четверг, 29 января 2009 г.

САЙНЫГ СИЙЛЖ ҮЛДЭЭ

Энэ түүх хоёр дотны найзын тухай өгүүлдэг юм.
Энэ хоёр найз аян замд явахдаа нэг удаа ам муруйн муудалцаж нэг нь нөгөөгөө алгаджээ. Алгадуулсан найзынх нь хацар тун их өвдсөн боловч тэрээр юу ч хэлэлгүй элсэн дээр ингэж бичжээ:
"Өнөөдөр миний хамгийн сайн найз намайг алгадсан."
Хоёр найз явсаар цөлийн дундах нэгэн баян бүрдэд иржээ. Тэгээд тэнд усанд орж амрахаар шийджээ. Усанд сэлж байтал алгадуулсан найз нь гэнэт намагт шигджээ. Намаг түүнийг хүчтэй сорон доошилж байлаа. Үүнийг харсан найз нь маш хурдан сэлж ирэн намгаас татаж гарган аварчээ.
Аврагдсан найз нь намгаас гарсны дараа нэг том хадан дээр "Намайг миний хамгийн сайн найз аварлаа" гэж бичжээ.
Найзыгаа алгадаж дараа нь аварсан нөгөө найз нь, "Чамайг алгадахад минь элсэн дээр бичсэн хэрнээ, аврахад минь яагаад хадан дээр сийлж байгаа юм бэ" гэж асуухад нөгөөх нь:
"Хэн нэгэн бидэнд муу зүйл хийхэд бид түүнийг сэтгэлдээ элсэн дээр бичих хэрэгтэй. Учир нь уучлах салхинд амархан арилаг. Харин хэн нэгэн танд сайн зүйл хийх юм бол чулуун дээр сийлэх хэрэгтэй. Ямар ч салхи бүү хийсгэн алга болгог гэсэндээ"
"Мууг элсэн дээр, сайныг хадан дээр сийлж сурцгаая."
Таны амьдралын хамгийн чухал хүнийг олоход ганц хором байдаг бол түүнийг мартахад бүх амьдралаа зориулдаг.

пятница, 23 января 2009 г.

ЗАГАС МЭТ

Түүний үглэн дуулахыг хэн ч тэвчихийн аргагүй. Харин би өөрийнхөө зохиосон аргын хүчээр л олон жил юу ч болоогүй мэт амьдарч чадаж байгаа юм. Анх хурим хийсний маргаашнаас л тэр үглэж эхэлсэн юм. “Адилхан залуу хосууд хуримын аялал хийгээд гадаадад амарч байна. Гэтэл чи бид хоёрын байж байгааг, амьтан хүмүүсээс би ичиж байна. Нүүр хуурайшаад байна, тос авч түрхэх юмсан, чиний цалин амьдралд хүрэхгүй байна. Би л хувьдаа ингэж хуруу хумсаа хуйхлах шахсан, ядуу тарчиг амьдарч чадахгүй”. Гэвч тэр надтай хамт амьдарсаар арваад жил өнгөрсөн байлаа.
Гэрлээд сар өнгөрсний дараа би өөрийнхөө аргыг нээж олсон юм. Тэгээд аргаа "загас мэт" хэмээн нэрлэхээр шийдэж билээ. Энэ ертөнцөд магадгүй хамгийн оносон нэр юу вэ гэвэл миний зохиосон аргандаа өгсөн нэр байж таарна. Түүнийг үглэж эхлэхэд нь би "загас мэт" байдалд шилжин ордог юм. “Би чамтай гэрлэж, амьдралдаа ямар том алдаа хийгээ вэ? Өөр олон сайхан залуучууд намайг эргүүлж байхад очиж очиж, амьдрах чадваргүй цаас шагайхаас өөр эрдэмгүй чамтай гэрлэдэг би яасан азгүй хүн бэ? Хүүхдийн чинь сургалтын төлбөр нэхэгдээд байна. Чи юугаа бодоод гөлийгөөд байгаа юм бэ? Үгүй, чи сонсож байна уу? Манайх гэдэг айл хоёрхон өдрийн махтай, таны хэдэн халтар юм буусан уу?”
Хариу юу ч үл сонсдоно. Би загас мэт байдалд хэдийнээ шилжин орсон болохоор загас мэт таг дуугүй. Нарны гэрэл цонхоор ёлтойн тусна. Удахгүй газар гэсэж, хаврын урь орох нь дээ! Цонхны цаана модон дээр том жижиг хоёр шувуу зэрэгцэн суугаад жиргэж байна. Ямар дуугаар жиргэж байгаа бол сонсох юмсан. Даанч би "загас мэт" байдалд шилжчихсэн байгаа. Дээврийн цас хайлж, дэргэд под подхийн дуссаар, ар нуруугаа наранд хандуулан зогсвол хачин таатайгаар ээнэ. Том жижиг хоёр шувуу жиргэж, жиргэж эвэр хошуу нь чилсэн янзтай, баруун зүг урд хойноо орон нисэн одов. Тэдний сууж байсан модны мөчир дээр том эрээн муур хэл амаа долоон, шувууны ан хийх гэсэн нь бүтээгүйд сэтгэл дундуур байдалтай, цээжээ хүржигнүүлсээр үлдэв. Манай авгайд орос дарга нь нутаг буцахдаа дурсгал болгож өгсөн энэ муур ховдог, хонхолзуур гэж учир байхгүй. Шанага сүү уучихаад цадахгүй, өөдөөс цэхийгээд суудаг юм. Олон удаа төөрүүлж хаяна даа гэж бодсон ч хүүхдүүд минь их эрхлүүлж эвийлээд байхаар нь болоогүй юм. Бага хүү минь бүр өвөртөлж унтах нь холгүй, түүнтэй тоглоно. Би бүр аргаа бараад тэр муурнаас холдуулах санаатай, хүүдээ дөрвөн алтан загас худалдан авч өгөв. Хүүхдүүд минь шилэн саван дотроо хөөцөлдөн тоглох, гялтганасан шаргал загаснуудыг сонирхон нэг хэсэг өнөөх муурыг мартав. Одоо л хээр аваачиж хаяна даа хэмээн бодож байтал нэг өглөө аквариум зөвхөн ус, өөр юу ч үгүй хоосон. Тэнд амьд амьтан ганц ч үлдсэнгүй. Хөөрхий дөрвөн загасыг минь энэ "цэхэр" муур зооглож орхижээ. Энэ явдалд нь шалтаглаад “айлд муур байх муу гэдэг юм, энэ мууг төөрүүлж орхиё” гэсэнд эхнэр минь зөвшөөрсөнгүй. “Манай даргын дурсгал чамд гай болоо юу, буянтай хүний үлдээсэн юм, надад буянаа өгч байгаа юм. Энэ гэрийг хэн тэжээж байна!!!” Загас мэт байдалд шилжихээс өөр аргагүй болж билээ.
Тэгэхэд би анх удаа хамгийн удаан буюу долоо хоног "загас мэт" байдалд шилжсэн юм даг. Хэнтэй ч юм ярихгүй загас мэт дуугүй байх хичнээн сайхан болохыг би мэднэ л дээ! Гэхдээ тэр хэдэн хоногийнх шиг тийм сайхан байсныг санадаггүй юм. Үүлэн завсраар шагайх нар ямархан илч гэрэлтэй байдаг билээ. Түүн шиг л "загас мэт" байх тэрхэн үед би чухам л аз жаргалаар дүүрэн байлаа. Сүүлдээ өөрийгөө хязгааргүй далай тэнгист дураар сэлгүүцэн яваа загас мэтээр төсөөлж, дэргэд гарах түмэн янзын дуу шуугианыг сонсолгүй, гагцхүү урагш л тэмүүлэн, алсыг ширтэж, ярихыг хүсвэл дотор хүнтэйгээ л элдвийг ярилцан хачин тунгалагхан байв. Загас мэт байдлаас бодит амьдрал уруугаа шилжихийн урьд өдөр айсандаа би золтой л ухаан алдаж унаагүй. Цонхоор гадагш нааш цааш яаран явах хүмүүсийг харж зогстол эхнэрийн минь эрээн муур над руу гэтэн гэтсээр дөхөж явааг харав. Яг л модон дээр суугаа шувуу шүүрэх гэж буй мэт, эсвэл усан дотор яваа загас шүүрэхээр мярааж яваа мэт аяархан. Дэргэд байсан савтай цэцгийг би түүн рүү нүүлгэв. Огло үсрэн бултаад цааш гүйж одов. Тэр өдөржингөө миний араас гэтэв. Эгзгийг минь тааруулж байгаад над руу дайрах гээд байгааг би зөнгөөрөө мэдрээд байв.Шөнө нь ч олигтой унтаж чадсангүй. Аварга том ирвэсэнд бариулж байна гэж хар дарж зүүдлээд хамаг биеийн хар хөлс асгарчихсан сэрэв. Өглөө эрт загас мэт байдлаасаа гарав. Тэр өдөр муур намайг дагаж гэтэж мярайхгүй байгааг анзаарав. Гэвч учрыг нь сайн олохгүй л байлаа. Хэд хоногийн дараа загас мэт байдалд шилжихээс өөр аргагүй болов. Учир нь гудманд бага залуугийн найзтайгаа гэнэт тааралдаад ялимгүй хэтрүүлээд оройтож харив. Үүдээр оров уу, үгүй юу:
-Та хаагуур юугаа хийж тэнээд байдаг юм бэ? Чи яасан баян хүн бэ? Баян хүн л шөнө орой баар саваар явж авгай хүүхэн эргүүлдэг юм. Архи гударч байхаар хэдэн хүүхдэдээ талх бариад ирвэл дээргүй юу? Би тэвчихгүй нь. Ингэж амьдарч чадахгүй нь. Больё чи минь. Ханалаа.
Гэвч тэр надтай амьдарсаар хорин долоон жил өнгөрчээ. Даруйхан загас мэт байдалд шилжив. Гэтэл эрээн муур хамаг биеэ хураагаад над руу үсрэв. Нүдний үзүүрт ярзайсан соёо шүднүүд...
Хоолой ам учиргүй хорсож байлаа. Хажууд эхнэр уйлаад сууж байна. Хэдэн муу хүүхэд минь айж сандарсан юмнууд өндөр намаараа эгнээд орны өмнө зогсоно.
Муур яасан бэ хэмээн арай ядан асуув. Хүзүү ам битүү боолттой бололтой. Бага хүү амаа ангалзуулан:-Аав аа, та загас болж хувираад, эрээн муур тань руу дайраад... гэхэд эхнэр минь үгийг нь тасалж:
-Загас шиг муриганаад байхаар чинь хөөрхий амьтан андуураад дайрсан байлгүй.
Харин би өөрийгөө загас болсон гэдэгт эргэлзэхгүй байв. Эрээн муур цонхны тавцан дээр цагираглан хэвтэнэ.
Аргаа өөрчлөхөөс...
Нохой мэт....

НАЙЗ



Томдсон дэгжин хувцастай уруулаа будсан
Бяцхан охин надтай байсхийгээд уулзана
Том хүний хувцасаар гоёлоо гэж ээжээрээ загнуулна, дахиад л зэмлүүлнэ
Энэ бол миний эрх багын дүрсгүй найз

Толгойдоо түмэн мөрөөдөлтэй, болзох гэж гоёсон охин
Торомгор алаг нүдээрээ инээмсэглэн баярлалаа гэх шиг
Салаалж сүлжсэн үс нь үнэхээр хөөрхөн зохиж дээ
Сайн ажвал шохоорхол түүнийг надтай холбожээ
Энэ бол миний сурагч насны минь томоогүй найз

Ид залуугийн гоо сайхныг гайхуулах шиг
Ихэмсэг бөгөөд даруухан
Надтай ойр ойр боловч богинохон уулзахдаа
Нууцхан инээмсэглэнэ , сэтгэл хангалуунаар
Залуу нас нь түүнийг чимжээ , өөр гоёл ч хэрэггүй
Энэ бол миний одоо үерхдэг сайн найз минь

Энгэсэг зузаан түрхэж , үнэтэй хувцасаар гоёх гэж хичээжээ
Ээрээд надтай уулзчихвал салах нь удаан
Зовлон тоочно , хөнгөхөн санаа алдана , гэхдээ гандан буураагүй ээ
Энэ харин миний ирээдүйн найз бололтой

Өдөр хоног өнжин хааяа нэг уулзахдаа
Мэндийн зөрөөтэй , бараг л учрах нь ховордож дээ
Энэ миний өтөл насны минь ганцхан үнэнч найз
Ингэж эгэл бүсгүй миний толь хэлэх байсан байх даа

суббота, 17 января 2009 г.

Т. Очирхүү "НAДАД УРАМ ХАЙРЛА"

Хүмүүс ээ! Надад урам хайрла!
Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла!
Анх хөлд орж байгаа алдрай жаахан хүүд
Алхаарай, алхаарай гэж дэм хайрла!

Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд
Эрдэмтэй хүн болно оо хичээ гэж урам хайрла!
Анхны цалингаа аваад баярлаж байгаа хөвгүүнд
Аавын хүү эр хүн болж гэж шан хайрла!

Амьдралд нэг эндээд гэмшиж суугаа хүнд
Ахиад алдахгүй ээ хө гэнэдэж гэж ухаан хайрла!
Өдий жил ч хол байна даа гэж хүлээж суугаа амрагт
Өө юухан байхав гэж итгэл хайрла!

Өндөр нас ч дарлаа даа гэж гуньсхийж суугаа бууралд
Өвөө та ануухан байна даа гэж урам хайрла!
Хүмүүс ээ! Надад урам хайрла!
Хүч тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэл хайрла!

