтээ хандаж байгаа хандлагаас жинхэнэ сайн араншингийн жишиг янзыг харж болно. Бага тушаалын хүмүүстэй бар арслан мэт бархирч архирч харьцах мөртлөө дээд тушаалтны өмнө мууранд базуулсан хулгана мэт эвхэрдэг хүнээс сайн араншин салан холдсон байдаг.
Өөрөөсөө доод байр суурьтай хүнтэй дотносон өөриймсөж нөхөрлөхөөс цэрвэн цээрлэх хэрэггүй. Өнөөдөр эзэлж байгаа өндөр байр суурь өнө мөнхийнх биш. Халаа сэлгээтэй албыг хамаг насаараа хаших мэт бүү андуур. Олдсон бүхэн хорогдож, хураасан бүхэн барагддаг болохоор өнөөгийн тарган цатгалан, баян чинээлэг байгаагаа өнө мөнхийн мэт битгий бод. Харин дээр ч бай, доор ч бай, баян ч бай, ядуу ч бай хүнийг хүн ёсоор үзэн, хүн хүндээ нөхөр байх нь сайн араншинтны мөнхөд дагах ариун ёс журам мөнөөс мөн билээ.
Хорвоогийн гэгээн цагаан, эрээн бараан аль ч өдрүүдэд хүмүүстэй хэзээд л нэгэн зангаараа өөриймсөг нөхөрлөж, үерхэн дотносож явах нь сайн араншинтны үйлдэл. Өчүүхэн жижиг зүйл дээр ч хүний араншин толинд туссан дүрс шиг тов тод илэрч байдаг юм.
Өөрийгөө бөөцийлж, өөртөө анхаарал халамж тавих нь зүйн хэрэг. Тэгэхдээ бусдын төлөө гэх сэтгэлээ ямар ч нөхцөлд орхиж болохгүй. Жинхэнэ сайн араншинтны бодит төрх нь нэг талаас, том жижиг гэлтгүй аль ч юман дээр бусдыг анхаарч, тэдэнд санаа тавьж байгаагаар ил илэрч, тод мэдрэгдэж байдаг юм. Нөгөө талаас, өөрөөс нь дээр байр суурьтай хүн байлаа ч, өөрөөс нь доор байр суурьтай хүн байсан ч тэдний төлөө санаа тавих сэтгэл нь огтхон ч өөрчлөгддөггүй, ив ижилхэн, хүн л бол хүн гэсэн байдлаар хандана. Тэд эгээтэй л бусдын төлөө төрчихсөн юм шиг өөрийгөө хойш тавин хүний төлөө зүтгэж, сэтгэл зүрхээ зориулна. Хүний төлөө хийсэн сайн үйлээ журамт үүрэг мэт үзнэ. Бусдад муу санаж, муу үйл хийх нь бүү хэл тэр тухай бодол ч толгойд нь орж ирэхгүй гэгээн цайлган сэтгэлтэн. Тэд настныг хүндлэн дээдэлж, нялхасыг асран тэтгэнэ. Өөрөөсөө илүүтэйгээр, хувьгүй тавиланд нухлагдаж яваа хүмүүсийг өгөөмөр сэтгэлээр дэмнэнэ. Тийм хөөрхий хүмүүсийн сул тал хийгээд алдаа мадагт уучлан нигүүлсэх сэтгэлээр хандахыг зорино. Сайн араншинтай хүн эд баялаг, хөрөнгө мөнгөндөө саган сагсуурч, дэврэн хөөрнө гэж үгүй. Хүч чадалдаа эрдэн бярдаж, авьяас билэгтээ ташууран ихэрхэх ойворгон ааш авиргүй, дөлгөөн тогтуун. Авьяас билгийнхээ хүчээр алдар хүндийг олж од болон дээш цойлж гялалзах нь амархан ч олны итгэлийг даалгүй доош унах нь бүр ч амархан гэдгийг мэдэхийн дээдээр мэднэ. Надаас хамаагүй илүү хүч чадалтан, надаас хавьгүй илүү авьяас билэгтэн бишгүй бий гэдгийг олж харах билгийн мэлмий нь нээлттэй, ухаж ойлгох ухааны сүв нь онгорхой байдаг юм. Тэд амжилт оллоо ч тэнгэрт хөөрөн үүл мананд төөрөхгүй, алдаанд орлоо ч доош унан шавар шавхайд хутгалдахгүй. Жинхэнэ сайн араншинт хүмүүс бусдын хийсэн буруу зөрүү үйлдлийн төлөө өөрөө хийчихсэн мэт гэмшин, өмнөөс нь яс хавтайн зовно. Тэд хүний өмнөөс өөртөө гал дуудаж, биендээ том бага шарх авахаас ч сийхгүй, зөв үйл хэргийн төлөө хүний урдуур орж халуун чулуу долоох сонголтыг ч эргэлзэлгүйгээр хийж чадна. Тэд хэзээ ч өөрийн санаа бодлыг өөр хүмүүст хүчээр тулган хүлээлгэхийг оролдохгүй. Шаардлагатай хүндээ, шаардлагатай үед нь өөрийн санаа бодлыг ихэрхэж сагсууралгүй, төв түвшин, сэтгэлээ уудлан хэлдэг юм. Хүмүүсийн сэтгэлээ онгойтол ярих яриаг тэвчээртэй нь аргагүй сонсч, тэдэнд урам зориг хайрлах нь жинхэнэ сайн араншинтнуудын л хийж чадах ажил.
Сул дорой хүмүүсийг гадуурхан хавчиж, шоглон дээрэлхдэг хүнийг сайн араншинтан гэхгүй. Жинхэнэ сайн араншинтай хүн сул дорой нэгнийхээ өмөг түшиг, зовох цагт нь чанараа таниулдаг нөхөр нь болж байдаг. Өрөвч тусч сэтгэл жинхэнэ сайн араншинтай хүний сүүдэр мэт мөнхийн дагуул нь. Тэд буянтнууд. Зовлон зүдүүр, аюул занал болуут буянтнууд язгуур чанараа бүрэн дүүрэн нээж, өгөөмөр гараа дэлгэн сунгадаг билээ. Ядарч зовсон хүмүүст туслах нь тэдний сэтгэлийн дуудлага. Хүмүүст тус нэмэр болсон бол тэр тухайгаа ам нээж дуугарна гэж үгүй. Хүнд хэрэг тус болох сайн үйлийг хийсэн бол нэг их зүйл хийгээд өгчихсөн мэт байдлыг огтхон ч үзүүлэхгүй. Хийх ёстой зүйлээ хийсэн гэж л бодно. Харин “сүүдэрт нь суувал модыг нь бүү март” гэдэг шиг тусыг хүртсэн хүн нь тус хүргэсэн өгөөмөр ачтаныг мартаж үл болно. Жинхэнэ сайн араншинт хүн бусдад сайнаар харагдахаасаа урьд гаднаас хэн ч харж эс чадах сэтгэл доторхи тунгалаг толиндоо өөрийгөө зөв сайнаар харж байхыг үргэлж эрмэлзэнэ. Тэд өөрийгөө эрхэмлэн хүндэтгэх эрхэм дээд чанарыг биедээ өвч шингээсэн байна. Түүнийхээ жишиг жаягаар бусдыг эрхэмлэн хүндэтгэж явдаг билээ. Өрөвч нинжин сэтгэл сайн араншинт хүмүүнийг хээр талыг бүрхэн алаглах цэцэгс мэт чимэглэн байдаг юм. Хүн чанарыг тодорхойлоход нэг чухал хэмжүүр болдог эелдэг зөөлөн сэтгэл хийгээд өөриймсөг сэтгэл сайн араншинтай хүнд байх зайлшгүй шинж мөн билээ. Сайн араншинт хүний итгэл үнэмшилийн магнайд үнэнч шударгаар ажиллаж амьдрах чинхүү хүсэл эрмэлзэл мөнхөд гэрэлтэж байна. Эцэст нь хүртэл шударга байх нь тэдний хувьд эцэг эхийнхээ нэр алдраар дээд тэнгэрт тавьсан андгай тангараг мэт хүч чадалтай байдаг билээ. Худал хэлэх, хуурч мэхлэх, үл бүтэх үйлдэл, өөдгүй булхайтай явдлыг үл үйлдэх хийгээд үл тэвчих нь сайн араншинт хүний хөдөлшгүй зан чанар, хөдөлгөөнгүй зарчим. Өдөр тутмын ялих шалихгүй зүйлээс эхлээд томоос том асуудалд өөрийгөө зөнд орхиод өрөөл бусдын тусын тулд бүхнээ зориулах энэхүү чанарт л жинхэнэ сайн араншинт хүнд байх ёстой дүр төрх тов тодхон илэрч, тодорхой мэдрэгдэж байдаг болой. Сайн араншинтай хүн ямар шинж төрхтэй байх талаар цухас боловч ярилаа. Жинхэнэ хүн чанартай байхын тулд жинхэнэ сайн араншинтай байх ёстой.
Салхинд туугдсан хамхуул мэт амьдарч болохгүй
2008 оны 12 сарын 11
Эрхэм залуус аа! Салхинд туугдсан хамхуул мэт амьдарч, сайхан биеэ зөнд нь орхин, гаргуунд нь хаяж яавч болохгүй ээ. 19-р зуунд амьдарч туурвиж байсан хуульч хэмээх Сандаг найрагчийн салхинд хийссэн хамхуулын тухай шүлгийг дунд сургуульд сурч байхад бидэнд цээжлүүлдэг байж билээ.
Өрнөх амьдралаа өөрийн ухаанаар залж жолоодож чадахгүй, салан задгай явж салхинд туугдсан хамхуул шиг дэгдэн хийсч байдаг болчих вий гэж сэрэмжлүүлэн, болгоомжлуулсан багш нарын маань хүмүүжүүлэх мэргэн ухаан энэ шүлгийг бидэнд цээжлүүлдэг байж. Хуульч Сандагийн уг шүлгэнд “Нүүхийг салхи мэднэ, буухыг бут мэднэ. Энэхэн бие минь эндэгнэж дэндэгнэж л явна. Эцэст нь эрэгний мухарт хэвтэж, элс сөлөнд хутгагдаж, эрх багачуудын наадам, ишиг хурганы тоглоом болов” гэсэн мөр бий. Харамсалтай нь амьдралын тодорхой зорилгогүйгээр бор хоног, шар өдрийг өнгөрөөж “нүүхийг нь салхи мэдэж, буухыг нь бут мэдэх” мэт яваа залуус олон байна. Энэхэн бие нь эндэгнэж дэндэгнэж яваа нь бүр ч олон байна. Амьдралынх нь гал дөл нь бөхчихсөн, газар шагайж, санаа алдсан хүмүүс хаа сайгүй сүлжилдэн хөлхөлдөнө. Тэд өдөр хоногийг яая дээ л гэж нэг юм өнгөрөөнө. Амьдралынх нь цог заль, сүр сүлд нь доройтжээ. Аливаа юманд баярлана гэж байхгүй. Мөнхөд сэтгэл дундуур. Гутлынхаа хоншоорыг ширтэж, урвайж унжийн, хаана алхаж яваагаа ч сөхөөрөхгүй шахам болжээ. Гутранги үзэлд баригдан хүлэгджээ. Гэрэлт ирээдүйн тухай гэгээн мөрөөдөл, өөдрөг сэтгэл нь шавхагдсан мэт. Залуу хүн ийм байж хэрхэвч болохгүй ээ. Ийм байдлаа зугатаж болохгүй, тэрсэлдэж болохгүй тавилан мэтээр бодон төсөөлж, хувь заяатайгаа эвлэрэх нунж дорой байдлаар хандаж яавч таарахгүй ээ. Хэрэв энэ байдлаараа яваад байвал “эцэст нь эрэгний мухарт хэвтэж, элс сөлөнд хутгагдаж, эрх багачуудын наадам, ишиг хурганы тоглоом болох” хамхуулын хувь заяанаас юуны өөр байх билээ? Хамхуул хувь заяагаа салхинд даатгадагийн адилаар омголон залуу насандаа цаасан дарцаг шиг зүг чиггүй хийсч, завхарсан амьдрал дунд өөрийгөө үрэн таран хийвэл хожмын өдөр харамсаад ч барахгүй гуниг зовлон тээнэ. Залуу хүн чи юуны өмнө гутранги үзлээс салж, өөдрөг үзлийг тархи толгойдоо бат шингээ. “Жинхэнэ өөдрөг үзэл нь бүх зүйл сайн болно гэсэн итгэл үнэмшил дээр бус, бүх зүйл муу болохгүй гэсэн итгэл үнэмшил дээр л суурилдаг”-ийг мэдэж ав. Амжилтанд хүрсэн бүх хүмүүс өөдрөг үзэлтэн байсан. Тэд өөдрөг үзлийг үнэт эрдэнэ мэт үзэн, салж хагацахгүй түүнтэй нөхөрлөсөөр амжилтын оргил өөд мацсан. Өөдрөг үзэл чамаас салан одвол үйлс заяа чинь уулын оройгоос бэл рүү өнхрөх чулуу мэт уруудан, улмаар доройтно. “Өөдрөг үзэлтэн бол хэзээ ч зовлон үзэж байгаагүй хүн бус харин цөхрөлийг туулж, түүнийг ялсан тэр хүн байдаг” юм. Өөрийн амьдралын замыг өөрөө бүтээ. Энэ хорвоод харагдаж байгаа замаас харагдахгүй байгаа зам нь олон байна. Харагдахгүй байгаа тэр замыг хайж эрж ол. Харагдахгүй байгаа замаар явж, зорьсон зорилгодоо хүрч, хүсэл мөрөөдлөө биелүүлж чадна гэдэгт бат итгэлтэй бол. Ингэж байж өөрийн гэсэн замыг өөрөө бүтээх сэтгэлийн тэнхээ, итгэлийн хат суун хуримтлагдана. Тэгээд “зорьсон замаараа л яв, хүн юу гэж л хэлбэл хэлэг!”. Аль ч ажил асуудлыг болох, бүтэх талаас нь олж харж сур. Тэр ч болохгүй, энэ ч бүтэхгүй гээд бодчих юм бол болж бүтэх юм ганц ч тохиохгүй. Аль ч зүйлийг өөдтэй, өнгөтэй талаас нь харж бай. Нүднийх нь өмнө тас хар хөшиг татаастай хүний амьдрал түнэр харанхуй шөнө мэт байсаар дуусна. Өлөн чоно идэш олж идэх зорилгоор олон уул нурууг даван дамнан гүйдэг бол салхинд туугдан өнхөрч яваа хамхуулд тэнд заавал хүрнэ дээ гэсэн зорилго байхгүй. Хүн хамхуулын адил зорилгогүй амьдарч яагаад ч болохгүй. Хүн зорилгогүйгээр олигтой юу ч хийж дөнгөхгүй, юунд ч хүрч дийлэхгүй. Ойрын зорилго тавиад холд хүрнэ гэж үгүй. Хэт бага зорилгоор хэмжээгүй ихийг бүтээж эс чадна. Зорьсон зорилгогүй бол тэнгэр бурханаас заяасан тэнгэрлиг авьяастан ч амжилт олохгүй бүдэрнэ, алсад хүрэхгүй зогсоно. “Хэрэв нэгэн үзүүрт сэтгэлийг барьсан зорилго зүтгэлгүй бол авьяас билэг талаар өнгөрөх бөгөөд хоосон яриа, хомхой шунал, хов үгнээс хол хэтрэхгүй” гэж их бичгийн хүн хэлсэн байна. Хэтийн зорилго ямагт урагшлахыг шаардана. Гэхдээ хэт яарах хэрэггүй, хэтэрхий алгуурлаж ч болохгүй. Хүрч чадах, хийж дөнгөх зорилго тавь. Хүрсэн түвшингээсээ алхам алхмаар ахиж урагшлах боломж чамд ямагт нээлттэй байгаа. Хэрээс хэтэрсэн зорилгыг ажил болгоход төвөгтэй. Нэгэнт хүссэн бүхнээ хийж чадахгүйгээс хойш хийж чадах зүйлээ хүсэх нь ухаалаг шийдэл мөн. Зорилго тавьсан бол заавал хүрэхээр шамд! Өөрийн бүх мэдлэг, ур ухаан, авьяас чадварыг өмнөө тавьсан зорилгынхоо зүгт төвлөрүүл. Үр дүн зайлшгүй гарна. Бусдыг сонсолгүй яахав, гэхдээ аливаад өөрийн бодолтой бай. Өөрийн бодолтой хүн хэзээ ч салхинд туугдсан хамхуул шиг зүг чиггүй хийсч дэгдэж явахгүй ээ. “Хорвоогийн хамгийн хэцүү зүйл бол өөрийн тархи толгойгоор сэтгэх явдал” гэсэн нэртэй зүстэй хүний хэлсэн үг бий. Тэгсэн хэрнээ өөрийн тархи толгойгоор сэтгэж байж л амжилтын оргилд гардаг нь маргашгүй үнэн билээ. Хүний хэлсэн ярьсаныг тоть шиг давтах, хүний хийсэн хөдөлснийг сармагчин шиг дуурайх нь ухаантай хүний хийдэг ажил биш. Өөрийн ухаанаар өөрийн амьдралыг жолоод. Бодох толгой байвал өмсөх малгай хэзээд олдоно. Өөрийн хийх ёстойг өрөөл бусдаар шаардуулахгүй, шахуулахгүй хийчихвэл сайн. Өөрөө юу хийхээ өрөөл бусдаар заалгахгүй байвал бүр сайн. Өөрийнхөө мэргэн ухаанд итгэ. Мэргэн ухаан дор хаяж гурван чухал үйлдлийн эх үүсвэр болно.
1. Гайхалтай зөв шийдвэр гаргах;
2. алдаа мадаггүй ярих;
3. хэрэгтэй зүйл хийх.
Нэгэнт хэрэгтэй, шаардлагатай гэж үзсэн бол эргэж буцалгүй, эргэлзэж тээнэгэлзэлгүй, түс тас шийдвэрээ гаргаж бай. Шийдвэр гаргах олон хувилбарууд дундаас хамгийн оновчтойг нь онож сонго. Гаргасан шийдвэр дээрээ бат зогсон хамгаал. Шийдвэрийнхээ хэрэгжилтийг өөрөө хариуц, биечлэн хяналт тавь. Шийдвэр гаргахдаа алдсан бол алдаагаа хүлээн зөвшөөрч сур. Алдаанаасаа суралц. Нэг бүдэрсэн довжоондоо дахин бүдрэхгүй байх нь ухаалаг хүний шинж.
Алдаа мадаггүй ярьж байж алдаа мадаггүй хийнэ. Ам хэлээ мэдэж яв. Хэлэх ярихаа цэнэж бай. Ам алдвал барьж болдоггүй. Амаа хичээхгүй бол гай тарина. Хүний амаар сүржигнэснээс өөрийн амаар учирла. Үг нь их, үйл нь бага болохоос сэрэмжил. Мэс аюултай. Үг, мэснээс ч илүү аюул тарьж мэднэ. Мэс нэг иртэй, нэг мөртэй. Үг нэг иртэй, олон мөртэй. Олон мөр дотор ачлах агуулга ч бий, бачлах аюул ч бий. Үгээр үхүүлж ч болно, үгээр сэхээж ч чадна. Алтан хушуу өргөхөөс алсхан дөлж яв. Алтан хушуу аянганаас аюултай, агтнаас хурдан. Хөөтэй тогоо үүрч ирсэн хүнийг хүндлэн дээдэлдэггүй юмаа гэхэд хүлцэн тэвчиж, хэлэх үгийг нь тогтон сонс. (Таагүй мэдээ дуулгахаар ирсэн хүнийг өвөг монголчууд чи юунд хөөтэй тогоо үүрч ирэв гэж асуудаг ёсон бий). Үгэнд унах нь нүхэнд унахаас хэцүү гэдгийг залуу хүн бүр бодож яв. Ухаан мууттай үгээр уралдахын хэрэггүй. Үг яриа хүн бүхэнд байдаг бол ухаан цөөхөнд нь заяадаг юм. Өөрт хэрэгтэй, өргөн олонд тустай зүйлийг хий. Өөрт оногдсон ажлаа хүнд гологдохооргүй гүйцэтгэ. Хүн бүхэнд оногдсон ажил гэж бий. Ажил хэрэг бүхэнд хийх цаг гэж бий. Цагийн юмыг цагт нь амжуул. Хүнд учирч болох хамгийн том гай бол цагийн гарз. Хий дэмий сууж хайран цагийг бүү үр. Хэрэггүй зүйлээр оролдож хайран биеэ бүү зовоо. Ажил үйл хийхийн өмнө бүгдийг ул суурьтай бодож төлөвлө. Хийхдээ ч нягт нямбай, ул суурьтай хийж бай. Сул талаа бусдад дэлгээд байх шаардлагагүй. Гэхдээ сул талаа өөрөө мэддэг байх хэрэгтэй. “Сул талаа мэдэж байх юм бол тэр бидэнд гай тарьдаггүй”. Сулхан хүн өөрийн сул талыг төдийлөн таньж мэддэггүй. Харин жинхэнэ хүчтэй хүн өөрийн сул талыг ухаарч, түүнийгээ нөхөж чаддаг юм. Оройтоогүй дээрээ хамхуулын амьдралаас хагацан салах эр зоригоо чангал. Оройтвол амжихад бэрх болно. Хүссэн зорьсондоо хүрэхээр оролдоод, хичээгээд үз. Оролдлого сайт оройд нь гардаг, хичээл сайт хэргээ бүтээдэг юм шүү.
Бэрхийг давж амьдар
2008 оны 12 сарын 09
Хүний амьдралд саад бэрхшээлгүй бүтэх зүйл гэж бараг үгүй. Аар саархан саад тотгороос аваад асар том бэрхшээл саад урагшлах замд чинь хөндөлсөнө. Саад бэрхшээлийн өмнө сөхрөлгүй давж гарч байж зорьсондоо хүрч, бодсоноо хэрэгжүүлэх зам чинь нээгдэнэ. Сөхрөлгүй давахын тулд цөхрөлгүй хичээх хэрэгтэй.
Саад бэрхшээлийг давж чадаагүй учир шалтгааны дийлэнх нь өөрөөс чинь болсон байдаг. Би мэдэхгүй, би чадахгүй, би сурахгүй, би дийлэхгүй, би ялахгүй, энэ бүтэхгүй гэх зэрэг үгнүүд дааж дийлэмгүй хүнд чулуу чиний хүзүүнээс оосорлоод уячихсан юм шиг дотор талаас чинь чангааж, хөдөлгөөнгүй болгосон байдаг. Чи мэдэхгүйг мэдэж болно. Чадахгүйг чадна гарцаагүй. Сураагүйгээ сурна. Дийлэхгүй гэж байснаа дийлж, цаана нь гарна. Хэзээ ч ялахгүй гэж байснаа хялбархан ялна. Бүтэхгүй гэж өнгөцхөн бодож байсан зүйл чинь ид шидийн юм шиг хялбархан бүтэхийг хараад өөртөө баярлана. Энэ бүгдийг хийхийн тулд чи чухам юу хийх хэрэгтэй вэ? Юуны урьд өөрийгөө ялж сурах хэрэгтэй. “Бүх ялалт өөрөө өөрийгөө ялахаас эхэлдэг” юм. Өөрийгөө ялсан өчүүхэн төдий ялалт ч чамайг үлэмж хүчтэй болгоно. Энэ үлэмж хүч чадал чиний дараа дараагийн ялалтыг чинь найдвартай баталгаажуулна. Ер нь “өөрөө өөрийгөө ялж чадсан хүнээс илүү хүчтэй ялагч байдаггүй” гэнэ. Залуус та нар агуу хүчирхэг болохыг хүсч байна уу? Чин сэтгэлээсээ хүсч, өөрийгөө ялж дийлвэл эргэлзээгүйгээр агуу их хүчирхэг болж лавтай чадна. “Хүмүүсийг мэддэг хүн хэрсүү ухаантай. Өөрийгөө мэддэг хүн боловсорч гэгээрсэн байдаг. Хүмүүсийг ялж буй хүн хүчтэй. Өөрийгөө ялж байгаа хүн агуу их хүчирхэг” гэж эртний нэгэн сэтгэгч хэлсэн байна. Өөрийгөө ялахын тулд сэтгэлийн тэнхээгээ хураан хуримтлуул. Гагцхүү сэтгэлийн тэнхээтэй хүмүүс л өөрийгөө ялна. Өөрийгөө ялахын тулд өөрийгөө бүү гол. Чадал боломжоо бүү чамла. Өөрийгөө дорд үзэж хэзээ ч болохгүй. Өөртөө итгэ. Өөрийгөө хайрлах хэрэгтэй. Чи өөрийгөө ялж чадна. Агуу хүчирхэг болно. Хичээгээд үзээрэй.
Солонгосын нисэх буудал дээр нэг монгол залуу намайг таниад гүйгээд ирлээ. Тэнд ажил хөдөлмөр эрхэлж байгаа монголчуудын нэг. Хөдөөний залуу гэнэ. Өмнө хэзээ ч хийж үзээгүй хүндхэн ажил хийдгээ хуучиллаа. Анхандаа ийм хүнд ажил хийж дийлэх болов уу, удаан тэсэх болов уу гэж шантарч байж. Хүний газрын хоол унд, цаг агаарт нь дасахад эхэндээ хүндхэн л байсан. Бусад хүмүүс болоод л байна. Би тэднээс юугаараа дутуу юм бэ? Гүрийх хэрэгтэй гэж өөрийгөө зоригжуулсан. Хүндрэл бэрхшээлтэй үеэ давсан. Одоо дажгүй. Чамлахааргүй мөнгө олж байгаа. Хамгийн гол нь энд ирснийх бэрхшээлийг сөрж, ажил сурч, тархи толгойдоо жаахан мэдлэг цуглуулж аваад нутаг буцах санаатай гэж хэвлүүхэн, хэрсүүхэн надад хэлээд инээж байна. Солонгос хэл сурч байна уу гэж асуулаа. Энд юу ч мэдэхгүй, таг ирсэн. Одоо өөрийгөө болгочихно оо. Цаашдаа овоо болчих байх гэж нүүр бардам хэлж байна. Би энэ бүхнийг сонсоод овоо доо гэж дотор сэтгэлдээ баяртай байлаа. Тэр залуу дийлэхгүй болов уу гэж айж байсан ажлаа дийлэн хийдэг болжээ. Мэдэхгүй байсан харь хэлийг мэддэг болж байна. Чадахгүй байснаа чаддаг болж. Хамгийн гол нь өөрийгөө ялж чаджээ. Тиймээс тэр хүчтэй ялагч.
Саад бэрхшээлээс айх, хулчийх хэрэггүй. Аймхай, хулчгар байж саад бэрхшээлийг амжилттай давж туулна гэж бодохын ч хэрэггүй. Хүн “нэг удаа хулчийсан бол дараагийн удаа бас хулчийдаг” гэнэ. Хулчгар зантай бол түүнийгээ үтэр түргэн засахыг оролд. Хулчгар занг засч болно. Зөвхөн өөрөө зориглон хичээх хэрэгтэй. “Хулчгар амьтан өдөртөө зуу дахин үхдэг” гэдэг юм. Хулчгар зан айдсаас үүдэлтэй. Хүн зөвхөн мэдэхгүй зүйлээсээ айдаг. Аливаа айдсыг мэдлэгээр ялдгийг мэдэж ав. Цаг ямагт айдсаас чичрээд байх юм бол хэзээ ч аз жаргалтай амьдарч чадахгүй. Түүнчлэн мөнхийн айдастай амьдарч буй хүнийг эрх чөлөөтэй гэж хэлэх аргагүй. Аймхай хулчгар зангаа хаях эр зориг чамд хэрэгтэй. Зөвхөн өрсөлдөгчөө ялсан төдийгүй, өөрийн сул тал болох аймхай хулчгар зангаа ялж чадсан тэр хүн эр зоригтон. Эр зориг чамд бэрхшээл саадыг улаан нүүрээрээ угтахын тулд ч хэрэгтэй, улмаар саад бэрхшээлийг даван туулахын тулд ч хэрэгтэй. Их бага гэлтгүй бэрхшээл саадыг шантралгүй, залхууралгүй даван туулах явцад эр зориг чамд өдрөөс өдөрт хуран хуримтлагдаж төлөвшинө.
Бэрхшээл саадыг давахад тэвчээр хэрэгтэй. “Бүхнийг тэсвэрлэн давах чадвартай хүн бүхнийг шийдэж чадна”. Тэвчээргүйгээс болж саад бэрхшээлийн өмнө өвдөг сөхрөн бууж өгөх тохиолдол цөөнгүй. Би үүнийг хийх ёстой, хийж чадна гэж зорьж тэмүүлсэн л бол ямар ч бэрхшээл саад тулгарч байсан тэвчин давахыг эрмэлз. Саад бэрхшээл чиний эр зориг, тэсвэр тэвчээр, сэтгэлийн хатыг сорьж шалгах шалгуур болно. Шалгуурыг амжилттай давснаар дараа дараачийн саад тотгорыг хялбар давах тэвчээрт сургаж, сэтгэлийн тэнхээ суулгаж, дархлаажуулж өгнө. Тэвчээр гэдэг нь зүгээр л тэвчээд суугаад байхын нэр биш. Цаг нь ирэхээр бүтэж л таарна гээд нүдээ аниад, гараа хумхиад хэвтээд байх ч хэрэг биш. Тэвчээр гэдэг нь чадахгүйгээ чадахын төлөө, сураагүйгээ сурахын төлөө, хийгээгүйгээ хийхийн төлөө бүх чадлаараа мэрийн хичээж, уйгагүй хөдөлмөрлөхийг хэлж байна. Ийнхүү хөдөлмөрлөх явцад тохиолдох элдэв саадыг тэвчин давж, цаана нь гарч, урагш тэмүүлэхийг хэлж байна. Том үйлийг бүтээе гэж зорьсон хүнд том тэвчээр хэрэгтэй. Том хэргийг бүтээхийг зорьсон хүн жижиг зүйлээр оролдвол том саад бэрхшээлтэй учирч болохыг мэд. “Үржил шимгүй элс, марааг тэвчээр л цэцэгт тал болгон хувиргана”. Хүнд бэрхийг давж гарахын тулд боломжтой бүх оролдлогыг хийж, бололцоотой бүх аргыг ашиглах хэрэгтэй. Харин ашиглах хэрэгтэй, гэхдээ хортойгоор ашиглаж болохгүй гэсэн мэргэн ухааны дүрэм байдгийг мартахгүй байх нь чухал. Хүнд бэрхийг туулж өнгөрөөхдөө бусдад муу зүйл хийхгүй байхыг эрхэмлэ. “Ямар нэг муу зүйл хийчихсэн бол чи түүнийгээ нууж болно гэж бодохын ч хэрэггүй. Учир нь чи бусдаас нуулаа ч өөрийнхөө хүн чанараас нууж чадахгүй шүү дээ”. Гагцхүү тэсвэр тэвчээртэй хүн л эхэлсэн үйл хэргээ дуусгана, тэсвэр тэвчээргүй хүн замын хугаст шантран зогсоно.
