понедельник, 23 февраля 2009 г.

ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД?


Анд найз чамдаа алаг хорвоод мэндэлсэн энэ л онцгой өдрийн мэндийг хүргэж, аав ээжид тань аз жаргал, эрүүл энх, алдхан биенд чинь уужим сэтгэл, холч ухааныг хүсээд.... алхам бүртээ баяр хөөр, аз жаргалыг мэдэрч, алдаа бүрээсээ ухаарал, уучлалыг тосож, амьдралдаа эзэн нь байж, амьд ертөнцөд цор ганц бүтээл болж, өөрийн өнгөөр гэрэлтэж явахыг хүсэн ерөөе.
Олон зүйл нуршилгүй хажууд чинь баярыг чинь хуваалцаж байгаа шүү!
2009.02.27










































суббота, 21 февраля 2009 г.

ТАМ УУ, ДИВААЖИН УУ?

Хүчээр биш эвээр гэдэг үгийг монголчууд баримтлан үр хүүхдэдээ үлгэр домог ярин, түүгээрээ хүний харилцаа, зан төрхийг нь хүмүүжүүлсээр ирсэн. Бид бүхний амьдрал зөвхөн хувиа бодож байх уу, эсвэл харилцан бие биедээ санаа тавьж явах уу гэдгээс үүдэн диваажин ч болдог, там ч болдог гэдгийг доорхи үлгэрт өгүүлжээ.
Нэгэн залуу лам өвгөн багшаасаа “Там гэж ямар газар байдаг бол?” гэж асуужээ. Өвгөн лам “Тамд асар том тогоон дотор амттай гоймон уур савсуулан чанаж байдаг юм. Хүмүүс гоймонгоос идэхийн тулд нэг метр урт савхнаас өөр барьчих юм байхгүй. Юу болохыг төсөөлж байгаа биз дээ?” хэмээн өвгөн лам үргэлжлүүлэв. “Бүгд өлссөн учир нөгөө урт савхаараа гоймонгоос уралдаж идэх гээд тэмцэлдэнэ. Гэвч савх нь хэтэрхий урт тул гоймонг савхадлаа ч амандаа хийж чадахгүй. Бүгд түрүүлж идэхийн тулд галзуурсан мэт дайран хэрүүл зодоондоо хүрч, эцэст нь гоймонгоо ийш тийш нь цацаж бараад хэн нь ч идэж чадахгүй”. Залуу лам “Тэгвэл диваажин гэж ямар газар вэ?” хэмээн асуулаа. Багш нь “Диваажин ч гэсэн адилхан. Гэхдээ тэнд хүмүүс гоймонг урт савхаар хавчиж аваад тогооны нөгөө талд зогсож байгаа хүнд “Энэ идээг эхлээд та зооглоно уу” гэж найр тавина. Тэгэхэд эсрэг талд зогсож байгаа хүн түүнийг баяртай хүлээн аваад “Маш сайхан зоог байлаа. Одоо би танд хариу барьяа” хэмээн өөрийнхөө савхаар гоймонг савхдаж өгнө. Энд бүгд амттай гоймон идэж жаргалын дээдийг амталж байдаг юм даа” гэжээ.
Бид аль хэсгийнх нь хүмүүстэй төстэй байна даа. Та аль хэсэгтэй нь адилхан байхыг хүсч байна? УБ-ын гудамжинд яагаад дандаа машины түгжрэл болдгийн шалтгааныг бодоод нэг үзээрэй. Yүнтэй адил үзэгдлүүд монголчууд биднийг хаа явсан газар нь дагалдаж, та биднийг гутааж дорд адгуусны байдалтай харагдуулдаггүй гэж үү!

воскресенье, 15 февраля 2009 г.

