вторник, 20 декабря 2011 г.

ЭЭЖ ОХИН ХОЁРЫН ЯРИА

-Ээж ээ! би царай муутай юм уу? Намайг манай ангийнхан онигор нүдтэй, намхан гээд байх юм?

-Хаанаасдаа, миний охин. Чи энэ хорвоогийн хамгийн сайхан охин шүү дээ. Хүн болгоны нүд давхраатай байх албагүй. Давхраагүй нүд, жижиг бие хоёр хэзээ ч гоо сайхны хэмжүүр болдоггүй юм. Миний охин жижигхэн биетэй ч “томоос том” ухаантай. Хүний гоо сайхан дотоод сэтгэлдээ байдаг юмаа, миний охин.

-Ээжээ өчигдөр багш биднээс ямар мэргэжилтэй болох вэ гэж асуусан. Би “ээж” болно гэсэн чинь хүүхдүүд намайг шоолсон.

-Хүмүүс ээж гэдгийг мэргэжил гэж тооцдоггүй болохооор л тэр. Ээж гэдэг бол хамгийн сайхан, гайхамшигтай мэргэжил юм шүү дээ. Ээж гэдэг мэргэжил дотор эмч, багш, цэвэрлэгч, асрагч, шүүгч, өмгөөлөгч гээд бүх л мэргэжил багтдаг. Миний охин сайн ээж болноо.

-Ээжээ эмээ, өвөөгийн зүрх өвддөг тээ, минийх ч бас …

-Миний охины зүрх ямар үед өвддөг юм бэ?

-Би зурагтаар өнчин охины тухай кино үзээд зөндөө уйлсан. Тэгээд миний зүрх өвдсөн. Гудамжны хүүхдүүд бас л өрөвдөлтэй. Тэднийг харахаар зүрх өвддөг.

-Тийм зүйлийг хараад өвддөг зүрх харин ч эрүүл байгаагийн шинж. Ямар ч зүйлийг өрөвдөхгүй, шаналахгүй байгаа зүрх л жинхэнэ өвчтэй гэсэн үг.

-Ээжээ тa хорвоогийн хамгийн сайн ээж, тийм ээ?

-Энийг миний охин л харуулна.

-Яагаад би гэж?

-Миний охин том болоод эрдэм мэдлэгтэй, сайн хүн болж эх орныхоо төлөө их зүйл хийвэл ээж нь хамгийн сайн ээж гэсэн үг.

-Аан ойлголоо. Би заавал таныг сайн ээж гэдгийг нотолноо.

понедельник, 28 ноября 2011 г.

ОХИНЫ МИНЬ ДУРЛАХ ЗАЛУУД ИЛГЭЭХ ЗАХИДАЛ

Сайхан цэцэгийг ургуулах гэж цэцэгчин хүн сар, нар, ододыг шинжин, өөрийгөө умартаж, ямх ямхаар дээшлэх ишийг нь энхрийлж, навчийг нь чийглэж, дэлбээлэх анхны нахиаг нь өхөөрдөн ширтэж суудаг гэсэн.

Охины минь дурлах залууд илгээх захидал /өгүүллэг/

Би бол цэцэгчин хүн. Харин надаас тасарч, сэтгэлээс бүтсэн энэ цэцэг одоо өөр гэрэл рүү тэмүүлж байна. Эгдүүцэн байж ургуулсан энэ эмзэгхэн нахиа ямархуу гоо үзэсгэлэнтэй цэцэг болон дэлгэрч байгааг чи одоо бахдан харж байна. Анх харахдаа л чи түүнд минь татагдсан бол түүнтэй үүрд үргэлжлэх болно гэдгийг сайтар тунгаагаарай. Тэгээд мянган жил ч байсан чиний тэр бахдал чамд аз жаргал хэвээрээ байна гэдэгт итгэлтэй байгаа бол түүнд минь гараа хүргэж болно. Харин тэгж бодож байхдаа эвшээлгэх юм бол чи өөрийгөө андуурсан гэдэгт итгэ. Тиймээс анзаараагүй мэт царайлаад цааш явж одоорой. Түүнд минь горьдлого төрүүлэх хэрэггүй. Тодорхойгүй эхлэлийг тавиагүй л бол аз жаргалгүй төгсгөл ирдэггүй юм.