Бэрхийг гэтэлж чадалгүй шантарсан бол сэтгэлээр унан, доош орох хэрэггүй. Хэдийгээр амжилт олоогүй ч чадах бүхнээ хийсэн хүнийг буруутгах, өөлөх хүн төдийлөн байдаггүй юм. Хүч ухаанаа хуримтлуулан, алдаагаа давталгүй, дахин оролдоод, дахиад чармайгаад үз. Чи гарцаагүй чадна. Чармайлт бол амжилтын эх булаг байдаг юм. Холыг зорьж, алдрын оргил өөд тэмүүлж байгаа бол саад бэрхшээлгүйгээр тэнд очно гэж мөрөөдөхийн ч хэрэггүй. “Цэцэг бүрхсэн зам хэзээ ч алдарт хүргэхгүй”.
Бэрхэд бүү цухалд. Хий цухалдсанаас олох олдвор, хожих хожвор байхгүй. Эхнээсээ л тэр хүнд бэрхийг би гэтэлж дийлэхгүй гээд цухалдан бодчихвол сэтгэлийн тэнхээгээ хураан хуримтлуулж давж гарахад хүнд болно. Тиймээс уужуу тайвуу, ухаантай бай.
Бэрхийг давж цаана нь гарч чадсан хүн урамтай. Би чадлаа шүү дээ гэж өөрөөрөө бахархах сэтгэл аяндаа төрнө. Бэрхшээлийг давах болгонд чамд шинэ эрч хүч хуримтлагдана, шинэ мэдлэг, чадавхи нэмэгдэнэ. Туршлага сууна. Хэрсүүжнэ. Няцашгүй эр зориг хуримтлагдана. Няцашгүй зоригтой байвал чи ямар ч саадыг давах хүч чадлаар сэлбэгдэж байх болно. Бэрхийн өмнө хүлцэнгүй сөгдөх биш, бэрхийг хүчлэн давж амьдар.
Буурлын буян дундаршгүй
2008 оны 10 сарын 21
Буурлын буян дундаршгүй. Та бидний дээдэс эх орон, газар шороо, уул усаа хадгалж хамгаалж үлдээсэн. Туурга тусгаар төр улсаа бэхжүүлж үлдээсэн. Эрдэнэт мал сүргээ өсгөн өвлүүлж үлдээсэн. Эх орны эрдэс баялгийг манаж хайрлаж үлдээжээ. Эцэг өвгөдөөс улбаалсан их түүх соёл, эх хэлээ уламжлан дамжуулсан. Өнөөгийн бидний эдэлж хэрэглэж байгаа бүхнийг хэн бүтээж үлдээсэн бэ? Буянтай буурлууд. Буурлуудынхаа буянаар орох орон, оочих аяга, хөл дүүжлэх унаа, хөлдөө углах гуталтай яваа билээ бид. Аав ээжээ хайрладагийн адилаар ахмад буурлуудаа алагчилалгүй хайрлаж, дээдлэх үүрэгтэй бүгдээрээ.
Хэрвээ цаг бусын гай түйтгэр дайрчихгүй л бол үс нь цайж, зүс нь үрчийх цаг хүн бүрт хүссэн хүсээгүй ирэх нь замилан хорвоогийн жам. “Хэн ч өтөл насыг хүсдэггүй боловч бүгд л удаан амьдрахыг хүсдэг” нь хүний хорвоогийн маргашгүй үнэн. Удаан амьдрах тэрхүү чин хүсэл биелбэл өтөл насанд хөтлөн аваачиж өгнө. Хүмүүс өтөлдөг. Гэвч энэ бол удаан амьдрах цорын ганц арга нь юм. Өтлөх сайхан биш ч урт наслаж, удаан амьдрах сайхан. Өтлөх, урт наслах хоёрыг тус тусд нь байлгаж болдоггүй, үргэлж хамтдаа байдаг нь яахын ч аргагүй үнэн бөгөөд яаж ч өөрчилж болдоггүй амьдралын хууль.Өтөл насыг элэглэн шоолох хэрэггүй. Яагаад гэвэл бүгд л тэр өөд итгэлтэй нь аргагүй алхаж яваа учраас. Ахмадуудыг ад үзэх хэрэггүй. Яагаад гэвэл бүгдийг маань тэр үе хүлээж байгаа учраас. “Нас хэлбийхийн цагт өөрийгөө хүндлүүлэхийн тулд чи залуу байгаа дээрээ хүч тэнхэл нь дордож, цал буурал болсон хүмүүсийг сонсч хүндэтгэх хэрэгтэй” гэж эртний Персийн нэгэн яруу найрагч бичсэн байна. Ахмадуудынхаа үгийг сонсч хүндлэх хэрэгтэй. Тэд юу хүсч, юунд дургүйцэж байна вэ? Мөр бүтэн, гэдэс цатгалан хүний дайтай хүн явахыг мэдээж тэд хүснэ. Дийлэнх ахмадуудын хамгийн наад захын энэ хүсэл хэрэгжихгүй зовоож байна. Уранхай дээлтэй, туранхай царайтай ахмадууд харамсалтай нь хаа сайгүй олноороо байна. Хэдэн малынхаа буянаар хоосон хонож, хоёр идэлгүй насаа илээсэн ахмадууд мах магнаг болж, үнэ нь тэнгэрт хадахад бухимдан дургүйцнэ. Сүүтэй цайг амьсгалах агаар мэт хэрэглэж заншсан ахмадууд хар цай уухаараа гол нь харлаж, толгой нь эргэж, сэтгэлээр унана. Эм авахаар эмийн санд очоод үнийг нь сонсохоороо духан дээр нь хүнд зүйлээр цохиод авах шиг болно. Тэтгэвэрийн хэдээс нь илүү гарсан зарлагатай болчихоор тэсэхийн аргагүй бачимдан бухимдана. Ахмадуудад буруу байхгүй ээ. Хоёр нарны хооронд борви бохис хийлгүй хөдөлмөрлөж байж өнөөгийн бидний хэрэглэж байгааг бүтээж, туурвиж өгсөн юм. Тэгэхдээ ихэнхийг нь улсдаа өгч, баганхыг нь өөртөө үлдээдэг байсан хүмүүс тэд. Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуай нэг удаа “Монголын ард түмэн миний зохиосон аяар унтаж, миний зохиосон аяар сэрэх юм. Надад нэг орос дэлгүүрийн проомсог өгчихгүй юм байх даа” гэж хэлсэн тухай дам сонссон. Л.Мөрдорж гуай төрийн дууллын аяыг зохиолцсон, хойч үедээ мөнхөд дуурсагдах бүтээл туурвисан агуу хүн. Уг нь оюуны ийм сод бүтээлүүд туурвисан уран бүтээлч орос дэлгүүрийн проомсог гуйгаад байхааргүй л амьдрах ёстой л доо. Гэхдээ цаг үе нь тийм биш байж. Тэр агуу хүн хойч үедээ мөнхийн том бүтээлүүд туурвиж өгсөн мөртлөө өөртөө тун багыг авч байжээ. Манай ахмадууд Л.Мөрдорж гуай шиг төрийн дууллын ая зохиогоогүй ч өөр өөрийн хийх ёстойг сэтгэлээсээ хийж, ирээдүйн сайн сайхны төлөө хөдөлмөрлөсөн. Өөрөөр хэлбэл та бидний төлөө шургаж унаталаа зүтгэсэн. Залуу насны эрч хүч, ухаан бодлоо улсдаа их юм бүтээхийн төлөө бүрнээ зориулж, унтах нойр, идэх хоолоо хугаслан ажилласан. Хөрөнгө баялаг бол ердөө л хурааж хуримтлуулсан хөдөлмөр. Зарим үед хулгайлсан хөдөлмөр. Ахмадуудын бүтээн бий болгосон хөрөнгө баялаг нийтийн тогоонд орж, нийгмийн сан хөрөнгийг арвижуулдаг байлаа. Өөрсдөө хоёр цалингийн хооронд хүргэх нь хүргэж, зээлэх нь зээлж, нийтээрээ адил тэгшдүү амьдарсан. Харин хавтгайдаа хулгай хийдэггүй байв. Нэгдлийн ганц эргүү төлгийг ч нуугаад төхөөрөөд идчихэж болдоггүй байлаа. Тэр үед авлига гэдэг үг толь бичгийн мухарт нуугдаастай байсан гэхэд хилсдэхгүй. Хожмын хүндхэн өдрүүд ирвэл өөртөө хэрэглэхээр ил далд атга чимхээр хурааж бөөгнүүлэн хуримтлуулсан хөрөнгө баялаг, мөнгө төгрөг гэх юм тэдэнд үнэндээ байгаагүй. Тэд насны намар ирнэ гэдгийг мэдэж байсан мэдээж. Гэхдээ ийм чанга ирнэ гэдгийг урьдчилан төсөөлөөгүй. Төсөөлөх ч аргагүй. Насны намраа төр улсдаа бүрэн итгэн даатгаж, ядрахын цагт засаг төр тусална гэх гүн итгэлээр ажиллаж, амьдарч ирсэн. Өөрсдөөс нь бусад бүх зүйл ийнхүү хэтэрхий үнэд орж, өөрсдөө ингэж үнэгүйдэнэ гэж хэн төсөөлөх билээ дээ. Үнийн өсөлт хамгийн түрүүн ахмадуудыг ширвэж, сөхрүүлэх нь холгүй байна. Төр засаг ахмадуудаа хамгаалах, ивээх, тэтгэх үүрэгтэй. Тэр үүрэг нь энэ цаг үед улам илүү тод мэдрэгдэж, дорвитой шийдлээ хүлээж байна. “Амар амараас сэтгэл санааны амар” гэсэн зүйрлэл нь дээр үеэс монголчууд хэлж хэлцэж ирсэн үнэн үг. Ядаж ахмадуудынхаа сэтгэл санааг нь амар жимэр байлгая л даа. Манай ахмадууд харьцангуй шударга хүмүүс. Тиймээс шударга бусыг үзэж, сонсохоороо байж суухад бэрх болдог юм. Өнөөгийн ахмадуудын сэтгэл санааг нь амраахгүй эмзэглүүлдэг зүйл нь одоо цагт шударга бус, шижээргүй үйлдлүүд хэтэрхий газар авсан явдал. Ахмадууд зарим талаараа аз жаргалтай, магнай тэнэгэр суугаа. Залуу зандан насандаа шударга байсан хүн өтөл насандаа айж ичих юмгүй, аз жаргалтай байдаг юм. Үүгээрээ одоогийн шударга бус үйлдэлтнээс зарчмын ялгаатай бөгөөд илүү аз жаргалтай. Өнөөгийн шударга бус явдалтнууд өтөл насандаа сүүдрээсээ цочих нь холгүй өдөр хоногийг өнгөрөөх болно, яана даа? Хар дарсан зүүд шиг өтөл насыг угтахгүйн тулд залуу цагтаа шударга журмыг эрхэмлэ. Ахмадуудынхаа алтан сургаалийг тэвчээртэй сонс. Тэднийг үеэ өнгөрөөсөн, улирсан, хуучирсан гэж бодвол чи маш том алдаж байна. Сүүг нь шимээд хөхийг нь хазаж болохгүй ээ. Бид ахмадуудынхаа шим шүүсийг ховх сорсон. Тэгсэн мөртлөө гэв гэнэт цэцэг навчнаас ургаж соёолсон мэт бодож, ахмад үеэ үл тоомсорлож, адлаж хажиглаж болно гэж үү? Бид тэдний л халаа залгаа шүү дээ. Хаа газрын ахмадууд илүү итгэж болох хүмүүс. Дундад зууны үеийн нэгэн судлаач, “Хөгшин мод сайн шатдаг. Хөгшин мориор явахад аюулгүй. Хуучин номнуудыг уншихад аятайхан. Удсан дарсыг уухад таатай. Хуучин анд нарт бүхнээс илүү итгэж болно” гэж бичсэн байна. Ахмадууддаа итгэж, ах захаа хүндэлье. Өтөл насныхан тэр аяараа нийгмийн яндашгүй баялаг юм. Тэд ухаан нь тэлж хөгжсөн, олон оймс илээж туршлага хуримтлуулсан, хий нь гарч хашир суусан, үг дааж егзөр болсон, арга барил нь төлөвшсөн, боловсрол мэдлэг нь зузаарсан хүмүүс. Ер нь “өсвөр насны баялаг бол хүч чадал, гуа сайхан байдаг бол өтөл насны баялаг нь ухааны цэцэглэлт” гэж нэгэн ухаантан сургасан байна. Ийм баялгийг нийгэмд хэрэглэхгүйгээр орхино гэдэг нь ухаан муутай, урагшгүй тэнэг үйлдэл гэхээс өөрцгүй.Хөгшин болох нь урлаг биш, харин өтөл насыг дийлэх нь урлаг байдаг гэнэ. “Өтлөлтийн урлаг нь залуучуудад саад тотгор биш, түшиг тулгуур нь; өрсөлдөгч биш, харин багш нь; хайхрамжгүй хүн бус, харин ойлгодог хүн нь байхад оршино”. Манай ахмадууд бүгд өтлөлтийн энэ урлагийг эзэмшээсэй.Өтөл насыг дийлэх урлагийн нууц нь ажил хөдөлмөр. “Урт наслах тааврын тайлбар нь хөдөлмөр мөн” гэж нэгэн бичгийн хүн хэлсэн байх юм. Өөр нэг ухаантан “Жар гаргасан хүнд миний зөвлөх ганц л жор бий: Их ажиллах, бүр их ажиллах” гэж зөвлөжээ. “Өтөл нас тэнэг хүний хувьд дөнгө, мунхаг хүний хувьд өвөл, харин эрдэмтэй хүний хувьд – алтан тариа хураалт” байдаг ажээ. Манай ахмадууд туйлын ажилсаг хөдөлмөрч. Урт наслаж яваа хүмүүс уйгагүй хөдөлмөрч байгаа жишээг би захаас аван хэлж чадна. Саяхан Б.Лааган гуайтай уулзлаа. Монгол орны нөхцөлд чацарганыг судалж, түүнийг тарималжуулах, үржүүлэх, жимсийг нь боловсруулах технологи үйлдвэрлэлд нэвтрүүлсэн учир 1989 онд төрийн шагнал хүртсэн эрдэмтэн, инженер хүн. “90 дөхөж явна, ажилласаар л байгаа шүү” гэж бахархалтайгаар өгүүлэв. Төв, Өвөрхангай зэрэг хэд хэдэн аймагт чацарганы шинэ талбай бий болгох их үйлсэд зүтгэж яваа ажилсаг, буянтай ахмад буурал. Хэдэн жилийн өмнө Ховд аймагт очиход хөдөлмөрийн баатар Б.Лувсан гуай зүгээр сууж чадахгүй, ажилласаар байгаа тухайгаа хуучилж, жимсний болон бусад олон зуун мод, бут орон нутагтаа тарьж ургуулан залуучуудад зааж сургах амлалт авч билээ. Ховд аймгийн Манхан сум нэгдлийн алдартай дарга байсан Б.Лувсан баатар одоо наян тавны насандаа сэмбэлзтэл алхаж, хоёр нарны хооронд талбайдаа гялалзтал ажилласаар байгаа гэсэн. Ийм ажилсаг хүмүүст өтөл нас хаалт хориг болдоггүй юм байна. Эдний үеийнхэн, ийм ажилсаг хөдөлмөрч хүмүүс яах аргагүй бидний бахархан дууриах ахмад үе мөн билээ. Гэхдээ би бүх ахмадуудыг гараа цэврүүтэж, борвио бохиртол дахиад ажилла гэж байгаа юм биш. Өтөл насанд чадах чадахаа л хийж сэтгэл санаа амар байгаасай гэж хүснэ. Хан уулыг цас дарна, хайран биеийг нас дарна. Зүгээр суухаар зүүрмэглээд өгнө. Унтахаар хажуулахаар нойр нь хүрэхгүй. Шинэ юмыг тогтоохгүй. Хуучин юмыг мартахгүй үе хүнд ирнэ. Энэ үед нь засаг төр, үр хүүхэд, ах дүүс, нутаг нугынхан тэднийхээ төлөө сэтгэл гаргаж, санаа тавих үүрэгтэй төдийгүй тэгэх албатай. Буянтайгаас буянтай буурлуудаа сонсдог, тэтгэдэг, хүндэлдэг, дээдэлдэг улс орон гарцаагүй хөгжин дэвжинэ. Ахмадуудаа гомдоохгүй байя. Ахмадуудаа баярлуулая.
Амжилт гаргах нь хамгийн сайн өшөө авалт мөн
2008 оны 10 сарын 16
Монгол түмний үндэсний бахархал болсон эрийн гурван наадмын нэг төрөл нь сурын харваа билээ. Найман зуу гаруй жилийн тэртээд Есөнхээ мэргэн 335 алд газар харван байг онож, дээд амжилт тогтоожээ. Энэ аварга амжилтыг бахархан тэмдэглэж, хөшөө чулуунд сийлүүлсэн нь Чингэсийн чулууны бичиг гэж алдаршиж, сурын спортод зориулсан дэлхийн анхны хөшөө болсон түүхтэй.
Нум сумын эд ангиуд тус тусдаа өөрийн гэсэн нэртэй. Сумны гол хэсгийг модоор хийнэ. Энэ мод өөгүй тэгш, муруй тахиргүй, шув шулуун байх шаардлагатай. Харвах сумны өд наах хэсгийг “мөс” гэж нэрлэнэ. Нум галжиртсан буюу мөс муруй тахир байвал тавьсан сум байнд тусахгүй. Мөс муутай бол сум гэж нэрлэхээс цаашгүй, сумны мөн чанар нь алдагдана. Монгол хэлэнд хүний мөс, мөс сайтай, хүний мөсөөр хөлийн чигжий хуруу шиг зэрэг үг хэллэг, ойлголтууд бий. Сумны мөс, хүний мөс хоёрын илэрхийлэх цаадах гүн утга нь ижил. Хүнд муруйж тахийж болдоггүй, муутгаж дордуулж болдоггүй, хаяж гээж болдоггүй нэгэн зүйл бий. Энэ нь хүний мөс. Хүний мөс, сумны мөс лугаа адил шув шулуун байх ёстой. Хүний мөс муудаад, муруйж тахийгаад ирэх юм бол хүн байх мөн чанараа алдаж эхэлдэг.
Хүн мөсний дээд жишигийг үр хүүхдээ хайрлах эхийн сэтгэлээр илэрхийлсэн домгийн өгүүлэмжтэй байх нь элбэг. Ганц хүүтэй, сайхан сэтгэлт элбэрэлт эх байжээ. Хүү нь ханиа буруу сонгож шуламтай нөхцөв. Эхнэр нь болсон шулам хүндээр өвдсөн болж, баашлан хэвтжээ. Ямар ч эм тан өгч, эмч отчид очоод заслыг үл олов. Хүү нь эхнэрээсээ чиний амийг аврахад юу хэрэгтэй байна вэ, би чиний төлөө юу ч хийхэд бэлэн байна гэж учирлан аргадав. Шулам эм, миний бие заслыг олоход ганцхан л зүйл хэрэгтэй. Даанч чи түүнийг авчирч өгч чадахгүй гэж уйлагнав. Түүнийгээ хэлээч дээ гэж хүү учирлав. Ээжийнхээ зүрхийг авчирч өгвөл би эдгэнэ гэж эхнэр нь хэлэв. Хүү ээждээ очиж эхнэрийнхээ хэлснийг хэлэхэд ээж нь хүүд минь хэрэгтэй байгаа юм бол миний зүрхийг ав даа гэжээ. Эхийнхээ зүрхийг бариад яаран гүйж явсан тэнэг хүү чулуунд бүдрэн ойчжээ. Тэгэхэд ээжийнх нь зүрх “хүү минь, чи өвдөөгүй биз?” гэж хайрлан, халаглан асуусан гэх домог бий. Энэ домог хэдийвээр гунигтай, сонсоход хэцүү хүнд ч эх хүний хүүгээ гэсэн цэвэр ариухан сэтгэл, хүн мөсний мөн чанар, утга учрыг яруу тод илэрхийлсэн байдгаараа онцгой юм.
Шүүдрийн усыг цуглуулан цай чанаж өгвөл шөнө ганцхан удаа босч хөхүүлсэн ээжийнхээ ачийг хариулахтай тэнцэнэ гэх зүйрлэл бий. Энэ бол манай ухаант ард түмний хүн мөс, ёс суртахууны агуу зүйрлэл мөн билээ. Саяхан би “Шартсан найзынхаа шарыг тайлах нь ээжийнхээ ачийг хариулахтай тэнцэхүйц ач мөн” гэх сонин марзан зүйрлэл сонслоо. Цаг үеийн ханшийг илтгэж, өнөө үеийн өнгийг заасан зүйрлэл бололтой юм. Гэхдээ энэ хэллэг ёс суртахуун, хүн мөсний ямар их өндөр зэрэглэлтэй байсан ард түмний зарим хэсгийнх нь ёс суртахууны ханш ямар их шалдаа ортол дордож байна аа гэх сэтгэл түгшээсэн зовлон гунигийг дагуулж байгаа нь харамсмаар. Хүний мөс гэдэг нь их үнэтэй зүйл. Хүн мөсөө хадгалах нь өөрт байгаа сайн сайхан бүхний охь дээжээ муутгаж дордуулалгүй, хаяж гээлгүй хадгалж байна гэсэн үг. Хүний мөс чанар сайхан сэтгэлийн үйлдлээр өөрийгөө таниулж байдаг юм. Сайхан сэтгэлтний хүн мөс муудаж дордоно, муруйж тахийна гэж үгүй. Хүн мөсийг дордуулагч хорлолууд цөөнгүй бий. Тэрхүү хорыг хүн өөрөө ялгаруулдаг юм.
Хүн мөсийг муутгадаг нэг хорлолт үйл нь атаархал. Атаархлыг өдөөгч хүн бүрт цаанаасаа заяасан байгаа. Хааяа чиний атаархах сэтгэл хөдөлж магад. Атаархал хар, цагаан хоёр өнгө будагтай. Чамаас илүү амжилт гаргасан хүнийг үзэн ядаж, байж сууж чадахгүй байгаа бол өөрийгөө хар атаархлын хүлээсэнд баглагджээ гэж мэд. Хар атаархлын хорыг сэтгэлдээ бүү үүсгэ. Яагаад гэвэл хар атаархлын хор чиний урагшлах замд тээг болон хөндөлсөхөөс өөр юуг ч авч ирэхгүй. Хараар атаархагч хүн хамгийн хар зовлонгоор шаналдаг. “Шаналахыг хүсэхгүй байгаа бол атаархахын хэрэггүй”. Цагаан атаархал муу шинж биш. Чи хийж чадах, хийх ёстой зүйлээ дутуу хийгээд байна, хүрч чадах түвшиндээ очиж чадахгүй байна гэдгийг бусдын атаархам амжилт дохио болон сануулах, шавдуулах хэмжээнд байвал биеэ чагнаж, санаа зовох хэрэггүй. Цагаан атаархлыг өөрийгөө дайчлах шинэ эрч хүч, эрмэлзэл тэмүүллийн эх үүсвэр болгон ашиглах нөөц боломж чамд хангалттай байна гэсэн үг. Цагаан атаархлыг төгс төгөлдөр рүү эрмэлзэж тэмүүлэх хүчит хөшүүрэг болгон ашиглахыг хичээ. Чиний амжилтанд үнэхээр баярлаж байгаа хүн, мөн хуурамчаар инээмсэглэж “баяр хүргэе” гэж байгаа ч үнэн хэрэг дээрээ өөр юм бодож байгаа хүн хоёрыг ямагт мэдэж таньж болдог. Чиний амжилтанд үнэхээр баярлаж байгаа тэр эрхэм, сайхан сэтгэлт, мөс сайт хүн мөн. Хуурамчаар инээмсэглэн, үнэн хэрэг дээрээ өөр юм бодон баяр хүргэгч сэтгэлийн гүндээ атаархлын хорыг ялгаруулж байгаа атгаг санаатан. Ямар нэг зүйлд хүрэхээр тэмүүлэн зүтгэж байгаа үед чинь сөрөг бодол санал хэлж эргэлзүүлэх шиг хэрэггүй юм байхгүй. Тэрэнтэй тэрэнгүй эргэлзээ тээнэгэлзээ чамд хангалттай байгаа шүү дээ. Зорьж тэмүүлж байгаа үйлээс чинь зөрж эргэлзүүлэх хүсэлтнээс дөлж тойрч яв. Цагаан атаархал чинь тэвчээрийн хил заагаа давж өшөө хорсол, үзэн ядалт дагуулсан хар атаархал болон хувирах вий. Үүнээс ямагт болгоомжилж, хүн мөсөө хадгал. Хэн нэгэнд дургүйцсэн дургүйцэл нь өшөө хорсол болон хувирах үед өшөө авах муу бодол тархи толгойд чинь орж ирж ч мэднэ. Тэр үед ганцхан зүйлийг сана. Амжилт гаргах нь хамгийн сайн өшөө авалт байдаг гэдгийг санаж, хэрэгжүүл. Түүнээс өөр замаар өшөө авалтыг хэрэгжүүлэх нь бүү хэл бодохын ч хэрэггүй. Өшөө хорслыг хүчирхийллийн аргаар шийдэхийг оролдож огт болохгүй. Хүчирхийлэл эсрэг хүчирхийллийг төрүүлдэг юм. Хүчирхийллийн аргаар асуудлыг шийдвэл эргээд түүнийхээ золиос болон хохирно. Өшөө хорслыг чинь дэвэргэж байгаа тэр хүнээс илүү сурч, илүү хөдөлмөрлөж, бүр илүү амжилт гарга. Тэр чиний дээд зэргийн өшөө авалт байх болно.
Чамд атаархаж ердөөн ч хордохгүй ээ гэх чин зүрхний цагаахан сэтгэлээр өөрийгөө чимж яв.
Мэдлэг бол хүч
2008 оны 10 сарын 12
Шувууд даль жигүүрийнхээ хүчээр зах хязгааргүй уудам огторгуйд элин халин нисдэг билээ. Хүүхэд, залуус та нар танин мэдэхүйн орчлон ертөнцийн уудам орон зайд шувуу адил чөлөөтэй нисэх хүсэл мөрөөдөл тээж яваа, мэдээж. Нисэхийн тулд та бүхэнд шувуудын адил даль жигүүр хэрэгтэй. Энэхүү даль жигүүр нь мэдлэг юм. Мэдлэгээр жигүүрлэсэн хүн хүссэн газартаа хаалт хориггүй чөлөөтэй хүрч чадна. Хүчтэй, чадалтай байя гэвэл мэдлэгтэй бай. “Мэдлэг бол хүч”. Юунд ч дийлдэшгүй хүч. Байгалийн нар хүнийг гаднаас нь гийгүүлж, дулаацуулж байдаг бол мэдлэгийн нар хүний сэтгэл санааны харанхуйг дотор талаас нь гийгүүлж, дулаацуулж байдаг юм.
Нүдэнд харагдах гаднах гоо сайхан, сэтгэлд мэдрэгдэх доторх гоо сайхан цогцолсон хүнийг төгс гоо сайхан бүрджээ хэмээн хүндлэн биширдэг билээ. Гаднах гоо сайхан бурханы хишиг байдаг бол доторх гоо сайхныг эзэн хүн өөрөө буй болгон цогцлуулна. Гаднах үзэмж, гоо сайхан нь цаг зуурын, залуу насны л явдал. Харин дотоод сэтгэлийн гоо сайхан өтөлж үрчийхгүй, үргэлж гэрэлтэх гоо сайхан. Тиймээс дотоод сэтгэлийн гоо сайхан аль дивангараас нааш илүү үнэлгээтэй байж ирсэн маргашгүй намтартай. Дотоод сэтгэлийн гоо сайхныг мэдлэг, авьяас билэг цогцлуулна. Дотоод сэтгэлийн гоо сайхнаар үргэлж гэрэлтэж явья гэж хүсвэл оюун ухааны шавхагдашгүй эх булгаас мэдлэгээ үргэлж сэлбэ, билэг авьяасаа хөгжүүл. Мэдлэг - үнэт эрдэнэс. Үнэт эрдэнэс зам дээр зүгээр хөглөрөн хэвтэж байдаггүй. Мэдлэг бат бөх цоож цуургатай хаалганы цаана нуугдсан эрдэнэ мэт хадгалагдаж байна. Үнэт эрдэнэс болсон мэдлэгийн цоожийг онгойлгох түлхүүр та нарт хэрэгтэй. Мэдлэгт хүрэх түлхүүр нь хөдөлмөр юм. Сурч мэдэхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөж байгаа тэр хүн мэдлэгийн түлхүүрийг атгаж байх болно. Мэдлэгийг зөвхөн хөдөлмөрөөр л олж авна. “Сайхан амьдрахын тулд сайн ажиллах хэрэгтэй. Хөл дээрээ баттай зогсохын тулд ихийг мэдэх хэрэгтэй”. Хүн аль болох ихийг мэдэж байж ихийг хийж чаддаг болно. Залуус та нар энэ амьдралдаа ихийг хийж, бүтээж чадахын тулд ихийг мэдэх хэрэгтэй болж байна.
Хүн ер нь яахын тулд мэдэх хэрэгтэй байдаг юм бэ? Зөвхөн мэдэхийн тулд мэдэхээр эрмэлзэх хэрэгцээ үгүй. Мэдлэгийг амьдралдаа хэрэглэхийн тулд олж авдаг. Хэрэгцээгүй хураасан мэдлэг, агуулахад ашиглалтгүй хураалттай байгаа бараанаас онцын ялгаагүй. “Чи олон зүйлийг мэдээд, мэдсэнээ өөрийнхөө хэрэгцээнд хэрэглэж чадахгүй бол юуных нь ашиг байх билээ” гэж хэлсэн ухаантай хүний үг санаанд чинь тодхон байж байг.
Ямарваа зүйлийг мэдэхийг хүсч байгаа бол бүр сайн мэдэж, цаана нь гарахыг хичээх хэрэгтэй. Дутуу дулимаг мэдэж, зэрэмдэглэх нь ашиг тусаа өгөхгүй. Юм юмыг мэдэх гэж хөөцөлдөөд алийг нь ч мэдсэн юм байхгүй дутуу хаяхгүй байхыг амьдралдаа мөрдлөг болго. “Юмыг муу мэдсэнээс огт мэдэхгүй байх нь дээр”. Юм юмыг мэдсэн, сурсан байх нь хэзээ нэгэн цагт хэрэг болно гэж үздэг хүмүүс бий. Үүнийг буруутгах учиргүй. Тийм хүнийг юм юмны дөртэй, аль ч юманд эвлэгхэн сайн хүн гэж магтан ярилцдаг. Олон зүйл мэдэх гэж биеэ зовоогоод юу хийнэ. Амьдралд хэрэг болохыг нь л мэдэхийг оролдвол чамд хэрэгтэй гэж хэлж зөвлөх хүн гарна. Үүнийг ч буруутгах аргагүй. Тэгвэл “олон зүйлийг бус, харин хэрэгтэй зүйлийг мэддэг хүн мэргэн ухаантай байдаг” гэж эртний нэгэн сэтгэгч хэлсэн байна. Мэргэн ухааны нэг шалгуур нь хэрэгтэй зүйлийг мэдэхийг эрмэлзэх явдал ажээ. Хүүхэд, залуус та нар амьдралдаа хэрэг болох зүйлийг юуны түрүүн мэдэхийн төлөө мэрий. Ихийг мэдэх нь буруу гэж чамд хэлж зөвлөх хүн тааралдахгүй байх. Гэхдээ ихийг мэдэх гэж мэрийснээс сайныг мэдэх нь илүү чухал шүү гэх зөвлөлгөөг хүлээн авах хэрэгтэй. Яагаад гэвэл цэцэгсийн дунд хог ургамал ургадагтай адил хэрэг болох сайн мэдлэгтэй хамт хэрэгцээ шаардлагагүй хортой муу мэдлэг холилдон байх нь цөөнгүй. Буруу зүйлийг мэдэх, эзэмшсэн зөв сайн мэдлэгээ буруу зүйлд ашиглахын аль аль нь хортой муу үйл мөн. “Буруу мэдлэг нь мэдэхгүй байхаас долоон дор”.