БИ ЧАМАЙГ МАРТАХГҮЙ

Т. БУМ-ЭРДЭНЭ
Би өнөөдөр чамайг ямар ихээр дурсана вэ? Чиний нүд, харц, царай төрх чинь тодоос тод орж ирэх тусам миний нулимс төдий чинээгээр ундрах юм. Сэтгэл зүрхийг минь уралж саралсан он жилүүд тэртээд одсон хэдий ч би өнөөдөр чамайг ороолж зугтаасан бодлоосоо эрэн байж санах чинь юуны учир юм бол. Гуниглахын жаргал гэж байдаг гэж үү. Аав ээжийнхээ өврөөс гараагүй шахам, алиахан багадаа, хоёр салаа гэзэгтэй, хорь хүрээгүй насандаа би чамтай анх учирчээ. Хайр гэдгийг ямар мэддэг байсан биш дээ. Хайр гэдэг бол тэрийг, энийг хэлнэ гэж ном зохиолд гардаг ч, хайр гэж чамайг л хэлнэ гэж би дотроо боддог байж билээ. Тиймээ! хайрыг би чамаар л төсөөлдөг байсан. Эр хүний тухай эгч нарын өдий төдий тодорхойлолт байвч би эр хүнийг чамаар л дүрсэлдэгсэн. Хайр сэтгэл гээч нь хажууд удахаараа тэгж их өнгө зүсээ хувиргадаг гэдгийг тэрхэн үед би яахан мэдэх билээ. Он цаг улирч, охин нас минь ичих, эмзэглэхийн зэрэгцээ нулимс дуслуулан бас ч гэж нууцхан баяр дагуулсаар тэртээ ард хоцорчээ. Ургаж гүйцээгүй хөх, нарны туяанд гэрэлтэм нимгэн хувцастай. Урагдаж шархлаагүй сэтгэлдээ хайрын дуу аялаастай. Урд шөнийн шүүдэр өвсний толгойд бөнжигнөөстэй. Урьхан салхины аясаар урсгал үс минь задраастай. Учирсан хайрын сэвшээнд сэтгэл задгай, энгэр задгай. Уудамхан талд хөл нүцгэн гүйсэн охин нас минь тэнд үлдсэн. Чиний үгэнд итгэсэндээ би бусдыг сонсоогүй. Чамайг би ганцхан хэмээн санаж өөр бусдыг хараагүй. Дэндүү их хайрласандаа, дэлхийг хүртэл чамаас бага хэмээн төсөөлөхдөө би сохорсон. Хайранд сохорсон хүн ухаардаггүй юм билээ. Намайг хамгийн ихээр хайрлаж суугаа ээжийгээ хүртэл гомдоосон. Тэднийгээ би даанч нэг сонсдоггүйсэн. Сэтгэл зүрхний минь эзэн чи л байсан хэрэг. Тэгэхэд ухаарсан бол би алдаагаа засахгүй юмаа гэхэд өөрийгөө улам бүр талхилуулж, урт удаан хугацааг алдахгүй байсан байх. Гэхдээ ойлгох цаг минь тэр үед болоогүй байсан юм байлгүй дээ. Хайр гэдэг тийм уйваагүй, хаврын зэврүүн салхинд гэрийн яндан ёнгинох мэт хөндий хоосон. Хайртай гэдэг үг харанхуй хонгилийн тэртээ үзүүрт үүсэх хөлийн чимээ мэт хүйтэн гэдгийг би мэдээгүй. Сүүлд мэдэрч эхэлсэн хэрнээ өөрийнхөө доторхи хайртай харьцуулж, сэтгэлдээ илэрч эхэлсэн тэр мэдрэмжиндээ итгэхийг хүсээгүйсэн. Анх би цамцны чинь захан дээрхи уруулын будагны өнгө нь минийхээс өөрийг мэдсээр байж юунаас ч юм чамайг хамгаалж, “Миний будаг болчихож би угаачихъя” гээд эргэхдээ хананд өлгөөтэй толинд туссан чиний царайг өдий болтол мартддаггүй. Миний тэнэгийг гайхсан тэр харцыг мартах ч үгүй байх. Тэр л миний анхны мэдрэмж байсан. Тэрнээс хойш тийм будагтай тамхины иш, аяга, халбага манай гэрийн хаа нэгтэйгээс олдох тусам гол харлана. Гэсэн ч би тийм тэнэгтээ тэрүү эсвэл миний хайр тийм бөх байсан уу би олон жилийг өнгөрөөсөндөө. Санаа зовдгоороо ээж минь л түүнийг гадарлаж надад хэлэх. Чаддагаараа би ээжрүүгээ л орилж, цамнаж хэн нэгнийг магадгүй түүнийг өмөөрөн хэрэлдэнэ. Бодвол би ээжтэйгээ биш өөрөө өөртэйгөө л тэмцэлдэн байсан нь тэр байх. Одоо ээж минь баяртай байдаг юм. Хүн хань ижил, үр хүүхэдтэй болж ээжийгээ баярлуулдаг байхад би хүнээс салж ээжийгээ баярлуулсандаа. Чамтай амьдарсан арван жилийн хэдийг нь би уйлж өнгөрөөсөн юм бүү мэд. Уруулын будагтай цамцыг чинь угааж суухдаа би нулимстай байсан. Уусан архины чинь шилийг тушааж, шарыг чинь тайлахдаа би нулимстай байсан. Унтах нойрондоо өөр хүний нэрийг дуудаж, могой шиг хүйтэн гараараа хөхийг минь тэмтэрч явахад чинь нулимстай байсан. Аягатай хоолоо идэх гэж амаа олохгүй согтууд чинь халбагадаж өгөхдөө би нулимстай байсан. Амруу нь халуун хоол аятайхан хийсэнгүй гэж алгадуулахдаа ч нулимстай байсан. Өглөө босоод эцэс төгсгөлгүй уучлалтаа гуйж, амлалтаа амалж, амнаас минь үг гаргалгүй дарж, үйлт ажлаа хийж дуусахыг чинь хүлээхдээ ч би нулимстай байсан. Би яагаад тэгж их тэвчиж байснаа одоо хэр нь ойлгоддоггүй. Бусад бүсгүйчүүл шиг би хардаж сэрдэж, хашгичиж гуугачсан эхнэр байгаагүй. Хашгирах нь битгий хэл хамгийн сүүлд явахдаа ч хаалгаа савж гараагүй. Гаднаас орж ирээд би, миний орон дээр галзуу юм шиг тачьядан орлилдох та хоёрын дууг сонсоод гацаж орхисноо санадаг. Би тэр хүртэл өөрийгөө буруутгаж, чамд итгэсээр явсан. Тэгээд чичирч салгансан гараараа “Би явъя даа” гэж биччихээд хаалгаа зөөлөн хаагаад гарахдаа харин би уйлаагүй ээ. Хар эрээн амьдралтай он жилүүдийн хаалгыг хааж чадсандаа би баяртай байдаг юм. Гэрээсээ гараад шат уруудан явахдаа “Халуун саванд нь цайгий нь хийсэнгүй дээ. Хөрчихвий дээ” гэсэн хамгийн эцсийн хачин тэнэг бодлоо би одоо ч гайхдаг. Бурхан тэнгэр зохицуулсан юм болов уу даа бидэнд хүүхэд заяагаагүй. Тэр нь ч болсон юм. Тэгээгүй бол бас л нэг зовлонт амьтан нэгээр нэмэгдэх байсан биз. Уусан архи чинь чамаас хальж, уруулын будаг цамцнаас чинь хэтэрсэн тэр нэг орой хүзүүн дээрх цус шүүртлээ шимүүлсэн шархыг чинь хараад, чамайг яаж ч хайрлаад энэ минийх гэж «худлаа тэнэгтэж» чадаагүй. Түүнийхээ хариуд сувай хуурайгаараа дуудуулж, түүнийг харсны төлөө өрөөсөн нүд минь юм харж чадахгүй болтлоо таглуулсандаа. Унтсаны чинь дараа хүүхэд гаргаагүй заяандаа гомдож өөрийгөө баахан зүхэж, үстэй толгойгоо зулгааж билээ. Өглөө нь босоод олны өмнө гардгийг чинь бодож өнөөх улааных нь өнгийг бүдгэрүүлэх гэж пүүдрээсээ түрхэж өгөхөд чи хорссон янзтай татагнаж байсансан. Нэг нүд маань таг, нөгөөх нь дүүрэн нулимстай болохоор сайн харалгүй хөндчихсөн юм л даа. Өрөөсөн нүд уйлдгийг тэгэхэд би мэдсэн. Чамаас салаад арван сар болж байна. Өнөөдрийг хүртэл уйлсангүй. Эмэгтэй хүн гэдэг сонин ааштай байх юм. Арван жил уйлсан тэр зуршлаасаа болдог уу эсвэл миний муугийнх уу. Өнөөдөр гэнэт уйлмаар санагдаад. Тэгээд л чамайг бодсон хэрэг. Түүнээс биш би чамайг ахин хайрлах гэж, эсвэл аль хэдийн унтарч бөхсөн гал голомтоо бадраах гэж би чамайг бодоогүй. Зүгээр л асгартал уйлж, дотроон цэлмээх гэж, ахиж чамайг хэзээ ч хайрлахгүй гэдгээ мэдрэх гэж чамайг бодож байна даа. Чамайг хайр дурлал гээчийн эзэн, эр хүний дээд гэж боддог байсан учраас өөр бусдыг би боддоггүй байсан. Харин одоо бол өөрөө. Алтан нар хэнийг ч ялгалгүй тусдагийн адил амьдрал, хайр дурлал хэнийг ч ялгалгүй ирдэг гэдэгт би итгэсээр байгаа. Гагцхүү харин зөв сонгох л хэрэгтэй. Одоо би хорин найман настай яадгаа алдтал хөгширчихөөгүй байна. Бүх эрчүүлийг чамаар төсөөлөн бодож чадахгүй нь. Би хэзээ нэгэн цагт хүсэл мөрөөдлийн хайртайгаа учирах л болно. Магадгүй тэр маань миний гандаж гундсан хайрын цэцэгсийг ахиж цэцэглүүлэхээр хаа нэгтэй намайг хайсаар яваа. Хүүхэд шуугиж, инээд ундарсан тэр сайхан гэр бүлээ бий болгохын тулд тэрэнд минь ихийн их тэвчээр хэрэгтэй болох байх даа. Харин чамайг бол мартмаар байсан ч би хэзээ ч мартахгүй. Уйлж сэтгэлээ онгойлгож, урсах нулимс хичнээн гашуун байдгийгсанаж байхын тулд би чамайг дурсаж байх болно. Яг л гэрт орохдоо гутлынхаа улыг арчдаг шалавчны алчуур шиг. Чи миний гэрэлт амьдралд хүрэхийн тулд авирсан гаслант шатны хамгийн сүүлчийн гишгүүр байх болноо . .

суббота, 14 февраля 2009 г.

МИНИЙ ВАЛЕНТИНЫ БАЯРЫН ӨДӨР

За өнөөдөр хосуудын өдөр гэж байгаа... миний хувьд нээх сэтгэл догдлуулсан өдөр болсонгүй, өглөө босч ойрхон байдаг дэлгүүр орлоо том том зүрхэн хэлбэртэй шаар үлээцэн бас л гоё болчижээ, цас ороод л уйтгар төрчлөө байлаа, гэртээ оронгуутаа шууд л net-e asaalaa бөөн л Валентинаар амьсгалсан хүмүүс баяр хүргээд л...нөгөөх нь ханиад хүрцэн идээд л нам суухаар шийдлээ, над чиг зөндөө л хүмүүс ингээд гэртээ л сууж байгаа байхдаа гэж бодохоор ганцаардал гэдэг зөвхөн хувь хүнээсээ л шалтгаалах юм шив. Хандаж хэлэхэд ганцаардалгүй маргааш амралтын өдөр хайртай хүнтэйгээ сайхан баярлаарай! Хараахан олж амжаагүй бол бас олж амжаагүй найзтайгаа уулзаад эрх жилийг яг цугтаа байна гэж хэлээрэй, хэрвээ хайртай хүнтэй болчноо гэж бодож байгаа бол яг эсэргээрээ болдог юм билээ.. анхааруулахад битгий тэгэж бодоорой бас хэлээрэй!
Өнөөдөр бас миний хайртай эгчийн Төрсөн өдөр нь эгчтэйгээ ярьлаа, найзууд нь ирцэн байна гээд баярын мэнд л хүргэж амжлаа за тэгээд нэг найзтайгаа учиргүй чаталж суутал найз охин орж ирснээ боон хонгилд учиргүй л уучилж чадахгүй гээд байсан хоёр чинь эвлэрцэн гэж ярьж байна. Янз бүрийн учир нь олдохгүй хайрууд байх юм даа үгүй хайр гэж мөн ид шидээ, бас нэг найз маань цэцэг барьцан орж ирлээ баярын мэнд гээд л гоё санагдлаа за ямар ч байсан цэцэгтэй, захиатай, найзтайгаа ярьж хөгжилтөй л энэ үдшийг өнгөрөөлөө, хамт байсан бүгдэд баярлалаа. Эрх жилийн Валентины баярыг ганцаараа л өнгрөөх байхдаа...

ХАЙР ГЭЖ ЮУ ЮМ БЭ?

