Ээжийг гэрээсээ явахын өмнөх тэр шөнө аав тэр хоёр өөд өөдөөсөө харж суугаад бүтэн шөнөжингөө ярьж суусан юм. Тэдний ярианаас би нэг л юмыг тогтоож авсан нь "Чи яв даа. Би яаж ийгээд хүүдээ аятайхан шиг тайлбарлаад ойлгуулахыг бодьё" гэх аавын дууг сонсоод явах хүн нь ээж юм байна гэдгийг мэдсэн юм. Ээжийг явснаас хойш нилээд хэдэн өдөр өнгөрөв. Би өдөр бүр аавын хэлэх тэр тайлбарыг нь хүлээсээр л байлаа. Гэвч аав тайлбарланаа гэснээ мартчихсан бололтой Аав урьдын адил намайг сургуульд хүргэж өгч, тосч авна. Аав миний гэрийн даалгаврыг анхааралтай үзэж надад ингэж тэгж хий гэж заана. Шинээр заасан үсгийг хуулуулж бичүүлнэ. Бас надад үлгэр уншиж өгсөөр. Би солгой гараараа бичдэг болохоор миний гараас барьж бичүүлнэ. Ингээд л урьд нь ээжийн хийдэг байсан бүхнийг аав хийх болсон юм. Зөвхөн эмээ л хааяа санаа алдан "явангуутаа мартчих гэж.." гэхэд нь аав нүд ирмэн эмээг дуугүй болгоно. Би ээжгүй ганцаардан, санах болсоор хоёр долоо хоног өнгөрсний дараа нэг орой аав над үлгэр уншиж өгч байснаа номоо хамхиад "Миний хүү тэнгэрийн элч дагинасын тухай үлгэр олныг сонссон шүү дээ. Тэнгэрийн элчисүүд чинь хаана хүүхэд өлсөж цангаж байна, хаана хүүхэд ганцаараа байна гэдгийг үргэлж хайж нисэж явдаг юм. Тэгээд тийм хүүхэд байх юм бол тэнгэр бурхандаа хэлээд тэр хүүхдэд туслахаар тэндээ үлддэг юм. Тэгээд тэр хүүхэд өсч том болохоор нь сэтгэл амар ахин өөр хүүхэд хайн нисэн оддог билээ. Дэлхий дээр байгаа бүх аав ээжүүд чинь бүгд тэнгэрийн элч, дагина юм. Тэнгэрийн элч, тэнгэрийн дагина хамтдаа байж хүүхдийг асран хайрлахаар зориуд тэнгэр бурхны зарлиг зараалаар нисэн ирдэг билээ. Гэтэл манай гэрт аав нь ганцаараа бүхнийг хийгээд чамайг харж асарч чадаж байгаа болохоор ээжийг чинь өөр өлсөж цангаж, аав ээжийгээ хайсан хүүхдэд туслуулхаар нисгэчихсэн юм шүү дээ. Ээж нь тэнгэр бурхны зарлиг зараалаар чамайг над үлдээгээд сэтгэл амар явсан. Тийм болохоор чи өөр хүүхдэд туслая гэж бодож байгаа бол ээжийгээ тэвчээртэй хүлээгээд байгаарай. Чамайг том болсон хойно миний үлдээсэн хүүхэд ямар болсон бэ гээд ээж чинь заавал ирнээ... гэж хэлсэн юм.
...Энэ бол миний амьдралдаа сонссон аав ээжүүд үр хүүхэддээ салж сарниж байгаагаа хамгийн сайхан, хамгийн гоё, нар сарны гэрэл туяа мэт гэгээ гэрэлтэйгээр тайлбарласан цорын ганц тохиол байсан юм шүү.
...Энэ бол миний амьдралдаа сонссон аав ээжүүд үр хүүхэддээ салж сарниж байгаагаа хамгийн сайхан, хамгийн гоё, нар сарны гэрэл туяа мэт гэгээ гэрэлтэйгээр тайлбарласан цорын ганц тохиол байсан юм шүү.
Комментариев нет:
Отправить комментарий