Мэдэхгүй байгаагаар нь хэнийг ч өөлж голж, өөнтөглөж хажиглах хэрэггүй. Тэртэй тэргүй хэнд ч мэдэхгүй, чадахгүй юм мянга түмээрээ бий. “Мэдэхгүй байх нь ичгэвтэр ч биш, хортой ч биш. Хэн ч бүгдийг мэдэж чадахгүй. Харин мэдэхгүй зүйлээ мэддэг дүр эсгэх нь ичгэвтэр бөгөөд хортой” гэдэг юм. Харанхуй бүдүүлэг байхыг хүсдэг эрүүл ухаантай хүн энэ хорвоод үгүй. Харанхуй бүдүүлгийн гурван төрөл байдаг гэнэ. Огт юу ч мэдэхгүй байх. Мэдлэг, мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа хүүхэд залуус та нарт юу ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг байх эрх байхгүй. Мэдлэг хэмээх их хүчийг биедээ шингээж авахын төлөө бүхнээ дайчлан хөдөлмөрлөх хэрэгтэй. Монголын залууст mангадын хараал хүрчих вий гэж би арваад жилийн тэртээ сэрэмжлүүлэн хэлж байлаа. “Бүү мэд. Мэдсэнийг бүү ав” гэх энэ хараалыг адгаас адаг хараал гэж дээдэс үздэг байжээ. Хоёр. Мэдвэл зохих зүйлийг мэдэхгүй байх. Залуу хүн бүр зайлшгүй мэдэж байвал зохих хамгийн наад захын энгийн зүйлс бий. Залхуурч суусаар, биеэ дайчлахгүй зөнд нь орхисноос, хайран цаг зав, нөөц боломжоо буруу зүйлд зарж төөрч будилснаас мэдвэл зохих зүйлийг мэдэлгүй өнгөрч харанхуй бүдүүлгийн эгнээнд хоцорч үлдсэн бол туйлын харамсалтай. Тиймээс залуу хүн болгон зайлшгүй мэдвэл зохих зүйлээс илүүг мэдэхийг өөрийнхөө наад талын зорилго болгох хэрэгтэй. Гурав. Бүхний мэддэг зүйлийг буруугаар болон тэнэгээр мэдэх. Бусдын мэддэг зүйлийг тэднээс дутуугүй, магадгүй илүү мэддэг хэрнээ үйлдэл нь дандаа буруу, тэр ч бүү хэл тэнэг гэмээр үйлдэлтнүүд цөөн бус байдаг. Хэдийчинээ их уншина, төдийчинээ бага мэддэг хүмүүс ч байх. Тэд уншсан, судалсан бүхнээ буруу зүйлд зарцуулна, бүдүүлэг байдалдаа зэвсэг болгон ашиглана. Тэдний ёс суртахууны боловсрол шалдаа унатал доошилсон байдаг юм. Тийм хүмүүс харанхуй бүдүүлгийн хүлээснээс салж чадахгүй зовно. Ямар ч боловсрол ёс суртахууны боловсролоос дээгүүр тавигдах ёсгүй. Ёс суртахууны үндэсгүй мэдлэг бол жинхэнэ мэдлэг биш, хуурамч мэдлэг. “Мэдэхгүйгээсээ бүү ай. Харин хуурамч мэдлэгээс айж бай. Хорвоо дээрх муу муухай бүхэн түүнээс эхтэй” гэж аугаа их ухаантан сэрэмжлүүлсэн байна.
Сайн мэдлэг чам дээр өөрөө явж ирээд тархи толгойд чинь шингэн хуримтлагдана гэж мөрөөдөхийн ч хэрэггүй. “Бага ч гэсэн зүйлийг мэдэхийн тулд их сурах хэрэгтэй” гэдгийг ой ухаандаа бат тогтоож авцгаа. Мэдлэг хүнийг чимнэ. Зөв сайн мэдлэг хүнийг өөд нь татна.
“Мэдлэг, зөвхөн мэдлэг л хүнийг эрх чөлөөтэй бөгөөд аугаа их болгодог” юм.
Сайн мэдлэгтэй болоход чамд тавигдах анхдагч шаардлага нь мэдлэгт тэмүүлэх чиний хүсэл. “Суралцах хүсэлгүй сурагч бол далавчгүй шувуутай адил”. Мэдлэгт тэмүүлэх чиний сонирхол чамайг мэдлэгийн хязгааргүй далайд аялахад чигийг заагч луужин, аян замын чинь хөтөч болно. Мэдлэгт тэмүүлэх сонирхолгүй бол ямар ч хүч чамайг зогссон байрнаас чинь хөдөлгөж дийлэхгүй. Ихийг мэдэх сонирхолтой байж ихийг мэдэх боломж нь нээгдэнэ. Ямарваа мэдлэг боловсрол зөвхөн өөрийгөө дайчилж, өөрийгөө шахаж, өөрөөсөө шаардаж, өөрөө хичээж, өөрийгөө боловсруулах замаар л олдоно гэдгийг ямар ч эргэлзээгүй бодож явцгаа. Хэнээс ч хараат бус эрх чөлөөтэй байя гэж хүсч байгаа бол мэдлэг боловсролтой бол. “Мэдлэг боловсрол эрх чөлөөг буутай цэргээс илүү манадаг” юм.
“Биеийн жаргал эрүүл мэндэд, ухааны жаргал мэдлэгт байдаг” гэж эртний Герегийн нэгэн их хүн хэлсэн байна. Ухааны жаргал эдэлье гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа бол мэдлэгт шунан дурлаж тэмүүл.
Хүрээллээ ухаантай бөгөөд зөв сонго
2008 оны 10 сарын 09
Ямар хүмүүсийн хүрээлэлд байгаагаас чиний ажил үйлс, амжилт ололт, цаашлаад амьдрал чинь бүхэлдээ өөдрөг байх уу, өөдлөхгүй нэг хэвэндээ үргэлжлэх үү гэдэг нь ихээхэн хэмжээгээр хамаарна. Үүнд эргэлзэх хэрэггүй. Тиймээс өөрийн хүрээллээ ухаантай бөгөөд зөв сонго. Сайныг дагавал сарны гэрэл гэх монгол үг маш их гүн утгатай, холын хараатай. Чиний хамгийн ойрын хүрээлэлд байгаа хүмүүс чинь хэн бэ? Тэд ямар хүмүүс вэ? Итгэж, найдаж болох хүн үү? Нарийн нандин зүйлээ тэдэнд нууж хаалгүй ярьдаг уу? Чамд бусдын зөвлөлгөө хэрэгтэй үед тэд чин сэтгэлээсээ хэлж, зөвлөдөг үү? Эгзэгтэй мөчид хуурчихгүй, худалдчихгүй байх болов уу? Чамаас хэзээ ч, ямар ч үед урвахгүй хань нөхөр чинь байж чадах уу? Буруу зөрүү зүйлд уруу татах муу зан, зуршилгүй биз? Ойрын хүрээний хүмүүсээ энэ асуултуудын дагуу үе үе шинжиж байхад буруудахгүй. Чиний хамгийн ойрын хүрээний хүмүүс – гэр бүлийнхэн чинь. “Уг сайтыг харж урагла” гэж залуучуудад хандан захиж хэлдэг үгээ давтан хэлье. Энэ туйлын чухал шүү. “Уг муутыг усан дотроос ч түймэр авна”. Сайн яваа эр болгоны цаана зайлшгүй нэг хүчирхэг эмэгтэй байдаг нь гарцаагүй. Сайн эхнэргүй эр амжилтанд хүрч байсан тохиолдлыг бодож олох гээд үзээрэй. Олдохгүй л болов уу. Олдсон ч өдрийн од шиг ховор үзэгдэнэ биз ээ. Чиний ойрын хүрээний хүмүүс – найз нөхөд чинь. Хүний амьдрал богинохон. Аливаа хүн өөртэйгөө харилцахад таатай тийм хүмүүсийг олж нөхөрлөдөг. Нэг ангид гуч гаруй хүүхэд байлаа гэхэд тэднийхээ хоёр, гуравтай нь л илүү дотно үерхэж, сэтгэл юугээ уудлан ярилцдаг байх жишээтэй. Ажлын хамт олны дотроос ч бие биенийгээ ойлголцох, үзэл бодол ойр, итгэл даах тийм цөөн хүмүүстэй найрсаг харилцаатай байж, ойртон дотносдог. Сайн нөхөд хувь тавилангаараа уулзан учирдаг юм. Хүнийг ханилж яваа нөхрөөр нь шинж гэдэг ухаалаг үг ч бий. “Бүх зүйлээ ярьж болох тэр хүн миний нөхөр мөн”. Жинхэнэ найз нөхөд байхын тулд бие биендээ итгэлтэй байх хэрэгтэй. Итгэл эвддэг найз – хамгаас аюултай дайсан байдгийг мэд. Баялаг бол нөхөр биш, харин нөхөр бол баялаг. Баялгийг олж авахын тулд чамтай нөхөрлөх болсон тэр хүн чиний итгэлтэй найз биш, харин итгэж үл болох замын хань байдаг учир хашир хянуур бай. Чиний амжилтанд өөрийн ололт мэт чин сэтгэлээсээ баярлаж, эрч хүч нэмдэг нөхөд – жинхэнэ нөхөд . Дутагдлыг чинь хаацайлаад дуугүй өнгөрдөг хэтэрхий тэвчээртэй буюу мэдсэн ч мэдээгүй, харсан ч хараагүй дүр эсгэдэг хэтэрхий хайнга хүрээллийг бүү сонго. Дутагдлыг чинь нүднээс далд шивнэн ярьдаггүй, нүүрэн дээр чинь ил хэлдэг хүмүүс жинхэнэ нөхөд. Дутагдлыг сануулан хэлж өгч буй хүнд тухайн үедээ хэн ч дуртай, таашаалтай байх нь ховор. Тэгсэн хэрнээ эд нар итгэж болох хүн мөнөөс мөн учир чиний ойр хүрээлэлд шалгаран үлдэх нь гарцаагүй. Хүмүүс үзэл бодлоороо нэгдэн нэг хүрээлэлд багтан нэгэн зорилгын төлөө тэмүүлж байна. Аль хүрээлэлд нэгдэн нийлэх нь хүний өөрийнх нь эрх хийгээд сонирхлын асуудал юм. Гэхдээ өнөөдөр нэг хүрээлэлд байгаа нь үүрдийн нөхөд байх баталгаа биш. “Чиний нөхөр мэт дүр эсгэдэг дайсан илүү аюултай”. Ер нь жинхэнэ дайснууд өөрсдийн чинь дотор байдгийг мартаж болохгүй. Хорт могой ойроос хатгадаг гэдэг. “Ойр дотно хүмүүсийн хоорондын дайсагнал онцгой эвлэршгүй байдаг” тул аль болохоор тийм байдалд хүрэхгүй учир явдлаа олж байх нь чухал. Хүмүүс сонирхол, дуртай зүйлсээрээ сүжрэн нэг хүрээлэлд багтах нь элбэг болж. Сонирхсон зүйлдээ хүч боломжоо төвлөрүүлж, нэгдэн нийлж түмэн олны нийтлэг тусын тулд хамтран зүтгэвэл нэн сайн. Дотоод, гадаад холбоо харилцаа сайтай, итгэлт түншүүдтэй, хөрөнгө мөнгөний бололцоотой иргэд янз бүрийн клуб, иргэдийн байгууллагад нэгдэн, нэг хүрээлэл бүрдүүлж, нийтийн тусын төлөө ашгийн бус үйл ажиллагаа өргөнөөр эрхлэх болсон нь буянтай ажил. Сурч мэдэх, хийж бүтээхийн төлөө сонирхол юугаа нэгтгэн, нэг хүрээлэл үүсгэж, санал бодлоо солилцон, дутуугаа гүйцээж дундуураа дүүргэж, бие биенээ нөхөн сэлбэж яваа бол бүр сайн. Мөрийтэй тоглоомонд сонирхол нийлж, дөрөө харшуулан хатирч яваа бол тун муу. Олсноо дуусгаж, хурааснаа барж, өр зээлийн хар ангал руу сайн дураар ойчих бэлтгэлийг хангаж өгдөг адгийн хорлол бол мөрийтэй тоглоомны дон шүглэх гай барцад юм. Түүнийг нүдэндээ үзэж, гартаа барих нь бүү хэл чихэндээ үл сонсохыг хичээн холын хол яв. Архи, тамхины андууд болж өөрийгөө болон ойр тойрныхноо хордуулж, сэтгэлийн дарамтанд зовоож яваа бол бүр ч муу. Архи, тамхины хүрээлэлд анд нөхөд мэт хамт сажлах тэд аюулт дайснаас ч долоон дор урт удаан хугацаанд тарчлаан зовоох хор цацаж явна гэдгийг эрхбиш ойлгох хэрэгтэй. Мэдэхгүй, чадахгүй зүйлээ бусдаас асуухдаа бүү ичиж зов. Чиний эргэн тойронд ухаантай олон хүн бий. Бусдаас сайн яваа тэр хүмүүс өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцаж, тусалж дэмжихэд хэзээд бэлэн байдаг юм. Чиний ажиллахыг хүсч байгаа салбарт чинь их амжилт гаргасан хүмүүсийн хойноос уйгагүй хөөцөлдөж хайж ол. Энэ хүн чиний багш. Амьдралын бүхий л чиглэлээр ийм багшийг олж болно. Бизнес, амьдралаа зөв авч явах арга ухаан, спорт, удирдахуйн ухаан, бичиг цаасны ажил гэх мэт. Багшаа яаж олох вэ? Тогтсон бэлэн жор би хэлж чадахгүй. Гэхдээ нэг зарчим хэлж өгье. “Сурагч бэлэн болсон бол багш өөрөө аяндаа гараад ирдэг” гэсэн зарчим. Юуны өмнө юу сурч, ямар чиглэлээр ажиллахыг хүсч байгаагаа эргэлзээ тээнэгэлзээгүй тогтож, бие хийгээд сэтгэл зүйгээ бэлдсэн байх шаардлагатай. Өөрөө бэлэн биш бол зуун сайн багш байгаад тус нэмрээр бага. Сайн багш чиний юу чаддаг, юу чаддаггүйг эхлээд шалгана. Багш чамайг ирлэж хурцалж өгнө. Миний улс төрийн ажлын гараа Төв аймгаас эхтэй. Гуч шахам жилийн тэртээ дөнгөж их сургууль төгссөн инженерийн дипломноос цааш юу ч үгүй шахам намайг хүлээж авсан хамгийн том дарга маань Төв аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Цэндийн Адьяа хэмээх эрхэм хүндтэй хүн. Хурдны морь уяж байгаа хүн морио давхар хөлслөх гэдгийн утга учрыг сайн мэднэ. Сайн дарга нар ажилтнаа давхар хөлсөлж шалгадаг байсан юм. Нэг өдөр Ц.Адьяа дарга дуудаж байна гэв. Даргын өрөөнд орлоо. Хэдэн хуудас бичгийн цаас өгөөд зөвлөлгөөн дээр хэлэх үгийн төсөл миний өрөөнд, наанаа суугаад бич гэлээ. Төсөл монгол, орос хэл дээр байх ёстой гэнэ. Үзэг, цаас хоёроос өөр ашиглах зүйл байхгүй. Энэ хүний бэлэн байгаа чадвар ямар юм бэ? Тархи толгойд нь юу байна? Чиглүүлээд, заагаад өгвөл гайгүй ажилтан болох найдвар байна уу, үгүй юу гэдгийг өөрийн биеэр шалгаж байгаа хэрэг. Тулхтай, туршлагатай мундаг хүмүүс ингэж л хүнээр хүн хийх зам мөрийг нь зааж, зөв тавилын суурь үндсийг бат суурилуулж өгдөг байсан юм. Ц.Адьяа дарга бид бүгдийн багш. Хэлж ярихыг нь хүндэтгэн сонсоно. Үйлдэл хөдлөлийг нь дагаж дууриахыг оролдоно. Түүнээс сүрдэнэ. Мэдлэг чадвараараа ч, дадлага туршлагаараа ч, зангарагаараа ч давамгайлна. Удирдах хүнд зангарага гэж нэг маш чухал юм бий. Зангарага багатай удирдагч өргөн олны хүндлэлийг хүлээхгүй. Бусдаас илүү хүнээс хүрээлэл нь айна, хүндэтгэнэ, дальдчина. Дутуугийн айдас хэзээд ичгэвтэр бөгөөд адгийн айдас байдаг юм. Ц.Адьяа даргын хэлдэг үг нь үнэн бөгөөд далайцтай, хийдэг үйл нь зөв бөгөөд даамай, бусдыг биеэрээ үлгэрлэн дагуулна. Хувийн дутагдал үгүй. Байсан ч хүрээлэлдээ эс харуулна. Эрүүл саруул хүрээлэл бий болгоно. Ерөн нас дөхөж яваа энэ эрхэм хүний ухаан санаа нь сав саруул. Хэлэх ярих нь цэгцтэй. Биеэ авч явах байдал нь эрхэмсэг, цэвэр цэмцгэр хэвээр. Ц.Адьяа дарга одоо ч бидний хамгийн сонирхолтой, ухаантай харилцан ярилцагч, зөвлөгч хэвээр байна. Амьдралынхаа бүхий л салбарт чамайг үнэн сэтгэлээсээ дэмжих, урам зориг, эрч хүч нэмэх, зорилгодоо хүрэхэд чинь түлхэх, ирлэж хурцалж байх, бурууг чинь шүүмжилж, зөвд чинь баяр хүргэн урам хайрлах тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Урам магтаалын элэгсэг үгийг өөрийн хүрээллийнхэндээ харамгүй хэлж бай. Нэг, хоёрхон элэгсэг үг хүнийг аз жаргалтай болгоно. Сайн хүрээлэл бүрдүүлж чадсан бол чи амжилт, ололтондоо эргэлзэх хэрэггүй, азтай хийморьтой байх болно.
Үнэн юм үнэнээрээ сайхан
2008 оны 08 сарын 05
Залуус та нар үнэн, худлыг ялгаж салгаж сурахыг хичээ. Нэг зүйлийн талаар тэс өөрөөр ярьж байвал нэг нь үнэн нөгөө нь худал байх магадлалтай. Цаг хугацаа бүхний шалгуур байдаг болохоор үнэний шалгуур мөн л цаг хугацаа. “Хугацаа өнгөрөх тусам аливаа үнэн илэрдэг” юм.
Үнэний хамгийн маргашгүй бол энгийн, тодорхой байдал мөн. Худал ямагт нарийн, дэндүү гоёмсог бөгөөд нуршмал байдаг гэж бичгийн их хүн Л.Н.Толстой үнэн худлыг зааглах аргыг хэлж зааж өгсөн байна. Энэ арга үнэн худлыг төгс зааглаж өгөх боломжгүй мэт чамд бодогдож магад. Тэгсэн ч үнэн худлыг ялгаж салгах боломж өөрт чинь бий. Үнэн үү, худал уу гэдгийг өөрийн ухаанаар тунгаан бод. Үзсэн харсан, дуулсан сонссон бүхэн чинь үнэн худлыг ялгахад тус болно. Юм үзэж нүд тайлсан хүнд үнэн худлын зааг ялгааг тогтоох чиг баримжаа тогтсон байна. Боловсрол мэдлэг чинь болох болохгүйг зааглахад тусладагийн адилаар үнэн худлыг ялгахад мэдээж туслана. Итгэл үнэмшил чинь үнэний хөтөч болно. Гэхдээ сохор итгэл нь биш. Үнэн худлыг ялгахад өөрийн чинь төрөлх мэдрэмж илүү тус болно. Үнэн худлыг ялгах нь юунд хэрэгтэй юм бэ? Үнэний төлөө тэмцдэг, үнэнийг дагадаг, үнэнийг ярьдаг, үнэнийг хүндэтгэдэг, үнэнийг биширдэг, амьдрал чинь бүхэлдээ үнэн байхын тулд чи үнэн худлыг ялгаж сурах хэрэгтэй. “Үнэн бол бидний хамгийн үнэтэй хөрөнгө зоорь. Түүнд ариг гамтай хандацгаая” гэж их зохиолч Марк Твен уриалсан байна. “Үнэнд дуртай хүнд яруу найрагч юм уу аугаа их хүн байх хэрэгцээ үгүй. Тэрээр өөрийн зүгээс аливаа чармайлт гаргахгүйгээр яруу найрагч, аугаа их хүн байдаг”. Аль ч залуу хүн “түүний амьдралд худлаа юм үнэхээр байхгүй” гэж хэлэгдэхээр амьдрахыг хичээх хэрэгтэй. Хатуу ширүүн ч гэсэн зөвхөн үнэнийг ярьж байхыг амьдралдаа мөрдлөг болго. Хатуугаар илэрхийлэгдсэн ч бай, үнэн нь хэнд ч аймшигтай байх ёсгүй гэдгийг мэд. Хэрэв тэр бүр үнэнийг ярьж болохгүй бол худал хэлэх хэрэгтэй юм байна гэсэн хэрэг огт биш гэдгийг санаарай. Хүн өөрийгөө худал зүйлээр гайхуулах ямар ч хэрэггүй. Энэ нь эргээд өөрт чинь хор болно. “Хүн хэдийчинээ их ухаантай, боловсролтой байна, түүний худал хуурмаг өөрт нь болон бусдын хувьд төдийчинээ их хортой байна”. Үнэн үйл хэргийн төлөө туйлбартай зогс. “Үнэн үйл хэрэг нэгэнт л зөв бол дийлдэшгүй байдаг” юм. Үнэн өөрөө туйлбартай байхыг шаарддаг. Халирхай, няцамхай хүн үнэнийг хамгаалан, үнэн үйл хэргийн төлөө туйлбартай зогсч чаддаггүй. Үнэн гэдэгт бат итгэж, зүрх сэтгэлээрээ мэдэрч, өөрийн нүдээр олж харсан бол түүний талд тууштай, туйлбартай зогсох хэрэгтэй. Ямар ч байсан “Хамгийн гашуун үнэн чихэр шиг худлаас ямагт дээр байдгийг” залуус та нар зайлшгүй мэдэх учиртай. Үнэнийг түр зуурхан л нууж, хааж болно. Үнэнийг үүрд нууна гэж байхгүй. “Үнэн нь нар шиг үүл мананд халхлагдаж болох авч, тэр нь түр зуурын халхлалт байдаг”. Үнэнийг нуух гэж өөрийгөө болон өрөөлийг зовоогоод хэрэггүй. Тэртэй тэргүй цаг хугацаа үнэнийг усны гадаргуу дээгүүр хөвөх тос адил ялгаж салгаад гаргаад ирнэ. Худал гэдгийг нь мэдсээр байж түүнтэй эвлэрэн сууж болохгүй. Энэ бол үнэний эсрэг утга учиргүй тэмцэж байгаагаас ялгаа байхгүй. “Илэрхий худал үнэнийг гуйвуулж байвал түүнийг няцаах хэрэгтэй”. Худлаас айх хэрэггүй. “Үнэнээс айдаггүй хүнд худлаас айх явдал үгүй” гэх нэгэн нэрт хүний хэлсэн үгийг залуу хүн бүр санаж яваасай гэж хүснэ. Үнэн хүчтэй. Үнэн чадалтай. Түүнийг юу ч зогсоож чадахгүй. Үнэн ямар ч орон зайг туулдаг бөгөөд ямар ч хил заагт хоригддоггүй. “Хэрэв та үнэнийг нээгээд, улмаар газарт булчих юм бол тэрээр маргаангүйгээр соёолон ургаж, өөрийнхөө замд тааралдсан бүхнийг түрж чадахуйц тийм хүчийг олдог”. Түүнчлэн “худал зүйлийг хүчээр ургуулаад ч хэзээ ч үнэн болон урган цэцэглэж чадахгүй”.Худал хуурмаг хэтэрхий их болсон өнөө үед үнэний төлөө дуу хоолойгоо нэгтгэн тэмцэх хэрэгтэй. Эс тэгвээс үнэний орон зайг худал хуурмаг түрэн эзлэх болно. “Үнэний төлөө зогсч буй бүх хүн нэг зорилго өөд тэмүүлдэг”. Нэг зорилго өөд тэмүүлж буй энэ их хүчийг нэгтгэн тэмцэж чадвал худал хуурмагийн амьдрах орчин шахагдан багасах болно. Хур бороо өвс ногоог сэргээдгийн адил үнэн хүний сэтгэлийг сэргээнэ. Харин царцаа өвс ногоог, зэв төмрийг, худал сэтгэлийг иддэг юм. Үнэн өөрийгөө хамгаалах чадвартай. Үнэн нь худал хуурмагийн эсрэг төдийгүй түүнийг тараадаг тодорхой хүмүүсийн эсрэг эрэлхэгээр тэмцдэг. Худал хуурмаг хэчнээн хүчтэй, хэчнээн далайцтай байлаа ч үнэнд хэзээ нэгэн цагт гүйцэгдэх тавилантай. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж ярьдаг манай өвөг дээдсийн мэргэн үг тун гүн гүнзгий утга учиртай.Үнэн үгийг хүмүүс чих тавин сонсдог юм. Үнэн үгтэй хүн өргөн олны хүндлэлийг ч хүлээнэ, дэмжлэгийг ч олно. Үнэн үгтэй хүн өргөн олныг араасаа дагуулна. “Үнэний дуу хоолойгоор надтай ярилцдаг тэр хүний хойноос би тээнэгэлзэлгүй явах болно” гэсэн нэрт яруу найрагчийн шүлгийн энэ бадгийг манай залуус ой ухаандаа тогтоож аваг.Хүн үхэл амьдралын заагт очоод сонголт хийх бол амьдралыг сонгох нь тодорхой. Түүнтэй адил үнэн худлын заагт очвол үнэнийг сонгож байх нь чиний хувьд нэн тодорхой байх ёстой. Үнэн үг заримдаа чихэнд хатуу ч түүнийг сонсож сурах хэрэгтэй. Үнэн билэгтэй, худал балагтайг, үнэн юм үнэтэйг, үнэн юм үнэнээрээ сайхан байдгийг манай залуус маш сайн ойлгог.
Эвлэвэл бүтнэ
2008 оны 08 сарын 02
Та бидний ухаант дээдсээс марталгүй санаж, мөнхөд бодож явахаар захиж үлдээсэн, “Эвлүүлбэл эвэр туурай ч нийлнэ. Эвгүйтвэл элэг бөөр ч нийлэхгүй” гэх чухлаас чухал нэг сургаал бий. Энэ сургаалийг бие сэтгэлээрээ мэдэрч илүү ихээр ухаж ойлгох цаг үе ирлээ. Эвгүйтэх үе элгэн садны хооронд ч, эхнэр нөхөр хоёрын хооронд ч, эх орон нэгтний дунд ч тохиож болох. Эвгүйтлийг гэтэлж, эвлэн зохицож чадах эсэх нь уужуу бодол, ухаалаг алхам, учрыг олж, хужрыг тунгаах чадвараас шууд хамаарна.
Хэн хэн нь хэзээ хэзээнээс илүү уужуу бөгөөд ухаалаг байцгаая. Малын толгойн төгсгөлд эвэр, хөлийн адагт туруу байж, хоёр туйл болон оршдог ч нэгэн биений эд эс, эрхтэн бүтэц мөн билээ. Түүнтэй нэгэн адил монгол хүмүүс хоорондоо зөрөлдөж хоёр туйлд очин холдох үе ирэх ч нэг үндэстний эд эсийн хувьд нэгдмэл нэг цогц мөн гэдгээ ухаарах ёстой. Эвлүүлбэл малын хоёр туйлд байгаа эвэр туурай ч нийлж болдог юм чинь эвлүүлбэл хоёр туйлд зогсох ухаант хүмүүс нийлж л таарна. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Хоёр туйлд, хэрсэн бух шиг шороо цацлан урамдаж зогсоод эвлэн нийлнэ гэж үгүй. Холын зайгаа ойртуулж, хоёр биенээ ойлголцож хэл амаа олж, хэрэлдэн маргалдаж, хэдэрлэн зогсох биш, хэлэлцэн зохицож, хэрэг явдлаа шийдэж байж нэгэн зүгт явах өргөн дардан зам дээр нэгэн зэрэг гарч ирнэ. “Эх орондоо учирсан шархыг бидний хэн нь ч зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэрдэг”. Эдүгээ монгол хүн бүр эх орондоо учирсан шархыг зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэрч, сэтгэл зовнин, амар тайван бус байна. Сэтгэлийн шарх удаан эдгэдэг ч тэсвэр тэвчээртэй уужуу, ухаалаг байж шархыг сэдрээхгүй, дайран дээр нь давс үрэхгүйгээр анагаан илааршуулж бүрэн болно. Аль ч улс үндэстнийг эх орноо хайрлах эх оронч үзэл нэгтгэж байдаг. Би эх оронч хүн гэж цээжээ дэлдэн хашгирах нь эх оронч байхын үндсэн шалгуур хараахан биш. Эх оронч байхаа үг хэлээрээ ч, үйл хөдлөлөөрөө ч, үзэл санаагаараа ч ил харуулах ёстой. Эх орноо, элгэн түмнээ хайрлах хайраараа харуулах учиртай. Гэхдээ “эх оронч үзэл гэдэг бол эх орондоо өгсөн ганцхан хайр биш. Энэ нь түүнээс нэн их юм. Энэ бол өөрөө эх орноосоо салшгүйгээ ухамсарлахыг, түүний аз жаргалтай болон азгүй өдрүүдэд түүнтэй салшгүй хамтдаа сэтгэл догдлохыг, сэтгэл зовинохыг хэлнэ”. Монгол орон бидний хэн нэгэнгүйгээр байж, оршин тогтнож чадаж л таарна. Харин бидний хэн нь ч Монгол эх оронгүйгээр ингэхэд юу юм бэ?Эрхтэн дархтан, хаад ноёд хэн боловч явж одно, харин ард түмэн хэзээд үлдэнэ. Эрх мэдлийг биш, эх орноо хайрлацгаая. Бүл цөөтэй бидний монголчууд өөр хоорондоо толхилцон, эвдрэлцэн, эвгүйтвэл хорвоогийн хүн зоны шившиг, элэг тохуу болоод зогсохгүй элэг буруутны идэш зууш болох осолтойг хожимдоогүй дээрээ ухаарая.“Жинхэнэ эх оронч үзэл гэдэг бол баяр ёслолын мөчид сайрхан бужигнахыг бус, нийтийн сайн сайхны төлөө өдөр тутам цуцалтгүй санаа тавихыг, үүгээрээ сайрхахгүй байхыг хэлдэг” юм байна. Энэ үг ялангуяа шийдвэр гаргадаг, эрх дархтай хүмүүст илүү хамааралтай. “Эх оронч үзэл биднийг сохлох ёсгүй. Эх орондоо хайртай байх нь сохор тэчьядал бус, саруул ухаан бодлын үйлдэл байдаг” гэдгийг тун нухацтай бодож тунгаах цаг. Хүн бүр өөрийн ухаан бодолтой байж, дүйвээнээр бус алив асуудлын зөв бурууг ялгаж салгах саруул ухаан бодлоор хандаж сурах хэрэгтэй. Ер нь ухаантай хүн тааламжтай зүйлийн хойноос биш, харин тааламжгүй зүйлээс салгаж өгөхийн хойноос хөөцөлддөг юм гэсэн шүү. Хүнд зөвхөн ухаалаг биш үйлдэл хийж байгааг нь ухааруулахын тулд бус хүнийг ухаалаг үйлдэл хийж, ухаалаг амьдруулахын тулд ухаан заяадаг. Хүний ухаан хорслоор нэвчих юм бол тэрхүү саруул ухаан бүх сайн сайхан, гэрэл гэгээтэй зүйлээ алдан, хаяж гээдэг гэдгийг мартаж болохгүй. Хорслыг дарах ухаан хэрэгтэй. Хэтийн гал өчүүхэн боловч түймэр асаах чадалтай байдгийн адилаар бага ч гэсэн хор хорсол нийлэн хуримтлагдаж бөөгнөсөөр эрүүл саруул ухааныг дийлж, энэ нийгмийг түймэрдэх аюул дагуулахыг сана. Хэлэх ярихаа цэнэж нягтал. Хэлээр бүдрэхээс хөлөөр бүдрэх нь аюул осол багатайг бод. Өрөөлийн хэлсэн үгний үнэн худлыг өөрийн ухаанаар тунгаа. Эвийг эвдэх үгийг чихний хажуугаар өнгөрөө. Эвдэх хялбар, эвлүүлэх бэрх гэдэг нь амьдралаар батлагдсан үнэн билээ. Эвдрэлийн эхэнд хэрүүл явдгийг, хэрүүл тэмцэл ихэдвэл хишиг буян доройтдогийг эгнэгт марталгүй санаж явъя. Ардчилал, эрх чөлөө, эв нэгдэл зэрэг нь ард түмний мэргэн ухаанаар бий болон цогцолсон, нүдний цөцгий мэт хайрлан дээдэлж явах учиртай үнэт зүйлс билээ. Булт олноороо бий болгосон үнэтэй бүхнээ буруу үйлдлээрээ эвдэн сүйтгэнэ гэдэг ухаангүйн цаадах ухаангүй явдал. Эрх чөлөөтэй байя гэж хүсвэл дэг журамтай байцгаая. “Эцсийн дүнд дэг журам, гагцхүү дэг журам л эрх чөлөөг буй болгодог. Дэг журамгүй байдал боолчлолыг буй болгодог”. Эрх чөлөөт эх орондоо боолчлолыг буй болгохгүйн тулд бид дээд зэргийн дэг журамтай байх ёстой. Ардчилалтай байя гэвэл хуулиа дээдэлж, хууль тогтоомжоо сахья. Хуулийг уландаа гишгэвэл ардчилалын амин сүнсийг уландаа гишгэлээ гэсэн үг. Ээдсэн хойно сүү болохгүй, эвдэрсэн хойно бүтэн болохгүй болохоор эв эеэ эвдэхгүй хадгалж, элэг бөөрөө нийлэхгүйгээр эвгүйтэлгүй эвтэй найртай, элэгсэг журамтай амьдарцгаая. Эвлэвэл бүтнэ гэх дээдсийн сургаал хэзээ хэзээнээс илүү үнэ цэнэтэй байна. Хичээцгээе.