1978 он

суббота, 10 января 2009 г.

ТИТЭМ ҮГ 2009 ОН

Монгол Соёлын Төвийн Хүндэт гишүүн Нацагийн Багабандийн "Титэм үг" -ийн үргэлжлэлийг оруулж байна. Ухаарал хайрласан энэхүү ард түмэндээ хандсан захидлыг та ч гэсэн уншина гэдэгт би итгэлтэй байна.
Гэртээ аз жаргалтай байдаг
тэр хүн аз жаргалтай
2009 оны 01 сарын 03
Эх орон нэгт элгэн түмэн монголчуудад минь морилон ирж байгаа шинэ 2009 он аз жаргал авчрах болтугай. “Хөдөлмөр бол аз жаргалын эцэг”. Аз жаргалтай байя гэвэл зүрх сэтгэл, оюун ухаан, мэддэг чаддаг бүхнээ ажил хөдөлмөрт зориул. Тэгж чадвал Та аз жаргалыг эрж хайх бус аз жаргал Тань дээр өөрөө гэрэл гэгээ сацруулан хүрч ирнэ. Өөдлөе өгсөе, хөгжье дэвжье гэвэл мачийн махран хөдөлмөрлө! Хөдөлмөр шиг хүнийг өөд нь татдаг юм байдаггүй гэдгийг урьд урьдаас илүү мэдэрцгээе.
Ажил хөдөлмөрт шунан дурлаж, ажиллаж хөдөлмөрлөж байгаагаа аз жаргал гэж үздэг тийм хүмүүс л жинхэнэ аз жаргалыг амсаж эдлэж байдаг юм. Хөгжил дэвшилд ч хөдөлмөрлөж байж хүрнэ, хүндрэл бэрхшээлийг ч хөдөлмөрлөж байж туулна. Шинэ онд өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, өргөн олон түмнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлөцгөөе.
“Газар хагалах нь яруу найраг бичихтэй адил тийм нэр төртэй үйлс гэдгийг ухаараагүй ямар ч үндэстэн хөгжил цэцэглэлтэд хүрч чаддаггүй” гэнэ. Мал сүргээ маллаж, тариа ногоогоо тарьж, барилга байшингаа барьж, эрдэс баялгаа ашиглаж, оюуны баялгаа арвижуулж, яруу найраг, яруу тунгалаг хөгжмөө туурвин, нэр төртэй үйлс бүхнийг бүтээж, хөгжил цэцэглэлтийн өндөрлөг өөд итгэл төгс урагшилцгаая.
Өөр хоорондоо болон өөр улс үндэстэнтэй эв найр, эвлэрэл зохицлыг эрхэмлэе. Ямар ч хямрал бэрхшээл тулгарлаа гэсэн улс үндэстнээ гэх нэгэн үзүүрт сэтгэл Та биднийг бат бэх холбож байг. Хамгийн бат бэх холбоо уучлалаас болон найрамдлаас бүрддэг гэдэг. Уучлах нэгнээ уучилж, найрамдах нэгэнтэйгээ найрамдаж, өнгөрсөн гомдлыг мартан, өнийн баяраа хамтдаа хуваалцая.
Манай нийгмийн үндэс болсон гэр бүл амар амгалан, аз жаргалтай байг. Эмэгтэй хүнд зовлон учруулах замаар эрэгтэй хүн, улмаар гэр бүл аз жаргалтай байна гэж хэзээ ч үгүйг эрхбиш ухаарая. Бие биенээ чин сэтгэлээсээ хайрлацгаая. Хайрлах болон хайрлагдана гэдэг бол аз жаргалын охь манлай юм. “Гэртээ аз жаргалтай байдаг тэр хүн чухам аз жаргалтай”. Та бүхэндээ гэр бүлийн аз жаргалыг ерөөе!
Цаг заваа дэмий юманд бүү үр
2009 оны 01 сарын 07
Та бидний өвөг дээдэс цаг чамайг хүлээхгүй, нар намайг хүлээхгүй гэж сургамжлан захисан. Энэ сургаал үг цагийн юмыг цагт нь амжуул гэсэн утгыг агуулахын хамт цаг заваа дэмий юманд бүү үр гэсэн санааг давхар илэрхийлсэн гүн утгатай. “Мөнгө үнэтэй, хүний амьдрал түүнээс үнэтэй ч цаг хугацаа бүхнээс үнэтэй” гэсэн нэгэн ухаантны үгийг би өмнө ишлэн өгүүлж байснаа давтан хэлж байна. Цаг хугацаа бүх зүйлээс хамгийн үнэтэй нь гэдгийг цаг нартай уралдан бүтээж, туурвидаг хүн бусдаас илүү ойлгон хэрэгжүүлнэ. “Хэрэв цаг хугацаа хамгийн үнэтэй зүйл юм бол цагийг гарздах нь хамгийн том үрлэг мөн”. Харамсалтай нь ихэнх хүмүүс “хамгийн том үрлэгийн” эзэд байдаг. Хүн мөнгөө дэмий юманд үрчихвэл харамсдаг. Тэгсэн мөртлөө бүхнээс үнэтэй алтан цагийг дэмий үрж гарздаж байна гэдэгтээ тэр болгон харамсдаггүй.
Хүмүүс мөнгөтэй, мөнгөгүй, их мөнгөтэй, бага мөнгөтэй янз бүр. Харин тэнгэр бурхан хүн бүхэнд ижил тэгш хайрласан, мөнгөнөөс хавьгүй үнэт баялаг бол “Цаг”.
Цагийн үнэлэмж хүн бүрт өөр, өөр. Нэг хэсэг нь цагийг нүдний цэцгий мэт хайрладаг үнэт эрдэнэсийнхээ магнайд залж дээдэлнэ. Нөгөө хэсэг нь цаг завгүй гэж үглэнэ. Зарим нь цаг нөхцөөх гэж зовно. Цагийг шал дэмий зүйлээр оролдон өнгөрөөдөг хүн цөөнгүй. Цаг хугацаа хурдан өнгөрөөсэй гэж хүлээсэн хүнд цаг хэчнээн удаан өнгөрнө гээч. Жаахан удаад өгөөсэй гэж хүссэн хүнд цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрнө. “Дундаж хүмүүс цагийг яаж үрэхийг бодож байдаг бол авьяаслаг хүмүүс түүнийг яаж зөв ашиглахыг бодож байдаг” гэж хэлсэн нэгэн гүн ухаантны үгтэй санал нийлэхгүй байхын аргагүй. Ухаант залуус та нарыг цагийг яаж зөв ашиглахыг бодож байдаг хүмүүс байгаасай гэж хүснэ. Зөвхөн бодоод суугаад байх биш цаг алдалгүй хэрэгжүүлдэг болоосой гэж бүр их хүсч байна.
“Хэрэв сайн л ашиглаж чадвал цаг ямагт хангалттай олддог” юм. Цагийг сайн ашиглах хосгүй эрдэмд шамдан суралцах хэрэгтэй. “Цагийг үрэлгэн өнгөрөөх нь бүхнээс муу хэрэг” гэдгийг зүрхэндээ мэдэрч, чөмгөндөө шингээж авсан хүн цагийг үр ашигтай өнгөрөөдөг болно.
“Эргээд сайн харах юм бол амьдралын ихэнх хэсэг нь балай тэнэг явдалд үрэгдсэн байдаг. Мөн багагүй хэсэг нь хийх юмгүй суухад зориулагдаж, амьдрал бүхэлдээ хамгийн хэрэгтэй тэр зүйлдээ ерөөс зарцуулагдаагүй байдаг” гэж эртний Римийн нэгэн ухаантан уулга алдан харамсчээ. Хамгийн хэрэгтэй тэр зүйлдээ амьдралаа зориулахын тулд цагийг зөв ашиглаж сурах шаардлагатай. Тэгж байж амьдралынхаа ихэнх хэсгийг балай тэнэг явдалд үрэхгүй. Цагийг үр ашиггүй нөхцөөж байгаа хүн шүүрэн шанагаар ус хутгаж суугаа хүнтэй л адил. Юу ч хийхгүй зүгээр суух юм уу хэвтэж л байвал аз жаргал гэж үзэх нь мунхаг хүний үйлдэл, асар их гажсан төөрөгдөл мөн. “Хүн зүгээр сууж, гунигтайгаар амиа тээхийн тулд биш, Аугаа их үйл хэргийг гүйцэтгэхийн тулд төрдөг” гэдгийг залуу хүн бүр оюун ухаандаа тогтоож, Насан туршдаа санаж яваарай.
Амьдралдаа хэрэгтэй дэг журам тогтоохыг хичээ. Дэг журамтай хүн бүтээлч байдаг юм. Ажилсаг бүтээлч хүмүүс хэрэгцээтэй дэг журмыг тогтоон хэвшүүлж, түүнийгээ ягштал мөрдөж байж амжилт олсон жишээ захаас аван бий. Харин үр ашиггүй, Хэрэгцээгүй дэг дэглэм тогтоож өөрийгөө хааш нь ч чөлөөтэй хөдөлгөхгүйгээр баглаж хүлэх нь сайн зүйл биш. Тиймэрхүү хэв маягт баригдсан хүн өөрийгөө царцааж, яваандаа хөлдөөж ч мэднэ. Бусдын тулган хүлээлгэсэн дэг журамд хүлэгдвэл эрх чөлөөт нэгэн байхаа больж, тэрхүү дэг журмын боол болон хөөрхийлөлтэйгээр зовно. Цаг хэмнэхэд сургадаг тийм дэг журмыг тогтоон хэвшүүлж чадвал амьдралдаа асар их буян хишгийг хураан авлаа гэсэн үг. Сайн дэг журмын амин сүнс нь сайн төлөвлөлт. Нягт нямбай сайтар бодож, сайн төлөвлөвөл ажлынхаа хагасыг нь нугаллаа гэж бод.
Одоо хийчихэж болох зүйлийг дараа гэж хэзээ ч бүү хойш тавь. Хойш тавина гэдэг сэтгэлийн ов мэх болохоос өөр юу ч биш. Хойш тавьсан ажил дараа нь чамд амар хялбар байна гэж хэн хэлж байгаа юм бэ? Дараа нь амар хялбар болно гэж горьдохын ч хэрэггүй. Би боломжтой цагийг хүлээж байна гэж хээв нэг хэлж суугаа хүн өөрөө өөрийгөө хуурч, цаг нөхцөөж байгаа ядарсан аргатан. Тэр боломжтой цаг нь ирээ ч үү, үгүй ч үү. Ирлээ ч үр ашиг багатай. Яагаад гэвэл алдсан цагийн хором тутмаар аливаа ажил үйлийн хэрэгцээ, Ашиг тус хорогдоно.
Дэмий юм ярьж, цаг нөхцөөх хэрэг бүр ч байхгүй. Ялангуяа хов живнээс холхон байсан нь дээр. Өнөөдөр чамд бусдыг ховлож байгаа хүн маргааш чамайг бусдад ховлоно. Харин амьдралд хэрэгтэй тустай зүйл ярьж, зөвлөж байгаа ухаант хүний үгийг амтархан сонс. Чи түүний ярианы цэнгэг булгаас ангаа цангаагаа тайлж, ухаан далайгаас нь хувь хүртэнэ.
Өнгөрсөн үед тохиосон урьдын муу муухай дурсамжийг сөхөн ярихгүй байхыг хичээ. Уур уцаар, гомдол гуниг, өшөө хорсол, үзэн ядалтаас өөр юу ч авч ирэхгүй. Харин ч дуусч, дундаршгүй хэрүүлийн бузар тарьж, аниж байсан шархыг сэдрээж, даарин дээр нь давс үрэх болно. Уур хорсол уур хорслоо л үржүүлдэг. Энэ тойрогт эцэс мухар байхгүй. Тиймээс уур хорсол тээж явах хэрэгцээ шаардлага огт үгүй гэдгийг санаж яв. Хорссон хүмүүс, хүний биен дээгүүр дургүй хүргэн гүйж, зөвхөн шархтай газарт нь зогсдог ялаатай адил гэсэн тааламжтай бус зүйрлэлийг нэгэн нэрт зохиолч хэлсэн. Хорсолтой хүн хэзээ ч аз жаргалтай байдаггүй юм. Ажилгүй зүгээр суух нь цаг заваа дэмий үрэхийн адгийн цаадах адаг билээ. “Ажилгүй зүгээр суух нь зөвхөн харанхуй бүдүүлэг байдлыг төрүүлээд зогсохгүй өвчин үүсгэх шалтгаан болдог” байна. Юу ч хийхгүй байхаас илүү хортой шаналгаа энэ ертөнцөд байхгүй юм гэсэн. Залуус та нар ийм хортой шаналгаагаар зовж шаналж суух учиргүй ээ. Зүгээр суусан хүний сэтгэл зэвэрч, оюун санаа нь хогийн хорт ургамалд идэгддэг. Зүгээр суугаад байвал тэнгэр бурхнаас заяасан гайхамшигт авьяас билэг ч асч байсан лаа шиг урсаж багассаар бөхөж, атаршина. Юу ч хийхгүй зүгээр сууж, дэмий холхин цагийг нөхцөөгсөд нэн удалгүй түүндээ дасал болж, гараа хөдөлгөж, тархиа ажиллуулахаас дургүй нь хүрч, залхуугийн намагт улам бүр гүн шигдэнэ. Улмаар өөрөө дүрсэн тэр хавхнаас хөлөө сугалахад бэрх болно.
