среда, 25 ноября 2009 г.

САХИУСАН ТЭНГЭР


Дэлхий уруу явахаар дугаарлан зогсох олон хүүхдийн нэг нь БУРХАНаас ийн асуулаа.
-Намайг одоо дэлхий уруу явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд … БУРХАН:
-Чи санаа зоволтгүй ээ. Би бүх сахиусан тэнгэрүүдээсээ нэгийг нь чинийх болгож сонгосон.
Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгнө. Энэ маягаар чи түүний хайрыг мэдэрч, аз жаргалаар дүүрэн амьдрал, өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно.

-Аан тэгвэл, хүмүүс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгүй юм чинь яаж ойлгох болж байна аа?
-Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертөнц дээр хэрхэн сонсож, яаж ярихыг зааж өгнө.
-Гэвч дэлхий дээр маш олон муу хүмүүс байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ?
-Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө ч зориулахад бэлэн байж чамайг ертөнц дээрх бүх муу зүйлээс авран хамгаална гэх тэрхэн агшинд Диваажинд маш нам гүн болж, тэр хүүгийн ээлж ч болсон байлаа.
Нэгэнт явах цаг ирснийг ухаарсан хүү эцсийн асуултаа асуусан нь:

-БУРХАН минь, БУРХАН минь би одоо явах нь ээ. Миний сахиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч гэхэд БУРХАН: -Хүү минь, түүний нэр тийм ч чухал биш ээ, харин чи түүнийг “ЭЭЖ ЭЭ” гэж дуудаж болно гэлээ.
Манай хэрэглэгчид дотор “ээж” сахиусан тэнгэрүүд нэлээдгзй байгаа төдийгүй.
Болоогүй байгаа нь хэзээ нэгэн цагт “ээж” сахиусан тэнгэр болох нь гарцаагүй юм. Бүх сахиусан тэнгэрүүддээ сайн сайхныг хүсье.

понедельник, 28 сентября 2009 г.

ХАЙР


Б.Ичинхорлоо

Доошоо ширтээд харцаа нуугаарай
Догдлоод би уйдамхай шүү
Инээдэн цаанаа үгээ дэвсээрэй
Итгэхгүй ээ, би хайртай шүү
Эмзэг зүрхийг минь чи аваарай
Энэ минь сүүлчийн бэлэг шүү
Элдэвлэж тунисан үгийг минь гээгээрэй
Ээ дээ, надад гуниг зохихгүй шүү
Хайрт минь чи ганцаараа ирээрэй
Хамаг итгэлийг минь өөрөөсөө хайгаарай
Цэх ширтээд уравснаа хэлээрэй
Цээжний минь нөмөрт алдаатайгаа багтаарай.

вторник, 15 сентября 2009 г.

ТУСЫГ ТУСААР

Хүнд хүргэсэн тус янз бүр. Би түүнд тусалсан, тэр надад туслах ёстой гэж үздэг нэг хэсэг байна. Би түүнд тус нэмэр болж яваагүй ч тэр надад туслах үүрэгтэй гэж бодох нөгөө нь байх. Хэн ч хамаагүй надад туслаасай гэж горьдож хүлээгсэд цөөнгүй. Бусдын тусыг авалгүй өөрийгөө яаж ийгээд болгоно доо гэж мачийгсад бас бий. Хариу нэхээгүй тус илүү үнэтэй. Сэтгэлээсээ үзүүлсэн туслалцаа бүр илүү үнэ цэнэтэй. Нэмэр тус болж чадахгүй бол нэрмээс саад учруулахгүй байх нь хэн хэндээ өлзийтэй. Хийж бүтээх гэж байгааг нь, хийсэн бүтээснийг нь магтан сайшаадаггүй юмаа гэхэд байгаагаар нь, үнэнээр нь үнэлэн, урмын үг сэтгэлээсээ хэлж сурах нь томоос том тус. Энэ нь хүнд ихийг бүтээх урам зориг, эрч хүч хайрладаг юм. Нөхрийг магтах болоод буруушаахад барих зарчим гэж бий. “Нөхрийгөө ганцаар байхад нь буруушаа, харин нийтийн өмнө магтан сайшаа”.
Хүнд тус болсон бол тэр тухайгаа март. Хүний тусыг авсан бол үргэлж санаж яв. Хүнд тус хүргэсэн бол тэр тухай бүү дурс. Тусыг хүртсэн хүн нь ярьж байг. Тус болсон хүний ачийг мартах муухай. Ачийг бачаар хариулбал бүр ч муухай. Хүний тусыг тусаар хариулж явбал буян хураана, тусыг усаар хариулбал нүгэл хурна. Цагийг нь олж хүргэсэн тус цаглашгүй ачлалыг авчирна. “Оройтвол олох бэрх, доройтвол сэхэх бэрх” болсон үед нь үзүүлсэн туслалцааны үр ач бага. Хэрэгтэй үед нь, хэрэгтэй зүйлээр нь хүргэсэн тус нэмрийн үр өгөөж их бөгөөд үл мартагдам. Дэм дэмэндээ амьдрах нь хүний ёс. Бусдын тусыг авч, өөрийн хэргийг бүтээнэ. Тусыг тусаар хариулах уу, усаар хариулах уу гэдэг нь хүний мөс чанарын асуудал. Мөс чанартай монгол хүн бусдын тусыг эс мартан, хүнд туслах нь өөрт ногдсон үүрэг мэтээр бодож үйлдэж явдаг юм. Залуус та нарыг чухам ийм хүн байгаасай гэж хүснэ. Тиймээс ч манай өвөг дээдсийн “тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэж захиж үлдээсэн оюуны өвийг бид залгамжлан үргэлжлүүлэх үүрэгтэй. Чадах зүйлээрээ л бусдад тусал. Чадахгүй, дийлэхгүй байж тусална гэж хоосон амлан, цагийг үрж, сэтгэлийг чилээж байх хэрэггүй. Туслалцаа хүссэн хүнд чадна, чадахгүй гэдэг хоёр үгний нэгийг чанх урьдаас нь харж байгаад хэлж сур. Тусална гэж хэлчихээд мартчихдаг нөхөр байхад тусална гэж хэлээгүй мөртлөө бодсоор яваад хэрэгжүүлдэг хүн ч байх. Тус болооч гэж хүсэхэд үгүй гэж хэлж чаддаггүй хүмүүс бий. Тэдний дунд яадгаа алдчихсан худалч байхад яаж ийгээд бүтээчих юмсан гэж өөрийгөө зовоож явдаг цайлган сэтгэлтэн олон байна. Бусдад тус болохын төлөө төрчихсөн юм шиг үргэлж хүний төлөө санаа тавьж, өөрийгөө зовоож явдаг сайхан санаат, сайн үйлстнүүд цөөн ч гэсэн бас байгаа. Тэд хүнд туслахыг бурхнаас оноосон үүрэг мэт бодож, үйлдэнэ. Түүнд яаж тус хүргэчих вэ гэдэг бодол цаг үргэлж тархи толгойд нь эргэлдэнэ. Тус хүргэчихвэл тоймгүй баярлана, тус хүргэж чадаагүй бол туйлаас санааширна. Туслалцаа авсан нөхөр түүнийгээ юм болгож чадахгүй үрэн таран хийчихвэл өөрөө буруутай мэт түүний өмнөөс зовно, гомдоно. Дэмнээд, туслаад байхад өөдөө гарч өсөж өөдлөхгүй бол өр зүрхнээсээ харамсана. Тусыг олоод ургаж төлжиж, ахиж дэвжиж байгаа хүмүүсийг хараад чин сэтгэлээсээ баярлана. Хүний тусыг голж чамлаж болохгүй. Туулайн чинээ тусыг зааны дайтай бодон хүлээж авбал өгөөжөө өгнө. Сайхан сэтгэлээр хүргэх гэсэн тус саад болон гай тарьж ч болно. Түүнийг тус болох гээд ус болох гэж хураангуйлан илэрхийлдэг. Тэгэхээр сайн санасан тус болгон сайн үр дагавартай байж чаддаггүй ажээ. Чамд ирсэн тусыг үзүүлэх ёстой л тус гэж үзэх биш, тусалсанд нь ямагт баярласан сэтгэлээр хүлээж авч байх хэрэгтэй. Тэвдэхийн үед төрлийн сайн танигдана гэх үг бий. Ойрын хүмүүсээ тэвдэж ядарч явахад нь гуйлгаж, хүлээлгэлгүй туслах хэрэгтэй. Май гээд өгчихөх чадалгүй бол яав гээд асуучих. Тэр чинь сэтгэлийн том тус. Зовлон жаргалаа хуваалцана гэдэг нь сэтгэлээсээ өгөх туслалцаа дэмжлэг мөн билээ. Түмэн олны тус яндашгүй их. “Түмэн лантай явахаар түмэн олонтойгоо яв”. Сандарч мэгдэхийн цагт садан төрлөөс чинь дутахгүй түмэн олон тусална. Сайн сайхан яваа чинь түмэн олны тус дэмийн ач. Түүгээр тэжээгдэж чи өдий зэрэгт хүрсэн. Чиний дуулж байгаа дууг үзэгч олон сонсохгүй бол, чиний бичсэн шүлгийг уншигч олон таалахгүй бол, чиний зурсан зургийг түмэн олон таашаахгүй бол яах вэ? Бүтээлийг нар сар, навч цэцгэнд зориулж туурвиагүй, хүнд, түмэн олонд зориулсан мэдээж. Та нарын бүтээлийг сонсох, унших, харах бүртээ баяр баясгалангаар бялхаж байдаг олон түмний тус дэмээр л онгод хийморь чинь хөглөгдөж, авьяас билэг чинь ундарч яваа. Уран бүтээлч нэг талаас түмэн олондоо оюуны өглөг хайрлаж, сэтгэлийн таашаалыг хүртээж, тэдэнд том тус дэм болж байдаг нь үнэн. Нөгөө талаас олон түмний дэм тусгүйгээр туурвисан бүтээлийн чинь үнэ цэнэ дээш мандан цойлохгүй хөлийн өлмийд ойчих нь бас үнэн. Түмний хүлээлгэсэн итгэл найдвар улам ихийг, бүр сайныг хийж бүтээх сэтгэлийн тэнхээнд чинь дундаршгүй хүчийг сэлбэн нэмж, авьяас билгийн чинь гал дөлийг бадраана. Олон түмний хүндлэл бишрэл гэж ямар айхтар зүйл байдаг нь ч аяндаа ойлгогдоно. Од болон гялалзан мандах амархан. Олны итгэлийг даалгүй ойчих бүр амархан гэдгийг санаж бодож явууштай.

Багш нар олны тусын тулд, ирээдүйн үйл хэргийн төлөө үнэхээр бахдам үйлийг бүтээж байгаа хүмүүс. “Багш хүнийг лаатай зүйрлэлтэй. Бусдыг гэрэлтүүлэхийн төлөө өөрийгөө зориулдаг” юм. Бусдын тусын тулд өөрийгөө зориулахаас илүү буянтай ажил хаа байх вэ. Хэдэн үеэрээ амьдрах орон байрыг халуунд халж, хүйтэнд хөрж, шавар будаг, тоос шороотой зууралдан байж барьж босгосон барилгачид мартах аргагүй тусыг бидэнд хүргэж байдгийг тэр бүр ойшоодоггүй. Мөнгийг нь төлөөд байраа авч байна, барилгачдын тус гэж юу байхав гэж бодох хүн байхыг үгүйсгэхгүй. Барилгачнаас өөр хэн ч дийлж дөнгөхгүй хүнд бөгөөд нарийн ажлыг хийхдээ өрсөн тоосго, наасан хавтан, угсарсан хоолой бүхэнд ур чадвар, сэтгэл зүтгэл, хөлс хөдөлмөрөө шингээн ирээдүйн эздэд нь их тус хүргэснийг эрхбиш үнэлж талархах чадвартай болох ёстой.