Эрдэмт хүн даруу
2008 оны 07 сарын 31
Хүмүүс ээ. Даруухан байцгаая. Энсэг тос, үс зүс нүүр царайг чимдэг бол даруу зан бүх биеийг чимдэг юм. “Аугаа их хүмүүс бүгд даруухан байсан”. Даруухан байсан тулдаа тэд аугаа их хүмүүс болж чаджээ. Өчүүхэн амжилтандаа эрдэн сагсуурч эхэлбэл өндрийн оргилд хэзээ ч дөхөж очихгүй. Бэл хормой хавиар бэдрэн гэлдэрч явсаар насыг элээнэ. Авьяас төгөлдөр, ухаан саруул олон сайхан хүн архинд донтон живж өөрийгөө балласны адилаар билэг оюун төгс, бие ухааны чадавхитай ихийг бүтээж, томыг туурвиж, хол явж чадах олон сайхан хүн даруу бус зангаасаа болж амжилтандаа саган живж өөрийгөө балласан халагламаар намтар цадиг түүх шаштирт цөөнгүй тэмдэглэгдэн үлджээ. Түүхийн сургамж эцгийн сургаал мэт үнэтэй. Эгэл даруухан байж, ололтондоо омтгойрон улмаар саган живчихгүй явбал амжилтаа ахиулах зам мөрөө засч байна гэж бод. Хүн бүрт хэр хэмжээндээ таарсан бардам зан заяасан. Хэрээс хэтэрч, хальж дэврэхгүй бол бардам зан тийм ч муу юм биш. Хэмжээнээс хэтэрсэн бүхэн хор болдог. Ус дөлийг унтраадаг шиг даруу зан бардамналыг дардаг. Зуудаг нохойг уядагтай адил хэрээс хэтрэх бардамналыг дарж, барьдаг уяж хүлдэг хүч нь даруу зан байдаг билээ. Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг сонсож сурах хэрэгтэй. Зэмлэж хэлсэн үг ямагт үнэнд ойр байна. “Давс шорвог ч идээний амтанд тустай. Үнэн үг хатуу ч хэтийн явдалд тустай” учир шорвог ч гэсэн хатуу үгийг сонсож, тусган авч сурах нь чамд өлзийгөө өгнө. Хийсэн сайн үйлийнхээ төлөө магтаал сонсох сайхан. Харин ханаж бялууртлаа магтуулах нь хүсмээр сайн зүйл биш. Үнэн сэтгэлээсээ хэлсэн магтаалын зэрэгцээ үгээр тоглох бялдуучдын хор цацагдаж байдаг тул магтаалд ажрахгүй байхын хамт анхааралтай хандаж, авах гээхийн ухаанаар тусгах нь л чухал. Магтуулахын тулд сайн үйл бүтээх, хуурмагаар магтуулахын аль аль нь хөгийн бөгөөд хөөрхийлөлтэй. Ер нь “магтаалд ажирдаггүй хүн бус, харин зэмлэлд анхааралтай ханддаг хүн даруу байдаг” юм. Амьдралынхаа бүхий л асуудалд ухаантай ханд. Ухааныг даруу зан дагалдах нь тугал эхээ дагахтай адил. Даруу зан дутагдах нь ихэвчлэн ухаан дутуугийнх. “Даруу зан хүний эрхэм нандин чанарыг нэмэгдүүлж, хир тааруухан байдлыг уучилна”. Зан авир, ааш аяг, янз байдал болон бусад бүх зүйл дэх хамгийн сайхан нь энгийн даруу зан байдгийг залуу хүн бүр ухаан санаандаа бат тогтоож аваг. “Гагцхүү маш гайхамшигтай хүмүүс л гайхалтай бөгөөд туйлын хиймэл биш даруу зантай байдаг”. Гайхамшигийг бүтээсэн хүмүүс ихэвчлэн энгийн даруухан амьдардаг байжээ. Их эрдэмтэн А.Энштейн харьцангуйн онолын нээлтээ хийхээс өмнө байнга өмсдөг нэгэн ноосон цамцнаасаа салдаггүй байсан гэдэг. Та наадах цамцаа солих нь яадаг юм бэ, хүмүүс харвал эвгүй биш үү гэхэд, суут эрдэмтэн “Намайг таньж мэдэх хэн байх юм бэ?” гэж хариулсан гэнэ. Нээлтээ хийж, суу алдар нь мандсан хойно мөнөөх л цамцнаасаа салахгүй өмсдөг байжээ. Та наадах цамцаа солих болоогүй юу гэхэд “Одоо намайг таньж мэдэхгүй хэн байх билээ” гэж энгийн даруу байдлаа хадгалсан хэвээр хариулсан гэх дурсамж яриа бий. Эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн гэх үг үнэн ажээ. Даруу байлаа гээд чамд учрах хор хохирол нэг их байхгүй гэдэгт эргэлзэх хэрэггүй. Аргал, хомоолыг дээш хаявч доошоо унана. Аргал, хомоолын галыг доош даравч дээшээ бадарна. Түүний нэгэн адил хийсэн бүтээсэн сайн үйл бүхэн чинь даравч дардайна гэдэг шиг хэчнээн даруу байлаа ч бүхнээ ил, дээш гэрэлтэн бадрах болно. Даруу хүн бусдын хүндлэлийг ч хүлээнэ, дэмжлэгийг ч авна. Бүтээлч хүмүүс даруухан. Тэд хэлж ярихаасаа хийж бүтээхийг чухалчилдаг юм. “Энгийн даруу байдал. Энэ чанар бол би бусад зүйлээс илүү ихээр олж авахыг хүсдэг тэр зүйл юм” гэж их зохиолч Л.Н.Толстойн хэлсэн үг бий. Энгийн даруу байдлыг хуурамч даруу багнаас ялгаж салгаж харахыг их зохиолч сургамжлан захиж хэлсэн бас нэг үг байна. “Энгийн байж харагдахыг хүсдэг хүмүүс тийм ч их энгийн даруу байдаггүй. Зориудын энгийн даруу байдал хамгийн том, таагүй, хуурамч чанар мөн шүү” гэж сэрэмжлүүлсэн байна. Тийм болохоор жинхэнэ даруу занг хуурамч даруу дүрээс ялгаж салгаж сурах хэрэгтэй. Жинхэнэ даруу зан хүнд байх хамгаас сайн шинж чанаруудын нэг яах аргагүй мөн тул түүнийг эзэмшихийг эрхэмлэн хичээцгээ. Жинхэнэ даруу зан ямар ч үед хувирч өөрчлөгддөггүй юм. Онгироо сагсуу, ичгүүр сонжуургүй, хэтэрхий бардам зан авир нь залуу хүн бүрийн үл тэвчих шинж чанар тул түүнээс хол байхыг хичээ. Даруу хүн ичгүүр сонжуургүй байж чаддаггүй юм. Гэхдээ бүх зүйл дээр даруу байдлаа эгнэгт хадгал гэж би зөвлөхгүй ээ. Яагаад гэвэл “бүх зүйлд, түүний дотор даруу занд ч хэмжээ хэрэгтэй”. “Даруу бус байдлын хувьд даруу байх нь сэтгэлийн хамгийн ноцтой даруу биш зан мөн” гэж нэгэн их сэтгэгч хэлсэн байна. Би даруухан хүн гэж өөрийнхөө тухай ярьж бодсоноос хүмүүс чиний даруу занг мэддэг, хүндэлдэг байх нь хавьгүй дээр. “Хүн өөрийнхөө сайн чанарыг хэдий чинээ бага боддог юмуу бага мэддэг бол тэрээр бидэнд төдий чинээ их таалагддаг” гэж хэлсэн нэгэн гүн ухаантны үгийг үе үе санаж байхад илүүдэхгүй. Даруу занг шийдвэр муутай, үлбэгэр дорой гэж өнгөн талаас нь харж сонжин өөнтөглөх хүн цөөнгүй. Гэхдээ хүчтэй хүмүүс ямагт энгийн даруу байдаг нь маргах аргагүй үнэн билээ. Хуурмаг даруу зан хэнд ч хэрэггүй. Хуурмаг даруу зан ихэрхэг зан шиг жигшүүр төрүүлдэг тул тийм дүрд богино хугацаагаар ч болов хувирахыг хүсээд байх юм биш. Жинхэнэ даруу зан ямагт агуу их үйлсийн эх ундарга байсаар ирсэн. Хүн төрөлхтний түүхэнд нэрээ алтан үсгээр бичин мөнхөлсөн аугаа их эрдэмтэн И.Ньютоны хэлсэн, даруу зангийн тод жишээ болон цуурайтсан нэгэн үгийг хүүхэд, залууст өмнө нь дамжуулан хэлж байснаа давтая. “Нүдний минь өмнө үнэний онгон их баялаг далай мэт цалиглаж байвч би түүний эрэг хавийн дунг түүж цуглуулснаас хэтэрсэнгүй” гэж маш даруухнаар өгүүлжээ. Эрдэмт хүн даруу.
Залхууг зайлуулъя
2008 оны 06 сарын 26
Дайсантайгаа хайр найргүй тэмц. Дайснаа ялж байж чи хүний дайтай хүн явна. Чиний амьдралын замд хөнөөгч дайсан мундахгүй хөндөлсөнө. Дайсан ил далд, гадна дотор хаа сайгүй бий. Хүний амьдралд гаднаас учруулах аюулаас дотроос хөнөөх атаатан илүү хорлонтой. Гадны аюул шууд заналхийлдэг бол дотоодын дайсан зугуухан мэрж доройтуулна. Дотроос хөнөөх атаатан тийм ч цөөн биш. Тэрхүү атаатныг хүн өөрөө зохион бүтээж, өсгөн торниулж, өөрийнхөө эсрэг турхирах нь гол гонсойм харамсмаар. Хүний амьдралын дотоод дайснууд дотроос адгийн хорлогч нь залхуурал билээ. Гадаа хэвтсэн төмөр дотроо зүгээр байвч гаднаасаа зэвэнд идэгддэг бол залхуурч хэвтсэн бие гаднаа зүгээр мэт байвч дотроосоо зэвэнд баригддаг юм.“Залхуурал бол хүн хийж чаддаг зүйлээ мартаж, чаддаггүй зүйлдээ суралцдаггүй хортой бүхний эх юм” гэж олон зууны тэртээ Украйны нэгэн зүтгэлтэн хэлжээ. Үнэн үг. Мянган жилийн тэртээ залхуурал хэмээх энэ дотоод дайсан хүн төрөлхтнийг зовоож байж, одоо бүр ч их зовоож байна. Залхуурал нэгэнт муу муухай, хортой бүхний эх ундарга юм бол түүнийг дайснаа гэж үзэн, жинхэнэ дайн зарлах учиртай. Энэ хатуу ширүүн тэмцэлд ялж чадсан хүн, өөрөөр хэлбэл залхуурлыг давж гарсан хүн амжилтанд лавтай хүрнэ. Залхуу хүн онцгой амжилт олж, оргилд гарч байсан баримт хүн төрөлхтний түүхэнд тэмдэглэгдэн үлдсэнгүй. “Залхуу хүний мөн чанар нь бүх салбарт хир тааруухан явдал байдаг”. Залхуураад зүгээр суугаад байвал хамгийн гайхамшигтай авьяас билэг ч унтран мөхдөг гэдэг нь нэмэлт тайлбаргүй үнэн. Хувийн зохион байгуулалт, замбараа муутайхан хүмүүс залхуу байх нь тэдний нийтлэг дүр төрх. Залхуу хүн цагийн үнэ цэнийн талаар тун маруухан ойлголттой. Залхуучууд ямагт ямар нэгэн зүйл хийхээр завдаад ёс юм шиг алгуурлан хойш тавих нь тэдний нийтлэг шинж. Маргааш, дараа болъё гэдэг үг залхуучуудын амны уншлага. Залхуучуудын хөдөлгөөн аажуу, босч суух нь хүртэл удаан. Үг яриа нь бүр залхуутай. Түүнээ дагаад сэтгэлгээ нь хүртэл удаан, ойлгоц нь ч алгуур. Хүний араар суух нь тэдний ёс юм шиг түгээмэл араншин. Ажилсаг, завгүй хүний дэргэд залхуу хүн байх шиг тээртэй юм үгүй. Ажилсаг хүнд залхуучууд нүдэнд орсон хог, шүдэнд тээглэсэн мах адил үзэгдэнэ. Ажилсаг хүний дэргэд удаан байсан хүн залхуу болчих явдал бий. Ажилсаг хүн юм юманд хурдтай. Ажлыг нь шүүрч аваад хийчихдэг болохоор дэргэд нь байгаа угийн залхуу маягийн нөхөр улам хойш суух буруу зуршилтай болчихдог гэмтэй. Харин авхаалжтай сүйхээтэй нэгэн ажилтай анхиатай хүнээс ажилсаг чанарыг нь өвлөн авдаг сайн талтай. Хүн ер нь сайн зүйлийг тусган авахаасаа муу юманд амархан дасамхай. Хүмүүсийн хамгийн амархан эвлэрэн уусдаг гажгуудын нэг нь яах аргагүй залхуурал мөн. “Биеэ тоох болон залхуурах нь бүх гажгуудын хоёр эх булаг болдог” гэсэн санаж явууштай үг байна. Хүнд бий болдог бүх гажгуудын эх булаг болох бие тоох, залхуурах муу зан авираас холхон явахыг залуу хүн бүр хичээцгээ. Ажилсаг хүнд бурханы ариун мутар өөд татаж туслахад бэлэн, хажууд нь дэлгээтэй байдаг бол залхуу хүнд бугийн бузар савар уруу татаж услахад бэлэн, дэргэд нь сарвайж байдаг юм. Тогтоол ус амархан бохирддог шиг залхуу хүний тархи нь сэтгэхгүй байсаар атаршиж, бие нь ажилгүй байсаар хөшнө. Залхуурал бол хүнд шүглэсэн босоо ороолонгийн сүнс, өөдлөх замд нь тээглэсэн хар гай. Залхуурал авьяас билгийг хөгжүүлэхэд хамгийн том саад тотгор, амжилт ололтыг ахиулахад хамгийн адгийн тээг билээ. Сурч мэдэхэд тархи багласан чөдөр тушаа, судлаж танихад замд тээглэсэн бул хар чулуу, жаргах замын садаа бол залхуурал. “Залхуурлыг эх гэж үзвэл түүний хүү нь хулгай, охин нь өлсгөлөн байдаг” гэж нэрт зохиолч бичжээ. Залхуугаас заяа зайлдаг гэдэг. Хувь заяагаа төөрүүлж зайлуулахгүйн тулд залхуурлаа таягдан хая. Залхуурал нь давж гаршгүй даваа, туулж баршгүй гол мөрөн огтоос биш. Ямар нэг сайн үйл, үнэнч шударга зүйл бүтээчихээр сэтгэл тэнийгээд хэчнээн сайхан болдогийн адилаар хүн өөртэй нь зууралдсан хамгийн адгийн гажиг болох залхуурлыг даван туулж чадвал үнэхээрийн баяр жаргалыг энэхэн биедээ төдийгүй эргэн тойрны ойр хавийнхандаа омог бардам авчрах болно. “Залхууг эмчлэх сайн эм бол байнгын шударга хөдөлмөр мөн”. Өглөө сэрээд “би юу хийх ёстой вэ?” гэж, орой унтахынхаа өмнө “би юу хийсэн бэ?” гэж өөрөөсөө асууж бай гэж нэгэн мэргэн хүн сургасан. Энэ сургаалийг өдөр бүр мөрдөх гээд үз. Ялангуяа “би юу хийсэн бэ?” гэж өөрөөсөө асуугаад, юу хийснээ эргэцүүлэн бод. Бүтээсэн хийсэндээ бүрэн сэтгэл ханамжтай байгаа бол залхуу хэмээх дотоодын хөнөөлт дайснаас зай барин холхон байна гэж өөрөөрөө бахарха. “Дэлхий дээр юу ч хийхгүй байхаас илүү хөнөөлтэй, тэсвэрлэшгүй зүйл байхгүй шүү” гэж халагласан суу билэгтний үгийг сургамж болгон тогтоож ав. Хөдөлмөр – баяр баясгалан, залхуурал – гай гамшиг. Ажил хөдөлмөр хүнийг аймшигт гурван хороос ангижруулж өгдөг гэнэ. Тэр хор нь уйтгарлал, гажиг, гачигдал гурав болой. Гурван хорын нэг болох гажигийн хамгийн адгийнх нь залхуурал. Ажилтай хүн уйтгарлахгүй ээ. Зүгээр суулт уйтгарлалын эх нь. “Зүгээр суулт ноёрхож байгаа тэр газар суу билгийн туяа гялалздаггүй, үхэлгүй мөнхийн алдар өөд тэмүүлэл байдаггүй, буяны талаархи төсөөлөл болон бүр түүний бараа нь ч харагддаггүй”. Ажил хөдөлмөр гачигдлын хорыг үндсээр арилган анагаах шидэт үрэл мөн билээ.
“Гагцхүү ажил хөдөлмөр л хүмүүсийн сэтгэлийн мананг арилгаж, өөрөө өөртөө сэтгэл хангалуун байдлыг төрүүлэх замаар тэднийг аз жаргалтай болгоно”.Залхуу зангаа ялан дийлэх сэтгэлийн хүчээ хураан хуримтлуул. Ийм хүчтэй болж байж өөрийн сул талыг ухаарч мэдрэн, даван туулж, засч залруулна. Өөрөө өөрийгөө эрэлхэгээр даван туулах чадвар бол ухаалаг хүн бахархаж болох хамгийн гайхамшигт ололтуудын нэгэн яах аргагүй мөн. “Өөрийгөө эзэмддэг хүн бүхнээс хүчтэй”. Залхуу хэмээх гай түйтгэрийг эгнэгт орхихын тулд өөрийгөө албадаж сурах хэрэгтэй. Хэрэв чи өөрийгөө албадаж, өөрөөсөө өөрөө шаардаж чадахгүй байвал дэргэдээ зуун эрдэмт багш байлгаад ч, тэд хүчгүй байх болно хэмээсэн нэрт сурган хүмүүжүүлэгчийн хэлсэн үг байна. Өөрийгөө чанга албадаж, өөрийгөө чанд захирч, өөрөөсөө хатуу шаардаж байж залхуурал хэмээх дотоодын дайснаа даран ялж, дийлнэ. Бас дээр нь залхууг дийлэх зориг тэвчээр чамд хэрэгтэй.
Албадаад, тэвчээд, зориглоод үз. Чи залхууг төвөггүй ялж чадна. Залхууг ялж чадвал бараан үүлээ хөөсөн тэнгэр цэлмээд ирэхийн адил барайж байсан амьдрал чинь дэвжээд ирэх баяр жаргалыг үзнэ.
Илүү ухаанаас дутуу ухаанаа дүүргэж ав
2008 оны 06 сарын 20
Оюун ухаанаа хөгжүүл. Тамирчин хүн бэлтгэл дасгалыг уйгагүй махран хийж байж ур чадвар нь дээшлэн амжилтанд хүрдэгийн адилаар оюун ухааныг үргэлж зүлгэн тордож, хөгжүүлэн төгөлдөржүүлж байж чиний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, амжилт ололт санаж хүссэн хэмжээнд хүрэх болно.
Оюун ухаанаа хөгжүүлэх гурван зам байдаг тухай дорнын мэргэдийн сургаал байна. “Нэг дэхь нь сэтгэн бодох зам – энэ бол хамгаас буянтай. Хоёр дахь нь даган дууриах зам – энэ бол хамгаас хялбар. Гурав дахь нь хувийн туршлагын зам – хамгийн хэцүү нь юм”. Хүүхэд залуус та нарыг оюун ухаанаа хөгжүүлэх хамгаас буянтай зам болох сэтгэн бодох замыг түлхүү сонгоосой гэж хүсэх байна. “Оюун ухаанаа төгөлдөржүүлэхийн тулд цээжлэн тогтоохоос илүү аль болох ихээр тунгаан бодох хэрэгтэй” хэмээн их гүн ухаантан сургасан. Тунгаан боддоггүй хүн бол хүсэл тэмүүлэлгүй хүн. Их голын уснаа хөвж яваа модны зомголоос өөрцгүй. Урсгал хаашаа – зомгол тийшээ. Тунгаан боддог хүн явах замаа өөрөө сонгоно. Зам байхгүй бол замаа дархална. Тунгаан боддог хүн хүсэл мөрөөдөлтэй. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх өөрийн гэсэн ухаан бодолтой. Хүн хүссэн зүйлдээ хүрэхийн тулд ухаан заяасан. Ухаанаа ашиглаж, хүслээ биелүүл. “Ухаан муутай хүнийг бусад хүмүүс хуурч, харалган болгож, боолчилдог. Гагцхүү тунгаан бодож сэтгэдэг хүн л эрх чөлөөтэй, бие даасан байдаг”. Оюун ухаанаа зогсолтгүй, идэвхтэй ажиллуул. Ашиглаж байгаа түлхүүр л байнга гялалзаж байдгийн адилаар бодож сэтгэж, зогсоо чөлөөгүй ажиллаж байгаа оюун ухаан л эзнээ чимэн гялалзуулж байдаг юм. Зарим хүний оюун ухаан илэгдсээр нэмэр тусгүй болдог бол нэлээдийнх нь хэрэглэгдэхгүй байсаар зэвэрч мохдог. Оюун ухаанаа зөвхөн хөгжүүлэх нь хангалттай биш, түүнийг үр бүтээлтэй ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Бидний өвөг дээдэс “биеийн бөхөөр ганцыг ялъюу. Ухааны бөхөөр олныг ялъюу” хэмээн сургасан. Хэлж сургаад орхисонгүй хийж хэрэгжүүлж чаддаг байлаа. Дэлхийн талыг эзэгнэсэн эзэнт гүрнээ байгуулж байсан цөөхөн монголчууд чухам л оюун ухааны бөхөөр олныг ялан дийлж байсан байна. Долоо, найман зууны тэртээх бидний дээдсийг боловсролгүй, бүдүүлэг зэрлэгүүд байсан мэтээр дүрсэлсэн харалган өрөөсгөл ойлголт тэнэж явдаг. Түүхийн үнэн үүнийг үгүйсгэж байна. Цэргийн жанжид нь бичиг, цэргийн эрдэм хосолсон оюуны асар өргөн цартай хүмүүс байсан нь түүх бичлэгт тэмдэглэгдэн үлджээ. Тэд зөвхөн ирт сэлмээр тулалддаггүй, хурц ухаанаар тулалдан дийлдэг байсан. Одоогоос долоон зуу гаруй жилийн тэртээ амьдарч байсан Баарин овогт Баян хэмээх цэргийн жанжин байлаа. “Хөхөмдөг уулсыг сэлмээр зурахуйяа уул хагарах шиг болмуй. Хөх мөрнөө хүлгээн услахуйяа мөрөн ширгэхэд хүрчүхэй” гэсэн бадаг Хубилай сэцэн хааны зарлигаар өмнөд Хятадад тогтож асан Сүн улсыг дайлаар мордон түвшитгэхдээ Баян жанжины хятадаар бичсэн шүлгийнх нь хэсэг болой. Түүний шүлэг аугаа сүрлэг, цог жавхлантай, сэтгэмж чанга, санаа гүн, хэтрүүлгийг чадамгай хэрэглэж, хураангуйллыг сайхан тааруулсан байдаг” хэмээн судлаач тэмдэглэжээ. Харь хэл дээр шүлэг зохиол туурвина гэдэг оюуны маш өндөр чадавхийг илтгэх баримт мөн. Оюун ухааны ийм чадвартай хүмүүсийн хүчээр орчлонгийн хязгаар хүртэл морин дэл дээр явж, түг түмэн хүн зоныг хураан захирч чадаж байжээ. “Хүч чадлын өмнө сөгдөж болох авч, гагцхүү оюун ухаанд үг дуугүй бууж өгдөг” гэдэг үнэн аж. Ухаанаа маш зөв ашиглах хэрэгтэй. Ухаалаг биш амьдарч байгаа бол ухаанаа бүр ч ухаантай ашигла. Хүнд зөвхөн ухаалаг биш амьдарч байгааг харуулахын тулд бус, харин ч ухаалаг амьдруулахын тулд ухаан заяасан гэдгийг эрхбиш ухаармаар. Эрвээхэй өөр цэцгийг хайн нисдэгийн учир нь өөр сайхан цэцгийг эрж буй хэрэг. Ухаант хүн утга төгөлдөр сайхан аж амьдралыг эрвээхэйн адил эрж хайж байдаг билээ. Эрдэнэт хүн оюун ухаанаараа л мөрөөдлийн тэр сайхан амьдралаа цогцлуулах учиртай. Хүн эхээс оюун ухаан, эрдэм чадвар төгс төрдөггүй. Эрдэм номд хичээн суралцаж, оюун мэдлэгээ сэлбэн зузааруулж, эрдэм ухааныг эрлээр олдог бөлгөө. Өөрт хэрэгтэй зүйлийг илүү мэдэхийн төлөө шамд. “Олон зүйлийг бус, харин хэрэгтэй зүйл мэддэг хүн л мэргэн ухаантай байдаг”. Туршлага ба ажиглалт, тунгаан бодох чадвар оюун ухааны шавхагдашгүй их эх булгууд байдаг юм. Тэдгээрийг ашиглах боломж хүн бүрт нээлттэй бөгөөд тэгш заяасан. Дүүрэн ашиглаж оюун ухаанаа тэл. Ухаан чинь тэлэгдэх тусам даруу зангаа тэр хэмжээгээр тэлж яв. Өөрийгөө маш их ухаантай гэж хүчтэй итгэсэн хүн гол төлөв ухаанаар маруухан юм уу ерөөс ухаан муутай тийм хүмүүсийн тоонд тоологдох болдогийг бодолцоорой. Ухаантай хүмүүс урьдаар бодож, дараа нь ярьдаг. Ухаан муутай нь юуны түрүүн ярьж, дараа нь юу ярьснаа боддог. Хийснийхээ дараа би юу хийчихэв ээ гэж халаглан бодох хүмүүс тийм ч гаргууд ухаантайд тооцогдохгүй байх. Мэргэн ухаантай хүний шинж чанар гурван зүйлд байдаг тухай мэргэд айлдсан байна. Нэгдүгээрт, бусдад хийхийг зөвлөдөг зүйлээ өөрөө хийдэг байх. Хоёрдугаарт, шударга ёсны эсрэг хэзээ ч явахгүй байх. Гуравдугаарт, өөрийг нь хүрээлж буй хүмүүсийн сул талыг тэвчин өнгөрөөдөг байх.Ухаанаа зөвхөн зөв зүйлд зарахыг хичээ. Тэнэг зүйл хийхийн тулд өөрийн ухааныг ашиглахыг тэвчиж хэрхэвч болохгүй. Хэрвээ ухаан хорслоор нэвчин хорсолд дэвтэх юм бол өөрийн бүх сайн сайхан шинж чанараа алддаг болохыг мэд. “Мэргэн ухаантай хүн өөрийн дутагдлаас ичдэг боловч түүнийгээ засахаас ичдэггүй” юм. Дутагдал хийгээд тааламжгүй зүйлсийг өөрийн ухаанаар таягдан хаяж, холдон сал. Ухаантай хүн тааламжтай зүйлийн хойноос төдийлөн хөөцөлдөөд байдаггүй, харин тааламжгүй зүйлээс салгаж өгөхийн хойноос ихэвчлэн хөөцөлддөг гэдэг юм билээ шүү. Ер нь ухаан дутсан газар бүх юм илт дутагддаг гэдгийг анхаарч яв. Илүү ухаанаас дутуу ухаанаа дүүргэж авахыг хичээцгээ. Ухаантан өрсөлдөгчдөөсөө, тэр ч бүү хэл дайснаасаа хүртэл олон зүйлийг сурч амждаг юм. Нэг толгой дажгүй, гэхдээ хоёр нь дээр гэсэн үг бий. Бүх зүйлд өөрийн бодол, ухаантай байцгаа. Өөрийн ухаангүй хүн ухааныхаа савыг бусдын ухаанаас дүүргэж авах гэж хэчнээн хичээгээд нэмэр тусаар бага. Хүн өөрийн ухаангүй байвал бүх хүмүүсийн ухааныг нийлүүлээд авсан ч олигтой амжилтыг олохгүй. Өөрийн ухаантай байж, байж л үйлс ажил нь өөдрөг, өргөө гэр нь өнгөтэй жавхаатай байх болно.