Чамайг хайрлаг гэж би энэ жижигхэн хайрыг төрүүлсэн юм. Тэр хайрыг анзаараагүй өнгөрдөг байлаа ч нэгэн цогтой, халуун зүрхний гүнд маш олон жил чи хадгалагдах болно.

Чамайг хадгалж, нандигнаг гэж би энэ ариухан сэтгэлийг ургуулсан юм. Агаарын салхи, амьдралын салхи, анхны хайрын салхи охиноос минь төгсгөлгүй ундарч байгааг чи нэгэнт мэдсэн бол түүнийг минь битгий ширгээгээрэй. Битгий уйлуулаарай.

Нарны гэрэл нэвт харагдам бяцхан хуруугаа эсгэчихээд дуслах цусыг нь гайхан хараад “Ээж ээ, энэ юу вэ?” хэмээн асуусан тэр өдөр би огт танихгүй чамайг бодож зогссон юм шүү. Тэгээд үрийнхээ биеэс урссан тэр халуун шингэнийг угаалтуур луугаа дусаачихаад хамаад авчихаж чадахгүйдээ халаглаж байлаа. Харин чи тэгж чадаж байна уу?

Чамайг хайрлаж байгаа энэ бяцхан халуун ертөнцийг би өөрийнхөө хайраас тасалсан юм. Тэр хайр нүдэнд үл үзэгдэх хэрнээ зүрхийг минь шатааж байлаа. Шатам халуун ертөнцөд минь хаалга, үүд гаргах гэж надаас энэ охин ургасан атлаа яг одоо гагц чиний төлөө л үхэхэд бэлхэн зогсож байна. Надаас тасарсан хэрнээ чам руу тэмүүлж, намайг дуурайсан хэрнээ чамайг хайрлаж байна. Ялимгүй омголон боловч энхрий зөөлөн сэтгэл түүнд минь бий. Шазуур зууж харагдах боловч дотроо нулимс үерлүүлж, шантгар зөөлхөн хамраараа хайр нэхэж байгааг нь би мэдэж байна. Чи түр зогсоод духан дээр нь үнс. Чимээгүйхэн эрүүг нь өргөөд уруулыг нь үнэрлэ. Ингэхийг чамд л би зөвшөөрч чадна. Инээмсэглэснийх нь дараа надад чи талархах болно.

Хэзээ ирэхээ мэдэгдэхгүйгээр чи хаашаа ч битгий яв. Мөч, хором, цаг бүхний тоогоор тэр минь чамайг хүлээх болно. Тийм их хүлээлтийн цаана тоолж боломгүй горьдлого, тийм хэмжээний гомдол буцалж байдаг юм. Тэгээд эргээд ирэхэд чинь дүрэлзсэн их гал саваа нэгэнт хальж, дөлгөөн уярангуй зан хөлдөж ширгэсэн байх болно.

Чамайг тийм халуун галд шатаж, тийм хүйтэн мөсөөр хайруулаасай гэж би хүсэхгүй байна. Миний тарьсан цэцэгийг муухай болговол махчин ургамал ч болж чадах. Харин хайр, гэрэл хоёроор тасралтгүй тэтгэж чадвал чиний дулаан тавлаг гэр орон мэт байж чадна.

Тэрний нулимсыг арчих тоолондоо дотроо уйлдаг байсан ээж нь ганцхан чамд зориулан энэ мөрүүдийг тэрлэж байна. Хацрыг нь хорстол алгадаж ч үзээгүй хамгийн нандин дэлбээгээ одоо чиний мэдэлд шилжүүлье.

Гараа сайтар угаагаад хаттал нь арччихаад нарны гэрэл элбэг хүрэлцэх тийм л газар луу түүнийг минь зөөгөөрэй. Тэр чамд яг өөр шигээ олон үзэсгэлэнт цэцгийг ургуулж өгөх болно. Тэднийг ч бас яг түүн шиг минь халамжлаарай. Ингээд чиний ачаар би ч бас цааш үргэлжлэх болно.

Х.Болор-Эрдэнэ

среда, 25 ноября 2009 г.

САХИУСАН ТЭНГЭР


Дэлхий уруу явахаар дугаарлан зогсох олон хүүхдийн нэг нь БУРХАНаас ийн асуулаа.
-Намайг одоо дэлхий уруу явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд … БУРХАН:
-Чи санаа зоволтгүй ээ. Би бүх сахиусан тэнгэрүүдээсээ нэгийг нь чинийх болгож сонгосон.
Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгнө. Энэ маягаар чи түүний хайрыг мэдэрч, аз жаргалаар дүүрэн амьдрал, өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно.