Хийх ажилгүй амьдралд живж орхивол муу зуршилд идэгдэнэ. Хүний сайн чанаруудыг хөнөөгч муу зуршлууд олширчээ. Энэ муу зуршлуудад идэгдвэл хүн бүр муу муухай юм лавшруулан хийж эхэлнэ. Энэхүү муу зуршлыг архи хэмээх амьдралын дайсан тэргүүлж байна. Ер нь “архидалт бүх гажигийн эх” байдаг. Архидалт, гэмт хэрэг хоёр төрсөн ах дүүс. Төмөр сараалжин цонхтой архины мухлагаас өргөст торон хашаатай шоронгийн хаалга хүртэл өргөн дардан зам засаастай бэлэн байна. Олон золгүй явдлыг өдөөгч эх үүсвэрүүд архины тунгалаг шингэн өнгөнд ил харагдахгүй ч ад хорлолын хар бараан сүүдэр нь далд нуугдаастай отож байдаг юм. Эр нөхрийнх нь гудран уусан архи эхнэр, хүүхдийнх нь нулимс болон садран асгарна. Хар тамхины бөөн хар аюул хаалга тогшиж эхлэв. Хар тамхитай ямар нэг байдлаар холбогдсон хүн амь амьдралаа сонголтгүйгээр үрэн таран хийнэ. Тэдэнд ариун гэгээн юм гэж нэг ч үлддэггүй. Хуурна, залилана, хулгайлна, дээрэмдэнэ, мансуурна, донтоно. Бүх муу муухай үгний цуглуулга хар тамхичин дээр овоорч, эцэс сүүлдээ хайран биеэ хөнөөнө. Архинд хөлчүүрсэн хүнийг садар самууны зам хүзүүгээр нь оосорлосон дуулгавартай нохой адил хөтлөнө.
Тоглоом, наадгай хайран цагийг залгих шунаг сувдаг тулам юм. Тоглоомондоо улайрсан хүн цаг яаж өнгөрснийг ч тэр бүр мэддэггүй. Тоглож болно оо. Тэгэхдээ цаг хязгаартай байх ёстой. Энгийн цагаан тоглоомноос мөрийтэй хар тоглоом руу гулсвал тоглоом шоглоом болон хувирна. Мөрийтэй тоглоом зөв замаар өгсөж явсан хэчнээн олон сайхан хүнийг буруу зам руу түлхэж уруудуулсан билээ дээ. Мөрийтэй тоглоомноос болж амьдрал уруудан доройтсон хүнийг ч, учруулсан хохирлын өгсөж талийсан өндрийг ч хэмжих аргагүй. Сэтгэл санаанд учруулах хохирол нь уул, далай мэт. Архинд шунан донтож архаг архичин болдог бол тоглоомонд шунан донтож хорхойссон тоглоомчин болж мансуурна. Тэр ч бүү хэл өсвөр насны хүүхэд хүртэл шинэ цагийн тоглоомонд донтож, сэтгэл мэдрэл нь гажигтах болсон нь юутай их харуусал. Тоглоомны дон хүүхэд, залуус та нараас холын хол далд өнгөрөг. Зугаа цэнгэл, шалиа балианд зарсан өдөр хоног, цаг мөчийнхөө төлөө хожмын өдөр чи харамсан халаглана. Гэхдээ тэр үед бүх юм урсан өнгөрсөн байх вий. Урсаад өнгөрсөн голын усыг буцаан урсгаж болох биш. Хий харамсаж, өөрийгөө зүхэхээс цаашгүй.
Хүний амьдрал богинохон шүү. Хором хормоор хорогдох алтан цагийг хий дэмий юманд бүү үр!
Өөрийн замаа өөрөө бүтээ
2009 оны 01 сарын 08
Эрхэм залуус аа! Өөрийн замаа өөрөө бүтээ. Та нар амьдралын ямар замаар явах вэ? гэдэг сонголтынхоо бэлчир дээр ирсэн байна. Баруун тийш явах уу, зүүн тийш явах уу, урагшлах уу, ухрах уу гэдгээ шийдэх насандаа нэгэнт хүрчээ. Та бүхнийг аугаа их үйл хэрэг хүлээж байгаа. Тэрхүү аугаа их үйл хэргийг гүйцэлдүүлэх уртын урт аян бас хүлээж байна. Аяны харгуй мэдээж дардан биш, энхэл донхолтой, саад бэрхшээлтэй. Тэр бүгдийг зориг тэвчээр заан давах учиртай. Хүн бүхэнд өөрийн гэсэн амьдралын зам бий. Замаа зөв эхлүүл.
“Бараг бүх үйл хэрэгт хамгийн хэцүү нь эхлэл байдаг” учир эхлэлээ зөв тавихад туйлын нухацтай хандах ёстой. Сайн эхлэл ажил үйлсийн тал нь гэсэн үг ч бий. Амьдралын зорилгоо тодорхойл. Аливаа зорилгогүй амьдардаг хүмүүс их мөрний усанд хөвөн одох өчүүхэн зомголын хувь заяатай ив ижилхэн. Урсгал хайшаав, зомгол тийшээ. Тэд амьдралын замаар өөрсдөө ухамсартайгаар явдаггүй, харин тэднийг урсган авч явдаг юм. Урсгал даган хөвж явахгүйн тулд миний найз Ц.Балдоржийн хэлснээр “Сөрж амьдар”. Сөрж амьдарсан хүн амжилтанд ч хүрнэ, алдрын оргилд ч гарна.
Амьдралынхаа утга учрыг мэд. “Амьдралынхаа утга учрыг мэддэггүй хүмүүс туйлын эмгэнэлтэй байдаг” гэж нэгэн ухаантан хэлсэн байна. Эртний скандинав хүний сүлд нь зээтүү байжээ. Түүн дээр “Бид зам хайж байна. Зам байхгүй бол замаа бий болгоно” гэсэн цэцэн үгийг сийлсэн байсан гэнэ. Тэд замаа бий болгосон. Одоо та нар өөрийн замаа хай. Байхгүй бол замаа бүтээ. Амьдрах эрчим буцалсан, чармайлт зүтгэлтэй, бүтээлчээр амьдрах замыг сонгон зорихоор эргэлт буцалтгүй хатуу шийдэх хэрэгтэй. Амжилт олсон ихэнх хүмүүс яг та нарын насан дээр өөрийнхөө амьдралыг орвонгоор нь эргүүлсэн байдаг. Ингэж чадсанаар тэд аз жаргал, алдар сууг олох замаа бүрэн чөлөөтэй нээж авсан нийтлэг нэгэн зүйл намтар цадигт нь байдаг юм. Македоны Александр хорьхон насандаа хаан ширээнд сууж, хорин таван насандаа тив дэлхийг эзэгнэсэн хаан болсон. Тэр үе, одоо цаг хоёр чинь тэмээ, ямаа шиг өөр шүү дээ. Би одоо цагт дэлхийг эзэгнэсэн хаан болох юм уу гэж өнгөцхөн, гоомой бодож магад. Тиймээ, одоо цагт ч гэсэн дэлхийг эзэгнэсэн хаан болох бүрэн боломжтой. Та нар усан тэнэг биш, төрөлхийн ухаалаг хүмүүс. Тэр тусмаа хүн бүрт тодорхой сод ухаан бий. Хэрэв түүнийгээ нээж олоод, хөгжүүлж чадвал тэр сод ухаан, авьяас билгээрээ ертөнцийг дагуулах боломж бий. Угаагч хүн насан туршдаа чин сэтгэлээсээ даавуу угаасаар бурхан болж, диваажинд очиж болно гэж ном сударт бичсэн байдаг нь зүгээр ч нэг хоосон үг биш байх. Та нарын хэрэглэж байгаа интернэт хэмээх их хаант улс дэлхийг бүрхэн эзэгнээгүй гэж үү? Та нарын сонирхон үзэж байгаа киног ертөнцийн өнцөг булан бүрт үе тэнгийнхэн чинь амтархан үзэж суугаа. Энэ бүхнийг таниуусын нэгэн адил усан нүдтэй, цусан зүрхтэй төрсөн хүн бүтээж, дэлхийг эзэгнэн мандаж байна. Та нарын сонсох дуртай хамтлаг, дуучдыг орон орны залуус шимтэн сонсож байгаа. Тэд хүн төрөлхтний оюун санааг эзэмдэн, байлдан дагуулж од болон гялалзаж байна. Эд цөм залуу насандаа од болсон шүү дээ. Та нар ч тэдний нэгэн адил их үйлсийг бүтээн цогцлуулж чадна. Энэ бидний хувьд санашгүй санаа, гэтэлшгүй даваа, тэдний явдаг харгуй тусдаа гэж бодож яваа бол туйлын буруу. Амьдрал гэдэг ямагт урагш тэмүүлж, өөдөлж өгсөж, боловсорч, зорьсондоо хүрэхийн нэр. Аугаа зүйлд аугаа эрч хүчээр л хүрнэ. Тэр эрч хүч та нарт байгаа. Одоо харин дээд зэргийн хичээл зүтгэл гаргаж шавхагдашгүй эрч хүчээ дайчлан ашиглах хэрэгтэй.
Хүний дур зорго гэж нүдэнд харагдаж, гарт баригдахгүй мөртлөө замыг зааж залж явдаг шидэт зүйл бий. Дур зорго дөнгөж сургаж эхэлж байгаа эмнэг үрээ шиг зүг чиггүй, хамаа намаагүй, хар хурдаараа цойлон урагшлах гээд байдаг. Ялангуяа залуу хүний дур зорго ёстой л дөрвөн зүг найман зовхист тэмүүлэн тэлүүлэнэ. Замаа бүтээхэд дур зоргоо зөв залах нь онцгой чухал үүрэгтэй. Дур зорго нь хүн өөрөө хэнтэй ч хуваалцахгүйгээр насан туршдаа төгс өмчилж чадах цорын ганц өв хөрөнгө юм. Түүнийгээ хааш нь залж, юунд зарцуулах нь чиний эрх. Дур зоргыг зөв тал руу хандуулах уу, буруу тийш залах уу гэдэг нь хүн бүрийн өөрөө хариуцан шийдэх асуудал. Зугаа цэнгэл хийгээд тачаал хөөхөөр зүглэж чиглэсэн дур зорго богино хугацааны дотор чөтгөр шулмын мөн чанарт хувилж, оюун ухаан нь түүний боолын боол, босгоны шороо болон дарлагдах аюултай. Атаа жөтөө, шунал тачаал, мунхарлын хар хорыг сэтгэлдээ бүү тариал. “Муу үр хурдан соёолдог” юм. Муу үр нэгэнт соёолсон бол түүнийг дарж авахад бэрх болно. Хүний шунал тачаал цадигаа алдахаар сэтгэлийн сайхнаа гээж адгуус болох осолтой. “Ямар ч бодож санах зүйлгүйгээр, ёс зүйгүйгээр зугаа цэнгэлд автсан хүмүүсийн амьдралд үнэ цэнэ гэх юм байдаггүй”. Мод цэцэглэхийн тулд эх дэлхийн газар шороонд үндэслэх учиртай. Хүн цэцэглэхийн тулд дур зоргоо зөв зүгт залах ёстой. Сайн сайхныг хөөцөлдөхөөр зүглэж чиглэсэн дур зорго амжилт бүтээл, алдар хүндийн индэр рүү чамайг хөтөлж, оюун ухаан оройн дээд чимэг болон хүндлэгдэж, үнэний амт шимт, эрх чөлөөний баяр баяслаар халгиулна.
Замаа бүтээхэд чинь мэдлэг хэмээх их хүч чамд туслана. Гэхдээ хуурай хусран мэдлэг хэнд ч хэрэггүй. Өдөр тутмын амьдралдаа хэрэглэж, хэрэгжүүлэх тийм мэдлэг чиний замыг гэрэл гэгээ болон гийгүүлнэ. Бүх хэрэгцээг чинь бэлэн зэлэн бэлдээд, цэцэг барин тосч байдаг амьдралын зам хаа нэгтээ бий гэж хууртан андуурав. Тийм өөгүй тэгш, галт тэрэгний зам шиг гажих займчих чөлөөгүй зам өдий хүртэл хэнд ч заяагаагүй. Ийм замыг аль нэгэн ачтан засан өгч, хөтлөн аваачна гэж амаа ангайн, гараа тосон хүлээвэл холын зэрэглээг голын ус гэж андууран хөөсөөр цангаж үхдэг гөрөөсний гунигт хувь заяанаас өөрцгүй тавилан чамайг хүлээнэ. Амьдралын замыг амар хялбараар төсөөлж болохгүй. Хүний амьдрал гэдэг сайн муу нийлж сав дүүрдэгтэй л адил юм. Тиймээс таатайд нь уягдахгүй, таагүйгээс нь дөлөхгүй амьдралыг иж бүрнээр нь хүлээн авч туулах сэтгэл зүйн бэлтгэлтэй бол. Ингэж чадсан нөхцөлд амьдралд чинь тохиож болох аагим халуун ган гачиг ч, хахир хүйтэн зуд ч чамайг сөхрүүлж дийлэхгүй. Толгодын цаана зовлон отож, инээдэн цаана нулимс нуугдаж, цэцгэн цаана өргөс арзайдаг гэдгийг таньж ухааран, хувь зохиолын хамгийн сайханд тэмүүл, гэхдээ адгийн мууд нь бэлэн байгтун.
Хямдхан амьдрал энэ орчлонгийн хаана ч байхгүй. “Өөртөө хямдхан амьдрал хайж яваа хүн л жинхэнэ өрөвдөлтэй нэгэн” байдгийг мэдээрэй. Байхгүй юмыг хайна гэдэг ухаангүй хэрэг. Харин “олж чадахаасаа дээгүүр зүйлийг л эрж хайж явах” нь ухаантай хүний үйлдэл.