Сайхан сэтгэлээр сайн үйл хий
2008 оны 05 сарын 20
Өөрийн амиа хутганы ирэн дээр аваачин байж усны аюулаас хэд хэдэн монгол хүнийг аварсан жирийн сайхан орос эрчүүлд медаль гардуулан өгсөн тэр нэгэн мөч миний санаанд тодхон үлджээ. Медалиа зүүлгээд “их баярлалаа” гэснээ “бүгдийнх нь амийг аварч чадаагүйдээ туйлаас их харамсаж байдаг юм даа” гэж халаглан хэлсэн үг нь санаанаас гардаггүй юм.
Гадаад орны төрийн медаль хүртээд баярлахаасаа илүү амийг нь аварч чадаагүй тэр хөөрхий хүний төлөөх харууслыг сэтгэлдээ тээн, харамсаж явдаг нь түүний харц, дууны өнгөнөөс ив илхэн, тов тодхон харагдаж, сонсогдож байсан. Өөрийн амиар дэнчин тавьж, үерлэн эргэлдсэн том голоос хаа хамаагүй, замд таарсан, үл таних, харийн хүмүүсийн амийг аварч, бас аварч чадаагүй хүнийхээ төлөө харамсаж явна гэдэг нь тэдний хүний мөс, хүн чанар, өндөр ёс суртахууны бодит хэмжээсийг ямар ч нэмэлт тайлбар сурталчилгаагүйгээр илэрхийлж байгаа хэрэг юм. Тэд сайхан сэтгэлээр, сайн үйл хийжээ. Хүний төлөө сэтгэл зүрхээ зориулж хийсэн буянтай үйл болгон үнэ цэнэтэй. Харин бусдын төлөө буянтай үйл хий гэж албадан шахах нь тийм ч гайхуулмаар сайн зүйл биш. Яагаад гэвэл “албадмал буянт үйл өөрийн бүх үнэ цэнийг алддаг юм”. Чиний эрхэлж буй ажил үйлс чинь өөдрөг сайн байгаа юу? Хамтран зүтгэгчид, удирдлагын зүгээс ажлыг чинь хэрхэн үнэлдэг вэ? Хийсэн бүтээсэн болгоныхоо үр дүнд сэтгэл тэнүүн, ханамжтай байж чадаж байна уу? Энэ асуултуудад өөрөө чин үнэнээр нь хариулах гээд бодоод үз. Хангалттай бус, сайн биш гэж бодогдвол шалтгааныг нь даруйхан хайж ол. Тэгэхдээ бурууг бусдаас хайлгүй эхлээд өөрийн буруу зөрүүг сайтар тунгаа. Олон, олон учир шалтгаан тодроно байх. Хийсэн ажлын чинь үр дүн тааруу байвал нэг л зүйл түүний үндсэн шалтгаан нь болсон байдаг нь анзаарагдана. Үнэн сэтгэлээ өгч хийгээгүй ажил үйл бүхний үр дүн үжиршиж урагдах дөхсөн бөс даавуутай адил хэврэг байдгийг чи аяндаа ойлгоно. Тиймээс том бага гэлтгүй аль ч ажилд ухаанаа зарахаас дутуугүй сэтгэлээ шингээж төгс сайн хий. Сайн үйлс бүтээе гэж байгаа бол алгуурлаж хойшлуулах хэрэггүй. Аливаа алгуур нуршуу бүхэн ухаалаг бус, үр дүн нь од шиг хол. Сайн үйл хийе гэж сэтгэлдээ бодон суух нь сайн үйл бүтээчихсэн ч хэрэг биш. “Сайн үйл хийхийн тулд хэтэрхий удаан боддог хүнд сайн хүн байх хугацаа байхгүй” гэж хэлсэн сургамжит үг байна. Сайн хүн байж чадахгүй байсаар насаа барж болох тул алгуурлаж болохгүй. Хурдан шуурхай байх нь аливаа үйл хэргийн амин сүнс нь. Эрт боссон шувуухай өт олж иднэ гэсэн үг ч бий. Сайн үйл бүтээх өөдрөг үзлээ ямар ч бэрхшээл тохиолоо гэсэн хаяж гээж бүү орхи. Чамд хэчнээн боломжгүй мэт бодогдсон ч боломж үргэлж байдагт эргэлзэх хэрэггүй. “Өөдрөг үзэлтэн аливаа хүнд хэцүү нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг нь олж хардаг”. Та нарыг зөвхөн боломжийг нь олж хардаг өөдрөг үзэлтэн байгаасай гэж үүнийг хэлж байгаа юм шүү. Яг одоо чамд хэцүү, зүтгүү байвал үүрдийн зовлонт хувь тавилан мэтээр гуниглан бүү хүлээж ав. Нар байнга нэг газраа тусдаггүй. Өнөөдөр сүүдэртэй байгаа чиний эргэн тойронд нар тусч л таарна. Зүүний сүвэгчин чинээ нүхээр ч сайн үйлсийн гэгээ тусна. Гагцхүү сайн үйлс бүтээх хүслээ орхиж болохгүй, залхуурч хэрэггүй. Залхуу хонинд ноос нь хүртэл тээг болдог гэсэн үг бий. Залхуу хүнд тээг болох зүйл захаас аван байна. Юу ч хийхгүй залхуурч суугаа хүн сайн үйл хийх нь байтугай муу юм хийхэд биеэ алгуур бэлдэж суудагаа мэд. Хүн сайн үйлийг шагнуулах захиалгаар юм уу шийтгүүлэх айдсаар хийхийн аль аль нь зохисгүй. Аль ч тохиолдолд сайн үйл нь үнэлгээгүй, ялих шалихгүй зүйл болон үлдэнэ. Чиний тусын тулд сайхан сэтгэлээр үйлдэж байгаа сайн үйлсийг чи ашиглах хэрэгтэй. Гэхдээ хортойгоор ашиглаж болохгүй гэсэн мэргэн ухааны алтан дүрмийг зөрчихгүй байх ёстой. Муу хүмүүс, тэнэг хүмүүст сайн үйл хийснээр чамд сайн зүйл авчирна гэж хүлээх хэрэггүй. Тэнэг хүмүүст сайн зүйл хийх нь нуур цөөрөм рүү аяга ус нэмж хийхтэй л адил. “Муу хүнд сайн үйл хийх нь сайн хүнд муу үйл хийхийн адил аюултай”. Аман дээрээ сайн хүн, ажил амьдрал дээр сайн хүн хоёрыг ялгаж салгаж сур. Зөвхөн аман дээрээ сайн хүн давхар давхар олиггүй байдгийг мэд. Бас, сайн мууг ялгадаггүй хүнд сайхан сэтгэлийн тус хэрэггүйг ойлго. Ганцхан хар толгойгоо хоохойлоод, хорхойд хоргүй гэлдэрч явах нь тийм ч бахархмаар үйл биш. Хүмүүс чиний төлөө сайхан сэтгэлээр тоолж барахгүй сайн зүйл хийсэн, хийх ч болно. Хамгийн наад зах нь эцэг эх тань улаан нялзрай байхаас чинь өдий хүртэл чиний төлөө хиргүй тунгалаг, ариун хайр сэтгэлээ зориулж ирсэн нөр их хөдөлмөр нь үнэлгээгүй, үнэ байхгүйдээ биш, үнэлэх аргагүй далай мэт том байдагт утга учир нь байгаа юм. Дор хаяж үүнийг ухаар. Тэгэхээр чи юуны урьд “хүний төлөө хийх ажил байдаг” гэдгийг сэтгэлдээ бат суулган тогтоож ав. Тэгээд зогсохгүй хүмүүсийн төлөө хийх ажлаа чин сэтгэлээсээ сайн хий, хүнд тусла! Бусдын тусыг авах, бусдад туслахдаа бодож хэрэгжүүлэх нэг чухал зарчим бий. Энэ нь “өөрт чинь үзүүлсэн тусыг бүү март, харин чи өөрөө бусдад үзүүлсэн тусаа мартах хэрэгтэй” гэсэн зарчим. Өөрийнхөө буянт үйлсээр ихэрхэн бүү гайхуул. Өөрийнхөө буянт үйлсээр гайхуулдаг хүнээс ихэд болгоомжил. Чиний үзүүлсэн тусыг чи өөрөө бус, тусыг хүртсэн хүн санаж явах ёстой. Зөвхөн санах, санагалзах бус талархаж явах ёс суртахууны үүрэгтэй. Харин чи бусдын үзүүлсэн тус нэмэрт сэтгэл зүрхний угаас талархахаа мартуузай. Өгөөмөр бөгөөд сэтгэл харамгүй байх нь хүний сайн чанаруудын нэг мөн. Бусдад сайн үйл бүтээж байгаа хүн өөртөө ч сайн үйлийг хамт бүтээж, буян хурааж байдаг. Хүний төлөө хийсэн сайн сайхан үйлийнхээ үр дүнг харж, эрэгцүүлэн бодохоор асар их хөөр баярыг сэтгэл зүрхэндээ хураан мэдэрнэ. Энэ нь өөрт нь ирж байгаа сэтгэл ханамж, баяр баясгалан, сайн сайхан үйл мөн билээ. Сайн хүн муу юм хийнэ гэдэг хамгийн аймшигтай. Тийм болохоор сайн хүнээр муу юм хийлгэж хэрхэвч болохгүй. Хүмүүсийг сайн үйлс бүтээснийх нь төлөө хүндэтгэх ч хэрэгтэй, хайрлах ч хэрэгтэй. Мөн, сайн үйлс төдийлөн бүтээгээгүй боловч хүмүүст хор хүргэж, муу зүйл авчраагүй тэр хүмүүсийг бас хүндэтгэх нь зүйн хэрэг. Сайхан сэтгэлтэй хүний сайн үйлс гагцхүү магтаал хүлээх гавьяатай. Сайн үйлст жижиг зүйл гэж байдаггүй. Бага гэлгүй, сайхан сэтгэлээр сайн үйлийг алхам алхмаар бүтээцгээе.
Эр зориг
2008 оны 05 сарын 16
Солонгост ажиллаж байсан монгол залуус түймэрийн аюулаас хүний амь аварч, зориг баатарлагийн үлгэр жишээ үзүүлэв. Монгол залуусын хувьд энэ түймэр эр зоригийн шалгуур байлаа. “Алтыг гал дээр, эр зоригийг гай зовлонгийн үед сорьж үздэг” гэсэн үг бий. Тэд аюултай мөчид амь насаараа дэнчин тавьж, айж сандралгүй, уужуу тайвуу байж эр зоригийн шалгуурыг нэн амжилттай давж, зовох цагт нөхрийн чанараа таниулав. Монгол хүн нөхөрлөж болох нөхөр, найдаж болох хань, хүнлэг нинжин сэтгэлтэй жинхэнэ сайн хүмүүс гэдгийг үг хэлээр бус үйлдлээрээ нотлов. Солонгосчуудын тархинд монгол хүний мөс чанарын үзүүлэлтийг маш сайнаар тамгалан хадаж өглөө. Түүнээс хойш монголчуудад хандах солонгосчуудын хандлага их өөр болсон гэж ярих юм билээ. Тэд эр зоригийн хүмүүжилтэй, эх орон нэгтнүүдийнхээ нэр төрийг өргөж өгсөн сайн залуус. “Аливаа эр зоригтон, аливаа шударга хүн эх орондоо нэр төр авчирдаг” гэж бичсэн нэрт зохиолчийн үг үнэн ажээ.
Монгол хүн аль дивангараас үр хүүхэддээ эр зоригийн хүмүүжил олгодог өөрийн гэсэн аргатай байлаа. Монгол үлгэр туульс тэр аяараа л эр зоригийн баатарлаг үйл явдлаар дүүрэн. Бидний үеийнхэн арван таван толгойтой атгаалжин хар мангасыг дарж, ард олондоо жаран жилийн жаргал авчирч, наян жилийн найр хийж байгаа эр зоригтны тухай үлгэр туульсыг чих тавин, амьсгаа даран сонсч өссөн. Ийм монгол үлгэр сонссон хүүхдүүд тэр эр зоригтон шиг баатар эр болохыг мөрөөдөлдөө тээн, зүүдэндээ үзэж, эр зоригийн хүмүүжлийг шингээн тусгадаг байв. Гунын эвэр хугармаар гурван есийн хүйтэнд үзүүрсгэн дээлнийхээ энгэрийг ярж, үнэгэн лоовуузаа ар шилэн дээрээ шидэж, уур савсуулан давхиж яваа адуучин монгол залууг төсөөлөөд бод доо! Адуучин залуу байгалийн хатуу ширүүн аашийг хатамжлан сөрж, халуунд халж, хүйтэнд хөрж, малч удмаараа, ажил үйлсээрээ эр зоригийн гайхамшигийг ой ухаан, бие сэтгэлдээ шингээн авчээ. Түүний үе тэнгийн эрүүл чийрэг аль нэг залууг Зүүн өмнөд Азиас ч юм уу Европоос авчраад тэр аргамаг хүлэг дээр мордууллаа гээд төсөөл. Моринд мордож чаддаг юмаа гэхэд идэр гурван есийн хүйтэнд морин дэл дээр аль хэр удаан тэсч чадах эр зоригтон байх бол? Гэхдээ би эдгээр орон газарт эр зоригтон байхгүй, зөвхөн бид л хосгүй эр зоригтон гэж хэлж байгаа юм биш. Аль ч улс үндэстэн өсвөр үедээ эр зоригийн ухаан суулгадаг өөр өөрийн арга барилтай. Япон эхчүүд хүүхдүүдээ ухаан орсон цагаас нь дайн тулааны тухай үлгэр ахин дахин ярьж, жинхэнэ самуурайн эр зориг, хатуужлыг оюун ухаанд нь суулгаж өгдөг байсан байна. Үлгэрийн айж цочимоор, зүрх өвдөм хэсгийг сонсоод хүү нь айж уйлбал, ээж нь иймхэн юманд уйлж байдаг, яасан арчаагүй, эм тахиа шиг аймхай хулчгар юм, чи гэж зэм хүртээн, хэрвээ тулааны талбарт гараа тас цавчуулбал чи яах юм бэ, харакири хийхийг чамд тушаавал яахав гэх зэргээр аашилж, цахиур мэт хатуужуулдаг байсан гэнэ. Японы нэгэн нэрт соён гэгээрүүлэгч “Дайн тулаанд орж, дайтаж үхэх бол хэцүү юм биш. Энэ бол ямар ч зэрлэг хүн хийж чадах ажил. Харин, амьдрах цагтаа амьдраад, үхэх ёстой цагтаа үхэх л чухам үнэнхүү эр зориг мөн” гэж бичсэн байна. Махан биеийн эр зориг, ёс зүйн эр зориг хоёр тэс өөр ялгаатай зүйл билээ. Бидний өвөг дээдэс “биеийн бяраар нэгийг ялах, ухааны бядаар мянгыг дийлэх” гэх торгон ухааныг цэргийн эрдэмтэй хослуулан дайтаж, ялан дийлж, суу алдраа мандуулсан эр зоригтнууд байлаа. Бидний үеийнхэн дайн байлдаантай кино үзэж, манай тал ялахаар алга ташин баясч, өөрсдөө тэр тулаанд ороод ялсан мэт хөөрч хүүхэд насаа үдсэн. Тэр үеийн кино бүхэлдээ эр зоригтнуудын түүх өгүүлсэн үйл явдалтай. Тэдгээр киноноос махан биеийн эр зориг, ёс зүйн эр зоригийн аль алиных нь эд эс бидний бие хийгээд ой ухаанд ямар нэг хэмжээгээр шингэж үлдсэн нь мэдээж. Гэхдээ тэр үйл явдлууд ихэвчлэн бүхий л хүнд аюулыг сөрөн, хувь заяагаа золин байж үхэл рүү үсрэн орохыг эр зоригтой адилтган харуулсан байдаг байсан юм. Ийм дайчин эрийн ухаангүй үйлдлийг Шекспир “нялх эр зориг” гэж нэрлэсэн. “Нялх эр зориг” гавьяа үгүй. Шатаж байгаа байшин руу хүн аврахаар дайран орох, эр зоригтойгоо хэн нэгэнд зүгээр л харуулахын тулд үсрэн ороод гарч ирэх хоёр тэс өөр. Эр зоригтойгоо харуулж гайхуулахын тулд гал руу үсрэн орсон нөхөр амьд гарч ирж чадахгүй ч байж магад. Энэ мэт үхлийн үнэд хүрэхгүй юмны төлөө амиа золихыг “нохойн үхэл” хэмээн үзэн яддаг юм. Энэ нь эр зоригтны үйлдэл биш, зүгээр л ухаангүй ойворгон нөхрийн тэнэг алхам. Шатаж байгаа байшингаас монгол хүүхдүүдийг аварч яваад угаарт цохиулан бурхан болсон гадаадын эмэгтэйн тухай манайхан дутуу сэтгэл, сулхан дуугаар цөөхөн дуугарсаар мартагнасан. Тэр эмэгтэй үнэхээр өндөр ёс зүйтэй, шударга ариун чанарын төлөө тэмцсэн эр зоригтон. “Жинхэнэ эр зориг гай зовлонгийн үед л гардаг” гэдэг үнэн ажээ. Гал, усны гашуун зовлонгоос өөрийн амиар дэнчин тавьж хүн аварсан ачтан өч төчнөөн монгол хүн бий л дээ. Тэд жинхэнэ эр зоригтнууд. “Жинхэнэ эр зоригтон үг цөөтэй. Тэд хамгийн баатарлаг үйлдлээ гавьяа бус, үүрэг гэж үздэг тул өөрийгөө харуулах шаардлага түүнд бага гардаг” гэнэ. Жинхэнэ эр зоригтон буруу үйлд эр зоригоо хэзээ ч ашиглахгүй байх ёс зүйн болд мэт хатаагдсан зарчимтай. Буруу бусармаг үйлдлийг зориг гарган үйлдэгсэд эр зоригтон хэзээ ч байгаагүй. “Эх орноо хамгаалах эр зориг бол буянтай үйл, харин дээрэмчний зориг бол хар үйл юм”. Хүний мөсгүй зүрх зориг бол зэрлэг араатны араншинтай адил. Харин бузар үйлдэл хийхээсээ айх нь эр зориг мөн. Түүнчлэн чиний эсрэг үйлдсэн бусдын зохисгүй үйлдлийг тэвчин өнгөрөөх чадвар нь эр зориг. Хүний оюун санаанд эр зориг амар амгалан, тайвшралын хэлбэрээр оршин байна. Жинхэнэ зоригтой хүн ямар ч нөхцөлд цочихгүй, хэн яаж ч байсан оюун санааныхаа амар амгалан, тайвшралыг алдахгүй. Дайн тулааны үед ч тайван хянуур байж, байгалийн гамшигтай учирсан ч цочирдохгүй. Газар хөдөлсөн ч сандрахгүй, салхи шуурга, аадар бороонд ч ажрахгүй. Ийм жинхэнэ эр зоригтон тулгаран ирсэн аюул бэрхшээлийн үед ч, эсвэл үхэлтэй нүүр тулсан цаг мөчид ч ердийнхөөс өчүүхэн төдий ч өөрчлөгдөөгүй тайван амгалан байж чаддаг тухай түүх шашдир, ном зохиолд бичин үлдээжээ. Ийм чадвартай байна гэдэг бол тэр эрхэмийн сэтгэлд ихээхэн уужим тэнүүн орон зай байгааг илэрхийлж байгаа хэрэг. Сандардаггүй, айж мэгддэггүй, хүнд байдалд ордоггүй, цаг ямагт илүү орон зайг бий болгож чаддаг уужим сэтгэлтэй байна аа гэсэн үг. “Жинхэнэ эр зориг нь ямар ч гай зовлон, аюулыг хайхралгүйгээр өөрийгөө тайван эзэмдэж, өөрийн үүргийг сандралгүй биелүүлэх явдлаар илэрдэг” хэмээн гүн ухаантан Ж.Локк бичсэн байна. Эр зоригтон хэлсэн үгэндээ ч үнэнч, хийж байгаа үйлдээ ч үнэнч байдаг юм. Сэтгэл санаагаар унахгүй, үргэлжийн өөдрөг сэтгэлтэй байх нь эр зоригтны нэг шинж. “Хүний эр зоригийн аугаа их сорилт бол ялагдахын цагт сэтгэл санаагаар унахгүй байх явдал мөн”. Гэхдээ эр зоригтнууд юунаас ч айдаггүй, айх мэдрэмжээ хаяж гээсэн хүмүүс ердөө ч биш. Эртний Герегийн гүн ухаантан Платон, эр зоригийг “айх ёстойг айхгүйгээс ялгаж салгах” гэж тодорхойлсон байна. Айх нь адгийн муухай зүйл биш. Айдас зүрхийг хурцалдаг. “Эр зоригийн дараа орох сайхан зүйл бол айж байгаагаа хүлээн зөвшөөрөх” билээ. Тиймээс айж байгаагаа нэрэлхэлгүй хүлээн зөвшөөрөх ёс зүйтэй бай. Монголын хүүхэд залуус эр зоригтон байгаасай гэж хүсч энэ бүгдийг ярилаа. Хүн, “эд хөрөнгөө алдвал – бага зэргийн алдагдал, нэр төрөө алдвал – их алдагдал, эр зоригоо алдвал – бүхнийг алдах болно” гэж хэлсэн алдарт зохиолчийн үгийг эгнэгт санаж явцгаа!
Бага боддог хүн их алддаг
2008 оны 04 сарын 23
Эртний Герегийн домогт уран илтгэгч Демосфен “Юунд ч алдахгүй байх нь гагцхүү бурханы шинж чанар” гэж хоёрдмол утгагүйгээр хэлжээ. Хүн, бурхан биш болохоор үг хэл, үйл ажиллагаа, ер нь юм юмандаа зүйл зүйлийн алдаа гаргах нь заяамал тавилан. Яавал бага алдах вэ? Яаж алдаагаа давтахгүй байх вэ? гэдэг нь хүн бүрийн өдрийн бодол, шөнийн зүүд биш юмаа гэхэд зайлшгүй бодож явах зүйл мөнөөс мөн. Хүн бүрт эрхбиш нэр төр гэдэг юм байдаг болохоор алхам бүртээ алдаж, алдааны шавар балчигт хутгалдан суухыг хэн ч хүсэхгүй мэдээж. Тэгсэн хэрнээ хувь заяаны төөргөөр алдаанаас эгнэгт ангид байх нь өдрийн од, шөнийн солонго мэт ховор.
Хүн өөрийгөө байгаагаасаа илүү дөвийлгөн үнэлэх хэрэггүй. Биеэ хэтрүүлэн үнэлвээс бардам давилуун зангаас үүдэлтэй алдааны намагт гүн шигдэнэ. Тэрчлэн өөрийгөө дутуу үнэлж, мөнхөд сэтгэл дундуур, толгой гудайн явах ч хэрэггүй. Өөрийгөө дутуу үнэлвээс нунж дорой, гутрал гунигаас үүдэлтэй алдааны бохир суваг шуудуу руу палхийтэл ойчно. “Чи өөрийгөө байгаагаасаа илүү, эсвэл дутуу үнэлвэл аль аль нь том алдаа болдог”-ийг санаж яв. Гэнэн хонгор насны гэм хор багатай алдааг дайралгүй, тойрч гарсан хүн ховор биз ээ. Хүн санаатай болон санамсаргүй алдаа гаргадаг. Санаатайгаар алдаа гаргаж, ажил амьдралаа түйвээх мунхаг дотортон харамсалтай нь цөөнгүй байсаар байна. Хүмүүсийн санамсаргүй алдсан алдааг тоолж болдогсон бол толгойтой үсний тооноос давах байх. Хэнэггүй зангаас болж алдах нь хэтэрхий олон, харамсмаар их. Нэрэлхүү зангаас болж алдах нь тийм ч цөөнгүй. Хүн нэгэнт алдах тавилантай бүтээгдсэн болохоор заавал алдаж эндэж байх ёстой мэтээр сэтгэж, алдаагаа өнгөлөн далдалж, өмгөөлөн хаацайлах нь ухаантай хүний шинж биш. “Хүн бүр алдаж болно, гагцхүү ухаан муутай хүн л алдаатайгаа зууралддаг”. Алдаж эндвэл алдаагаа хүлээн зөвшөөрөх сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. “Бүх хүмүүс алдаа хийдэг, харин аугаа их хүмүүс алдаагаа хүлээдэг” гэсэн үг бий. Аугаа их хүмүүсийн жишиг зиндаанд ойртон дөхөхийн тулд алдаагаа хүлээж сур. Залуус та нар том бага гэлтгүй аль ч ажлыг сайтар бодож, тунгааж, төлөвлөж байж эхлэх хэрэгтэй. Бэлтгэлийг хангаагүй, яаруу сандруу эхэлсэн ажил үйл бүхэнтэй хамт алдааны хорт үр хогийн ургамал мэт цацагдаж байдгийг мэд. Тархи толгойдоо олон талаас нь сайтар бодож тунгаасан ажил алдаа мадаг багатай. Ер нь “Бага боддог хүн их алддаг” гэдгийг санаж явцгаа.Бидний өвөг дээдэс “хэрээ мэдэж, бяраа таньж” байхыг сургамжлан захисан нь гүн гүнзгий утга учиртай. Хэрээс хэтэрсэн зүйлтэй зууралдвал томоос том алдах бэлтгэлээ базаалаа гэсэн үг. “Хэрээ мэдэхгүй илүү авирлах нь хамгийн том алдаа” гэж мэргэд сургасныг санаж явахад илүүдэхгүй.Алдаанаас айгаад, бэргээд суугаад байвал ямар ч ажил бүтэхгүй. Гэхдээ алдахын тулд зориглох хэрэггүй. Нэг алдана, хоёр алдана, гуравдахиа ононо гэж хөөрцөглөх нь зоригтой золбоотой хүний үйлдэл биш, бодлогогүй, болчимгүй хүний л хийдэл. Гарч болох эрсдэлийг урьдчилан тооцож сурах нь алдаа гаргахгүй буюу хамгийн бага алдаж ажлаа амжуулах шалгарсан арга. Өөрийгөө алдаа эндэгдэлгүй хүн гэж сайрхан бодох тусам санамж сэрэмж буурч, алдах магадлал ихэсч байдгийг тооцоорой. Хүн алдаж болно. Хэн ч алдаанаас бүрэн хамгаалагдах ид шидийг олоогүй. Алдсан алдааг давтахгүй байх нь л бүхнээс чухал. Алдааг давтахгүйн тулд түүнийг сайн санах хэрэгтэй. Өчигдөрийн алдаагаа санаж, ухаарч чадсан хүн өнөөдрийн болон маргаашийн алдаанаас зайлсхийж дөнгөнө. Аливаа алдааг жижиг гэлтгүй газар авахуулалгүй засч байх нь дахин алдахгүй байх дархлааг чинь сайжруулна. “Засагдаагүй жижиг алдаанаас том гажигт амархан хүрч болно”. Алдаагаа ухамсарлахгүй гөжүүдлээд байгаа хүн улам томоор алдах гүн ангалын ирмэг дээр дэгэнцэн зогсч байна гэдгээ ухаар. “Алдаа бол буруу бодомжийн л нэг уршиг байдаг, харин нэгэнт гаргасан алдаандаа гөжүүдлэн зүтгэх нь сулхан зантайн шинж байдаг” гэсэн ухаантны үгийг анзаараарай. Алдаанаас сэргийлэх чамд өөрт чинь бэлэн байгаа нөөц боломж бол ухаалаг болгоомж мөн. Ухаалаг болгоомжтой хүн бага алдана, алдсан ч тэр алдаагаа дахин давтахгүй. Хашир хүн бага алдана, алдсан ч хор хохирол нь бага. Тиймээс хашир суун хэрсүүж.Өөрийн алдаа хийгээд буруутай үйлдлийг цагийг нь олж мэдрэх нь урьдахаасаа улам илүү ухаантай болохын шинж. Яагаад гэвэл “алдаа ухаан хайрладаг” юм. Алдаа, төөрөгдлийг даван туулж үнэн рүү зорьж ирсэн хүн ухаантай, мэргэн хүн. Харин мунхаг хүн л өөрийнхөө алдааг давтан, төөрөгдөл рүү мугуйдлан зүтгэдэг. Өөрийн алдаанаас сургамж авахын зэрэгцээ бусдын алдаанаас суралц. “Нэгийнх нь алдаа нөгөөд нь сургамж болдог” юм. Өөрөө алдахгүй байхыг хичээхийн хамт бусдыг алдаанаас сэрэмжлүүлэн зайлуулж бай. Өөрийн чинь алдаанаас илүү бусдын алдаа чамд гай тарьж мэднэ. Ганц надад л сайхан байвал хорвоо тэр чигээрээ түймэрт хуйхлуулсан ч хамаагүй гэсэн бодолтой хүн дөрвөн зүг найман зовхисын хааш нь ч газар тамгалан хол алхахгүй ээ.Алдаанаас учрах хор хохирол янз бүр байна. Энгийн ардын гаргасан алдаа, эрх мэдэлтний алдах алдааны хор уршиг өдөр шөнө мэт ялгаатай. Хэдийчинээ их эрх мэдэлтэй байна, тэдний гаргасан алдаа төдийчинээ их хор хохиролтой, нөхөж баршгүй. Шийдвэр гаргагчдын хийсэн алдаа нийт олонд хохирол дагуулдгаараа хор аюул ихтэй. Тийм ч учраас алдаа бага гаргаасай хэмээн найдаж шилдэгийн шилдэгээс шигшин сонгож, шийдвэр гаргах эрхийг олгон, итгэл хүлээлгэдэг билээ. Удирдагчдын гаргасан алдаанаас болж улс орон уруудан доройтож, улмаар мөхөж сөнөсөн түүхийн гашуун сургамжийг эгнэгт санаж, сэрэмжилж явах учиртай. Шийдвэр гаргагчдын шийдвэргүй дорой байдал, шижээргүй болхи алдаанаас болж улс орон сэхэл авахгүй туйлдан доройтох зам руу хальтран ордогийг огоорч болохгүй. Эрх баригчид алдаанаас өөрсдийгөө хамгаалах гэхээсээ төөрөгдөлдөө ташууран гөжүүдлэхгүй байх нь илүү чухал. “Их ухаантай хүмүүсийн алдаа нь бусад олон хүний сэтгэлгээгээр хийгддэгээрээ аюултай байдаг” хэмээн нэгэн сэтгэгч хэлжээ. Анхаарч болгоомжилж явах зүйл яах аргагүй мөн. Азгүй явдал чиний эргэн тойронд алдааг чинь анан отож, ойрхон эргэлдэж байдгийг зөнгөөрөө мэдэр. Алдсан бол алдаагаа тэр дор нь ухаарч засах нь л ухаалаг хүний зан араншин. “Үйл хэргийг засрахын аргагүй болгосноос өөрийн алдааг ухаарах нь нэн буянтай хэрэг”. Алдаагаа ухаарах нь өөрт болон бусдад үйлдэж байгаа буянтай үйл ажээ. Алдааг уучилж болно. Борогхон амьдралд бодлогогүй, болчимгүйгээс үүдэн болоод өнгөрсөн аар саархан алдааг болгоож уучилж бололгүй яахав. Харин уучилж болшгүй алдаа гаргахгүй байхыг ухаан бодолдоо бат шингээж ав. Гаргасан алдаагаа давтсан хүнийг уучлаад өршөөгөөд байх нь ухаалаг үйлдэл биш. Уучилж болшгүй алдаа гаргасан хүнийг хайрлах аргагүй. Хайрлахаа больсон тэр хүмүүсийн алдааг уучлахын аргагүй ээ. Алдсан алдааны жин хэмжээгээр дор хаяж ёс суртахууны шийтгэл хүлээж байх нь шударга ёсонд нийцнэ. “Орь залуу нас алдаа гаргадаг, идэр нас түүнтэй тэмцдэг, өтөл нас түүний талаар харамсдаг” хэмээн Английн нэгэн зохиолч бичжээ. Алдсан алдааныхаа төлөө өтөл насандаа шаналан харамсахгүй байхын тулд багахан шиг алдахыг хичээцгээе.