-Аан тэгвэл, хүмүүс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгүй юм чинь яаж ойлгох болж байна аа?
-Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертөнц дээр хэрхэн сонсож, яаж ярихыг зааж өгнө.
-Гэвч дэлхий дээр маш олон муу хүмүүс байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ?
-Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө ч зориулахад бэлэн байж чамайг ертөнц дээрх бүх муу зүйлээс авран хамгаална гэх тэрхэн агшинд Диваажинд маш нам гүн болж, тэр хүүгийн ээлж ч болсон байлаа.
Нэгэнт явах цаг ирснийг ухаарсан хүү эцсийн асуултаа асуусан нь:

-БУРХАН минь, БУРХАН минь би одоо явах нь ээ. Миний сахиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч гэхэд БУРХАН: -Хүү минь, түүний нэр тийм ч чухал биш ээ, харин чи түүнийг “ЭЭЖ ЭЭ” гэж дуудаж болно гэлээ.
Манай хэрэглэгчид дотор “ээж” сахиусан тэнгэрүүд нэлээдгзй байгаа төдийгүй.
Болоогүй байгаа нь хэзээ нэгэн цагт “ээж” сахиусан тэнгэр болох нь гарцаагүй юм. Бүх сахиусан тэнгэрүүддээ сайн сайхныг хүсье.

понедельник, 28 сентября 2009 г.

ХАЙР


Б.Ичинхорлоо

Доошоо ширтээд харцаа нуугаарай
Догдлоод би уйдамхай шүү
Инээдэн цаанаа үгээ дэвсээрэй
Итгэхгүй ээ, би хайртай шүү
Эмзэг зүрхийг минь чи аваарай
Энэ минь сүүлчийн бэлэг шүү
Элдэвлэж тунисан үгийг минь гээгээрэй
Ээ дээ, надад гуниг зохихгүй шүү
Хайрт минь чи ганцаараа ирээрэй
Хамаг итгэлийг минь өөрөөсөө хайгаарай
Цэх ширтээд уравснаа хэлээрэй
Цээжний минь нөмөрт алдаатайгаа багтаарай.

вторник, 15 сентября 2009 г.

