понедельник, 30 марта 2009 г.

ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ АРГААС

Хүний тархины үйл ажиллагааг сайжруулах олон арга байдаг. Гол нь түүнийг зөв сонгож, өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж хэвшил болгож чадсан эсэхээс их зүйл хамаардаг. Хэрвээ та тархиныхаа үйл ажиллагааг сайжруулах хүсэлтэй байгаа бол дараах зөвлөгөөг уншаад үзээрэй.
-Биеийн хүчний ачаалал ихтэй ажиллдаг хүний тархины хөгжил сайн байдаг гэх. Үүнийг нотлох зорилгоор Калифорнийн Биологийн хүрээлэнгийн хэсэг судлаачид хулгана дээр туршилт хийжээ. Эргэлддэг дугуйн дотор үргэлжийн хөдөлгөөнтэй байгаа хулганы тархины эд эс хөдөлгөөнгүй байгаа хулганыхаас хоёр дахин илүү хөгжилтэй байжээ. Тиймээс тархины үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд хөдөлгөөний дутагдалд орохоос зайлсхийж байх хэрэгтэй гэнэ.
- Оюун бодлын дасгал хийх: Мөн дан ганц биеийн хүчний дасгал тустай байхгүй. Тархиныхаа янз бүрийн хэсгийг тогтмол ажиллуулж идэвхитэй байлгахын тулд оюуны ажлыг хослуулах хэрэгтэй.
- “Яагаад” гэж асуу: Бидний тархи сониуч байдалд дуртай. Тодруулбал та сониуч зантай бай. Сониуч зангаа хөгжүүлэх хамгийн шилдэг арга бол байнга “яагаад” гэдэг асуултыг тавьж байх явдал. Хэдий энэ нь таны хувьд шинэхэн зуршил байсан ч өдөрт доод тал нь арван удаа яагаад гэж асуухыг хичээгээрэй.
- Аль болох их инээ: Эрдэмтэд инээхийг эрүүл мэндэд тустай хэмээдэг. Инээх явцад стрессээс биднийг гаргах үйлчлэл бүхий эндорфин хэмээх дааврын ялгаралт нэмэгддэг. Ийм байдлаар инээд бидний тархийг цэнэглэж байдаг юм.
- Загас ид: Загас болон грек самранд агуулагддаг тосыг зүрхэнд тустай хэмээн олон жилийн турш үзэж ирсэн. Тэгвэл эрдэмтэд ийм тос нь тархинд ч тустай болохыг тогтоожээ. Уг тосны нөлөөгөөр тархинд очих хүчилтөрөгчийн эргэлт хурдсахаас гадна эд эсийн мембранын ажиллагааг идэвхижүүлдэг.
- Ой тогтоолтыг сайжруулах Тархи: Энэ бол ой санамжийн машин. Иймд хуучны фото цомог, сургуулийнхаа өдрийн тэмдэглэлийг авч хуучны дурсамжаасаа эргэн сана. Үүний дүнд таны оюун ухаан эрэгцүүлэн бодож эргэн санах үйлдэл хийнэ. Ой санамжийн талаарх эерэг сэтгэл хөдлөл нь аливаа асуудлыг шийдэхэд тус болдлг.
-Таавар таа: Бидний зарим нь тааварт, зарим нь оньсгонд дуртай. Аль аль нь таны тархины ажиллагааг идэвхижүүлэх шилдэг арга болж чадна. Тааврыг
зугаа маягтай таах ч үнэндээ бол тархиа дасгалжуулж буй хэрэг.
- Моцартын эффект: Хөгжим сонсоход тэр тусмаа Моцартын хөгжмийг сонсоход хүний математик сэтгэлгээ нэмэгддэг болохыг эрдэмтэд судалж тогтоожээ.
- Дадлага: Унших, бичих, оёх, зурах, үгийн таавар таах зэрэг энгийн үйлдлүүд нь ой тогтоолтыг сайжруулахад ихэд тумтай гэнэ.
-Алкоголийн хэмжээг багасга: Судлаачид 3500 гаруй япон эрчүүдэд судалгаа явуулахад архи бага хэрэглэдэг хэсгийнх нь ой тогтоолт хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийг бодвол илүү сайн байжээ. Харамсалтай нь алкоголийн төрлийн ундаа уух тусам ой санамж улам мууддаг гэнэ.
-Тогло: Хэрвээ танд чөлөөт цаг гарвал тогло. Хөзөр, видеотоглоом, ширээний тоглоом тоглоход хүний сэтгэл санаа сэргэхээс гадна тархины ажиллагаа ч идэвхиждэг.
-Ямар нэг шинэ зүйлээс суралц: Хэрвээ танд ямар нэг сэдэв илүү сонирхотой байдаг бол тэр талаараа илүү сонирх. Хэрэв тийм зүйл байхгүй бол өдөр бүр гадаад шинэ үг тогтоо.
-Бич: Өдрийн тэмдэглэл хөтлөх нь танд хамгийн тустай байх болно. Энэ нь тархины хамгийн сайн урамшуулал болдог юм шүү

вторник, 24 марта 2009 г.

ХАТИГ ӨВЧНӨӨР ШАНАЛЖ БУЙ ХҮМҮҮСТ

Ер нь Хатиг өвчин бол хүний биеийн дотор Идээт үрэвсэл байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Өвчний үүсгэгч нь стафилококк. Чихрийн шижин зэрэг архаг эмгэг хуучтай, эсвэл бие суларсан тохиолдолд өвчилнө. Биеийн үетэй хэсэг хувцасанд үрэгдэж байдаг тэрхүү газарт гардаг. Хатиг нь үений уг, тэр орчмын эдийн цочмог идээт, үхжилт үрэвсэл юм. Хагарч үхэжсэн эд идээ нь гадагшлахаар өвчин нь намддаг. Хатиг гарах гол шалтгаанууд:
- Агаарын бохирдол
- Хөдөлгөөний хомсдол
- Чихрийн шижин, ходоодны євчин, цус багадалт
- Дархлаа сулрах
- Даарах юмуу халууцах
- Ядаргаа зэрэг юм.
Хатиг гарсан vед дур мэдэн шахах юмуу, иллэг хийх зэргээр оролдож болохгvй. Хатуу товгор өвчтөй юм гарсан л бол Календулы настойка гэх спиртыг гарсан хэсэгтээ өглөө, орой тавьснаар хатаах эмчилгээ хийж байгаа юм. Ер нь эмчид үзүүлж зөвөлгөө авах, шарлага, үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгээрэй. Нэгэнт идээлж, хүндэрсэн тохиолдолд зүслэг хийж, үрэвсэл эсэргүүцэх бодис хэрэглэж бооно. Зүсэлт хийсэний дараа цус намдаах К Vitamin хэрэглэх мөн тэр орчимын газар хүйтэн жин тавих хэрэгтэй. Мөн Дархлаа сайжруулах компливит болон Амоксициллин+клавулановая кислота гэх эмийг эмчийн заавраар хэрэглэнэ. Эцэс хэлэхэд биеийн эсэргүүцлээ л сайжруулах явдал юм шүү.

четверг, 19 марта 2009 г.