ХААНААС ТЭР ИРДЭГ ЮМ БЭ?
ХОЁР ХҮНИЙ ХАРЦНААС УУ?
ХАМТАРЧ АМЬДРАХ МӨЧӨӨС ҮҮ?
ХҮҮХЭД ТӨРСӨН ҮЕЭС ҮҮ?
ХЭЗЭЭ ХАЙР ИРДЭГ ЮМ БЭ?
ХААНААС БАС ГАРДАГ ЮМ БЭ?
ХАЙР НАДАД ИРЛЭЭ ГЭЖ
ХАЙРТАЙ БИ УЧИРЛАА ГЭЖ
ХҮН БҮР БОДДОГ Ч ХОЖИМ ХАРИН ТЭР НЬ
ХАЙР БИШ НЬ ОЛОНТАА
ХАЙР ГЭЖ ЮУ ЮМ БЭ?

четверг, 12 февраля 2009 г.

ЭР ХҮН ТА

Яагаад ч юм бэ өнөөдөр эрчүүд гэж хэн юм вэ? гэдэг асуултыг өөртөө тавьлаа... Тэр нэгэн цагт дэлхийн талыг эзлэн байдлан дагуулж байсан тэр сайхан Монгол эрчүүд одоо хаана байна вэ? Агуу уужим сэтгэлгээ, холч ухаан, бяр чадал бүрдсэн эрчүүд үнэхээр байхгүй болсон гэхэд хэлсдэхгүй болж, харин яагаад... Сул дороогоор сэтгэж, архинд толгойгоо мэдүүлж өөрийгөө магтаж бяр чадалаа хэн нэгэнд үүрүүлж, бусдын эхнэрлуу савчсан хүн таныг эр хүн гэж хэлэх үү? үнэхээр та одоо өөрсдийгөө өмөөрөх сэтгэл төрж л байгаа байх би эр хүнийг муулахдаа биш харин эр хүн та арай өөрөөр сэтгээд зөв бодлоор амьдрах гээд үзээч, Хүнд амалчаад амалснаа биелүүлдэггүй өөрсдийгөө биологийн амьтан гэсэн ухагдахуунаар юманд битгий тэгэж хоосон хандаач! Тэрний оронд хэнд ч юу ч битгий амал хариуцлага, Тэвчээр гэдгийг мэддэггүй хүн хүний амьдралаар тоглоно бусуу та бүгдийг холч ухаан болон эрүүл сэтгэлгээр чинь эх орон чинь дутаж байна. Эр хүн шиг бай Эрчүүд ээ.
Б.Ринчен
Эр хүн
Эр хүн эрэлхэг зоригтой байвал нэн эрхэм
Эх орондоон шудрага үнэнч байвал нэн сайхан!
Үлээхэд цаашаан өрөвхийхэд наашаан болж,
Үзэглгүй бөөрөнхийгөөр хамхуулыг дууриагаачин,
Эцэстээн олны инээдэм, хүний доог
Эх орондоон шившиг, түмэндээн гутамшиг!
1957.01.25

НЭГ Л ӨДӨР...

Э.Золзаяа

Нэг л өдөр би чинийх гээд
Хүрээд ирэхийг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр уучлаарай гээд
Холдоод явахыг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр хүлээнэ гээд

Амлалт өгөхийг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр чадахгүй нь гээд
Амлалтнаасаа няцахыг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр хайртай гээд
Надад хэлэхийг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр хайр биш байж гээд
Хэнэггүй хэлэхийг чинь ч үгүйсгэхгүй

Нэг л өдөр намайг үнсээд
Үргэлж хамт байхыг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр тэр үнсэлт чинь
Өөр хүний уруулд очихыг үгүйсгэхгүй
Нэг л өдөр би өөрчлөгдсөн гээд
Хүйтэн хандахыг чинь үгүйсгэхгүй

Нэг л өдөр намайг март гээд
Хөөрхөн бүсгүйг дагахыг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр санасан гээд
Эрхэлж тунирхахыг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр баяртай ч гэлгүй
Ор сураггүй алга болохыг чинь бүр ч үгүйсгэхгүй
Нэг л өдөр, нэг л өдөр …

ТЭНГЭРИЙН ЗАРААЛААР ОДСОН ЭЭЖ

Ээжийг гэрээсээ явахын өмнөх тэр шөнө аав тэр хоёр өөд өөдөөсөө харж суугаад бүтэн шөнөжингөө ярьж суусан юм. Тэдний ярианаас би нэг л юмыг тогтоож авсан нь "Чи яв даа. Би яаж ийгээд хүүдээ аятайхан шиг тайлбарлаад ойлгуулахыг бодьё" гэх аавын дууг сонсоод явах хүн нь ээж юм байна гэдгийг мэдсэн юм. Ээжийг явснаас хойш нилээд хэдэн өдөр өнгөрөв. Би өдөр бүр аавын хэлэх тэр тайлбарыг нь хүлээсээр л байлаа. Гэвч аав тайлбарланаа гэснээ мартчихсан бололтой Аав урьдын адил намайг сургуульд хүргэж өгч, тосч авна. Аав миний гэрийн даалгаврыг анхааралтай үзэж надад ингэж тэгж хий гэж заана. Шинээр заасан үсгийг хуулуулж бичүүлнэ. Бас надад үлгэр уншиж өгсөөр. Би солгой гараараа бичдэг болохоор миний гараас барьж бичүүлнэ. Ингээд л урьд нь ээжийн хийдэг байсан бүхнийг аав хийх болсон юм. Зөвхөн эмээ л хааяа санаа алдан "явангуутаа мартчих гэж.." гэхэд нь аав нүд ирмэн эмээг дуугүй болгоно. Би ээжгүй ганцаардан, санах болсоор хоёр долоо хоног өнгөрсний дараа нэг орой аав над үлгэр уншиж өгч байснаа номоо хамхиад "Миний хүү тэнгэрийн элч дагинасын тухай үлгэр олныг сонссон шүү дээ. Тэнгэрийн элчисүүд чинь хаана хүүхэд өлсөж цангаж байна, хаана хүүхэд ганцаараа байна гэдгийг үргэлж хайж нисэж явдаг юм. Тэгээд тийм хүүхэд байх юм бол тэнгэр бурхандаа хэлээд тэр хүүхдэд туслахаар тэндээ үлддэг юм. Тэгээд тэр хүүхэд өсч том болохоор нь сэтгэл амар ахин өөр хүүхэд хайн нисэн оддог билээ. Дэлхий дээр байгаа бүх аав ээжүүд чинь бүгд тэнгэрийн элч, дагина юм. Тэнгэрийн элч, тэнгэрийн дагина хамтдаа байж хүүхдийг асран хайрлахаар зориуд тэнгэр бурхны зарлиг зараалаар нисэн ирдэг билээ. Гэтэл манай гэрт аав нь ганцаараа бүхнийг хийгээд чамайг харж асарч чадаж байгаа болохоор ээжийг чинь өөр өлсөж цангаж, аав ээжийгээ хайсан хүүхдэд туслуулхаар нисгэчихсэн юм шүү дээ. Ээж нь тэнгэр бурхны зарлиг зараалаар чамайг над үлдээгээд сэтгэл амар явсан. Тийм болохоор чи өөр хүүхдэд туслая гэж бодож байгаа бол ээжийгээ тэвчээртэй хүлээгээд байгаарай. Чамайг том болсон хойно миний үлдээсэн хүүхэд ямар болсон бэ гээд ээж чинь заавал ирнээ... гэж хэлсэн юм.
...Энэ бол миний амьдралдаа сонссон аав ээжүүд үр хүүхэддээ салж сарниж байгаагаа хамгийн сайхан, хамгийн гоё, нар сарны гэрэл туяа мэт гэгээ гэрэлтэйгээр тайлбарласан цорын ганц тохиол байсан юм шүү.

воскресенье, 8 февраля 2009 г.

ГАНЦХАН ЭЭЖДЭЭ УНШИХ ШҮЛЭГ

Ц.Хулан

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр хичнээн увидастай төрсөн юм бэ?
Баривчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
“А” үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа…
Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана аа
Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие чинь түүнээс ч олон гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла!

суббота, 7 февраля 2009 г.