Эрүүл саруул байх нь хүний аз жаргалын оргил. Бусдын жаргалант амьдралын төлөө аюулт өвчинтэй тулалдах эмч нарын үлэмжийн гавьяат, баатарлаг хөдөлмөрийг юутай ч зүйрлэж харьцуулашгүй. Өвдөж зовсон хүмүүст сэтгэл итгэлийн тус, найдлага найдварын илч гэрэл хайрлах шиг гэгээн ачлал хаана байх билээ. Эмч нар эмнэлэгээс эдгээд гарч буй хүний гараас нь чихрийн цуглуулга биш, нүднээс нь баярласан сэтгэлийн оч олж харахыг хүсдэг юм. Түүнийг хүн болгон өгч чаддаг билүү? Үхэх гэж байгаа хүнийг босгоод ирж байхад баярлахгүй байж болно гэж үү? Тус болсон хүндээ баярласан сэтгэлээ илэрхийлж сурах нь том соёл, хүн ёсны үүрэг юм.
Нийтийн автобусанд явсан зорчигч “баярлалаа” гэж хэлэхэд нь тийм эелдэг үг төдийлөн сонсож байгаагүй үйлчлэгч нулимсаа барьж чадалгүй уйлсан тухай яриаг сонсоод инээлддэг байж билээ. Уг нь инээж шоолох юм биш. Баярлалаа гэх ганцхан үг хүний сэтгэлийн хөвчийг ямар хүчтэй хөндөж чадаж байна вэ гэдгийг ухаарах ёстой юм.
Тус болох хүнээ түшиж ойртож яв. Түшээд ирснийг бүү түлх. Түлхэснийг харин бүү түш. Хүнд үзүүлсэн тус, сайн санасан сэтгэл бүхэн эргээд тийм хариуг заавал авч ирнэ гэж эргэлтгүй итгэн хүлээн найдах хэрэггүй. Тус хүргэсэн халуун сэтгэл рүү чинь хүйтэн ус цацах хүн цөөнгүй гэдгийг мэд. Тус болъё гэж зорьсон ариун итгэлийг хадгалж даалгүй, гомдоон мохоох хүн бийг тооцож бодож бай. Сэтгэлээсээ үзүүлэх ач тус доошоо намдан нугдайж, өгөө авааны зарчимд суурилсан тус өөдөө өндөрсөн цогнойж байгааг цаг зуурын гажиг гэж найдан, сэтгэлээ тайтгаруулая. Хариу нэхээгүй тус, сэтгэлээсээ хайрласан тус ханш нь буурах ёсгүй гэдгийг хүн бүр бодож ухаарч яваг.

четверг, 30 апреля 2009 г.

ЭНЭРЭНГҮЙ ХЭРЦГИЙГЭЭС ХҮЧТЭЙ....

Энэрэнгүй сэтгэл бол амьдралын гачаал, зовлон тулгарсан нэгнийг ойлгон мэдэрч, тэдэнд туслах санаа бүхий буяны сэтгэл бөгөөд энэ сэтгэлийг их шашнууд дээдлэн хүндэлж, номлодог билээ. Энэрэнгүй сэтгэл нь Бурханы шашинтан хүний амьдрах хэв маягийн хоёр тулгуурын нэг нь бөгөөд удаах нь, бидний зовлонгийн уг гарвал ба түүнээс гэтлэн гарч түр зуурын хийгээд туйлын амар амгаланд хүрэх аргыг танин мэдэх билиг ухаан байдаг. Өөрийн дүр төрхийн (имиж) хуурамч мөн чанарыг алдаагүй үнэнээр таньсан уг билиг ухаан нь муу сэтгэлийн үндэсийг тасалж, үүрдийн амгаланг олгодог. Өөрийгөө хэрхэн авч үзэх талаархи төөрөгдөл нь амьдарлын хүрдэнд олон дахин төрөл авахад хүргэдэг. Бурхан багшийн сургаал ёсоор, буяны үйл нь их амгалан орны тэнгэр хийгээд хүний төрлийг олоход хүргэдэг бол нүглийн үйл нь адгуус, тамын амьтан, цөл газрын өлсгөлөн бирд болж төрөхөд хүргэдэг. Эдгээр бүх төрлүүд түр зуурын байдаг учраас удалгүй үхэж, үйлийн үрээсээ хамааран өөр төрөлд төрцгөөдөг. Энэ хүрдний хаана ч бодит байдлын тухай төөрөгдөл болон түүнээс үүдэн гардаг зовлонгоос эрх чөлөөгүй байх учраас хүрдэн дотор төрөл авдаг бүх төрөлхтөнийг энэрэнгүй сэтгэлээр тэтгүүштэй. Сансарын хүрдэнд хүлж байгаа цалмыг тасалсан цагт л гагцхүү зовлонгоос бүрэн гэтэлнэ. Энэ бол бүхнийг устгаж үгүй болгох юмуу бусдыг орхиж байгаа хэрэг бус. Энэ бол жирийн амьдралд тохиолдох бэрхшээлд хорлогдолгүй эрх чөлөөтэйгээр оролцох буюу энэ ертөнцөд байгаа хирнээ энэ ертөнцийнх биш байхыг хэлж байгаа юм. Ийм байхыг хичнээн их хүсэж залбирдаг билээ дээ? Хэдийгээр бид тодорхой хэмжээгээр энэрэнгүй сэтгэлтэй боловч голдуу жигд бус бөгөөд хүчгүй байдаг. Зарим хүмүүсийг хайрлан, нөгөөд дургүй хүрнэ, дуртай хүмүүстэйгээ ч гэсэн тодорхой хязгаарт нөхөрлөдөг. Миний анхны лам багш нарын нэг Түвдэн Ешэ багш барууны орны шавь нарынхаа хооронд болдог өчүүхэн юманд маргаж, өрсөлдөж, атаархаж, уурлах гэх мэт байдлыг анзааран, тэдэнд хандаж: “Та нар хүмүүс байж нэг нэгийгээ гэрийн тэжээврээ хайрлахаас ч доор байгааг хараад би гайхширч байна” гэж билээ. Би одоо хүртэл ийм нэг бэрхшээлтэй тэмцсээр байгаа. Үүнд: надад дургүй юмуу үнэлэмжийн хувьд тэс өөр хүмүүсийг энэрнэ, сайн сайханд нь санаа тавина гэдэг хэцүү байдаг. Хүн өөрийн өссөн нийгмийнхээ ёс суртахуунд тулгуурласан ертөнцийг үзэх үзэлтэй болж, өөрт хуримталсан туршлага, итгэл үнэмшилээр цутгасан хэв загварт орсон байдаг. Хүн бүр өөрийнхөө үнэлэмжийг мэдээж хамгийн зөв гэж боддог, хэрвээ тэгж боддоггүй бол түүнийг баримтлахгүй шүү дээ. Өөрийгөө төвчлөх дотоод үзлээс шалтгаалж бидний үзэл бодол амиа хичээх бодлоор бохирддог тул бусдын үзэл бодлыг ойлгох юмуу хүлээн зөвшөөрөхөд хаалт болдог. Үүнээс болж өөрчлөлтөнд эсэргүүцдэг. Өөр сонголтын хандлагад нүдэн балай болж, өөрийн бодолдоо хөдөлшгүй хатуу зогсож, түүндээ мугуйдлан туйлшрагч хүн болон хувирч энэрэхүй сэтгэлийг огоорч орхидог. Тийм биш байхыг би өөрөө хичнээн хүсэвч өөрийгөө мугуйдлагч гэдгээ мэдэрдэг. Гэхдээ тийм ч бүр хөдөлшгүй хатуу биш байж магадгүй, Ешэ лам багшийнхаа бусдыг ажиглаад, үзэл бодлыг нь хүндэлж үзэхдээ гайхамшигтай уян хатан, түвшинд нь харьцдаг чадварыг нь дуурайх бололцоо байгаа. Энэ нь өөрийгөө доорд түвшинд аваачиж байгаа юм шиг санагдах юмуу тийм ч байж магадгүй, гэхдээ өөрийгөө доошлуулж байгаа хэрэг мөн, биш эсэх нь тухайн хүний чин энэрэнгүй сэтгэл хийгээд түүний тулгуур билиг ухаанаас хамааралтай. Өөрийгөө төвчлөх үзлээс үнэхээр чөлөөтэй болно гэдэг нь бусдад хэрэгтэй дүрийг сонгох чадвар ба өөрийн гэсэн жүжгээ тавьж чадахыг хэлнэ. Амьдрал сайхан болж, хэтэрхий нухацтай байх алдааг гаргалгүйгээр бусдад тусалж чадна. Тэр нь зөв, энэ нь буруу гэж хатуу тогтоосноос болж бүх уян хатан байдлыг алдаж, өөрийн санааг зөв гэж баттай хамгаалах, эсрэг санаа болон түүнийг баримталж байгаа хүмүүсийг дайран үгүйсгэх үүрэгтэй гэж боддог. Дараагаар нь, бусадтай харьцаж чадахгүй болдог. Гэхдээ зөв, бурууг ялгаж салгаж болохгүй гэсэн үг биш, харин тухайн хүн, зарчим хоёрын хүн нь илүү үнэтэй, хүнийг өөрчилж болно, зарчмыг өөрчилж болохгүй юм. Хоол унд, орон байр, эм тан зэрэг түр зуурын амарыг энэрэнгүй сэтгэлээр өгөх нь сайн, гэхдээ хангалтгүй. Бусдад үнэхээр туслахын тулд зовлонгийн үндсэн шалтгаан буюу би хэмээх мунхаглалыг хэрхэн таних, түүнийг гэтлэн давах аргыг зааж өгөх хэрэгтэй юм. Тэр нь өөрийгөө төвчлөх мунхаглалыг даван туулахыг шаардахаас бус ном бичигт зөвхөн итгэхийг хэлэхгүй. Хүмүүсийг өөрсөддөө хөнөөлтэй тогтсон зуршлаа орхиход нь урам зориг нэмэхийн тулд тэдэнтэй харьцаж чаддаг байх ёстой. Тэдэнтэй харьцахын тулд түвшинд нь зохицуулах ёстой. Амьдралын тайзан дээр тоглож байгаа жүжигчин гэдгээ санаж чадаж байгаа цагт өөрийн зарчмаас ухарсан гэж айлгүй, зарчимдаа үнэнч байх тал дээр санаа зоволгүйгээр бусадтай учир начиртай харьцаж чадна. Билиг ухаан түшсэн энэрэнгүй сэтгэл бол амьдралын төгс дүүрэн бөгөөд ариун зорилго мөн тул үүнийг хэн ч няцааж чадашгүй. Бидний энэрэл бусдад тайвшрал, аз жаргалыг хүртээх бөгөөд түүний зэрэгцээ бусдад хайр, энэрэл хүртээснээрээ хариуд нь өөрөө дээдийн аз жаргалыг мэдэрдэг. Та тэгвэл “Хортон амьтан, хүнийг мөн энэрэх хэрэгтэй гэж үү? Тэд нар зовж л байвал зохих шагнал нь тэр гэж баярлах хэрэгтэй юу? гэж асуух байх. Энэ асуултад шууд “Үгүй” гэж хариулна. Зовлонг Ертөнцийн эзний гэсгээл эсвэл муу үйлийн боловсрол гэж үздэг талтай ч бүгд л жаргахыг хүсдэг, зовлонгоос зайлсхийдэг нь яг адил учраас хортой гэж бодож байгаа хүн, амьтныг ч энэрэх хэрэгтэй. Үзэн ядах хийгээд бусдад зовлон хүсэж, өс хонзон санах нь компьютерийн хэллэгээр “үхлийн алдаа” юм. Уураар амар тайвныг хэзээ ч бүтээдэггүй ба харин ч бэрхшээлийг улам ихэсгэдэг. Амгалан хийгээд зовлонгийн жинхэнэ шалтгааны талаарх төөрөгдлөөсөө болж бид бүгд алддаг боловч үр хүүхдээ алдаа гаргасан ч уучилж, хайрласан хэвээр байдаг шиг бусдын алдааг мөн нигүүлсэн хайрлаж чаддаг байх хэрэгтэй. Гэхдээ алдаатай буруу явдлыг өөгшөөж, шийтгэж болохгүй гэсэн үг биш; эсэргүүцэл, тэр байтугай шийтгэлийг ч гэсэн энэрэнгүй сэтгэлээр үйлдэж болдог. Яагаад бүгдийг хайрлах албатай юм бэ? Яагаад гэвэл, бид урьд төрөлдөө төрөлхтөн бүхэнтэй удаа дараалан ойр шадар байсан юм. Хамаг төрөлхтөн урьд нь бидэнд зүйрлэшгүй их сайхан сэтгэлээр хандаж байсан бөгөөд бүгд бидний садан учраас тэднийг хайрлах нь зүй ёсны хэрэг. Эдгээр үгсийг би их энэрэнгүй Ешэ багшийн айлдвараас сонссон бөгөөд та бүхэнд давтаж хэлж байгаа юм. Тэглээ ч гэсэн би одоо болтол хувиа бодох үзэлтэйгээ тэмцэж байгаа бөгөөд тэр нь энэрэнгүй сэтгэл төрүүлэх чадварт саад учруулдаг. Буруу зуршлыг нэг өдрийн дотор өөрчилж чадахгүй нь ойлгомжтой. Тийм болохоор өөртөө л өчүүхэн энэрэх сэтгэл үзүүлж дураараа явна.

Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төв

суббота, 25 апреля 2009 г.

АГУУ ТОМ МӨРӨӨДӨЛ

Агуу том урт хугацааны мөрөөдөл, хүсэл эрмэлзэлтэй байж, түүндээ хүрэхийн тулд өөрийнхөө хийж чадахаас багаар өдөр бүр тогтмол ахих хэрэгтэй. Өөрөө хүрч чадах өдөр тутмын зорилтууд өмнөө тавиад түүндээ хүрснээр том зорилгод хүрэх замаа алдахгүй байх эерэг хүч энергийг бий болгоно.

ЖАРГАЛ ЗОВЛОН

Р.Чойном

Хатмал цөлд явхад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай

Ингэхэд ер нь жаргал гэж
Илэхийлж юуг хэлдэг юм болоо
Хүндэт тэр жаргал тэгээд
Хүн бүхэнд адилхан уу

Үгүй ээ, үүлэнд хэлбэр байхгүй
Үйсэнд ширхэг байхгүй
Үндсэнд тоо байхгүй
Усанд өнгө байхгүй
Утаанд үнэ байдгүй
Ургамалд дуу байдгүй
Учир нь гэвэл
Хэтэрхий баян байгал
Хэлбэрт захирагдах дургүй гэнэ
Хэнд юу сайхан бэ гэдгийг
Хэлж тогтоож болдгүй гэнэ...

Амтатны сайхныг идэж
Өнгөтний сайхныг өмсөж
Аливаад дутах зовлонгүй
Амар жимэр суухыг
Зарим хүн жаргал гэнэ
Залхаж хагас нь зовлон гэнэ
Гэтэл бусдаас харамлах өмчгүй
Будаж гоодох гоёлгүй
Буруудсан ч зөвдсөн ч
Хувьдаа буйдхан тэнэж явхыг
Эр хүний жаргал гэнэ
Энэ насны зовлон ч гэнэ
Сайн хүлэг унаад
Сайхан эмээл тохоод
Хүүхний сайхантай ханилаад
Хүнд гайхуулж явхыг
Хамгийн дээд жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ
Гэтэл хүн тоохгүй унаатай
Хүүхэд ч тоохгүй эмээлтэй
Амьтан тоохгүй эхнэртэй
Амиан борлуулж суухыг
Алд биений жаргал
Арчаа байхгүй зовлон ч гэнэ
Төрийн тушаалд дэвшиж
Төмөр царай царайлж
Эгэл олныг айлгаж
Эрх ямбатай явхыг
Дурлаж зарим нь жаргал гэнэ
Дургүйцэж зарим нь зовлон гэнэ

Гэтэл
Халагдхаасаа өөр сэтэргүй
Хавийхныгаа айлгах сэнтэггүй
Хар гэртээ хааи
Бор гэртээ богд байхыг
Хал балгүй жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ

Намба ухаан төгс
Нас тогтсон авгайтай
Энхрийлэл халамж хоёрт нь
Эрхлэн хөлчүүрч хэвтхийг
Зарим хүн ухаалаг жаргал гэнэ
Зарим хүн уйтгаж зовлон ч гэнэ

Гэтэл
Амьдрал мэдэхгүй багчуудыг
Амаргаа болгож аваад
Ноолуулж эрхлүүлэх ялдамд
Номорхож томорхож суухыг
Энэ биений жаргал гэнэ
Эр хүний зовлон ч гэнэ

Ай, Элдэв жаргал хэмжээтэй
Эцэст нь төлөх үнэтэй
Эрдэм сурах сансандаа хүрэх хоёр л
Энэ насны жаргал гэлтэй

Айдаа, Хожмын үр сад минь дээ
Хорин зууны бичиг судлахдаа
Зовлон гэж юу байдгийм болоо гэж
Зон олноосоо сураглаж явах болтугай

Энэ үеийн бидэнд уух ус, идэх талх шиг
Элбэг байсаар байгаа зовлон гэдэг сүүдрийг
Нэвтэрхий толийн хуудаснаас холын удам минь
Нэн ч зүдэж байж олж ойлгох болтугай

Энэ миний үеийнхэн хэн маань ч ялгаагүй
Элс шороотой хөдөөрхүү нутагт
Жаргал дунд биш зовлон дунд
Жаалхан биеэрээ унаж тусан төрсийм
Унахдаа дуулж төрөөгүй ээ
Уйлж төрсийм
Өргөс ихтэй энэ хорвоог
Өөрөө ч мэдэлгүй зовлонд тооцном тэр
Ой мод шиг зовлон дундаас
Гээсэн сүх шиг жаргалыг
Олох гэж яваад нэгэн насаа бардгийм
Олон зууны олон олон үеийнхэн
Олсноосоо олоогүй нь ихээ
Эх дэлхийн минь тансаг амьдрал дунд
Энэ их зовлон чухам хаанаас ундарнам бэ?
Элж улирдаг их түүхийн турш
Элдэв зовлон барагддаггүй юм уу?

Үгүй ээ!, Барагдах нь байтугай багссангүй
Үндсий нь хүн өөрөө тарьж
Үр жимс мэт зовлонгоо ургуулж үржүүлж
Бие биендээ тараасаар байнам
Өвөг дээдэс болсон сармагчин ажаагаа
Өвчиж төрсөн хүн гэдэг амьтан
Өөртөө дандаа дайсан болж
Өег жаргалын оронд
Өвчин зовлон санаачилна
Үстэй чихэвчтэй малгай зохиосон мөртлөө
Үдэш өглөөний жаварт гоёж явж чихээ хөлдөөнө
Ган халуун зун нэрэлхэж гангалж
Бариу гутал өмсөөл хөлөө сүйтгэнэ
Хортойг нь мэдсээр байж архи дарсанд
Хорхойтсон баавгай шиг шунан согтоод
Хотуут өнжүүд огиж бөөлжөөд
Хоосон хохийн шартхын зовлон эдлэнэ
Унд хоол байсаар байтал тамхины утаа залиглаж
Бохь зажилж
Авсанд ортлоо зэрэмдэг болоод
Ам чөлөөгүй зовлон тоочино
Хүсч өөрий нь тоох нь байтугай
Хүн байна ч гэж хараагүй
Хар элгийн хүнд шохоорхон
Хайртай боллоо гэж давхиад
Эвийг нь ололгүй сээтэгнэж
Эгдүүг нь хүргэж орхиод
Эцэст нь өөрийгөө тоосонгүй ээ гэж
Элдвээр харааж зүхэж үлддэг
Тэрүүнийгээ өсгөн өсгөн
Тэнгэрт тулсан зовлон тоочдог
Тоочсон зовлондоо өөрөө итгэж
Толгой мэдрэлийн солио тусдаг
Элдэв хуулийг өөрөө батлаж
Эцэст тэрнийгээ өөрөө зөрчиж
Эрүүгийн хэрэгтний сандалд сууж
Элгэн саднаараа зовлон болдог

Хэтэрхий бөх шорон барьчихаад
Хэрэг тарьж өөрөө орчихоод
Хэл мэдэхгүй адгуус гэмээр
Хэв хэрэггүй орилож цамнадаг
Өөрсөндөө эцэст амар заяа үзүүлэхгүй
Өөдгүй хэнхэг хүнд их эрх эдлүүлээд
Хариуд нь тэрэндээ үе удмаараа харгислуулаж

Гашуун зовлон эдлэнэ
Төрсөн үрээ үг сүггүй эрхлүүлж
Төрхгүй мунхаг болгож өсгөөд
Хөлд нь сүүлд нь өөрсдөө үрэгдэж
Хөрөнгө хогшил нэр төрөө баллуулдаг
Хүмүүс минь дээ!
Хүсэл чинэ их ухаан чинэ урт ч гэлээ
Хүлээх тэвчээр чинь даанч богиноос болж
Хүүхэд мэт сониучхан аашиндаа хөтлөгдөн
Эртнээс эдүгээг хүртэл та нар
Эрэг сондуул мэт нуран нурсаар иржээ.
Эзэгнэн захирч чадаагүй өөрөөсөө болоод
Энэ мэтчилэн зовсоор та нар байх юмуу

воскресенье, 19 апреля 2009 г.

БИ ЧАДНА

Цог золбоотой явагтун,
Цовоо сэргэлэнгийн бат ханыг
Нэвтэлж дийлэх дайсан гэж үгүй.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Өнгөрснөө булшилж цоо шинэ хуудас
Нээж би чадна.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Зөвхөн шинэ ялалт авчрах
Цоо шинийг эхлүүлж би чадна.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Гадаад болон дотоод амьдралынхаа
Боломжгүй бүхнийг
Тэмцэлд дуудагч болж би чадна
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Гутралын дүүжингээс
Хялбархан бууж би чадна.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Төгөлдөржлийн ууланд
Авирч би чадна.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Яг одоо
Мунхаг харанхуйн жагсаалыг
Зогсоох цаг ирснийг
Ухаарч би чадна.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Удаан үргэлжилсэн
Мунхагийн нойрноосоо
Сэрж би чадна.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Зовлонт хүслийн дунд
Амьдрахаа больж би чадна.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Үнэлж баршгүй эрдэнэ
Ариун ухааныг олж би чадна.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Хэний ч зүрхэлж хүрээгүй
Алсад хүрч би чадна.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Амьдралын хорхойслын далай
Хязгааргүй болохыг мадаггүй ухаарч би чадна.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Амьдралын далайд
Намайг хамгаалах
Зүрхтэй болж би чадна.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Зүрхнийхээ
Талархалын модон дээр суух
Энхийн шувуу болж би чадна.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Өөрийгөө мэхэлж мэргэшсэн ухаанаа
Даруй би устгаж чадна.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Мунхаг харанхуйн тоос
Зүрхний минь
Гэгээрлийн наранг
Хиртүүлэхийг зогсоож би чадна.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Чин сэтгэлт ухаан
Ариун зүрх
Энгийн амьдралаа хамгаалж би чадна.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Тэмүүлэлт зүрх бүхэнд
Өчүүхэн гэрлийг хүртээж би чадна.
Сэрэмжгүй өнгөрүүлсэн ганц агшин
Насан туршийн зовлонг ч авчирч мэднэ.
Өрөөл бусдыг ялан дийлэх хүч бус
Өрөөл бусадтай нэгдэж чадах хүч л туйлын дээд хүч байдаг юм
Аль ч маргааныг
Аниргүй нь няцаана
Энэ яваа насандаа
Агуу их амжилтанд хүрье гэвэл
Алдаж бүтэлгүйтэхээс бүү ай.
Амьдралын тансаг хангалууныг эдлэх гэж бус
Амьдралын тулааны талбарт ялалтаа мандуулах гэж
Энэ хорвоод би ирсэн юм.
Өөртөө эргэлзэнэ гэдэг
Өстөн дайсантайгаа нөхөрлөхийн нэр.
Атаат дайснаа өршөөж уучил
Өөрөө тэр боол зарц тань болж хувирна
Залхуу хүн
Өдөр бүрийг завгүй өнгөрүүлдэг
Ухаан бодол маань
Эрүүл бус байгаа цагт
Ахуй амьдрал маань яаж эрүүл байх билээ
Яагаад ганцаардаж байгаагаа мэдэхийг та хүснэ үү ?
Таны ганцаардахын учир гэвэл
Та хэзээч зүрхнийхээ нэгдэхүйн дууг
Сонсохыг эс хүсдгийнх юм.
Бурхан чөтгөр хоёул надад хайртай.
Үнэнч зарц шигээ байлгах гэж
Чөтгөр надад хайртай байдаг юм.
Баясгалант андаа байг гэсэндээ
Бурхан надад хайртай байдаг юм
Хорвоо дэлхийг өөрчлөх гэж бүү зүтгэ
Та бүтэлгүйтэх болно.
Хорвоо дэлхийг хайрлахыг хичээ
Тэгээд үзэгтүн
Хорвоо дэлхий эгнэгт эргэлт буцалтгүйгээр хувиран өөрчлөгдсөн байх болно
“Үг яриа” гэдэг
Хамгийн хол замаар гэлдрэгч юм,“Үйл хэрэг”гэдэг
Хамгийн дөт замаар гүйгч юм
Ээлж дараалах амьдралд нэг л алдаагаа
Давтан үйлдэхэд минь юу хүчилнэ вэ?
Бидний нандигнан хайрладаг
Мунхагийн мэснээс өөр юу ч биш ээ
Гуниг гэдэг нь үнэндээ аз жаргалын өөр нэг нэр юм.
Эргэлзэл гэдэг ужиг хууч,
Итгэл гэдэг уламжлалт эм,
Нигүүлсэл гэдэг өвгөн оточ,
Элбэрэл гэдэг хашир асрагч.
Онцгойрч бүү харагд,
Магтаалд бүү авт.
Ондоо хэн ч бус гагцхүү та
Хамгаас хурдан гүйх
Боломжтой болно.
Мод адил мэхийн мөргөмү би
Уул адил өршөөнгүй, тэргүүн өндөр оршмуу би
Эх лугаа адил ямагт сэргэг баймуу би
Зүрх сэтгэл лугаа адил бишрэн залбирмуу би.
Хүрээлэн буй ертөнц
Таны оролцоогүйгээр ч
Дэлгэрэн цэцэглэх учиртайг
Ухаарах цагт
Амьдралын хүнд ачааг та
Тааламжит жаргалан болгож чадна.
Дахин бүү бодолд авт,
Дахин бүү гунигт дарагд.
Амьдрал тань тэгвээс
Сарнай цэцгийн анхилга,
Үүрийн цолмоны эгшиг,
Үдшийн бүрийн бүжиг болно.
Хоромын төдий хайр ч
Хорвоо ертөнцийг төгс төгөлдөр болгон
Хувиргаж чадна, хувиргах ч учиртай.