ӨӨДРӨГ ЯВАХ 25 ЗАРЧИМ

Өөдрөг, ажил бүтэмж сайтай амьдархын тулд дараахь зарчмуудыг уншаарай.
1. Сэтгэлийн их тэнхээтэй яв.
2. Хэн нэг нь Таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.
3. Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсоныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд.
4. Найз нөхрөө зөв сонго. Инээсэн бүхэн нөхөр биш. Чамайг өөд нь татах нөхөр ол.
5. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхийгээ урьд үдэш нь төлөвлө. Удаан, олон жил хийх ажлаа ч төлөвлө.
6. Үгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч, үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн, өөдтэй явсан нь үгүй.
7. Өөрийгээ битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.
8. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдалаа шударгаар хүлээ. Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явсан нь ховор.
9. Өдрийн аль цагт хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг бүү үр. Амрах, хооллоход тэр цаг мөчийг бүү зориул. Цагаа зохицуулж сур.
10. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.
11. Битгий цухалдаж бачимд. Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа. Ядарвал ажлаа хойш тавь. Санаа зовох хэрэггүй. Үе үе хөдлөх, босох, суух, явган явахыг хичээ.
12.Үнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгаас үнэн.
13. Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Үүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгээ зоригжуулж бай.
14. Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хүнтэй элбэх бол түүнтэйгээ зөвлө. Бүтэх эсэхийг тооцоолж, үр дүнг шалгаж бай.
15. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.
16. Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул. Тусал.
17. Хийх гэсэн ажлаа хойш нь бүү тавь. Нэн даруй хийж сур.
18. Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэйг нь ав. Хэрэггүйг нь гээ.
19. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтэмжтэй байх болно. Зорьсондоо хүрэхэд ч хялбар болно.
20. Мэдрэхүй зөн совиндоо хааяа ч гэсэн итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй байх үе бий.
21. Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч сур. Энэ нь амжилт олохын үндэс.
22. Хийж байгаа зүйлээ хэцүү хүнд гэж хааяа бусаддаа ойлгуулж бай.
23. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгээ магтуулахад муу нь юу байхав.
24. Нөхөр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал
Өөртөө их үүрэг, ачаалал хүлээж сур. Тэгвэл илүү ихийг бүтээнэ.
25. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж, гагцхүү зорьсноо хэрэгжүүлэхийг хичээж сур.

воскресенье, 15 марта 2009 г.

САЙН ДУРААРАА ГОО САЙХНАА СҮЙТГЭГЧИД ЭМНЭЛЭГИЙН ҮҮДЭНД ДУГААРЛААД

Гудманд залуус үнсэлдэхээн больжээ.
Гунигтай байна.
Гутал тосолж, хөгжим тоглох ч хүн алга.
Уйтгартай байна.
Савангийн дуурийн гол дүрийн баатрууд намайг тоохгүй инээлдээд
Сайрхах юмгүй үндэстний хүүхдүүд хаад хатдаар мануулаад
Сайн дураараа гоо сайхнаа сүйтгэгчид эмнэлгийн үүдэнд дугаарлаад
Сайхан болжээ зүсүүлээд бай гэж цаадуул нь хөөргөөд
Салалт ойрдоо ихсэх юм гэнэ.
Сонирхолтой байна.
Сайндаж эвлэрэх нь багасах юм байх.
Хачирхалтай байна.
Эрчүүд хайрыг BAR-наас хайцгааж, эмэгтэйчүүд дурлалыг буудлаар түгээцгээж
Эргэн тойрон мөнгө бодсон хүмүүстэй энд амьдрах утгагүй байна.
Гудманд хоёр хос үнсэлдэж байна.
Сайхан байнаа.
Ганцхан би инээж бусад нь ярвайна.
Муухай байна.

Б.Энхтуяа

пятница, 13 марта 2009 г.