Замаа бүтээхэд эр зориг чамд гайхамшигтай тус болно. Зүрх зоригтой хүн шиг хувьтай хүн үгүй. “Аймхай хулчгар хүн гамшигт унадаг” гэж сударт өгүүлсэн байдаг бол Оросын цэргийн алдарт жанжин Суворов “Зориг зүрхгүй хүн заавал ялагддаг” гэх үгийг үргэлж хэлдэг байж. Аймхай хулчгар, эргэж хургасан хүн эхнээсээ л үүнийг хийх бололцоогүй гээд бодчихдог тул зорьсондоо хүрч чадалгүй мохдог. “Зориг байгаа газар зам нээгддэг”. Их эртний энэ зүйр үг эргэлзээгүй үнэн билээ. Ямар нэг зүйлийг хийе бүтээе гэж зориглон шийдсэн хүн олон тооны саад бэрхшээлийг итгэлтэйгээр сөрж, туулан давж, зорьсондоо нүүр бардам хүрдэг. Би заавал чадна гэсэн бодлыг зүрх сэтгэлдээ тээж яваа хүний хийхээр зорьсон арван зорилгын найм, ес нь лав биелнэ байх аа. Зүрх сэтгэлээсээ шийдсэн шийдэл авьяас чадварын охин тэнгэрийн онгод хүчийг шингээж авдаг болохоор эргэлзээгүй биелнэ.
Амьдралын замаа засахдаа авхаалжтай сэргэлэн, ажиг мэдрэмжтэй бай. Агшин бүр авхаалжтай байж чаддаггүй хүмүүс л эргэн тойрондоо зохиомол хана хэрэм босгож, тэрэн дотроо нойрмоглож үүрэглэж сууна. Ямар ч орчин нөхцөлд авхаалж мэдрэмжтэй зохирч зохицож сур. Яг л сүү шиг. Сүүг аяганд хийвэл аяганы хэлбэрт орно. Бортгонд хийвэл тэр хэлбэрт очно. Сүү шиг цагаан сэтгэлтэй, тэгээд сүү шиг уян налархай байгтун. Чиний явах замын зургийг хэн ч бэлдээгүй. Чи өөрөө зурж, өөрийн мөрийг үлдээж явна. Зөв замаа олохын тулд чи олон удаа буруу хаалга тогшиж мэднэ. Энэ бүхэндээ гуниж гутрах хэрэггүй. Зөв замаа бүтээж чадна гэдэг итгэлээ л хэзээ ч хаяж, гээж болохгүй. Өөрөө замаа олоогүй байж бусдад замчлах гэж бүү мунгина.
Залхуу хүний амьдралын зам намагт вааглах мэлхийнийхтэй төстэй. Залхуу залхагийн муу зуршилд идэгдэж, залхуу хойргод уусаж, үүлгэртэж амьдрах нь орчин цагийн залуу хүн чиний амьдралын зам байж яавч болохгүй гэдгийг бодогтун. Бүх хүн амжилт ололтын оргилд цойлж, амьдралын зам нь гэрэл цацарч явахгүй ээ, мэдээж. Гэхдээ хүн бүр байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж, түүнээсээ алхам алхмаар урагшилж, аажим аажмаар дээшлэх эр зориг, эрмэлзэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй. “Буй байдалдаа сэтгэл хангалуун явья гэвэл чамаас хэцүү нөхцөлд байгаа хүмүүстэй амьдралаа харьцуулчих”.
Амьдралынхаа гэрэлт замыг чи өөрөө бүтээж чадна гэдэгтээ бат итгэлтэй бай.
Өөрийнхөө буянт үйлсээр
гайхуулдаг хүнээс болгоомжил
2009 оны 01 сарын 31
Бусдын төлөө буян үйлдэх нь эрдэнэт хүний, адгууснаас ялгагдах олон шинжийн нэг билээ. Өвдөж зовсон хүнд хоол цайг нь дөхүүлж өгөх нь томоос том буяны тус. Гэтэл өвдөж дордсон маланд өвс усыг нь хамт бэлчиж яваа ижил сүрэг нь дөхүүлээд өгдөг бил үү, үгүй шүү дээ. Хальтраад унасан хөл муутай хүнийг татаад босгох нь тааралдсан хүн бүрийн хийх ёстой буянт ажил. Турж эцээд, өлдөөд унасан малыг бусад мал нь татаад босгодог бил үү, бас л үгүй. Бусдад буян үйлдэж байна гэдэг нь хүн, хүнээрээ байгаагийн тодоос тод илэрхийлэл. Хүний төлөө хийж байгаа сайн үйлс бүхэн буянтны үйлдэл. Буяны тус багаддаггүй. Буян санаж үйлдсэн гялтайх жижигхэн тус ч биенээсээ хавьгүй том сэтгэлийн гэгээ гэрлийг дагуулан ирдэг юм. Бусдын төлөө буян үйлдэх нь хүн болж төрснийх нь утга учир мэт ухаарч санаж явдаг хүмүүс бий. Тэд буяны үйлсийн төлөө энэхэн нас, эгэлхэн биеэ бүхэлд нь зориулсан байдаг. Эд нар цаглашгүй буянтнууд.
Буянтнуудын тусыг хүртдэггүй хүн энэ хорвоод үгүй. Буянтны тусыг тосон авахад ч, буян санаж өгөхөд ч учир бий. Авах ёстойгоос илүүг авах гэж бүү шуна. Бас өгч чадахаасаа илүүг өгөх гэж бүү шанал. Чин зүрхнээсээ өгөх нь ч, авах нь ч аль аль нь сайхан. Хариу горьдолт, харамж тооцоо энд байх ёсгүй. Буяны тус наймаа биш. Чи тус болсон хүнээсээ урмын үг, баярын нулимс шаардах ёсгүй. Харин урмын үгээ хэлж, баярын нулимсаа арчих эсэх нь буянтнаас хишиг хүртэгчийн ёс суртахууны хэр хэмжээний асуудал. Жинхэнэ буянтны сэтгэл нь нээлттэй, ам нь хаалттай байдаг юм. Ер нь буяны үйлсийн талаар тус болсон нь дуугүй байж, тусыг хүртсан нь дуугарч байх нийтлэг нэгэн зарчим бий. Их ч бай, бага ч бай буянт үйлсээрээ гайхуулан шагшуулах хэрэггүй. Өөрийнхөө буянт үйлсээр гайхуулдаг хүнээс болгоомжил. Тийм хүмүүс гайхуулаад байх буянтнууд төдийлөн биш, ажлаасаа ам нь давчихсан байх нь элбэг. Аль эсвэл буянт үйлс бүтээсэн ч түүнийгээ нийтийн тусыг бодож хийгээгүй, хувийн ашиг хонжоо бодож үйлдсэн байх нигууртай. Буянт үйлсээр гайхуулагсадаас их буяныг хүлээгээд нэмэргүй. Жинхэнэ буянтай үйлсийн эзэд намайг хэн юу гэж магтах бол гэж горьдлого тээн, чих тавин чагнадаггүй. Яруу алдраа даяар цуурайтуулан зогсч байгаагаар төсөөлөн, сэтгэлээ зогоон хүлээдэггүй. Хийх ёстой зүйлээ хийсэн гэж бодно. Харин дутуу хийсэн болов уу, тус болж чадсан болов уу гэж сэтгэлээ чилээн, санаа зовж явна. Буянтай үйлсийн үнэ цэнэ өөртөө шингэн үлддэг болохоос үнэ хүргэх дуудлага худалдаанд хэзээ ч ордоггүй билээ. Итгэл алдарч, гуниж гутарсан хүнд урам хайрлаж, зориг нэмсэн шидэт үгийг хэлэх нь буяны дээд буян. Энэ үгс бөхөн алдаад байсан итгэл найдварын гэрлийг зүрхэнд нь эргүүлэн асааж өгнө. Санаа зовон, сэтгэл түгшсэн хүнийг сэтгэл засах бүлээн дулаан үгээр тайтгаруулан тайвшруулах сайн санааны үйл нь усгүй ээрэм талд ундаасаж ангасан хүнд уух ус өгч, ангаа цангааг тайлах буянтны үйлдэлтэй адил ижил.
Тэр надад хэзээ ч туслахгүй гэж бодож байсан хүн нь ядарсан үед буяны гараа сунгаж туславал дээдийн буян болоод зогсохгүй сэтгэлийн гэгээ, нүүр дүүрэн мишээл баярыг хамт хайрлана. Ийм буяны тус хэд дахин үнэ цэнэтэй. Тэр надад зайлшгүй туслана гэж итгэн хүлээж байсан нөхөр нь урмыг хугалан чимээгүй байх нь сэтгэлд асч байсан итгэлийн зулыг үлээн унтраахтай адил. Тэгэхдээ энэ хорвоогийн найдваргүй араншинг зүрхэнд тултал сануулна. Үүнээс адгийн хорлол тэр бүр байхгүй. “Хүмүүст ихийг өгч, өөртөө багыг шаарддаг хүн сайн, бусдад багыг өгч өөртөө ихийг шаардагч муу хүн байдаг” гэдгийг эргэцүүлэн бодоорой. Ер нь хэн ч байлаа гэсэн авах болохоор ухасхийдэг, өгөх болохоор гэдэсхийдэг байж таарахгүй.
Бурууг нь шүүмжилж, болохгүйг нь сануулж, болзошгүйг нь сэрэмжлүүлж байгааг инээд алдан, гараа тосон хүлээж авдаг хүн төдийлөн олон биш. Уг нь чиний унтсаныг сэрээж, умартсаныг сануулж байгаа тэр хүн ачлал буянтан. Тэдний үгийг чих тавин сонсдоггүй юм аа гэхэд чихнийхээ хажуугаар яавч бүү өнгөрөө. Болохгүйг сануулах хүнгүй бол болохгүй бүтэхгүйн намагт гүн гүнзгий шигдэнэ. Бурууг шүүмжлэх нөхөргүй бол буруу бусармагийн хөлгүй далайд живнэ. Сэрэмжлэхийн дээдээр сэрэмжлэхгүй бол ялагддаг юм.
Гатлахуйяа бэрх зовлон бэрхшээлтэй тулгаран шантрах үе чамд тохиож магад. Хийх, бүтээх оргилсон их хүсэл эрмэлзэлээр шатаж явсан эрч хүч чинь ямар нэг шалтгаанаас болж саарах мөчтэй тулгарч болзошгүй. Шантрах цагт нь хурцалж, саарах цагт нь шавдуулж байх салшгүй сайн нөхөд чамд хэрэгтэй. Шантрах цагт нь хурцалж, саарах цагт нь шавдуулж байгаа хүмүүс чиний хувьд цаглашгүй буянтнууд. Тэд байгаагүй бол чи саарсан хүчээ нөхөж, шантарсан сэтгэлээ сэлбэж чадах байсан уу, үгүй юу гэдгээ эргээд бодож байгаарай. Тэд өглөгийн дээдийг өгч, буяны дээдийг хүртээсэн буянтнууд мөн байжээ гэдгийг чи санан дурсаж, баярлан талархах болно. Зовлонтыг өрөвдөн энэрч, золгүйг өмгөөлөн аврах нь зол буяны дээд. Өр зүрхний гүнээс оргилон гарсан өрөвч сэтгэл жинхэнэ буянтных. Өрөвч сэтгэлтний дүр эсгэсэн хий хоосон хөөрхийлөл буянтны багтай буруу бодолтных.
Буянтай байна уу, нүгэлтэй байна уу чиний амьдрал бол чиний л бүтээл. Чамд тохиосон уйтгар гуниг, сэтгэлийн зовиурт чамаас өөр хэн ч буруугүй. Энэ бол чиний тарьж суулгасан үрнээс соёолж ургасан ургац. Тийм байтал бурууг өөрөөсөө биш, бусдаас эрж хайх гээд байдаг мунхаг төөрөгдөл ихэнх хүмүүсийг ноцон хоргоож байх юм. Бурууг бусдаас хайх шиг амархан юм байхгүй. Гэхдээ тэндээс олох олдвор бүр ч байхгүй. Сэтгэл чинь чамайг есөн шидээр уруу татна. Тэндээс төөрөх түмэн сэжүүр, будилах буман нугачаа үүснэ. Эдний нэг нь бурууг бусдаас хайх мөнхийн төөрөгдөл юм. Ер нь бэртэгчин сэтгэл бурууг гаднаас эрж, хариуцлагаа ямагт гадна тал руу чихдэг араншинтай. Бурууг бусдаас хайгаад, хариуцлагаас яаж ийгээд мултрах гээд оролдоод байгаагаа мэдэрвэл бэртэгчин сэтгэлд улам бүр хүлэгдэж байна гэдгээ эртхэн ухаарч, засахыг хичээ. Энэ бол өөрөө өөртөө үйлдэж байгаа том буян шүү.
Өөрийнхөө орон зайг баттай эзэл. Эс тэгвээс чи шоовдор хүүхэд мэт гадуурхагдаж, шахагдан тусгаарлагдана. Чиний орон зайг эзлэх гавьяагүй өөр нэгэн эзлэн, хээв нэг сууна. Эзлэх ёстой орон зайгаа эзэлж чадаагүй хүн бүх юманд сэтгэл дундуур, битүүхэн гомдол тээж, түүндээ хэн нэгнийг дотор сэтгэлдээ буруутгаж явах болдог. Өөрийнх нь орон зайг эзлэхэд нь хүмүүст тусал. Энэ тун их буянтай ажил. Энд хөрөнгө мөнгө, эрх мэдлийн тус дэм хэрэгцээгүй. Чи зөвхөн бурууг нь шүүмжлэн хэлж, дутууг нь гүйцээхэд нь тусалж, хөдөлгөөнгүй зогссон байр сууринаас зөв зүгт хөдөлгөхөд нь амьдралын ухаан далайгаасаа дусал дуслаар хайрла, ачлал буянт зөвлөгөө санамжаа тун тунгаар харамгүй өг. Энэ бүхэн мартахын аргагүй буян болно.