Шри Чинмой



БИД ГАМГҮЙ ХЭРЭГЛСЭЭР БАЙХ УУ?

Байгалийн усны нөөц, чанарт үзүүлж буй хүний үйл ажиллагааны нөлөөлөл нь нийгэм эдийн засгийн үр дагаварын үүдэлтэй юм. Гол, нуур, мөсөн гол зэрэг эх газрын усан сан далайн гаралтай хур чийгээр тэжээгддэг. Эх газрын ус далайд цутгана. Энэхүү байгалийн усны эргэлтийн хүрээнд усны нөөц харилцан адилгүй хугацаанд нөхөн сэргэгдэнэ. Аливаа нөөцийг нөхөн сэлбэгдэх хэмжээнээс нь хэтрүүлэн ашиглаваас уг нөөц шавхагддахад хүрнэ. Манай орны гадаргын усны нийт нөөц нь 599 шоо км. Үүнийг хувиар бодож үзвэл усны нөөцийн 83.7 хувь нь нуур, 10.5 хувь нь мөсөн гол, 5.8 хувь нь голын ус юм. Гадаргын усны нөөцийн 85 хувийг цэнгэг ус эзлэнэ. Үүний 93.6 хувийг Хөвсгөл нуурт хамаарагдана. Хамгийн богино хугацаанд нөхөгдөх нөөц бол голын ус юм. Энэ нь дунджаар 20 хоногт буюу жилд 18 удаа солигдоно. Монгол орны нутагт бүрэлдэх гол, мөрний жилийн дундаж нөөц 30.6 шоо км, ОХУ, БНХАУ нутгаас ирэх урсацыг оролцуулан тооцвол 34.6 шоо км болно. Манай орны усны нөөц дэлхийн ус хагалбарын 3 ай савд багтдаг. Үүний 51.5 хувь нь хойд мөсөн далайн ай савд , 36.7 хувь нь төв азийн гадгаш урсгалгүй ай савд 11.8 хувь нь номхон далайн ай савд тус тус багтаж байна. Манай орны цэвэр усны нөөц ойрын жилүүдэд багасч байгаа нь хүний зохисгүй үйлдэлтэй холбоотой. Ой модыг их хэмжээгээр огтлох нь гүний усны нөөцийг багасгах шалтгаан болохоос гадна хэд хэдэн шалгаантай.
Нэгдүгээрт: дэлхийн дулаарал түүнийг дагасан цөлжилт юм. Монголд сүүлийн 50 жилд цөлжилт эрч хүчтэй явагдаж бэлчээрийн 70 хувь нь талхлагджээ. Элс 42.2 мянган ам дөрвөлжин гадаргууг бүрхсэн байна. Эх орныхоо усыг тоолсон чинь зуу зуугаараа хатаж ширгэсэн тоо гарч харанга дэлдэж байна.
Хоёрдугаарт: хүний буруу үйл ажиллагаанаас болоод усны хомсдолд орж байна. Алтны том том ордод хэрэглэж байгаа ус, гол голдригыг өөрчилснөөс үүссэн гол мөрний ширгэлт аюул авчирч байгаа юм.
Гуравдугаарт: хөрс усны бохирдол. Гар аргаар алт олборлогчдоос болоод багагүй гол горхи, хөрс бохирджээ. Жишээлбэл: Өмнөговь, Дорноговь, Баянхонгор, Сүхбаатар аймгуудаар яваад гар аргаар алт олборлогсод 350-500 мянга байгааг тогтоож тэд цианит, мөнгөн усаар алт угааснаас хөрсөнд шингэж гүний усыг бохирдуулж байгааг олж тогтоожээ. Цианит мөнгөн ус нь үерийн усаар туугдан тархаж байгаагаас гадна мөнгөн ус нь ууршиж хүний эрүүл мэндэд нөлөөлдөг байна. Түүнээс болоод хөдөө голын дэргэд хоноглохдоо хотоос авч яваа усаа хэрэглэж байх жишээтэй.
Бид энэ дүн мэдээлэлийг уншаад халаглаад өнгөрөх үү! Иргэн та бас л нэг юм бодож буй биз баялагийг нь сорчоод байгалиа дахин сэргээх аргагүй болгоод хаяж байгаа бидний энэ хэнэггүй, тэнэг зан удахгүй бидний нүдэнд ил харагдаад таны үүдийг тогшоод ирэх вий тэр үед бид бурууг хэнээс хайх вэ? Манайд эзэн холбогдогч, хариуцлага гэсэн үг зөвхөн толь бичигт л байдаг болж. Бас л хармасмаар, Би үүгээр юу хэлэх гээд байна гэхлээр эх оронд минь усны гачаал нүүрэлчээд байна шүү! та өнөөдрөөс өөртөө эзэн нь байж ус гэх чандмань эрдэнээ хайралцгааяа далайд дусал нэмэр гэдэг биз.
N. Orkhon

суббота, 18 апреля 2009 г.

ХҮНЭЭС АВЧ БОЛОХ, ХҮНД ӨГЧ БОЛОХ ХАМГИЙН ТОМ БЭЛЭГ

Хамгийн том алдаа бол итгэл найдвараа алдах
Хамгийн том сул тал бол үзэн ядах

Тайван байдлийг хамгийн ихээр алдагдуулагч бол чалчих
Хүний хамгийн тэнэг зан чанар бол биеэ тоох

Хамгийн аюултай хүн бол худалч хүн
Хамгийн их хэрэгцээ бол хүмүүстэй харьцах

Хамгийн үнэтэй баялаг эрүүл мэнд

Хүнээс авч болох, хүнд өгч болох хамгийн том бэлэг бол хайр сэтгэл.

Сайн хүн гэж хэнийг хэлдэг вэ?
Хүн чанараа алдаагүй хүнийг,
Сайхан залуу гэж хэнийг хэлдэг вэ?
Бүсгүй хүнийг хүндэлж чаддаг,
Сайхан бүсгүй гэж хэнийг хэлэх вэ?
Инээмсэглэж буй бүсгүйг,
Сайн бүхнийг яаж таних вэ?
Чи өөрөө сайн хүн бол таньж чадна.

четверг, 16 апреля 2009 г.

ДҮҮДЭЭ

Зүрхний минь чинад он цагийн цаана
Зүүд мэт зэрэглээтэн үлдсэн хүүхэд нас минь
Чи бидний багын дурсамж гэгээн бодолд мөнхөрч
Чин зүрхний гүнд зураг болон амилсан
Тоглоомоо булаалдаж нэгэн гэрт өссөн ч
Тоглоомоо эрж нэгэн зүг гүйлдсэн ч
Тавилангаа даган хоёр алсыг зорьлоо
Тавиландаа хөтлөгдөн амьдралын жимээр одлоо
Шаналж гомдоллохын хэрэггүй ээ, дүү минь
Шувууд бүхэн үүрээ орхидог орчлонгийн жам шүү
Шантарч, зовохын алинд ч “эгч минь” гээд дуудаарай
Шаргал нарны доор хүний дайтай л яваарай.
Салгуун хорвоод ахан дүүсээ л гэсэн
Салшгүй сэтгэлээр мөнхийн холбоотой шүү
Санахын алсаас эцэг эх минь даллана
Салгуун холоос цусан холбоо минь дуудна
Сайн яваарай хэмээн гэгээн ерөөл өргөцгөөнө
Сайхан хорвоод амьдрал биднийг дуудна.


Э.Үржинханд

среда, 8 апреля 2009 г.

ТЭНЭГИЙН ДОТОР...