ТУСЫГ ТУСААР

Хүнд хүргэсэн тус янз бүр. Би түүнд тусалсан, тэр надад туслах ёстой гэж үздэг нэг хэсэг байна. Би түүнд тус нэмэр болж яваагүй ч тэр надад туслах үүрэгтэй гэж бодох нөгөө нь байх. Хэн ч хамаагүй надад туслаасай гэж горьдож хүлээгсэд цөөнгүй. Бусдын тусыг авалгүй өөрийгөө яаж ийгээд болгоно доо гэж мачийгсад бас бий. Хариу нэхээгүй тус илүү үнэтэй. Сэтгэлээсээ үзүүлсэн туслалцаа бүр илүү үнэ цэнэтэй. Нэмэр тус болж чадахгүй бол нэрмээс саад учруулахгүй байх нь хэн хэндээ өлзийтэй. Хийж бүтээх гэж байгааг нь, хийсэн бүтээснийг нь магтан сайшаадаггүй юмаа гэхэд байгаагаар нь, үнэнээр нь үнэлэн, урмын үг сэтгэлээсээ хэлж сурах нь томоос том тус. Энэ нь хүнд ихийг бүтээх урам зориг, эрч хүч хайрладаг юм. Нөхрийг магтах болоод буруушаахад барих зарчим гэж бий. “Нөхрийгөө ганцаар байхад нь буруушаа, харин нийтийн өмнө магтан сайшаа”.
Хүнд тус болсон бол тэр тухайгаа март. Хүний тусыг авсан бол үргэлж санаж яв. Хүнд тус хүргэсэн бол тэр тухай бүү дурс. Тусыг хүртсэн хүн нь ярьж байг. Тус болсон хүний ачийг мартах муухай. Ачийг бачаар хариулбал бүр ч муухай. Хүний тусыг тусаар хариулж явбал буян хураана, тусыг усаар хариулбал нүгэл хурна. Цагийг нь олж хүргэсэн тус цаглашгүй ачлалыг авчирна. “Оройтвол олох бэрх, доройтвол сэхэх бэрх” болсон үед нь үзүүлсэн туслалцааны үр ач бага. Хэрэгтэй үед нь, хэрэгтэй зүйлээр нь хүргэсэн тус нэмрийн үр өгөөж их бөгөөд үл мартагдам. Дэм дэмэндээ амьдрах нь хүний ёс. Бусдын тусыг авч, өөрийн хэргийг бүтээнэ. Тусыг тусаар хариулах уу, усаар хариулах уу гэдэг нь хүний мөс чанарын асуудал. Мөс чанартай монгол хүн бусдын тусыг эс мартан, хүнд туслах нь өөрт ногдсон үүрэг мэтээр бодож үйлдэж явдаг юм. Залуус та нарыг чухам ийм хүн байгаасай гэж хүснэ. Тиймээс ч манай өвөг дээдсийн “тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэж захиж үлдээсэн оюуны өвийг бид залгамжлан үргэлжлүүлэх үүрэгтэй. Чадах зүйлээрээ л бусдад тусал. Чадахгүй, дийлэхгүй байж тусална гэж хоосон амлан, цагийг үрж, сэтгэлийг чилээж байх хэрэггүй. Туслалцаа хүссэн хүнд чадна, чадахгүй гэдэг хоёр үгний нэгийг чанх урьдаас нь харж байгаад хэлж сур. Тусална гэж хэлчихээд мартчихдаг нөхөр байхад тусална гэж хэлээгүй мөртлөө бодсоор яваад хэрэгжүүлдэг хүн ч байх. Тус болооч гэж хүсэхэд үгүй гэж хэлж чаддаггүй хүмүүс бий. Тэдний дунд яадгаа алдчихсан худалч байхад яаж ийгээд бүтээчих юмсан гэж өөрийгөө зовоож явдаг цайлган сэтгэлтэн олон байна. Бусдад тус болохын төлөө төрчихсөн юм шиг үргэлж хүний төлөө санаа тавьж, өөрийгөө зовоож явдаг сайхан санаат, сайн үйлстнүүд цөөн ч гэсэн бас байгаа. Тэд хүнд туслахыг бурхнаас оноосон үүрэг мэт бодож, үйлдэнэ. Түүнд яаж тус хүргэчих вэ гэдэг бодол цаг үргэлж тархи толгойд нь эргэлдэнэ. Тус хүргэчихвэл тоймгүй баярлана, тус хүргэж чадаагүй бол туйлаас санааширна. Туслалцаа авсан нөхөр түүнийгээ юм болгож чадахгүй үрэн таран хийчихвэл өөрөө буруутай мэт түүний өмнөөс зовно, гомдоно. Дэмнээд, туслаад байхад өөдөө гарч өсөж өөдлөхгүй бол өр зүрхнээсээ харамсана. Тусыг олоод ургаж төлжиж, ахиж дэвжиж байгаа хүмүүсийг хараад чин сэтгэлээсээ баярлана. Хүний тусыг голж чамлаж болохгүй. Туулайн чинээ тусыг зааны дайтай бодон хүлээж авбал өгөөжөө өгнө. Сайхан сэтгэлээр хүргэх гэсэн тус саад болон гай тарьж ч болно. Түүнийг тус болох гээд ус болох гэж хураангуйлан илэрхийлдэг. Тэгэхээр сайн санасан тус болгон сайн үр дагавартай байж чаддаггүй ажээ. Чамд ирсэн тусыг үзүүлэх ёстой л тус гэж үзэх биш, тусалсанд нь ямагт баярласан сэтгэлээр хүлээж авч байх хэрэгтэй. Тэвдэхийн үед төрлийн сайн танигдана гэх үг бий. Ойрын хүмүүсээ тэвдэж ядарч явахад нь гуйлгаж, хүлээлгэлгүй туслах хэрэгтэй. Май гээд өгчихөх чадалгүй бол яав гээд асуучих. Тэр чинь сэтгэлийн том тус. Зовлон жаргалаа хуваалцана гэдэг нь сэтгэлээсээ өгөх туслалцаа дэмжлэг мөн билээ. Түмэн олны тус яндашгүй их. “Түмэн лантай явахаар түмэн олонтойгоо яв”. Сандарч мэгдэхийн цагт садан төрлөөс чинь дутахгүй түмэн олон тусална. Сайн сайхан яваа чинь түмэн олны тус дэмийн ач. Түүгээр тэжээгдэж чи өдий зэрэгт хүрсэн. Чиний дуулж байгаа дууг үзэгч олон сонсохгүй бол, чиний бичсэн шүлгийг уншигч олон таалахгүй бол, чиний зурсан зургийг түмэн олон таашаахгүй бол яах вэ? Бүтээлийг нар сар, навч цэцгэнд зориулж туурвиагүй, хүнд, түмэн олонд зориулсан мэдээж. Та нарын бүтээлийг сонсох, унших, харах бүртээ баяр баясгалангаар бялхаж байдаг олон түмний тус дэмээр л онгод хийморь чинь хөглөгдөж, авьяас билэг чинь ундарч яваа. Уран бүтээлч нэг талаас түмэн олондоо оюуны өглөг хайрлаж, сэтгэлийн таашаалыг хүртээж, тэдэнд том тус дэм болж байдаг нь үнэн. Нөгөө талаас олон түмний дэм тусгүйгээр туурвисан бүтээлийн чинь үнэ цэнэ дээш мандан цойлохгүй хөлийн өлмийд ойчих нь бас үнэн. Түмний хүлээлгэсэн итгэл найдвар улам ихийг, бүр сайныг хийж бүтээх сэтгэлийн тэнхээнд чинь дундаршгүй хүчийг сэлбэн нэмж, авьяас билгийн чинь гал дөлийг бадраана. Олон түмний хүндлэл бишрэл гэж ямар айхтар зүйл байдаг нь ч аяндаа ойлгогдоно. Од болон гялалзан мандах амархан. Олны итгэлийг даалгүй ойчих бүр амархан гэдгийг санаж бодож явууштай.