Аливаа буянтай үйлийг чин сэтгэлээсээ үйлдэж бай. Сэтгэлээсээ үйлдсэн буяны үйл урт настай, удаан жаргалтай. Сэтгэлээсээ үйлдээгүй буяны үйл сэмэрч үжирссэн даавууны л настай, тус нэмрээр бага. Албан шахалтаар үйлдсэн буянт үйл аваа өгөө төдий л зүйл болохоос амь сүнсгүй, үнэ цэнэгүй. Шударга бус явдлаас зайлсхийх нь шударга үйлдэл төдийгүй буянтай үйлс. Шударга бусыг үйлдэгсэд буяндаа бузар хийж байгаагаа мэдээсэй. Шударга бусаар үйлдсэн аливаа зүйлийн үр дүнд буян хишиг өчүүхэн ч хуралдан цуглахгүй, харин нүгэл хилэнцийг хангалттай хураан бөөгнүүлнэ.
Тус хүргэж, буян үйлдсэн хүний ачийг марталгүй санаж яв. Тус болж, буян үйлдсэн хүний ачийг үл санах нь тусыг усаар хариулахаас онцын ялгаа үгүй. “Санаа зөв бол заяа зөв”. Буруу санаатай хүнд буяны хишиг хүртдэггүй юм гэсэн шүү. Чамд буян хүртээсэн буянтандаа талархаж сур. Сэтгэлээсээ хэлсэн чиний цөөхөн зөв үгийг сонссон буянтны сэтгэлд наран гийж, зүрхэндээ баяртай үлдэнэ. Тэгж чадвал чамд буян хурна. Өөрийнхөө буянт үйлсээр гайхуулах хэрэггүй, харин гайхамшигтай буянт үйлсийг бүтээж амьдар. Буяны эзэн чамайг хүмүүс аяндаа хайрлан хүндэтгэх болно.
Бусдыг аялдан дагалдагч салбадай
болох хэрэггүй
2009 оны 02 сарын 07
Бусдыг аялдан дагалдагч салбадай болох хэрэггүй. Хүний ухаанаар явдаг цэцнээс өөрийн ухаанаар явдаг тэнэг илүү гэх үг бий. Ямар ч юманд, ямар ч үед өөрийн ухаантай ханд. Өөрөөрөө л бай. Энэ хорвоод чи дахин давтагдашгүй хувь хүн. Буруу ч байсан зөв ч байсан бусдын араас бурантагтай тэмээ шиг хөтлөгдөж явах нь саруул ухаанаа хөсөр хаяж, сайхан биеэ зөнд нь орхисон хүний л хийдэг ажил, үйлддэг үйлдэл.
Өөрийгөө доош хийж, өрөөл бусдыг аялдан дагах нь өглөг горьдон гараа сарвайх өрөвдөлт нэгнээс ялгаа юун. Бусдын хэлснийг тоть шиг давтан, бусдын үйлдлийг сармагчин адил дуурайх нь аялдан дагалдагч салбадайн амьдралын хэвшил, ажил үйлийнх нь горим. Үр хүүхдээ бусдыг аялдан дагалдагч салбадай болгочихгүйн тулд зөвийг зөвшөөрөн дагаж, бурууг эсэргүүцэн сөрөх ухаан суулгаж, дадлага эзэмшүүл. Аялдан дагалдагсадын сэтгэлгээ хэт хуучинсаг. Тэд, өмнө нь болоод л байсан юм, болох л байлгүй гэсэн санаа амирлангуйн манан буданд төөрч будилж гүйцсэн байдаг. Шинэ сэргэг зүйлийг хүлээн авахдаа удаан. Шинэ сэргэг зүйлийг уураг тархинд нь шингээн суулгахад ч бэрх. Тэгсэн мөртлөө тэд цаасан дарцаг шиг хөнгөн. Салхины аясаар сэрчигнэн хийснэ. Өөрөөс нь дээрхи бүх хүн түүний хувьд хүчит салхи. Тэр салхины аясаар л хөдөлнө. Тэд өөрийгөө хөдөлгөх өөрт нь заяасан хүчит хөшүүргүүдээ хөшөөж царцаасан байна. Ухаан санаа нь эрүүл боловч оюун ухаанаа ажиллуулахгүй, хүний аясыг харж, бусдын дохио зангаагаар хөдөлсөөр байгаад дүйнгэ тэнэг мэт болно. Санаачлагатай, самбаатай хүн бусдын амыг хардаггүй, дохио зангааг нь ч хүлээдэггүй. Хийх гэснээ санаачлан хийж, бүтээх гэснээ самбаачлан бүтээнэ. Бүтээлч хүн бүхнийг өөрийнхөөрөө хийхийг чармайна. Тэгэхдээ бусдын сайнаас санаа авч, өөрийн өвөрмөц сайхныг бүтээхийн төлөө уйгагүй оролдоно. Оролдлого сайт бүтээлч байдаг. Бүтээлч хүн шинэчлэгч сэтгэлгээтэй. Хуучин загварт баригдалгүй, шинийг эрж хайн, урагш махран зүтгэх нь тэдний нийтлэг төрх. Хүүхэд залуус та нарыг бусдыг аялдан дагалдагч биш, санаачлагатай, самбаатай, ямагт шинийг эрэлхийлэгч, бүтээлч нэгэн болоосой гэж хүсч байна. Бусдыг аялдан дагалдагч биш байхын тулд өөрийн бодолтой байх шаардлагатай. Өөрийн бодолтой байна гэдэг нь бусдыг хар муйхраар эсэргүүцэхийн нэр биш. Тэр ингэж хүсч байгаа бол би эсрэгээр нь хийнэ гэж бүү муйхарла. Зөв ч, буруу ч бүхний өмнө хөндөлсөн хэвт, эсэргүүцэн зогс, тэс ондоогоор дуугар гэсэн үг огтхон ч биш. Бүхий л үйл хөдлөлөө өөрийн ухаанаар тунгаан бодож, ухамсартайгаар үйлд гэсэн үг. Ухамсартай хийсэн бүхэн зөв, ухамсаргүй хийсэн бүхэн буруу. Бусадтай санал зөрөлдөх тохиолдол цөөнгүй тулгарна. Энэ үед өөрийнхөөрөө байж, бусдыг дагалдагч салбадай болох хэрэггүй.
Утга учиргүй аялдан дагалдсаар байх аваас гэмгүй нэгэн салбадай байснаа бялдууч, бялангач аюулт этгээд болон хувирахад холгүй. Хүн шиг байж болох хүний хүн төрх, мөн чанарыг алдуулагч - бялдуучлал гэх албин нэн аюултай. “Бялангач зан, зусардалт, аялдан зохицох байдал зэрэг нь томоос том гай хорлол юм”. Алба тушаал, алдар хүнд, хөрөнгө мөнгөтэй хүмүүст гол төлөв бялдуучлана. Бялдууч болгон тэднийг хуруу гарын үзүүр, харц хөдөлгөөнөөрөө удирдаж байдаг “эзэдтэй” байна. Нэг тэнэг өөрийгөө магтуулахын тулд өөр нэг илүү тэнэгийг эрж хайж олдог. Илүү тэнэг нь эрх хав шиг шарвалзан өөрөө ирж зангуу шиг наалдах нь ч бий. Бялдуучдад эздээ хосгүй ухаантан, ховор хүн мэтээр хоосон магтах дон шүглэнэ. “Өөрөөрөө хэтэрхий бахархдаг хүн бялдуучлагчдад амархан автдаг” гэнэ. Бие тоосон сагсуу хүмүүс бялдуучдын хараанд амархан өртөнө. Айдаг хүндээ бялдуучлах нь тэдний хувьд ёс юм шиг үйлдэл нь. Бялдуучид эздийнхээ харц бүрийн хариуд боолын долигонолоор марсайн инээж байдаг. Бялдуучид эздийнхээ хэлсэн үг болгоныг туйлын үнэн мэтээр, уулга алдан хүлээн авна. Бялдуучид эздийнхээ зөв ч, буруу ч бүх үйл хөдлөлд хүлцэнгүйгээр алга ташиж суудаг юм. Эздээ утгагүй дуурайх нь бялдуучдын хамгийн үнэн нүүр царай. Эздийнхээ, бусад хүмүүст юуны түрүүн анзаарагддаг, төдийлөн таатай бус үйл хөдлөлийг нь хуулбарлан дуурайх аядана. Хуруу гарын хөдөлгөөн, үг ярианы өнгө, хоолойн шахалт, үсний засалт гээд дуурайхгүй юм байхгүй. Тэднийгээ дагалдан заримдаа инээд алдаж, заримдаа нулимс алдана.
“Бялдуучлал хэзээ ч аугаа их сэтгэлийн гүнээс гардаггүй, тэр нь хэн нэгэн том хүнд татагдаж, түүний амьдралын хүрээнд нэвтрэхийн тулд улам бүр жижгэрч чадах өчүүхэн сэтгэлийн хувь тавилан байдаг” гэж нэгэн их зохиолч бичсэн байна. Бялдуучлал тэнэг хүмүүсийн үмхлэх дуртай амтат мах, гэхдээ хэчнээн ухаалаг хүмүүс ч энэ махнаас огтлоход бэлэн байдаг. Тэгэхээр бялдуучлал гэдэг осолтой тоглоом байгаа биз. Хөдөлшгүй зарчимтай гэх, бусдын хүндлэл хүлээсэн, ухаалаг гэж үнэлэгдсэн хүмүүс хүртэл өчүүхэн жижиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд өөрөөсөө томчуулд хөл алдан зулгуйдаж байхыг харахад нүд хорсом гунигтай. Зулгуйдахаа больчих л доо. Ямар амь биш, заяа биш.
“Зусардалт үзэн ядалтаас илүү аюултай”. Үзэн ядалтын аюул ил хөнөөлтэй байдаг бол зусрын аюул далд хөнөөлтэй. Ил аюулаас сэргийлэх боломжтой, далд аюулаас хамгаалахад бэрх. Хээрийн боохой, гэрийн нохойтой төстэй байдаг шиг бялдууч нар найз нөхөдтэй адил санагддаг. Гэхдээ тэд хэзээ ч найз нөхөд байж чаддаггүй юм. Үнэнч нөхрийн дүр эсгэн зусардан дагаж байсан эзнээ хамгийн эхний гарман дээр сийхгүй худалдаж дөнгөнө тэд. Бялдуучлал сайхан байсан хүнийг хайрын хүн болтол нь эвддэг. Зусарчид өөрийн гэх нүүр байхгүй. Тэд орчиндоо зохицох хиймэл багийг нүүрэндээ солин сэлгэн зүүж явдаг юм.
Зусарч хүн шалихгүй боловч бусдыг чадахын муухайгаар чадаж дөнгөнө. “Бялдуучилж чаддаг хүн гүтгэж чаддаг”. Гүжир гүтгэлгээр мандаж байсан нэр төрийг шавартай хутган буртаглан бохирлоно. Бялдуучид нүүрэн дээр нь тэнгэрт тултал магтаад нүднээс далд газар дор ортол муулж чадна. Бялдуучид таахалзуур байдаг. Ивээлд нь байгаа эзнийхээ сүр хүчийг өөрийнх мэт бодон мунхаглаж, дээшээ долигонон бөхөлзөх мөртлөө доошоо чичлэн таахалзаж байх нь ичгэвтэр. Алба тушаал, эрх мэдэлтэй байхад нь алд алдын хадаг дэлгэн нахилздаг байсан бялдуучид алба тушаалыг орхисны дараа амар мэндийн зөрүүгүй сэлбэлзэнэ. “Бүх бялдуучид яахын аргагүй худалч байдаг”. Эзэндээ итгэл олж авахын тулд баруун солгойгүй худал хэлнэ. Ийм зусарч хүмүүст ариун гэгээн гэх юм нэг ч үлддэггүй. “Хамгаас бялангач зантай хүмүүс бусдаас илүү тэнэг байдаг” юм гэсэн шүү. Бусдаас илүү тэнэг хүмүүс юунаас ч илүү тэнэг үйлдлийг хийж магад. Эргэн тойронд чинь зусар бялдуучдын сүрэг багширч байна. “Бялдуучлал бол гэмт хэргийн шимт орчин” байдаг тул эргэн тойронд чинь багширч байгаа тэр аюулт сүргээс үргэлж болгоомжилж, өөрийгөө хамгаалах зөн билгээ зөв залан жолоод. Хэн нэгэнд зусардан бялдуучилснаар цаг зуурын ашиг хонжоо олж болох ч өр төлөөсөнд нь хүнээ алдаж, новшийн амьтан болон хоцорно. Бялдуучдыг ашиглаад хаях нь эздийн хувьд татсан тамхиныхаа ишийг хаяхтай адил хялбархан.
Зусар бялангач зангаас салж, холдох боломж хэзээд байгаа. Энэ бол чиний бие хийгээд сэтгэлд үүрд хадаан тамгалсан тамга биш. Ялих шалихгүйн манан дунд мунгинасаар энэ боломжийг алдсаар байх юм бол чи л хөөрхийлөлтэй. Зусар бялангач занг орхин хаяхгүй бол утга учраа алдаж өмхийрсөн сэтгэлгээний хог хаягдал дунд новшрон үлдэх вий. Зусар бялангач нарт хувь хүний цэцэглэх үндэс байхгүй. Үндэсгүй амьдралыг там гэдэг. Тамын амьдралд жаргал үгүй. Бялдуучид тамд тарчилж байгаа гэдгээ эрхбиш ойлгох ёстой. Тамын харанхуйг таних хурц саруул билгийн нүдээ нээх хэрэгтэй. Билгийн нүдээ нээхгүй бол бялдуучдын орогнон буй түнэр харанхуйд тэмтэчсэн хэвээр байх болно.
Бусдыг аялдан дагалдагч салбадай болчихгүй юм шүү гэж өөртөө хатуу шаардлага тавь, бусдад бялдуучлагч болчихгүй юм шүү гэж өөртөө хатуугаас хатуу андгай тангараг тавь!