Б. Цэцэнсод
Ширэлдсэн урт хар үс, наранд боролсон хөрслөг бор халтар нүүр, тогворгүй харцтай хар нүд, туранхай бие, ноорхой хиртэй хувцас энэ бүхэн түүний гадна дүр төрхийг тодорхойлно. Түүнийг тэр хавийнхан "тэнэг" гэж нэрлэдэг. Яг өөрийнх нь эцэг эхээс оноосон нэрийг хэн ч үл мэднэ. Тэр өдөржин гадуур дэмий явах бөгөөд хэн ч түүнтэй тоож харьцахгүй. Хааяа хүүхдүүд түүнийг дооглохыг эс тооцвол шүү дээ... Нэгэн өдөр түүнийг явж байтал ээжтэйгээ хөтлөөд явж байсан нэгэн бяцхан жаал "хөөе муу тэнэгээ" гэж хэлээд өөрийнхөө идэж байсан алимаа түүн рүү чулуудаж орхив. Тэр алим яг түүний толгойд оноход хүүхэд хөөрөн инээлээ. Ээж нь хүүдээ хандаж " чи дөнгөж ганц хазсан алимаа хаяад байхдаа яадаг юм. Одоо би чамд дахиж алим авч өгөхгүй шүү" гэж хэлэхэд жаал түүнийг нь огтхон ч тоосон шинжгүй инээсээр байлаа.
Харин тэнэг " Энэ жаал надад идэж байсан алимаа өгчихлөө шүү дээ. Гэхдээ энэ алимыг нь би идэж болохгүй байхаа. Хөөрхий хүүхэд надад алим өгснөөсөө болоод ээждээ загнуулаад байх шиг байна" гэж бодоод нөгөө шидсэн алимыг нь өөр лүү нь буцааж шидэх нь тэрээ... түүний шидсэн алим арай л хүүхдийг ончихсонгүй. Хавийн хүмүүс шуугиж хүүхдийн ээж " хөөё энэ тэнэг хүүхэд аллаа... та нар харсан уу. Ийм том юмыг хүүхэд рүү шидээд золтой л алчихсангүй" гэж хашиграхад ойр хавьд сууж байсан хүмүүс түүнийг хөөж "ямар харгис амьтан бэ чи... бас зүгээр тэнэг биш бүр хүн алж магадгүй аюултай амьтан байна шүү дээ ..." гэж хашгичив.
Тэнэг бүр гайхаж хоцорлоо. "Би энэ хүүхдэд алим л өгсөн шүү дээ. Эд нар яагаад ингээд уурлаад байгаа юм болоо... эсхүл эд нар өөрсөддөө юм өгөөгүй гэж уурлаад байгаа юм болов уу. Тэгвэл эд нарт бас л өөрийнхөө юмыг өгөхөөс дөө..." гэж бодоод өвөртөө хийсэн хэдэн хоосон лаазаа хашгираад байсан хүмүүс рүү чулуудаж орхив... хүмүүс бүр шуугилдаж "энэ чинь биднийг бүгдийг нь алах нь цагдаа дууд" гэж хашгирцгаалаа. Тэнэг тэдний учрыг ололгүй гүйн холдов. Тэрээр бодлоо. "... би тэр хүүхдэд алимыг нь буцааж өгсөн нь буруу юм боллоо. Ингэх юм бол хүмүүс уурлаад байдаг юм байна. Харин миний цуглуулсан тэр лаазнууд тэд нарт таалагдаагүй юм байхдаа..." гэж гайхан бодсоор өөрийн хоноглодог нэгэн байрны доод хонгил руу орлоо.
Энэ явдал болсны маргааш нь нөгөө тэнэг дахин тэр жаалын алим өгсөн тэр газраар явж байв. Тэгсэн нөгөө жаал хүүхдүүтэй тоглож байгаа харагдлаа. Тэнэг тэр жаалтай тоглох санаатай ойртож очиход нөгөө жаалын тоглож байсан тоглоомон алим өнхөрсөөр тэнэгийн хөл дор ирчихвээ. Тэнэг түүнийг нь аваад гайхан харж зогсож байтал нөгөө жаалын ээж " хөөе чи хүүхдийн тоглоом өгөөч..." гэж чанга дуугаар хэлэхэд тэнэг " би түрүүн энэ жаалын алимыг буцааж өгөхөд бөөн юм болсон. Одоо өгч болохгүй байх гэж бодоод, алимаа атгасаар ухарлаа. Тэгтэл нөгөө жаалын "ээж хөөе муу тэнэгээ чи хүүхдийн юм өгөөч ээ" гэж орилсоор гүйж ирэхэд тэнэг цаашаа ухаан жолоогүй зугтав.
Харин нөгөө тоглож байсан хүүхдүүд түүний араас чулуу шидэж, нөгөө жаалын шидсэн чулуу тэнэгийн толгойд оноход түүний ээж "болж муу гуйлгачин мөрөөрөө байхгүй дандаа манай хүүхдээр оролдож байх юм. Энэ тэнэг дахиж ирэх юм бол миний хүү өөдөөс нь чулуу шидээд хөөгөөрэй" гэж захив. Тэнэг бүр гайхаж хоцорлоо. Түрүүн намайг буцааж өгөхөд уурлаад байсан. Харин одоо буцааж өгөхгүй болохоор бас л уурлаад байх юм" хэмээн дотроо бодсоор оромжиндоо очлоо.
Ингээд нөгөө тэнэг тэр хавиар очилгүй хэд хонов. Тэгээд бодсоор байгаад нөгөө жаалд тоглоомон алимыг нь буцааж өгөхөөр шийдээд нөгөө газраа очиход тэр жаал байсангүй. Харин тэр хавийхан нэгэн орцны гадаа бөөгнөрчихсөн хашгирцгааж байлаа. Тэнэг дээшээ харвал нэг цонхноос бөөн удаа гарч байв. Тэр утаа гарч байгаа цонхоор нөгөө жаал уйлчихсан харагдаж байлаа.
Тэнэг сандарлаа..."... хөөрхий надад алим өгсөн хүүхэд уйлаад байна... тэр дотроос гарах гээд байх шиг байна..." гэж бодоод яаран цуглàсан түмнийг зүсэн орц руу гүйн орлоо. Тэгээд утаа гарч байгаа хаалгыг түлхтэл онгойгоогүй учир тэр хамаг чадлаараа өшиглөлөө. Хаалга ч онгойв. Хаалга онгойход тодроос гал түргиж тэнэгийн нүүрийг халуунаар төөнөлөө... тэр ч энийг тоох нь манатай нөгөө жаалаа хайж явсаар цонхон дээр очиход нөгөө жаал уйлчихсан "...авраарай ээжээ..." гэж харшгираад зогсож байв. Тэнэг юу ч бодолгүй түүнийг тэврээд орж ирсэн газраараа буцаж гарлаа. Хүүхдийг тэврээд гадагш гарахад шуугилдаж байсан хүмүүс чив чимээгүй болж гайхан түүн рүү харцгаана.
Тэгтэл нөгөө жаал " тэнэгээ миний бөмбөг тэнд байгаа та аваад өгөөч гэхэд " тэнэг юу ч бодолгүй дахин шатаж байсан байшин руу гүйн оров. Харин тэр буцаж гарч ирсэнгүй...
Хүмүүс "...хөөрхий тэр хүүхэд авраад өөд болчихлоо..." гэж шуугилдана. Магадгүй тэр энэ шуугилдахаас өөр юм мэддэггүй хүмүүст ойлгогдох цорын ганц зүйл хийсэн нь энэ биз...
Гэхдээ очиж очиж бөмбөг авах гэж гал руу ордог үнэхээр л тэнэг юм даа гэж хэлэх хүмүүс өрөвдсөн хүмүүсээс хавьгүй олон байлаа...

воскресенье, 5 апреля 2009 г.

ТЭНГЭР ШИГ БАЙ

О.ДАШБАЛБАР
Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...
Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...
Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...
Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...
Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина
Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

пятница, 3 апреля 2009 г.

ЭХИЙН ХАЙР

"Би хүүхдээ харж болох уу" гэж дөнгөж нярайлсан эх асуулаа. Түүнд өлгийтэй хүүхдийг өгөхөд баярлаж хөөрсөн эх сайтар харахын тулд өлгийг нь задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгүй. Эх үрийг харж байсан эмч нүүр буруулан цонхоор харан зогслоо. Хүүхдийн чих байхгүй байлаа... Хүүхдэд үзлэг хийхэд сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байхгүй гэж оношилжээ. Түүнээс хойш он жил урссаар хүү нь том болж сургуульд оров. Нэгэн өдөр сургуулиасаа хар хурдаараа гүйж ирээд ээждээ наалдан гомдолтой нь аргагүй уйлж байлаа... Энэ бол амьдралдаа анх удаа гомдсон хэрэг бөгөөд "Нэг том хүүхэд намайг эрэмдэг" гэсэн гэх нь тэр... Хүү ийм доромжлолыг амссаар өсчээ. Хэдийгээр найз нөхөд нь түүнд сайн, өөрөө сурлага сайтай ч тэдэнтэй нийлдэггүй байв. Түүнд ээж нь цаг үргэлж "Бусадтай нөхөрлө" гэх боловч өрөвдөн хайрласан байдал илт илэрдэг байлаа. Залуу хүүгийн аав эмчтэй уулзан "Одоо ямар ч арга байхгүй юу?" гэж асуухад нь "Хос чих олдвол шилжүүлэн суулгаж болно" гэжээ. Тиймээс хүүгийнх нь төлөө хоёр чирээ өгөх хүнийг эрж хайж эхлэв. Хоёр жил өнгөрсний хойно нэгэн өдөр аав нь "Хүү минь чамд чихээ өгөх хүнийг аав ээж хоёр нь оллоо. Харин хэн чихээ өгснийг бүү асуу" гэж хэллээ. Мэс засал маш амжилтай болов. Шинэ төрхтэй болсон залуу хүү нийгмийн амьдралд идэвхтэй болж амжилтад хүрчээ. Тун удалгүй гэрлэж гадаад харилцаан ажилтан болсон байна. Олон жил өнгөрсний хойно хүү аав дээрээ очоод "Надад ийм тус болсон хүнийг хэлж өгөөч. Би өдий хүртэл тэр хүний төлөө юу ч хийсэнгүй..." гэж гуйв. "Чи тэр хүний төлөө юу ч хийж чадахгүй. Одоохондоо чамд хэлэхгүй" гэж аав нь хариуллаа. Энэ нууцыг олон жилийн турш тайлж чадсангүй. Гэтэл хүүгийн амьдралд гунигт явдал тохиолдов.... Ээжийнхээ шарилын дэргэд аавынхаа хамт зогсож байв. Аав нь гараа аажмаар явуулан ээжийнх нь хүрэн улаан үсийг ярахад түүний хоёр чих байсангүй. "Ээж нь үсээ тайруулах шаардлагагүй болсон учраас баяртай байсан юм. Тэгээд ч түүнийг муухай гэж хэн ч хэлээгүй, тийм биз дээ?" гэж аяархан шивнэлээ. Хүний амьдралд гоо үзэсгэлэн гэдэг гаднах төрх байдалд биш, харин дотоод зүрх сэтгэлд байдаг юм.

среда, 1 апреля 2009 г.