Багш нар олны тусын тулд, ирээдүйн үйл хэргийн төлөө үнэхээр бахдам үйлийг бүтээж байгаа хүмүүс. “Багш хүнийг лаатай зүйрлэлтэй. Бусдыг гэрэлтүүлэхийн төлөө өөрийгөө зориулдаг” юм. Бусдын тусын тулд өөрийгөө зориулахаас илүү буянтай ажил хаа байх вэ. Хэдэн үеэрээ амьдрах орон байрыг халуунд халж, хүйтэнд хөрж, шавар будаг, тоос шороотой зууралдан байж барьж босгосон барилгачид мартах аргагүй тусыг бидэнд хүргэж байдгийг тэр бүр ойшоодоггүй. Мөнгийг нь төлөөд байраа авч байна, барилгачдын тус гэж юу байхав гэж бодох хүн байхыг үгүйсгэхгүй. Барилгачнаас өөр хэн ч дийлж дөнгөхгүй хүнд бөгөөд нарийн ажлыг хийхдээ өрсөн тоосго, наасан хавтан, угсарсан хоолой бүхэнд ур чадвар, сэтгэл зүтгэл, хөлс хөдөлмөрөө шингээн ирээдүйн эздэд нь их тус хүргэснийг эрхбиш үнэлж талархах чадвартай болох ёстой.