ТЭД БИДНИЙГ АВНА ГЭЖ ОДОО Ч ХАРСААР БАЙДАГ

Дээд монгол буюу Хөх нуурын монголчууд дээр манай эрдэмтэд судлаачид очиж байсан юм билээ. Хятадын баруун хойт хэсэгт орших Чинхай буюу монголоор Хөх нуур мужид аж төрдөг Хавт Хасарын удам, түүхэндээ Хошууд гэгдэх дөрвөн Ойрдын нэг бол одоогийн Дээд монголчууд юм. Эдүгээ тэдний үр хойч болох 90-ээд мянган Дээд монголчууд баруун ба зүүн гарын чуулган болон, 29 хошуунд харьяалагдан монгол ёс заншил, бичиг соёл, өв уламжлалаа хадгалан Чинхай мужид төвлөрөн суурьшиж байна. Дээд Монголчуудын тухай түүхийн сурвалж бичгүүдэд нэлээд бичиж үлдээсэн байдаг. Манайхны хамгийн том алдаа нь Хятад улсад байгаа монголчууд гэхээр Өвөрмонгол гээд ойлгочихдог.
Тэгтэл Шиньжаны монгол, Кордогийн монгол, Дээд монгол, Дэлхийн монгол, Цагаан монгол, Цастын монгол гээд ийм олон монгол үндэстэн байна. Дээд монголчууд манай монголчуудыг үнэхээр дээдэлдэг. Монгол бичиг, хэл соёл нь үлдсэн болохоор түүх сурвалжаа их судалсан байдаг. Дээд монголын айл болгон гэртэй гэр дотроо эргэнэг, гуулин шанага, домбо, тулга гээд бүгд байдаг. Хөсөг тэрэг бүгд бий. Тэнд очоод удаан хугацаагаар амьдарсан эрдэмтэд цөөхөн. Буурал эрдэмтэд маань ерөнхийдөө арлаар нь маш сайн мэддэг. Хятадаар бичигдсэн сурвалж бичгүүд их байдаг. Өвөрмонголоос хоёр мужийн цаана амьдардаг, 350 жилийн өмнө очсон үндэстэн гэхэд Өвөрмонголчуудын түүхийн эрэл галавын үеэс шал өөр үндэстэн байдаг. Дээд монголд биднийг галт тэрэгнээс буухад цагаан эсгий дэвсэж, хадаг сүү бариад угтдаг. Хэнтэй ч холбоо бариагүй байхад тэгж хүлээж авч байгаа юм. Тэд биднээс илүү ахуй амьдрал, зан заншлаа хадгалаад үлдсэн, үргэлж биднийг ахан дүүсээ гэж бодож суудаг юм билээ.
-Өөр ямар үндэстэн хаана байна вэ?
-Тархан суурьшсан монголчуудын тухай ярихаар нийгмийн хоёр лагер зайлшгүй холбогдож байгаа юм. Нэгдүгээрт нь коммунист дэглэмтэй, хоёрдугаарт нь лалын шашинтай. Оросд байгаа монголчууд бол ойлгомжтой. Буриад, Тува, Халимаг гээд тэртээ тэргүй монголчууд ярих, судлах дуртай учраас ойлгомжтой сэдэв рүү орохыг бид хүсдэггүй. Хүмүүсийн хүрч чадахгүй байгаа, мэдэхгүй тэр алслагдсан үндэстнүүдийг судлахыг зорьж ажиллаж байна. Афганистаны "Хазара" гэж монгол үндэстэн бий. Энэ нь "мянган морьтон" гэсэн үг. Афганистаны түүхийн ямар ч зохиолд Чингис хааны байлдан дагууллын тухай дурдсан байдаг. Эдүгээ зургаан саяар тоологддог "Хазара" үндэстэн ч мөн энэ л дайны халуун мөр бөлгөө. Цухас дурдахад энэ их дайнд Иран, Ирак, Афганистаны гурван сая гаруй хүн амь үрэгдсэн нь тухайн үедээ тэдгээр улсын хүн амын 30 хувь нь байжээ. Хазара үндэстэн үнэхээр дарамтлагдсан, гологдсон ард түмэн юм билээ. Монголчуудын байлдан дагууллаас хойш нэг ч удаа сэргэн мандалт явагдаагүй. Дайны хөл тасраагүй гэж Хазарачууд одоо ч ярьдаг. Ер нь ажиглагчид ч тэгж дүгнэдэг. Мэдээж лалын шашинтай дайн байлдаантай газар очиж судалгаа хийнэ гэдэг бол эмэгтэй хүний хувьд нэлээд хүнд байсан.
-Судалгааны ажлаар Афганистан руу явахдаа айж байгаагүй юу, таныг хэн нэгэн ивээн тэтгэдэг үү?
-Мэдээж дайн байлдаантай, лалын шашинтан улс руу ганцаараа явахад эвгүй байсан. Тэнд байдаг Монгол эмэгтэй надад их тус болсон. Ямар нэгэн ивээн тэтгэгч байдаггүй. Би өөрийн сайн дурын үндсэнд судалгаагаа хийж явдаг. Афганистаны дөрвөн хотод очиж судалгаа хийсэн. Кабул, Хираф, Домняан, Газник гэж. Афганд ганц эмэгтэй очоод зураг аваад судалгааны ажил хийнэ гэдэг бас л зориг шаардсан ажил байлаа. Энэ бол монгол хүний давуу тал юм болов уу гэж бодогдсон шүү. Яагаад гэвэл барууны дүр төрхтэй хүн камер бариад "Хазара" айлд очиж зураг авна гэж байхгүй. Харин Монгол хүн байнаа гээд айлд ороход тэр дундаа эмэгтэй хүнд илүү ойр дотно хандаж байсан. Орчуулагч маань ари хэлнээс орчуулга хийж өгч байсан, үнэхээр сайхан байлаа. Айлуудаар очиход Домнян мужийн Монголын "Хашгираа"-ны хот гэдэгт очсон. Чингисийн довтолгооны дараа ийнхүү нэрлэдэг болсон юм билээ. Тэнд очиход хаа сайгүй яс, эвдэрч сүйрсэн ваар сав,төмрийн сэг зэв яг л тэр чигээрээ. Балих гэдэг хотыг эзлээд хэнийг ч үлдээлгүй хүйс тэмтэрсэн гэж хөгшчүүл ярьж байсан. Тэнд нь очоод ярьж байхад нутгийн угуул иргэд энэ довтолгооноос хойш Балых гэдэг хот дахин сэргэн мандаагүй. Энэ хотын туурь дотор гадаад хүн орж байгаагүй. Довтолгооноос хойш дахин хэн ч ийшээ зүглээгүй. "Хараагдсан" хот гэж нэрлэдэг хэмээн тайлбарласан. Тэр дүр зургийг баримтжуулж авсан. Удахгүй телевизээр үзэгч түмэндээ хүргэнэ.
-Та өөрийн судалгааны ажлаа цуврал маягтай хийж байгаа гэж ойлгож болохуу? Дахиад хаашаа зорих бол?
-Тийм цуврал. Цагаан монголчуудын тухай "Тунтрахиймаа" гэж баримтат кино бүтээсэн. Энэ бол нөгөө дээр ярьсан эргэж ирээд аваад явна гэсэн хүлээлтийн 35 бадаг дууны нэр байгаа. Хазара үндэстний тухай хийсэн киногоо "Хайртай гэж хэлж өгөөч" гэж нэрлэсэн. Долоо, найман зуун жилийн өмнө хүчирхэг байсан Хазарчууд өнөөдөр хамгийн доод үндэстэн хэмээн гологдож дарамтлагдаж амьдарч байна. Яагаад бид элэг нэгт үндэстнүүддээ хайртай гэж хэлж болохгүй гэж хэмээн ярьж басан Хазара хүний үгээр нэрлэсэн. Кабулын онгоцонд суугаад 30 минут орчим болж байтал бөмбөг дэлбэрч байсан. Мэдээж надад аймаар санагдаж байсан. Дээд монголчуудын тухай "Монголын төлөөхи зүрх бүхэнд" зориулав гэж нэвтрүүлэг хийсэн. Дээд монголчууд үнэхээр гайхамшигтай 90 мянган хүнтэй мөртлөө. Бичиг, соёлоо авч үлдсэн үндэстэн. Үнэхээр гайхамшигтай юм билээ. Монгол бичгээ хэрэглэдэггүй бидний хувьд ичмээр санагдаж байсныг нуух юун. Дээд монголчууд сонины хороо, сургууль, радио бүгд монгол бичиг, хэлээрээ ярьж бичнэ. Уртын дуу, хөсөг тэрэг, монгол гэртэйгээ үлдэж чадсан. Цагаан монголчуудыг бодвол Дээд монголчуудын амьдрал боломжийн хангалуун бас боловсролтой. Тэдний ганц хүсэл нь монголдоо очиж үзэх юмсан гэж ярьдаг. Бид нэг малчин эгчийнд очоод юм ярьж суутал, тэр эмэгтэй энэ насны амьдрал маань ингээд өнгөрлөө. Хойд насандаа Монголдоо төрж монголынхоо агаарыг нэг амьсгалах юмсан хэмээн ярьж байсан. Үнэхээр үндэсний үзэл, монголоо гэсэн чин сэтгэл дээд зэргээр оршсон үндэстнүүд биднийг хүлээж харж байдаг гэдгийг хүмүүст мэдрүүлхийг хичээж байна. Өнөөдөр манайхан Монголд амьдрал хэцүү боломжгүй гээд яриад байдаг. Гэтэл тэр Лалын шашинтай улс оронтой харьцуулахад монголд бүх боломж байна. Энэ олон аяллын дараа надад өөрийн эрхгүй тэгж бодогдсон.Монголд дэндүү эрх чөлөө байгааг харсан даа.