СОНИРХОГЧИЙН ДУРАН

Цэргийн музей: /Тайлбаргүй/ 30.03.09 St.P



















МОЛИГО ЗАГАС

Нар гэрэлтсэн хорвоод насаа залуужтал инээ
Гэрэл гийсэн гэртээ жаргал хуртай инээ
Зүүд нойрон дундаа сарнай дэлгэртэл инээ
Зүрх сэтгэлдээ хайр бадартал инээ
Залуу сайхан насаа мөнхийн болтол инээ
Зүүд нойрондоо зул гэрэлттэл инээ
Зүрх сэтгэлдээ хайр амилтал инээ
Тас тас инээ, татаж унатлаа инээ
Нүд дүүрэн инээж
Нүүр дүүрэн баясаж
Зүрх дүүрэн мишээж
Дэлхий дүүрэн жаргалаар бялхаж яваарай гэж хүсье!!!
/ХОШИН ӨГҮҮЛЛЭГ/
Насаараа үүлий сахисан cap шиг голын эрэг сахиж байгаа хүн загас жараахай хөөцөлдөн өнгөрүүлсэн өвгөн Дэлэг гуай тэтгэвэртээ гарав. Хаяанаасаа тул загас барьж байсан Туул голд нь дэгээ үмхэх амьтангүй болсонд харуусан дэмий л эрт урьдын явдлаа дурсан хөгшин муур шиг уйтгарлан сууна. Залуучууд жийп унан давхиж Эгийн гол, Өлзийт нуураас тул барьж байгааг сонсоод атаархал төрөвч унадаг дугуй ч үгүй өвгөнд мөрөөдлийн үлгэр мэт сонсогдоно. Ядаж байхад оросын телевизээр загасчдын тухай нэвтрүүлэг байнга явж дотрын жоовонг нэмнэ. Аргаа барахдаа зах дээрээс амьд загас худалдан авч том түмпэнтэй усанд тавиад дэгээ үмхүүлэх гэж оролдсон удаа ч бий. Агаар дутаж амь нь тэмцэн түнхэлзэх загас дэгээ үмхэх байтугай дэргэдэх орчноо ч мэдрэхгүй байсаар төдхөн амьсгал хураана. Харин өвгөн өөрийн гараар янзалж хар залуугаасаа гарынх нь шөлийг ууж дассан эмгэнээ дайлна. Эмгэн эрийг нас, уулыг цас гэдэг үнэн юмдаа хэмээн бодож өвгөнөө дэмий л өрөвдөнө. Өвгөн өглөө эртлэн босоод л загасанд явах гэж байгаа хүн шиг өмсдөг гутал, хувцас хүнараа үзэж, загас ангийн нарийн нандин хэрэглэлээ дэлгэн цангаж, арчиж зүлгэж, бас ийм ч юм нь алга, тийм ч юм нь дутлаа хэмээн эмгэнээ омогдоно. Тэр үед нь хэн нэгэн орж ирвэл загасчны хэрэглэлээ үзүүлэн тайлбарлаж, тэр голоос төдөн метр тул барихад үмхүүлсэн дэгээ, оготно, хулгана гээд багаахан музей үзүүлэх мэт уйдтал яриа дэлгэнэ. За тэгээд дараа нь барьж байх үеийн зургийн цомгоо дэлгэнэ. Төр засгийн зочдыг ирэхэд Цэдэнбал даргын урилгаар очиж тул барьж хамт авахуулсан зураг бол хамгийн нандин эрдэнэ нь. Тэр зургийг томруулан хоймортоо залжээ. Өвгөн тэтгэвэртээ гарсан өвлийг ийнхүү тэсч ядан өнгөрүүлээд, хавар болж цөн түрсний дараа Туулын гүүрэн дээр өдөржин гиюүрэн зогсох болов. Гартаа уурга саваа барьсан хүүхдүүд өдөржин гүйлдэх боловч жараахай ч бариагүй нь илт харагдана. Үдэш нэг их ажил амжуулаад ирсэн хүн шиг тухлан сууж эмгэнийхээ гарын хоолыг идээд, нойрсохдоо шөнөжин загас зүүдэлнэ. Туулаас бараг хоёр метр тул дэгээдээд хар хөлсөө гоожуулан ноцолдон яг гаргадгийн даваан дээр эмгэн нь: -Хөөе, өвгөөн, яагаад хар дараад байгаа юм бэ хэмээн сүвээ рүү нь нударч сэрээснээс болж тэр хоёр тар түр хийж хоёр хоног дуугаа хураасан удаатай. Энэ явдал, өвгөн нь: -Яг тул барих гэж байхад сэрээдэг яадаг муу яатуу вэ гэж хэлснээс болсон хэрэг. Амьдралдаа албан ажил амжуулах, загас барих хоёроос өөр зүйл сураагүй өвгөн Дэлэг мэддэг чаддаг хоёр зүйлээсээ ийнхүү зэрэг салснаас болж галзуурах дөхөв. Гэтэл өвгөн намрын нэгэн нарлаг өглөө шинэ санаа сэдэв. Өглөө эртлэн босч загасчны дүрдээ хувираад зах дээрээс шилж байж томоохон хөлдүү загас нэгийг авч гялгар хүүдийтэй усанд хийж үүрээд Туул голын хөвөөнд очиж тухлав. Хайрга хонхойлгон гялгар хүүдийтэй загасаа тогтоон тавиад дэгээгээ усанд шидлээ. Голын усанд дэгээгээ шидэхэд өвгөний зоо нь тэнийж, нуруу нь тэгшрэх мэт болжээ. Юу ч орохгүйг мэдсээр авч дэргэдээ барьсан загасаа тавиад, үе үе дэгээгээ усанд шидээд, дуртай янжуураа хааяа нэг сорж, мөнгөрөн бидэртэх голын усыг ширтэх үнэхээр таатай байлаа. Өвгөн ийнхүү өөрөө өөрийгөө хуурч сэтгэлийн таашаал эдлэх мөрөөдлөө хэрэгжүүлж баясав. Гэтэл энэ таашаал удаан үргэлжилсэнгүй. -Та яагаад хориотой голоос загас бариад бэ? хэмээн зандарсан эргүүлийн цагдаагийн хахирган дуу гэнэт гэрэл тасрах мэт бүх таашаалыг нь унтраав. Өвгөн ингэнэ гэдгийг мэдэж байсан ч таашаалдаа хөтлөгдөөд бүхнийг мартсан байснаас бүх бие нь зарсхийн, толгойтой үсээ бостол цочив. Хэлэх үгээ олж ядан: -Өвөө нь дэмий л сэтгэлээ хуурч… гээд бөвтнөхөд. Цагдаа: - Ингэж сэтгэлээ хуурдаг юм уу? Наадах загасыг чинь тэгээд хэн барьсан болж байна? гээд тачигналаа. Өвгөн:-Өвөө нь гэрээсээ авчирсан юм гэхэд: -Танд тэгж хууртдаг толгой гэж бодоо юу хэмээн умс нь хөөрч дуу нь улам чангарлаа. Тоглоом нь шоглоом болж байгааг мэдэрсэн өвгөнд хэлэх үг олдсонгүй. Цагдаа: -Та намайг дагаад яв гэхээс өөр үг хэлэлгүй түрүүлээд алхлаа. Өвгөн хамаг юмаа хам хум хамж аваад цагдааг дагалаа. Цагдаа бургасанд нуусан машиндаа хүрч өвгөнийг суулгаад дүүргийн цагдаагийн хэлтэст хүрлээ. Цагдаа: -Туулын хөвөөнд тухлан суугаад, тул бололтой том загас барьсан этгээдийг эд мөрийн баримттай нь баривчлан ирлээ. Түр саатуулж шалгах нь зүйтэй хэмээн ямар ч дарга нь юм бүү мэд, нэг тарган офицерт илтгэлээ. Офицер өвгөнийг саатуулан шалгах үүрэг өгөв. Өвгөн, тэр даргад: -Хүү минь энэ чинь зах дээрээс авсан хөлдүү загас. Өвөө нь сэтгэлээ хуурч суусан юм хэмээн хичнээн учирлаад хэн ч сонссонгүй. Ядахдаа загас минь муудчихна шүү дээ гэвэл: -Хөргөгчид хийчихнэ гэлээ. Өвгөн: -Хүүхдүүд ээ! Энэ чинь манай улсын голд байдаггүй загас шүү дээ гэвэл: -Та тэгээд гадаадаас бариад ирээ юу хэмээн тохуурхан хөхрөлдөөд хэн ч сонссонгүй. Ингээд өвгөн тусгай өрөөнд 24 цаг саатуулагдлаа. Энэ хооронд эмгэн нь эрэл сурал болж, радио телевизээр зарлаж, цагдаагийн даргад хүртэл шуугиан дэгдээснээр маргааш өглөө нь өвгөнийг олж тодрууллаа. Цагдаагийн дарга: -Загасыг нь хаанахын загас болохыг шинжлэх, тэр хооронд өвгөнийг суллах үүрэг өглөө. Эмгэн хэдэн автобус дамжин майжигнан ирж толгой нь эргэж, дотор нь муухайрсан өвгөнтэйгөө уулзаж, дайнд яваад ирсэн болзоот залуугаа угтах мэт баярлав. Харин цагдаагийн газрын хөргөгч нь ажилгүй байснаас нөгөө муу загас нь ялзраад ямар нь үл мэдэгдэх болсон учраас гадаад руу явуулж шинжилгээ хийлгэхээр болжээ. Ийнхүү өвгөний хөх инээд нь хүрч, эмгэний сэтгэл түгшсээр нэг сарын нүүр үзэхэд: -Хойт мөсөн далайд амьдардаг молиго хэмээх загас гэсэн хариу иржээ. Ингээд тоглоом нь шоглоом болж хаширсан өвгөн загасны бүх хэрэглээ худалдаад хавийнхаа тэтгэврийнхэнтэй нийлж даалуудах хоббитой болон санаа нь амарчээ. Харин цагдаагийн сургалтын хөтөлбөрт Монголынхоо загасыг таних хичээл нэмэн оруулжээ. Шуугиан тарьсан ч бяцхан ялалт байгуулсан өвгөнөөрөө бахархсан эмгэн харин өдөрт нэг удаа халуун савтай цай бариад даалууны сүүдрэвч рүү гүйх шинэ ажилтай болов. Эмх замбараагүй газар олголтоос болж даалууны сүүдрэвчийн алгын чинээ газар шахагдахын цагт Дэлэг өвгөн хаашаа явж цагийг нөгцөөхийг бурхан л мэдэх болж дээ.
Тоншуул Лувсангийн Одончимэд

понедельник, 30 марта 2009 г.

ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ АРГААС

Хүний тархины үйл ажиллагааг сайжруулах олон арга байдаг. Гол нь түүнийг зөв сонгож, өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж хэвшил болгож чадсан эсэхээс их зүйл хамаардаг. Хэрвээ та тархиныхаа үйл ажиллагааг сайжруулах хүсэлтэй байгаа бол дараах зөвлөгөөг уншаад үзээрэй.
-Биеийн хүчний ачаалал ихтэй ажиллдаг хүний тархины хөгжил сайн байдаг гэх. Үүнийг нотлох зорилгоор Калифорнийн Биологийн хүрээлэнгийн хэсэг судлаачид хулгана дээр туршилт хийжээ. Эргэлддэг дугуйн дотор үргэлжийн хөдөлгөөнтэй байгаа хулганы тархины эд эс хөдөлгөөнгүй байгаа хулганыхаас хоёр дахин илүү хөгжилтэй байжээ. Тиймээс тархины үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд хөдөлгөөний дутагдалд орохоос зайлсхийж байх хэрэгтэй гэнэ.
- Оюун бодлын дасгал хийх: Мөн дан ганц биеийн хүчний дасгал тустай байхгүй. Тархиныхаа янз бүрийн хэсгийг тогтмол ажиллуулж идэвхитэй байлгахын тулд оюуны ажлыг хослуулах хэрэгтэй.
- “Яагаад” гэж асуу: Бидний тархи сониуч байдалд дуртай. Тодруулбал та сониуч зантай бай. Сониуч зангаа хөгжүүлэх хамгийн шилдэг арга бол байнга “яагаад” гэдэг асуултыг тавьж байх явдал. Хэдий энэ нь таны хувьд шинэхэн зуршил байсан ч өдөрт доод тал нь арван удаа яагаад гэж асуухыг хичээгээрэй.
- Аль болох их инээ: Эрдэмтэд инээхийг эрүүл мэндэд тустай хэмээдэг. Инээх явцад стрессээс биднийг гаргах үйлчлэл бүхий эндорфин хэмээх дааврын ялгаралт нэмэгддэг. Ийм байдлаар инээд бидний тархийг цэнэглэж байдаг юм.
- Загас ид: Загас болон грек самранд агуулагддаг тосыг зүрхэнд тустай хэмээн олон жилийн турш үзэж ирсэн. Тэгвэл эрдэмтэд ийм тос нь тархинд ч тустай болохыг тогтоожээ. Уг тосны нөлөөгөөр тархинд очих хүчилтөрөгчийн эргэлт хурдсахаас гадна эд эсийн мембранын ажиллагааг идэвхижүүлдэг.
- Ой тогтоолтыг сайжруулах Тархи: Энэ бол ой санамжийн машин. Иймд хуучны фото цомог, сургуулийнхаа өдрийн тэмдэглэлийг авч хуучны дурсамжаасаа эргэн сана. Үүний дүнд таны оюун ухаан эрэгцүүлэн бодож эргэн санах үйлдэл хийнэ. Ой санамжийн талаарх эерэг сэтгэл хөдлөл нь аливаа асуудлыг шийдэхэд тус болдлг.
-Таавар таа: Бидний зарим нь тааварт, зарим нь оньсгонд дуртай. Аль аль нь таны тархины ажиллагааг идэвхижүүлэх шилдэг арга болж чадна. Тааврыг
зугаа маягтай таах ч үнэндээ бол тархиа дасгалжуулж буй хэрэг.
- Моцартын эффект: Хөгжим сонсоход тэр тусмаа Моцартын хөгжмийг сонсоход хүний математик сэтгэлгээ нэмэгддэг болохыг эрдэмтэд судалж тогтоожээ.
- Дадлага: Унших, бичих, оёх, зурах, үгийн таавар таах зэрэг энгийн үйлдлүүд нь ой тогтоолтыг сайжруулахад ихэд тумтай гэнэ.
-Алкоголийн хэмжээг багасга: Судлаачид 3500 гаруй япон эрчүүдэд судалгаа явуулахад архи бага хэрэглэдэг хэсгийнх нь ой тогтоолт хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийг бодвол илүү сайн байжээ. Харамсалтай нь алкоголийн төрлийн ундаа уух тусам ой санамж улам мууддаг гэнэ.
-Тогло: Хэрвээ танд чөлөөт цаг гарвал тогло. Хөзөр, видеотоглоом, ширээний тоглоом тоглоход хүний сэтгэл санаа сэргэхээс гадна тархины ажиллагаа ч идэвхиждэг.
-Ямар нэг шинэ зүйлээс суралц: Хэрвээ танд ямар нэг сэдэв илүү сонирхотой байдаг бол тэр талаараа илүү сонирх. Хэрэв тийм зүйл байхгүй бол өдөр бүр гадаад шинэ үг тогтоо.
-Бич: Өдрийн тэмдэглэл хөтлөх нь танд хамгийн тустай байх болно. Энэ нь тархины хамгийн сайн урамшуулал болдог юм шүү

вторник, 24 марта 2009 г.