пятница, 9 января 2009 г.

ТА ЯМАР ЭНЕРГИТЭЙ ХҮН ВЭ?

Хүн бүр өөрийн гэсэн энергитэй. Гэхдээ сайн, муу гэсэн хоёр янз байдаг. Тэгвэл сайн, муу энерги гэж юуг хэлдэг, ямар үр дагавартай болох, ийм хүмүүсийг яаж ялгаж танихыг танд хэлж өгье.
Сайн, муу энерги гэж юу вэ?
Ямар ч хүн далдын эрчтэй байдаг. Бид заримдаа сайн таньж мэдэхгүй хүнтэй хэдэн цагаар ч хамаагүй хамаг байдгаа дэлгэж, ханатлаа ярихад сэтгэл санаа онгойж тэнийдэг. Гэтэл сайн таньдаг зарим хүнтэй ойр зуурын хэдэн үг сольсоны дараа юм ярилцахаас дургүй хүрч, сэтгэл тавгүй оргиж, бушуухан салахын түүс болдог. Ийм хоёр янзын хэв шинжийг сэтгэлзүйчид эрч бэлэглэгч, сорогч гэж нэрлэжээ. Америкийн үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн тооцсоноор сүүлийн 10 жилд дэлхийд хүний эрч хүчийг сорогч муу эрчтэй хүний тоо, сайн эрчийг бэлэглэгчдээс гурав дахин ихсэжээ.
Та ямар эрчтэй вэ?
Хорвоогийн бүх хүнийг дотор нь сорогч, бэлэглэгч, дундыг баригч, хар цагаан шидтэн гэж ангилна. Найз нөхөд, хань нөхөр, хамт ажилладаг хүмүүс, Цаашлаад улс орноо удирдаж буй хүмүүс ямар эрчтэй, Ямар санаа бодолтойг мэдэх амархан арга бий. Та тухайн хүний төрсөн он, cap, өдрийг л мэдэхэд болно. Тухайлбал 1980.12.25 гэвэл 1+9+8+0+1+2+2+5 гэж нэмэхэд 28 гэсэн хариу гарна. 28-аа задлаад 2+8=10 гарна. Энэ 10 бол таны эрчийн тоо юм.
-1, 2, 3, 4 нь сорогч
-5, 6 нь дундыг баригч
-7, 8, 9 нь бэлэглэгч
-10 нь цагаан шидтэн
-11 хар шидтэн гэж үздэг.
Тэгэхээр таны эрч 10 учраас та цагаан шидтэн юм байна. Дундыг баригч нь хүнээс эрч авдаггүй, өгдөггүй. Харин хар, цагаан шидтэн нь дундыг баригчтай адилхан боловч цагаан шидтэн хүссэн үедээ эрчээ бусдад өгдөг, Хар шидтэн нь хүссэн үедээ бусдаас авдагаар онцлог.
Эрч сорогчийг яаж таних вэ?
Сорогч эрчтэй хүний эрхшээлд орсон эсэхээ мэдэх амархан. Та ямар ч учир шалтгаангүйгээр биеэ голж, өөрийгөө зөнд нь орхиж, гэнэтхэн арчаагүй, өөдгүй амьтан гэж өөрийгөө үздэг, Сэтгэлээр унадаг болчихвол та эрч сорогч хүний золиос болж, Тийм хүнтэй байнга харилцдаг гэсэн үг. Сорогчид олон янзын дүртэй байдаг учраас тэднийг ялгаж, Аль болох зайгаа барих хэрэгтэй.
Өрөвдсөн дүртэй өдөөгч
Ийм эрчтэй хүн далдуур дэргэдэхээ зэмлэж, Муулж доромжилж, Үг хаяж байгаад уг хүнээ тэсэхийн аргагүй болгосоор дүрсхийн уурлахад хүргэдэг. Уур омог нь бадарсан хүн арчаагүй байдалд орж, Далд байгаа эрч хүчээ гадагшлуулахад нь сорогч өөртөө авч, Нөгөө хүнийхээ гомдол цөхрөлийг их л амтархан сонсч, Өрөвдөж хайрласан царай гаргадаг.
Бусдын гараар могой бариулагч
Өөрт тулгарсан элдвийн асуудлыг өөрөө шийдэж чадахгүй бусдын гар харж, Дэмжлэг туслалцаа байнга аваад сурчихсан, Бусдын эрчийг сорогч хараат хүн юм. Өөрийн хийх зүйлээ бусдаар хийлгэж, Өөрөө эвтэйхэн сугараад ард нь үлдчихдэг арга тэднийх.
Нэр хүндтэй сорогчид
Их л нэр хүндтэй, онцгой содон хүний дүр үзүүлдэг. Үүгээрээ аятай зан аашийг ашиглаж, өөрийгөө суут мундаг хүн болгон харуулж байгаад сайн эрч хүчийг нь сорж шулдаг хүмүүс юм.
Сайхан сэтгэлт туслагч
Зовлон бэрхшээл тохиолдсон хүмүүст үргэлж тусалдаг их сайн хүн шиг бусдад харагддаг тул хүн бүхэн итгэдэг. Яг үнэндээ тэд золгүй явдлын цаад учрыг ухаж төнхөн, Таашаал авдаг сорогчид юм.
Уян зөөлөн аврагч
Ийм сорогч цаг үргэлж хэн нэгний төлөө гүйж, Тусалж, Авардаг царай гаргана. Гэвч өөрөө элдэв шалтгаан зааж, Биеэ оторлодог ч түүнд сайн эрчтэй хүмүүс дуртайяа тусалж, Байнга завшуулж байдаг.
Өрөвдөлтэй бялдуучлагч
Хувь заяандаа гомдсон дүр үзүүлж, бусдын энэрэл хайрыг авах гэж оролддог. Сайн эрчтэй хүнээ магтаж, түүнд хайртай, их сайн байдгаа харуулахыг хичээж, хэтэрхий худлаа маяглаж, илэрхий зусардан бялдуучлах аргаар сордог.
Сорогчоос эрчээ яаж хамгаалах вэ?
Өөрийнхөө золгүй явдал, Өвчин эмгэг, Амьдралын нарийн нууцаа хүн болгонд дэлгэх хэрэггүй. Хэрвээ та сорогчтой учирсан бол таныг өрөвдсөн дүр үзүүлж, Зөвлөгөө өгөх ч зовлон бэрхшээл чинь нимгэрч багасахгүй, Харин ч гүнзгийрнэ. Тиймээс аль болох зай барьж, Муу эрчтэй хүнээс холхон байхыг хичээ. Хэрвээ таныг эрхшээлдээ оруулах гэж харцаараа нэвт шувт өрөмдөөд байвал урдаас нь бүү эгцлэн ширт. Хамраа сөхөж, Нүдээ цавчилгүй харах хэрэгтэй. Мөн хоёр гарынхаа бүх хурууг нийлүүлэн зөрүүлж сүлжээд. тохойгоо хоёр талын хавиргандаа наан, Нийлүүлсэн гараа нарны туяа руу харуулан нээ. Хоёр хөлөө нийлүүлэн тэгшил. Ингэснээрээ та битүү цагираг үүсгэж, таны сайн эрч хүч гадагшаа гарахгүй. Мөн хөл гараа солбиулан зөрүүлж тавихад зөв эрч биеэс гардаггүй.
Эрч таарахгүй хүмүүс гэж байдаг уу?
Хайртай хосууд бие биедээ эрчийн хувьд таарахгүй байж болно.
Хоёр сорогч ханилбал
Хайртай хосууд хоёуяаа сорогч бол гэр бүл дорхноо салж сарнидаг. Ийм хоёр сорогч бие биедээ эрчээ өгдөггүй, Бие биенийхээ эрчийг сорох гэж хуч тамираа шавхдаг. Тэд таарахгүй салсан шалтгаанаа бие биенээ анхаарал бага тавьдаг, халамж муутай гэх зэргээр гомдолдог.
Хоёр бэлэглэгч ханилбал
Хоёр идэвхтэй бэлэглэгч нэг гэрт орсноор хэрүүл зодоон цохионоор илүүдсэн эрч хүчээ гадагш нь цацаж илүүдлээсээ салдаг. Тиймээс бас л салж хагацахдаа хүрдэг. Ийм хоёр хүн айл гэр болбол аяга тавгаа хагалж, арцалдан барилцаж, зодоон нүдээн хийж, Үүнийг нь хөрш айлууд, Хөндлөнгийн хүмүүс, садан төрлүүд нь ч сайн мэддэг тийм хосууд болон хувирдаг. Гэр бүлээ цуцлуулахдаа хэн хэн нь хайр сэтгэлийг минь тоосонгүй гэсэн шалтаг хэлдэг.
Бэлэглэгч сорогч ханилбал
Эмэгтэй нь сорогч, эр нь бэлэглэгч байвал гэр бүл тогтвортой, далж сарнихгүй сайхан амьдардаг. Ийм хосуудын нөхөр нь ч сорох хэмжээгээ, Эхнэр нь ч өгөх эрчээ тохируулж чаддаг. Нэг нь хөөрүү сайхан сэтгэлээр ярьдаг, Түүний яриаг анхааран чагнадаг хүн хоёр тун нийлэмжтэй, яг таардаг байна. Харин дундыг баригчид хар, цагаан шидтэнгүүдтэй сайн таардаг.
Сорогч хаанаас төрдөг вэ?
Эрч copoгчид голдуу хагас өнчин эсвэл аав ээж нь арчаагүй айлын хүүхэд байдаг аж. Өнчин өрөөсөн, Хайр халамжгүй орчинд өсгөж буй хүүхэд амьдралаас бүх юмыг байгаа дээр нь авч, Эрх дураараа байх ёстой гэсэн бодолтой болдог. Ашигтай бүх нөхцөл байдлыг эрхэндээ байлгахыг эрмэлзэж, Нас бие гүйцэхээрээ баяжих, Том тушаалд орох гэх мэтийн ашигтай юмаа биелүүлэхийн тулд өөрт хэрэгтэй хүнийг олж эрхэндээ оруулдаг. Сорогчид багынхаа санаархлыг том болсон хойноо хэрэгжүүлж, Цуг байгаа хүмүүсээ яаж хайрлах, яаж хорлох, бас хариуд нь юу авахаа мэдэж тооцоолдог. Хүүхэд хэтэрхий эрхэлж өсвөл яваандаа сорогч болж хүссэн болгоноо нэхэж шаардан, зорьсондоо хүрэхийн тулд юу ч сэдэхээс буцдаггүй гэж сэтгэл зүйчид тайлбарладаг. Эрч бэлэглэгчид сорогчдийн хоосон маяглалд автаж үнэнхүү сэтгэлээсээ туслаад хариуд нь ядаргаа, сульдаа, яхир зантай болоод ядаргаанд автсан, яхир зантай нэгэн болж хоцордог.