-Цаашдын төлөвлөгөө юу байна вэ, Яг өөрийн тань судалгааны эцсийн зорилго юу вэ? Монголчуудыг нэтгэх гэсэн бодол уу?
-Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин хот байсан. Хархориноос байлдан дагуулал эхэлж байсан бол яагаад Хархориноос судалгааны ажлаа эхэлж болохгүй гэж бодож байна. Хархорин монголын нийслэл байсан шиг. Монголын баруун нийслэл Ираны Таблиц хот байсан гэдгийг тэр болгон Монголчууд мэддэг болов уу, Иран руу явах гэж олон удаа оролдсон. Үймээнтэй байгаа учраас аялал маань нэлээд хэдэн удаа хойшилсон. Хэдхэн хоногийн дараа Иран явахаар болоод байгаа. Иранд хэдэн мянгаар биш цөөхөн монголчууд байдаг. Иракт ч монгол үндэстэн бий.
-Судалгаа хийгээд явж байхад чинь дээрх Монгол үндэстнүүдээс хамгийн их бидэнд элэгтэй. Монголд ирэх юмсан. Нэгдэх юмсан гэсэн санаатай нь ямар үндэстэн байна вэ?
-Хазара хүмүүстэй уулзаад би монгол байна гэхээр би ч монгол. Бид хаадын удам гэж ярих их дуртай юм билээ. Зарим нь болохоор та нараас болоод өнөөдрийн өдрийг хүртэл пашту хүмүүст дарамтлуул амьдарч байна гээд хялайх хүн ч таарсан. Үнэхээр хамгийн ажилгүй, ядуу, боловсролгүй нь Хазарачууд байдаг юм билээ. Зарим нь монгол гэдэг үндэстнийг мэдэхгүй гэдэг юм. Хамгийн анх таван жилийн өмнө Цагаан монголд очиход нэг настай эмэгтэй биднийг дагаад явахаар шийдсэн л дээ. Тэгээд бид паспорт, виз гэж байдаг. Шууд ингээд явж болохгүй хэмээн учирласан чинь бүр уйлаад дагаад байсан. Зарим үндэстнүүд өрөвдмөөр бараг Бээжин рүү ороход визтэй шахуу юм билээ. Дунсиань үндэстнүүдийн дунд 4-5 сар хамт амьдарсан. Настай хүмүүс нь дунсианаар яриад түүх яриад гэр орныг нь цэвэрлээд тариа тарилцаад цуг байхаар их дотнож бидний мах цусны тасархай гээд уйлаад л хамаг домог, мэддэг бүхнээ ярьж өгдөг. Дан ялангуяа настай эрэгтэйчүүд нь монголд их элэгтэй. Дунсиань хэл нь алтай язгуурын хэл л дээ. Гэхдээ шашнаар дамжаад хэл соёл их өөрчлөгддөг юм билээ.
-Хамгийн түүх, соёлоо авч үлдсэн үндэстэн ямар үндэстэн вэ?
-Дээд монголчууд хятадад уусах боломж байсан. Тэгтэл тэд бичиг соёлоо хадгалаад үлдсэн учраас үнэхээр үндэстнээрээ үлдэж чадсан. Нэг сургуульд зочлоход л монголчуудаа харна гээд бүр цувчихдаг. Монгол хүнийг харах гэж л ирж байгаа юм. Дээд монголчууд Монголын талаарх мэдээллийг сайн авдаг юм билээ. Монголын сонгууль, Ерөнхийлөгч нь хэн юм бэ, яруу найрагч Пүрэвдорж, Цоодол, Хулан, Лхагвасүрэн, дуучин Сосорбарам, Жавхлан гээд сайн мэддэг. Дээд монголчуудын хувьд "Нүүдэл суудал" романыг монгол бичгээр буулгачихсан гэртээ залдаг. "Монголын нууц товчоо", "Хар чоно" орсон айл болгоны хойморт харагдсан. Чингис хааны хөргийг залаагүй монгол айл бараг байхгүй. Монголд Чингис хаанаар тамхи хийчихсэн гэсэн тиймээ гэж асууж байсан. Нэг жишээ хэлье л дээ. Дээд монгол багш залуугийнд Ар монголын нэг хүн Чингисийн зурагтай тамхи бэлэглэж л дээ. Тэгсэн тамхийг нь татаж дуусаад Чингисийн зурагтай хайрцгийг нь бурханы хажуудаа залах гэсэн нэг л зохимжгүй. Шатаах гэхээр Чингисийн зургийг шатаамааргүй байдаг гээд нэлээд олон жил хадгалсан гэж ярьж байсан. Тийм үнэн сэтгэлээсээ үнэмшилтэй хүндэлдэг юм билээ. Ерөөл, магтаал, зан заншил, хувцас хэрэглэл үнэхээр гайхамшигтай. Монгол ахуйг биднээс илүү хадгалж үлдсэн. Улааны шашин, Шарын шашин хоёр 350 жилийн өмнө Хөхнуурт мөргөлдөж л дээ. Цогт хунтайж улааны шашинтай, Гүүш хаан шарын шашинтай. Мөргөлдөөн болоход Тавдугаар далай ламын байр суурь ганхаж эхэлсэн. Тавдугаар далай ламын урилгаар хөх нуурт очиж нэлээд том мөргөлдөөн болж Гүүш хааны ялалтаар дууссан. Дээд монголд Хошууд, Цорс, Ойрад, Халх гэсэн дөрвөн үндэстэн байдаг. Зарим нь 800 жилийн өмнөөс үлдсэн, зарим нь ХХ зууны эхэн үед эсэргүү бослогын үеэр монголоос нэлээд олон лам хувраг очсон байдаг. Гарлыг нь ингэж тайлбарладаг юм билээ.
-Таны судалгааны хамгийн сүүлийн гол үр дүн, зорилго юу вэ, Монголчуудыг нэгтгэх гэсэн санаа юу, Дээрх үндэстнүүдийг монголд авч ирэх гэсэн юмуу?
-Энэ сэдвээр дугараад ирэнгүүт хүмүүс нийлүүлэх гэж байна гэж ихэнх нь ойлгож байна лээ. Зарим нь клуб байгуулья гэж яриад байдаг. Миний гол зорилго бол Манай тусгаар улс монголчууд маань дэлхий даяар тархан суурьшсан монголчуудын талаар мэдлэгтэй байгаасай. Тэднийг мэдэж байгаасай. Байлдан дагуулал, Чингис хаан гэж бахархаад байдаг. Дараа нь юу болсон юм бэ. Дараа нь түүх үргэлжилсэн. Үүнийг үнэнээр нь мэдрээсэй гэж хүсэж байгаа юм. Эргэж ирээд аваад явна гэсэн тийм бодолтой биднийг ахан дүүс минл гэж хүндэлж бахархаж байдаг үндэстнүүд байна шүү гэдгийг мэдүүлхийг хүслээ. Өнөөдөр манай монголчуудын ихэнх нь өөрсдийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаггүй. Хямралтай, ажилгүй, ядуу байна гээд л. Тэгвэл лалын шашинтай, коммунист дэглэмтэй, мэдээлэлгүй хаагдмал амьдарч байгаа монгол үндэстнүүдээ хараад өөрийн улс орондоо эрх чөлөөтэй, сайхан амьдрах боломж байгааг илүү их хараасай гэж хүссэн. Америк, Солонгост ажил хийнэ сайхан амьдарна гээд яваад байдаг. Тэгвэл тэр тусгаарлагдсан үндэстнүүдэд бидний эх орон диваажин мэт санагдаж байна шүү дээ. Монгол гэдэг энэ орондоо сэтгэл хангалуун, боломжоороо баялаг бүтээж амьдарч болохгүй гэж үү. Улс төрийн тухай дурьдахыг хүсээгүй. Зарим хүмүүс хятадуудыг сурталчилж байна гэж шүүмжилж байна лээ. Энэ бол тэр хүмүүсийн мэдлэггүй байгаагийнх нь илрэл. Чи өөрөө хятадын эрлийз үү ч гэх шиг. Монголоо гэсэн сэтгэлтэй үндсэрхэг үзэлтэй байхын тод жишээг харуулхыг зорьсон минь биелэлээ олж байх шиг байна.