НОГООН ЦАЙНЫ АЧ ТУС

Ногоон цай нь зөвхөн дорно дахины уламжлал, ёс заншил амьдралын хэв маяг төдийгүй эрүүл мэндийнхээ төлөө санаа тавьдаг хэний ч болов өдөр тутам зайлшгүй хэрэглэх ундаа юм. Ногоон цайг хар цайнаас өөр аргаар бэлтгэснээр өвөрмөц амт, үнэрээ хадгалдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгвэл ямар тохиолдолд ногоон цай нь өнгө, амт төдийгүй эмчилгээний шинж чанараа хадгалдаг юм бол. Хуурай хатааж боловсруулсан ногоон цайг, цайны нэг халбага авч, стакан усанд хий. Ногоон цай нь дотроо маш олон төрөл байдаг тул хэмжээ нь тухайн сортоос хамааран хэмжээ нь бага зэрэг их эсвэл бага байна. Ногоон цай нь тун эмзэг,”ааштай" тул түүнийг бэлтгэх нь бүх л бүтэн урлаг болдог юм. Ногоон цайг ус буцалгагчид хийж хэрхэвч болохгүй. Учир нь түүнд агуулагдаж байсан бүх л аминдэм нь устаж үгүй болохын дээр тансаг амт нь ч алга болно. Ногоон цайг буцалгах хамгийн дээд температур нь 82 – 88°C, харин / шар болон цагаан сортын цайны хувьд/ хамгийн доод хэм нь 60 – 66°C байх ёстой. Үүнээс гадна хямд сортынх байх тусмаа илүү халуун усанд, удаан хандлагддаг юм.
- Ногоон цайнд их хэмжээний А аминдэм агуулагддаг. Харин А аминдэм нь хамар, ам, хоолой, уушиг, залгиур хоолой, шээс ялгаруулах замын эрхтний салст бүрхэвчийн хэвийн ажиллагаанд онцгой үүрэгтэй.
- Ногоон цай нь В-гийн төрлийн аминдэмээр ч баялаг. Тэр тусмаа мэдрэлийн систем, бамбай булчирхайн үйл ажиллагаанд оролцогч тиамин, мөн бидний арьсыг эрүүл сайхан байлгаж, гепатит шар, диабетаас урьдчилан сэргийлэх рибофлавин, хоол боловсруулах үйл явцыг тогтворжуулах үйлчлэл бүхий пантотины хүчлийг ч агуулна. Судасны хатуурлаас сэргийлэх Р аминдэмээр баялаг.
- Ногоон цайнд бие организмыг чөлөөт радикалаас ангижруулж тогтворжуулах полифенол агуулагдана. Энэ нь хөгшрөлтийн эсрэг үйлчлэлтэй төдийгүй даралт үүсэхээс сэргийлнэ. Ногоон цай нь цусан дахь өөх тосыг задалдаг тул түүний тусламжтайгаар биед үүссэн холестерины хуримтлалыг арилгах болсон. Ногоон цайг зөвхөн дэглэм сахих, жингээ хадгалах зориулалтаар хэрэглээд зогсохгүй гоо сайхны зориулалтаар ашигладаг. Харин ногоон цайны химийн хосгүй шинж чанар нь дор хаяад өнөөдрийн байдлаар мэдэгдэж байгаа төрлүүдээс 28 супервирус, супербактерийн хүний биед ороод өсөж үржих явдлыг хаадаг хэмээн профессор Мервата Касема нотолж байна.

пятница, 6 февраля 2009 г.

ТА СТРЕСТ ОРВОЛ ӨӨРИЙГӨӨ ШҮҮМЖЛЭХИЙГ БАГАСГА

Stress-Сэтгэлийн стресс хямрал Стресс хямралд орох үед хүний ихэнх булчин хөвчирч, зүрхний цохилт түргэсэн, амьсгал түргэн, богино болж, аюул учрах гэж байгаа мэт уураг тархи илүү соргог болдог. Бага хэмжээнд бол стресс нь спорт, ажлын байр зэрэг орчинд хүний гүйцэтгэх чадварыг сайжруулж чадна. Гэхдээ стресс ихдэх, сунжрах үед эрүүл мэндэд сөрөг нөлөөлж, хоолны дуршил муудаж, толгой өвдөж, нойр хямарч, аливаа халдварт илүү өртөмтгий болж эхэлнэ. Түүнчлэн таны сэтгэл түгшиж, цухалдамтгай, анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй болж, ядарч, гуниглаж, эсвэл сэтгэлийн дарамтад орж болзошгүй. Амьдрах явцад бүх хүнд үүсч байдаг хэвийн хэмжээний дарамтууд танд хэт хүнд мэт санагдаж эхлэх, эсвэл үхэл хагацал зэрэг сэтгэл гутраах хүчин зүйлсээр өдөөгдөж, стресс дарамт үүсэн хуримтлагддаг. Та өөртөө туслахын тулд юу хийж болох вэ? Хүмүүс өөрсдийн хувийн зан чанар, бие бялдрын онцлог, тэдэнд эргэн тойрны хүмүүсийн үзүүлж байгаа дэмжлэг зэргээс хамаарч, стресс дарамтад учрах үедээ өөр өөр байдлаар хариу үйлдэл хийдэг. Хэдийгээр таны амьдралд үүссэн хүнд хэцүү үйл явдлуудыг та ихэнхдээ хянаж чадахгүй ч гэсэн өдөр тутмын стресс дарамтад хариу үйлдэл хийдэг арга замаа зохицуулан өөрчилж, тэдгээр таагүй үйл явдлуудын заримаас хэрхэн зайлсхийх тухай мэдэж авах боломжтой. * Хангалттай унтаж амарч бай. Хэрэв та ядарч байгаа бол стресс дарамтад өртөх илүү магадлалтай болно. * Өдрийн туршид өөрийнхөө энергийн түвшнийг хэвээр хадгалж байхын тулд тогтмол хоолло. Өглөөний цай уулгүй гэрээсээ бүү гар. Шинэ жимс, бүхэл буудайн талх, буудай (cereal), төрөл бүрийн гоймон, цагаан будаа хүнсэндээ хэрэглэж бай. Бяслаг, өндөг, улаан мах, цөцгийн тос зэрэг өөх, тосны агуулга өндөртэй хүнсний хэрэглээг аль болох багасга. Мөн сахар, давсны хэрэглээг багасгах хэрэгтэй. * Кофе, цай, кола, шоколадны хэрэглээг багасгаснаар таны бие рүү шингэх кофейны хэмжээ буурна. Чадвал кофейн хэрэглэхийг бүрмөсөн зогсоо. * Биеийн тамирын дасгал тогтмол хийж бай. Ялангуяа та суугаа ажилтай бол заавал хийгээрэй. Ингэж биеийн тамирын дасгал хийснээр “Сэтгэл сэргээгч” хэмээн нэрлэгддэг химийн бодисууд тархинд илүү ялгарч, таатай сайхан байгаа мэт мэдрэмжийг танд нэмэгдүүлнэ. 15-30 минут идэвхтэй, хурдан явган явж, эсвэл боломжтой бол усанд сэлж, дугуй унахыг хичээгээрэй. * Өөрийгөө амрааж тайвшруулах тогтмол цаг өөртөө тусгайлан гаргаж хэвш. Заавал ядарсан хойноо амрах гэж битгий хүлээ. Тогтмол явган явж, хөгжим сонсч, эсвэл бясалгал, йог хийж үз. * “Нар жигнэн ээх далайн эрэг дээр хэвтэж байгаа мэт дулаахан, сайхан, амарч тайвширсан, тав тухтай орчинд очсон байна” хэмээн сэтгэлдээ төсөөлөн бод. Тэр сайхан орчны бүхий л өнгө, гэрэл, дуу авиа, үнэр, мэдрэмжийг төсөөлөхийг хичээ. Таныг бусад хүмүүс сатааруулж, үймүүлэхгүй газар олж, гар утсаа унтрааж, гэрийн утсаа түр салгаад, дараах дасгалыг өдөр бүр 10-20 минут хийж хэвшээрэй. Өөртөө туслахын тулд хийж болох нэмэлт зүйлүүд: * Сэтгэлд дарамттай нөхцөл, орчинд орох үедээ цөөн хэдэн минут ганцаар байхыг хичээ. Хурдан, идэвхтэй явган алхаж, эсвэл тайвшрахад тус болох нам гүм газар хэсэг суу. * Хэрэв таны булчин чангарч хөвчрөн, сулрахгүй байвал сүүлд хүссэн үедээ суллахыг хичээгээрэй. * Өөрийн шүүмжлэлээ багасгахыг хичээ. Өөрийнхөө сайн чанарууд болон өнгөрсөн хугацаанд гаргаж байсан амжилтуудаа өөртөө сануулж бай. Өөрийгөө хэт бүү шүүмжил. * Сэтгэлийн зовиураа дотроо түгжин бугшуулж болохгүй. Өөрт учирсан бэрхшээл, хүндрэлтэй зүйлсийг гэр бүлийн гишүүд, дотно найзтайгаа ярилцан хуваалцвал нэлээд хөнгөрнө. * Согтууруулах бодис, эсвэл зөвшөөрөлгүй, хориотой эм бэлдмэл хэрэглэж, түр зуур байдлыг “засах” гэж бүү чармай. Танд тулгарсан зовлон бэрхшээл дээр бас архи, мансууруулах бодисын шарталт, зовиур, мөнгөгүйдэл зэрэг нэмэгдэж, улам гай тарина. Хэрэв: * Та стресс дарамтаа захирч чадахгүй буйгаа мэдэрч байвал, * Таны сэтгэл гутарсан хэвээр байвал Эмчид үзүүлж, эмнэлгийн тусламж аваарай. Сэрэмжлүүлэг Стресс дарамтыг хязгаарлах. Хэрэв таны амьдралд их хэмжээний стресс дарамт тулгарсан бол дараах алхмуудыг хийж турш. Тэгвэл дарамтыг даван туулах, дарамт дууссаны дараа эрүүл мэндээр төдий л хохирохгүй үлдэхэд тусална. * Таны сэтгэлийг зовиур, стресст оруулж байсан орчин, нөхцлүүдийг 2-3 долоо хоног ажиглан тэмдэглэж ав. Тэрхүү стресс хямрал таны ажиллах чадварыг сайжруулж, эсвэл дордуулж байсан эсэхийг бас тэмдэглэ. Та тухайн төвөгтэй нөхцөлд өөр ямар байдлаар хариу үйлдэл хийсэн бол дээр байсан тухай сайн эрэгцүүлэн бод. Танд тулгарсантай төсөөтэй нөхцөлд бусад хүн хэрхэн хариу үйлдэл хийдгийг ойр тойрнынхоо хүмүүсээс асууж, судал. * Та өөрөө хянан захирах боломжгүй, танаас хамаарахгүй /замын түгжрэл зэрэг/ зүйлс амьдралд олон учирна гэдгийг хүлээн зөвшөөрч сур. Сэтгэлийн бэлтгэлтэй бай. Тэсч ядан уурлалаа гээд та л өөрийгөө зовооно. * Цагаа оновчтой хуваарилж, хамгийн түрүүнд хийх зүйлсээ дэс дараалан даруй хийж эхэл. Танд хамгийн чухал байгаа, тулгамдсан ажлыг түрүүлэн барьж авч хий. Хийж дуусгах ёстой эцсийн хугацаагаа урьдчилан тооцоод, энэ үедээ өөр бусад ажилд бүү сатаар. * Хийх ёстой ажил тань нэгмөсөн дуустал хийхэд дэндүү том, бармааргүй санагдаж байвал уг ажлаа хэд хэдэн жижиг хэсэг болгон хуваа. Тэдгээр хэсгээ дараалуулан бичээд, хийж дуусмагцаа дугуйлж, эсвэл чагтлах нь таны сэтгэлийг хөнгөлж эхэлнэ. * Аливаа зүйлсийг хүсч мөрөөдөх, төлөвлөхдөө бодитой ханд. Хийж чадмааргүй санагдаж байгаа, эсвэл хийх дургүй байгаа ажлуудаар өөрийгөө бүү хүндрүүл. Боломж байгаа дээр нь хийж чадах өөр хүнээр хийлгэхийг хичээ. Хэрэв ажил үйлс таны хүссэнээр бус, нэг л буруу яваад байгаа бол өөрийгөө бүү ялла, бүү гутар. * Ажиллаж байх зуураа цонхоор гадагш харах зэргээр түр боловч байн байн амарч, завсарлаж хэвш. Өдрийн цайны үед завсарлаж, заавал юм идэж бай.