Итгэл
2008 оны 04 сарын 16
Итгэл бол хүн чанарын нэг шалгуур, ёс суртахуун ёс зүйн нэн чухал хэмжүүр. Итгэл бол аугаа их хүч. Хайр сэтгэл, гэр бүл итгэл дээр оршин тогтнож батжин бэхжинэ. Хиргүй тунгалаг итгэлтэй гэр бүл хэврэг эмзэг байдаггүй ээ. Хүмүүний харилцаа, үерхэл нөхөрлөл мөн л итгэл дээр суурилна. Хүн, хүндээ хэдийчинээ гүн итгэлтэй байна үерхэл нөхөрлөл төдийчинээ бат бэх. Бие биедээ итгэнэ гэдэг хүн ёсны хамгийн ариун нандин бат холбоос билээ. Итгэл нь үл үзэгдэх мөртлөө үл тасрах сэтгэлийн учигаар хүмүүсийг гагнан холбож өгдөг юм. Итгэж болох нөхөр энэ хорвоогийн бүхнээс үнэт эрдэнэс лугаа ховор эрхэм хүн. “Бүх зүйлээ ярьж болох тэр итгэлт хүн миний нөхөр мөн”.
Ажил хэрэгч харилцаа, арилжаа наймаа бүгд харилцан итгэлцэл дээр буурь сууриа засч, буурьтай суурьтай, үр өгөөжтэй хөгжинө. Итгэл олсон найдвартай түнш ажил төрөл, амжилт ололтын чинь бат бэх тулгуур байдаг болохоор өөрөө ч тэдний итгэлийг нь хотойлгүй дааж, хос хоёр багана шиг бие биенээ түшин тогт. Хүүхэд залуус та нар юуны урьд өөртөө итгэлтэй бай. Санаандаа багтаасан бардам итгэлтэй хүн санасан зорьсондоо баттай хүрнэ. Үүнд эргэлзэх хэрэггүй. Итгэл үгүй бол амжилт үгүй. Итгэл дутуу бол амжилт мөн дутуу. Чадна гэсэн гүн итгэлтэй хүнд цаана нь гарах чадал эрч хуран хуримтлагдаж байдаг юм. Хүч чадвартаа итгэ. Өөрийгөө аль ч цагт дутуу дулимаг бүү үнэл. Би заавал чадна гэсэн итгэлийн дөлөө бадраан байж давшгүйг давж, гэтлэшгүйг гэтлэж, төсөөлшгүйг бүтээж, шинийг нээж, шилдэгийг туурвина. Чамд заяасан төрөлх ухаан, төгс чадвар, дотоод эрчим хүч яндашгүй дундаршгүй болохоор бүрэн итгэлтэйгээр зориглон, бүтээлч хичээлттэйгээр зүтгэвээс холын хол, хүрч чадахгүй мэт төсөөлөгдөж байсан өндөр оргилдоо мацан гарч магад дөнгөнө.Өөртөө итгэлтэй байх нь үнэхээр чухал. Түүнээсээ дутуугүйгээр бусдад итгэх хэрэгтэй. Хүнд итгэж явах их сайхан, хүмүүсийн итгэлийг хүлээнэ гэдэг бүр ч сайхан. Бусдад итгэдэггүй хүн өөрийгөө тарчлаан тамлаж, сэтгэлийн мөнхийн зовлонг эдлэж байдаг юм. Итгэж дотноссон нөхөрсөг харилцаанаас илүү ариун барилдлага байдаггүй. Дарга байна уу, цэрэг байна уу нөхөрлөлд дээр дорын ялгаа хамаагүй. Нөхөрлөл эрх тэгш байдал, харилцан итгэлцлийг л эрхэмлэдэг. “Бидэнд найз нөхдийн туслалцаа хэрэгтэй гэхээсээ, түүнийг авах итгэл илүү чухал”. Итгэлт нөхрөөс үгээ хэзээ ч бүү нуу. Сэтгэлээ уудлан ярьсан яриа итгэлийг улам батжуулна. Ямар нэг зүйл нуугаад байгаа нь мэдрэгдэх мөртлөө үг яриагүй цэрвэж дөлөх нь гүн итгэлт нөхдийн халуун сэтгэл рүү үл итгэлцлийн хүйтэн салхи сэвэлзүүлэх осолтойг сана. Итгэлгүй хүнтэй үг бүү ярь. Өрцнийхөө чанадад далд хадгалах итгэж ярьсан яриаг ил гарган цацагч итгэлийг хөсөрдүүлэн шавхайд хутгана. Ийм итгэлгүй хүнээс их холуур дөлж тойрч яв. Итгэлийг хөсөрдүүлэгчтэй эргээд холбогдох хэрэггүй. Өөрөөсөө ч нуух нь холгүй нандин бүхнийг өөрт чинь итгэж хуучилсан бол өнө мөнхөд нууцлан нямбайлан хадгал. Бусдад огт хэлж болохгүй шүү гэж орь ганц чамд итгэн хэлсэн үгийг оготоно шиг чимээгүй хадгал. Ярьдаг оготоно байдаг гэж сонсоогүй биз дээ?За гэвэл ёогүй итгэлт хүмүүстэй заяа холбон хамтарч ажилла. Итгэлт хүмүүстэй гар сэтгэл нийлэн ажиллаж байгаа хүн төлөвлөснөө төвөггүй хэрэгжүүлж чадна. Нөхдийнхөө авьяас чадварт өчүүхэн ч эргэлздэггүй бол тэдэндээ бүрэн дүүрэн итгэх хэрэгтэй. Тэгэхдээ, “итгэ гэхдээ шалга” гэдэг зарчмыг орхиж болохгүй. Шалгалтыг чинь амжилттай давж итгэлийг чинь олсон бат итгэлт нөхөддөө итгэл найдварыг бүрэн дүүрэн хүлээлгэ. Ийм нөхөд чинь өөрсдийн замаар явж, хүссэнээ чадварлаг хийж байхдаа жаргалтай байдаг юм. Тэрхүү аз жаргалыг тэнцүүхэн хуваалцагч нь мэдээж чи өөрөө. Бүтээлч хүмүүсийн амжилтын үндэс нь бүгдийг өөртөө итгүүлж чаддагт байдаг. Ажил хэргийн амжилтын оргилд хүрсэн хүмүүс өөрийн бодсон бодол, зорьсон зорилгодоо шууд итгэх эрмэлзэл тэмүүлэлдээ дүрэлзэн шатаж явдагийг би анзаарсан. Ийм итгэлээр жигүүрлэсэн хүмүүсийн өмнө бартаа саад, зовлон бэрхшээл тохиох боловч зогсоож чадах хаалт хориг байдаггүй юм. Тэд хийх гэснээ хийж, хүрэх гэсэндээ хүрч таарна. Байгаа бүхнийг тэр чигээр нь, үнэнээр нь улаан нүүрэн дээр нь хэлчихдэг хүн цөөн ч болов бий. Тийм хүмүүсийг үнэлэх хэрэгтэй. Эд нарт итгэж болно. Харин итгэлгүй хүний үгэнд бүү итгэ. “Таны алдааг илрүүлэгч дайсан түүнийг нуугч найзаас нэн илүү ач тустай” гэдгийг санаж яв. Бусдад итгэдэггүй хүн хардамтгай байдаг. “Хардамтгай хүмүүс жижигхэн зүйлийг том, одойчуудыг аварга хүмүүс, таамаглалыг үнэн болгож хувиргадаг тийм гаж дуран авайгаар цаг үргэлж дурандаж суудаг”. Нэгэн ухаантан “Хардалт гэдэг бол ердөө омог бардамын тэнэг хүүхэд, эсхүл ухаангүй хүний өвчин юм” хэмээн тодорхойлжээ. Хардалтын тамлал нь хүмүүсийн тамлал дотроос хамгийн зовлонтой нь бөгөөд түүнийг учруулж буй хүнд өрөвдөх сэтгэл бүхнээс бага байдаг гэнэ.Хардалтын хорыг тайлагч шидэт ерөндөг нь итгэл билээ.Бусдад итгэхийн хамт бусдын итгэлийг найдвартай дааж амьдар. Хүн төрөлхтний түүх итгэл алдсан, итгэлийг хөсөрдүүлсэн, итгэл эвдсэн балгаар хэтэрхий баялаг. Итгэж найдаж явсан хүн нь итгэлийг эвдэн найдварын галыг бөхөөх нь үнэхээр аюултай. Итгэл алдах шиг муухай зүйл үгүй. Итгэл алдах нь дүрэлзэн бадарч байсан сэтгэлийн халуун гал руу хүйтэн ус, нойтон элс цацахтай адил. Итгэлийг буруугаар ашиглах нь итгэл алдахаас дутуугүй хортой. “Хамгийн зэвүү хүрмээр гэмт хэрэг бол нөхрийнхөө итгэлийг хортойгоор ашиглах явдал мөн”. Хүмүүс хэнд илүү итгэдэг вэ? Үнэнч хүн бусдын итгэлийг хялбархан олдог. Худал хуурмаг явдалтай хүн бусдын бат итгэлийг хүлээдэггүй. Шударга хүмүүс итгэл илүү хүлээдэг. Шударга бус хүнд итгэх нь чононд хонь хадгалуулсантай л адил. Итгэл даадаг хүн бүхнээс илүү үнэлгээтэй. Итгэлт хүндээ хамгийн чухал ажлаа даатгадаг нь хаа газрын нийтлэг ёс. Бусдын итгэлийг найдвартай хүлээнэ гэдэг хүнд өөрт нь байгаа зүйрлэх аргагүй үнэт баялаг. Хуурамчаар итгэгдэх шиг хуудуутай явдал үгүй. Хуурамч итгэл олсон зальтан хамгийн эгзэгтэй мөчид хамгийн хортойг үйлдэн холдон зайлна. Итгэсэн нөхөр инээсэн дайсан болох шиг аюултай зүйл байхгүй биз ээ. “Итгэл эвддэг найз хамгаас аюултай дайсан”. Чиний амьдралд хамгийн ойр дотны хүмүүс хэн бэ? Мэдээж хэрэг гэр бүлийнхэн чинь. Хамгийн ойр дотны хүмүүстээ, өөрөөр хэлбэл гэр бүлийнхэндээ хамгаас илүү итгэх нь хамаагүй ухаалаг зан гэдгийг мэдэж ав. Итгэлт найз нөхдөөсөө үнэнийг сонсохыг бүү төвөгшөө. “Бүр найз нөхдөөсөө ч үнэнийг сонсохыг хүсдэггүй тийм дүлий годил найдваргүй” гэж хэлсэн ухаантны үг нэн сургамжтай. Ийм найдваргүй дүлий годил болчихгүйг хичээх нь онцгой чухал шүү. Өгөө авааны зарчим дээр бус үнэн сэтгэлийн итгэл дээр суурилсан үерхэл нөхөрлөл бат бэх, баттай найдвартай байна. “Баялгийг олж авахын тулд чамтай нөхөрлөх болсон тэр хүн чиний итгэлтэй найз биш, харин хамгаас аюултай дайсан байдаг”-ийг тань. Гагцхүү өөрийн хэргийг бүтээхийн тулд үнэг шиг зальдаж, хануур хорхой мэт наалдах олиггүй нөхдөд итгэлийн хаалгаа нээж өгвөл хожмын өдөр харамсаж үл барах хохирлыг амсана. Тэднээс болгоомжил. Итгэж үл болох нөхөрт дахин давтан дөнгүүлэх нь итгэмтгий хүний зан гэхээсээ дээд зэргийн хариуцлагагүй явдал гэдгийг ухаар. Найдваргүй гэдэг нь танигдсан, итгэх аргагүй хүн үүрдийн нөхөр чинь биш, зуурдын замын хань байсныг хожимдоогүй байхдаа ойлгож, зайгаа барин холд. Итгэл даадаг хүмүүс урамтай. Итгэл даадаг учраас би тэднийг үнэлдэг юм. Хүний итгэл дуусашгүй. Итгэл хамгийн сүүлд үхдэг гэсэн үг ч бий. Итгэл барагдан цөхрөх үе хүнд тохиож болох. Гэхдээ л итгэлийн үндэс нь хэзээд амьд үлддэг юм шүү. Үндэс нь үлдсэн болохоор дахин тордоод өгвөл итгэлийн турьхан яргуй цэцэг хатуу хөрсийг нэвтлэн цасан дороос цухуйх болно. Чамд үлдсэн хүсэл эрмэлзэл, итгэл найдвар чинь амжилтын замд хөтлөх бас нэг шинэ эхлэл байдагт итгээрэй!
Эрхэлсэн ажилдаа эзэн бол
2008 оны 04 сарын 09
Хүний амьдрал бол зөгийн бал, цөсний хослол мөн гэсэн үгийг Та лавтай сонссон байх аа. Зөгийн бал жигтэйхэн сайхан амттай. Цөс жигшим муухай гашуун. Амьдралд бал шиг амт, цөс мэт гашуун хоёр заримдаа ээлжлэн, хааяа холилдон сүлэлдэн байдаг ажээ. Бал мэт амт нь яавал ахиу, цөс шиг гашуун нь яавал дутуу байж болох вэ? Хөнгөн хийсвэрийг зөгнөн, төөрөг тавиландаа найдаж, гар хумхин суугаад гайхалтай сайхан амьдралыг туулна гэж бодож санахын ч хэрэггүй. Тархиа гашилтал бодож, чөмгөө дундартал сууж, гар хөлөө цуцтал хөдөлмөрлөдөг хүний амьдрал амттай, баяр хөөртэй, утга төгөлдөр. Ажилгүй анхиагүй, залхуу хойрго, ууж идэхдээ уургын морь шиг, урагшаа гишгэхдээ ургаа хад шиг хүн цөс шиг гашууныг ярвайн амталж, ганцхан олдох амьдралаа гуниг зовлонгоор дүүрэн, утга учиргүй өнгөрөөнө. Эрчимтэй хөдөлмөрийн үрээр л амьдрал амьд бөгөөд амттай сайхан байна. “Хөдөлмөргүйгээр баяр баясгалантай, цэвэр сайхан амьдрал байхгүй”. Аль ч газар оронд ажлаа эзний ёсоор сайн хийдэг хүмүүс агаар ус мэт хэрэгтэй. Улс орон яавал хөгжих вэ? гэдэг асуултыг хүмүүс байнга тавьж, бэлэн хариултыг тэр дор нь сонсохыг хүсдэг. Уулын ам бүрээс урсах жижиг булаг горхи нийлэн том гол болдогийн адилаар түмэн янзын, олон хүчин зүйл нэгдэж, хүн ард нь хамтдаа нэг зорилготойгоор нэгэн буулганд орон зүтгэж байж улс орныг хөгжил дэвшилд хөтөлнө. Төр засгийн зөв мэргэн бодлого, хөрөнгө мөнгө, дэд бүтэц, мал сүрэг, тариа будаа, байгалийн баялаг бүгд мэдээж чухал. Тэдгээрийн дотроос хамгийн чухал нь боловсролтой, чадавхитай, дадлагатай дээр нь нэмээд сэтгэлтэй монгол хүн шийдвэрлэх үүрэгтэй. Хүн бүхэн эрхэлсэн ажилдаа эзэн бол. Жинхэнэ ёсоор эзэн бол. Хүн бүр өөрт ногдсон ажлаа эзний ёсоор, нүүр бардам, хэний ч дор орохгүй, чадмаг хийчихдэг болсон цагт улс орон гарцаагүй хөгжин дэвжинэ. Тэр цагт ард олон ч хүний гар харж, алгаа тосолгүй амьдрах тэгш таван хүслээ гүйцэлдүүлэх болно. Хэрэв чи ямар нэг юм хийвэл маш сайн хий. Тэгж чадвал хүний дор орохгүй амьдарч чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Гагнуурчинаас чи юу хийж чадах вэ гэж биш, юу чадахгүй вэ гэж асуу. Би муу гагнаж, муухай гагнаж, удаан гагнаж чадахгүй, дутуу хийж, гологдол гаргаж сураагүй гэж омог бардам хэлж, хэлсэн үгэндээ эзэн болж чадаж байвал тэр гарцаагүй сайн гагнуурчин. Алтан гартай гагнуурчин алтнаас дутахгүй үнэлгээтэй. Тэгвэл хоолой давахын эцэсгүй хоол хийхчээн болдог тогооч хэнд ч хэрэггүй. Төв аймагт бага ангийн гоц сайн багш нар цөөнгүй байлаа. Багшлах ажлаа маш сайн хийдэг тэдний нэгнийх нь ангид хүүхдээ өгөх гэсэн эцэг эхчүүдийн цуваа хэдэн анги дүүргэх хэмжээнд хүрдэг сэн. Бүх хүн энэ багш шиг, дээрхи гагнуурчин шиг ажилладаг сан бол улс орон удаж төдөлгүй хурдан түргэн хөгжинө. Том ч бай, бага ч бай, албаны ч бай, амины ч бай хариуцсан ажлаа ямар ч үед яс сайн, хэний ч дор орохооргүй, хэн ч өөлж голохооргүй чанартай сайн хийж сур. Энэ бол залуу хүн бүрийн хувьд мах цусандаа шингэтэл ойлгон хэрэгжүүлэх ажилсаг сайн чанар, насан туршид хэлбэрэлтгүй мөрдөх зарчим байх ёстой. Ажлаа ингэж хийдэг хүний амьдрал бал шиг амттай, бахдам амжилтаар дүүрэн байна. Хариуцсан ажлаа сайн хийх үүргээ хүн болгон хатуу ухамсарлах хэрэгтэй. Үүргээ хатуу ухамсарлах нь хүний зан араншингийн ноён оргил нь байдаг юм. Амар хялбар, дөт ойр замаар үсрэн дүүлэн явсаар эрхэлсэн ажилдаа эзэн болох хэмжээнд оччихно гэвэл хэтэрхий хөнгөн гоомой төсөөлөл. “Очих ёстой газарт чинь хүрэх дөт зам ер байдаггүй” гэдгийг мэдэж ав. Тэвчээр шалгасан хүнд бэрхийг даван туулж байж очих ёстой газраа арайхийж дөхөж очно. Харин “Тэвчээртэй хүн хүссэн бүхэндээ хүрч чаддаг” гэдэгт ямар ч эргэлзээгүй итгэж болно. Залуус та нар эрдэм боловсролд шамдахтайгаа хамт тэсвэр тэвчээртэй болох зан чанарт биеэ дайчлан суралцах хэрэгтэй. Тэсвэр тэвчээр эрдэм боловсрол эзэмшихэд чинь хөтөч болон хөтлөхийн хамт сурсан эрдмээ ажил амьдралдаа хэрэглэх үед чинь тулгуур болон түшиж өгнө. Тийм болохоор “тэвчээртэй хүн навчнаас торго, сарнайн дэлбээнээс бал гаргаж авч чадна” хэмээн Азийн нэгэн нэрт яруу найрагч онож шүлэглэсэн байна. “Тэвчээр гашуун ч түүний үр шим нь чихэр мэт амттай байдаг” болохоор чихэр мэт амтыг амтлахын тулд тэвчиж сурах л хэрэгтэй. Ялангуяа удирдагч хүн маш их тэвчээртэй байх шаардлагатай. Болгоомжгүй, бодлогогүй хэлсэн үг хүний урам зоригийг мохоож, тэр ч бүү хэл амьдаар нь алж чадах учраас удирдагчид илүү тэвчээртэй байх үүрэгтэй. Ер нь ялалт амжилт өөрөө гүйгээд ирдэггүй, харин чамайг тэвчээртэй нь аргагүй хүлээж байдаг гэдэгт эргэлзэх хэрэггүй. Эрхэлсэн ажилдаа эзэн байна гэдэг нь зөвхөн дуулгавартай үнэнч гүйцэтгэгч байхын нэр биш. Гүйцэтгэх чадвар сайтай хүн хаана ч үнэлгээ сайтай байдаг. Тэд найдвартай сайн хүмүүс. Гэхдээ өгсөн үүргийг яг таг ёсчлон биелүүлээд түүнээс илүү гардаггүй ажилтан өнөө үед хангалттай бус. Сайн гүйцэтгэх чадвар, гүйцэтгэх ухамсрын зэрэгцээ хүн бүрт шинийг эрэлхийлэх чадвар, санаачлага, цаг үеэ мэдрэх мэдрэмж, холыг харах алсын хараа, бие даах чадвар гээд олон сайн шинж чанар зайлшгүй хэрэгтэй. Цаг үе харавсан сум шиг хурдан өөрчлөгдөж байна. Бид дор хаяж өөрчлөгдөж байгаа цаг үеэсээ хоцрохгүй байж наад захын амжилтанд хүрнэ. Цаг үеэ мэдрэх мэдрэмж суларвал өөр ертөнцөд өнө удаан байгаад буцаж ирсэн мэт төсөөрнө. Түргэн өөрчлөгдөж байгаа орон зайд сурч дадсан хуучин аргаараа, хуучин байдлаараа ажиллаад олигтой амжилтыг олохгүй. Шинэ, дэвшилтэт бүхний эрэл хайгуулыг цаг ямагт хийж, шинэчлэгч сэтгэлгээгээр бүхий л асуудалдаа хандах нь ононо. Яавал илүү сайн хийж, яаж богино цагт ихийг амжуулах вэ гэдэг бодлыг тархи толгойноосоо хэзээ ч салгаж болохгүй. Санаачлага, бас дахин ажил хэрэгч санаачлага. Энэ үнэхээр чухал шүү. Санаачлага бол бүтээлч урам онгодын эх ундарга юм. Санаачлагагүй хүн амжилтаас үргэлж хоцордог. Буцалж бургилсан санаачлагатай, шинийг сэдэгч ухаан нь булгийн ус шиг мөнхийн ундаргатай ажилтан ёстой л эрээд олддоггүй эрдэнэ, сураад олддоггүй сувд гэдэгтэй адил ховор нандин баялаг мөн. Өнөөдөр бусдын энтэй буюу бусдаас илүү байгаагаа маргааш, түүнээс цааших он жилүүдэд үргэлж тийм байх мэтээр сэтгэн, хэтэрхий эрт, хий хоосон цадаж болохгүй. Хүн байнга өөртэйгөө ажиллаж, хоцрохгүйн тулд мэргэжил чадвараа тасралтгүй дээшлүүлж байх хэрэгтэй. Удирдлагынхаа үгийг сонсож, үүргийг биелүүлэлгүй яахав. Гэхдээ аливаа асуудалд дөрлүүлсэн сарлаг шиг хөтлөгдөх бус өөрийн бодолтой байж сур. Өөрийн бодолтой байна гэдэг нь бусдын санаа бодлыг ямагт сөрж байх муйхар бодол огтхон ч биш. Зөвийг хүлээн зөвшөөрөх чадвартай, бурууг сөрөн буруушаах тэнхээтэй байхыг хэлж байгаа хэрэг. Бусдын бодлоор хүн хэзээ ч хол явж, хосгүйг бүтээж чаддаггүй юм. Бусдын тус дэмэнд найдалгүй яахав, гэхдээ ямар ч үед бие даах чадвартай байх нь залуус та нарын хувьд зайлшгүй эзэмших дадал шүү. Бие даах чадвартай хүн л амжилтанд хүрнэ. Хайртай, халамжтай эмээ нар гал дээр гарсан зээдээ бүхнээ зориулдагийн адилаар бусад хүмүүс чиний сайн сайхны төлөө санаа тавина даа гэж төдийлөн найдах хэрэггүй. Ихэнх хүмүүс чамд ашигтай зүйлийн төлөө бус харин өөсдөдөө ашигтай зүйлийг л бодож түүний төлөө л тэмүүлж байдаг гэдгийг мартаж болохгүй. Амьдрал нэгэнт амтат бал, гашуун цөс хоёрын хослол болохоор өөдлөн дэвжих, уруудан доройтохын аль аль нь тохионо. Аль алинд нь бэлэн байх хэрэгтэй. Өөдлөн дэвжих үедээ биеэ тоож, бялуурч сагсуурч хэрэггүй. Уруудан доройтох цагтаа унжийж урвайх хэрэггүй. Бэлтгэлтэй, бэлэн байхаар тооцоолсон бол хамгийн хэцүү хар үеийг ч амжилттай даван гарч дөнгөнө. Ажлаа бодож төлөвлөж, хийж хэрэгжүүлэх явцдаа гарцаагүй учрах бэрхшээл саадыг урьдчилан харж тооцож сурвал туйлаас сайн. Тэгж сурвал эрч хүч, хөрөнгө мөнгө, цаг заваа дэмий үрэхээс сэргийлэн, саад бэрхшээлийг тойрч чаддаг болно. Ажилдаа дуртай, ажлаа чин сэтгэлээсээ хийдэг хүнээс бүтээл гарах нь тодорхой. Эрхэлсэн ажилдаа жинхэнэ ёсоор эзэн болсон хүн урамтай, бахархалтай, үлгэр дууриалтай. Тийм хүмүүс л хөгжил дэвшлийн хөтлөгч байх тавилантай.
Өөрийгөө хүндэтгэ
2008 оны 03 сарын 23
Өөрийгөө эрхэмлэн хүндэтгэ. Өөрийгөө эс хүндэтгэвээс өрөөл бусдын хүндэтгэлийг хүлээнэ гэж үгүй. “Өөрийгөө хүндэтгэдэг хүн л бусдын хүндлэлийг хүлээдэг” юм. Хүндэтгэл хүлээх өч төчнөөн сайн шинж чанар чамд байгаа. Тэдгээрийг хэнээс ч илүү чи өөрөө сайн мэднэ. Өөрийг чинь чамаас илүү өөр хүн мэднэ гэж юу байх билээ дээ. Хүн өөрийнхөө сайн чанаруудыг бүхнээс илүү давуу хүндлэх хэрэгтэй.
Өөрийнхөө сайн чанарыг хүндлэхгүй бол түүний хоосон орон зайг доромжлол эзлэх болно. Хүндлэлийн орон зайгаа доромжлолд эзлүүлсэн хүн салж хагацашгүй сэтгэлийн зовлонг эдэлнэ. Сэтгэлийн зовлондоо шаналж яваа хүн хэзээ ч аз жаргалтай, амар тайван байж чаддаггүй. Сайн чанарууд биед нь цогцолсон хүн нэр төртэй, нэр хүндтэй. Дутагдалгүй гэх буюу дутагдал нь ил гардаггүй хүнийг биш, сайн чанарууд нь ил байдаг хүнийг бусдад хүндлэгдэх нэр төртэй эрхэм гэж үздэг билээ.
Шударга зан хүний сайн чанаруудын ноён оргил нь. Шударга хүн бусдын хүндлэлийг хэзээд хүлээнэ. Өөрийгөө хүндэтгэдэг хүн шударгуу явдалтай байх нь гарцаагүй. Шударга бус үйлдэл бүхэн өөрийгөө эс хүндэтгэж байгаагийн хамгийн доод илрэл мөн. “Шударга ёс байхгүй газар эрх чөлөөгүй, эрх чөлөө үгүй газар шударга ёс байдаггүй”. Тэгэхээр эрх чөлөөг хүсэмжлэгч бүхэн шударга ёсны төлөө тэмцэх үүрэгтэй. Шударга ёсыг энгийн олон магнайдаа дээдлэн хүсэмжилдэг, эрх мэдэлтнүүд уландаа гишгэн дэвсэлдэг. Хүмүүс шударга бус явдалтай нэг бол хүч мөхөсдөн эвлэрцгээдэг, эсхүл хүч үзэн тэмцдэг. Шударга ёс шуумаг руу доошилж, шударга бус нь мөрөн дээр суух болсон цөвүүн цагийн араншинг өөрчлөх шаардлагатай. Шударга бус явдалтай хүч үзэн тэмцэхэд аль болох олон хүн үзэл бодол, дуу хоолойгоо нэгтгэн нэгэн бодолтой, нэгдмэл зорилготой байж өгөөж, үр шимийг нь хамтдаа хүртэнэ. Эс тэгвээс шударга бус явдлын өмнө хүч мөхөсдөн эвлэрэн зохицох гаж тогтолцоо улам бүр батжин, газар авах осолтой. Өнөөдөр шударга бусын золиос болоогүй байгаагаа насан туршид гийсэн аз гэж бүү эндүүр. Цаг нь ирэхээр шударга бусын давалгаа хэнийг ч ялгалгүй хамна. Тийм учраас шударга ёсны төлөө тэмцэлд хойш суулгүй оролцох нь хожмын амьдралд чинь хэрэгтэй. Өөрийгөө хүндэтгэж байгаа бол, өрөөл бусдын хүндлэлийг хүлээе гэж хүсэж байгаа бол шударга ёсыг эрхэмлэ.