Д.Догсмаа /MONTSAME/

вторник, 10 марта 2009 г.

АМИТАБА

Данзангийн Нямсүрэн
Яаж би амитаба шиг, хөлөө цэцгэн өлзийгөөр завилах вэ?
Яаж би амитаба шиг, чамайгаа бурханы тигд бүтээх вэ?
Яаж би амитаба шиг, хүйсний нууцыг хуруугаараа томъёолох вэ?
Яаж би амитаба шиг, хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ?
Яаж би амитаба шиг, газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?
Яаж би амитаба шиг, есөн эрдэнийн чулуугаар чамайгаа чимэх вэ?
Яаж би амитаба шиг, уснаас гарсан бүсгүйг эрэг дээр суугаагаар бодох вэ?
Яаж би амитаба шиг, шувуу исгэрэх нохой хуцах, мөн чанар нэгийг ойлгох вэ?
Яаж би амитаба шиг, модны навчис унахыг зүүдээ гэж санах вэ?
Яаж би амитаба шиг, морь зогсоогоороо унтахыг далайн татралт гэх вэ?
Яаж би амитаба шиг, эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлт гэх вэ?
Яаж би амитаба шиг, нэгэн сайхан аялгуу, нэгэн энэ биеэрээ болох вэ?
Яаж би амитаба шиг, үүдний цоорхойгоор тусах наран лугаа цацрах вэ?
Яаж би амитаба шиг, үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайх вэ?
Яаж би амитаба шиг, нисээд явчихсан шувуу адил анир алдрах вэ?
Яаж би амитаба шиг, өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох вэ?
Яаж би амитаба шиг, үүлс бүрхэж мөс хучсан ч сая сая жилд үлдэх вэ?
Яаж би амитаба шиг, үхэл гэгч амьдаас агуулгатайг мэдэх вэ?
Яаж би амитаба шиг, дэнгийн галруу эрвээхэй үйхэд жишимгүй суух вэ?
Яаж би амитаба шиг, дэргэдийн ээжгүй болоход уйлахгүй байх вэ?
Яаж би амитаба шиг, нэг дуу, нэг зөгийг хөнөөдөгийг мэдэх вэ?
Яаж би амитаба шиг, нэг шүлэг нэг цэцэгийг үрдэгийг ойлгох вэ?
Яаж би амитаба шиг, оргүй хоосон алсад буй ертөнц гэдгийг таних вэ?
Яаж би амитаба шиг, он цаг, амьдрал хоёр үгийг мэдэх вэ?
Яаж би … амитаба

понедельник, 9 марта 2009 г.