вторник, 3 февраля 2009 г.

ЗҮРХ

Т. БУМ-ЭРДЭНЭ
“Яг л нүд зовхи хоёрын завсараар гүйгээд байх юм. Ямар сонин юм бэ. Тэг дугираг, цагираг хэлбэртэй юм гээч” гэж бодон бүсгүй сэргэлээ. Тэрээр зөөлхөн, алгуурхан нүдээ нээлээ. Их л гэрэлтэй өрөө байх ажээ. Тэр дээр, бүүр дээр бөв бөөрөнхий, цав цагаан гэрлийн бүрхүүл байна. Өөр юм харагдсангүй. Нүдэнд нь харагдаж буй бүхэн мэлийсэн цагаан. Тэгтэл тэртээ хол юмуу эсвэл тэрүүхэн тэнд юмуу хүмүүсийн ярих нь бөглүүхэн сонсогдов. - Ухаан орлоо. Сэрлээ. Нүдээ нээлээ гэцгээнэ. “Тийм байна. Би сонсоод байгаа юм байна” Бүсгүй зовхио алгуурхан, бүр аажуухан буулгалаа. Гэтэл зовхин завсар нь гэрлийн бүрхүүлийн бөөрөнхий дүрс яг л хар цагаан гэрэл зургийн хальс шиг эсрэгээр бүрэлзэнэ. Наагуур нь түрүүний цагираг хэд хэдээрээ дээш доош гүйж харагдана. Нүдээ гараараа удаан нухсаны дараа нэг тэгдэг дээ, яг тэрэн шиг. Тэгтэл гэнэт тэнцвэр алдаж эхлэв. Харанхуй ангал руу хариугүй уначих гээд байх шиг санагдан тэнцвэрээ олох гэсэндээ хоёр гараа сарвагас хийлгэн арай хийж тогтлоо. Дэргэд нь байгсад- Хүүе! хараа, хуруу нь хөдлөх шиг боллоо гэх нь сонсогдов. “Хүн унах гээд байдгаараа хичээн тэнцэж байхад чинь” гэж гоморхон багынхаа зангаар уруулаа унжуулах гэсэн чинь аманд нь юу ч юм зуулттай байх юм. Нүдээ нээтэл гэрлийн бүрхүүл арай тодорчээ. Гэрэл тодрох тусам нүдний угаар хатгуулан жирвэгнэнэ. Дахин нүдээ зугуухан анилаа. Дахиад л өнөөх цагирагнууд хэд хэдээрээ хөвнө. “Юу билээ. Би ингэхэд хаана байгаа билээ? Аан! тийм, эмнэлэгт шүү дээ. Яагаад эмнэлэгт гэж? Нээрээ би чинь хагалгаанд ор байгаа шүү дээ. Тийм, тийм хагалгаа. Тэгвэл би амьд гэж үү? Аль эсвэл бүүр холын хол яв. . . чих. . . сан . . . гэж үү Үгүй ээ, үгүй. Арай үгүй байлгүй дээ. Хурдхан мэдэх юмсан. Ээжээ! ээжээ! Та хаа байнаа” Энэ үед зүрхний аппаратын дүүд! дүүд! гэх дохио хурдсав. Бүсгүйд зах хязгааргүй харанхуй хонгил руу хашгирч, тэндээс хөндий хоосон цуурай эргэн ирж байх шиг мэдрэмж төрж байлаа. “Ямар аймаар юм бэ? Би айж байна . . . айж байна. Би үхчихсэн юм гэж үү. Энэ яриад, дүнгэнэлдээд байгаа хэн юм бэ? Би сонсоод, ойлгоод байна шүү дээ. Эд л намайг хашгираад байхад сонсохгүй юм. За байз, байз. Түр хүлээе. Учир нь олдох байгаа”Дахиад нүдээ анилаа. Гэрлийн бүрхүүл хар дүрс болон зовхинд үлдэнэ. Өнөөх ижил дасал болсон цагирагнууд хөвсөөр байна. Хоорондоо мөргөлдөөд хоёр тийшээ ойж байна гээч. “Эрэгтэй хүний дуу гарч байна. Энэ хэн бэ? Эрхэмээ минь энэ чи мөн үү” Дээрээс нь хүн тонгойх шиг болов. “Эрхэмээ мөн байгаасай” Түүний аниатай зовхинд халуун амьсгаа мэдрэгдэв. “Энэ Эрхэмээгийн үнэр биш байна. Би хаа ч байсан түүнийхээ үнэрийг мэднэ” - Энэ охин сэргэлээ. Одоо удахгүй бодит байдлыг мэдрэх болно гэж хэн нэг нь хэллээ. Нүдээ аажуухан нээлээ. Тиймээ түүний дээрээс амны хаалт нүүрэндээ зүүсэн гурван хүний толгой тонгойж байлаа. Тэдний толгойны хажуугаар бөв бөөрөнхий гэрлэн бүрхүүл тэртээ дээр харагдана. Түрүүчийнхийг бодвол бүсгүй бүх юмыг тодоор харж байв. Тэд бүгд нүүр нь битүү учир хэн нь хэн бэ гэдэг нь мэдэгдэхгүй байх нь нэг л аймаар. Бүсгүй хамгийн түрүүнд нөхрөө хайлаа. “Эрхэмээ! чи хаана байнаа? Би эргээд ирлээ шүү дээ хань минь. Нээрээ! Хань минь гэснээс би чинь хүүтэй шүү дээ. Хүү минь, хүү минь. Миний хүү!. . .” гэж байдгаараа хашгирлаа. Гэвч нөхөр хүүхэд нь байтугай чанх дэргэд нь байгаа хүмүүс түүний хашгирахыг сонсохгүй байлаа. Харин дийд! дийд! гэж ойрхон дуугарахыг сонсож, дэлгэцэн дээр гүйх ногоон гэрэл рүү анхаарцгаана. Дараа нь аавыгаа, ээжийгээ дуудлаа. “Ээжээ! ээжээ! эд нар намайг сонсохгүй байна шүү дээ. Та хаана байгаа юм бэ? Охин нь энд байна, Эргээд ирлээ” Бас л хариу алга. Яагаад ч юм бүсгүй энэ л дарааллаар бүгдийг дуудлаа. Амьдрал яагаад ийм дараалал тогтоодог юм бол бүү мэд. Тэдний хэн нь ч энэ өрөөнд байсангүй. Тэд хүлээлгийн өрөөнд байлаа. Хүү нь машин түрэн тоглож, нөхөр нь тамхи татан цонхоор ширтэж, аав нь ээжийг нь “Ядаж чи минь тайван бай” гэж тайтгаруулж, ээж нь л харин “Охин минь! охин минь!” гэж дуудан “бурхан минь! охины минь оронд намайг аваач” гэж зай завсаргүй шивнэж байсан юм.Энэ бол зүрх шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай дууссаны баталгаа, бүсгүйг сэрээх үеийн дүр зураг. Тиймээ! бүсгүй бүрэн сэрлээ. Одоо энэ зүрхийг өөрийн болгож авах нь бүсгүйн бие махбодь болон сэтгэл санаанаас ихэнх хувь нь шалтгаалах хэрэг. Бүсгүйн дээрээс эмч тонгойн - Урнаа чи намайг харж байна уу? “Тиймээ би харж байна. Гэхдээ та хэн бэ? би танихгүй байна” Гэвч эмч сонссонгүй- Би ойлгож байнаа. Чи одоохондоо ярьж чадахгүй. Тэгэхээр чи миний асуусан асуултанд нүдээрээ хариулаарай. Чи чинь маш хөөрхөн нүдтэй охин байна шүү дээ. Тэгэхээр чи чаднаа гэж зоригжуулаад- “Тийм” гэхээр нэг удаа, “Үгүй” гэхээр хоёр удаа нүдээ цавчаарай за юу гэж зөөлхөн хэллээ.
“Яагаад заавал нүдээрээ гэж. Би яриад л байна шүү дээ” гэж бүсгүйг хэлэхэд эмч мэдээж сонссонгүй. “За яахав таныхаар л болохоос”
- Чи намайг харж байна уу?
... Нэг удаа анив.
- Урнаа гэж чиний нэр мөн үү?
... Нэг удаа. . .
- Маш сайн байна. Өнөөдөртөө ингээд болно. Чи амрах ёстой. “Байз л даа. Манайхан хаана байгаа юм бэ? Миний хүү . . . Байзаа ч дээ” - Чи өдөр өдрөөр сайжрах болно. Одоо ганцхан тайван л амрах хэрэгтэй за юу? “Өө! хүн юм асуугаад байх чинь . . .” бүсгүй аргаа барахдаа ... Хоёр удаа анив. - Үгүй гэнээ. Өнөөдөртөө болноо охин минь. Одоо амрах хэрэгтэй гэж эмч хэллээ. Энэ удаагийн ярилцлага үүгээр төгслөө. Бүсгүйн нүднээс болор нулимс шүүрэн гарч, шанааг нь даган гялтаганан унав. Үүнээс өөр яах ч билээ дээ.“Тиймээ би нээрээ зүрхний өвчтэй байсан шүү дээ. Би үхэж байсан. Үхэх ёстойгоо би ч, манайхан ч бүгд мэдэж байсан. Гэтэл үхээгүй юм байж. Тэр байтугай надад зүрх шилжүүлэн суулгасан гэв үү? Өөр хүний зүрх миний цээжинд байгаа гэсэн үг үү. Тэгж л таарах нь” Энэ үед зүрх нь байж ядан дэлсэж байгааг тэр мэдрэв. Маш хүчтэй. Бүр хэдэн хавиргыг нь өвчүүнээс нь хадаж байх шиг нүднэ. Дүүд! дүүд! гэж аппарат дуугарч байв. Хүүхэн өвчнийг мэдэрч эхлэв. Үнэхээр цээжин бие нь өөрөөс салах гэхдээ хаа нэг тийшээ зүтгэж байх шиг мэдрэгдэж, бүх яс нь нэг нэгээрээ салж байх шиг өвтгөнө. Зүрх нь маш хүчтэй савлаж, доргионд нь тархи ангалзана. “Би үхлээ шүү дээ. Намайг авраач ээ. Эрхэмээ. . . миний хүү . . . ааваа, ээжээ. . .” гэж яг л түрүүнийхээ дарааллаар хашгирсаар байв. Гэвч тэд сонсохгүй. Харин сувилагч- Эмчээ зүрхний цохилт нь хурдасаад, даралт өөрчлөгдөж байна.