Зөв зарчим барьж, түүнийгээ ямар ч үед хэлбэрэлтгүй дагаж мөрдөх нь хүнд цогцолсон сайн чанарын нэг яах аргагүй мөн. Өөрийгөө эс хүндэтгэдэг хүн л зарчимгүй үйлдэлтэй байдаг. Зарчмаа умартсан буюу зарчмаасаа ухарсан хүн өргөн олны хүндлэлийг хүлээж, өргөгдсөн нэр хүндтэй байна гэж үгүй. Нэг суурин дээрээ хоёр эргэх холбиромтгүй хүн ч, нэг хэлснээ тэр дор нь нөгөөгөөр үгүйсгэдэг гуйвамтгай нөхөр ч, барин тавин худал хэлэх барьцгүй хөгийн этгээд ч, өөрийн бодолгүй аялдан дагалдагч ч аль аль нь алийгаа алдсан зарчимгүй үйлдэлтнүүд. Бялдууч, бялангач зан зарчимгүй үйлдлийн адгийн адаг. Чадвар муутан бялдууч байх нь ёс юм шиг түгээмэл. Дээш долигонон тал засах нь тэдний амьдрах арчаагүй арга нь. Тэгэхдээ хамгийн бузар бусармаг арга. Бялдуучид магтан зулгуйдах, муулан хов зөөх хорон муу үйлдэлтэй. Увайгүй зусарч улаан нүүрэн дээр нь магтана. Улангассан биеэ магтуулагч учиргүй баярлан хүлээж авна. Хөгийн бялдуучид ховын хор цацна. Ховоор хоол хийгчид ховдоглон шүүрч залгина. Ховч бялдуучдын балгаар ойрын хүмүүс түнжин хагарахаас эхлээд хотол олноороо сүйрч баларч дууссан гунигт түүх захаас аван бий. Ховч бялдуучдаас холын хол бай, хорон муухай үгэнд нь хэзээ ч бүү авт. Бялдуучид улыг чинь долоож эхлэхийг мэдмэгцээ биеэсээ холдуулж, үтэр түргэн зайлуул. Ер нь өөрийгөө хүндэтгэдэг хэн боловч бялдуучдаар хүрээлүүлэн, ховоор хоол хийж явах учиргүйг сана. Аливаад хариуцлагатай хандах нь хүний сайн чанарын нэг илэрхийлэл. Өөрийгөө хүндэтгэдэг хүн хариуцлагатай. Тийм хүмүүсийн гэнэ сэнэгүй алдаж осолдон хариуцлага алдсанаас сэтгэлээ зовоон гэмших гэмшил нь даан ч их. Хариуцлагатай хүн урамтай. Тэд хэзээ ч, ямар ч үед итгэж найдаж болох эрхэм хүмүүс. Хариуцлагатай хүний алдах нь бага, онох нь их. Үүргээ дээд зэргээр ойлгож ухамсарласан хүн хариуцлагатай байдаг. Залуус та нар их бага аль ч асуудалд нэн хариуцлагатай хандаж бай. Хариуцлагын хэмжээгээр ажил төрөл чинь бүтэмжтэй, мөн тэр хэмжээгээр амьдрал ахуй чинь дэвжин дээшилж байх зүй тогтолтой гэдгийг ухаан бодолдоо тод томруун тогтоож ав. Хариуцлагагүйн зуд нөмөрсөн газрын ажил хайш яйш, хам хум. Амжилт бүтээлийн тухай бодох мөрөөдөх ч хэрэггүй. Хариуцлагагүй ажиллагаанаас үүдэх хор хохирол дааж давамгүй их. Хариуцлага алдсан хүнд гэм зэмд нь тохирох хариуцлага ногдуулж байх нь шударга ёсны талаасаа зүй ёсны асуудал. Хариуцлага алдсан үйлдэл бүхэнд хариуцлага тооцож байж хариуцлагажина. Жижиг ч гэсэн хариуцлагагүй үйлдэл гаргахад толгойг нь илээд дуугүй өнгөрвөл дараагийн томоос том хариуцлагагүй үйлдлийнх нь бэлтгэлийг найр тавин хангаж өгч байгаа хэрэг юм. Харин хариуцлагаа өөрөө ухамсарлаж, алдаанаасаа сургамж авч, өөртөө хяналттай байж, нэг бүдэрсэн чулуундаа дахин бүдрэхгүй явах нь хариуцлагаа дээшлүүлэх хамгийн дөт зам гэдгийг санаж яв. Өөрийгөө хүндэтгэн, хүмүүсийн хүндлэлийг хүлээхийг хүссэн хүн бүр үг хэл, үйлдэл хөдлөл бүхэндээ хариуцлагатай хандаарай.
Өөрийгөө хүндэтгэдэг хүн ичих нүүртэй байдаг юм. “Ичих нүүрэндээ илэг наасан хүмүүс рүү харах нь зодуулж нүдүүлсэн хүмүүс рүү харахаас аймшигтай” гэж зохиол бүтээлээрээ олны танил болсон нэгэн хэлсэн байна. Ичих нүүрэндээ илэг наасан хүмүүс нь өөрийгөө хүндэтгэнэ гэдгийг умартсан, дүүрч шулуудчихсан амьтад, худал хуурмаг дүртнүүд. Буруу хэрэг үйлдсэн хүн буруутан байдаг бол буруу хэргээсээ ичдэггүй этгээд хоёр дахин буруутай байдаг гэнэ. Муу муухай үйл үйлдэгчид ядаж дотроо гэмших хүн чанараа ор тас хаяж гээж болохгүй. Дотроо гэмших нь муу явдалтны хувьд үлдсэн ганц буянт үйл нь байдаг юм шүү. Ичих улайх чадвар нь хүний бүх сайн чанаруудаас хамгийн хүмүүнлэг нь. Ичих нүүргүй бол гайхалтай өндөр боловсролтой байгаад ч гавьтай хол явахгүй. Буруу хэрэг үйлдчихээд ичих ч үгүй, улайх ч үгүй суугаа хүний хажуугаас харахад яс хавтайм, хөлс цутгам, ар нуруун дээгүүр хорхой арваганан гүйх мэт зэвүүн. Бусдын өмнөөс ичнэ гэдэг хүний дээд мэдрэмж, дотоод сэтгэл цэвэр ариун байгаагийн шударга шүүх юм. Залуус та нар ичих улайх мэдрэмжээ алдаагүй, түүнчлэн бусдын буруу үйлдлийн төлөө үнэхээр ичиж зовж байгаа бол өөрийгөө хүндлэн улмаар бусдын хүндлэлийг хүлээж нэр хүндтэй явж байна гэдэгтээ эргэлзээгүй итгэлтэй байж болно. “Хүн хэдийчинээ ичимтгий байна төдийчинээ хүндэтгэл хүлээдэг” гэдэг юм. Дээр, дор ялгаагүй хүмүүсийг хүнийх нь хувьд дээд зэргээр хүндэтгэ. “Хүмүүсийг хүндэтгэх нь өөрийгөө хүндэтгэж байгаа хэрэг”. Хүнийг хүндэтгэх тухайд нэг л зангаараа, нэг л аашаараа байхыг хичээ. Бусдыг хүндэтгэхдээ хаврын тэнгэр шиг хувьсамтгай хүний хүндлэл хүлээх чадвар нь тос нь дуусаад бөхөж байгаа дэнгийн гэрэл шиг бүүдийн бүүдийсээр унтарна. “Бусдыг хүндлэхээ амархан больдог хүн юунаас түрүүн өөрийгөө хүндэтгэдэггүй” гэдгийг санаж явцгаа. “Бусдыг хүндлэх нь өөрийгөө хүндлүүлэх шалтаг болдог” хэмээсэн алдарт гүн ухаантны үг та нарын сэтгэлд эцэг эхийн сургаал мэт хоногшиг.
Чин сэтгэлээсээ талархаж суръя
2008 оны 02 сарын 27
Хүмүүст эелдэг сайхнаар талархаж сур. Нүдэнд нь оч гялалзаж, нүүрэнд нь хайр гэрэлтэж, сэтгэл зүрхэнд нь баярын од гийхээр чин сэтгэлээсээ таларха. Илүүдсэн бүхэн хортой. Хор хүргэдэггүй, сайхан илүүдэл ганцхан байна. “Ертөнц дээр талархлын илүүдлээс илүү сайхан илүүдэл гэж байхгүй” гэнэ.
Үр хүүхэддээ бичиг үсгийн цагаан толгой заахаас өмнө талархлын цагаан толгой нүдлүүлж эхэл. Арав хүртэл тоолж сурахтай нь хамт ачийг санах ухаанд сурга. Чин сэтгэлээсээ талархаж сурсан хүүхэд цэвдэг хүйтэн дотортон хэзээ ч болохгүй. Ачийг санах ухаанд боловсорсон хүүхэд аав ээжээ хэзээ ч гомдоохгүй. Талархал бол сэтгэлээр үйлдэх буяны, үгээр илэрхийлсэн тунгаамал мөн. Талархал өөрөө хүний соёлын хэмжүүр, боловсрол хүмүүжлийн ч хэмжүүр. Талархал илэрхийлж сураагүй хүн дээд зэргийн бүдүүлэг, арай зөөлрүүлж хэлбэл бүдүүн баргийн донгио этгээд. “Талархалгүй хүнээс илүү зэвүүн муухай юм гэж байдаг болов уу” гэж аугаа их В.Шекспир дуу алдан халагласан байдаг. Талархал илэрхийлж сураагүй бол боловсролтой гэж өөрийгөө бүү бод, хүмүүжилтэй гэж бүү сайрх. Талархлын үгсийг ёс төдий хэлэх хэрэггүй, чин сэтгэлээсээ хэл. Чин зүрхнээсээ хэлсэн талархлын ганц өгүүлбэр сэтгэлд наран, саран хамт ороод ирсэн адил гийгүүлж, магнайг тэнийлгэж, үрчлээг толийлгох мэт болгоно. Чин сэтгэлээсээ хэлээгүй талархлын үгсийг алтан гургалдай шиг аялгуулан уянгалуулан хэллээ ч алсын хаданд хашгирсан цуурай мэт сэтгэлд хоосон үлдэнэ.
Талархах чадвар нь эрч хүч, сэтгэлийн тэнхээг давхар илэрхийлнэ. “Талархалгүй байдал нь сул доройн шинж. Гарамгай хүмүүс хэзээ ч талархалгүй байдал гаргадаггүй”. Тэнгэрт тултал магтах, газарт шургатал муулах нь талархал хийгээд талархалгүйгээ илэрхийлэх ухаалаг шийдэл биш. Жин, тун нь таарсан талархал жинхэнэ талархал болдог. Цагаа олж таларха, үгээ онож хэл. Эв хавгүй талархлын үгс элэг доог ч болгож мэднэ. Талархлын үг сонсохыг хүсч байгаа тэр мөчид хэлсэн аятайхан ганц үг цаг нь өнгөрсөн хойно хэлсэн зуун үгнээс ч хүчтэй. Талархлыг дагаж сайшаал магтаал урсана. Хаана, хэнд, ямар магтаал, сайшаалын үг хэлэх вэ гэдэг нь чиний ухаан, мэдрэмжийн хэр хэмжээний асуудал.
Адгийн тэнэг авгайгаа магтана гэх тэнэгийн цаадах тэнэг хэллэг тэнэж явдаг. Хэзээ гарсан, хэн эхэлж хэлснийг бүү мэд. Хавьтсан ойртсондоо хямгагүй чулуудаж байдаг магтаал сайшаалын үгсийг хань ижилдээ хэлэхээр тэнэг болчихдог нь ч юув дээ! Бодол ухааны шүүлтүүрээр ороогүй болчимгүй золбин үг гэдэг нь л тодорхой. Үр хүүхдийг чинь тээж төрүүлж өгсний төлөө, нойр хоолоо хасч хөхүүлж, хуурайлж өсгөснийх нь төлөө, хоёр нарны хооронд борви бохис хийлгүй зүтгэдэгийнх нь төлөө, гэр орноо аль болох өнгөтэй өөдтэй авч яваагийнх нь төлөө тэдэнд насан туршдаа талархахын дээдээр талархаж явах үүрэгтэй бид. Үе үе үүнийгээ үгээр хэлж, үйлдлээр илэрхийлэн, үзүүлэн мэдүүлж байх хэрэгтэй. Зоогийн газар хааяа нэгхэн хоол идээд гарахдаа “баярлалаа” гэж хэлдэг талархлын үгийг гараа гарган, сэтгэлээ шингээн өдөр бүр хоол унд хийж өгдөг эхнэртээ хэлж болдоггүйн учир юу вэ? Та бидний төлөө сэтгэл итгэлээ зориулдагийнх нь, санаа тавьдагийнх нь, санаа зовдогийнх нь төлөө үргэлж талархах ёстой. Үглэж, загнадагийнх нь төлөө, үггүй зэмлэн тунирхдагийнх нь төлөө ч баярлах хэрэгтэй. Яагаад гэвэл та нарыг илүү сайн сайхан, хүний дайтай, бусдаас дутахгүй байлгахын төлөө хайраа дотроо, халаа гаднаа гарган, өргөс шиг ширүүн мөртлөө өд шиг зөөлөн үгээ хэлж, үйлдлээ илэрхийлж байгаа нь тэр. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэсэн сургамжтай үг бий. Эмэгтэй хүн урмын үгээр тэжээгдэх уяхан сэтгэлтэйгээр бүтээгдсэн байдаг юм. Эмэгтэйчүүд дотночилон хэлсэн үг бүхэнд дотогшоо баярлан уйлж, гадагшаа баясан инээж байдаг сайхан сэтгэлтэй хүмүүс.
Ангаж цанган хорчийн хатаж байгаа өвс ургамлын үндсэнд ус чийг өгөхөөр сэргэн ургаж цэцэглэдэг шиг урам хайрын ончтой үгс хөшсөн сэтгэлийг сэргээн, хөөр баяслыг төрүүлнэ. Доройтсон сэтгэлийг сэргээх шидэт эм адил урам магтаалын үгийг сонсоход өлссөн хүн цадаж, ундаассан хүний цангаа нь тайлагдах шиг болдог билээ. Талархлаар дутуу хүний амьдрал ямагт дутуу дундуур байдаг юм. Хамгаас хайртай хүмүүстээ урам талархлын шидэт үгсийг хямгадаж харамлахгүйгээр хэлж бай. Дутуу дундуур амьдрал дүүрээд ирнэ аяндаа. Дээшээ хандсан магтаал хэтэрвэл зусар болно. Улаан нүүрэн дээр нь магтана гэдэг увайгүй зусрын шинж учир болгоомжтой ханд. Харин удирдлага дороо байгаа хүмүүсийнхээ зөв үйлдэлд урам хайрлаж, урамшуулан магтаж бай. Тааруулж хэлсэн талархлын үг хийж бүтээх идэвхийг нь бадрааж, хүч чадлыг нь сэлбэж өгнө. Хамаа болгоомжгүй хатуу ширүүн үгээр хавьтснаа хадарч болохгүй. Голдоо ортол гомдон, сэтгэл нь шархалж мэднэ. Мэсний шарх эдгэхэд амар, үгний шарх эдгэхэд бэрх. Бусдын дургүйг хүргэсэн үгийг дутуу хэлэхийг хичээ. Элс рүү асгасан усыг эргээд савлаж болдоггүй шиг бураад өнгөрсөн үгсийг буцаан залгих аргагүй. Гэм зэмгүй хүнд андуу ташаа зэмлэл хүртээхгүй байхыг эрхэмлэ. Насан туршаа эргэн санагалзах голыг зурсан гомдлыг үлдээж мэднэ. Хаврын шар ус цасыг хайлуулан урсгах шиг цаг хугацаа гомдлыг тайлан мартагнуулан урсгаж болох ч намар хагдарсан өвс хавар болохоор соёолон ургадаг шиг голд орсон гомдол эмзэг аргагүй сэргэдэгийг сана. Модны навч шарлавч үндэс нь шарладаггүй гэдэгтэй адил өнгөн дээрээ өршөөж болох ч үндэс язгууртаа хүртэл гомдоллох үгэн мэсээр бусдыг бүү далайлга.
Талархал бол талархах хүний үүрэг байдаг болохоос, талархуулах хүний эрх биш байдгийг санаж яв. Боловсролтой, соёлтой аль ч хүн талархах, талархуулахын аль альд нь тэгш тэнцүү хандах учиртай. Өөрсдийнхөө ачийг бодох учиртай хүнтэй уулзахаараа талархалтай байх ёстойг сайн санацгаадаг мөртлөө өөрсдөө мэхийн талархах ёстой хүмүүстэй уулзахаараа энэ тухай юу ч бодоцгоодоггүй байж таарахгүй. “Талархал шаардах нь тэнэг зан, талархалгүй байх нь бүр ч өөдгүй явдал болой” гэсэн үгийг марталгүй бодож явбал зохилтой.
Ухаантай хүн тал засаж зулгуйдаагүй, илүү ч үгүй, дутуу ч үгүй шударгаар өгүүлж байгаа талархалд таатай хандаж хүлээж авна. Байгаа юмыг байгаагаар нь хэлж, үнэн юмыг үнэнээр нь дүгнэх нь талархлаа илэрхийлж байгаа шударга бөгөөд зохистой арга. Шударга бус үнэлгээ талархалгүй байдлын адгийн шинж, талархалгүй байдал хамгийн өөдгүй гажиг мөн. Талархалгүй хүмүүс байдаг нь мэдээж сайн зүйл биш, тэдэнд зэвүүрхэх үе ч бий. Тэгэхдээ өөрт чинь туслалцаа үзүүлсэн бүх хүмүүс чамаас талархлын таатай үг сонссон уу гэдгийг өөрийн хүн чанараас үе үе асууж байх хэрэгтэй.
Бэлгийн хариуд сэтгэлийн талархал зайлшгүй. “Бэлэг бол үнэ цэнээрээ бус, хэн бэлэглэж байгаагаар эрхэм байдаг” учир авсан бэлгэндээ баярлахаас түрүүн бэлэг өгч байгаа хүнд нь талархах нь зүйн хэрэг. Чин сэтгэлээсээ талархал илэрхийлж чаддаг хүнд тус болох урамтай. “Ач тусын талаар үзүүлэгч нь бус, хүртэгч нь ярьж байх” ёстой нь талархлын алтан зарчим гэдгийг мартаж болохгүй. Бие биедээ чин сэтгэлээсээ талархаж сурцгаая!
Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун
2008 оны 02 сарын 15
Нэгэн хөгжмийн зохиолч шинэ бүтээлийнхээ ноотыг толилуулахаар аугаа их Бетховенд гардуулан өгчээ. Төгсгөлийн хуудасны өнцөгт “бурханы авралаар эсэн мэнд дуусах болтугай” гэж бичсэн байв. Үүнийг уншингаа Бетховен тэр дор нь үзгээ шүүрэн авч “Бурханд найдах нь юу вэ. Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун” гэж таталган бичсэн гэдэг. “Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун” гэх энэ үг суу алдарт Бетховений амьдралынхаа туршид мөрдсөн зарчим, уриа дуудлага нь байжээ.“Айлаас эрэхээр авдраа уудал” гэсэн монгол үг бий. Хүн бүрийн оюун ухааны авдарт “хүслийг хангагч чандмань эрдэнэ” дүүрэн чихээстэй байдаг юм. Гагцхүү авдрынхаа тагийг итгэлтэй сөхөж, хэрэгтэй зүйлээ оролдлого зүтгэлээр онгичин хайж, эцэж цуцашгүй чармайлтаар олж илрүүлэн, оновчтой ашиглах л хэрэгтэй. Мөрөөдөл тэмүүлэл, өөдрөг сэтгэл, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, цөхрөлтгүй оролдлого, ажилсаг бүтээлч чадвар – энэ бүгд бүтээлч хүнд зайлшгүй байх шилдэг чанарууд. Тэдэнгүйгээр амжилтын оргилд өөрийгөө хөтөлнө гэж бодож санахын ч хэрэггүй. Ямар ч хүн ертөнцөд өө сэвгүй сайн хүн болон бүрэн төлөвшин мэндэлдэггүйтэй адил бүтээлч шилдэг чанар эхээс төрөхөд энэ биед чинь иж бүрнээрээ цогцлон заяахгүй. Тэр бүгдийг хүн бүхэн өөрийнхөө хүчээр, өөртөө цогцлоохыг мэрийн хичээх ёстой. Тэгж баймааж нь хүсэл мөрөөдөлдөө хүрэх замаа өөрийн гараар итгэл дүүрэн дархлах боломж алхам алхмаар дөтлөн ойртоно. Гар хумилгүй ажиллахгүйгээр гавьтай амжилтанд хүрч чадахгүй. Оюунаа хөвчлөн дайчилдаггүй хүн олигтой бүтээл туурвиж эс чадна. “Ажил л миний хэмжээлшгүй баяр баясгалан байдаг” гэх үгийг суут Моцарт хэлэх дуртай байж. “Ажил бол энэ ертөнц дээрхи миний цорын ганц таатай зүйл” гэж амжилт олсон нөгөө нэгэн алдартан дахин давтан хэлдэг байв. Ажил хөдөлмөр чиний хэмжээлшгүй баяр баясгалан байж, ажил хөдөлмөрийг амьдралдаа тохиох цорын ганц таатай зүйл болгож чадвал амжилтанд хүрч, алдраа мандуулах шидэт түлхүүрээ бат атган зогсож байна гэж бардам бодож болох нь ээ. Ажиллаж хөдөлмөрлөхгүйгээр хүслээр хүрээд ирдэг, бэлнээр ороод ирдэг зүйл энэ хорвоод үгүй болохыг өглөө болоход наран мандаж, орой болоход шингэхтэй адил гарцаагүй үнэн гэдэгтэй зүйрлэн жишин санаж яв. Хүмүүс ажил хөдөлмөрийг янз янзаар л хийдэг. Ажилд тааруу, муухан хийдэг, бие дайчилдаггүй залхуу нэгэн байхад ажлаа тааруу, муу хийж чаддаггүй, муу хийнэ гэдгийг мэддэггүй, бахархам бүтээлч чадвартай нөгөө нь байна. Хариуцсан ажилдаа сэтгэл зүрхээ өгч, махран зүтгэдэг хайрламаар хэсэг байхад эрхэлсэн ажлаа ор нэр төдий хийсэн болж назгайран цаг нөхцөөгсөд цөөнгүй. Ажил бүтээлээ муу хийж чаддаггүй, дутуу дулимаг орхиж сураагүй тэр хүмүүс алдар хүндийн барианд хэзээд ойрхон байна. Хариуцсан ажилдаа зүрх сэтгэлээ өгч махран зүтгэгч, хайр татам хүмүүс олны хүндлэлийг хүлээж, бахархан дурсагдана. Шинжлэх ухааны ч бай, урлаг утга зохиолын ч бай аль ч салбарт агуу их хэмээн алдаршсан, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт бусдаас даван гарч алдраа мандуулсан хэн боловч өрөөл бусдад найдалгүй өөрийгөө дээд зэргээр дайчлан, хичээн зүтгэж байж тэрхүү бахархам амжилтыг олсон байдаг. Тэдний дотор ядуухан бор гэрт өссөн хүн байхад баян тансаг өргөө гэрт төрсөн нь ч байна. Идэж уух, өмсөж зүүх, эрхэлж тоглох бүхнээр бялхаж байгаа мөртлөө өөртөө хатуу шаардлага тавьж, сурч мэдэхийн төлөө, судалж бүтээхийн төлөө махран зүтгэсээр агуу их үйл хэргийг гүйцэлдүүлсэн суут хүмүүс бий. Туйлийн ядуу тавилангаас үл шалтгаалж, өөрийгөө шавдуулан, хүрч болох хамгийн дээд өндөрлөгт өөрийнхөө хүчээр гарч чадсан жишээ захаас аван бий. Хүн амжилтанд хүрэхэд ямар ч хатуу хэцүү бэрхшээл гай тотгор, төвөг саад төдийлөн болдоггүй гэдэг нь гайхамшигт хүмүүсийн намтар цадигаас тодхон бөгөөд нийтлэг харагддаг. Харин ч олонхи тохиолдолд иймэрхүү бэрхшээл хүмүүст сэтгэл, итгэлийн хат суулган, хашир таниулж өөд нь татдаг байна. Өөрөөр хэлбэл гачигдал зовлонг шүд зуун тэсвэрлэж, шөрмөсөө сунатал ажиллаж хөдөлмөрлөе гэх чин хүслэн ундран оргилон бий болдог байна. Бие амар, тансаг амьдрал зовлон бэрхшээлийг даван туулах зориг хүчийг өгдөггүй. Өнөөгийн ядуу зүдүү, дутуу гуцуу амьдрал үүрдийн золгүй байдал, үзүүргүй зовлон гуниг гэсэн үг хараахан биш. Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврах гүн итгэл өвөрлөн хичээн зүтгэвээс ядуу гуцуу байдлыг хишиг буян болгон хувиргаж төвөггүй чадна. Зовлон бэрхшээл өөдлөн дэвжихийн төлөөх тулаанд зориг хүчийг өгч туйлдаж сөхөрсөн хүнийг хөл дээр нь баттай босгодог юм. Ийм зориг хүчтэй, хөл дээрээ баттай боссон хүн ялж дийлэн, цаана нь гарч, зорилгоо биелүүлэх нь эргэлзээгүй тодорхой. Өөрийнхөө хүч чадал, бололцоо нөөцөнд бүхнээс илүү итгэн найд. Өөрийн чинь гутлыг чиний өмнөөс хэн ч өмсөхгүйтэй адил өөрийн чинь өмнөөс суралцан, чиний оронд хөдөлмөрлөж, чиний нэрээр бүтээн туурвиж өгөх хүн хорвоод үгүй. Чамайг өвдөж зовбол чиний төлөө сэтгэл гарган, санаа тавьж эмчилж тордох хүн байх боловч чиний өмнөөс эм тангий чинь ууж, эмчилгээ засал хийлгэж эдгээн илааршуулж чадахгүй. Тиймээс өөртөө эргэлзэж тээнэгэлзэлгүй найдан, өөрийнхөө хүчээр өөрийгөө аврах нь хүн бүрт оногдсон заяа тавилан. Ингэж хэлэхдээ бусдын тус дэмийг бүхэлд нь орхигдуулан үгүйсгэж байгаа хэрэг огтоос биш. Хэн ч хөндлөнгийн тус дэмгүйгээр амьдарч чадахгүй нь ойлгомжтой. Ямар ч ухаантай, гайхамшигтай хүн бусдаас хишиг тусыг байнга хүртэж байдаг нь мэдээж. Сэтгэл санааны дэм хийгээд, журамт андын сэтгэлээ салшгүй сайн нөхрийн төлөө өргөх нь зүйрлэшгүй том тус нэмэр. Бусдын тусламж, өөрийн бүхий л чадлаар сэтгэл шуудран зүтгэх хоёрын аль алийг нь дутааж болохгүй. Тэр нь залуу зандан насанд ч, замаа олж, биеэ даасан үед ч нэгэн адил хамаатай. Гэхдээ л өөрийн хүч чадалдаа эргэлзэлгүй итгэн, бололцоо нөөцөө шавхан дайчилж, бүтээлч шаргуу хөдөлмөрлөн, их хэргийн төлөө эргэж хургалгүй зорь. Амьдралаа үнэ цэнэтэй, утга төгөлдөр, ухаантай зөв авч явахыг залуу хүн бүр хичээх хэрэгтэй. “Ухаангүй, ёс суртахуунгүй, цэнгэлд автсан хүмүүсийн амьдрал ямар ч үнэ цэнэгүй байдаг” гэнэ. Зуурдын жаргалд хөтлөгдөн, зугаа цэнгэлд ташуурч, түмэнд нүүрээ барах ичгэвтэр бүхнээс татгалз. “Ичгэвтэр зүйл хийсэн хүн юуны түрүүн өөрөөсөө ичих ёстой”. Өөрөөсөө ичих мэдрэмжтэй хүн алдаж гишгэх нь ховор. Алдлаа ч хор холбогдол нь гайгүй. Өөрөөсөө ичдэг хүн нэг бүдэрсэн гадсандаа дахин бүдэрдэггүй юм. Архи, тамхинд шимтэн дурлах буруу зуршилд автваас амьдралдаа санаатай хор хүргэж байгаа мунхаг үйлдэл. “Архидалт бол бүх гажигийн эх”. Энэ гажигуудыг засахын тулд жигтэйхэн сайн хууль баталчихвал хүмүүс хорт зуршлаа тэр дор нь таягдан хаячих мэт гэнэн төсөөлөл байдаг. Ямар ч хүчирхэг хатуу чанга хууль гарлаа гэсэн залхуу этгээд гэнэт ажилсаг болон төрөл арилжиж, үрэлгэн хүн жигтэйхэн тооцоотой болон нарийлж, архичин архиа жигшин шууд орхиж, тамхичин тамхиа хаях нь юу л бол? Харин өөрийнхөө гэмийг өөрөө ухаарч, өөрийгөө өөрчлөхөөр сэтгэлээ хатамжлан шулуудаж, хэмнэж гамнахын утга учрыг ойлгож, архинд живсэн гаслант амьдралаа өөрөө ухамсартайгаар буруушааж эхэлбэл хүн сайн тал руугаа өөрчлөгдөх үүрийн гэгээ туяарч эхэллээ гэсэн үг. Өөрийнхөө сэтгэл итгэлийн хүчээр буруу зуршлаас ангижрах нь өөрийгөө аврах хамгийн дөт зам. Буруу үйл үйлдэж байна гэдгээ юуны өмнө өөрөө ухамсарлаж, түүнээс татгалзах сэтгэлийн хүчээ хураан хуримтлуулж, тэсвэр тэвчээр заан, эргэлт буцалтгүй эрс зориглож чадвал нүүрлэн буй зовлон гамшигаас биеэ хамгаалж, өөрийгөө аварч чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Зөвхөн өөрийгөө аврах төдийгүй хамгийн хайртай хүмүүсээ уур уцаар, уйтгар гуниг, гутрал доромжлолын занал зүхлээс ангижруулж байгаагаа ухаар.Бусдын тус дэмэнд найдалгүй яахав. Гэхдээ өөрөө өөртөө туслагч байх нь бүхнээс илүү чухал. Өөртөө туслах оюун ухаан бол хүний өсөж дэвжих өөдлөн хөгжихийн тулгын чулуу юм. Өөрөө өөртөө тусалж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа, гэгээн ухаан л хүмүүсийг алхам тутам зоригжуулж, алс ирээдүйгээ өөдрөгөөр харах хүсэл тэмүүллийг цогцлоож байдаг. Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун!
Өөрсдийн цаг хугацааг нэр төртэй эзэгнэе
2008 оны 02 сарын 07
Монгол улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монголчууддаа манай сониноор дамжуулан сар шинийн мэндчилгээ илгээж байна. Айхтар хатуу гахай жилийг үдэж, ам цагаан хулгана жилтэй амар мэнд золгож байгаа элэг нэгт монгол түмэн маань даага далантай, бяруу булчинтай, төлөг сүүлтэй, тором бөхтэй тавтай сайхан шинэлж байна уу? Золгож байгаа жилдээ зол жаргалаар дүүрэн, золбоо хийморь тэгш, зон олноороо дэлгэр жаргалыг эдлэн, энх амгалан, амар тайван, эрүүл саруул, элэг бүтэн байхын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье. Хүн төрөлхтөнд дэвшил эсвэл доройтол гэсэн хоёрхон зам бий. Монголчууд бидний хувьд дэвшил хөгжил, мандал бадралын замаар эргэлт буцалтгүй, эргэж хургалгүй тууштай замнасан, өрнүүн хөдөлмөр, бүтээл туурвил эрчимтэй өрнөсөн, эв найрыг хэлбэрэлтгүй сахисан ээлтэй сайхан жил болоосой. Өөрсдийн цаг хугацааг нэр төртэй эзэгнэн, хүн бүр өөдрөг сэтгэлээр хичээн зүтгэж, сайн үйлс бүтээхийн төлөө сурч боловсрон, шаргуу ажиллаж, шамдан хөдөлмөрлөцгөөе. Урагшаа уужуу холыг харж, бүх зүйлээс хамгийн үнэтэй цаг хугацааг дүүрэн ашиглаж, ухаантай амьдарцгаая. Урагшаа хардаггүй хүн ард хоцрон үлддэгийг ухаарая. Хүн бүр бүх зүйл дээр өөрийн хариуцлагыг дээд зэргээр ухамсарлая. Бид зөвхөн албан тушаалтнуудаас хариуцлага асуух биш, өөрсдөө туйлаас хариуцлагатай байх ёстой. Хулгана жил сонгуулийн жил. Бүгдээрээ хариуцлагатай сонголт хийцгээе. Хариуцлагатай сонголт хийж байж – хариуцлагатай төр тогтоно. Тэгж байж эрх чөлөөт дэг журам, сахилга хариуцлага батжин тогтож, гажуудал завхралын үндсийг тасалж, буянтай сайн үйлс соёолон дэлгэрч, шударга ёс батжина.Элэнц хуланцаас уламжлан эдүгээгийн бидэнд өвлөгдсөн сар шинийн баяраа санаа сэтгэл ариунаар сайхан угтан шинэлж, санасан бүхэн чинь сэтгэлчлэн бүтэх болтугай.