ТҮРЭМГИЙЛЭЛ СУЛ ДОРОЙН ШИНЖ

Хүүхэд байхдаа би том хүмүүс яагаад өчүүхэн зүйлээс болж байнга, ихэнхдээ хорсолтойгоор хэрэлдэж нэг нэгнийгээ дандаа гомдоодог юм бол гэж олонтаа бодон толгойгоо гашилгадаг байж билээ. Манай ангийн бүх найзуудын гэр оронд ч гэсэн гэр бүлийн иймэрхүү төстэй хэрүүл маргаан байдгийг мэдээд би том болоод хэзээ ч уурлаж, гэр бүлийнхээ эе эв түнжинг эвдэхгүй дээ гэж шийдсэн байлаа. Хожим нь энэ гамшигтай сэтгэлийн хөдлөл миний сэтгэлд байгааг мэдэхэд аймаар санагдаж, сул зоргоор нь тавивал ямар ч хянахын аргагүй их хүчтэй болдгоос эмээдэг байлаа.
Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт ажиллаж байхдаа урьд нь хэзээ ч төсөөлж байгаагүй их уур ил болон далд хэлбэртэй байдгийг харж байлаа. Өвчтөнүүдэд сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэхийн тулд цохидог зөөлөвч байрлуулсан өрөөтэй байх талаар хариуцсан эмчид санал болгож билээ. Дургүйцэл, өсөрхөл, дайсагнал, үзэн ядалт, айдас эдгээр бүхэн уураас гаралтай ба уур нь манай өвчтөнүүдийн хамгийн гол зовиур болж байлаа. Миний шинжлэх ухаанч бодлоор, уур нь эволюцийн хөгжлийн үр дүнд бий болсон учраас уур хүрэх, түүнийгээ илэрхийлэх шаардлагатай, илэрхийлэх ч ёстой, учир нь энэхүү зүй ёсны сэтгэлийн хөдлөлийг дарж хаавал сэтгэцийн олон талын асуудал бий болно гэж үзэж байлаа. Энэ итгэл үнэмшлийн баталгаа нь миний нүдний өмнө, өвчтөнүүдийн байдал байлаа. Мөн амьд үлдэхийн тулд түрэмгийлэл зайлшгүй хэрэгтэй гэдэг нийгэмд тогтсон итгэл үнэмшлийг батлах маш олон баталгаа байлаа. Дэлхийг ноомой даруу байсан нь өвлөнө гэсэн библийн сургаалийн тухай ор тас мартаж, хайр дурлал, наймаа, спорт, улс төрд амжилттай байх цорын ганц зам нь зөвхөн өөрийнхөө зорилгыг түрэмгийлэн гүйцэлдүүлэх ба энэ явцад өөрийн хомхой үйлдлээс болж хэнийг ч хохироож, хорлохоос сийхгүй байх гэж үздэг. Тэр үед байсан, одоо ч байгаа нэг маргаан бол хүн ба амьтны зан араншинг шинжлэх ухааны судлалд оруулах уу, үгүй юу гэсэн асуудал юм. Материаллаг ертөнцийн хувьд, эрдэмтэд, хөдөлгөөнд оршиж байгаа химийн элементүүд, биетүүдийн байдлыг ажигласны үндсэн дээр тогтсон дүрмийг гаргаж чадна, тэдгээр элементүүд сэтгэлгүй учраас тэдгээрийн сэрэхүй юмуу жинхэнэ санааг анхаарахгүй байж болно. Харин амьтан, хүний ертөнцийн хувьд, ганцхан зан байдлын ажиглалтаас үндэслэн хөдөлшгүй дүрэм тогтоох хэцүү, учир нь, зан байдал нь тухайн нэг үйлийг үйлдэх гол шалтгаан болдоггүй. Зан байдлыг шинжлэх ухааны түвшинд ойлгоход гагцхүү сэтгэлийн үүргийг ойлгохоос хамаарах ба бидний ихэнх нь бусдын сэтгэлийг мэдэх чадваргүй учраас зан байдлын судалгааны салбар нь хүний өөрийн сэтгэл дотор явагдах шаардлагатай. Энэ салбарын анхдагчдын нэг болох Зигмунд Фрэйд тэргүүтэй эрдэмтэдийг хэтэрхий субьектив хандлагатай хэмээн тохуурхан үздэг байжээ. Энэ хавхаас зайлсхийхийн тулд сэтгэлийг шинжилж, түүний үйлдлийг ойлгох тодорхой, нарийн газрын зураг хэрэгтэй. Түүнийг үйлдэх онол ба арга барилыг хоёр мянга таван зуун жилийн тэртээ Бурхан багш тайлбарлажээ. Олон тооны бясалгаачид мөрийн үр, нирваан, гэгээрэлд хүрснээр Бурхан багшийн сургаалийн зөв гэдгийг баталсан байна. Шинжлэх ухаан нь баримтын субьектив нарийвчлалын талаар болгоомжтой хандах олон шалтгаантай байх боловч бодит байдлыг мэдэх мэдлэгт шинжлэх ухааны хэрэгслээр хүрэх бололцоогүй, харин сэтгэлээр түүнийг мэднэ. Бурхан багшийн айлдсан бодит байдлын тухай сургаалийг нотлох ганц арга нь бясалгах ба түүнийг өөртөө үзэж мэдэх юм. Шинжлэх ухаан ба шашин хоёрын ялгаа нь мэдлэг ба сүсэг бишрэлдээ биш. Ганцхан бодит байдал байгаа, зөв сүсэг бишрэл ба мэдлэг нь хоёр системийн аль алины чухал хэсэг болдог. Алдаатай мэдлэг ба итгэл үнэмшил нь буруу ойлголт, хүмүүс хоорондын зөрчилд хүргэдэг бөгөөд шинжлэх ухаан ба шашин хоёрыг зэрэг сэвтүүлдэг. Эволюцийн хөгжлийн дутуу онолоор зан байдлын тухай тайлбартай харшлаагүй боловч Бурхан багш өөрийн сэтгэл хийгээд өөрийн тухайн зан байдлыг сэдэж байгаа сэтгэлийн хөдлөлүүдийг шинжлэн ажиглажээ. Бурхан багш, өөрийн үндсэн хоёр хэрэгцээг хангах буюу жаргалтай байх ба зовлонгүй байхад ямар сэтгэлийн хөдөлгөөн хэрэгтэй ба ямар сэтгэлийн хөдөлгөөн хэрэггүй вэ гэдгийг тодорхойлжээ. Тэрээр эхнийхийг хэрхэн дадлагажуулж, харин сүүлийнхийг орхин тэвчих замыг нээн, урьд хэзээ ч байгаагүй нирвааны амгаланд хүрчээ. Бусад хүмүүс тэрхүү аргыг дагаснаар бас нирваанд хүрсэн нь бүх сэтгэл ерөнхийдөө адилхан байдалтай гэдгийг тийнхүү тодорхойлсон юм. Тэгш эрх гэж өнөөгийн улс төрийн ариун эрхэм зарчимыг Бурхан багш сургаалдаа өгүүлэхдээ ямар ч хүн, амьтаны аль ч хувь төрөлхтөн аз жаргалтай болох, зовлонгоос ангижрахад нэг нөгөөгөөс илүү эрхгүй гэжээ. Бурхан багш, юу ажигласнаа тайлбарлахдаа, хүмүүс жаргалтай байж, зовлонгүй байхаар зорихдоо өөрийн эрх өөр нэгнийхээс илүү байна гэж ойлгосноос өөрийн зорилтоо санаандгүй улам их холдуулдаг аж. Зовлонд дургүйцэх нь жаргалд шунах аминч хүсэлд саад болж байгаа зүйлд аяндаа уурлах, өсөрхөхөд хүргэдэг, гэвч уурласнаар жаргалтай байх ямар ч боломжийг үгүй хийдэг. Энэ ажиглалт нь үнэхээр шинжлэх ухааны үндэстэй, учир нь хүн ба амьтны зан байдал хийгээд түүний үр дүнгийн тухай тогтсон дүрмийг дүгнэн гаргаж болно. Жишээ нь: уур буюу дургүй хүргээд байгаа эд зүйлийг хорлох юмуу устгахыг хүсэж байгаа сэтгэлийн түгшүүртэй, ухаангүй байдал нь эрээд байгаа тайван байдалд ч, жаргалд ч хүргэдэггүй. Үүнийг амьдралдаа болж байгаа зүйлсийг ажиглаж, уурлах нь үр бүтээлгүй ба гагцхүү зовлонг бий болгодог бодит байдлыг харах замаар батлах бололцоотой. Дараа нь уургүй болж, хүсээд байгаа тайван, жаргалтай байдалд хүрэхийг хүснэ. Хүн, амьтны үйл амьдралтай хамаатай өөр нэгэн тогтсон дүрмийг олно: тэр нь асрал хайрлал буюу бусдын аз жаргалтай, зовлонгүй байгаад баярлах сэтгэл нь сэтгэлийн угийн аз жаргалтай байдал бөгөөд түүний хаа байгаа газар ямагт тайван, баяр баясалыг түгээдэг. Олонхи хүмүүс түрэмгийллийг зөвтгөхдөө хэрвээ тэмцэхгүй бол хорлолд гүйцэгдэнэ гэж үздэг. Бурханы шашины үзлээр бол үзэн ядалт нь өөрөө хорлол бөгөөд ямар ч нөхцөлд түүнээс зайлсхийх ёстой байдаг. Өөрийг хамгаалахад хүчээр тулгасан үед дайсандаа энэрэнгүй хандан хамгаалах ёстой. Ихэнх тохиолдолд бидний өөрсдийн зөрчилт байдал бусад хүмүүс бидэнд дургүйцэх, дайрах шалтгаан болдог; хэрвээ үргэлж энэрэнгүй сэтгэлээр ярьж, үйлддэг бол дайсантай байх хэцүү. Бурхан багш өөрийг нь хөнөөх гэсэн атаач, ууртай хүмүүстэй тулгарч байсан боловч тэрээр ямар ч нөхцөлд энэрэнгүй ханддаг нь тэднийг хорлох бололцоогүй болгож байжээ. Уургүйгээр хувь хүний болон нийгмийн шудрага бус явдлыг эсэргүүцэх боломжгүй, эсвэл уурлахгүй бол сул доройн шинж гэж үзэх нь утгагүй. Харин түрэмгий байх нь сул доройн шинж юм, хулчгар хүний арга зам. Зөрчлийг уураар биш хайраар шийдэхэд хамаагүй илүү их зориг шаарддаг. Бусдын сэтгэлд байгаа уурын галын дөлөөр өөрийн сэтгэл дэх уурын галыг ноцоовол бид болон дэлхий ертөнц алдагдана. Хэрвээ эрх мэдэлтэй байвал түүнийг хавчигдаж, дарлагдаж байгаа хүмүүсийг хамгаалахад ухаалаг, энэрэнгүй байдлаар ашиглаарай. Үнэндээ бол эдийн засгийн юмуу арьс өнгөөр ялгаварлан дайн хийж байгаа хирнээ түүнийг хүмүүнлэгийн довтолгоон гэж зөвтгөвөл туйлын муу ёс суртахуунгүй явдал юм. Уурыг, түүний ерөндөг тэвчээрээр зогсоож, түүний эсрэг хайраар урвуулбал сэтгэлийн хөдлөлийг дарах, түүнээс үүсэх сэтгэцийн тэнцвэргүйдэлд орох аюулгүй болно. Ганцхан гарах үр дүн нь аз жаргал.

Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төв

четверг, 5 марта 2009 г.

ХОРВООГИЙН БҮХ ЭЭЖҮҮДЭД ЗОРИУЛАВ

Ээждээ болон хорвоогийн бүх ээжүүддээ Март 8 баярын мэндийг хүргэж та бүхэндээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!!! Та бүгэд минь уртын урт насалж үр биднийгээ баярлуулж яваарай. "08.03.09"

ЭЭЖДЭЭ
Ээжээ та миний хайртай наран
Элгэндээ нааж хүн болгосон амьд бурхан
Буян гуйж хичнээн ч удаа сөгдөн мөргөвч
Бурханаас ч илүүтэй таныгаа л би шүтдэг шүү

Тэртээ уулын орой цайвалзан дайвалзан бөхийх шиг
Тэргүүнд тань хяруу унаж насыг тань орчлон элээнэ
Тэрлэг тань томдож өөрөө та жижгэрсээр
Тэгсэн ч таны минь хайр ер дундрахгүй

Дандаа ээжийгээ баярлуулж явна даа гэж боддог хэрнээ
Даанч их зовлонг асуулгүйгээр танд би авчирдаг
Давилуун, дэврүүн миний цагаан лайнд
Даль жигүүр ургатлаа л та баярладаг

Ганцаардаж гутрах болгонд тандаа л үнсүүлж тайтгардаг
Газарт хөл хүрэхгүй баярлахдаа тандаа л дуулгах гэж онгирдог
Яаж ч аягласан намайг тэр чигээр нь хүлээж авах
Яруухан урсгалтай гол ертөнцөд ганцхан та юм шүү

Хайр тань надад сайхан сэтгэл болж ууссан
Халамжаар тань би ертөнц урлаж гундахгүй амьдарна
Дэлхийгээр дүүрэн сайхан бүсгүйчүүд инээмсэглэн байдаг ч
Дэндүү сайхан таныг минь гүйцэх нь даанч алга даа


Б.Чулуунцэцэг

БИ ХАЙРЫГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА

Чи дурлаж үзсэн үү? Аймшигтай зүйл биз? Хэн нэг нь чиний цээжийг, зүрхийг тэр чигээр нь онгойлгож ороод дотор нь бусниулаад хаячихдаг. Сэтгэл зүрхээ өвтгөхгүйн тулд чи өчнөөн жил хамгаалалт, бэхэлгээ бий болгосон байтал бусад тэнэг хүмүүсээс ялгарахгүй нэг тэнэг амьтан чиний тэнэг амьдралд шууд нэвтрээд ордог....тэр гуйгаагүй байсан ч түүнд өөрийн сэтгэл зүрхний хэсгээс өгчихдөг. Нэг л өдөр тэр үнсэх ч юмуу, чамруу инээмсэглэх мэтийн шал утгагүй зүйл хийхэд л чиний амьдрал дахиж чиний байхаа больдог.
Хайр үргэлж барьцаалдаг. Дотор чинь орж бага багаар чамайг идээд эцэс сүүлд нь харанхуйн дунд нулимстай чинь үлдээгээд л алга болчихдог.
"Хоёуулаа ер нь найзаараа л үлдсэн нь дээр юм байна" гэх хөгийн энгийн өгүүлбэр шилний хэлтэрхий болж зүрх сэтгэлийг чинь сийчдэг. Үнэхээр өвддөг. Сэтгэл, бие бүх л зүйлийг өвтгөдөг... дотор чинь ороод чамайг хэдэн хэсэг болгож тасдаж хаятал өвтгөдөг!
Би хайрыг үзэн ядаж байна... дахиад хайр иртэл үзэн ядах болно !!!


вторник, 3 марта 2009 г.

ЗӨВ ОРЧИН

Орчин ямар байна, та тийм л байна. Хүмүүн бид бүхнийг байнга орчин тойрон оршиж байдаг бөгөөд хуучинаар оршиж байсан орчинд та орж болох бөгөөд бас шинээр орчинг бүрдүүлж чадах хүчин танд бас байдаг. Ямар орчинд та аж амьдралаа бэхжүүлж тордоно таны аж амьдрал яг л тийм байх болохоор өөрийнхөө хийж буй бүх үйлс болон бодон төлөвлөж байгаа зорилго бүхнээ өөрийн сэтгэл зүрхэндээ тунгаан бясалгаж чадваас таны орчин маш зөв байдлаар оршин тогтнохын үндэс тавигдаaд зогсохгүй бусдад үлгэр дууриал болж таны орчин зөв байдлаар оршин тогтнох болно. Маргааш юу хийх гэж байгаа болгоноо дотороо зөв үү? буруу юу? гэдгийг бодож сурваас таны үйлс хэрэгт алдаа дутагдал бага байхаас гадна зөв орчинг бүрдүүлэх эх үндэс тэндээс л ундарахыг ойлгож сурах хэрэгтэй.Амьдралд аливаа ажил үйлс зөндөө,учирч нөхөрлөх найзууд олон таарах тул өөрөөсөө илүүтэйдээ нь нөхөрлөхийг дээдэд үзсэнээр таны орчин бат бэх оршихоос гадна таны ухаан бодол болон сэтгэл санаа уужим болж цэцэглэх нь гарцаагүй. Түм буман ертөнцөд янз бүрийн нөхцөл байдалтай төрөл бүрийн орчин ахуй оршиж байдаг. Таны эргэн тойронд гэр бүлийн орчин,найз нөхөдийн орчин,ажил хөдөлмөрийн орчин гээд л бүх л анги давхрагад орчин оршиж байдаг боловч хүн тус бүрд харилцан адилгүйгээр үйлчилэхдээ зөвхөн таны зан харилцаа, ёс зүй, ухамсар оюунтай зохицолдох буюу үл зохицолдон оршдог. Тиймээс өөрийн амьдралынхаа өдөр бүрийг тордон арчлан цэцэглүүлэж үр шимийг нь хүртэн аж төрөхийн тулд зөв орчинг эрэн хайх буюу зөв орчинг буй болговол таны цорын ганц дээдийн дээд хүсэл болох аз жаргалд хүргэж өгөх гүүр тань болно. Орчин болгон адилгүйгээр танаас зан харилцаа, ёс зүй болон оюуны ухамсарыг шаардах бөгөөд зөв орчинд орох эсхүл таны шинээр бүтээх гэж буй орчины бүх л нөхцөл бололцоо ганцхан танаас шалтгаална гэдгийг мартаж болохгүй. Орчин гэдэг энэ нэр үгний цаана бүх л бүтэн өгүүлэхүүн өгүүлэгдэхүүн байгаа болохоор тэр бүхнийг энд бичих нь уншигч таныг залхаана гэдэг нь лавтай учир зөвхөн энд өөрөө өөрөөрөө зөв орчинг бий болгох тухай бичиглэх гэсэн юм. Сайн хүнийг олж танихад бэрх байдаг болохоор өөрийн зөв орчинг бүрдүүлэхийн тулд таны хийх эхний алхам бол харилцаж буй хүнээ сайтар шинжихийн ялдамд бусад хүмүүстэй хэрхэн нөхөрлөдөгийг ажиглавал зохино.Тэрхүү хүмүүн өөр бусадтай муухан харилцаж байна уу?эсхүл сайн харилцаж байна уу? гэдгийг зан харилцааны угаас язгуур сэтгэлийг нь шинжэх хэрэгтэй. Язгуур сэтгэлийг нь үл ойшоон зөвхөн өнгөцхөн дүгнэлтийг гаргавал алдаа болох нь дамжиггүй. Муу хүмүүс аливаа нөхцөл байдалд жинхэнэ нүүрээ халхлаж сурсан байдаг болохоор та андуурч болзошгүйг анхаар! Иймээс өөрөөсөө дээд хүмүүнтэй нөхөрлөвөл илүү ихийг мэдээд зогсохгүй таны оюун ухаан тэр хэмжээгээр тэлэх учир зөв орчинд орох буюу зөв орчинг буй болгоход амар буйзаа. ”Ном бол ертөнцийг харах цонх мөн” М.Горькийн сүүрс алдан хэлсэн энэ үгний цаана жинхэнэ өөрийн зөв орчинг бүрэлдүүлэх уг үндэс оршиж байна. Зөв орчин ахуйг бүрэлдүүлэхийн тулд та өөрөө зөв чигтэй байх ёстой. Энэ бол таны хийх хоёрдахь алхам юм.