- Өвчин намдаах тариа хий. Хөөрхий минь маш их өвдөж байгаа. Бүр тэсэхүйеэ их. Аргагүй шүү дээ. Одоохондоо бүтэн юм нэг ч байхгүй байгаа гэж хэлээд эмчийн гарах нь бүсгүйд сонсогдоно. Урнаа хэдэн сарын өмнө хагалгааны дараа ингэж л ухаан орж байсан. Эмчийн хэлсэнээр тэр өдөр ирэх тусам илааршсаар. . . Урнаагийн гэр бүл тэр чигээрээ аз жаргалтай байгаа. Хорвоод ганц олдох ханиа, төрсөн ганц охиноо алдах гэж байсан тэд баярлахгүй гээд яахав. Урнаа ч гэсэн дүүрэн жаргалтай. Хүүдээ ээж нь амьд байж, хүүгийнхээ гэрэлт ирээдүйг харан хамтдаа олон жил амьдрана. Тэр ч байтугай түүнд дүү гаргаж өгнө. Хүүгээ хөтлөн, хань ижлээ сугадан, нарт ертөнцөд нүүр дүүрэн алхана. Үүн шиг жаргал гэж хаа байхав. Тэр яг хоёр удаа төрсөн юм шиг азтай. Шинэ зүрх нь хааяа нэг сэтгэл хөдөлсөн үед хүчтэй дэлсэхээс өөр зовиур үгүй. Эмнэлэгээс гарах ч дөхөж байв. Харин ганцхан бодол Урнааг зовооно. “Энэ ямар хүний зүрх бол” - Түг. . түг. . түг түг . . . түгшүүртэй“Зүрх гэдэг чинь ямар бөөр биш. Ганцхан байдаг эрхтэн. Тэгэхээр энэ зүрхний эзэн одоо энэ ертөнцөд байхгүй байж таараа. Хэн бол? Ямар хүн байсан бол?” гэж бодоход зүрх нь - Түг түг түг түг түг түг цохилон галзуу юм шиг савчин, тархи ангалзуулна. “За тэр эхлэх нь. Бодвол энэ зүрх уурлаад байгаа бололтой. Ёо ёо л доо. Өвдөөд байна шүү дээ” ийм тохиолдол Урнаад өдөрт хэд тохиолдох боллоо. Нэг өдөр тасгийнхаа үүдэнд ирээд хоёр хүүхний - Харин тиймээ. Азтай азтай. Цаад хүн нь хорин хэдхэн настай залуу байсан гэсэн. - Аз л гэх юм даа. Дээд ял авсан л болохоос хүн шүү дээ уг нь гэж санаандгүй ярихыг хальтхан сонсоод өрөөндөө орж чадалгүй буцав. Урнаа хэний тухай ярьж байсныг мэдэхгүй ч өөрийнхөө тухай юм шиг санагдан сэтгэл нь эвгүйрхэнэ. Санаа дагаад тэр үү зүрх нь- Түг түг түг түг . . . тавгүйрхэн дэлсэв. Үүнээс хойш Урнаа цээжин дотроо өөр нэг хүнтэй хүн шиг боллоо. Ямар нэгэн юм болвол зүрхээ чагнах нь ихсэв. Мэдээж тэр зүрх ямар бодож сэтгэж, ярих биш. Гэхдээ л Урнаад тийм сэтгэгдэл төрнө. Түүнээсээ болоод тэр үү ямар нэгэн юманд дүрсхийн уурлах нь ихсэв. Яагаад ч юм “Тэр хүн яг л ийм огцом ширүүн хүн байсан байх” гэж бодогдоно. Заримдаа . . . Заримдаа бүр хачин. Сараалжин төмөрнөөс гав зүүсэн хоёр гараараа зууран, гуниг цөхрөл нүүгэлтсэн нүдээр гөлрөх хоригдол шиг шинэхэн зүрх нь бороолон эдгэсэн хавирганых нь завсараар өөрийг нь ширтээд байх шиг санагдана. Түүний нүд нь гунигтай л болохоос дүрлэгэр, гялтгар хар. Тэрийг нь батлах гэсэн шиг зүрх нь жигтэйхэн хурданаар - Түг түг түг түг хийн дэлссээр. . .Нөхөр нь эргэлтээр ирэх болгондоо үхэл хагацалын хар ангалаас эргэж ирсэн эхнэрээ хайрлаж, энхрийлэн үнсэх гэнэ. Урнаа өөрөө үнсүүлмээр байвч хэн нэгэн хаа нэгтэйгээс хараад байх шиг санагдан цааргалана. Эсвэл . . . “Тиймээ тийм энэ зүрх дургүй байх шиг байна. Тэгээд л уурлаад л . . .”- Түг түг түг түг . . . ууртайгаар савчина. “Эрэгтэй хүний зүрх болохоороо дургүй байдаг байхаа даа” Харин хүүгээ үнсэхэд төдийлөн дэвхцээд байхгүй шүү. Гэхдээ Урнаа хүүгээ үнсэж байхдаа зүрхээ чагнадаггүй ч байж болох юм. Тэрээр юм болгон дээр ингэж зүрхээ чагнах нь үнэхээр хэцүү байлаа. Ийм хэцүү байхад эмч нь - Охин минь чи их сайхан эдгэж байна. Хэрвээ хүсэж байвал маргааш ч гэсэн гарч болно шүү гээд байх нь хачин. Урнаа өөрт байгаа энэ сэтгэлийнхээ зовлонг эмчдээ хэллээ. - Надад үнэхээр хэцүү байна эмчээ. Би ингэж үргэлж хоёр хүн шиг амьдрах гэж үү? - Охин минь айн! гэж бай. Чиний дотор өөр хүн орчихоод байгаа юм байхгүй. Магадгүй чи зүрхнийхээ тухай ямар нэгэн таагүй юм сонссон байх. Манайхны зарим ахархан ухаантай атаархуу нэг нь амнаасаа айхтар бодлогогүй үг унагадаг юм. Гэхдээ энэ бол бэрхшээл биш ээ охин минь. Хамгийн том бэрхшээл чинь үхэл юм шүү дээ. Чи түүнийг ардаа аль хэдийн орхисон. Чиний дотор байгаа энэ зүрхийг эзэн нь сайн дураараа донор болгон өөрөө гарын үсэг зуран байж өгсөн юм шүү дээ. Хэдийгээр буруу юм хийсэн ч гэсэн хойд төрөлдөө сайн сайхан байхыг боддог нь хүний зан. Тэгэхээр чи зөвхөн өөрийнхөө төлөө биш, гэмээ цайруулах гэж байгаа тэр хүний төлөө урт удаан, жаргалтай амьдрах ёстой юм даа. Тэгж байж гэмээж нь бид чинь хүмүүн төрөлхтөн гэдгээ тэнгэр бурханд харуулдаг юм шүү дээ. Ганцхан чи ч биш бусдаас эрхтэн авсан бүх л хүн ингэж боддог юм. Урнаагийн нулимс чимээгүйхэн урсана. Тэр нулимсаа арчиж- Тэгээд янз бүрийн таагүй юм болохоор л энэ зүрх улам их дэлсэх юм. - Тэгэлгүй яахав охин минь. Энэ чинь амьд хүний, амьд зүрх шүү дээ. Тэгэхээр чиний сэтгэлийн хөдлөлөөр цусны чинь эргэлт ихсдэг учраас түүнийг чинь гүйцээж шахах гэж зүрх чинь хурдан ажиллаж байгаа нь тэр. Түүнээс биш . . . гэж үгээ таслан хэсэг байзнаснаа- Чи заавал уурлаж догдолсон үедээ ч биш зүгээр энгийн эсвэл баяр баясгалантай үедээ ч гэсэн зүрхээ чагнаарай. Тэр чамд бас баярлан булиглаж байх болно. Тэр үед нь чи зүрхтэйгээ яриад үзээрэй л дээ за юу. Зүрх ч гэсэн баярладаг юм шүү дээ гэлээ. Эмчийн энэ намуухан итгэлтэй яриаг сонсоод Урнаагийн сэтгэл нь онгойж, сүүлчийн хэд хоног дарагдаад байсан хар бодлууд цувран хөврөн гарах шиг санагдана. Тэгтэл эмч түүнийг бодлыг улам чимэх гэсэн шиг- За охин минь маргаашнаас гарах бэлтгэлээ хийгээрэй. Гэрийнхэн чинь хичнээн их хүлээж байгаа гэж бодно. Удахгүй шинэ жил ч болох нь хүү чинь ээжгүйгээр яаж баяраа тэмдэглэх билээ,тийм үү дээ гэхэд Урнаагийн сэтгэл бага зэрэг онгойн, баярын нулимстай нүдээр эмчийгээ харан суулаа. Эмч нь - Чи одоо чагна даа гэхэд нээрээ зүрх нь мөн л баярлан догдолж байх шиг - Түг түг түг түг. . . хийн хөгжилтэйхэн цохилно. Урнаа эмчийнхээ үгэнд итгэж эхэллээ. Эмч хүн өвчтөнтэйгөө сэтгэлээрээ цуг байдаг ажээ. Ямар нэгэн чимээ түүнийг сэрээлээ. Тэр өнгөрсөн шөнө сүүлийн хэдэн сар магадгүй сүүлийн хэдэн жил байгаагүйгээр сайхан унтжээ. Нойр нь үнэхээр ханасан байлаа. Урнаа зүрхээ чагнав. - Түг . . .түг . . .