УХААН, УЙГАГҮЙ ЧАНАРЫГ ХУДАЛДАН АВЧ БОЛДОГГҮЙ

Зорилгогүй байх
Та юу ч хүсэхгүй байгаа бол хэзээ ч юуг ч олж авч чадахгүй. Зорилготой байж хүсэл мөрөөдөлдөө хүрдэг. Энэ бол амьдралын хууль.
Нэр төрөө эрхэмлэдэггүй
Амьдралаа сайхан болгох хүсэлгүй, Хувь заяандаа хайхрамжгүй ханддаг хүмүүст онцгой найдвар байдаггүй. Нэр хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ.
Боловсрол
Бусдад хүч хэрэглэдэггүй, Бусадтай тэгш эрхтэй харилцаж, Хүссэн зүйлээ олж авч чаддаг. Хүнийг боловсролтойд тооцох болжээ. Боловсрол гэдэг нь мэдлэг байхаасаа илүү түүнийг хэрэглэх чадвар юм.
Зориггүй байх
Нөхцөл байдлыг хянаж сурахаас өмнө өөрийгөө хянаж сур. Та толины өмнө зогсоод сайн найз, Заналт дайсан хоёрыг зэрэг харж болно.
Өвчин эмгэгт баригдах
Чанаргүй хүнсээр хооллох, ухамсраа жолоодож чадахгүй, байнга муу зүйлийн тухай бодох, Эрүүл агаар, Хөдөлгөөн дутагдах нь таныг амжилтад хүргэхгүй чангааж байгаа нэг шалтгаан.
Орчны нөлөө
Алим ишнийхээ хажууд унадаг гэх үг бий. Муу хүн хүүхэд байхаасаа л муу хэрэг үйлдэж сурсан байдаг. Хүн болох багаасаа гэж эртний сайхан үг ч бий.
Маргааш гэж хойшлуулах
Энэ бол амжилт олдоггүйн гол шалтгаан. Аятайхан цаг ирнэ гэж хэзээ ч бүү хүлээ. Нэн даруй ажилдаа ор. Хийх ёстой зүйлээ маргааш гэж бүү хойшлуулж бай.
Уйгагүй чанар дутагдах
Ухаан, уйгагүй чанар хоёрыг хаанаас ч худалдан авч чадахгүй. Зөвхөн танаас л шалтгаална.
Сөрөг зан араншин
Хүмүүсийг өөрөөсөө түлхдэг хүнд амжилт олох ямар ч найдвар байхгүй. Хүмүүс бусадтай хамтарч ажиллаж чаддаг хүнд л ханддаг.
Хэт шунах
Шунал ихэдвэл шулам болно оо гэж. Ийм зан хүнд хэзээ ч сайн зүйл авчирдаггүй.
Итгэлгүй байх
Зөв шийдвэр гаргачихаад түүнээсээ түргэн няцдаг бол та сул дорой хүн юм. Харин ямар ч шийдвэр гаргаж чаддаггүй бол бүр ч сул дорой гэсэн үг.
Түгших
Ийм сэтгэлээ гэтлэн давж чадаагүй бол сонгосон чиглэлээрээ үр бүтээлтэй ажиллаж чадахгүй. Бодит үр дүнг нь үзэхээсээ өмнө түгшүүртэй байна гэдэг тогтворгүй хүний зан. Бүтэлгүй гэрлэлт
Хамгийн эрхэм бөгөөд нягт харилцаа учраас зохицож сурах хэрэгтэй. Таны гэрлэлт алдаа бус харин ч амжилтын эх үндэс, эх булаг нь байх ёстой.
Хэт хаширлах
Үүнд буруу нь юу байх билээ. Гэхдээ хэт хаширласнаас алтан боломжоо алдаж ч магадгүй. Түншээ буруу сонгох
Бизнесийн салбарт түншээ буруу сонгох нь амжилт олдоггүй хамгийн бодит шалтгаан. Ганц мод гал болдоггүйтэй адил бизнест сайн хамтрагч маш чухал.
Атгаг муу санаа
Ийм үзэл санаатай хүнд мунхаг зан байдаг. Муу санаалсаар байгаад ойр дотныхондоо итгэхээ болих тохиолдол олон.
Мэргэжлээ буруу сонгох
Ямар нэг байдлаар таашаал өгдөггүй ажилд та амжилт олох боломжгүй. Толгойгоо гашилган хамаг хүчээ шавхан ажиллах, Сонирхолыг тань булаасан тийм л ажил мэргэжил сонго.
Мөнгөө дэмий үрэх
Мөнгөгүй хүн хүний хэлснийг зөвшөөрч, Талархан дэмжихээс өөр аргагүй. Хэт их үрэлгэн зан хүнийг гуйлгачин болгоход саахалтын зай л хэрэгтэй болдог гэдэг.
Урам зориг
Урам зоригтой хүн аливаа юманд нөлөөгүй мэт харагдавч хамт олны дунд нэвтэрдэг давуу талтай.
Хүлээцтэй байх
Хүлээцгүй байна гэдэг нь шинэ мэдлэг эзэмшихээ больсныг харуулдаг. Эрдэмт хүн даруу гэгчээр хүн сурч мэдэхийн хэрээр аливаад хүлээцтэй хандаж сурдаг байна.
Хамтран ажиллах чадваргүй
Үүнээс болж хамт олон, Ажлын байр, Албан тушаалаа алддаг.
Бусдыг завших
Өөрийн хүч хөдөлмөрөөр олоогүй хэрнээ их хэмжээний хөрөнгийн эзэн болохыг санаархдаг. Гэнэт идэх гэдсэнд, гэнэт баяжих аминд халгаатай гэдэг дээ.
Хүний мөсгүй зан гаргах
Нэр хугарахаар яс хугар. Залуу наснаасаа эхлэн нэр төрөө эрхэмлэ.
Биеэ тоох
Хэт биеэ тоосон зантай хүн амжилтад хүрэх боловч баярлах тавилангүй байдаг.
Аливааг тааварлах
Асуудлыг олон талаас нь эргүүлж тойруулж бодохын оронд тааварлаж суудаг хүмүүс байдаг. Энэ нь хайхрамжгүй залхуу хүний зан.

МОНГОЛ ХЭЛ БИЧИГ

Монгол угсаатны хэлэлцэх хэл нь алтай овгийн хэлний салбар болох Түрэг, Хамниган-Манж хэлтэй төрөл болно. Монгол хэл нь төв Монгол, Буриад, Халимаг-ойрад, Монгор, Дунсян, Баонь, Дагуур, Могол зэрэг олон хэл аялгуу болон салбарладаг бөгөөд манай улсын хүн ам нь Халх, Ойрад, Буриад-Барга, Өвөрлөгчдийн аялгуугаар хэлэлцдэг. Алтай хэлтнүүд нь Алтайн нурууны орчмоос Хянганы уулс, Байгаль нуур орчмоос Хятадын Цагаан хэрэм хүртэл өргөн уудам нутагт нутаглаж иржээ. Монгол утга зохиолын хэлний түүхэн хөгжлийг эрдэмтэд хэд хэдэн үед хуваан авч үздэг байна.
Нэгдүгээр үе. /Эртний үе / Энэхүү үе нь үл мэдэгдэх цагаас барагцаалбал МЭ-ний Y зуун хүртэл үргэлжилсэн гэж үздэг.
Хоёрдугаар үе. МЭ-ний Y-XVI зууны дунд үе хүртэлх хугацааг хамааруулж үздэг. Энэ нь дотроо хоёр өөр шаттай. 1-р шат: Y-XIY зуун хүртэл үргэлжилсэн. Энэ үеийн хэлний гол дурсгал нь Монголын Нууц Товчоо, мөн дөрвөлжин үсэг, Араб үсгээр бичигдсэн дургалууд орно. 2-р шат: XIY-XVII зууны дунд үе хүртэл үргэлжилсэн гэж үздэг. Энэ үед Монгол хэлний онцлогыг нэлээд нарийн тусгасан Тод бичиг, Соёмбо үсгийг хэрэглэх болсон байна. Мөн Монгол, Дагуур, Монгор, Баоань, Дунсянь зэрэг хэл тасран гарч халимаг, буриад хэлнүүд бие даан хөгжих хандлагатай болсон байна.
Гуравдугаар үе. Монгол утга зохиолын хэлний хөгжлийн 3-р үеийн анхдугаар шатанд XVII зууны дунд үеэс XX зууны 40 хэдэн он хүртэлх хугацааг хамааруулдаг. Энэ үеийн эхэнд орчин цагийн монгол утга зохиолын хэлний хэлзүйн тогтолцоо бүрэлдэн тогтсон гэж үздэг. 3-р үеийн 2-р шат: XX-р зууны 40 хэдэн оноос эдүгээ хүртэл үргэлжилж байгаа бөгөөд энэ үеийг үндэсний хэлний үе гэж үздэг. Монгол үндэсний утга зохиолын хэлний үгсийн сангийн бүрэлдэхүүн нь монгол утга зохиолын хэлний үгсийн санг бараг бүхлээр нь хадгалаад үлдээсний дээр манай орны амьдралд хувьсгалын жилд гарсан их өөрчлөлтүүд орчин үеийн ШУ, техникийн дэвшлийг тусгасан олон шинэ үг хэллэгээр баяжжээ.Үндэсний утга зохиолын хэл нь аман ба бичгийн хэлний гэсэн хоёр үндсэн хэлбэртэй бөгөөд аман хэл нь орон нутгийн аялгуугаар илэрдэг. Эдүгээ манай улсад байгаа нутгийн аялгуунууд нь өөр хоорондоо үлэмжхэн ялгаа бүхий Халх, Буриад, Ойрад гэсэн гурван том бүлгээс бүрдэх бөгөөд эдгээр аялгуунууд нь дэд аман аялгуу болон цааш задарна.

понедельник, 5 января 2009 г.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ЯМАР УЛСРУУ ВИЗГҮЙ ЗОРЧДОГ ВЭ?

1. Азейрбажен 90 хүртэл хоногоор визгүй зорчино
2. Белорусь 90 хүртэл хоногоор визгүй зорчино
3. Хонконг 14 хүртэл хоногоор визгүй зорчино
4. Гүрж 90 хүртэл хоногоор визгүй зорчино
5. Израйль 30 хүртэл хоногоор визгүй зорчино
6. Казакстан 90 хүртэл хоногоор визгүй зорчино
7. Киргиз 90 хүртэл хоногоор визгүй зорчино
8. Куба 30 хүртэл хоногоор визгүй зорчино
9. Лаос Д, А албаны зориулалттай Е паспорттой иргэд 90 хүртэл хоногоор визгүй, хувийн зориулалттай Е паспорттой иргэд визтэй зорчино.
10. Макао 90 хүртэл хоногоор визгүй зорчино
11. Малайз 30 хүртэл хоногоор визгүй зорчино
12. Молдав 90 хүртэл хоногоор визгүй зорчино
13. Сингапур 14хүртэл хоногоор визгүй зорчино
14. БНСАУ Д,А, албаны зориулалттай Е паспорттой иргэд 90 хүртэл хоногоор визгүй, хувийн зориулалттай Е паспорттой иргэд визтэй зорчино.
15. Тажикистан 90 хүртэл хоногоор визгүй зорчино
16. Туркменистан 90 хүртэл хоногоор визгүй зорчино
17. Украйн 90 хүртэл хоногоор визгүй зорчино
18. Филиппин 21 хүртэл хоногоор визгүй зорчино
19. Хятад Д,А албаны зориулалттай Е паспорттой иргэд 90 хүртэл хоногоор визгүй, хувийн зориулалттай Е паспорт тай иргэд визтэй зорчино.

Дипламат албан паспорттай иргэд визгүй зорчих орнууд
1. Болгар 30 хүртэл хоногоор визгүй зорчино
2. Вьетнам 15 хүртэл хоногоор визгүй зорчино
3. Индонез 14 хүртэл хоногоор визгүй зорчино
4. Мексик 90 хүртэл хоногоор визгүй зорчино
5. Орос 90 хүртэл хоногоор визгүй зорчино
6. Румын 30 хүртэл хоногоор визгүй зорчино
7. Словак 90 хүртэл хоногоор визгүй зорчино
8. БНСУ 30 хүртэл хоногоор визгүй зорчино
9. Тайланд 30 хүртэл хоногоор визгүй зорчино
10. Турк 30 хүртэл хоногоор визгүй зорчино
11. Унгар 30 хүртэл хоногоор визгүй зорчино
12. Чех 90 хүртэл хоногоор визгүй зорчино
13. Чили 90 хүртэл хоногоор визгүй зорчино
14. Энэтхэг 30 хүртэл хоногоор визгүй зорчино

МЭДЛЭГ ҮҮ? МЭДЭЭЛЭЛ ҮҮ?