Эрүүл саруул байх нь хүний аз жаргалын оргил. Бусдын жаргалант амьдралын төлөө аюулт өвчинтэй тулалдах эмч нарын үлэмжийн гавьяат, баатарлаг хөдөлмөрийг юутай ч зүйрлэж харьцуулашгүй. Өвдөж зовсон хүмүүст сэтгэл итгэлийн тус, найдлага найдварын илч гэрэл хайрлах шиг гэгээн ачлал хаана байх билээ. Эмч нар эмнэлэгээс эдгээд гарч буй хүний гараас нь чихрийн цуглуулга биш, нүднээс нь баярласан сэтгэлийн оч олж харахыг хүсдэг юм. Түүнийг хүн болгон өгч чаддаг билүү? Үхэх гэж байгаа хүнийг босгоод ирж байхад баярлахгүй байж болно гэж үү? Тус болсон хүндээ баярласан сэтгэлээ илэрхийлж сурах нь том соёл, хүн ёсны үүрэг юм.
Нийтийн автобусанд явсан зорчигч “баярлалаа” гэж хэлэхэд нь тийм эелдэг үг төдийлөн сонсож байгаагүй үйлчлэгч нулимсаа барьж чадалгүй уйлсан тухай яриаг сонсоод инээлддэг байж билээ. Уг нь инээж шоолох юм биш. Баярлалаа гэх ганцхан үг хүний сэтгэлийн хөвчийг ямар хүчтэй хөндөж чадаж байна вэ гэдгийг ухаарах ёстой юм.
Тус болох хүнээ түшиж ойртож яв. Түшээд ирснийг бүү түлх. Түлхэснийг харин бүү түш. Хүнд үзүүлсэн тус, сайн санасан сэтгэл бүхэн эргээд тийм хариуг заавал авч ирнэ гэж эргэлтгүй итгэн хүлээн найдах хэрэггүй. Тус хүргэсэн халуун сэтгэл рүү чинь хүйтэн ус цацах хүн цөөнгүй гэдгийг мэд. Тус болъё гэж зорьсон ариун итгэлийг хадгалж даалгүй, гомдоон мохоох хүн бийг тооцож бодож бай. Сэтгэлээсээ үзүүлэх ач тус доошоо намдан нугдайж, өгөө авааны зарчимд суурилсан тус өөдөө өндөрсөн цогнойж байгааг цаг зуурын гажиг гэж найдан, сэтгэлээ тайтгаруулая. Хариу нэхээгүй тус, сэтгэлээсээ хайрласан тус ханш нь буурах ёсгүй гэдгийг хүн бүр бодож ухаарч яваг.

четверг, 30 апреля 2009 г.

ЭНЭРЭНГҮЙ ХЭРЦГИЙГЭЭС ХҮЧТЭЙ....