түг . . . намуухан цохилно. Тэр түүнээс эрт сэржээ. Нүдээ нээж хэсэг хэвтсэнээ “Өнөөдөр хоёулаа гарна” Урнаа өөрийн эрхгүй ингэж бодов. Тэр эмчийн хэлсэнээр зүрхтэйгээ зөөлөн аядуухан ярьж байгаа нь энэ. Тэрээр өндийж зөөлөн үсэрхэг материалаар хийсэн улавчаа углахдаа“Чи нэгийг нь, би нөгөөг нь” - Түг . . .түг . . . түг. . . бас л намуухан. Тэр энэ харьцаанд дуртай байгаа бололтой. Урнаа нойр ханасаны илрэл болгож нэг сайхан суниагаад цонхон дээрээ ирлээ. Тэрээр халаадныхаа энгэр лүү баруун гараа зөөлхөн шургуулж, эрхий хуруугаар хөхөө түшин, дөрвөн хуруугаараа хөхнийхөө доороос ивэн өргөхөд, зүүн суганаас нь эхлээд хөхнийх нь доогуур ороон өвчүүн дээгүүр нь дээш өгссөн гүрэлзсэн ухаа ягаан сорвины гүвдрүү дунд хуруу тэгээд алганы хонхороор дамжин эрхий хуруунд мэдрэгдэнэ. Эмч энэ сорвийг “Одоохондоо ийм байгаа ч яваандаа юу ч мэдэгдэхгүй шахам нарийхан цагаан сорви болон үлдэнэ” гэсэн юм. Урнаа сорвио энхрийлэх мэт илэн бодолд дарагдана. Ертөнцийн шинэ өглөө тэднийг угтаж байлаа. Цонхны шилэн дээр цасан ширхэгүүд талстаараа гялтганан унана. Урнаа намрын сүүлээр л ирж хэвтсэнсэн. Одоо арван хоёр сар гарч, өвөл бараг дундаа оржээ. Удахгүй шинэ он гарна. “Өнөөдөр хоёулаа эмнэлэгээс гарна. Гоё байна уу?”- Түг . . түг . . түг . . жаахан хурдсав. “Надад ч гэсэн гоё байна. Чи ч сандарч л байгаа байх л даа. Гэхдээ зүгээрээ би чамд дасаж байгаа шиг чи ч гэсэн тэдэнд дасах болно. Чамайг эрэгтэй хүний зүрх байсныг би мэднэ. Гэвч чи одоо эмэгтэй хүний, эх хүний зүрх болсон. Чи хайр энхрийлэл шингэсэн тийм зүрх болно. Чиний урдны эзэн ямар хүн байсан, тэр хүн юу хийсэн нь надад хамаагүй ээ. Магадгүй чи ч гэсэн тэр хүний хийх гэж байсан зүйлд дургүй байсан байж болно шүү дээ тийм үү?” - Түг түг түг түг . . . бүр хурдлав. “Тийм байхаа. Би ч гэсэн тэгж бодож байна. Тэр хүн буруу юм хийхэд нь чи их айдаг. Айсандаа бүр даардаг байсан байх. - Түг түг түг түг . . . чичрэх шиг“Тэр хүнийг би одоо гэмээ цайруулсан гэж бодож байна. Яагаад гэвэл тэр хүн миний амийг аварсан. Миний хүүг ээжтэй нь үлдээсэн. Бас . . . бас чамайг ч гэсэн амьд үлдээлээ зүрх минь- Түг түг түг түг . . . зөвшөөрөх мэт “Тиймээ тийм чи баярлаж байгаа. Би ч гэсэн хязгааргүй баярлаж байна. Чи бид хоёр хоёулаа азтай. Магадгүй намайг ахиад хүүхэд гаргаарай гэсэн байх даа”- Түг түг түг түг . . . час улаан болсон байх“ Хи хи. Яасан? чамд эвгүй байна уу? Зүгээрээ. Чи одоо миний зүрх шүү дээ. Эрхэмээ ч гэсэн намайг хайрладаг шигээ чамайг хайрлах болно. Магадгүй, намайг аварсан болохоор чамд улам их хайртай болох байх. Харин чи битгий ичээд байгаарай”- Түг түг түг түг . . . сандрангуй“Ичимхий гэдэг нь. Эрэгтэй хүн чамайг хайрлана гэхээр сонин байгаа юм уу”- Түг түг түг түг . . . ичингүйрэн “Үгүй дээ чи чинь одоо минийх шүү дээ. Удахгүй би хэвлийдээ үрээ тээж, зөөлөн булбарайхан хөхөнд минь уураг ивлэхийн цагт чи минь хэзээ ч урдынх шигээ айж, даарахгүйгээ мэдэрч, минийх болсон гэдэгтээ итгэх болноо. Тэр үед чамаас эх хүний цагаахан сэтгэл ундрах болно. - Түг . . . түг . . . түг . . . намуухан “Тийм ээ итгэж болно. Би чамд сайхан хайрын халамж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хүүхэд багачуудын жаргалтай инээд, өглөөний ув улаахан нар, тув тунгалагхан агаар, шөнийн гялалзсан одод, шүлэг нойрны сайхан зүүд гээд сайхан бүхнийг үзүүлнээ”- Түг түг түг түг . . . догдлонгуй “Тэгнээ тэгнэ. Удахгүй. Одоо ингээд хувцас ирэхээр л хоёулаа гарна шүү дээ. Бас чамд шинэ өглөө, шинэ жил, шинэхэн цасыг үзүүлнэ. Бүр олон олныг үзүүлнэ”- Түг түг түг түг . . . яарангуй“Яарч байна гэж үү? Би ч бас яарч байна” Хаалга онгойх чимээнээр бүсгүйн бодол тасарсан ч сайхан бодлын гэрч болсон инээмсэглэл нүүрэнд тэр хэвээрээ үлдэнэ. Сувилагч- Урнаа чиний хувцас ирлээ. Ингээд хонгорхон бүсгүй минь гарах боллоо доо. Чи минь гамаа сайн хийгээрэй. Чамд сайн сайхныг . . . гээд ямар нэгэн юм хоолойд нь торох шиг болоход үгээ таслан хэсэг байзнаад- За алив үнсье гээд нүдэндээ цийлэгнэсэн нулимсаа нуух гэхдээ Урнааг удаан тэвэрлээ. Энэ сувилагч бүсгүй ч гэсэн хүний амь аврахад гар бие оролцсон. Хүмүүн бид бие биенээ аврах шиг хамгийн сайхан үйл хаа байхав.Урнаа гарч ирлээ. Гадаа гараагүй удсан тул нарны гэрэлд түүний нүд гялбана. Гэвч түүний дотроос гэрэлтэх баярын гэрэл нарнаас хүчтэй. Гэхдээ наранд гялбана гэдэг бас л сайхан. Тийм ээ! Урнаа гэрэлт энэ ертөнцдөө эргэн хөл тавьж байгаа нь энэ. Эрхэмээ тэвэр дүүрэн цэцэг бэлэглэлээ. Хүү нь ээждээ хоёр гараа сарвалзуулан гүйн ирж үнсүүллээ. - Түг түг түг түг . . . сандрангуй“Би чамд хэлээгүй юү. Гэхдээ сандрах хэрэггүй ээ. Тэд бүгд чамд баярлаж байгаагаа илэрхийлж байгаа юм” Амьд хүнд, эх хүнд, тэр тусмаа энэ хорвоод эргэж ирсэн хүнд энэнээс илүү сайхан юм гэж хаана байна. Бид хамгийн сайхан юмаа төдийлөн анзаардаагүй бололтой. Эрхэмээ эхнэрээ тэврэн чанга гэгч нь үнсэж - Би чамдаа хязгааргүй . . . бүр хязгааргүй их хайртай гэлээ- Түг түг түг түг. . .түг түг сандран догдолно“Ичээд байгаа юмуу? Амьдрал хайрласан атгахан улаан зүрх минь би ч гэсэн чамд хайртай” гэж Урнаа өрөөсөн гараараа зүрхээн даран бодоод нөхөртөө- Би ч гэсэн чамдаа хайртай. . . гэж хэллээ. Түүний царайд хязгааргүй баяр гэрэлтэнэ.Гадаа өвлийн намуухан өглөө. Шинэхэн цасан будран орж эхлэв. Гудамжинд хүмүүс нөгөө л урдынх шигээ байдгаараа, ямар нэгэн юманд яарцгаан, хаа нэг тийшээ алхацгаана. Тэдний хэн нь ч Урнааг ийм үүх түүхтэй гэж мэдэхгүй. Мэдрэхгүй. Тэд үхэл амьдралын заагийг одоохондоо мэдэхгүй. Тэр нь ч дээр. Урнаа будран орох цас руу нүдээ анивчуулан харж, алгаа тосоход цасан ширхэг түүний жижигхэн цагаан гар дээр зөөлхөн буун баярын нулимс шиг бөнжийн хайлна. Тэр ахин учирсан бүхнээ ээлж дараалан шимтэн шимтэн харж, өглөөний цэнгэг агаараас цээж дүүрэн амьсгална.“Тээр би чамд сайхан юм бүхнийг үзүүлнэ гэж хэлээгүй юү. Одоо ингээд эхэлж байгаа нь энэ дээ”- Түг түг түг түг . . . итгэж ядан “Харин . . . харин . . . би чамдаа ганцхан юмыг л үзүүлж чадахгүй нь дээ”- Түг түг түг түг түг . . . гайхангуй “Юу вэ ? гэж үү.
Зүрх минь би чамдаа анхны хайрыг л амсуулж чадахгүй . . .”- Түг . . . түг . . . . . . .түг . . . түг . . . гунигтай “Уучлаарай . . .”