Өнөөдөр Монголд “Мэдлэгтэй, Боловсролтой” хүмүүс олон болжээ. Олон сайхан залуучууд байгаа гэлцэх юм. Өвөр дүүрэн дипломтой л гэх юм. Толгой дүүрэн мэдлэгтэй л гэнэ. Хүмүүс олон сургууль төгссөн, Oлон дипломтойгоороо бие биендээ гайхуулж, өөрийгөө магтана. Би мэдлэгтэй, би боловсролтой, би чадвартай гэж өөрсдийгөө төвийлгөнө. Ер нь мэдлэг гэж юу юм бол оо?
Монголд бага, дунд сургуулиас нь л эхлэн хүүхдүүдийг хэрэгтэй, хэрэггүй “Мэдээллээр” бөмбөгддөг. Log, Sin, Cos теорем онол, Физикийн хуулиуд, Химийн урвалууд ер бүх ертөнцийн шинжлэх ухааныг багтаан зааж сургадаг. Энэ баахан онолоор дүүрэн хүүхэд залуучууд Монголд зөндөө байна. Хүмүүс үүнийгээ хүүхдүүдэд мэдлэг боловсрол олгож байна гэж ярина. “Онц” сурснаа “Мэдлэгтэй”, “Муу” сурснаа “Мэдлэггүй” гэж бас дүгнэнэ. Тэгээд энэ айхтар мундаг “Мэдлэг” нь амьдралд хэрэг болж байна уу, бидэнд? Теоремоор талх зүсдэггүй л байх. Харин хутгаар зүсдэг. Онолоор байшин барьдаггүй. Харин тоосгоор барьдаг.
Бид мэдлэг, Мэдээлэл хоёроо нэг л ялгахгүй яваад байх шиг ээ. Мэдлэг, Мэдээлэл хоёр бол өөр өөр ойлголтууд юм. Оксфордын тайлбар толь бичигт ингэж тайлбарлажээ. “Мэдлэг бол туршлага болон боловсролыг өөрийн чадвар болгохыг хэлнэ. Харин мэдээлэл бол мэдлэгийг бий болгогч нэгэн хүчин зүйл” гэжээ. Үнэхээр ч тийм юм. Мэдлэг бол тухайн хүнийг оюун, Сэтгэхүй, Сэтгэлгээ, Санхүү, Эдийн засгийн бүхий л боломжийг хөгжүүлж нээж өгдөг асар их хүч юм.
Мэдлэгтэй хүн бол өөрийгөө зах зээл дээрээ үнэлүүлээд, нийгэмдээ тодорхой байр суурьтай явж байх байсан. Гэтэл гэрээрээ нэг дипломтой хэрнээ ажилгүй хүн өөрийгөө бусдад үнэлүүлж чадаагүй байна гэдэг нь мэдлэггүйнх. Тэр хүн дандаа мэдээлэл цуглуулжээ. Хоосон баахан диплом, хоосон баахан мэдээлэл цуглуулчихаж. Хэрвээ толгой дотроо цуглуулсан “Энэ их” мэдээллээ ашиглаж чадаад, Түүнийгээ мэдлэг болгон хувиргасан бол хүн өдийд ингэж явахгүй байлаа.
Бас өөр нэгэн жишээгээр мэдээлэл, Мэдлэг хоёрыг тайлбарлаж болох юм. Зарим хүмүүс “Би амаараа дүүрэн олон хэлтэй” гэж өөрийгөө өргөмжилдөг. Хэрвээ тэр хүн хэлээ өөрийн амьдрал, Ажил мэргэжилдээ ашиглаж чадаагүй бол зүгээр л дэмий хоосон толь бичиг юм. Англи хэл мэддэг мөртлөө түүнийгээ нэг ч удаа хэрэглээгүй бол “Англи мэдээлэл”-тэй хүн. Харин сурсан хэлээ өдөр тутам ажил амьдралдаа ашиглаж байвал өөр хэрэг ээ. Ийм л хүнийг хэлний мэдлэгтэй хүн гэнэ. Үүний нэгэн адилаар олон арван ном уншсан хүнийг бас “Мундаг мэдлэгтэй” хүн гэхийн оронд бүх номоо шалан дээгүүр замбаараагүй таараасан номын сантай зүйрлэж болно. Харин уншсан номныхоо утга агуулга, өгүүлэгчийн санааг ухаж ойлгоод амьдралдаа хэрэгжүүлсэн хүнийг номуудаа эмх цэгцтэй өрж тавьсан номын сантай зүйрлэбэл илүү зохимжтой. Энэ хүн ямар номоо хэзээ унших, аль тавиур дээрээс авахаа сайн мэднэ. Өөрөөр хэлбэл, мэдээллээ эмхэлж цэгцэлсэн мэдлэгтэй хүн юм.
Ер нь олон олон алдартай хүмүүс сургуулиа орхисныг би мэдэх юм байна. Тэд ганцхан сургуулиас мэдээлэл цуглуулахыг боловсрол бол мэдээлэл гэдэг санааг энд дурьдахыг хичээлээ. Үүнээс дүгнэхэд боловсролтой хүнийг мэдлэгтэй хүн гэж дүгнэх аргагүй юм. Харин боловсрол бол мэдлэгийг олох нэгэн хүчин зүйл юм. Дэлхийн тэргүүн баячууд өөрийн амьдрал дээрээс олсон туршлагаа мэдлэг болгон хувиргаж, амжилтанд хүрсэн байх юм. Мөн дэлхийн алдарт эрдэмтэд өөрийн онол үзэл баримтлалаа баталж, амьдрал дээр хэрэгжүүлснээр амжилтанд хүрчээ. Ийм л хүмүүсийг мэдлэгтэй, чадвартай хүн гэнэ.
Эцэст хэлэхэд, Мэдээллээ мэдлэг болгож хувиргасан тийм хүнийг л мэдлэгтэй хүн гэе. Тийм л зүйлийг бас мэдлэг гэе. “Мэдээлэл бол санамсаргүй бөгөөд замбаараагүй зүйл. Харин мэдлэг бол эмх цэгцтэй мэдээлэл юм.” Даниел Бүүрстэн

воскресенье, 4 января 2009 г.

ААВАА УУЧЛААРАЙ

Гэрлэснээсээ хойш аавааасаа болж байнга эхнэртэйгээ муудалцдаг байв. Эхнэр нь аавтай нь хамт байхыг хүсдэггүй, дараа мэт үздэг байв. Заримдаа тэсвэрлэхийн аргагүй үе ч байдаг байлаа. Нэгэн өдөр маргалдсаны дараа эхнэр нь "Нэг бол би явья, эсвэл эцэг чинь яваг" гэж тулгав... Тэр эхнэрээ алдахыг хүссэнгүй. Ааваас нь болж хэрэлдэж муудалцдаг ч аз жаргалтай гэр орон, хайртай эхнэр нь хүүхдүүд нь байлаа. Эхнэртэйгээ гэрлэхийн тулд их л тэмцэлдсэн байж. Эхнэрээ өчнөөн ятгасан боловч амжилтанд хүрсэнгүй. Түүндээ үнэхээр хайртай байлаа. Яах ч аргагүй байдалд ороод эцэст нь нэг арга олжээ. Ан хийх хорхойтой энэ хүн хэдэн жилийн өмнө ууланд бариулсан байшиндаа аавыгаа аваачих болов. Хэрэгтэй бүхнээр хангаж, долоо хоногт нэг эргэж торч байх бөгөөд ингэснээр эхнэртэйгээ ч муудалцахгүй байлаа. Хэрэгтэй бүхнийг аваад, хэвтэрт орсон аавыгаа тэвэрч байгаа мэт өргөсөөр машиндаа суулгажээ. Хүү нь хамт явахыг хүссэн тул авч, замдаа гарав. Дүн өвөл болж байсан тул хүйтэн байв. Цасан дундуур арайхийн явж байлаа. Хүү нь хаашаа явж байгааг асуусан боловч юу ч дуугарсангүй.
Хаашаа явж байгааг гадарласан хөгшин дуслах нулимсаа ачдаа болон хүүдээ үзүүлэхгүйг хичээнэ. Хэдэн цаг яваад уулан дахь байшиндаа хүрэв. Олон жил энд ирээгүй юм санжээ. Уулын байшин нурах дөхөж, дээврээс нь дусаал гоожиж байлаа. Оромжны нэг буланг цэвэрлэж, орыг нь тавиад бусад эд хогшлыг нь оруулан, хамгийн сүүлд аавыгаа хэвтүүлэв. Оромжны дотор ч шуурч байлаа. Аав нь аль хэдийн даарч эхэлжээ. Маргааш дахин ирэхдээ хэдэн хөнжил, хучлага авчирья гэж бодов. Хүүд нь үнэхээр их гунигтай байлаа. Харин аавд нь бол бүр ч хэлэх ч үг олдсонгүй. Хайрлаж өсгөсөн хүү нь түүнийг ийм газар орхих нь. Гомдож, дотор нь шатаж байсан ч ил гаргасангүй. Ач хүү юу болж байгааг анхаарсангүй. Өвөөгөөсөө сална гэдэг түүнд хэцүү байв.
Хүү буцах болоод аавынхаа ор руу тонгойн хацар, гарыг нь олонтаа үнсэн, тэврэх нь намайг уучлаарай хэмээх мэт байлаа. Хоёул биеэ барьж чадалгүй эхэр татан уйлав. Ингээд боллоо гэх мэт аавынхаа нүүр рүү хараад хүүгээ хөтлөн оромжноос гараад машиндаа суулаа. Бяцхан хүү замд гараад яагаад өвөөг минь тийм хүйтэн газар орхичихвоо гээд уйлж эхлэв. Юу хэлэхээ мэдсэнгүй, ээж нь хүссэн юм гэж чадсангүй.
Бяцхан хүү нь "Би ч бас таныг хөгшрөхөд энд орхих юм уу?" гэж асуухад тэнгэр нурах мэт болжээ. Тэгээд машинаа эргүүлэн галзуу мэт буцаж давхив.
Оромжинд ороод "Ааваа намайг уучлаарай" гээд тэвэрч авав. Аав хүү хоёр чангаар тэврэлдэн нялх хүүхэд мэт эхэр татан чанга уйлж байлаа. Хүү "Ааваа намайг уучил, ийм зүйл хийснийг минь уучлаарай" гэж өршөөл эрэв. Аав нь "Хүү минь би чамайг эргэж ирнэ гэж мэдэж байсан юм. Би урьд нь аавыгаа ууланд орхиж байгаагүй, чи ч бас тэгэхгүй.... Намайг энд орхихгүй гэдгийг чинь мэдэж байсан юм" хэмээжээ.

АЗ ЖАРГАЛЫН ТҮЛХҮҮР

Нэгэн худалдаачин аз жаргалын нууцыг олж мэдүүлэхээр хамгийн мэргэн ухаантай хүн рүү хүүгээ явуулжээ. Залуу хүү 40 хоногийн турш элсэн цөлийг гатлан туулж явсаар толгодын дээр сайхан харш байхыг олж хараад тийшээ очжээ. Хайж явсан мэргэн нь энд амьдардаг байв. Мэргэнтэй уулзах гэсэн хүмүүс харшаар дүүрэн байлаа. Энэ харш хүүгийн бодож байсан шиг тийм сайхан үзэсгэлэн төгс харагдахгүй л байлаа. Хүү бүтэн 2 цаг хүлээж байж сая мэргэн ухаантантай уулзах завшаан олжээ. Хүүгийн зорьж ирсэн хэргийг анхааралтай сонссон ухаантан асуултанд хариулах тийм их цаг алга гээд хүүг харшийг үзэж танилцаад 2 цагийн дараа ир гэжээ. Гэхдээ “Өөрөөс чинь нэг зүйлийг хүсье!” гээд хүүгийн гарт бага зэрэг шингэн тостой халбага өгөөд “Ордноор зугаалж байхдаа халбагатай тосоо асгаж болохгүй” гэж анхааруулжээ.
Хүү ч ордны шатаар өгсөж уруудан өнцөг булан бүрээр явжээ. Гэвч халбагатай тосноосоо нүд салгасангүй. Хоёр цагийн дараа мэргэн ухаантан дээр эргэж ирэв. Мэргэн ухаантан “За хүү минь ордноор зугаалж байхдаа хоолны өрөөний хажуугийн уран гоё хийцтэй хивсийг, цэцэрлэгчийн маань 10 жилийн хүч хөдөлмөрөө зарж босгосон цэцэрлэгийг, номын санд байгаа сайхан илгэн цааснуудыг маань харав уу? гэж асуужээ. Хүү ч санаа зовон, халбагатай тосоо асгачихгүйн тулд өөр юу ч анзаарч чадаагүйгээ хүлээжээ.
Мэргэн “тэгвэл яваад ордны бүх сайхныг хараад ир” гэв. Санаа нь амарсан хүү халбагатай тосоо аван ордонтой дахин танилцахаар гарчээ. Энэ удаа явахдаа хананд өлгөсөн, зурсан урлагийн сайхан бүтээлүүдийг анхааралтай харж хэчнээн сайхан болохыг нь мэдэрч байлаа. Үзэсгэлэнт сайхан цэцэрлэг, уран гоё хийцтэй сайхан бүтээлүүдийг харж нүд, сэтгэл баясгажээ. Танилцаж дуусаад хүү харсан үзсэн бүх сайхан зүйлээ мэргэн ухаантанд ярьжээ.
Түүнийг анхааралтай сонссон мэргэн ухаантан хүүгээс “чамд өгсөн халбагатай тос хаана байна?” гэж асуухад хүү сандран гар луугаа хартал тос нь аль хэдийнээ асгарсан байлаа.
Юм харж алмайрсан хүү гарт байгаа халбагатай тосоо мартсан байжээ. Үүнийг харсан мэргэн ухаантан хүүд хандан, “Чамд өгөх ганцхан зөвлөгөө байна: Аз жаргалын түлхүүр нь “халбагатай тосоо асгалгүйгээр бүх юмны сайхныг нь олж харах юм” гэжээ. Орчин үед аз жаргал нь итгэл үнэмшил, амжилт, албан тушаал, алдар нэр, гэр бүл, асуудалгүй жигд амьдрал гээд бодит болон хийсвэр олон ойлголтоор хэмжигддэг. Гэвч мартаж болохгүй хамгийн чухал зүйл бол “халбагатай тос” буюу хүний мөн чанар юм.

четверг, 1 января 2009 г.

ДАЛАЙ ЛАМЫН МЯНГАНЫ СУРГААЛЬ

1. Их хайр , их ололт нь их эрсдэлийг дагуулж явдгийг сана .

2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд .

3. Өөрийгөө хүндлэх , бусдыг хүндлэх , өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн 3- н зарчимыг мөрд .

4. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана .

5. Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ .

6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхамыг хийж бай .

7. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай .

8. Бусадтай нээлттэй бай , гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд .

9. Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт гэдгийг сана .

10. Нэр төртэй сайхан амьдар . Тэгвэл нас ахиж эргэж бодох цагт 2 удаа амьдарсан мэт сэтгэл ханах болно .

11. Гэр бүлийн доторхи халуун дулаан уур амьсгал тань , таны амьдралын тулгуур , суурь мөн .

12. Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц . Энэ нь мөнхийн алдарыг олох зам юм .

13. Газар дэлхийтэй эелдэг харьц .

14. Жилд 1 удаа урьд очиж байгаагүй газраа оч .

15. Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд л байдаг ганц зүйл гэдгийг сана .

16. Юуг орхиж , юуг хаяж байж олж авснаар нь өөрийнхөө амжилтыг дүгнэ .
Эдгээр нь шинэ мянганы босгон дээр Далай ламын айлдсан сургааль үгс болой .

Сэтгэл оюундаа тунгаан хичээвээс магад таны амьдрал дээшлэх буй за !