Энэрэнгүй сэтгэл бол амьдралын гачаал, зовлон тулгарсан нэгнийг ойлгон мэдэрч, тэдэнд туслах санаа бүхий буяны сэтгэл бөгөөд энэ сэтгэлийг их шашнууд дээдлэн хүндэлж, номлодог билээ. Энэрэнгүй сэтгэл нь Бурханы шашинтан хүний амьдрах хэв маягийн хоёр тулгуурын нэг нь бөгөөд удаах нь, бидний зовлонгийн уг гарвал ба түүнээс гэтлэн гарч түр зуурын хийгээд туйлын амар амгаланд хүрэх аргыг танин мэдэх билиг ухаан байдаг. Өөрийн дүр төрхийн (имиж) хуурамч мөн чанарыг алдаагүй үнэнээр таньсан уг билиг ухаан нь муу сэтгэлийн үндэсийг тасалж, үүрдийн амгаланг олгодог. Өөрийгөө хэрхэн авч үзэх талаархи төөрөгдөл нь амьдарлын хүрдэнд олон дахин төрөл авахад хүргэдэг. Бурхан багшийн сургаал ёсоор, буяны үйл нь их амгалан орны тэнгэр хийгээд хүний төрлийг олоход хүргэдэг бол нүглийн үйл нь адгуус, тамын амьтан, цөл газрын өлсгөлөн бирд болж төрөхөд хүргэдэг. Эдгээр бүх төрлүүд түр зуурын байдаг учраас удалгүй үхэж, үйлийн үрээсээ хамааран өөр төрөлд төрцгөөдөг. Энэ хүрдний хаана ч бодит байдлын тухай төөрөгдөл болон түүнээс үүдэн гардаг зовлонгоос эрх чөлөөгүй байх учраас хүрдэн дотор төрөл авдаг бүх төрөлхтөнийг энэрэнгүй сэтгэлээр тэтгүүштэй. Сансарын хүрдэнд хүлж байгаа цалмыг тасалсан цагт л гагцхүү зовлонгоос бүрэн гэтэлнэ. Энэ бол бүхнийг устгаж үгүй болгох юмуу бусдыг орхиж байгаа хэрэг бус. Энэ бол жирийн амьдралд тохиолдох бэрхшээлд хорлогдолгүй эрх чөлөөтэйгээр оролцох буюу энэ ертөнцөд байгаа хирнээ энэ ертөнцийнх биш байхыг хэлж байгаа юм. Ийм байхыг хичнээн их хүсэж залбирдаг билээ дээ? Хэдийгээр бид тодорхой хэмжээгээр энэрэнгүй сэтгэлтэй боловч голдуу жигд бус бөгөөд хүчгүй байдаг. Зарим хүмүүсийг хайрлан, нөгөөд дургүй хүрнэ, дуртай хүмүүстэйгээ ч гэсэн тодорхой хязгаарт нөхөрлөдөг. Миний анхны лам багш нарын нэг Түвдэн Ешэ багш барууны орны шавь нарынхаа хооронд болдог өчүүхэн юманд маргаж, өрсөлдөж, атаархаж, уурлах гэх мэт байдлыг анзааран, тэдэнд хандаж: “Та нар хүмүүс байж нэг нэгийгээ гэрийн тэжээврээ хайрлахаас ч доор байгааг хараад би гайхширч байна” гэж билээ. Би одоо хүртэл ийм нэг бэрхшээлтэй тэмцсээр байгаа. Үүнд: надад дургүй юмуу үнэлэмжийн хувьд тэс өөр хүмүүсийг энэрнэ, сайн сайханд нь санаа тавина гэдэг хэцүү байдаг. Хүн өөрийн өссөн нийгмийнхээ ёс суртахуунд тулгуурласан ертөнцийг үзэх үзэлтэй болж, өөрт хуримталсан туршлага, итгэл үнэмшилээр цутгасан хэв загварт орсон байдаг. Хүн бүр өөрийнхөө үнэлэмжийг мэдээж хамгийн зөв гэж боддог, хэрвээ тэгж боддоггүй бол түүнийг баримтлахгүй шүү дээ. Өөрийгөө төвчлөх дотоод үзлээс шалтгаалж бидний үзэл бодол амиа хичээх бодлоор бохирддог тул бусдын үзэл бодлыг ойлгох юмуу хүлээн зөвшөөрөхөд хаалт болдог. Үүнээс болж өөрчлөлтөнд эсэргүүцдэг. Өөр сонголтын хандлагад нүдэн балай болж, өөрийн бодолдоо хөдөлшгүй хатуу зогсож, түүндээ мугуйдлан туйлшрагч хүн болон хувирч энэрэхүй сэтгэлийг огоорч орхидог. Тийм биш байхыг би өөрөө хичнээн хүсэвч өөрийгөө мугуйдлагч гэдгээ мэдэрдэг. Гэхдээ тийм ч бүр хөдөлшгүй хатуу биш байж магадгүй, Ешэ лам багшийнхаа бусдыг ажиглаад, үзэл бодлыг нь хүндэлж үзэхдээ гайхамшигтай уян хатан, түвшинд нь харьцдаг чадварыг нь дуурайх бололцоо байгаа. Энэ нь өөрийгөө доорд түвшинд аваачиж байгаа юм шиг санагдах юмуу тийм ч байж магадгүй, гэхдээ өөрийгөө доошлуулж байгаа хэрэг мөн, биш эсэх нь тухайн хүний чин энэрэнгүй сэтгэл хийгээд түүний тулгуур билиг ухаанаас хамааралтай. Өөрийгөө төвчлөх үзлээс үнэхээр чөлөөтэй болно гэдэг нь бусдад хэрэгтэй дүрийг сонгох чадвар ба өөрийн гэсэн жүжгээ тавьж чадахыг