понедельник, 2 февраля 2009 г.

ЗҮГЭЭР Л...

Зүгээр л... найз нь чамтай сэтгэлийг чинь хуваалцах гэсэн юм болно биздээ... Тиймээ, чиний хэлдэгээр "Хүн уйлж төрөөд, гомдоллож амьдраад, харамсаж үхдэг, хоосон хорвоогоос юу ч авч чадаагүй хүмүүс л гомдолдог юм. Ер нь амьдрал гэж юу юм бэ? Тэр чигээрээ хуурмаг магадгүй хүн цаашилаад бидний нөхөрлөл хүртэл хуурамч "
Болохгуй нь юу байхав найз минь би маргах биш зүгээр л... Амьдрал гэж юу юм бэ? гэсэн асуултанд хүн бүр л өөр өөрийн хариулт хэлэх байх миний хувьд зүгээр л мэдрэх юмуу даа аз жаргал, уйтгар гуниг, уучлах, үзэн ядалт, баяр талархал гээд л тоочоод байвал тоо томшгүй өөр өөрийн үндсэн өнгөтөй. Энүүгээр чамд юу хэлэх гээд байна вэ гэхлээр энэ бүгдийг мэдрэх л юм. Аз жаргал гэж бас тусдаа ойлголт. Хүн амьдралдаа алдахгүй дардан замаар талийгаад байвал чи аз жаргал гэдгийг мэдрэх үү? аль эсвэл алдаад аз жаргал гэдгийг мэдэрсэн дээр үү? Зарим хүнийг зоригтойхон орхин явж шинэ боломж нээгддэг юм. Мэдээж ихэндээ чамд эс болгон чинь тасарч, бүх л юм хоосон оргиж хэцүү байх болно. Удахгүйээ нэг л өдөр байгаль дэлхий өнгөө засдаг шиг чиний хоосон орон зай дүүрээд ирэхийг чи мэдрэнэ. Тэр л үед асуулт болгоныхоо хариултыг төвөггүйхэн олно. Тэр үед чи юмыг өөрөөр харж байх боловуу.
Харанхуй хонгилоосоо гарах өдрийг тэсэн ядан хүлээнэм...чи чадна!