Хариу нэхээгүй буяны үйлс хамгаас илүү үнэтэй
2008 оны 02 сарын 06
Өнгөрсөн зууны агуу хүмүүсийн нэг нь Тереза эх хэмээх нэрээр алдаршсан, ядарч зовж яваа хүмүүст хайр энэрлээ хүртээгч буяны үйлстэн маргах аргагүй мөн. Бусдад үйлдсэн буяны үйлсээрээ дэлхийд нэрээ цуурайтуулж, түүхэнд мөнхөрсөн гарамгай эмэгтэй. Бурханлиг сэтгэлтэй хүмүүс л бусдын төлөө буян үйлдэж, хайр нигүүсэлийг бэлэглэдэг юм. Тереза эх чухам л бурханлиг сэтгэлтэн буяны үйлстэн байлаа. Хүн бүр Тереза эхийн зэрэгт хүрэхгүй ч хэрдээ таарсан буянтан байх бүрэн боломжтой.
Тусламж хэрэгтэй бүхэнд сэтгэлээсээ үзүүлэх дэм тус буяны үйлс. Өлссөн хүнийг хооллох, цангасан хүнийг ундаалах, өвдсөн хүнийг эмнэх, харанхуй хүнийг гэгээрүүлэх, орох оронгүйд оромж сууц өгөх, бусдын төлөө санаа тавих бүгд л буяны үйлс. Буянтан болъё хэмээн бодож мөрөөдөх нь буянтан болчихлоо гэсэн үг хараахан биш. Буянтай үйлсийн тухай баруун солгойгүй ярьж, эрмэлзэл тэмүүллээ илэрхийлснээ буян хийчихлээ гэж бодож төсөөлж болохгүй. “Хүний буянт үйлсийг түүний эрмэлзэл, тэмүүллээр нь бус, харин өдөр тутмын үйл хэргээр нь үнэлэх хэрэгтэй”. Буянтай үйлсийг дотоод итгэл үнэмшилээрээ ухамсартайгаар үйлддэг. Би бусдын тусын тулд буян үйлдэх учиртай гэж үүргээ ухамсарлах нь бүхнээс илүү чухал. Гуйлга болон шахалтаар хийсэн буян хүртэж байгаа хүндээ хишиг буян болон шингэх ач тусаар бага. Буяны үйлсийн амин сүнс нь ариун сэтгэл. Ариун сэтгэлээ зориулж үйлдсэн буянт үйлс олны сэтгэлд гэрэл гэгээ, итгэл найдвар, урам зоригийг авч ирнэ. “Хэний зүрх олны төлөө цохилж байна тэр үнэхээр агуу”. Сэтгэлээсээ хийгээгүй буяны үйлс дутуу малтсан худагтай л адил. Ус нь тунаагүй худгаас ууж, усалж болдоггүй шиг сэтгэл дутсан бүхэн шавхагдашгүй ундаргатай байж буян хишгээ бүтэн хайрлахгүй. Хариу нэхээгүй буяны үйлс хамгаас илүү үнэ цэнэтэй. Тийм буян, хүртсэн хүртээсэн аль алиндаа баяр баясгаланг дуудан дагуулж авчирдаг юм. Буянтай үйлс бүтээснээ сайрхан ярих шаардлагагүй. Булавч бултайна даравч дардайна гэдэг шиг тусыг хүртсэн хүмүүс ойлгон үнэлж, тэр тухай сэтгэлээ нээн сайрхан ярина. Хариу нэхээгүй буяны үйлстэнүүд чин зүрхнийхээ дуудлагаар буяны ажилд оролцох болохоос хэвлэл сониноор гарч нэр хүндээ өсгөх зорилго агуулдаггүй. Хүмүүнлэг нинжин сэтгэл хүний зовлонгоор цэнгэл эдлэх хүйтэн цэвдэг сэтгэлтэй авцалддаггүй юм.Өөрт тус авчрахын тулд бусдад буян үйлдэгчид бий. Олонд тус хүргэснээр өөрт буян хурна. Сайн үйлийг сайн нэр төр дагадаг шиг бусдад үйлдсэн буяны хэмжээгээр өөрийн чинь нэр хүнд өснө. Тэгэхдээ туулайн чинээ тус хүргэчихээд уулын дайтай буян хураахыг мөрөөдөх хэрэггүй. Бүр өөдгүй хүмүүс ч хувьдаа ашиг олохын тулд хотол олонд буян үйлдэхийг зорино. Тийм буяны үнэ цэн өчүүхэн. Буруугаа булахын төлөөнөө буянтны дүр эсгэгчид ч байна. Хэн нэгэн ёс суртахууны үүргээ ёсчилон биелүүлснээрээ буян үйлдэгч болчихгүй. Буяны зам мөрийг зүрх сэтгэлийнхээ дуудлага болгон эргэлт буцалтгүй сонгож, ядарсанд тусалж, ядсаныг дэмжихийг зорилгоо болгон дэвшүүлж, үйл хэрэг болгон хэрэгжүүлж чадвал бусдын төлөө бүтээх буян арвижин төлжинө. “Хүн өөрийгөө буянтай үйлсийн тухай үг ярианд биш, буянт үйл хэрэг болон үйлдэлд сургах ёстой”. Магтаал сайшаал хүлээхийн тулд буян үйлдэх нь зохисгүй. Тэр зорилгоор бүтээсэн буян бүтэн буян хэзээ ч болохгүй. Шахалт шаардлагаар үйлдсэн буян шалих ялихгүй тусыг авчрахаас хэтрэхгүй. Өөрийн сэтгэл итгэлээр үйлдсэн буяны гэгээ үдийн нар шиг гийгүүлнэ. Хүний захиалга хүсэлтээр үйлдсэн буяны гэгээ хүжийн гал шиг гэрэлтэнэ. Гуйлга түүлгээр хийгдсэн буянт үйлс гутамшиг болохгүй ч гайхамшиг байж чадахгүй. Хүн өдөр бүр баатарлаг үйлсийг бүтээх боломжгүй. Харин өдөр бүр хүн хэвээрээ байх боломжтой. Хэрвээ чи бусдын зовлонд хайхрамжгүй хандаж байгаа бол хүн байх үүргээ дутуу биелүүлж байна. Хүн хэвээрээ байгаа хүн л ядарсан хүмүүсийн зовлонг нимгэлэх буянтай ажилд гар татаж, сэтгэл дутаадаггүй юм. Хорвоо дэлхий буянтай хүмүүсээр дүүрэн. Гэвч үүнийг чи зовлонд учирч байж л сая анзаарна. Зовж ядарсан цагт буянтнууд чамд тусална. Буянтны буянг шингээх нь буян хайрлахаас дутуугүй чухал. Буянтны буянг бага гэж бүү чамла. Тэвэр дүүрэн буяныг хүртээгүй ч сэтгэл дүүрэн байж сур. Тэгвэл буян хишиг шингэнэ. Балга балгаар уусан ус ангаа цангаа тайлдагийн адил бага багаар хүртээсэн буян зовлон гачаалыг хугаслана. “Бага зүйлд сэтгэл ханаж чаддаг хүн л хамгаас баян”.Ядарч зовсон хүнд л зөвхөн буянтны тус хэрэгтэй гэж бодож болохгүй. “Бусдын дэмгүйгээр болно гэж бодож яваа хүн тун ч эндүүрч байна даа. Гэхдээ өөрийг нь байхгүй бол бусад хүн хэцүүднэ гэж бодож байгаа хүн бүр ч их төөрөлдөж байна”. Эцэг, эх эгнэшгүй буянтнууд. Буянтны дээд буянтан. Хүмүүн биеийг олж төрнө гэдэг туйлаас бэрх. Үлгэрлэн хэлбээс дээш харуулан хатгасан зүүний үзүүрт будаа цацан тогтоохтой адил гэж сударт өгүүлсэн нь буй. Эрдэнэт биеийг төрүүлж, энхрийлж тойглож өсгөсөн эцэг эхийн буян цаглашгүй. Хүн болох, хүн байх замыг аав, ээж зааж өгнө. Эх үрийн элбэрэлийг сахиж, настныг хүндэлж, нялхасыг асрах арга ухааныг тэд заана. Сурч боловсрохоос эхлээд амьдрах ухаанд сургах бүхий л зам мөрийг эцэг эх чиглүүлнэ. Сайныг дагаж, саарыг жигших сургаал үгийг тэднээсээ л сонсоно. Үр хүүхдээ юугаар ч дутаахгүй хайр энхрийлэлд өлгийдөн өсгөх буянт мөрөөдөл бүх эцэг эхийн сэтгэл зүрхийг эзэмдэн байдаг билээ. Хүн, хүний боломж бололцоо адилгүй болохоор бүх аав ээжийн чин хүсэл, гэгээн мөрөөдөл тэгш биелдэггүй нь алаг хорвоогийн алаг өнгө төрх. Буяны үйлийг бага боловч бүтээж, хилэнцийн үйлийг бага боловч тэвчиж яв. Буяны үйл бага байлаа ч үрэнд нь маш их амгалан жаргалан ирдэг. Нүглийн үйл бага байлаа ч үрэнд нь маш их зовлон гардаг. Хүнд буян үйлдвэл өөрт буян хурна. Хийж байгаа ажлаа том бага, хар бор ялгаагүй төгс сайн хийхийг эрмэлзэх хэрэгтэй. Хүний сэтгэлд хүрсэн сайн үйл бүхэн сэтгэл ханамжийг дагуулна. Тогтоол тушаал төлөвлөсөн ч, тогоо тавьж цай чанасан, ч тоос шороо арчсан ч түүнийгээ төгс сайн хий. Төгс сайн үйлдсэн бүхэн хүмүүст буян болно. “Ямар нэгэн ажлыг арвантаа тааруухан хийснээс, багаахан хэсгийг нь төгс сайн гүйцэтгэчих хэрэгтэй”. Дутуу хийснээс хийхгүй байх нь ч дээр. “Аугаа их хүмүүс юуг ч дутуу хийдэггүй” нь тэдний агуу чанар билээ. Худагны уснаас нь ууж байгаа бол худаг гаргасан хүнийг мартаж хэзээ ч болохгүй гэдэг шиг буяны тусыг хэрхэвч мартаж болохгүй. Өглөгийн эзэн байж хишиг буян хүртээх нь мэдээж сайн үйл. Өвдөж зовсон хүнд туслах нь түүнээс илүү буянтай үйл. “Цоо эрүүл гуйлгачин өвчтэй хаанаас жаргалтай. Эрүүл мэнд гэдэг амьдралын бусад бүхий л баялгаас тийм олон дахин үнэтэй” учраас өвдөж шаналсан хүнд туслах нь ач буяны дээд билээ. Буянтай байна гэдэг бурханы хишиг мөн, гэхдээ олондоо буян үйлдэж байж өөрт буян хурна гэдгийг эргэлзээгүй бодож явах учиртай. Буянтай хүний бухнаас тугал гарна гэдэг зүгээр ч нэг уянгын халилтай үг биш. Буян үйлдэж байж гагцхүү буянтан болдоггүй ажээ. “Будаа тариа мэт үржих буян хийгээгүй юмаа гэхэд дарж булж дийлэмгүй нүгэл үйлдэхгүй байх нь буянтай үйлс”. Хүн чанар сайтай хүн буянтан байдаг билээ. Эрдэм чадлаа харуулахад амар, хүн чанараа харуулахад хэцүү гэдэг. Харин жинхэнэ буянт үйлсийн эздийн хүн чанар жигнэж хэмжих шаардлагагүй илхэн байх нь бахархам.
Аз жаргалыг алсад хайх хэрэггүй
2008 оны 01 сарын 23
Хүн бүрийн туйлын хүсэл мөрөөдөл нь аз жаргалтай амьдрах. Гэхдээ хүн болгонд аз жаргалын хэмжээс янз бүр. Мөр бүтэн, гэдэс цатгалан яваагаа аз жаргалтайд тооцох хүн байна. Зарим нь дутуу нойртой, дундуур ходоодтой ч орчлонгийн тоос хөдөлгөж, газар тамгалаж яваагаа аз жаргал гэж бодно.
Элэг бүтэн яваа нь магадгүй элэг бүлгийн чинь хамгийн дээд жаргал. Бусдын аз жаргалын төлөө бие сэтгэлээ бүхэлд нь зориулах ачтан буянтан цөөн ч гэсэн бий. “Олон түмэндээ аз жаргалаа өгөх шиг дээдийн сайхан гэж хаа ч байхгүй”. Бусдын аз жаргалын төлөө өөрийгөө зориулсан хүн илүү аз жаргалтай байдаг ажээ. Миний үр хүүхэд, гэр бүл, элэг бүлгийнхэн аз жаргалтай байвал миний аз жаргал тэр гэж бодох нь нийтлэг, түгээмэл хүсэл. Би л аз жаргалтай байвал бусдын толгой дээр тэнгэр ниргэж, дээвэр нурж байсан ч хамаагүй гэж бодох хэт аминч үзэлтэн мэр сэр үзэгдэнэ. Хэн чухам аз жаргалтай вэ? “Бие эрүүл, сэтгэл санаа тайван, билэг авьяасаа хөгжүүлэн хөдөлмөрлөж байгаа тэр хүн чухам аз жаргалтай”. Эрүүл энхийн жаргалан – хамгийн дээд аз жаргал. “Бидний аз жаргалын аравны есөн хувь нь эрүүл мэндээс шалтгаалдаг”. Өвдөх өвчин, шаналах шаналгаагүй яваа хүн аз жаргалтай. Амьд яваа чинь аз жаргал. Хүмүүсийн явж байгааг харж, ярилцаж суугааг сонсож байгаа нь аз жаргал. Сонсгол чинь муудвал хэвийн сонсдог байсан үеийнхээ аз жаргалыг санана. Хараагүй болчихвол хараатай байсан аз жаргалаа мэднэ, мэдэрнэ. Хөл чинь муудвал хөлөө эцтэл бүжиг эргэдэг байсан залуу насны аз жаргалтай мөчүүд сэргэн бодогдоно. Чамайг эрхтэн бүтэн төрүүлсэн нь эцэг эхийн тань гавьяа. Аав ээждээ хэмжээ хязгааргүй баярла. Чадах хэмжээ, хэрээрээ ачийг нь хариулахыг хичээ. Эцэг эхийнхээ гаслант үр болчихолгүй, чихийг халууцуулж, нүүрийг улайлгахгүй, хүний дайтай явж байвал аав, ээжийн сэтгэл санаа амгалан бөгөөд тайван, тэр хэмжээгээрээ тэднийхээ ачийг хариулж байна гэж сэтгэл дүүрэн бодож, магнай тэнэгэр алхаж болно. Эцэг эхээ ачилж чадаагүй хэмээн сэтгэл дундуур байдаг бол үр хүүхэддээ ачлал хайраа бүр илүү зориул. Тэр ариун гэгээн хайр, ачлал, буян бүхэн чинь эцэг эхдээ зориулах ёстой дутаасан бүхнийг бага боловч нөхнө гэж сэтгэлээ тайтгаруул.
Сэтгэл санаа тайван бол аз жаргалын ширгэшгүй булаг ундран оргилно. Сэтгэлийг түйвээх буруу, бусармаг бүхнээс ангид байхыг зорь. Архи ахиухан хүртвэл биеийн тэнцвэрийг ч алдуулна, гэрийн тэнцвэрийг ч алдуулна. Сэтгэл санааны амирлангуйг сэглэн сүйтгэх дайсан нь архи. Ариухан, дулаахан гэр бүлийн атаатан хорлогч нь архи. Архинаас ангид гэр бүл аз жаргалтай амьдарна. Атаат сэтгэлд хорлогдоогүй бол аз жаргалтайд тооц өөрийгөө. “Хэрэв хэн нэгэнд аз тохиовол түүнд бүү атаарх, харин түүнтэй хамт баярла, түүний амжилт бас чинийх болно. Харин атаархдаг хүн өөртөө муу зүйл авч ирдэг” юм. Авир ааш тогтуун гэрт аз жаргал тогтоно. Гэрт гадаа хээр хөдөө хаана ч нэг л аашаараа байхыг бод. Хаврын тэнгэр шиг хуйсгануур хүний дэргэд хань болж суух хэцүү. Учир нь олдохгүй ааштаны хажууд уужуу тайван байх зовлонтой. Тамтаггүй ааштаны ойр тайван байх аргагүй. Архины согтуу гардаг бол авирын согтуу гардаггүй юм. Авир нь согтсон хүнтэй авцан нийлэх хүнд. Сэтгэлийн амгаланг бусниулагч нь уур уцаар билээ. Уур уцаартай хүний дэргэд уужуу тайвуу, удаан тэвчин байхад бэрх. Уурандаа шатаж байгаа хүн өөрийнхөө амар амгаланг ч эвдэнэ, өрөөлийн сэтгэлийг ч түйвээнэ. Уурыг ухаан, тэвчээр хоёр л урьдаас нь сөрж ялна. Хилэн ихтийг ухаалаг аргаар, уур ихтийг уужуу ухаанаар зас. Хилэнтэй үедээ ярих ч хэрэггүй, ажиллах ч хэрэггүй. Уур хилэнг үгийн алдаа, үйлийн алдаа хамтдаа хөтөлцөн дагадаг юм. Ажил албанд нь хавчлага дарамт, хардлага сэрдлэг үгүй бол амгалан тайван байх нэг нөхцөл. Ажил дээрээ амгалан байвал ар гэртээ тайван. Алба тушаал, эрх мэдэл ааш занг эвдэж, амгалан дөлгөөн хүн ч авир төрхгүй болох нь элбэг. “Эрх тушаалд зан ааш нь эвдэрдэггүй хүнийг олох хэцүү” гэдэг үнэн аж. “Эрх мэдэл гэдэг ихэрхүү зангийн адил ханаж цадашгүй. Хэмжээлшгүй эрх мэдлээс өөр юу ч түүнийг бүрэн цатгахгүй”. Хэмжээлшгүй эрх мэдэлтэй болчихвол хэнийг ч сонсохгүй дураар авирлаж, хэдэр ядар аашны золионд хэн хүнгүй арчигдана. Дутуу гуцуугийн зовлон сэтгэлийн шаналанг дагуулна. Элбэг хангалууны ааг энэнээс илүү шаналанг үүрүүлнэ. Ядуу хүнийг зовлон тойрохгүй, баян хүнийг балаг тойрохгүй. “Хөрөнгө баялгаас ямагт цатгалан сэтгэлгээ төрдөг. Цатгалан хүнээс ямагт бүдүүлэг авир гардаг” хэмээсэн суутны үг сургамжтай. Бүдүүлэг авир сэтгэлийн амар амгаланг эвдэн бусниулагч байдаг билээ. “Хөдөлмөр бол энэ дэлхий дээрх бүх эрхэм сайхан аз жаргалын эх булаг мөн”. Өөрийн дуртай зүйлдээ сэтгэл зүрхээ зориулан хөдөлмөрлөж чадаж байгаа бол тэр чиний аз жаргал. “Ажил хөдөлмөр биднийг уйтгар, нүгэл, хэрэгцээний гурван их хилэнцээс ангижруулагч мөн” гэж нэгэн ухаантан айлджээ. Бүтээлч идэвхитэй хөдөлмөр хүний хөгжил дэвшлийн үндэс. Хэн их ажиллана, хэн бүтээлчээр хөдөлмөрлөнө, түүнд аз жаргал хаалгаа үргэлж нээлттэй байлгадаг юм. Ажил хөдөлмөр алив хүнийг өөд татна. Арчаагүй залхуу зан алив хүнийг уруу чангаана. “Энх сайхан хөдөлмөр бол баяр жаргалын сурвалж, эрээгүй их залхуурал бол гамшиг зовлонгийн сурвалж” гэдэг үг яасан үнэн үг вэ? Хэрэв чи хүний дайтай хөдөлмөрлөж, эрүүл саруулаар сэтгэж, хүний ёсоор хайрлаж, хүний ёсоор тэмцэж, хүн шиг амьдарч яваа бол эрин цагийн хамгийн аз жаргалтай хүн. Угтах ирээдүйгээ гэрэл гэгээтэй байлгахын тулд уйгагүй шамдан хөдөлмөрлө. “Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авьяас билэгтэн, суут ухаантны аль нь ч төрөн гарахгүй”. Хэрэв чи ямар нэг юм хийхээр зоривол битгий оромд. Дутуу дулимаг бүү орхи. Хийсэн шиг сайн хий. Хэрэв хийж чадахгүй буюу хийх хүсэл сонирхолгүй бол хийх гэж оролдож мунгинаад хэрэггүй. Хийж байгаа ажил бүхэндээ сэтгэл итгэлээ бүрэн шингээ. Эрхэлсэн ажил хөдөлмөртөө сэтгэл хангалуун байгаа бол энэ хорвоогийн аз жаргалыг эдэлж яваа азтан гэж өөрийгөө бод. Жаргаланг хүслээр дуудан, худалдан авч болдоггүй. Тэвчээр заан, зай завгүй хөдөлмөрлөж, хичээн зүтгэж, мэрийж мачийж байж аз жаргалыг тэмцэж олно. “Хүн бүр ажилдаа дуртай байвал энэ орчлон жаргалтай байна”. Ахиу олсон орлогоороо аз жаргалаа цогцлуулагч нэгэн байхад олигтой орлогогүй мөртлөө дуртай ажилдаа сэтгэлээ өгч шимтэн зүтгэхээ аз жаргалтайд тооцох нөгөө нь байна. Өнгөц харахад юунд хүрэх нь тодорхойгүй зүйлийг ухаж төнхөн, тархиа гашилгаж, махаа идэн хөдөлмөрлөх нь далд буй эрдэнэсийн санг хайж олохын зөндөө хөтлөгдсөн бүтээлч хүний өөрийн аз жаргалаа дархлан байгаа бодит дүр төрх нь энэ ажээ. Биеийн тааваар, бэлэн хоол, бэлтгэсэн нөхцөл дээр тарвалзах үүлэн чөлөөний нарыг аз жаргал гэж бодвол том эндүүрэл. “Хэрвээ биеийн тааванд аз жаргал оршдогсон бол бэлчээрт идээшлэн яваа сүрэг малыг бас аз жаргалтанд тооцох санж”. Аз жаргал аяндаа ирэхгүй. Зовлон бэрхшээлийг гэтлэн туулж, гатлан гарч, хатаагдан хатуужиж байж аз жаргалд хүрнэ. “Амьдралын бэрх зовлонд хатаагдсан хүн л аз жаргалтай, бүр гурвантаа аз жаргалтай” хэмээн ухаантан зүгээр ч нэг хэлээгүй байх. Хэн нэгэн ид шидтэн буюу ачтан буянтан ухаан зарж, хөлс урсгалгүйгээр аз жаргалын диваажинд хүргэн өгч, мөнгөлсөн хаалганых нь алтадсан бариулаас атгуулж өгөхгүй. Аз жаргал хүн бүгдийн хүрч чадах орон зайд зугатаж холдолгүй хүлээж байдаг. Гагцхүү түүнд хичээл зүтгэл, санаачлага чармайлтаар хүрч очих л хэрэгтэй. “Тэнэг хүн аз жаргалыг алсад хайдаг, мэргэн ухаантан түүнийг өөрийнхөө дэргэд ургуулдаг” гэдгийг насан туршдаа санаж явцгаа.
Ид хаваа гайхуулсан жил болоосой
2007 оны 12 сарын 28
Монгол Улсын Хоёрдахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди манай сонинд "Титэм үг"-ээ нийтэлж, ард олон, хүүхэд залуустаа сургаалаа хайрласан билээ. Манай сонины хэзээ ч хуучирдаггүй, ахин ахин эргэн орж уншдаг материалуудын нэг нь "Титэм үг" болж, уншигчдын талархал хүлээсэн. Багабанди гуай та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлж байна.
Хүний амьдралын ид хав ажил хөдөлмөрт, оюун ухааны ид хав эрдэм мэдлэгт, бие махбодийн ид хав эрүүл мэндэд байна. Шинэ он монгол хүн бүрийн хувьд ажил хөдөлмөр, эрдэм мэдлэг, эрүүл мэндийн ид хаваа өөр өөрсдийн хүсэл боломжийн хязгаартаа тултал гайхуулсан жил болоосой. Бүтэн жил хийсэн ажилдаа Та сэтгэл хангалуун байна уу? Хийж гүйцэтгээгүй байхад хичнээн олон ажил хэзээ ч боломжгүй мэт санагдаж байлаа даа. Тэгвэл одоо нэгэнт ард нь гарч үр дүнг нь үзжээ. Хийж чадсан бүхэндээ сэтгэл ханамжтай үлд. Хийж амжаагүйдээ гутрах хэрэггүй. Өөдрөг сэтгэл, хичээл зүтгэлийн ачаар ирэх онд амжаагүйгээ гүйцээж, ахиу ихийг шинээр бүтээх гэрэлт зам өмнө чинь зурайж байна. Бусад хүн таныг хийж чадахгүй гэж бодож байсан тэр зүйлийг хийж чадсан бол түүгээрээ бахарх. Түүнээсээ дээд зэргийн таашаал хүртэн, хөөр баяраар дүүрэн шинэ оноо угтаарай. Хөдөлмөрлөхгүйгээр олддог юм гэж хүний амьдралд үгүй. Ирэх онд баялгийг хураая гэж бодож төлөвлөсөн хүн бүр хөдөлмөрлөх чадвараа улам сайжруул. Хүмүүсийн жинхэнэ баялаг хөдөлмөрлөх чадварт шингээстэй байдаг юм. “Хуучин цагт байгаль нь өгөөжтэй орнууд хамгийн баян байлаа, өнөө үед хүн нь илүү бүтээлч улс орнууд хамгаас баян ажээ”. Монгол орноо баян чинээлэг болгоё гэвэл монгол хүнийг илүү бүтээлч болгох хэрэгтэй. Шинжлэх ухаан, эрдэм боловсрол, хүний ур чадвар, чадавхийг өсгөхөд төр засаг бодлогоор ч, нөхцөлөөр ч, хөрөнгө мөнгөөр ч дэмжин тэтгэх хэрэгцээ шаардлага нэн их байна. Аливаа үйл хэргийг төгс сайн хийхийн тулд түүндээ дуртай байх хэрэгтэй. Хүн жинхэнэ дуртай ажилдаа л хүссэн амжилтаа гаргаж чадна. Хүн сайн сайхныг болон аугаа ихийг хүсэх ёстой. Болохгүй, бүтэхгүй гэдэг үгийг мартан орхиж, болгох бүтээх өөдрөг сэтгэлээр жигүүрлэн урагшилж, хүн сайн сайханд хүрнэ. Аугаа их хүслийг асар их тэвчээр хатамж, алжаалыг умартсан хөдөлмөр зүтгэлээр гүйцэлдүүлнэ. Багыг хүсдэг хүн бага хэрэгцээтэй байдаг. Бага хүслээр ихийг бүтээх боломжгүй. Улс орон өөдлөх үү, уруудах уу, та бидний амьдрал дээрдэх үү дордох уу, шударга ёс дэгжих үү, шударга бус даврах уу гэдгийг үндсэнд нь шийдэх бодлого тодорхойлогч эрхмүүдийг сонгох дээд зэргийн хариуцлагатай ажлыг золгож буй онд хийцгээнэ. Улс орны хөгжил дэвшилд том түлхэц өгөх уул уурхай, ашигт малтмалын томоохон орд газруудыг ашиглах асуудал дөтлөн айсуй дөрвөн жилд үндсэндээ байр байдлаа олно. Өөрсдийн чинь, үр хүүхэд ач зээ нарын чинь ирээдүй гэрэл гэгээтэй байх уу, бүүдгэр бүрсгэр байх уу гэдгээ ухамсартайгаар сонгох шинэ оноо угтаж байгаагаа хүн бүр дээд зэргээр ухаарая. Шударга иргэнийг сонгож байж шударга ёс тогтоно гэдэг нийтлэг нэгэн үнэлэмж нийгэмд бүрэлдэх нь онцгой чухал. Шударга бус явдлыг нэг хүн хийж байна уу нийтээрээ үйлдэж байна уу ялгаагүй булай хэрэг. Шударга хүн гэдэг нь шударга ярьдаг хүн биш, шударга үйлддэг, шударга байхыг шаардаж чаддаг иргэн билээ. Шударга бус явдал үйлддэггүй хүнийг л ганцхан шударга гэдэг юм биш. Харин шударга бус зүйл хийгээд ашиг завшаан олчих боломж байсаар байхад түүнийг тойрч чаддаг хүмүүнийг л шударга гэнэ. Төрийн хүн гэмгүй цайлган нүүрээ ард түмэнд харуулах гэж булталзах нь төдийлөн чухал биш, ард түмнийхээ онгошиж харшсан нүүр царайг олж хардаг байх нь илүү чухал. Улс төрчид ард түмний амьдралын гүн рүү харцгаа. Тэгвэл л та нар жинхэнэ үнэнийг олж үзэх болно.Амьдралын мөн чанар нь эрүүл байж, ихийг бүтээхэд байдаг. Эрүүл биед саруул ухаан оршино гэх их зохиолчийн хэлсэн үг хэн ч маргашгүй үнэн билээ. Ухаанаа саруул байлгая гэвэл биеэ гамна. Гоо сайхан, эрхэмсэг тансаг, дур булаам бүхэн эрүүл биед л цогцолдог юм. Бие эрүүл хүн л биелэшгүйг гүйцээж, төсөөлөшгүйг бүтээж, шинийг нээж, шилдэгийг туурвиж чадна. Шинэ онд бүх хүнд эрүүл энхийн жаргаланг билэгдэе. Аз жаргал руу тэмүүлэх нь хүний заяамал шинж. Гэхдээ аз жаргалыг тэмцэж олдог болохоос хэн нэгэн буянтны гараас бэлэг болгон гардан авдаггүй. Аз жаргал агаар мандалд цэцэглэхгүй, ажиллаж хөдөлмөрлөж байж олж авна. Аз жаргалыг олох нь хадгалахаасаа хялбар байдгийг санаж яв. Тиймээс аз жаргалтай үедээ өөртөө хэт их итгэлтэй байх хэрэггүй, харин гай зовлонтой үедээ итгэлээ алдах хэрэггүй. Ганцаараа аз жаргалтай байгаад сайн сайхны оргилд очихгүй ээ. “Олон хүнд аз жаргал өгөхөөс илүү дээд, илүү сайхан юу ч байдаггүй. Хэрэв өөрийнхөө төлөө амьдрахыг хүсч байгаа бол бусдын төлөө амьдар”. Бүх хүнд дээдийн дээд аз жаргалыг ерөөе.