хэлнэ. Амьдрал сайхан болж, хэтэрхий нухацтай байх алдааг гаргалгүйгээр бусдад тусалж чадна. Тэр нь зөв, энэ нь буруу гэж хатуу тогтоосноос болж бүх уян хатан байдлыг алдаж, өөрийн санааг зөв гэж баттай хамгаалах, эсрэг санаа болон түүнийг баримталж байгаа хүмүүсийг дайран үгүйсгэх үүрэгтэй гэж боддог. Дараагаар нь, бусадтай харьцаж чадахгүй болдог. Гэхдээ зөв, бурууг ялгаж салгаж болохгүй гэсэн үг биш, харин тухайн хүн, зарчим хоёрын хүн нь илүү үнэтэй, хүнийг өөрчилж болно, зарчмыг өөрчилж болохгүй юм. Хоол унд, орон байр, эм тан зэрэг түр зуурын амарыг энэрэнгүй сэтгэлээр өгөх нь сайн, гэхдээ хангалтгүй. Бусдад үнэхээр туслахын тулд зовлонгийн үндсэн шалтгаан буюу би хэмээх мунхаглалыг хэрхэн таних, түүнийг гэтлэн давах аргыг зааж өгөх хэрэгтэй юм. Тэр нь өөрийгөө төвчлөх мунхаглалыг даван туулахыг шаардахаас бус ном бичигт зөвхөн итгэхийг хэлэхгүй. Хүмүүсийг өөрсөддөө хөнөөлтэй тогтсон зуршлаа орхиход нь урам зориг нэмэхийн тулд тэдэнтэй харьцаж чаддаг байх ёстой. Тэдэнтэй харьцахын тулд түвшинд нь зохицуулах ёстой. Амьдралын тайзан дээр тоглож байгаа жүжигчин гэдгээ санаж чадаж байгаа цагт өөрийн зарчмаас ухарсан гэж айлгүй, зарчимдаа үнэнч байх тал дээр санаа зоволгүйгээр бусадтай учир начиртай харьцаж чадна. Билиг ухаан түшсэн энэрэнгүй сэтгэл бол амьдралын төгс дүүрэн бөгөөд ариун зорилго мөн тул үүнийг хэн ч няцааж чадашгүй. Бидний энэрэл бусдад тайвшрал, аз жаргалыг хүртээх бөгөөд түүний зэрэгцээ бусдад хайр, энэрэл хүртээснээрээ хариуд нь өөрөө дээдийн аз жаргалыг мэдэрдэг. Та тэгвэл “Хортон амьтан, хүнийг мөн энэрэх хэрэгтэй гэж үү? Тэд нар зовж л байвал зохих шагнал нь тэр гэж баярлах хэрэгтэй юу? гэж асуух байх. Энэ асуултад шууд “Үгүй” гэж хариулна. Зовлонг Ертөнцийн эзний гэсгээл эсвэл муу үйлийн боловсрол гэж үздэг талтай ч бүгд л жаргахыг хүсдэг, зовлонгоос зайлсхийдэг нь яг адил учраас хортой гэж бодож байгаа хүн, амьтныг ч энэрэх хэрэгтэй. Үзэн ядах хийгээд бусдад зовлон хүсэж, өс хонзон санах нь компьютерийн хэллэгээр “үхлийн алдаа” юм. Уураар амар тайвныг хэзээ ч бүтээдэггүй ба харин ч бэрхшээлийг улам ихэсгэдэг. Амгалан хийгээд зовлонгийн жинхэнэ шалтгааны талаарх төөрөгдлөөсөө болж бид бүгд алддаг боловч үр хүүхдээ алдаа гаргасан ч уучилж, хайрласан хэвээр байдаг шиг бусдын алдааг мөн нигүүлсэн хайрлаж чаддаг байх хэрэгтэй. Гэхдээ алдаатай буруу явдлыг өөгшөөж, шийтгэж болохгүй гэсэн үг биш; эсэргүүцэл, тэр байтугай шийтгэлийг ч гэсэн энэрэнгүй сэтгэлээр үйлдэж болдог. Яагаад бүгдийг хайрлах албатай юм бэ? Яагаад гэвэл, бид урьд төрөлдөө төрөлхтөн бүхэнтэй удаа дараалан ойр шадар байсан юм. Хамаг төрөлхтөн урьд нь бидэнд зүйрлэшгүй их сайхан сэтгэлээр хандаж байсан бөгөөд бүгд бидний садан учраас тэднийг хайрлах нь зүй ёсны хэрэг. Эдгээр үгсийг би их энэрэнгүй Ешэ багшийн айлдвараас сонссон бөгөөд та бүхэнд давтаж хэлж байгаа юм. Тэглээ ч гэсэн би одоо болтол хувиа бодох үзэлтэйгээ тэмцэж байгаа бөгөөд тэр нь энэрэнгүй сэтгэл төрүүлэх чадварт саад учруулдаг. Буруу зуршлыг нэг өдрийн дотор өөрчилж чадахгүй нь ойлгомжтой. Тийм болохоор өөртөө л өчүүхэн энэрэх сэтгэл үзүүлж дураараа явна.

Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төв

суббота, 25 апреля 2009 г.

АГУУ ТОМ МӨРӨӨДӨЛ

Агуу том урт хугацааны мөрөөдөл, хүсэл эрмэлзэлтэй байж, түүндээ хүрэхийн тулд өөрийнхөө хийж чадахаас багаар өдөр бүр тогтмол ахих хэрэгтэй. Өөрөө хүрч чадах өдөр тутмын зорилтууд өмнөө тавиад түүндээ хүрснээр том зорилгод хүрэх замаа алдахгүй байх эерэг хүч энергийг бий болгоно.