воскресенье, 1 марта 2009 г.

ЗҮГЭЭР Л НЭГ АМЬДРАХ ЮМСАН


Ц.Хулан

Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад . . .
Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж
Амрагаа хүлээж
Амраг минь адуунаасаа ирж
Зүгээр л нэг амьдрах юмсан . . .

САРНАЙН ЦЭЦЭРЛЭГ

Гоо үзэсгэлэнгээрээ алдартай нэгэн эмэгтэй тухай сонсоод түүнийг олж уулзахаар холын замд гарлаа. Хотод нь очоод харвал үнэхээр үгээр хэлж үзгээр бичишгүй үзэсгэлэнтэй нэгэн ажээ. Хүмүүсээс гэрлэсэн эсэхийг нь сураглавал түүний нөхөр нь үзэшгүй муухай хүн гэнэ. Сониуч зан минь хөдөлж түүнтэй уулзаад: "Та ийм хөөрхөн дур булаам нэгэн атлаа яагаад заавал ийм хүнтэй гэрлэсэн юм бэ?" гэж лавлавал: "Та миний сарнай цэцгийн хүлэмжинд зочлооч. Дараа нь би танд учрыг нь хэлье гэлээ." Хэдийгээр гайхсан боловч араас нь даган цэцэрлэгт орлоо. Хорвоогийн хамаг сайхан сарнайг цуглуулан тарьсан, үлгэрийн цэцэрлэг байлаа. Бүсгүй: "Та дотогш ороод хамгийн сайхан сарнай цэцгийг надад аваад ирээч. Хэрэв өмнөхөөсөө илүү сарнай тааралдвал урьдын авсан сарнайгаа орхиж болно". Цэцэрлэгт ороод урагшлах алхам бүрт минь өмнөхөөсөө олон цэцэг тааралдаж байсан тул гартаа авсан цэцгээ доош унаган явлаа. Цаашлах бүр олон өнгөөр алагласан цэцэг улам их гарч ирж би шилж авсаар явлаа. Гэтэл төгсгөлд нь хүрэх үед хатаж хорчийн зүсээ алдсан, үхэж байгаа сарнай байх нь тэр... Харамсавч багадахаар зүйл болжээ. Учир нь эмэгтэй намайг хүлэмжиндээ оруулахдаа" Та үлдсэн цэцэг илүү сайхан байсан гээд эргээд явж болохгүй" гэж сануулсан юм. Тэгээд нөгөө цэцгээ барьсаар эмэгтэй рүү очлоо. Тэр надад "Та яагаад энэ цэцгийг сонгож байгаа юм бэ?" гэж асуулаа. "Би хамаг сайхан сарнайг олох гэж яваад цэцэрлэгийн төгсгөлд хүрэхэд захад энэ сарнай л байлаа. Эргэж буцъя гэтэл нэгэнт оройтсон хэмээн тайлбарлалаа." Тэгэхэд бүсгүй надад: "Надад ч бас ийм зүйл тохиолдсон юм. Хамгийн сайхан залуугийн эрэлд гарч, олон арван сайхан залуу надтай сууя гэж ирдэг байсан ч би илүү сайхныг хүлээн огт зөвшөөрдөггүй байлаа. Гэтэл хамгийн сүүлд энэ хүнтэй суусан юм даа гэж хэлсэн юм.

УУЧЛАХ ГЭДЭГ УХААНЫХ

Дунд сургуулийн нэг багш сурагчиддаа нэгэн туршилтанд оролцохыг хүсч байгаа эсэхийг нь асуулаа. Мэдээж энэ нь "Амьдралын" гэсэн тодотголтой байсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татсан учраас тэд ч дуртай нь аргагүй зөвшөөрлөө. Тэгтэл багш нь дараагийн өдөр хүүхэд тус бүрийг 5кг төмс, 1 гялгар уутан тор авчрах даалгавар өгөхөд хүүхдүүд багшийнхаа чухам яах гээд байгааг нь огт ойлгоогүй ч маргааш нь хүүхэд тус бүр ширэээн дээр төмс болон гялгар уутнууд бэлэн болсон байв. Багш анги руугаа ороод өөр рүү нь асуусан нүдээр харах сурагчиддаа "За одоо та нар өнөөдрийг хүртэл үзэн ядаж байсан юмуу дургүй хүмүүсийнхээ нэрийг нэг нэг төмсөн дээр бичээд тор руугаа хий" гэж хэлэв. Ийн хэлээд удаа ч үгүй байтал зарим хүүхдийн торонд хэдхэн төмс орсон байхад заримынх нь бүр дүүрэн болсон харагдана. Ингээд бүх хүүхдүүд торондоо төмсөө хийж дууссаны дараа багш нь: "Одоо та нар төмстэй тороо хаа явсан газраа авч яв. Унтахдаа орныхоо хажууд тавь, автобусанд суухдаа, тэр ч байтугай хичээлдээ ирэхдээ хүртэл авч яваарай" гэж хэлэв. Энэ өдрөөс хойш долоо хоног өнгөрөв. Ингээд тогтсон хугацаа болж багшийг ангид оров уу үгүй юу л "Багшаа ийм хүнд ачааг үргэлж барьж явах надад хэцүү байна, багшаа төмснүүд ялзарч эхэлсэн, би залхаж ядарч байна" гэх зэрэг үргэлжилсэн их гомдол тавьжээ. Гэтэл багш нь инээмсэглэн байж: "Аливаа хүнийг уучлахгүй байх нь тэднийг бус өөрийгөө шийтгэж байдаг юм гэдгийг та нар ойлгосон гэж бодож байна.Ингэснээр бид өөртөө л хүнд ачаа үүрдэг. Ер нь эцэст нь хэлэхэд “Бусдыг уучилна гэдэг бол чиний өөрөө өөртөө хийж байгаа сайн зүйл юм" гэж хэллээ.