ХАТИГ ӨВЧНӨӨР ШАНАЛЖ БУЙ ХҮМҮҮСТ

Ер нь Хатиг өвчин бол хүний биеийн дотор Идээт үрэвсэл байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Өвчний үүсгэгч нь стафилококк. Чихрийн шижин зэрэг архаг эмгэг хуучтай, эсвэл бие суларсан тохиолдолд өвчилнө. Биеийн үетэй хэсэг хувцасанд үрэгдэж байдаг тэрхүү газарт гардаг. Хатиг нь үений уг, тэр орчмын эдийн цочмог идээт, үхжилт үрэвсэл юм. Хагарч үхэжсэн эд идээ нь гадагшлахаар өвчин нь намддаг. Хатиг гарах гол шалтгаанууд:
- Агаарын бохирдол
- Хөдөлгөөний хомсдол
- Чихрийн шижин, ходоодны євчин, цус багадалт
- Дархлаа сулрах
- Даарах юмуу халууцах
- Ядаргаа зэрэг юм.
Хатиг гарсан vед дур мэдэн шахах юмуу, иллэг хийх зэргээр оролдож болохгvй. Хатуу товгор өвчтөй юм гарсан л бол Календулы настойка гэх спиртыг гарсан хэсэгтээ өглөө, орой тавьснаар хатаах эмчилгээ хийж байгаа юм. Ер нь эмчид үзүүлж зөвөлгөө авах, шарлага, үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгээрэй. Нэгэнт идээлж, хүндэрсэн тохиолдолд зүслэг хийж, үрэвсэл эсэргүүцэх бодис хэрэглэж бооно. Зүсэлт хийсэний дараа цус намдаах К Vitamin хэрэглэх мөн тэр орчимын газар хүйтэн жин тавих хэрэгтэй. Мөн Дархлаа сайжруулах компливит болон Амоксициллин+клавулановая кислота гэх эмийг эмчийн заавраар хэрэглэнэ. Эцэс хэлэхэд биеийн эсэргүүцлээ л сайжруулах явдал юм шүү.

четверг, 19 марта 2009 г.

ӨӨДРӨГ ЯВАХ 25 ЗАРЧИМ

Өөдрөг, ажил бүтэмж сайтай амьдархын тулд дараахь зарчмуудыг уншаарай.
1. Сэтгэлийн их тэнхээтэй яв.
2. Хэн нэг нь Таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.
3. Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсоныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд.
4. Найз нөхрөө зөв сонго. Инээсэн бүхэн нөхөр биш. Чамайг өөд нь татах нөхөр ол.
5. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхийгээ урьд үдэш нь төлөвлө. Удаан, олон жил хийх ажлаа ч төлөвлө.
6. Үгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч, үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн, өөдтэй явсан нь үгүй.
7. Өөрийгээ битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.
8. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдалаа шударгаар хүлээ. Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явсан нь ховор.
9. Өдрийн аль цагт хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг бүү үр. Амрах, хооллоход тэр цаг мөчийг бүү зориул. Цагаа зохицуулж сур.
10. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.
11. Битгий цухалдаж бачимд. Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа. Ядарвал ажлаа хойш тавь. Санаа зовох хэрэггүй. Үе үе хөдлөх, босох, суух, явган явахыг хичээ.
12.Үнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгаас үнэн.
13. Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Үүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгээ зоригжуулж бай.
14. Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хүнтэй элбэх бол түүнтэйгээ зөвлө. Бүтэх эсэхийг тооцоолж, үр дүнг шалгаж бай.
15. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.
16. Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул. Тусал.
17. Хийх гэсэн ажлаа хойш нь бүү тавь. Нэн даруй хийж сур.
18. Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэйг нь ав. Хэрэггүйг нь гээ.
19. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтэмжтэй байх болно. Зорьсондоо хүрэхэд ч хялбар болно.
20. Мэдрэхүй зөн совиндоо хааяа ч гэсэн итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй байх үе бий.
21. Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч сур. Энэ нь амжилт олохын үндэс.
22. Хийж байгаа зүйлээ хэцүү хүнд гэж хааяа бусаддаа ойлгуулж бай.
23. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгээ магтуулахад муу нь юу байхав.
24. Нөхөр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал
Өөртөө их үүрэг, ачаалал хүлээж сур. Тэгвэл илүү ихийг бүтээнэ.
25. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж, гагцхүү зорьсноо хэрэгжүүлэхийг хичээж сур.

воскресенье, 15 марта 2009 г.

САЙН ДУРААРАА ГОО САЙХНАА СҮЙТГЭГЧИД ЭМНЭЛЭГИЙН ҮҮДЭНД ДУГААРЛААД

Гудманд залуус үнсэлдэхээн больжээ.
Гунигтай байна.
Гутал тосолж, хөгжим тоглох ч хүн алга.
Уйтгартай байна.
Савангийн дуурийн гол дүрийн баатрууд намайг тоохгүй инээлдээд
Сайрхах юмгүй үндэстний хүүхдүүд хаад хатдаар мануулаад
Сайн дураараа гоо сайхнаа сүйтгэгчид эмнэлгийн үүдэнд дугаарлаад
Сайхан болжээ зүсүүлээд бай гэж цаадуул нь хөөргөөд
Салалт ойрдоо ихсэх юм гэнэ.
Сонирхолтой байна.
Сайндаж эвлэрэх нь багасах юм байх.
Хачирхалтай байна.
Эрчүүд хайрыг BAR-наас хайцгааж, эмэгтэйчүүд дурлалыг буудлаар түгээцгээж
Эргэн тойрон мөнгө бодсон хүмүүстэй энд амьдрах утгагүй байна.
Гудманд хоёр хос үнсэлдэж байна.
Сайхан байнаа.
Ганцхан би инээж бусад нь ярвайна.
Муухай байна.

Б.Энхтуяа

пятница, 13 марта 2009 г.

ТЭД БИДНИЙГ АВНА ГЭЖ ОДОО Ч ХАРСААР БАЙДАГ

Дээд монгол буюу Хөх нуурын монголчууд дээр манай эрдэмтэд судлаачид очиж байсан юм билээ. Хятадын баруун хойт хэсэгт орших Чинхай буюу монголоор Хөх нуур мужид аж төрдөг Хавт Хасарын удам, түүхэндээ Хошууд гэгдэх дөрвөн Ойрдын нэг бол одоогийн Дээд монголчууд юм. Эдүгээ тэдний үр хойч болох 90-ээд мянган Дээд монголчууд баруун ба зүүн гарын чуулган болон, 29 хошуунд харьяалагдан монгол ёс заншил, бичиг соёл, өв уламжлалаа хадгалан Чинхай мужид төвлөрөн суурьшиж байна. Дээд Монголчуудын тухай түүхийн сурвалж бичгүүдэд нэлээд бичиж үлдээсэн байдаг. Манайхны хамгийн том алдаа нь Хятад улсад байгаа монголчууд гэхээр Өвөрмонгол гээд ойлгочихдог.
Тэгтэл Шиньжаны монгол, Кордогийн монгол, Дээд монгол, Дэлхийн монгол, Цагаан монгол, Цастын монгол гээд ийм олон монгол үндэстэн байна. Дээд монголчууд манай монголчуудыг үнэхээр дээдэлдэг. Монгол бичиг, хэл соёл нь үлдсэн болохоор түүх сурвалжаа их судалсан байдаг. Дээд монголын айл болгон гэртэй гэр дотроо эргэнэг, гуулин шанага, домбо, тулга гээд бүгд байдаг. Хөсөг тэрэг бүгд бий. Тэнд очоод удаан хугацаагаар амьдарсан эрдэмтэд цөөхөн. Буурал эрдэмтэд маань ерөнхийдөө арлаар нь маш сайн мэддэг. Хятадаар бичигдсэн сурвалж бичгүүд их байдаг. Өвөрмонголоос хоёр мужийн цаана амьдардаг, 350 жилийн өмнө очсон үндэстэн гэхэд Өвөрмонголчуудын түүхийн эрэл галавын үеэс шал өөр үндэстэн байдаг. Дээд монголд биднийг галт тэрэгнээс буухад цагаан эсгий дэвсэж, хадаг сүү бариад угтдаг. Хэнтэй ч холбоо бариагүй байхад тэгж хүлээж авч байгаа юм. Тэд биднээс илүү ахуй амьдрал, зан заншлаа хадгалаад үлдсэн, үргэлж биднийг ахан дүүсээ гэж бодож суудаг юм билээ.
-Өөр ямар үндэстэн хаана байна вэ?
-Тархан суурьшсан монголчуудын тухай ярихаар нийгмийн хоёр лагер зайлшгүй холбогдож байгаа юм. Нэгдүгээрт нь коммунист дэглэмтэй, хоёрдугаарт нь лалын шашинтай. Оросд байгаа монголчууд бол ойлгомжтой. Буриад, Тува, Халимаг гээд тэртээ тэргүй монголчууд ярих, судлах дуртай учраас ойлгомжтой сэдэв рүү орохыг бид хүсдэггүй. Хүмүүсийн хүрч чадахгүй байгаа, мэдэхгүй тэр алслагдсан үндэстнүүдийг судлахыг зорьж ажиллаж байна. Афганистаны "Хазара" гэж монгол үндэстэн бий. Энэ нь "мянган морьтон" гэсэн үг. Афганистаны түүхийн ямар ч зохиолд Чингис хааны байлдан дагууллын тухай дурдсан байдаг. Эдүгээ зургаан саяар тоологддог "Хазара" үндэстэн ч мөн энэ л дайны халуун мөр бөлгөө. Цухас дурдахад энэ их дайнд Иран, Ирак, Афганистаны гурван сая гаруй хүн амь үрэгдсэн нь тухайн үедээ тэдгээр улсын хүн амын 30 хувь нь байжээ. Хазара үндэстэн үнэхээр дарамтлагдсан, гологдсон ард түмэн юм билээ. Монголчуудын байлдан дагууллаас хойш нэг ч удаа сэргэн мандалт явагдаагүй. Дайны хөл тасраагүй гэж Хазарачууд одоо ч ярьдаг. Ер нь ажиглагчид ч тэгж дүгнэдэг. Мэдээж лалын шашинтай дайн байлдаантай газар очиж судалгаа хийнэ гэдэг бол эмэгтэй хүний хувьд нэлээд хүнд байсан.
-Судалгааны ажлаар Афганистан руу явахдаа айж байгаагүй юу, таныг хэн нэгэн ивээн тэтгэдэг үү?
-Мэдээж дайн байлдаантай, лалын шашинтан улс руу ганцаараа явахад эвгүй байсан. Тэнд байдаг Монгол эмэгтэй надад их тус болсон. Ямар нэгэн ивээн тэтгэгч байдаггүй. Би өөрийн сайн дурын үндсэнд судалгаагаа хийж явдаг. Афганистаны дөрвөн хотод очиж судалгаа хийсэн. Кабул, Хираф, Домняан, Газник гэж. Афганд ганц эмэгтэй очоод зураг аваад судалгааны ажил хийнэ гэдэг бас л зориг шаардсан ажил байлаа. Энэ бол монгол хүний давуу тал юм болов уу гэж бодогдсон шүү. Яагаад гэвэл барууны дүр төрхтэй хүн камер бариад "Хазара" айлд очиж зураг авна гэж байхгүй. Харин Монгол хүн байнаа гээд айлд ороход тэр дундаа эмэгтэй хүнд илүү ойр дотно хандаж байсан. Орчуулагч маань ари хэлнээс орчуулга хийж өгч байсан, үнэхээр сайхан байлаа. Айлуудаар очиход Домнян мужийн Монголын "Хашгираа"-ны хот гэдэгт очсон. Чингисийн довтолгооны дараа ийнхүү нэрлэдэг болсон юм билээ. Тэнд очиход хаа сайгүй яс, эвдэрч сүйрсэн ваар сав,төмрийн сэг зэв яг л тэр чигээрээ. Балих гэдэг хотыг эзлээд хэнийг ч үлдээлгүй хүйс тэмтэрсэн гэж хөгшчүүл ярьж байсан. Тэнд нь очоод ярьж байхад нутгийн угуул иргэд энэ довтолгооноос хойш Балых гэдэг хот дахин сэргэн мандаагүй. Энэ хотын туурь дотор гадаад хүн орж байгаагүй. Довтолгооноос хойш дахин хэн ч ийшээ зүглээгүй. "Хараагдсан" хот гэж нэрлэдэг хэмээн тайлбарласан. Тэр дүр зургийг баримтжуулж авсан. Удахгүй телевизээр үзэгч түмэндээ хүргэнэ.
-Та өөрийн судалгааны ажлаа цуврал маягтай хийж байгаа гэж ойлгож болохуу? Дахиад хаашаа зорих бол?
-Тийм цуврал. Цагаан монголчуудын тухай "Тунтрахиймаа" гэж баримтат кино бүтээсэн. Энэ бол нөгөө дээр ярьсан эргэж ирээд аваад явна гэсэн хүлээлтийн 35 бадаг дууны нэр байгаа. Хазара үндэстний тухай хийсэн киногоо "Хайртай гэж хэлж өгөөч" гэж нэрлэсэн. Долоо, найман зуун жилийн өмнө хүчирхэг байсан Хазарчууд өнөөдөр хамгийн доод үндэстэн хэмээн гологдож дарамтлагдаж амьдарч байна. Яагаад бид элэг нэгт үндэстнүүддээ хайртай гэж хэлж болохгүй гэж хэмээн ярьж басан Хазара хүний үгээр нэрлэсэн. Кабулын онгоцонд суугаад 30 минут орчим болж байтал бөмбөг дэлбэрч байсан. Мэдээж надад аймаар санагдаж байсан. Дээд монголчуудын тухай "Монголын төлөөхи зүрх бүхэнд" зориулав гэж нэвтрүүлэг хийсэн. Дээд монголчууд үнэхээр гайхамшигтай 90 мянган хүнтэй мөртлөө. Бичиг, соёлоо авч үлдсэн үндэстэн. Үнэхээр гайхамшигтай юм билээ. Монгол бичгээ хэрэглэдэггүй бидний хувьд ичмээр санагдаж байсныг нуух юун. Дээд монголчууд сонины хороо, сургууль, радио бүгд монгол бичиг, хэлээрээ ярьж бичнэ. Уртын дуу, хөсөг тэрэг, монгол гэртэйгээ үлдэж чадсан. Цагаан монголчуудыг бодвол Дээд монголчуудын амьдрал боломжийн хангалуун бас боловсролтой. Тэдний ганц хүсэл нь монголдоо очиж үзэх юмсан гэж ярьдаг. Бид нэг малчин эгчийнд очоод юм ярьж суутал, тэр эмэгтэй энэ насны амьдрал маань ингээд өнгөрлөө. Хойд насандаа Монголдоо төрж монголынхоо агаарыг нэг амьсгалах юмсан хэмээн ярьж байсан. Үнэхээр үндэсний үзэл, монголоо гэсэн чин сэтгэл дээд зэргээр оршсон үндэстнүүд биднийг хүлээж харж байдаг гэдгийг хүмүүст мэдрүүлхийг хичээж байна. Өнөөдөр манайхан Монголд амьдрал хэцүү боломжгүй гээд яриад байдаг. Гэтэл тэр Лалын шашинтай улс оронтой харьцуулахад монголд бүх боломж байна. Энэ олон аяллын дараа надад өөрийн эрхгүй тэгж бодогдсон.Монголд дэндүү эрх чөлөө байгааг харсан даа.
-Цаашдын төлөвлөгөө юу байна вэ, Яг өөрийн тань судалгааны эцсийн зорилго юу вэ? Монголчуудыг нэтгэх гэсэн бодол уу?
-Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин хот байсан. Хархориноос байлдан дагуулал эхэлж байсан бол яагаад Хархориноос судалгааны ажлаа эхэлж болохгүй гэж бодож байна. Хархорин монголын нийслэл байсан шиг. Монголын баруун нийслэл Ираны Таблиц хот байсан гэдгийг тэр болгон Монголчууд мэддэг болов уу, Иран руу явах гэж олон удаа оролдсон. Үймээнтэй байгаа учраас аялал маань нэлээд хэдэн удаа хойшилсон. Хэдхэн хоногийн дараа Иран явахаар болоод байгаа. Иранд хэдэн мянгаар биш цөөхөн монголчууд байдаг. Иракт ч монгол үндэстэн бий.
-Судалгаа хийгээд явж байхад чинь дээрх Монгол үндэстнүүдээс хамгийн их бидэнд элэгтэй. Монголд ирэх юмсан. Нэгдэх юмсан гэсэн санаатай нь ямар үндэстэн байна вэ?
-Хазара хүмүүстэй уулзаад би монгол байна гэхээр би ч монгол. Бид хаадын удам гэж ярих их дуртай юм билээ. Зарим нь болохоор та нараас болоод өнөөдрийн өдрийг хүртэл пашту хүмүүст дарамтлуул амьдарч байна гээд хялайх хүн ч таарсан. Үнэхээр хамгийн ажилгүй, ядуу, боловсролгүй нь Хазарачууд байдаг юм билээ. Зарим нь монгол гэдэг үндэстнийг мэдэхгүй гэдэг юм. Хамгийн анх таван жилийн өмнө Цагаан монголд очиход нэг настай эмэгтэй биднийг дагаад явахаар шийдсэн л дээ. Тэгээд бид паспорт, виз гэж байдаг. Шууд ингээд явж болохгүй хэмээн учирласан чинь бүр уйлаад дагаад байсан. Зарим үндэстнүүд өрөвдмөөр бараг Бээжин рүү ороход визтэй шахуу юм билээ. Дунсиань үндэстнүүдийн дунд 4-5 сар хамт амьдарсан. Настай хүмүүс нь дунсианаар яриад түүх яриад гэр орныг нь цэвэрлээд тариа тарилцаад цуг байхаар их дотнож бидний мах цусны тасархай гээд уйлаад л хамаг домог, мэддэг бүхнээ ярьж өгдөг. Дан ялангуяа настай эрэгтэйчүүд нь монголд их элэгтэй. Дунсиань хэл нь алтай язгуурын хэл л дээ. Гэхдээ шашнаар дамжаад хэл соёл их өөрчлөгддөг юм билээ.
-Хамгийн түүх, соёлоо авч үлдсэн үндэстэн ямар үндэстэн вэ?
-Дээд монголчууд хятадад уусах боломж байсан. Тэгтэл тэд бичиг соёлоо хадгалаад үлдсэн учраас үнэхээр үндэстнээрээ үлдэж чадсан. Нэг сургуульд зочлоход л монголчуудаа харна гээд бүр цувчихдаг. Монгол хүнийг харах гэж л ирж байгаа юм. Дээд монголчууд Монголын талаарх мэдээллийг сайн авдаг юм билээ. Монголын сонгууль, Ерөнхийлөгч нь хэн юм бэ, яруу найрагч Пүрэвдорж, Цоодол, Хулан, Лхагвасүрэн, дуучин Сосорбарам, Жавхлан гээд сайн мэддэг. Дээд монголчуудын хувьд "Нүүдэл суудал" романыг монгол бичгээр буулгачихсан гэртээ залдаг. "Монголын нууц товчоо", "Хар чоно" орсон айл болгоны хойморт харагдсан. Чингис хааны хөргийг залаагүй монгол айл бараг байхгүй. Монголд Чингис хаанаар тамхи хийчихсэн гэсэн тиймээ гэж асууж байсан. Нэг жишээ хэлье л дээ. Дээд монгол багш залуугийнд Ар монголын нэг хүн Чингисийн зурагтай тамхи бэлэглэж л дээ. Тэгсэн тамхийг нь татаж дуусаад Чингисийн зурагтай хайрцгийг нь бурханы хажуудаа залах гэсэн нэг л зохимжгүй. Шатаах гэхээр Чингисийн зургийг шатаамааргүй байдаг гээд нэлээд олон жил хадгалсан гэж ярьж байсан. Тийм үнэн сэтгэлээсээ үнэмшилтэй хүндэлдэг юм билээ. Ерөөл, магтаал, зан заншил, хувцас хэрэглэл үнэхээр гайхамшигтай. Монгол ахуйг биднээс илүү хадгалж үлдсэн. Улааны шашин, Шарын шашин хоёр 350 жилийн өмнө Хөхнуурт мөргөлдөж л дээ. Цогт хунтайж улааны шашинтай, Гүүш хаан шарын шашинтай. Мөргөлдөөн болоход Тавдугаар далай ламын байр суурь ганхаж эхэлсэн. Тавдугаар далай ламын урилгаар хөх нуурт очиж нэлээд том мөргөлдөөн болж Гүүш хааны ялалтаар дууссан. Дээд монголд Хошууд, Цорс, Ойрад, Халх гэсэн дөрвөн үндэстэн байдаг. Зарим нь 800 жилийн өмнөөс үлдсэн, зарим нь ХХ зууны эхэн үед эсэргүү бослогын үеэр монголоос нэлээд олон лам хувраг очсон байдаг. Гарлыг нь ингэж тайлбарладаг юм билээ.
-Таны судалгааны хамгийн сүүлийн гол үр дүн, зорилго юу вэ, Монголчуудыг нэгтгэх гэсэн санаа юу, Дээрх үндэстнүүдийг монголд авч ирэх гэсэн юмуу?
-Энэ сэдвээр дугараад ирэнгүүт хүмүүс нийлүүлэх гэж байна гэж ихэнх нь ойлгож байна лээ. Зарим нь клуб байгуулья гэж яриад байдаг. Миний гол зорилго бол Манай тусгаар улс монголчууд маань дэлхий даяар тархан суурьшсан монголчуудын талаар мэдлэгтэй байгаасай. Тэднийг мэдэж байгаасай. Байлдан дагуулал, Чингис хаан гэж бахархаад байдаг. Дараа нь юу болсон юм бэ. Дараа нь түүх үргэлжилсэн. Үүнийг үнэнээр нь мэдрээсэй гэж хүсэж байгаа юм. Эргэж ирээд аваад явна гэсэн тийм бодолтой биднийг ахан дүүс минл гэж хүндэлж бахархаж байдаг үндэстнүүд байна шүү гэдгийг мэдүүлхийг хүслээ. Өнөөдөр манай монголчуудын ихэнх нь өөрсдийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаггүй. Хямралтай, ажилгүй, ядуу байна гээд л. Тэгвэл лалын шашинтай, коммунист дэглэмтэй, мэдээлэлгүй хаагдмал амьдарч байгаа монгол үндэстнүүдээ хараад өөрийн улс орондоо эрх чөлөөтэй, сайхан амьдрах боломж байгааг илүү их хараасай гэж хүссэн. Америк, Солонгост ажил хийнэ сайхан амьдарна гээд яваад байдаг. Тэгвэл тэр тусгаарлагдсан үндэстнүүдэд бидний эх орон диваажин мэт санагдаж байна шүү дээ. Монгол гэдэг энэ орондоо сэтгэл хангалуун, боломжоороо баялаг бүтээж амьдарч болохгүй гэж үү. Улс төрийн тухай дурьдахыг хүсээгүй. Зарим хүмүүс хятадуудыг сурталчилж байна гэж шүүмжилж байна лээ. Энэ бол тэр хүмүүсийн мэдлэггүй байгаагийнх нь илрэл. Чи өөрөө хятадын эрлийз үү ч гэх шиг. Монголоо гэсэн сэтгэлтэй үндсэрхэг үзэлтэй байхын тод жишээг харуулхыг зорьсон минь биелэлээ олж байх шиг байна.

Д.Догсмаа /MONTSAME/